Бидэнтэй нэгдэх

Үзэл бодол

Орхоны хөндийд “Төв Азийн түүх, соёлын голомт” цогцолбор байгуулж, шинэ хотын ТЭЗҮ-ийг боловсруулна

Огноо:

,

Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Өвөрхангай аймагт ажиллаж, тус аймгийн Хархорин, Уянга суманд иргэдтэй уулзалт хийлээ.

Тэрбээр:

-Монгол Улсаа сэргэн мандлын, хөгжил дэвшлийн шинэ замд гаргаж, шударга ёсыг бэхжүүлэх;

-Халамжаас бүтээмжид шилжиж, үйлдвэрлэгч орон болох;

-Сахилга хариуцлага, ёс зүйг бүх шатанд сахиулах;

-Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг хэрэгжүүлж, хуулийн реформ хийх;

-Монгол Улсын иргэн бүр Нэг бодлого-Нэг санаа-Нэгдмэл эрмэлзэлтэй байх гэсэн 5 үндсэн асуудлаар УИХ, Засгийн газраас дэвшүүлсэн зорилт, авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, хэтийн зорилгын талаар танилцууллаа.

Хархорин бол аймгийнхаа хамгийн том сум. Хүн амын тоо 12.0 мянгыг давжээ. Нутгийн иргэд эртний Монголын эзэнт гүрний нийслэл байсан түүхэн нутгийн соёлын өвийг хамгаалах асуудлыг чухалчилж байлаа.  

УИХ-ын даргын орон нутагт ажиллаж буй багийн бүрэлдэхүүнд орж яваа Соёлын сайд С.Чулуун  Орхоны хөндийн түүх, соёлын өвийг хамгаалах ажил яамны эрхэм чухал зорилтын нэг болохыг онцлоод, “Төв Азийн түүх, соёлын голомт” цогцолборыг Орхон-Тамир, Хануй-Хүнүйн сав газарт байгуулахаар болсныг мэдээлж, соёлын өвийн хулгайтай хатуу тэмцэнэ гэдгээ мэдэгдлээ. УИХ-ын дарга Г.Занданшатар мөн Орхоны хөндийд шинэ хот байгуулах ТЭЗҮ-ийг боловсруулахаар шийдвэрлэснийг хэллээ.

Уянга сум хүн амынхаа тоогоор Хархорины дараа аймагтаа 2-т ордог. Нийт малын тоогоороо аймагтаа 3-т, үхрээр 1-д, адуугаар 3-т, ямаагаар 4-т, хониор 5-д ордог малын буян дэлгэрсэн нутаг юм.

-Уянга хийцийн гэр, Уянгын урлал дархан, сүү, цагаан идээ, дуу хуур гээд олон зүйлээр улстаа зартай энэ суманд ажилгүй нэг ч хүн байх ёсгүй. Сүү, цагаан идээ, айраг, сарлагийн сүүгээр хийсэн цөцгийн тос, Уянгын гэр зэрэг үйлдвэрлэлээ брэнд бүтээгдэхүүний түвшинд хөгжүүлэх боломж байна гэж УИХ-ын дарга Г.Занданшатар тэмдэглэлээ.

Тус сум бол Монгол Улсын анхны Ерөнхий сайд, Халхын Сайн ноён хан Төгс-Очирын Намнансүрэнгийн төрсөн нутаг юм. Тиймээс энэ түүхэн, бахархалт хүний дурсгалыг мөнхжүүлэх, алдаршуулах асуудалд ихээхэн ач холбогдол өгдөг аж. Сайн ноён хан Т.Намнансүрэнгийн гэр музейг шинэчлэн сайжруулж, үзмэрийг баяжуулах, Найман нуур чиглэлийн аялал жуулчлалын нэгэн онцлог бүтээгдэхүүн болгоход анхаарах ёстой гэдэгт УИХ-ын дарга Г.Занданшатар, Соёлын сайд С.Чулуун нар санал нэгтэй байгаагаа илэрхийлэв.

Хархорин, Уянгад болсон уулзалтын үеэр иргэд малын гаралтай түүхий эд, түүний дотор арьс, ширний боловсруулах үйлдвэрлэл хөгжүүлэх, малын тэжээлийн ургамал тариалах, төмс, хүнсний ногоогоор дотоодын хэрэгцээгээ бүрэн хангах, энэ зун тус аймаг гантай байсан, өвөлжилт хүндэрч болзошгүй байгаа тул малаа отроор өвөлжүүлэх, мах экспортлоход төр, засгийн зүгээс дэмжлэг үзүүлэх, “Сумын төвийн шинэчлэл” хөтөлбөрт хамрагдах, цэвэр, бохирын нэгдсэн сүлжээнд холбогдох, зам, эрчим хүчийг сайжруулах зэрэг асуудлуудыг онцлон ярьж, санал хүсэлтээ илэрхийлж байлаа.

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайхан тус аймгийн малчдыг Дашинчилэн, Хэрлэн-Баян-Улааны отрын бүс нутагт өвөлжүүлэх, 2.5 сая хүртэл толгой малыг эдийн засгийн эргэлтэд оруулж, дулааны аргаар бэлтгэсэн махыг экспортод гаргахаар төлөвлөж байгааг мэдээлэв.

Уянга суманд болсон уулзалтын дараа УИХ-ын дарга Г.Занданшатар, дагалдан яваа УИХ, Засгийн газрын гишүүд, Дэд сайд нар Сайн ноён хан Т.Намнансүрэнгийн хөшөөнд хүндэтгэл үзүүлж, гэр музейг нь үзэж сонирхлоо.    

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа
Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны сонгуулийн санал хураалт дуусах хүртэл сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хаасан тул хүлцэл өчье. SUDARGA.MN сайтын редакц

Үзэл бодол

УИХ-ын дарга Г.Занданшатар мэндчилгээ дэвшүүллээ

Огноо:

,

Монгол Улс НҮБ-д элсэж, улсынхаа тусгаар тогтнол, ард түмнийхээ эрх, эрх чөлөөг баталгаажуулж, дэлхийн хамтын нийгэмлэгийн бүрэн эрхт гишүүн болсны түүхт 60 жилийн ой өнөөдөр тохиож байна.

Тус түүхэн үйл явдлыг тохиолдуулан УИХ-ын дарга Г.Занданшатараас нийт ард түмэнд дэвшүүлсэн мэндчилгээг хүргэе.

Дэлгэрэнгүй унших

Үзэл бодол

Иргэний үнэмлэх анх удаа авах болон 25, 45 насны шинэчилсэн бүртгэлийн үйлчилгээг НҮНТ-өөс авах боломжтой боллоо

Огноо:

,

Нийслэлийн Лавлагаа, мэдээллийн 1800-1200 тусгай дугаар нь нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудаас иргэн, хуулийн этгээдэд үзүүлж буй төрийн үйлчилгээ болон “Ковид-19”-ийн цар тахалтай холбоотой мэдээ, мэдээллийг 24 цагийн турш иргэдэд тасралтгүй өгч, шуурхай үйлчилгээ үзүүлэн ажиллаж байна. Нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төв /НҮНТ/-ийн дарга Б.Ууганбатаас зарим зүйлийг тодрууллаа.

-1800-1200 тусгай дугаарын ачаалал хэр байна, энэ долоо хоногт хэдэн дуудлага хүлээж авсан бэ?

-2021 оны аравдугаар сарын 14-20-ны хооронд 1800-1200 тусгай дугаарт нийт 1556 иргэн хандаж, мэдээ, мэдээлэл авсан. Нийт дуудлагын хүлээлгийн дундаж хугацаа 18 секунд, иргэнтэй ярьсан дундаж хугацаа 2.20 минут байна. Мөн тус хугацаанд “Нийслэлийн мэдээ” фэйсбүүк хуудасны чатботод 29 иргэн хандаж, есөн иргэн автомат хариулагчаас, 20 иргэн оператор ажилтантай холбогдон мэдээлэл авлаа. Иргэд дархлаажуулалтын болон ковидын шинжилгээний цэгийн байршил, ажиллах цагийн хуваарийн талаарх нарийвчилсан мэдээллийг 1800-1200 тусгай дугаарын утас, “Нийслэлийн мэдээ” фэйсбүүк хуудасны чатботоос авах боломжтой.

-Нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төвөөс иргэдэд 2021 онд хамгийн их үзүүлсэн үйлчилгээ юу байсан бэ?

-Нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төв төрийн 47 байгууллагын 456 нэр төрлийн үйлчилгээг иргэн, хуулийн этгээдэд үзүүлдэг. Энэ онд нийт 1.252.002 үйлчилгээ үзүүлснээс 493.630 буюу 39.4 хувийг улсын бүртгэлийн үйлчилгээ эзэлж байна.

Улсын бүртгэлийн газар нь иргэний бүртгэл, эд хөрөнгийн эрхийн бүртгэл, хуулийн этгээдийн  бүртгэлийн чиглэлээр нийт 51 нэр төрлийн үйлчилгээг иргэн, хуулийн этгээдэд үзүүлдэг. Үүнээс эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн үйлчилгээг иргэн, хуулийн этгээд хамгийн их авдаг бөгөөд мэдээллийн дутмаг байдлаас шалтгаалан материалаа дутуу бүрдүүлэн, өөртөө чирэгдэл үүсгэх тохиолдол их гардаг. Тиймээс иргэд, олон нийт төрийн үйлчилгээний  бүрдүүлэх материалын жагсаалт болон бусад мэдээ мэдээллийг burtgel.gov.mn, opendataburtgel.gov.mn болон 1800-1200 тусгай дугаараас авах боломжтой. 

-Иргэд хамгийн ихээр авч буй улсын бүртгэлийн үйлчилгээг илүү шуурхай үзүүлэх чиглэлээр ямар ажил хийж байна вэ?

-Иргэн, хуулийн этгээдэд төрийн үйлчилгээг шуурхай, чирэгдэлгүй үзүүлэх ажлын хүрээнд Нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төвөөс улсын бүртгэлийн үйлчилгээг авахад тэмдэгтийн хураамжийг банканд дугаарлаж цаг алдахгүйгээр “Гэрэгэ киоск” цахим төлбөр тооцооны хэрэгслээр төлөх боломжийг бүрдүүлсэн. Улсын бүртгэлийн байгууллагаас нийт 30 нэр төрлийн лавлагаа, тодорхойлолтыг олгодог. Харин төрийн үйлчилгээний нэгдсэн цахим систем буюу www.e-mongolia.mn-ээс 21 нэр төрлийн лавлагаа, тодорхойлолтыг энэ оны долоодугаар сарын 1-нээс иргэн, хуулийн этгээд үнэ төлбөргүй авах боломжтой болсон.

Түүнчлэн төрийн үйлчилгээг авах иргэдийн санал, хүсэлт, хэрэгцээ, шаардлагад үндэслэн Нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төвөөс үзүүлж буй үйлчилгээний нэр төрлийг үе шаттай нэмэгдүүлж байна. Тухайлбал, Нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төвийн “Дүнжингарав” болон “Драгон” салбарт 16 нас хүрсэн иргэн анх удаа иргэний үнэмлэх авах, 25, 45 насны шинэчилсэн бүртгэлийн үйлчилгээг энэ оны аравдугаар сарын 18-наас үзүүлж эхэллээ. Цаашид иргэд Нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төвийн бүх салбараас дээрх үйлчилгээг авах боломжийг бүрдүүлэхээр шат дараатай арга хэмжээ авч байна.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Дэлгэрэнгүй унших

Үзэл бодол

Бейрутийн харанхуй бидэнд юуг хэлнэ вэ?

Огноо:

,

Эдийн засагч Д.Жаргалсайхан

Монгол Улс хэзээ мөдгүй таг харанхуй, тас хөлдүү болох эрсдэлтэй тулгараад байна. Хот нь хав харанхуй, гэрлэн дохио ч асахгүй, бүх лифт, хөргөгч нь ажиллахгүй удахаар юу болдог, иргэд яаж зовдог гэдгийг Ливаны Бейрут хот энэ өдрүүдэд бодитойгоор харуулж байна. Ливанд эрчим хүчний нэгдсэн сүлжээний 80 хувийг нь хангадаг хоёр станц нь түлшгүй болсноос цахилгааны хязгаарлалт хийж явсаар сүүлдээ тэг зогсов. Цахилгааны үнийг хэт доогуур барьснаас, хөрөнгөгүй болж, хүчин чадлаа нэмж чадахгүй явсаар, дээрээс нь авлигажсан төр засгийнхаа уршгаар эдийн засаг нь тэнд бүрэн хямраад байна.

Монгол үнэхээр Ливан шиг болох гэж байна. Эрчим хүч нь эрчмээ алдсаар, энэ салбар дампуурахад бэлэн болжээ. Яг хоёр жилийн өмнө, энэ тухай би тодорхой бичсэн. Тэгвэл нөхцөл байдал эдүгээ улам дорджээ. Цар тахал энэ салбарт хүчтэй нөлөөлөв. Төрөөс тусгай хууль батлаж, иргэд, аж ахуйн нэгжүүдийн цахилгаан, дулааны төлбөрийг нь төрийн өмчит компаниар төлүүлэв. Энэ хөнгөлөлтөд зориулж 2020 оны арванхоёрдугаар сараас хойш 826 тэрбум төгрөг зарцуулж байна. Тэгээгүй бол эрчим хүчний салбар дахин сэргэхгүй байлаа.

Эрчим хүчний салбар дампуурах нь дахин сонгогдохоо л хичээдэг улс төрчдөд л ашигтай болохоос, түмэн олонд асар их хохиролтой гэдгийг баруун аймгууд харанхуй болсон саяхны тав хоног, Улаанбаатарт наймдугаар сард цахилгаан тасарсан 5 цаг сануулсаар байна. 

Бодит байдал

Өнөөдөр Монгол Улсын эрчим хүчний нийлүүлэлт найдваргүй болж, эрчим хүчний дутагдалд оржээ. Гол шалтгаан нь хэрэглээ жил бүр нэмэгдсээр байхад дотоодын үйлдвэрлэлээ өсгөж чадахгүй, гадаадаас цахилгааныг өндөр үнээр худалдаж авсаар буй явдал.

Монгол Улсын цахилгаан эрчим хүчний хэрэглээ жилээс жилд өсөн нэмэгдэж байгаа. Энэ 2021 онд (хүлээгдэж буй гүйцэтгэлээр) 9.9 тэрбум кВт.ц болж өмнөх оноос 12 хувь нэмэгдэнэ. Дулааны хэрэглээ 6 хувиар өсч 11 сая Г.кал болно. Цахилгаан эрчим хүчний хэрэглээний 80 хувийг дотоодын үйлдвэрлэлээр, 20 хувийг хоёр хөршөөсөө худалдан авч нийлүүлнэ. Эрчим хүчний салбар гал алдчихгүйн тулд дотоод бүхий л нөөц бололцоогоо шавхаж, насжилт өндөртэй зуухнуудаа тултал ачааллан ажиллаж байна. Өнгөрсөн 2020 онд төвийн бүсийн эрчим хүчний системийн оргил ачаалал 1309 МВт хүрсний 831 МВт нь Улаанбаатар хотод ногджээ. 

Төрөөс эрчим хүчний салбарт хөрөнгө оруулалт хийж үйлдвэрлэлийн хүчин чадлаа уг нь нэмэгдүүлж байгаа. Багануурт 400 МВт-ын хүчин чадалтай дулааны цахилгаан станц 2024 онд ашиглалтанд оруулах концессийн гэрээ байгуулжээ. Тавантолгойд  450 МВт-ын цахилгаан станц барьж, 2025 онд эхний ээлжийг ашиглалтанд оруулах гэнэ. Эрдэнэбүрэнгийн 92 МВт-ын усан цахилгаан станцыг ирэх хавараас барьж эхлэнэ. Гэвч Монголд том төслүүд үргэлж гацаж, цагтаа ашиглалтанд орох байтугай, бүр зогсоочихдог гэдгийг хорин жил ярьж, арван удаа шавыг нь тавьсан 5-р дулааны цахилгаан станцын түүх өгүүлнэ.

Эдүгээ эрчим хүчний ложистикийн компаниуд харилцан өрөндөө баригдаж, зөвхөн 2020 онд энэ салбар 88.0 тэрбум төгрөгийн алдагдалтай ажиллажээ. Нүүрсний үнэ 9 хувиар, тээврийн зардал 20 хувь,  валютын ханш 7 хувь,  хэрэглээний үнийн индекс 9.6, үйлдвэрлэгчийн үнийн индекс 10.1, гадаад орны үйлдвэрлэгчийн үнийн индекс 3.4, үйлдвэрийн ус, ашиглалтын цахилгаан, дулаан, нийгмийн даатгалын шимтгэл, үндсэн хөрөнгийн элэгдлийн зардал, зээлийн хүүгийн төлбөр гэх мэт зардал 14.5 хувиар тус тус өссөнтэй холбоотой гэж салбарын эрдэмтэд хэлжээ. Мөн ОХУ-аас авсан цахилгааны хэмжээ 21.8 хувиар, үнэ нь 15.9 хувиар тус тус өсч, импортын цахилгааны зардал 41.2 хувиар нэмэгджээ.

Манай эрчим хүчний эх үүсвэрүүд, дамжуулах, түгээх сүлжээ 30-62 жилийн насжилттай,  шугам сүлжээний 40 хувийнх нь ашиглалтын хугацаа дууссан байна. Улаанбаатар хотын долоон дүүрэгт гэр хорооллын 13681 өрх стандартын цахилгаан авч чадахгүй байна. Өвлийн оргил ачааллын үед цахилгаан эрчим хүчээ хязгаарлаж, бүх хүчин чадлаа бүрэн ажиллуулж байгаа нь системийн хэмжээнд осол гарах, эрчим хүч орон даяар тасрахад хүргэж байна.

Одоо яах вэ?

Зөвхөн Улаанбаатар хотын өсөн нэмэгдэж буй хэрэглээг хангах цахилгаан, дулааны өргөтгөл, шинэчлэл хийхэд 3.5 их наяд төгрөг шаардлагатай болсон гэж хотын дарга Д.Сумьяабазар мэдэгджээ. Гэтэл ийм хөрөнгө энэ салбараас гаргах байтугай, одоо байгаа өрөө ч төлж чадахгүй болжээ. Дотоодын эрчим хүчний 60 хувийг үйлдвэрлэдэг ДЦС-4 ТӨХК гэхэд л Хөгжлийн Банкнаас авсан 90 тэрбум төгрөгийн зээлээ төлж чадахгүйд хүрчээ. Монгол Улс нь бусад олон орны адил эрчим хүчний үнийг төрөөс хязгаарлаж, зохицуулдаг. Гэхдээ яаж зохицуулахаараа эрчим хүч тасалдахад бэлэн болж, энэ салбар нь дампуурахад тулчихаад байгаа юм бэ?

Энэ өвөл гэхэд алдагдалтай ажилладаг тул нүүрсний уурхайнууд үнээ өсгөж буй учир

Эрчим хүчний зардал 25.6 тэрбум төгрөгөөр өснө. Мөн монополь “Улаанбаатар төмөр зам” нүүрс тээврийн тарифыг 23.4 хувиар нэмж байгаагаас шалтгаалан нэмээд 5.6 тэрбум төгрөг шаардагдана. Дээрээс нь эрчим хүч үйлдвэрлэх, дамжуулах, түгээх, хангах тусгай зөвшөөрөл эзэмшигч 100 компанид өвөлжилтийн бэлтгэл хангах, засвар, шинэчлэл хийхэд 128.8 тэрбум төгрөгийн хөрөнгө шаардлагатай байгаа ажээ. Бас сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрүүд 28.9 тэрбум төгрөг, ОХУ-аас худалдаж авах цахилгаан эрчим хүчний үнийн өсөлтөд 4.7 тэрбум төгрөгийн эх үүсвэр шаардлагатай гэнэ. Ийнхүү нүүрсний уурхай, төмөр зам, эрчим хүч үйлдвэрлэх, дамжуулах, түгээх, хангах компаниудад нийт 159.6 тэрбум төгрөг яаралтай шаардлагатай байна.

Энэ хөрөнгийн эх үүсвэрийг бүрдүүлэхийн тулд эрчим хүчний үнийг арай илүү бодитой болгож зардлаа бүрэн нөхөхгүй юм гэхэд 20-30 хувиар өсгөхөөс өөр сонголтгүй болов. Үнийг хянаж зохицуулах үүрэгтэй байгууллагын мэргэжилтнүүдийн тооцоогоор одоо 1 кВт.ц цахилгаан эрчим хүчний тарифыг 36, дулааны эрчим хүчний тарифыг 20 хувиар тус тус нэмэгдүүлэх аж. Гэхдээ хүн амын хэрэглээний түвшинг харгалзан сард 150 кВт.цагаас бага хэрэглээтэй өрхийн үнийг энэ өвөл дуустал нэмэхгүй ажээ. 

Манай айл өрхийн нэг сарын эрчим хүчний төлбөр нь өрхийн нийт зардлын 5.5 хувийг эзэлдэг. ҮСХ-ны судалгаагаар 4 ам бүлтэй өрх сард дунджаар 220 кВт.ц цахилгаан хэрэглэж 36,220 төгрөг буюу өдөрт дунджаар 1200 төгрөг, 1 хүн 300 төгрөгийг цахилгаанд төлдөг. Тэгвэл автобусны билетийн үнэ 500 төгрөг, гар утасны төлбөрт өдөрт 820 төгрөг зарцуулж байна. Манайд  1 кВт.ц цахилгааны үнэ 6.2-6.3 ам.цент байгаа бол хоёр хөршийнхөөс 2 дахин, хөгжилтэй орнуудаас 3-5 дахин хямд байна. Үүнээс үзэхэд манай оронд цахилгаан эрчим хүч хамгийн хэрэгцээтэй атлаа үнэ цэнэгүй бүтээгдэхүүн болжээ.

Эхний ээлжинд дулаан цахилгааны үнээ бага багаар нэмж, аажмаар ядаж зардлаа нөхдөг болгохоос гадна зэрэгцээд эрчим хүч хэмнэх, дулаан алдагдлыг багасгах, эрчим хүчний алтернатив эх үүсвэр ашиглах зэргийг дэмжиж, урамшуулсан бодлого хэрэгжүүлэх цаг болжээ.

Харин урт хугацаандаа цөмийн эрчим хүчний станц барих, ус төрөгчийн задралыг ашиглах зэргээр нүүрс хүчлийн хийг багасгасан эх үүсвэр ашиглахыг дэлхийн цаг агаарын дулаарал, манай улсын хүлээсэн үүрэг шаардах боллоо.

Ямар ч гэсэн төр засаг улс орноо гал алдуулчихгүй, Улаанбаатараа Бейрут шиг харанхуй болгочихгүй байх гэж иргэд найдсаар байна.

2021.10.18

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа

Санал болгох