Бидэнтэй нэгдэх

Үзэл бодол

З.Болормаа: Хайр гэж тэгвэл яг юу юм бэ нэг их хийсвэр ойлголт л яваад байдаг

Огноо:

,

- МЭДЭЭЖ АСАР ОЛОН УХАГДАХУУН ХӨНДӨГДӨХ Ч ХАМГИЙН ЧУХАЛ НЬ СЕКС ЮМ-

МОНГОЛЧУУД 50 НАС ГАРААД Л ДАВСАГНААСАА ХАМААРАЛТАЙ АМЬДАРДАГ

Монголчуудын тэр бүр яриад байдаггүй сэдэв бол сексологийн боловсрол. Ярьдаггүй болохоор мэдлэг мэдээлэл хомс. Насанд хүрэгсэд ч нарийн мэдээлэлтэй байдаггүй. Тэгвэл “Ла Санте” эмнэлгийн захирал З.Болормаагийн ярианаас та шинэ содон, тэр бүр хүмүүс яриад байдаггүй ч хамгийн хэрэгтэй мэдээллийг авах болно. Тухлан уншина уу.


-Фитнесс гэхээр хүн бүр мэддэг. харин одоо эмэгтэйчүүдийн дотоод гоо сайхан буюу “Үтрээний фитнесс” гэсэн шинэ ойлголт гарч ирсэн байна. Энэ талаар мэдээлэл өгөөч?

-Манайх энэ салбарт эмчилгээ, үйлчилгээ, оношилгоо, зөвлөгөө мэдээллийг нэвтрүүлээд тав дахь жилдээ ажиллаж байна. Хамгийн сүүлд гаргасан төсөл гэвэл аарцаг ёроолын булчин, үтрээний булчин саажилт гэсэн сэдвээр судалгаа хийсэн. Бидний нөхөн үржихүйн эрхтэн маань маш олон төрлийн булчингаас тогтдог. Булчинг яаж эрүүл, хэвийн байлгах, өөрчлөлтөөс урьдчилан сэргийлэх, хэрхэн өвчлөлгүй хадгалж чадах вэ гэхээр өөрөөр нь хөгжүүлэх ойлголт нэгдүгээрт тавигддаг. Таргалалт, хэвлийн даралт, жирэмсэлт, төрөлт, өтгөн хаталт зэрэг маш олон шалтгаанаас булчингийн алдагдалд ордог. Булчин сулралаас урьдчилан сэргийлэх хамгийн үр дүнтэй, энгийн арга бол дасгал хөдөлгөөнөөр сэргээж, нөхөн төлжүүлэх юм. Кегель хэмээх эрдэмтэн кегелийн дасгал буюу үтрээ, аарцаг ёроолын булчингийн дасгалыг гаргаснаар дэлхийд сая сая хүмүүс энэ дасгалыг хийж, бие, сэтгэл зүй эрүүл мэнд болон гэр бүлийн харилцаандаа асар олон эерэг өөрчлөлтүүд гардаг гэдгийг ухааруулсаар байна. Гадны орнуудад яалт ч үгүй үтрээний фитнесс талаасаа хөгжсөн байдаг. Манайх 2019 оноос энэ чиглэлээр судалгааны ажлууд хийж дуусаад 2020 оны нэгдүгээр сараас үйлчилгээндээ нэвтрүүлээд байна.

-Гар, хөл, цээж, гэдэсний гээд ил харагдах булчингуудаа фитнесст явж хөгжүүлж, гоё болгож болдог. нөхөн үржихүйн энэ далд булчингууд хэр хурдан сэргэх вэ?

-Хүний хамгийн хүчтэй булчин гэж хэлж болно. Яг эмэгтэйчүүдийн булчин дээр анхаарлаа хандуулаад үзэхээр сав, умай маань дүлий эрхтэн. Улайж, шархлаад үрэвсээд байсан ч өвдөлт зовиур илэрдэггүй учраас тэр бүр мэдэгддэггүй. Олон жил ингээд явж болдог. Гэтэл булчингийн бүтэц маань маш их судасжилт, цусан хангамж булчин хоорондын мэдрэлжүүлэлтээр тэжээгдэж байдаг. Бусад булчингаас илүү нарийн мэдрэлжүүлэлттэй. Тиймээс онцлог нь бидний ярьдаг дур тавилт. Сексологи, секспаталоги тархитай хамааралтай маш нарийн сэрэл мэдрэмж эмэгтэйчүүдийн үтрээнд, эрчүүдийн нөхөн үржихүйн эрхтэнд байдаг. Булчин бол хүндийн, хөдөлгөөний, гүнийн, өнгөц булчин гэх зэргээр өөр өөр бүтэцтэй байдаг ч сэргээгдэхдээ их амархан. Бусад булчингуудаас илүү богино хугацаанд үр дүн гардаг.

-Үтрээний фитнессийг эмчилгээний нэг төрөл гэж үзэж болох уу?

-Болно. Нэгд, эмчилгээний нэг төрөл, хоёрт, элдэв эмгэг өвчнөөс урьдчилан сэргийлэх, гуравт бэлгийн харилцааны насжилтыг удаашруулах гэдэг хамгийн том ухагдахуун юм. Энэ дасгалыг хийгээд, дотоод гоо сайхны фитнессээр хичээллэснээр эмэгтэйчүүдийн өөртөө итгэх итгэл улам бүр л нэмэгддэг. Мөн эрчүүдэд зориулсан пенис фитнессийг эмчилгээндээ нэвтрүүлж эхэлсэн. Ингэснээр бас л эрчүүдийн нөхөн үржихүйд тулгамдсан асуудлыг шийднэ. Аарцаг ёроолын булчинг чангалж дур тавилтын мэдрэмжийг улам сайжруулж бэлгийн харилцааны контролыг чадавхжуулна гэсэн үг. Гадны орнуудад эдгээр дасгалууд их чухал, бусад дасгалаар хичээллэхээс өмнөх суурь болж өгдөг. Бид гадна биедээ анхаараад, нүүрний арьсаа арчилж, гоё боди биетэй болоод өөртөө итгэлтэй алхдаг. Гэтэл амьдралын чанар, сэтгэл зүй, дотоод асуудалд хамгийн чухал нь важайна фитнесс юм. Энэ нь эрүүл мэндтэй салшгүй хамааралтай. Ер нь дур тавилт гэдэг гэр бүлийн бие болоод сэтгэл зүйн асар том гол хүчин зүйл зүрх нь байдаг. Хүний дотоод булчингууд хөгжсөөр дур тавилтын оргил мэдрэмжийг мэдэрч дур тавилтаа хүссэнээрээ удирддаг.

-Манайхан мэдээлэл дутуугаас ч болдог уу, “зүгээр болоод л байгаа юм чинь яагаад заавал ийм дасгал, эмчилгээ хийх ёстой гэж” боддог. Ер нь дотоод гоо сайхны фитнессийг яагаад хийх ёстой юм. Үр дүн нь юундаа байна вэ?

-Би өвддөггүй, зүгээр хүн гээд өөрсдийгөө орхиж болохгүй. Зүгээр байх тусмаа энэ фитнессээр хичээллэх маш чухал, үр дүн нь гайхалтай байх болно. Энгийнээр хэлбэл, сексологийн боловсролтой, өндөр мэдрэмжтэй хүний бие физологи, зүрх судас, тархи мэдрэлийн үйл ажиллагаа, тэр бүү хэл ажлын бүтээмж, санхүүгийн чадамжийн хувьд ч өндөр байдаг. Энэ булчинг хөгжүүлэх дасгал хийснээр сексийн мэдрэмж хамгийн өндөр цэгтээ очдог. Зөвхөн өөрөө төдийгүй нөхөртөө ийм сэрэл мэдрэмж өгч чаддаг. Үтрээний фитнесс бол секс рүү хандсан хамгийн чухал эмчилгээ, дасгал юм. Одоо байгаагаасаа илүү гоё болно гэдгийг л ойлгох хэрэгтэй. Бэлгийн харилцааны насжилт гэж бид ярьдаг. Тухайлбал, 50-60 насанд ихэнх гэр бүлийн бэлгийн харилцаа нь зогсонги байдалд ордог. Тэгвэл пенис фитнес, важайна фитнесийг 20, 30 настай хүн ч хийх ёстой. Энэ нь сексийн насжилтыг удаашруулж, чадавхтай чигээр нь хадгална гэсэн үг. Өнөөдөр энэ фитнессээр хичээллэснээр ирээдүйн 30, 40 жилийн идэвхтэй амьдралаа хадгалж үлдэх боломжтой.

-Дотоод гоо сайхны фитнесс, дасгалыг яаж хийж сурах вэ. Заалгах ёстой юу?

-Ганцаарчилсан сургалтаар заадаг. Эхлээд тухайн хүний булчинг нь төдийгүй буруу рефлексүүдийг оношилно. Ингээд эмч, дасгалжуулагч нарынхаа дэргэд, аппарат тоног төхөөрөмжөөр дасгалаа зөв, буруу хийж байгаагаа бүрэн хянаж, шалгуулаад зөв болгож программчлаад олон олон дасгалууд хийнэ.

-Таны нэг LIVE-ийг харж байхад танай фитнессийн эмэгтэйчүүд үтрээгээрээ 1-3 кг жинтэй туухай өргөж байсан. Тийм боломж хүн бүрт байдаг уу?

-Байлгүй яахав. Хүндийн өргөлтийн тамирчид өргөх жингээ өдөр өдрөөр нэмсээр байгаар 100, 200 кг өргөдөгтэй зарчим нь яг адилхан. Эхлээд та өөрийнхөө үтрээний булчин хэдэн гр, кг даах боломжтой вэ гэдгээ тодорхойлуулна. Яг бодит байдлаа тодорхойлуулна гэсэн үг. Түүний дараа булчиндаа таарсан ачаалалтай дасгалаа багш эмч нартайгаа хамтраад хийнэ. Долоо хоногийн дараа, сарын дараа хэдэн кг өргөх чадамжтай болж сайжирч байна гэдгээ өөрөө хянаад явах боломжтой. Энэ булчингийн хүч сайжрах тусам тэнд очиж байгаа цусан хангамж, шим тэжээл, сэрэл мэдрэлжүүлэлт бүгд сайжраад ирнэ. Үр дүн гэвэл шээс задгайрал, хуурайшилт, цагаан мах, эмэгтэйчүүдийн давсаг умайн унжилт, бэлгийн харьцаанаас мэдрэмж авдаггүй байдал гээд маш олон зовиур бүрэн арилна. Өнөөдөр байгаа мэдрэмж нь илүү сайжирна. Өдөр өдрөөр л илүү гоё мэдрэмжтэй болж байгаагаа өөрөө мэдрээд явна.

-Нөхөн үржихүй, бэлгийн боловсролын асуудал монголчуудын хаалттай далд сэдвийн нэг. Энэ хэрээрээ хүмүүсийн мэдлэг мэдээлэл хомс байдаг. Уг нь энэ талаар хамгийн сайн мэдлэг мэдээлэлтэй байх ёстой биз дээ?

-Миний хувьд гадна оронд ингэдэг тэгдэг гээд магтаад яриад байх дургүй. Гэхдээ бэлгийн боловсрол, нөхөн үржихүй, сексологи гэсэн сэдэв дээр манайхан яалт ч үгүй хоцрогдмол, хаалттай байдаг. Ийм сэдэв ярихаар ичдэг, санаа зовдог учраас хөгжил бага байдаг. Гэтэл энэ сэдэв чинь хүн төрөлхтний мөнхийн чухал асуудал. Бид нөхөн үржихүй, сексийн боловсролтой болж, өөрийгөө таньж мэдээд ирэхээр амьдралын чанар сайжирч, гэр бүлийн халуун дотно уур амьсгал бат тогтдог. Нөхөн үржихүйд тулгамдсан өвчлөлүүд болох давсаг, умай, үтрээний өвчлөлүүд эрчүүдийн түрүү булчирхайтай холбоотой өвчлөлүүд бэлгийн үйл ажиллагааны алдагдал, бэлгийн сулрал гээд бие болоод сэтгэл зүйн өвчлөлүүд бүгд илааршиж мөн олон өвчлөлөөс урьдчилан сэргийлэгдэнэ. ДЭМБ-аас гаргасан судалгаагаас амьдралын чанарыг бууруулдаг 10 өвчлөлийн нэгэнд шээс задгайрлын өвчин явж л байдаг. Гэр бүлийн харилцаа, хандлага, халамж хайр гээд л бид ярьдаг. Хайр гэж тэгвэл яг юу юм бэ. Нэг их хийсвэр ойлголт л яваад байдаг. Гадны оронд хайр бол секс юм л гэдэг. Би ч гэсэн хайр бол секс юм гэж боддог. Мэдээж асар олон ухагдахуун хөндөгдөх ч хамгийн чухал нь секс юм. Бэлгийн харьцааны үед бие биедээ дасан зохицох байдал, уусан нэгдэх өөр хэнээс ч юунаас ч авч чадахгүй тэр мэдрэмжийг мэдэрч байж бие биенээ нэг хүн шиг ойлгох дараагийн халамж хандлагууд бий болдог. Секс гэдэг бол хүн бүртэй хийгээд яваад байдаг зүйл ерөөсөө биш шүү дээ. Сексологийн мэдлэг, боловсролгүйгээс л бэлгийн задгай харилцаатай хүн бий болдог.

-Ингэж нээлттэй, чөлөөтэй, мэдээлэлтэй ярьдаг хүн цөөн байдаг. Ярьсан ч ямар нэгэн шийдэл хэлдэггүй байсан. харин та мэдээлэл өгч, эрүүл байх арга замыг нь зааж өгч байна...

-Үтрээ бол тэг чигтээ булчин. Үүнийг анатоми талаас нь судалж байж ойлголт илүү нарийн задарч байгаа юм. Манайд үтрээний булчинг нарийвчилж судалсан газар байхгүй. Одоо манай баг, хамт олон “Эмэгтэйчүүдэд тулгамдсан асуудал, шээс зайдгайрал зэргийг мэсийн бус аргаар сэргээн засах технологиор мөн кегель дасгал, үтрээний фитнессээр хэрхэн үр дүнтэй шийдэх вэ гэсэн судалгааны ажлыг Монголд анх удаа хийж байна. Оны өмнө судалгааны ажил маань дуусна. Өнөөдрийн байдлаар маш өндөр үр дүнтэй явж байна.

-Та бол эмэгтэйчүүдийн дотоод гоо сайхны фитнессийн дасгалжуулагч багш. Энэ мэргэжлийг хаана эзэмшсэн юм бэ?

-Би франц школтой. Манай багийнхан жилд 1-2 удаа Францад очиж сургалтуудад хамрагддаг. Эсвэл франц эмч нарыг урьж Монголдоо сургалт зохион байгуулдаг. Мөн улирал, сар тутам болдог онлайн хэлбэрийн сургалтуудад байнга хамрагддаг. 2019 оноос Пенис фитнесс буюу эрэгтэйчүүдийн дотоод булчинг хөгжүүлэх, нэг ёсондоо бэлгийн үйл ажиллагааны бүх төрлийн алдагдлуудаас урьдчилан сэргийлэх, эмчлэх зорилгоор Италийн сургалтуудад хамрагдаад явж байна. Эрэгтэй, эмэгтэй гэр бүлээр нь хосолсон байдлаар сэргээн засах, урьдчилан сэргийлэх, бэлгийн насжилтыг уртасгах сургалтуудад хамрагдсан.

-Энэ фитнессийг манайхан хэр их сонирхож байна. Хүмүүс ирж байна уу?

-Анх бид 2016 онд “Ла Санте” эмнэлгээ нээгээд аарцаг, ёроолын булчинг сэргээн засах, урьдчилан сэргийлэх эмнэлэг гэхэд хүмүүс бараг ирдэггүй байсан. Энэ бол бидний сексологийн боловсролын түвшин ямар байгааг харуулж байгаа юм. Хүмүүс эхэндээ ойлгохгүй, ирэхгүй, бидэнд ханддаггүй байлаа. Тэгэхээр нь бид “Үтрээний булчин чангална, бариу болгоно” гэсэн чинь маш олон хүн ирсэн, үйл ажиллагаа маань ч жигдэрсэн. Үүнээс хойш гурван жилийн дараа би “Давсгандаа дарлуулсан монголчууд” гэсэн нийтлэл бичсэн. Монголчууд 50 нас гараад л давсагнаасаа хамааралтай амьдардаг. Хүн хүссэн үедээ, дуртай цагтаа бүх эрхтнээ удирдаж чаддаг байх ёстой байтал эрхтэндээ удирдуулаад байдаг. Бүх биеэ давсагандаа удирдуулаад явдаг. Хол замд сэтгэл амар амгалан ч явж чадахгүй болдог. Давсагандаа дарлуулаад ирэхээр уух, идэхээ хорьж хязгаарладаг. Идэж уух юмнаасаа кайф авч чадахаа болино гээд сэтгэл ханамжгүй болоод ирнэ. Бид угаасаа л насны өвчин, ийм байх ёстой гэсэн ойлголттой байдаг. Гэтэл ийм зовлон зовиураас аль эрт урьдчилан сэргийлж, ирээдүйд давсагандаа дарлуулахгүй амьдарч болно. Арьсаа залуу сайхан чигээр нь хадгалдаг шигээ дотоод гоо сайхнаа ч мөнхийн залуугаар нь хадгалж авч үлдэх боломжийг бий болгож, энэ ойлголт, мэдлэг мэдээллийг улам илүү түгээхийн төлөө л хичээж зүтгэж явна.

-Энэ фитнессийг төгсөөд гарсан хүмүүс багшдаа юу гэж хэлдэг вэ?

-Манайд ирсэн 65 настай эмэгтэй анх үтрээн дотроо 70 гр болл хийгээд тогтоож чаддаггүй байсан. Хоёр сарын дараа гурван кг өргөдөг болсон. Сэтгэл зүй болоод амьдралд нь гайхалтай өөрчлөлт гарсан. Төгсөхдөө надад “Би ингэж чин сэтгэлээсээ талархаж, шүтмээр мэдрэмжийг амьдралдаа маш цөөн авч байсан. Өдөр тутамдаа хэлдэг “баярлалаа” гэдэг үгэнд тэр бүр чин сэтгэл байдаггүй. Одоо бол үнэхээр чин сэтгэл шингэсэн, арай өөр үнэ цэнэтэй “баярлалаа” гэж танд, танай хамт олонд хэлмээр байна” гэсэн.

-Та бол үтрээний дасгалжуулагч багш. нууц биш бол өөрөө хэдэг кг жинтэй туухай өргөдөг вэ?

-Би энэ талаар байнга судалж байгаа ч тууштай хичээллэж эхэлсэн нь нэг жил орчим. Одоо бол 4-5 кг-ыг өргөнө. Дэлхийн рекорд бол арав хорин жил хичээллээд 7-8 кг-ыг л даадаг. Франц докторууд Монголд ирж гурав дахь удаагаа үзлэг хийсэн. Өнгөрсөн жил ирээд “монгол хүмүүсийн булчингийн чанар бол гайхамшигтай юм. Дэлхийн бусад орныхтой харьцуулшгүй чанартай байна. Танай эмнэлэгтэй хамтарч монгол хүний булчингийн чанарт судалгаа хиймээр байна” гэж хэлсэн. Булчингийн чанар гэдэг бол сэргэх, сэргэснээ маш удаан барих чадварыг л хэлээд байгаа юм. Тэгэхээр манайхны булчин маш хурдан сэргэдэг гэсэн үг.

-Фитнесст явсан хүмүүс дунджаар 3 кг орчим өргөдөг болдог уу?

-Нэг кг өргөнө гэдэг бол өөрөө маш том үзүүлэлт, өндөр үр дүн. Энэ ярилцлагыг уншиж байгаа эмэгтэй өөрийгөө хэр чадамжтай байгааг үзэх гэж сонирхож магад. Тэгвэл кегель болл үтрээндээ байрлуулаад, доод талын уяанаас 100, 200 грамм жинтэй зүйл уяж, хоёр хөлөө нэлээн сайн тэлж доошоо суугаад үзээрэй. Тэгэхээр хэр зэрэг тогтоож чадах нь вэ гээд үзэхэд л бодит байдал харагдаад эхэлнэ. Эхэндээ дал, наяхан грамм кегель боллыг барьж чадахгүй алдаад байдаг. Ер нь үтрээгээрээ нэг кг-ыг л өргөдөг болоход тэр хүний бие физологи сексологи гэр бүлд тулгамдсан асуудлууд бол 100 хувь шийдэгддэг. Ирээдүйн сексийн насжилт уртасна гэдгийг бардам хэлнэ. Нэг кг-аас дээш барьж чаддаг хүн бол Тайландын шоу шиг тамхи татах, хушга хагалах гэх мэт төгс хэмжээнд очиж байна аа л гэсэн үг. Эрчүүд мөн Пенис фитнессийг хийхдээ бас л ялгаагүй бэлэг эрхтэнээ хөвчрүүлж байгаад эрхтэнээрээ хүндийн жинг өргөөд үзнэ дээ.

Холдогдох утас: 7766-5999, 9105-5999. Маршал таун хотхон, 107 байр, Ласанте центр

ЭХ СУРВАЛЖ: Өдрийн сонин

Дэлгэрэнгүй унших
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Үзэл бодол

Л.Чинбат: Хүн сонирхож, сэтгэл зүрхээ зориулсан зүйлдээ л амжилт гаргадаг

Огноо:

,

Хүн бүрийн манлайлал, удирдах арга барил өөр, өөрийн онцлогтой. Тэр онцлогийг ажил, мэргэжлийн ур чадвартай хослуулж ажиллах нь амжилтын эхлэл болж, хамт олны итгэлийг хүлээдэг. Тиймээс энэ удаад Увс аймгийн Онцгой байдлын газрын дарга, хурандаа Л.Чинбаттай түүний ажлын замнал, арга барилын талаар ярилцлаа.
-Таны карьерын замнал хэрхэн эхэлж, үргэлжилж байна вэ?
Миний амьдралын бүхий л үе шат Онцгой байдлын албатай салшгүй холбоотой. Энэ албаны нэгэн эд эс болж, 1996 оноос хойш тасралтгүй 30 дахь жилдээ ажиллаж байна.
Миний бие Батлан хамгаалах их сургуулийг 1996 онд холбооны инженер мэргэжлээр төгссөн. Төгсөөд Завхан аймагт нефтийн гэрээт байцаагчаар томилогдон ажлын гараагаа эхлүүлж байлаа. Улмаар 2000 онд нефтийн гэрээт байцаагчдын албыг татан буулгаснаар Булган аймгийн Гал түймэртэй тэмцэх газрын Гал түймэр унтраах, аврах 50 дугаар ангид салааны захирагчаар томилогдон дөрвөн жил ажилласан. Үүнээс хойш буюу 2004-2024 онд Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтэст салааны захирагчаас хэлтсийн дарга хүртэл албан тушаал эрхэлж байгаад Увс аймгийн Онцгой байдлын газрын даргаар 2024 оны есдүгээр сард томилогдон үүрэг гүйцэтгэж байна.
Аав минь цэргийн хурандаа хүн байсан учраас тушаал авсан газар бүрт нь хамт “нүүж”, цэргийн хүний амьдралын жаргал, зовлонг багаасаа гадарладаг байсан минь энэ албыг сонгох шалтгаан болж байлаа.
-Таны ажлын нууц жор?
Хүн сонирхож, сэтгэл зүрхээ зориулсан зүйлдээ л амжилт гаргадаг. Миний хувьд эх орон, иргэдийнхээ аюулгүй байдлын төлөө ажиллаж байна гэсэн чин сэтгэл, хариуцлага, сахилга бат, тасралтгүй суралцах хүсэл зэрэг үнэт зүйлс амжилтад хүрэх үндэс болдог. Онцгой байдлын байгууллагын ажил бол нэг хүний хүчээр биш хамт олны нэгдэл, харилцан итгэлцэл, бэлтгэл сургалт дээр тулгуурладаг онцлогтой. Тиймээс мэргэжлийн ур чадвар, эх оронч сэтгэлтэй алба хаагчидтайгаа хамтран ажиллаж, иргэдийнхээ итгэлийг хүлээж ажиллах нь хамгийн чухал гэж боддог.
Бидний зорилго зөвхөн үүргээ гүйцэтгэхэд бус, аливаа эрсдэлээс урьдчилан сэргийлж, иргэдийн амь нас, эд хөрөнгийг хамгаалахад чиглэгддэг. Энэ зорилгын төлөө хоёргүй сэтгэлээр ажиллах нь л бидний “нууц жор” гэж хэлмээр байна.
-Цаг хэмнэх хамгийн шилдэг арга барил тань юу вэ?
Хүрэх үр дүн тодорхой байвал хийх ажил ч тодорхой болдог. Ажил тодорхой байх үед цаг хугацаагаа зөв төлөвлөж, илүү үр бүтээлтэй ажиллах боломж бүрддэг. Миний бодлоор цагийг хамгийн үр ашигтай ашиглах арга бол ажлынхаа зорилго, эрэмбийг зөв тодорхойлох. Ямар ажил хамгийн чухал, аль нь яаралтай гэдгийг ялгаж, төлөвлөгөөтэй ажиллах нь хамгийн үр дүнтэй. Мөн аливаа ажлыг хойш тавихгүйгээр цаг тухайд нь шийдвэрлэх, баг хамт олонтойгоо нягт уялдаа холбоотой ажиллах нь цаг хэмнэхэд чухал нөлөөтэй. Ингэснээр асуудлыг нэг хүний биш хамтын хүчээр илүү хурдан бөгөөд оновчтой шийдэх боломж бүрддэг. Товчхондоо, сахилга баттай төлөвлөлт, шуурхай шийдвэр гаргалт, багийн нэгдмэл ажиллагаа нь цагийг үр ашигтай ашиглах үндэс гэж ойлгодог.
-Өөрийгөө хэрхэн “цэнэглэдэг” бол?
Чөлөөт цагаараа эх оронч үзэл, эрх чөлөөний төлөө тэмцлийн сэдэвтэй түүхэн кино үзэх дуртай. Нэг киног олон дахин давтаж үзэх тохиолдол ч бий. Дахин үзэх бүртээ өмнө нь анзаараагүй шинэ санаа, утга учрыг олж хардаг нь сонирхолтой санагддаг. Мөн мэргэжлийн болон хувь хүний хөгжлийн талаарх ном, нийтлэл уншиж, шинэ мэдлэг, туршлагаас суралцахыг хичээдэг. Ийм энгийн боловч үр дүнтэй дадлууд нь бодлоо төвлөрүүлж, дараагийн ажилдаа илүү эрч хүчтэй, үр бүтээлтэй байхад тусалдаг.
-Таны ажлын онцлог?
Миний ажил бол иргэдийн амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийг аливаа гамшиг, ослын аюулаас хамгаалах, урьдчилан сэргийлэх, шаардлагатай үед шуурхай хариу арга хэмжээг зохион байгуулахад чиглэсэн өндөр хариуцлагатай албан тушаал.
Энэ салбарын онцлог нь цаг хугацаатай уралдан, эрсдэл өндөртэй нөхцөлд шуурхай бөгөөд оновчтой шийдвэр гаргах шаардлагатай байдгаараа ялгардаг онцлогтой.
Давуу талын хувьд мэргэжлийн ур чадвартай, сахилга баттай, нэг зорилгын төлөө нэгдсэн чадварлаг хамт олонтой ажилладаг нь бидний хамгийн том хүч гэж хэлмээр байна. Харин бэрхшээлийн тухайд гамшиг, ослын нөхцөл байдал урьдчилан таамаглахад хүндрэлтэй, зарим үед маш хүнд, эрсдэлтэй орчинд ажиллах шаардлага тулгардаг. Ийм нөхцөл байдлыг даван туулахын тулд бид бэлтгэл сургуулилалтыг тогтмол сайжруулж, техник тоног төхөөрөмжөө үе шаттайгаар шинэчлэхийн зэрэгцээ олон улсын туршлагаас суралцаж, байгууллагуудын уялдаа холбоо, хамтын ажиллагааг бэхжүүлэхэд анхаарч ажиллаж байна. Мөн сүүлийн үед алба хаагчдын ажиллах нөхцөл, нийгмийн асуудлыг сайжруулахад онцгойлон анхаарч байгаа.
-Удирдагч хүнд байх зан чанар, түүнийгээ хэрхэн илэрхийлдэг вэ?
Удирдагч байх нь манлайлагчийн нэр. Хамт олноо зөв чиглүүлж, тэднийг хамгаалж, хайрладаг байх нь хамгийн чухал. Хариуцлага, шударга зан, алсын хараа, шийдвэр гаргах чадвар бол удирдагч хүний нэрийн хуудас гэж ойлгодог. Мөн хамт олныхоо санаа бодлыг сонсож, тэдэнд итгэл үзүүлж, үлгэрлэн манлайлах нь удирдагчийн үнэт чанаруудын нэг юм. Эдгээр чанарыг өдөр тутмын ажилдаа бодит үйлдлээр илэрхийлэхийг хичээдэг. Ажилтнуудынхаа санаа бодлыг сонсож, хамтын шийдвэр гаргахыг эрхэмлэн, хүнд нөхцөлд ч хариуцлагаа ухамсарлан шуурхай, оновчтой шийдвэр гаргахыг зорьдог. Мөн удирдагч хүн өөрөө сахилга бат, ёс зүйн хувьд үлгэр жишээ байх ёстойг эрхэмлэж, ажилладаг даа.
-Өөрийн арга барилаа хаанаас юунаас олж авдаг вэ?
Ажлын туршлага, сургалт, хамт олноосоо суралцах замаар төлөвшүүлсэн. Учир нь миний хувьд гал сөнөөгчөөс салааны дарга, ангийн захирагч, байцаагч, хэлтсийн дарга, газрын дарга зэрэг шат дамжсан албан тушаалд ажиллаж, тэр хэрээр туршлага хуримтлуулсан байна. Энэ бүхэн мэргэжлийн ур чадвар, арга барилд ихээхэн нөлөөлсөн. Мөн өмнөх үеийн ахмад удирдагчид, туршлагатай алба хаагчдаас их зүйлийг сурч, тэдний хариуцлагатай, зарчимч хандлагаас үлгэр дууриалал авдаг. Гамшиг, ослын үед гарсан сургамж, хамт олны санаа бодол, туршлагыг нэгтгэн цаашдын ажилдаа тусгахыг хичээдэг нь өөрийн арга барилаа олж авдаг бас нэгэн онцлог байж болох юм.
-Бусдад санал болгох шинэ санаа?
Хүн бүр ажил, амьдралдаа тодорхой зорилготой байж, түүндээ үнэнчээр тэмүүлэх нь хамгийн чухал. Том амжилт гэдэг олон жижиг, зөв алхмын нийлбэр байдаг шүү дээ. Тиймээс хийж байгаа ажилдаа сэтгэл гаргаж, өдөр бүр өөрийгөө бага ч гэсэн хөгжүүлж байхыг залууст санал болгодог. Мөн хамт олноо дэмжиж, бие биедээ итгэл өгч, хүнд үед шантрахгүйгээр зорилгоо ухамсарладаг байх нь амжилтын чухал үндэс юм. Бэрхшээл тулгарсан ч “БОЛОМЖ ҮРГЭЛЖ БАЙДАГ” гэсэн эерэг хандлагыг хадгалж чадвал зорилгодоо хүрэх зам үргэлж нээлттэй байдаг гэж хэлмээр байна. Хариуцлагатай байж, зорилгоо тодорхойлж, тууштай хөдөлмөрлөж чадвал хүн бүр өөрийн салбартаа үнэ цэнтэй хувь нэмэр оруулж чадна гэдэгт итгэлтэй байна.

Эх сурвалж: "Онцгой мэдээ" сонин
Дэлгэрэнгүй унших

Үзэл бодол

Н.Учрал: Төсвийн тодотгол хүлээлгүй, Засгийн газар энэ өдрөөс хэмнэлтийн горимд бүрэн шилжлээ

Огноо:

,

Монгол Улсын 35 дахь Ерөнхий сайд Ням-Осорын Учрал Засгийн газрын гишүүдээ томилж, батламжилсны дараа УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд үг хэллээ. Тэрбээр,

Үндсэн хуулийн Гучин есдүгээр зүйлийн 4 дэх хэсэг, Засгийн газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 23 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 2 дахь заалтын дагуу Монгол Улсын Ерөнхий сайд Засгийн газрын гишүүдээ томиллоо.

Манай Засгийн газар нийт 19 гишүүний бүрэлдэхүүнтэй. Үүнээс Монгол Ардын намаас 16 сайд, ХҮН намаас хоёр сайд, Үндэсний эвслээс нэг сайд тус тус томилогдож байна.

Засгийн газрын гишүүдийн 79 хувь нь өмнө нь Засгийн газрын бүрэлдэхүүнд ажиллаж байсан туршлагатай бол 21 хувь нь анх удаа томилогдлоо.

Дэлхийн геополитикийн хурцадмал байдлын улмаас түлш шатахуун, энергийн нийлүүлэлт тасалдаж, үнэ нь хоёр дахин нугаран өсөж, хомсдол нүүрлэж, инфляц, үнийн хөөрөгдөл үүсэж, дэлхийн улс орнууд онц байдал тогтоосон онцгой цаг үед Монгол Улсын Засгийн газар бүрэлдэж байна. Бүх юмны суурь үнэ болдог, түлш шатахууны үнийн огцом өсөлт инфляцыг хөөрөгдөх, цалин орлогыг үнэгүйдүүлэх, валютын урсгалыг гадагшлуулах, экспортын гол салбар уул уурхай, тээвэр, үйл ажиллагааны зардлыг нэмэх зэрэг ноцтой эрсдэл дагуулж байна. Түлш шатахууны үнийг барих боломжгүй гэдэг үнэнээ дахин хэлээд, гагцхүү тасалдал, хомсдол үүсгэхгүйн төлөө хичээн ажиллах болно. Монгол Улс дэлхийг нөмөрсөн цар тахлын үеийг туулсан шигээ түлш шатахуун, эрчим хүчний хямралыг сөрөх цаг эхэллээ.

Ерөнхий сайдын онцгой бүрэн эрхийнхээ дагуу Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүнийг тодорхойлохдоо дараах хоёр үндэслэлийг харгалзан тооцлоо.

Бидэнд сандал суудал биш санал шийдэл хэрэгтэй. Нүүдэл суудал, байр сав, албан бланк, тамга тэмдэг солих нь хэдэн арван тэрбум болно. Хэдэн сайд цөөллөө гээд мөнгө хэмнэх биш илүү төлнө. Нэг сайд цомхотгоход дагаад төрийн албан хаагчид ажил төрөлгүй болно. Шүүхийн олон зуун хэрэг маргаан үүснэ, татвар төлөгчдийн мөнгөөр хохирлыг нь барагдуулна. Төсөв мөнгө, эд хөрөнгө, дунд нь үрэгдэж завшигдах, тамга тэмдэг солигдох гэх мэтэд хоёр өдрийн алга ташилтын төлөө цаг, мөнгө үрмээргүй байна. Цаг, мөнгө алдмааргүй байна.

Түлш шатахууны үнэ, хомсдол бол эдийн засгийн дайны байдал. Байгаа хүчээрээ байлдаанд шууд орно. Хийдэл давхардал, илүүдэл давхцалд иж бүрэн чиг үүргийн шинжилгээ хийж, долоо хэмжиж нэг огтлоод оновчилно. Үсээ засах гээд чихээ огтолж болохгүй.

Судлан тооцоолж үзэхэд одоогоор 3000 сул орон тоо байна. Үүнийг бөглөх шаардлагагүй. Энэ бол 26 яам татан буулгасантай адил хэмнэлт. Бусад зардлыг тооцохгүй, зөвхөн цалингийн сан жилд 7.4 тэрбум төгрөг болно.

Бүтэц цомхон байх нь зөв боловч бүтэц оновчтой байх нь бүр зөв. 12 дэд сайд цомхотгоод, Үндсэн чиглэлийн дөрвөн дэд сайдтай үлдэнэ.

Сайдын алба бол эрх мэдэл гэхээс илүү өндөр үүрэг хариуцлага. Салбартайгаа цоо шинээр дадлагажигч шиг танилцахгүй, танин мэдэхүйн дамжаанд суух шаардлагагүй, мэдлэг, туршлагыг харгалзан авч үзлээ. Хурд гүйцэж ажиллах, галтай ч гашуун шийдвэр гаргах, асуудлыг шийдэл болгох, хариуцсан салбараа манлайлах, удирдан зохион байгуулах чадвартай эсэхийг тооцлоо.

Шинээр томилогдож байгаа хүмүүст ч мэдлэг чадвар нь байгаа эсэхийг харгалзан авч үзнэ.

Олон нам, эвсэл, сонирхлын бүлгээс бүрдсэн УИХ, хүчтэй сөрөг хүчинтэй нөхцөлд Засгийн газрын тогтвортой байдал нэн чухал гэж үзсэн бүрэлдэхүүн гэдгийг нуугаад байх юмгүй шууд хэлье. Түлш шатахуун, тог цахилгааны тасалдал аюул болоод байхад төр засгийн ажил тасалдал болж болохгүй. Бидэнд гацаа биш гарц хэрэгтэй байна.

Засгийн газрын гишүүдээс нэгдүгээрт, ажлын гүйцэтгэлийн хариуцлага, хоёрдугаарт ёс зүйн хариуцлага нэхэж ажиллана. Бид дэлхийг өөрчлөхгүй ч дэлхий биднийг өөрчлөхгүйг үргэлж санаж, үйл хэргээрээ эх оронч байж, эвтэй хүчтэй, эрс шийдмэг, илүү хурдтай ажиллах ёстой. Ирээдүй цаг дээр биш энэ цаг дээр ажил, асуудлаа ярьж ажиллана.

Эргэлзээ дагуулсан асуудалд өртсөн бол хууль шүүхийн байгууллагаар гэм буруутай эсэхээ шалгуулах шаардлага тавина. Эргэлзээг тайлж, өөрсдөө санаачилгаараа шалгуул гэдэг болзол тавьсан.

Төсвийн тодотгол хүлээлгүйгээр Засгийн газар энэ өдрөөс эхлэн хэмнэлтийн горимд бүрэн шилжиж, өөрөөсөө хамаарах бүхнийг хийх болно. Төрийн сангаа удирдаж, байгаа хөрөнгө, нөөцөө зүй зохистой зарцуулах, томилгоо, хурал зөвлөгөөн, тавилга хэрэгсэл зэрэг хэрэгцээ шаардлагагүй, илүүц зардлыг таслаж зогсоох, татвар төлөгчдийн хөлс, хөдөлмөр шингэсэн төгрөг бүрийг гамнаж хэмнэхэд онцгой анхаарна.

Эрх чөлөөний наран монгол хүн бүрийг ивээж, эрх чөлөөт, тусгаар Монгол Улс мандан бадрах болтугай гэлээ.

Дэлгэрэнгүй унших

Үзэл бодол

“Импортын барааны гаалийн албан татварын хувь хэмжээ батлах тухай” УИХ-ын тогтоолд өөрчлөлт оруулах тухай төслийг УИХ-д танилцуулав

Огноо:

,

Монгол Улсын Ерөнхий сайд Ням-Осорын Учрал “Импортын барааны гаалийн албан татварын хувь хэмжээ батлах тухай” УИХ-ын 1999 оны 27-р тогтоолд өөрчлөлт оруулах тухай тогтоолын төслийг танилцуулж, УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд үг хэллээ. 

“Эрхэм УИХ-ын гишүүд ээ,

Улс орны эдийн засаг, уул уурхайн үйлдвэрлэлийн өсөлттэй холбоотойгоор манай улсын газрын тосны бүтээгдэхүүний хэрэглээ жил бүр өсөн нэмэгдэж 2025 онд импортын хэмжээ 2.9 сая тонн болж өмнөх оноос 0.1 сая тонноор өссөн. Цаашид 2026 онд 3.0 сая тн, 2027 онд 3.1 сая тн-д хүрэх төлөвтэй байна.

Өнөөдрийн байдлаар манай улс шатахууны хэрэглээгээ 100 хувь импортоор хангаж, нийт импортын 98 орчим хувийг ОХУ, үлдсэн хувийг БНХАУ эзэлж байна.

Манай гол ханган нийлүүлэгч ОХУ-ын “Роснефть” компанийн дөрөвдүгээр сарын хил үнэ өмнөх сараас тонн тутамдаа энгийн дизель түлш 648$-оор нэмэгдэж 1,385$, Евро-5 дизель түлш 483$-оор нэмэгдэж 1,410$, Евро-5 АИ-92 автобензин 441$-оор нэмэгдэж 1,206$, АИ-95 автобензин 441$-оор нэмэгдэж 1,176$, АИ-98 автобензин 441$-оор нэмэгдэж 1,226$ болж, төрлөөс хамаарч 441-648$-оор өссөн.

Үүнтэй холбоотойгоор дотоодын зах зээл дээрх энгийн АИ-92 автобензинээс бусад төрлийн шатахууны борлуулалтын үнэ энгийн дизель түлш 2,200  төгрөгөөр нэмэгдэж 5,200, Евро-5 дизель түлш 1,300 төгрөгөөр нэмэгдэж 5,300, Евро-5 АИ-92 автобензин 1,100 төгрөгөөр нэмэгдэж 4,200, АИ-95 автобензин 500 төгрөгөөр нэмэгдэж 4,100 төгрөг болж тус тус нэмэгдэх нөхцөл байдал үүсээд байна.

Цаашид Ойрх дорнодын мөргөлдөөн энэ хэвээр үргэлжилж, улам хурцдаж “Брент” төрлийн газрын тосны үнэ баррель нь 130 ам.долларт хүрсэн нөхцөлд манай улсад нийлүүлэх дизель түлшний хил үнэ тонн тутамд 1,750   ам.доллар, жижиглэнгийн үнэ литр тутамд 3,296 төгрөгөөр нэмэгдэх, тосны үнэ 150 ам.долларт хүрсэн нөхцөлд манай улсад нийлүүлэх дизель түлшний хил үнэ тонн тутамд 2,019 ам.доллар болж жижиглэнгийн үнэ литр тутамд 4,235 төгрөгөөр нэмэгдэх, тосны үнэ 200 ам.долларт хүрсэн нөхцөлд манай улсад нийлүүлэх дизель түлшний хил үнэ тонн тутамд 2,693 ам.доллар болж жижиглэнгийн үнэ литр тутамд 6,587 төгрөгөөр нэмэгдэн, литр дизель түлшний үнэ 9700 төгрөг болох эрсдэлтэй байна.

Манай улс ОХУ-ын гол үйлдвэрлэгч, нийлүүлэгч Роснефть компанитай хэлцэл хийсний дүнд өргөн хэрэглээний бүтээгдэхүүн болох АИ-92 шатахууны хил үнийг 2022 оны тавдугаар сараас хойш 705 ам.доллароор тогтворжуулан жижиглэн борлуулалтын үнэ гадаад зах зээлээс хамааралтай үнийн өөрчлөлтгүй явж ирсэн. 

Манай улс АИ-92 автобензинийн гаалийн албан татвараас сардаа ес орчим, жилдээ 100 орчим тэрбум төгрөг, дизелийн түлшнээс сардаа 25 орчим, жилдээ 300 орчим тэрбум төгрөгийн орлого олдог тэр хэмжээгээр төсвийн орлого хасагдах эрсдэлтэй.

Олон улсын нөхцөл байдалтай холбоотойгоор газрын тосны  бүтээгдэхүүний Гаалийн албан татварын хувь хэмжээг тогтоох эрхийг Засгийн газарт олгосноор, зах зээлийн нөхцөл байдалтай уялдуулан шатахууны үнийн хэлбэлзлийг түргэн шуурхай зохицуулах боломж бүрдэх ач холбогдолтой юм.

Иймд "Импортын барааны гаалийн албан татварын хувь, хэмжээ батлах тухай" Монгол Улсын Их Хурлын 1999 оны зургадугаар сарын 03-ны өдрийн 27 дугаар тогтоолд өөрчлөлт оруулах тухай УИХ-ын тогтоолд оруулах өөрчлөлтийг Монгол Улсын Засгийн газрын өргөн мэдүүлснээр батлах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэхээр боловсрууллаа. Хэлэлцэн шийдвэрлэж өгөхийг хүсье” гэлээ.

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа
Улстөр нийгэм19 цаг 31 минут

Ерөнхий сайд Н.Учрал Бизнесийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг яа...

Цаг үе19 цаг 35 минут

Индонезид авлигын хэрэгтэй холбоотойгоор өндөр албан тушаалтнуудыг б...

Цаг үе19 цаг 39 минут

Эрхтэн шилжүүлэн суулгах салбарын олон улсын тэргүүлэх мэргэжилтнүүд...

Улстөр нийгэм19 цаг 50 минут

Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуу...

Цаг үе19 цаг 54 минут

Улаанбаатар хот БНСВУ-ын Нинь Бинь мужтай хамтын ажиллагаагаа өргөжү...

Шударга мэдээ20 цаг 2 минут

Нийслэлийн байгаль орчны газар мэдэгдэл гаргалаа

Улстөр нийгэм20 цаг 6 минут

Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хяналтын тухай хуулийн төсл...

Улстөр нийгэм20 цаг 9 минут

УИХ-ын онцгой бүрэн эрхийг бататгах хуулийг төслийг дэмжив

Цаг үе20 цаг 12 минут

Өнөөдөр нутгийн зүүн хагаст сэрүүхэн байна

Цаг үе2026/06/04

Шинэ авто замын гэрэлтүүлэг, тохижилтыг зургаадугаар сарын 15-нд бүр...

Санал болгох