Улстөр нийгэм
Ерөнхийлөгч Х.Баттулга “Монгол-АНУ-ын харилцааны төлөв байдал” сэдвээр уулзалт, ярилцлага өрнүүлэв

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга энэ сарын 30-ны өдөр АНУ-ын Вашингтон хотод хүрэлцэн ирж, тус улсын Стратеги, олон улсын судалгааны төвд зочиллоо. Энэ төв нь 1962 онд Вашингтон хотноо байгуулагдсан бөгөөд батлан хамгаалах, эдийн засаг, бүс нутгийн интеграцчлал зэрэг өргөн хүрээтэй асуудлаар судалгаа шинжилгээний ажил хийдэг дэлхийн тэргүүлэх олон улсын судалгааны хүрээлэнгүүдийн нэг юм.
Мөн төв нь дэлхий дахинд өрнөж буй үйл явдлын талаар судалж, АНУ-ын Конгресс болон Засгийн газарт судалгаа шинжилгээний үр дүнд тулгуурласан, шинжлэх ухааны үндэслэлтэй, бодлогын шинжтэй зөвлөмжүүд хүргүүлж мэдээллээр хангадаг байна.
Монгол Улсын Ерөнхийлөгчийг Стратеги, олон улсын судалгааны төвийн Ерөнхийлөгч Жон Хамри угтаж, хоёр улсын харилцааны асуудлаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөх гэж байгаад талархал илэрхийлэв. Мөн Ерөнхийлөгчийн хэлэх үг бүр нь чухал тул энэ удаагийн ярилцлагаас хоёр улсын харилцааны ирээдүйн чиг хандлага болоод АНУ дахь айлчлалын талаар тодорхой ойлголттой болно гэсэн өндөр хүлээлттэй байгаа гэсэн юм.
“Монгол-АНУ-ын харилцааны төлөв байдал” сэдвээр өрнөсөн уулзалт ярилцлагад олон улсын сэтгүүлчид, эрдэмтэн судлаачид зэрэг 250 хүн оролцлоо.
УУЛЗАЛТ, ЯРИЛЦЛАГЫН ЭХЭНД МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ Х.БАТТУЛГА:
“Эрхэм хүндэт
Ноён Жон Хамри,
Ноён Майкл Грийн,
Хүндэт зочид, судлаачид аа,
Хатагтай, ноёд оо,
Монголын анд нөхөд өө,
Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе.
Үндэсний аюулгүй байдлын чиглэлээр судалгаа хийдэг дэлхийн тэргүүлэх судалгааны төвд зочилж, Та бүхэнтэй уулзаж байгаадаа баяртай байна.
Та бүхэнд шинэ баяртай мэдээ дуулгая. Миний АНУ-д хийж буй энэхүү айлчлалын үеэр манай хоёр улсын харилцааг “шинэ түвшин”-д гаргаж, бид улам ойр, нягт ажиллахаа маргааш зарлах гэж буйдаа баяртай байна. Энэ мэдээ нь ардчилал, хүний эрх, эрх чөлөө зэрэг үнэт зүйлсийг хуваалцаж маш ойр байдаг манай хоёр орны хувьд зүй ёсны ахиц гэж үзэж байна
Өнөөдрийн энэ уулзалтаар, хоёр улсын харилцааны түүх, өнөө ба ирээдүйн талаар санал бодлоо солилцохоор ирлээ.
Эхлээд, Та бүхэнд манай хоёр улсын харилцааны өнөөг хүртэл зарим сонирхолтой түүхээс хуваалцъя.
Нэг. Хоёр улсын харилцааны түүхэн жим
Монгол Улс, АНУ нь 1987 онд албан ёсоор дипломат харилцаа тогтоосон. Харин хоёр улсын иргэд хоорондын харилцаа олон зуун жилийн өмнөөс эхлэлтэй байдаг юм билээ. Монгол Америкийг ойртуулсан түүх 100 гаруй жилийн өмнөөс, Америкийн бизнесменүүд, хувь хүмүүс Монголд ирж бизнес, тэр тусмаа хөдөө аж ахуй, уул уурхай салбарыг сонирхож байсан нь өнөө цагт ч ихээхэн өөрчлөгдөөгүй санагдана.
Сонирхолтой нь, 20-р зууны эхэнд, Америкийн иргэд Монголд алтны орд хайхын зэрэгцээ Монголын нутагт төмөр зам тавих боломжийг мөн судалж байжээ. Монгол Улс бүх аймгуудаа авто замаар холбож дуусгаад төмөр замын төслүүдээ өөрсдийн дотоод нөөцөөрөө эхлүүлээд байгаа билээ. Амжилтад хүрэх байх. Бид аж үйлдвэр хөгжүүлэхэд чухал суурь болох дэд бүтцийн төслүүд дээр хамтран ажиллах талаар олон жилийн өмнө ч ярилцаж байсан байна.
Америкийн уул уурхайн инженер, хожмоо АНУ-ын 31 дэх Ерөнхийлөгчөөр сонгогдон ажилласан Херберт Хүүвэр 1899 онд алтны нөөцийн эрэл хайгуул хийх зорилгоор тухайн үеийн Монголын нийслэл Хүрээнд ирж, Бурхан шашны тэргүүн VIII Богд Жавзандамба хутагттай уулзсан талаараа өөрийнхөө дурдатгал номдоо бичсэн байдаг.
Тухайн үед Америкийн “The Mongolian Trading Company”, “Anderson and Meyers Co Ltd”, Англи-Америкийн хамтарсан “British-American Tobacco Company” зэрэг аж ахуйн нэгж Монголд үйл ажиллагаа явуулж байсан баримтууд байдаг. 1919 онд Америкийн нэгэн пүүс Монголоос 3 сая ам.долларын хонины ноос, 1921 онд нэг сая ширхэг тарваганы арьс худалдан авсан баримт байдаг. Мөн 1925 онд 150 мянган пүү хонины ноос АНУ-д гаргасан байна.
Яг 100 жилийн дараа буюу 2019 онд ч Монгол-Америк бизнесмэнүүд ноос ноолууран бүтээгдэхүүний худалдаагаа идэвхжүүлэхээр хоёр талын төрийн дэмжлэг хүсээд ажиллаж байна.
Мөн энэ үеэс хоёр улсын хооронд соёл, шинжлэх ухаан болон бусад салбарын харилцаа хөгжиж эхэлсэн. Тухайлбал, Америкийн хайгуулч, Байгалийн түүхийн музейн захирал Рой Чапмен Эндрюс эртний хүний ул мөрийг олох, үлэг гүрвэлийн үүслийг тогтоох шинэ нээлт хийхээр Монголд хэд хэдэн удаагийн экспедиц зохион байгуулж, улмаар үлэг гүрвэлийн чулуужсан өндгийг олж, дэлхийд гайхагдсан нээлт хийснийг бүгд мэддэг түүх болжээ.
АНУ-ын Дэд Ерөнхийлөгч Хенри А.Уоллес 1944 онд манай улсад айлчилсан нь хоёр улсын улс төрийн харилцааны эхлэлийг тавих, мөн АНУ дахь Монгол судлалыг хөгжүүлэхэд чухал хувь нэмэр оруулжээ. Хэнри Уоллес өмнө нь Рерихийг АНУ-ын төрийн зардлаар Монгол руу судалгааны ажилд явуулсан нь зарим сониуч хүмүүсийн анхаарлыг их татдаг түүх юм.
Монголчуудын зүгээс ч мөн адил Америктай харилцаа тогтоох ажлууд хийгдэж байсан. Тухайлбал, 1911-1924 оны Богд Хаант Засгийн үед Монгол Улс АНУ-тай дипломат харилцаа тогтоох үүднээс АНУ-ын Орос, Хятад дахь Элчин сайдын яамаар дамжуулан удаа дараа бичиг илгээж байжээ. Үүнийг албан ёсны анхны харилцаа, бичиг баримт хэмээн үздэг.
Ийнхүү Монгол Улс, АНУ хоёр нь түүхийн урт удаан хугацаанд маш олон саад тотгорыг даван туулсны эцэст АНУ-ын эрдэмтэн судлаачид, хоёр улсын иргэд, албаны хүмүүсийн уйгагүй хичээл зүтгэлийн үр дүнд одоогоос 32 жилийн өмнө дипломат харилцаа тогтоосон. Хоёр улс дипломат харилцаа тогтоох үед Монгол Улс ардчилал шинэчлэлийн зам руу замнах түүхэн сонголтоо хийж байлаа. Тиймээс АНУ-тай дипломат харилцаа тогтоосон нь цаг үеэ олсон, Монголын ирээдүйн хөгжилд чухал хувь нэмэр оруулсан түүхэн үйл явдал болсон юм. Энэ цаг үеэс хойш АНУ нь Монгол Улсын ардчилсан тогтолцоо руу шилжих шилжилтийн хүнд үеийг даван туулахад тусламж дэмжлэг үзүүлсээр ирлээ.
Хоёр. Хоёр талын харилцаа, хамтын ажиллагааны өнөө ба цаашдийн чиглэл
Монгол Улс, АНУ-ын харилцаа, хамтын ажиллагаа дипломат харилцаа тогтоосноос хойших дийлэнх хугацаанд, АНУ-ын тусламж дэмжлэг дээр голчлон тулгуурлаж ирсэн. Харин сүүлийн үед, хамтран үнэ цэнэ бүтээж, өгөөжөө хуваалцах, харилцан ашигтай байхаар ажиллаж байгаа болно. Ингэж байж урт хугацааны стратегийн түншлэл баталгаажих болно.
Үүний нэг илрэл нь батлан хамгаалах салбарт, Монгол-Америкийн цэргүүд Ирак, Афганистанд хамтран үүрэг гүйцэтгэж байна. Мөн Монгол Улсын Зэвсэгт хүчин, Энэтхэг-Номхон далай дахь АНУ-ын цэргийн командлал (USINDOPACOM)-ын “Дэлхийн энхийн ажиллагааны санаачилга GPOI” хөтөлбөрт хамтран “Хааны эрэлд” энхийг дэмжих ажиллагааны олон улсын сургуулийг 17 дахь удаагаа зохион байгууллаа. Энэхүү сургуулилтад АНУ-ын Энэтхэг-Номхон далайн командлалын зүгээс өргөн бүрэлдэхүүнтэй оролцсон
Харамсалтай нь, бидний эдийн засгийн хамтын ажиллагаа нэн чамлалттай байгааг хоёр тал хүлээн зөвшөөрөхөөс аргагүй. Жишээ нь, 2018 оны байдлаар АНУ-тай хийж буй худалдаа манай улсын нийт худалдааны эргэлтийн дөнгөж 1,7 хувийг эзэлсэн байна. Ялангуяа, өндөр технологи, хурдацтай шинэчлэлийн энэ цаг үе, орчинд тохируулж эдийн засгийн хамтын ажиллагааны хөрс сууриа сайжруулах ёстой гэж бодож байна. Манай бүс нутгийн онцлог нь төрийн өмчлөлтэй компаниуд зах зээл дээр үлэмж давамгайлдаг, эдийн засаг нь дунд, урт хугацаагаар төлөвлөгддөг. Ийм орчинд монгол, америк бизнес эрхлэгчдээ чөлөөтэй өрсөлд хэмээн, ямар ч санхүүгийн дэмжлэггүй орхих нь зөөлнөөр хэлбэл боломж муу гэдгийг статистик тоонууд харуулж байна.
Иймээс маргааш болох хоёр улсын төрийн тэргүүн нарын уулзалт ихээхэн ач холбогдолтой болно гэж итгэж байна.
Монгол-Америкийн хооронд худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг нэмэгдүүлэх асар их нөөц бололцоо байна.
Тухайлбал, ноолуурын салбараар ганц жишээ хэлэхэд:
Боловсруулсан ноос, ноолууран бүтээгдэхүүн нь Монгол Улсын хамгийн их нөөц боломжтой экспортын бүтээгдэхүүн юм. Манай улс дэлхийн ноолуурын 40-50 орчим хувийг нийлүүлдэг. Гэвч, санхүү технологийн шалтгаанаар ноолуурынхаа дөнгөж 10 хүрэхгүй хувийг дотооддоо боловсруулж, 90 орчим хувийг нь өмнөд хөрш рүү түүхий эдээр нь буюу хямд өртгөөр экспортолдог.
Дашрамд сануулахад, хэдийгээр манай эдийн засгийн хэмжээ хөрш орнуудтайгаа харьцуулшгүй бага боловч “шударга худалдаанд” итгэж Монгол Улс Дэлхийн худалдааны байгууллагад элсэн орсон түүхтэй. Тиймээс, манайд гаалийн тарифын болон өөр ямарваа нэг худалдааны саад, хүнд суртал байдаггүй билээ.
Ноос, ноолууран бүтээгдэхүүний үйлдвэрлэл нь хөдөөгийн иргэдийн аж амьдралыг сайжруулах, мөн эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлтийг дээшлүүлэх, нүүдлийн соёл иргэншлээ хамгаалж үлдэх гол суурь нь юм. Тийм учир нэмүү үнэ цэнэ шингэсэн бүтээгдэхүүний үйлдвэрлэл хөгжсөнөөр малчдын, хөнгөн үйлдвэрлэлд ажилладаг эмэгтэйчүүдийн орлого нэмэгдэж, Монгол Улсын эдийн засаг төрөлжин хөгжихөд чухал хувь нэмэр оруулна. Бидний тооцолсноор 40-50 мянган хүний ажлын байр бэлэн болох юм.
Энд тодруулан тайлбарлахад, монголын ноос, ноолуурын үйлдвэрлэл нь малчны хотноос эхлээд эцсийн бүтээгдэхүүн болон гарах хүртэл хүн, амьтан, байгальд ээлтэй шат дамжлагыг дамждаг, энэрэнгүй үйлдвэрлэл юм.
АНУ-ын Конгрессын нэр бүхий гишүүдийн санаачилсан “Гуравдагч хөршийн худалдааны хууль”-ийг манай улс талархан хүлээн авч байгаа бөгөөд Америкийн ард иргэд, Конгрессийн гишүүд дэмжинэ гэдэгт миний бие итгэлтэй байна. Миний бие хувийн хэвшлийн аливаа зөв санаачилгыг дэмждэг тул танай улс ч дэмжин батлаасай хэмээн хүсэж байна.
Энэ мэт боломжууд бидэнд их байна. Бидэнд газар зүйн байрлалын хувьд дэлхийн томоохон зах зээлд хүрэх гарц, улс төрийн өндөр итгэлцэлтэй гурав дахь хөршүүд мөн зарим банкны тооцоолсноор 32 триллион ам.долларын үнэлгээтэй байгалийн баялаг байгаа давуу талууд байна. Түүнээс ч илүү боломжийг шинжлэх ухаанд суурилсан өндөр технологи, хиймэл оюун ухаан, биг дата, конективити буюу харилцаа холбоо, цахим эдийн засгийн хүрээнд бид бий болгох ёстой. Манай бүс нутгийн эдийн засаг Америктай харьцуулахад бүтээмж муу байгааг манай хамтарсан бизнесийнхэн шийдэж чадах ч улс төрийн дэмжлэг зайлшгүй хэрэгтэй.
Хатагтай, ноёд оо
Дээр дурдсанчлан манай хоёр улс түүхийн урт удаан хугацааны ээдрээтэй замыг туулан дипломат харилцаа тогтоосноос хойш 30 гаруй жилийн хугацаанд ойр дотно хамтран ажиллаж ирлээ. Цаашид ч энэхүү хамтын ажиллагааны эрчээ алдахгүй үргэлжлүүлэн хөгжүүлнэ гэдэгт миний бие бат итгэлтэй байна.
Ардчилал, хүний эрх зэрэг нийтлэг үнэт зүйлс дээр тулгуурлан эрчимтэй хөгжсөн улс төрийн харилцааны бат бэх суурин дээр тулгуурлан цаашид хоёр улсын худалдаа, эдийн засгийн харилцааг хөгжүүлэх нь нэн чухал гэж үзэж байна.
Хоёр улсын хооронд байгуулсан “Монгол, Америкийн эдийн засгийн өргөтгөсөн түншлэлийн тухай замын зураглал”, “Олон улсын худалдаа, хөрөнгө оруулалтын асуудлаар ил тод байдлыг хангах тухай хэлэлцээр” зэрэг баримт бичиг нь эдийн засгийн хамтын ажиллагааны үндсэн суурь нөхцөлийг бүрдүүлж байна. Түүнээс гадна АНУ-ын Конгрессоос “Гуравдагч хөршийн худалдааны хууль”-ийг батлан гаргавал хоёр талын эдийн засгийн харилцаанд шинэ хуудас нээгдэнэ хэмээн монголчууд хүлээж байна.
Манай орны хүн амын гуравны нэг нь ядуу байгаа үед миний бие эдийн засаг ярьж, хүний хөгжилд өндөр ач холбогдол өгөх үүрэгтэй юм. Хөдөө аж ахуй, боловсруулах аж үйлдвэрлэл нь ядуурлыг бууруулах хамгийн үр дүнтэй бодлого гэдэгтэй эрдэмтэд та бүхэн маргахгүй биз ээ.
Цаашдаа, өндөр бүтээмжтэй ажлын байр, орлогоор хангах салбаруудаа хөгжүүлэхийн тулд гурав дахь хөрш нартайгаа шинжлэх ухаан, өндөр технологи, сансар судлал, цахим эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэхийн төлөө ажиллах болно.
Эцэст нь хэлэхэд хоёр улсын харилцааны хөгжилд чухал хувь нэмэр оруулж буй эрдэмтэн судлаачдад, Монголд элэгтэй америк иргэдэд чин сэтгэлээсээ талархал илэрхийлье!
Баярлалаа” гэлээ.
Монгол Улсын Ерөнхийлөгчийг хоёр улсын харилцааны талаар үг хэлсний дараа Стратеги, олон улсын судалгааны төвийн Тэргүүн дэд захирал Майкл Ж.Грийн оролцогчдын дунд хэлэлцүүлэг өрнүүлсэн юм. Мөн Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга олон улсын сэтгүүлчид, эрдэмтэд, монгол судлаачдын сонирхсон асуултад хариуллаа.
Улстөр нийгэм
Ерөнхийлөгч Х.Баттулга Авлигын эсрэг хуульд өөрчлөлт оруулах тухай хуульд хэсэгчилсэн хориг тавилаа
Монгол Улсын Их Хурал 2020 оны арванхоёрдугаар сарын 31-ний өдөр баталсан Авлигын эсрэг хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн 1 дүгээр зүйлд заасан “Авлигатай тэмцэх газрын даргыг Ерөнхий сайдын санал болгосноор Улсын Их Хурал томилгооны сонсгол хийж 6 жилийн хугацаагаар томилно” гэсэн хэсэгт Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга хэсэгчилсэн хориг тавьж байна.
Монгол Улсын Ерөнхийлөгчөөс УИХ-ын дарга Гомбожавын Занданшатарт /2020.11.20/ хүргүүлсэн албан бичигт, УИХ-ын гишүүд авлигатай тэмцэх асуудалд ул суурьтай хандахын оронд үгсэн хуйвалдсан, хэт дур зоргын байдлаар төрийн эрх мэдлийг хэрэгжүүлж, нэг нам, бүлэглэлийн эрх ашгийг хамгаалсан, тэдний хүсэл сонирхолд нийцүүлсэн хуулийг Хууль тогтоомжийн тухай хууль болон Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн холбогдох зүйл, заалт, зохицуулалтыг бүрэн зөрчин баталсан гэжээ.
Тухайлбал, хараат бус, бие даасан, төрийн тусгай байгууллага байхаар хуульчилсан, тийм ч байх ёстой Авлигатай тэмцэх газрын даргыг Ерөнхий сайд буюу улс төрийн намын даргын саналаар томилох тухай өөрчлөлтийг Авлигын эсрэг хуульд оруулсан нь Монголын ард түмнийг авлигачдын өмнө бөхийлгөж, Монгол төрийг авлигачдадаа бүрэн бууж өгөхөд хүргэж байна гэж Монгол Улсын Ерөнхийлөгч үзэж байна.
Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлд заасны дагуу хөрөнгө орлогоо тогтмол мэдүүлэх замаар Авлигатай тэмцэх газрын хяналтад байх нийт 41,686 албан тушаалтан байдаг. Эдгээр албан тушаалтны 170 нь Улсын Их Хурлаас тус тус томилогддог бол 8,053 нь бүх шатны Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга, төлөөлөгч, үлдсэн 33,428 нь Засгийн газар, Засгийн газрын агентлаг, түүний харьяа байгууллага, түүнчлэн Ерөнхий сайдын удирдлага дор ажилладаг Засаг дарга нар, тэдгээрийн харьяа байгууллагуудын албан тушаалтнууд байгаа юм.
Дээрх тоон үзүүлэлт нь Авлигатай тэмцэх газрын даргыг Ерөнхий сайдын саналаар томилдог болсон тохиолдолд Монгол Улсын Авлигатай тэмцэх газар авлига, албан тушаалын гэмт хэрэгтэй тэмцэх ямар ч чадваргүй, бас боломжгүй болохыг, цаашид зөвхөн эрх баригч намын үүрэг, даалгавраар ажиллахыг бүрэн тодорхой харуулж байна.
Авлигын эсрэг хуульд өөрчлөлт оруулах тухай хууль нь эрх баригчдын зүгээс 60 тэрбумын, ЖДҮ-ийн, оффшор, концесс, тендерийн хэрэгт холбогдогсдоо хуулийн аргаар цайруулах, зөвхөн үүний тулд хууль, шүүхийн байгууллагуудыг ямар ч хяналт-тэнцэлгүйгээр өөрсдийн нөлөөлөлд бүрэн оруулж, Үндсэн хуулийн үзэл санаа, үндэслэлийг үл тоосон хуулиудаар эрхшээл, дарлалдаа авч байгаагийн эхлэл юм хэмээн Монгол Улсын Ерөнхийлөгч албан бичигтээ онцолжээ.
Түүнчлэн хуулийн энэхүү өөрчлөлт нь Монгол Улсын эрх ашиг, аюулгүй байдал болон Авлигын эсрэг НҮБ-ын конвенцын холбогдох заалт, Үндсэн хуулийн аравдугаар зүйлийн 2 дахь хэсэгт тус тус нийцэхгүй, Авлигатай тэмцэх байгууллагын удирдлагыг аливаа зүй бус нөлөөлөл, үүний дотор улс төрийн нөлөөллөөс ангид байлгах нөхцөлийг хангах талаар олон улсын өмнө хүлээсэн Монгол Улсын үүрэг бүрэн зөрчигдөхөд хүргэж байгааг дээрх албан бичигт тэмдэглэжээ.
Улстөр нийгэм
УОК: Онцын шаардлагагүй бол гэрээсээ гарахгүй байхыг анхааруулъя
Халдвар батлагдсан тохиолдлуудын ойрын болон хоёрдогч хавьтлуудаас илэрч байгаа юм. Халдварын хавьтал болсон хүмүүс олдохгүй, утсаа авахгүй, байршлаа хэлэхгүй байх, халдвар авснаа мэдэхгүй олон нийтийн газраар үйлчлүүлэх тохиолдол гарч байна.
Иймд худалдаа үйлчилгээний байгууллагуудыг нээсэн энэ үед халдварт өртөх эрсдэл маш өндөр байна. Халдвар авснаа мэдэхгүй, санаатай ба санамсаргүй хэлэхгүй тохиолдол байна. Тиймээс иргэд онцын шаардлагагүй бол гэрээсээ гарахгүй байхыг анхааруулж байна.
Монгол Улсын Шадар сайдын үүрэг гүйцэтгэгч Я.Содбаатар холбогдох мэргэжлийн байгууллагуудад тодорхой чиглэл, үүрэг болголоо.
Эх сурвалж: УОК
Улстөр нийгэм
УИХ-ын намрын ээлжит чуулган энэ долоо хоногт өндөрлөнө
Монгол Улсын Их Хурлын 2020 оны намрын ээлжит чуулганы 2021 оны нэгдүгээр сарын 25-наас 29-ний өдрүүдийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудлын тов, дараалалыг танилцуулж байна.
01 дүгээр сарын 25-ны Даваа гарагт 15.00 цагаас:
- Монгол Улсын Ерөнхий сайдыг томилох тухай;
- Авлигын эсрэг хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн 1 дүгээр зүйлд хэсэгчилсэн тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хориг.
01 дүгээр сарын 27-ны Лхагва гарагт 10.00 цагаас:
- Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Улсын Их Хурлын гишүүн Х.Булгантуяа, Ж.Сүхбаатар нараас 2020.12.22-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
- Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Улсын Их Хурлын гишүүн Х.Туваан нарын 11 гишүүн 2020.12.23-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
- Коронавируст халдвар /ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн М.Оюунчимэг нарын 4 гишүүн 2020.12.28-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
- Коронавируст халдвар /ковид-19/-ын цар тахлын үед халдварын голомтод болон эрсдэл бүхий нөхцөлд үүрэг гүйцэтгэх явцад халдвар авсан төрийн албан хаагчид нэг удаагийн мөнгөн тэтгэмж олгох тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Ш.Адьшаа, 2020.12.30-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
- Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Г.Тэмүүлэн нарын 3 гишүүн 2021.01.19-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
- Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Б.Пүрэвдорж 2021.01.19-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
- Зэвсэгт хүчний тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2020.12.01-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/.
01 дүгээр сарын 28-ны Пүрэв гарагт 10.00 цагаас:
- Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухй хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Улсын Их Хурлын гишүүн Х.Булгантуяа, Ж.Сүхбаатар нараас 2020.12.22-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
- Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Улсын Их Хурлын гишүүн Х.Туваан нарын 11 гишүүн 2020.12.23-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
- Коронавируст халдвар /ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн М.Оюунчимэг нарын 4 гишүүн 2020.12.28-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
- Коронавируст халдвар /ковид-19/-ын цар тахлын үед халдварын голомтод болон эрсдэл бүхий нөхцөлд үүрэг гүйцэтгэх явцад халдвар авсан төрийн албан хаагчид нэг удаагийн мөнгөн тэтгэмж олгох тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Ш.Адьшаа, 2020.12.30-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
- Газрын тос боловсруулах үйлдвэрийг дэмжих тухай хуулийн төсөл /Засгийн газар 2021.01.20-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
- Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Б.Баттөмөр нарын 6 гишүүн 2020.08.20-ний өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/;
- Музейн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүд /Засгийн газар 2020.05.01-ний өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/;
- Зэвсэгт хүчний тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2020.12.01-ний өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/.
01 дүгээр сарын 29-ний Баасан гарагт 10.00 цагаас:
- Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2021 оны 01 дүгээр дүгнэлт;
- “Дэд хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл;
- “Тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл;
- Газрын тос боловсруулах үйлдвэрийг дэмжих тухай хуулийн төсөл /Засгийн газар 2021.01.20-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/;
- Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Улсын Их Хурлын гишүүн Х.Булгантуяа, Ж.Сүхбаатар нараас 2020.12.22-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/;
- Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Улсын Их Хурлын гишүүн Х.Туваан нарын 11 гишүүн 2020.12.23-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/;
- Коронавируст халдвар /ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн М.Оюунчимэг нарын 4 гишүүн 2020.12.28-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/;
- Коронавируст халдвар /ковид-19/-ын цар тахлын үед халдварын голомтод болон эрсдэл бүхий нөхцөлд үүрэг гүйцэтгэх явцад халдвар авсан төрийн албан хаагчид нэг удаагийн мөнгөн тэтгэмж олгох тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Ш.Адьшаа, 2020.12.30-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/;
- Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Г.Тэмүүлэн нарын 3 гишүүн 2021.01.19-ний өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/;
- Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Б.Пүрэвдорж 2021.01.19-ний өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/;
- “Монгол Улсын Их Хурлын 2021 оны хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл;
- Бусад;
- Монгол Улсын Их Хурлын 2020 оны намрын ээлжит чуулганы хаалт.
-
Чөлөөт цаг2019/11/22
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Өнөөдөр Хэнтийн хойд, Дорнодын баруун хэсгээр цасан шуурга шуурна
-
Улстөр нийгэм2019/12/06
Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төс...
-
Шударга мэдээ2020/11/18
Монголбанк мэдэгдэл гаргалаа
-
Улстөр нийгэм2020/04/14
Амны хаалт зүүгээгүй хүнд нийтийн тээвэр үйлчлэхгүй