Цаг үе
Чингэлтэй дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг 12 дэн буудалд хяналт шалгалт хийлээ

"Дэн буудал" арга хэмжээ удирдамжийн хүрээнд Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг дэн буудлуудад Цагдаагийн ерөнхий газар, дүүргийн Цагдаагийн 1, 2 хэлтэс, Үйлдвэр үйлчилгээний хэлтэс, Онцгой байдлын хэлтсийн хамтарсан хяналт шалгалтыг Чингэлтэй дүүрэгт байрлах 12 дэн буудалд хийлээ.
Шалгалтаар дэн буудлуудын зочдын өрөөний талбайн хэмжээ стандарт заасан хэмжээнээс бага, орны гудас матрас болон цагаан хэрэглэлүүд эрүүл ахуйн шаардлага хангахгүй, үйлчлүүлэгчийн тоогоор гарын алчуургүй, ариун цэврийн өрөөнд 1 удаагийн оо, сойз, саван, шампунь хангалтгүй, 1 удаагийн хэрэгслийн шинжилгээний бичиггүй, ажилчид ажлын хувцасгүй, цэвэрлэгээнд халдваргүйтгэлийн бодисыг зааврын дагуу тогтмол хэрэглэж хэвшээгүй, өрөөнүүдийн өдөр тутмын болон их цэвэрлэгээ хангалтгүй байна.
Шалгалтад хамрагдсан 12 газраас 3 дэн буудал нь засвартай байсан. Хяналт шалгалтаар зөрчилтэй байсан 3 дэн буудлын үйл ажиллагааг зогсоох санал өгч мөн 2 дэн буудалд ЗТХ-ийн 6.17 дугаар зүйлийн 8 дахь заалтын дагуу торгуулийн арга хэмжээ авч улсын байцаагчийн хугацаатай албан даалгавар өглөө.
Эх сурвалж: НМХГ
Цаг үе
ОБЕГ: Цасан болон шороон шуурга шуурч, эрс хүйтрэхийг анхааруулж байна
Цаг уурын байгууллагаас ирүүлсэн мэдээгээр өнөөдөр буюу гуравдугаар сарын 31-нд Баян-Өлгий, Завхан, Увс, Ховд, Хөвсгөл аймгийн нутгаар, дөрөвдүгээр сарын 1-нд баруун болон говийн аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн баруун болон өмнөд, 2-нд баруун болон говийн аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн өмнөд хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутгаар бороо, нойтон цас орж, цасан болон шороон шуурга шуурч, эрс хүйтрэх төлөвтэй байна.
Иймд цаг агаарын мэдээ, мэдээллийг цаг тухай бүр сонсон, мэргэжлийн байгууллагаас өгч буй сэрэмжлүүлэг, анхааруулгыг дагах,
Тээврийн хэрэгслийн жолооч нар хол, ойрын замд гарахдаа тээврийн хэрэгслийн найдвартай байдлыг хангаж бензин, шатахууны нөөцтэй, дулаан хувцастай зорчих,
Иргэд, малчид болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж, салхи шуурганд төөрөх, малтайгаа уруудах эрсдэлээс урьдчилан сэргийлж, малаа ойрын бэлчээрт хариулах, бага насны хүүхдийг малд явуулахгүй байх,
Ой, хээрт явахдаа галын аюулгүй байдлыг сайтар хангаж, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна.
Эх сурвалж: ОБЕГ
Цаг үе
ГССҮТ-ийн эмч нар бүрэн тасарсан мөчийг эргүүлэн залгах 200 дахь мэс заслыг амжилттай хийжээ
Гэмтэл согог судлалын үндэсний төвийн Гар сарвуу, нөхөн сэргээх бичил мэс заслын тасгийн эмч нар бүрэн тасарсан мөчийг эргүүлэн залгах 200 дахь удаагийн мэс заслаа амжилттай хийлээ.
Тухайлбал, 2023 оны гуравдугаар сарын 7-ны өдөр мах зорогч машинд бугуйны түвшингээр бүрэн тасарсан өвчтөний гарыг эргүүлэн залгах мэс засал хийсэн нь амжилттай болж, өдгөө шарх бүрэн эдгэрч үйл ажиллагаа нь сэргэж эхэлсэн байна.
Мэс заслын баг бүрэлдэхүүнд оператор эмчээр Анагаах ухааны доктор, профессор, зөвлөх эмч С.Баатаржав болон ассистент эмч Ц.Мөнх-Очир, Э.Мөнхбат, мэдээгүйжүүлгийн эмч Б.Гүн-Үйлс, хагалгааны сувилагч н.Болортуяа, н.Одонтунгалаг, мэдээгүйжүүлгийн сувилагч н.Ганцэцэг, асрагч н.Алтанчимэг, н.Нарангэрэл нар багтжээ.
Ташрамд дуулгахад, ГССҮТ-ийн Хүлээн авах яаралтай тусламжийн тасагт жилд 150 мянга орчим хүн үйлчлүүлдэг бөгөөд 1.3 орчим хувь нь буюу 2000 орчим хүн мөчдийн /хуруу, сарвуу, гар, хөл г.м/ хагас болон бүрэн тасарсан гэмтэлтэй гэсэн оношийн дагуу анхдагч цэгцэлгээ, арьс нөхөх, орчны эдээр нөхөх, судсан сурвалжит эдээр нөхөх, чөлөөт эд шилжүүлэн суулгах, эргүүлэн залгах зэрэг мэс заслын эмчилгээ хийлгэдэг байна.
Тус төвд анх 1985 оноос эхлэн тасарсан хөл, гарыг эргүүлэн залгах мэс засал хийж, 2003 оноос хойш бүрэн тасарсан хурууг эргүүлэн залгах мэс заслыг тусламж үйлчилгээний практикт нэвтрүүлсэн аж. Түүнээс хойш хагас болон бүрэн тасарсан мөчийг эргүүлэн залгах мэс засал нийт 10.000 орчим хийгдсэн гэж ГССҮТ-өөс мэдээллээ.
Цаг үе
Хувьцаат компаниудын хувьцаа эзэмшигчдийн анхаралд!
Хувьцаат компанийн төлөөлөн удирдах зөвлөл /ТУЗ/ нь Компанийн тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.4 мөн Санхүүгийн зохицуулах хорооны 2018 оны 377 дугаар тогтоолоор баталсан “Хувьцаат компанийн хувьцаа эзэмшигчдийн хурлын зар хүргэх, хяналт тавих журам”-д тус тус заасны дагуу компанийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлыг санхүүгийн жил дууссанаас хойш дөрвөн сарын дотор буюу жил бүрийн тавдугаар сарын 01-ний өдрөөс өмнө хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлыг зарлан хуралдуулах үүрэг хүлээдэг.
Энэ жилийн хувьд ТУЗ нь гуравдугаар сарын 21-ний өдрийн дотор хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлыг зарлан хуралдуулах тухай шийдвэрийг гаргаж Хороо болон Монголын хөрөнгийн биржид хүргүүлэх үүрэгтэй. Энэ дагуу өнөөдөр /2023.03.30/-ийн байдлаар нийт 177 ХК ээлжит хурал хуралдуулах тухай мэдэгдлээ Санхүүгийн зохицуулах хороонд ирүүлээд байна.
Нөгөөтэйгүүр компанийн хувьцаа эзэмшигч нь Компанийн тухай хуулийн 3.3-т заасны дагуу хувьцаа эзэмшигчдийн хуралдаа оролцож, компанийн үйл ажиллагаатай холбоотой саналаа өгч, үүргээ хэрэгжүүлэхийг зөвлөж байна. Харин холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлыг зарлан хуралдуулаагүй тохиолдолд хувьцаат компанийн ТУЗ нь Компанийн тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.5-д заасны дагуу эрх зүйн үр дагавар үүсдэг болохыг хувьцаат компаниудад анхааруулж байна.
Хувьцаа эзэмшигчдийн хурлын мэдэгдэл ирүүлсэн компаниудын судалгаатай энд дарж танилцана уу.
Санхүүгийн зохицуулах хороо
-
Шударга мэдээ2020/08/27
Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс Монголын Сайтын холбоотой хамтран ажил...
-
Улстөр нийгэм2019/08/02
Олон улсын байгууллагын төлөөлөл Баяжуулсан хүнсний тухай хуулийн хэрэгжилтийн ө...
-
Улстөр нийгэм2022/08/29
БНСУ-ын Гадаад хэргийн сайд Пак Жин Монгол Улсад хүрэлцэн ирлээ
-
Улстөр нийгэм2022/05/25
"Автомашингүй өдөр" дараах зах, худалдааны төвүүд амарна
Сэтгэгдэл