Бидэнтэй нэгдэх

Үзэл бодол

А.Энхжин: Төгрөгийн ханш сулрах дарамт буурч байна

Огноо:

,

Монголбанкны Нөөцийн удирдлага, санхүүгийн зах зээлийн газрын захирал А.Энхжинтэй Монгол Улсын валютын зах зээлийн талаар ярилцлаа.

Гадаад валютын ханш оны эхнээс хэрхэн өөрчлөгдсөн байгаа вэ? Энэ талаар мэдээлэл хуваалцана уу.

Монголбанк Ковид-19 цар тахлын хүндрэлийн үед валютын зах дээр огцом савлагааг үүсгэхгүй байх арга хэмжээнүүдийг авч ажилласны үр дүнд төгрөгийн ханш ам.долларын эсрэг оны эхнээс 4.2%-иар сулраад байна. Оны эхний хагаст нүүрсний экспорт буурсан, томоохон гадаад бондын төлбөр хийгдсэн зэргээс шалтгаалж төлбөрийн тэнцлийн алдагдал нэмэгдсэн нь ханшийн сулрах дарамт бий болгож байв.

Харин сүүлийн саруудад ханшийн суурь хүчин зүйлүүд харьцангуй таатай болж ирж байна. Тодруулбал, төлбөрийн тэнцэл 6 дугаар сард 452 сая ам.доллар, 7 дугаар сард 335 сая ам.долларын ашигтай гарав. Үүнд экспортын дүн 6 дугаар сараас хойш 2-3 дахин нэмэгдсэн голлон нөлөөллөө. Гадаад худалдааны тэнцэл 10 дугаар сарын байдлаар 1.5 тэрбум ам.долларын ашигтай гараад байна. Ингэснээр 3 дугаар улирлын байдлаар төлбөрийн тэнцлийн алдагдал буурч, төгрөгийн гадаад валюттай харьцах ханш сулрах дарамт багасаад байна. Гадаад валютын улсын нөөц 10 дугаар сарын эцсийн байдлаар 3.7 тэрбум ам.доллар байгаа нь импортын 8-9 сарын хэрэгцээг хангах түвшинд байна.

Дээрх хүчин зүйлсийн нөлөөгөөр гадаад валютын зах дахь эрэлт, нийлүүлэлтийн зөрүү багасч, төгрөгийн ханш сулрах дарамт буурч байна. Тодруулбал Монголбанкны гадаад валютын дуудлага худалдаанд 2020 оны эхний 8 сарын байдлаар нэг удаагийн дуудлага худалдаанд дунджаар 55.9 сая ам.доллар худалдан авах санал банкнуудаас ирж байсан бол уг хэмжээ 2020 оны 9 дүгээр сараас хойш 12.3 сая ам.доллар болж буураад байна. Монголбанкнаас эрэлт, нийлүүлэлтийн богино хугацааны зөрүү, түүнээс үүдэлтэй ханшийн огцом хэлбэлзлийг бууруулах зорилгоор тухай бүр валютын захад оролцож байгаа бөгөөд оны эхнээс хойш 2020 оны 11 дугаар сарын 24-ний өдрийн байдлаар гадаад валютын захад 2,512.4 сая ам.доллар нийлүүлж, 2,084.1 сая ам.доллар татаж, цэвэр дүнгээр 428.3 сая ам.доллар нийлүүлээд байна. Мөн банкуудын богино хугацааны төлбөр түргэн гүйцэтгэх чадварыг хангахад дэмжлэг үзүүлэх зорилгоор Монголбанк богино хугацаат төгрөг, ам.доллар своп хэлцлийг байгуулан ажиллаж байна.

Тэгэхээр цаашдаа төлбөрийн тэнцлийн алдагдал энэ хэвээр буурахаар байна уу, төлөв аль чигт байна вэ?

Ковид-19 цар тахлын эсрэг эхний вакцинууд амжилттай туршигдан дуусах шатандаа орж байгаа, томоохон эдийн засгууд шат дараатайгаар эдийн засгийн болон бусад хориг арга хэмжээгээ сулруулж байгаа зэргээс хамаарч гадаад эрэлтийг нэмэгдүүлж, экспортын голлох түүхий эд болох алт, нүүрс, төмрийн хүдэр болон зэсийн үнэд эерэгээр нөлөөлж байна. Улмаар түүхий эдийн үнийн өсөлт болон экспортын хэмжээ өссөн зэргээс шалтгаалан төлбөрийн тэнцэл цаашид ч гэсэн сайжрах хандлагатай байна. Тухайлбал, Монголбанкны төсөөллөөр төлбөрийн тэнцэл 2020 оны 4 дүгээр улиралд 360 сая ам.долларын ашигтай, 2021 онд 513 сая ам.долларын ашигтай гарахаар байна.

Нөгөөтэйгүүр, Засгийн газраас 10 дугаар сард 600 сая ам.долларын бондыг 5.125 хувийн купонтой буюу харьцангуй бага хувийн хүүтэйгээр олон улсын зах зээлд шинээр гаргаж ойрын хугацаанд хүлээгдэж буй Мазаалай, Чингис бондуудын эргэн төлөлтийг санхүүжүүлэхээр болсон нь Монгол Улсын богино хугацааны өрийн дарамтыг бууруулж, гадаад валютын урсгалд эерэгээр нөлөөлөхөөс гадна, олон улсын үнэлгээний байгууллагууд болон хөрөнгө оруулагчид эерэг хүлээлттэй байгааг харуулж байна. Мөн түүнчлэн Монголбанк, БНХАУ-ын Ардын банк хооронд байгуулсан своп хэлцлийн хугацааг 2023 он хүртэл 3 жилээр сунгасныг энд дурьдах нь зүйтэй. 

Ам.долларын эсрэг төгрөг сулрах үед иргэд төгрөгийн хадгаламжаа валютын хадгаламж руу хөврүүлэх хандлага нэлээд байдаг. Төгрөг болон ам.долларын өгөөж ямар байна вэ?

2020 оны 10 дугаар сарын байдлаар өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад валютын хадгаламж 53 гаруй хувиар нэмэгдсэн байгаа. Тэгэхээр үүнд нөлөөлсөн хоёр гол шалтгаан бий. Нэгдүгээрт өнгөрсөн оны 10 дугаар сард валютын хадгаламж огцом нэмэгдсэн. Энэ нь Монгол Улс ФАТФ-ын саарал жагсаалтад орсонтой холбоотойгоор иргэдийн дунд сандрал үүсч ам.доллар руу хөрвөлт хийгдсэн бол энэ оны 5, 6 дугаар сард валютын хадгаламж мөн л багагүй хувиар нэмэгдсэн. Энэ нь сонгуулийн өмнө иргэдийн дунд үүссэн хүлээлт, цар тахалтай холбоотойгоор эдийн засаг хүндрэх нь гэсэн иргэдийн эрсдэлээс сэргийлсэн үйлдэл байсан. Төгрөг болон ам.долларын хадгаламжийн өгөөжийн хувьд том 3 банкны 12 сарын хугацаатай төгрөгийн хадгаламжийн хүү 11.2 хувьтай байгаа бол ам.долларынх 3.6 хувь байна. Тэгэхээр төгрөг, ам.долларын хүүний зөрүү 7-8 хувь, ханшийн өөрчлөлт 4.2 хувь байгаа нь валютын хадгаламж эзэмшигч төгрөгийн хадгаламж эзэмшигчтэй харьцуулахад дунджаар 3-4 хувиар бага хүү авч байна гэсэн үг юм. Түүнчлэн “Коронавируст халдвар /ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай” хуулийн хүрээнд валютын хадгаламж эзэмшсэн тохиолдолд хадгаламжийн даатгалд хамруулахгүй, тухайн хадгаламжийг барьцаалж банкнаас зээл авах боломжгүй болсон, банкны данснаас бэлнээр гадаад валют авахад ойролцоогоор 0.2 хувийн шимтгэл авдаг зэргээс үзвэл валютын хадгаламж эзэмшихийн давуу тал улам буурч байна.

Цаашид төгрөгийн ханш тогтвортой байх уу?

Монгол улсын хувьд ойрын хугацаанд төлөгдөхөөр хүлээгдэж буй томоохон гадаад өр төлбөр байхгүй бөгөөд дээр дурьдсанчлан гадаад валютын дотогшлох урсгал нэмэгдэх хүлээлттэй байгаа тул төгрөгийн ам.доллартой харьцах ханшийн сулрах дарамт харьцангуй бага байх төлөвтэй байна. Монголбанкны зүгээс төгрөгийн ханшийн тогтвортой байдлыг хангах зорилгоор шаардлагатай үед валют нийлүүлэхээс гадна төгрөгийн өгөөжийг хамгаалахад чиглэсэн бодлогын арга хэмжээнүүдийг үргэлжлүүлэн авах болно. 

Ярилцсанд баярлалаа.       

Эх сурвалж: Монголбанк
Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа
Монгол Улсын Их Хурлын 2020 оны сонгуулийн санал хураалт дуусах хүртэл сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хаасан тул хүлцэл өчье. SHUDARGA.MN сайтын редакц

Үзэл бодол

Ерөнхийлөгч Х.Баттулга Оюу толгой төслийн тухай бүрэн мэдээллийг ирүүлэх тухай албан тоотыг Засгийн газарт хүргүүллээ

Огноо:

,

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Оюу толгой төслийн тухай бүрэн мэдээллийг ирүүлэх тухай албан тоотыг Засгийн газарт хүргүүллээ. Дотоод болон гадаадын эх сурвалжууд сүүлийн үед идэвхтэй мэдээллэж буй Оюу толгой төслийн асуудлаар Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга Засгийн газарт албан тоот илгээсний зэрэгцээ уг асуудлыг Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөр хэлэлцүүлэхээр төлөвлөж байгаагаа цохон тэмдэглэжээ.

Тэрбээр хэлэхдээ, Оюу толгой төслийн үйл ажиллагааг улс орны нийтлэг ашиг сонирхолд нийцүүлэх нь Монгол төрийн эрхэм үүрэг, та бидэнд өгсөн Монголын ард түмний захиас даалгавар юм.

Иймд Оюу толгойн асуудлаар олон улсын арбитрын шүүхэд хянагдаж буй маргаан, холбогдох бусад асуудлаар Засгийн газрын баримталж буй байр суурь, явуулж буй бодлого болон холбогдох баримттай танилцаж Ерөнхийлөгчийн хяналт, дэмжлэгийг хэрэгжүүлэх төлөөллийг оруулж хамтран ажиллах хүсэлтийг 2020 оны 12 дугаар сарын 23-ны өдөр Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт зохих журмаар хүргүүлсэн боловч арга хэмжээ аваагүй, асуудалд туйлын хөшүүн, хойрго хандаж байгаа нь онцгой анхаарал татаж байна.

Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийг тэргүүлэх эрхийг хэрэгжүүлж, ард түмний өмнө үүрэг, хариуцлага хүлээдэг төрийн тэргүүнд ийнхүү хандаж байгаа дээрх ил тод бус, хууль ёсны зарчимд харшилсан үйл ажиллагаа нь улс орны эрх ашиг нэн тэргүүнд тавигдахгүй, ашиг сонирхлын зөрчил бүхий зарим хүмүүсийн шууд ба шууд бус нөлөөлөлд автсан, тийм нөхцөл үүссэн байж болзошгүйг бэлхнээ харуулж байна гэжээ.

Иймээс 2021 оны нэгдүгээр сарын 18-ны өдрийн дотор Оюутолгойтой холбоотой бүрэн гүйцэд мэдээллийг ирүүлнэ үү гэж Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулгаас Монгол Улсын Ерөнхий сайд Ухнаагийн Хүрэлсүхэд илгээсэн албан тоотыг бүрэн эхээр нь хүргэж байна.
Албан бичигт:

Оюу толгой төслийн үйл ажиллагааг улс орны нийтлэг ашиг сонирхолд нийцүүлэх, үр өгөөжийг нь нэмэгдүүлэх чиглэлд ажиллах нь Монгол төрийн эрхэм үүрэг, та бидэнд өгсөн Монголын ард түмний захиас даалгавар, чин хүсэл юм.

Өнгөрсөн жил бид байгалийн баялаг гагцхүү ард түмний мэдэл, төрийн хамгаалалтад байна гэсэн Үндсэн хуулийнхаа үзэл санаа, зарчмыг улам баталгаажуулж, газрын хэвлий, түүний баялгийг албан тушаалтнууд төрийн өөрийн өмчид хамаарах сандал, ширээ мэтийн адилаар захиран зарцуулдаг байдлыг халах, стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордын үр өгөөжийн дийлэнх нь ард түмэнд ногдож байх эрх зүйн үндсийг бүрдүүлэх тухай нэмэлт, өөрчлөлтийг Үндсэн хуулиндаа оруулсан.

Монгол Улсын тогтвортой хөгжил, хөрөнгө оруулалт, аж ахуй эрхлэх орчны үзүүлэлт, гадаад харилцаа, олон улсын хамтын нийгэмлэг дэх байр суурь, нэр хүнд, эдийн засгийн аюулгүй байдалд нөлөөлж буй хүчин зүйлүүдийн дотор “байгалийн баялгийг шударгаар ашиглах, төр, нийтийн ашиг сонирхлыг нэн тэргүүнд баримтлан ажиллах” асуудал хамгийн чухал болсон энэ цаг үед Оюу толгойн орд ашиглалтын бугшсан их ээдрээг тайлж, зөв шийдэл олоход Монгол төрийн бүх салаа мөчир, бүтэц бүрэлдэхүүн хүчин чадлаа бүрэн дайчилж шуурхай ажиллах нь зүйд нийцнэ.

Монголын ард түмэн ч мөн үүнийг та биднээс хүсэн, хүлээж байна. Оюу толгой ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах чиглэлд Улсын Их Хурал, Засгийн газар, холбогдох төрийн болон мэргэжлийн байгууллагуудын явуулж буй үйл ажиллагааны хүрээнд онц чухал бөгөөд тулгамдсан асуудал, хүндрэлтэй нөхцөл байдал бий болсон талаар дотоод, гадаадын эх сурвалжууд мэдээлсээр байна.

Тухайлбал:

- Оюу толгой төслийн хөрөнгө оруулагч талтай Засгийн газар хэлэлцээ хийж байгаа тухай;

- Оюу толгой төслийн хөрөнгө оруулагч талтай Засгийн газар олон улсын арбитрын шүүхэд маргаж буй тухай;

- Оюу толгой төсөлд хөрөнгө оруулагч гадаад улсад бүртгэлтэй хуулийн этгээдүүд өөр хоорондоо уг төслийн талаар олон улсын арбитрын шүүхэд маргаж буй тухай;

- Оюу толгой төсөлтэй холбогдуулан авлига, хээл хахууль өгч авсан, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэдэг үндэслэл бүхий хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанууд явагдаж байгаа тухай.

Эдгээр мэдээллээс үзэхэд Монгол Улсын эрх ашиг, Монголын ард түмний нийтлэг ашиг сонирхлыг хамгаалахад шууд хамаатай, төрийн нэгдмэл бодлого, байгууллага хоорондын нягт хамтын ажиллагаа шаардагдсан нөхцөл байдал үүссэн нь нэн тодорхой бөгөөд илэрхий байна.

Үндсэн хуульд Монгол Улсын Ерөнхийлөгч бол төрийн тэргүүн бөгөөд “Засгийн газарт чиглэл өгөх, гадаад харилцаанд улсаа бүрэн эрхтэй төлөөлөх, Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийг тэргүүлэх, улс орны дотоод, гадаад байдлын нэн чухал асуудлаар Улсын Их Хуралд мэдээлж, саналаа оруулах” зэрэг бүрэн эрхийг хэрэгжүүлэхээр хуульчилсан. Мөн Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Ерөнхийлөгч төрийн тэргүүний хувьд Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг хангах ашиг сонирхлын үүднээс хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх эрх мэдлийг хэрэгжүүлдэг байгууллагууд зүй зохистой харилцан ажиллахад нь Үндсэн хууль болон бусад хуульд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд дэмжлэг нөлөө үзүүлнэ” гэж заасан байдаг.

Үүний хүрээнд миний бие хуульд заасан үүрэг, ард түмний захиас даалгаврыг биелүүлэх зорилгоор олон улсын арбитрын шүүхэд хянагдаж буй маргаан, холбогдох бусад асуудлаар Засгийн газрын баримталж буй байр суурь, явуулж буй бодлого, үйл ажиллагаа, түүний бэлтгэл ажил, явцын талаарх мэдээ, баримттай танилцах, зохих ажлын хэсэгт Ерөнхийлөгчийн хяналт, дэмжлэгийг хэрэгжүүлэх төлөөллийг оруулж хамтран ажиллах хүсэлтийг 2020 оны 03 дугаар сарын 17-ны өдөр, мөн 2020 оны 12 дугаар сарын 23-ны өдөр Засгийн газрын хэрэг эрхлэх газарт зохих журмаар хүргүүлсэн боловч ёс төдий хагас дутуу мэдээлэл ирүүлснээр өөр арга хэмжээ аваагүй, асуудалд туйлын хөшүүн, хойрго хандаж байгаа нь онцгой анхаарал татаж байна.

Гадаад харилцаанд улсаа бүрэн эрхтэй төлөөлөх, Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийг тэргүүлэх, улс орны дотоод, гадаад байдлын нэн чухал асуудлаар Улсын Их Хуралд мэдээлж, саналаа оруулах зэрэг бүрэн эрхийг хэрэгжүүлж, ард түмний өмнө үүрэг, хариуцлага хүлээдэг төрийн тэргүүнд ийнхүү хандаж байгаа дээрх ил тод бус, хууль ёсны зарчимд харшилсан үйл ажиллагаа нь улс орны эрх ашиг нэн тэргүүнд тавигдахгүй, ашиг сонирхлын зөрчил бүхий зарим хүмүүсийн шууд ба шууд бус нөлөөлөлд автсан, тийм нөхцөл үүссэн байж болзошгүйг бэлхнээ харуулж байна.

Хяналтгүй, ил тод бус, хаалттай, хуйвалдааны шинжтэй ийм үйл ажиллагааны үр дүнд Дубайн хэлэлцээр шиг асуудал үүсэж, улс орноороо хохирох аюултай.

Миний бие Оюу толгойн асуудлыг Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөр оруулж, хэлэлцүүлэхээр төлөвлөж байна.

Иймд дурдсан асуудлуудын хүрээнд иж бүрэн, гүйцэд мэдээллийг өнөөдрийн дотор ирүүлж, зохих журмаар танилцуулна уу” гэжээ.

Дэлгэрэнгүй унших

Үзэл бодол

Ш.Адьшаа: Дээд шүүхэд давж заалдах эрх ноцтой зөрчигдөх нөхцөл үүслээ

Огноо:

,

 УИХ-ын гишүүд сүүлийн хэд хоног "Шүүхийн багц хуулийн төсөл"-ийг "айхтар" нухацтай хэлэлцэж байгаа. Уг шинэ төсөлд нэлээд гажуудал, иргэдийн эрх ашгийг ноцтой зөрчсөн, цагаан захтнууд хуулийн цоорхой, хяналт сул байдлыг ашиглаж хууль бусаар хөрөнгөжих, эдийн засгийн гэмт хэрэг үйлдэх боломжийг олгож буй талаар зарим гишүүд эсэрцүүцэж байгаа. УИХ-ын гишүүн Ш.Адьшаа тус багц хуулийн төслийн талаар өнөөдөр олон нийтэд мэдээлэл хийлээ. 

Мэдээллийн онцлох ишлэлүүдийг хүргэж байна. 

Монгол Улсын Үндсэн хуулиар иргэнд олгогдсон шударга шүүхээр шүүгдэх, Улсын дээд шүүхэд давж заалдах эрх ноцтой зөрчигдөх нөхцөл үүслээ. Шүүхийн энэ хуулиар бүх хэрэг маргааныг анхан болон давж заалдах журмаар эцэслэн шийдвэрлэдэг тогтолцоо бий болгож байгаа нь дээд шүүхийг нь онолын шүүх байна гэдэг нэрийдлийн доор иргэний давж заалдах эрхийг байхгүй болголоо. Тус хуулийн 25.7.5 -ын а, б, в хэсэгт энэ талаар тодорхой заасан байна. Өөрөөр хэлбэл Улсын дээд шүүх хууль хэрэглээний нэгдмэл байдлыг хангах зорилгоор давж заалдах шатны шүүхийн магадлалыг хянан шийдвэрлэх талаар л заасан байна. 

Шинэ төслийн гол өөрчлөлтөөр авлигал албан тушаалтныг өөхшүүлэх, оффшор бүсэд хөрөнгө байршуулах, мөнгө угаах, уул уурхай, байгалийн баялгийг ашиглах, үндэслэлгүйгээр хөрөнгөжих гэх мэт ноцтой гэмт хэргүүдийг Улсын дээд шүүхийн хяналтгүйгээр шийдвэрлэх гэж байна. Энэ бол маш ноцтой зөрчил.

Өөрөөр хэлбэл, эрх баригчид өөрсдийн гэмт хэргийг хаацайлах зорилгоор хийсэн хуулийн төсөл гэж үзэж байна. 

Дээд шүүхийг "Онолын шүүх байна" гэх нэрийдлийн дор иргэний давж заалдах боломжийг байхгүй болголоо. 

Уг хуулийн төсөл батлагдснаар Монгол Улсын төрийн тогтолцооны тэнцвэр алдагдаж, шүүх засаглал бүхлээрээ хууль тогтоох байгууллагын хараат байдалд орно. 

Эдийн засгийн маш том гэмт хэргүүдийг Улсын дээд шүүх хянан хэлэлцэх, шийдвэр боломжгүй болгож байна. Товчхондоо олонхи өөрсдөдөө маш ашигтай хуулийн төсөв болосруулчихлаа. 

"Шүүхийн багц хуулийн төсөл"-ийн Ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Б.Энхбаяр ахлаж, өнгөрсөн жил Засгийн газраас өргөн барьсан хуулийн төслийн 80 хувийг өөрчилсөн. 

Сэтгүүлч Л.Баатархүү

Дэлгэрэнгүй унших

Үзэл бодол

ЭМЯ: Хүн амынхаа 60 хувийг вакцинжуулалтад хамруулахаас 20 хувь нь КОВАКС-аас авахаар төлөвлөсөн

Огноо:

,

Монгол Улсын Засгийн газар, Эрүүл мэндийн яам 2020 оны 7 дугаар сараас эхлэн КОВИД-19 халдвараас сэргийлэх вакцинд хүн амыг хамруулах талаар бүх чиглэлээр идэвхтэй ажиллаж эхэлсэн. Үүний нэг нь КОВАКС олон талт хамтын ажиллагааны механизм бөгөөд Монгол Улс уг механизмд хамрагдан хөгжлийн албан ёсны туслалцааны хүрээнд КОВИД-19 халдвараас сэргийлэх аюулгүй, үр дүнтэй вакцин авах хүсэл сонирхолтой байгаагаа 2020 оны 7 дугаар сарын 16-ны өдөр албан ёсоор илэрхийлсэн.
 
Түүнээс хойш 2020 оны долдугаар сарын 30-ны өдөр хуралдсан КОВАКС механизмын Захирлуудын зөвлөлийн хурлын шийдвэрээр Монгол Улс тус механизмын АМС бүлэгт хамрагдах эрхтэй 92 улсын жагсаалтад багтсан. Энэ талаар ЭМЯ-нд 2020 оны наймдугаар сарын 04-ний өдөр КОВАКС-ын Нарийн бичгийн дарга нарын газраас хариу ирүүлсэн.
Улмаар “КОВИД-19 халдварын эсрэг вакцин хүлээн авах, түгээх, дархлаажуулалтыг зохион байгуулах үндэсний төлөвлөгөө”-ний хүрээнд хүн амын 60 хувийг вакцинжуулалтад хамруулахаас 20 хувийг КОВАКС-аас авахаар төлөвлөсөн байгаа.
Вакцин хүлээн авахтай холбоотой албан өргөдлийн маягтын багцуудыг Монгол Улс КОВАКС механизмын Нарийн бичгийн дарга нарын газарт тухай бүрт нь хүргүүлж ажиллаж байна.

2020 оны 12 дугаар сарын 10-ны өдөр КОВАКС механизмын Нарийн бичгийн дарга нарын газраас Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан болон Сангийн сайд Ч.Хүрэлбаатар нарт хандаж Монгол Улсын Засгийн газрын Вакцины хүсэлтийг албан ёсоор хүлээн зөвшөөрч, КОВАКС AMC бүлгийн Оролцогч улс болохыг баталгаажуулсан болно.

Дэлхийн улс орнуудад хэд хэдэн төрлийн вакциныг хөгжүүлж, тэдгээрийн заримд ДЭМБ болон эмийн хатуу зохицуулалт бүхий улс орнуудын эрх бүхий байгууллагаас яаралтай нөхцөлд хэрэглэх зөвшөөрлийг олгож эхлэхтэй уялдуулан манай улс вакцинжуулалтын хүйтэн хэлхээний чадавх сайжруулах, заримыг шинээр бий болгох, вакцинд зөвшөөрөл олгох журмыг батлах зэрэг олон арга хэмжээг шат дарлалтай авч хэрэгжүүлж байна. “Вакцин хүлээн авах, түгээх, дархлаажуулалтыг зохион байгуулах үндэсний төлөвлөгөө”-г Шадар сайдаар батлуулсан ба хэрэглэх вакцины төрөл, хүртээмж, зорилтот бүлэг, үйлдвэрлэгчийн заавар, тархвар судлалын нөхцөл байдал зэрэг олон хүчин зүйлсийг харгалзан үзэж вакцинжуулах ажлыг уян хатан зохицуулахаар үндэсний  төлөвлөгөөнд тусгасан.
2021 оны нэгдүгээр сарын 8-ны өдөр Эрүүл мэндийн яам, ДЭМБ, НҮБ-ын Хүүхдийн сан, Дэлхийн банк, Азийн хөгжлийн банк зэрэг олон улсын хамтрагч талуудтайгаа хамтран вакцин хүлээн авахад шаардлагатай бэлэн байдлыг үнэлэх нэгдсэн VIRAT/VRAF 2.0 аргачлалын дагуу өөрийн улсын вакцинжуулалтын бэлэн байдлыг цогц байдлаар үнэлсэн болно. Энэхүү үнэлгээний дүн Монгол Улс аль ч төрлийн вакциныг хүлээн авч хэрэглэх бэлэн байдлыг хангасан болохыг харуулсан.
Түүнчлэн Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайханы тушаалаар баталсан КОВИД-19 халдварын эсрэг вакцинд Яаралтай нөхцөлд хэрэглэх зөвшөөрөл олгох журмын дагуу Хүний эмийн зөвлөлийн шийдвэрээр өнөөдрийн байдлаар 3 нэрийн вакцинд Монгол Улсад яаралтай нөхцөлд хэрэглэх зөвшөөрлийг олгоод байна. 
Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа
Шударга мэдээ3 цаг 50 минут

QR ашиглалт хангалтгүй байгаа байгууллагуудын зөрчлийг арилгуулсны д...

Улстөр нийгэм3 цаг 55 минут

Өвөлжилт хүндэрсэн аймгийн зорилтот бүлгийн малчдад тэжээлийн туслам...

Улстөр нийгэм9 цаг 55 минут

У.Хүрэлсүх: Төрийн өмчит компаниудын засаглалыг олон улсын жишигт хү...

Чөлөөт цаг9 цаг 58 минут

Ковид-19: Судалгаанд оролцогчдын 61 хувь нь төлбөртэй байсан ч вакци...

Чөлөөт цаг10 цаг 2 минут

Амьтдын гайхамшигт зургийн цомгоос...

Үзэл бодол10 цаг 6 минут

Ерөнхийлөгч Х.Баттулга Оюу толгой төслийн тухай бүрэн мэдээллийг ирү...

Шударга мэдээ10 цаг 9 минут

Үйл ажиллагаа нь нээгдэж буй байгууллагуудад тавих тусгай нөхцөл, ша...

Улстөр нийгэм10 цаг 12 минут

УИХ-ын байнгын болон дэд хорооны хуралдаан өнөөдөр болно

Улстөр нийгэм10 цаг 16 минут

УИХ дахь ажлын хэсгүүдийн хуралдаан болно

Чөлөөт цаг10 цаг 29 минут

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна

Санал болгох