Үзэл бодол
Оюу толгойн гүний уурхайн төслийн шинэчилсэн мэдээлэл

“Рио Тинто" групп Монгол Улсад хэрэгжүүлж буй Оюу толгойн гүний уурхайн төсөл (“Төсөл” гэх)-ийн хуваарь, зардлын талаарх шинэчилсэн мэдээллийг гаргалаа.
Төслийн бүтээн байгуулалтын ажил 2019 онд амжилттай урагшилж дэлхийн хамгийн том зэсийн уурхайн нэг болоход алхам ойртов.
Өнгөрсөн таван сарын хугацаанд гүний уурхайн дэд бүтцийн гол байгууламжуудын нэг болох уурхайн удирдлагын өрөө, хацарт бутлуурыг бэлэн болгосон. Харин III болон IV босоо амны барилгын ажил жигд явагдаж байгаа бөгөөд II босоо амыг төлөвлөсөн ёсоор 2019 оны 10 дугаар сард ашиглалтанд оруулахаар ажиллаж байна.
Өмнө нь мэдээлж байснаар бидний ашиглаж буй, батлагдсан зураг төслийн дагуу гүний уурхайг үргэлжлүүлэхэд хөрс чулуулгийн байдал тохиромжгүй, улмаар эрсдэл үүсэх нь геотехникийн нарийвчилсан дата мэдээллээс илэрхий байна. Иймд төслийг амжилттай дуусгахын тулд уурхайн зураг төслийн хэд хэдэн хувилбарыг эргэн авч үзэх хэрэгтэй болсон. Үүнээс улбаалан дунд түвшний тээвэрлэлтийн зам, хүдэр тээвэрлэх систем зэрэг гүний уурхайн дэд бүтцэд нэн чухал байгууламжуудыг өөр газар барих, эсвэл бүр барихаа болих шаардлага үүсэх магадлалтайг судалгаанаас харж болно. Мөн гүний уурхайн ашиглалтын үед хүдрийн блокуудыг олборлох дарааллыг эргэн авч үзэх шаардлагатай болж байна.
Энэхүү дүн шинжилгээгээс хамаарч олборлолтын эхний блок буюу “Блок 0”-ийн зураг төслийн эцсийн хувилбар гарах бөгөөд шинэчлэн боловсруулах ажил 2020 оны эхэн хүртэл үргэлжилнэ. Техникийн чанартай бусад асуудлыг тооцож үзвэл нарийвчилсан үнэлгээ 2020 оны хоёрдугаар хагаст бэлэн болохоор байна. Үүнд гүний уурхайн төслийн үлдсэн ажлыг гүйцэтгэх зардал, хуваарийн эцсийн тооцоолол багтах бөгөөд зураг төслийн сонголтоос улбаалж гарах өөрчлөлтийг тусгасан байна.
Бидний судалж буй загварууд бүгд тогтвортой үйлдвэрлэлд хүрэх замыг зааж өгнө, гагцхүү хуваарь, зардлын ялгаатай юм. Одоогоор эдгээр үнэлгээний зарим нь концепцийн шатанд, зарим нь цар хүрээ, далайцыг тодорхойлох шатанд байгаа тул эцсийн үнэлгээг гаргах хүртэл судалж нягтлах зүйлс их байна.
Урьдчилсан мэдээллээс харахад зураг төслийн аль хувилбарыг сонгохоос шалтгаалаад гүний уурхайн тогтвортой үйлдвэрлэл 2022 оны 5 дугаар сараас 2023 оны 6 дугаар сарын хооронд эхлэхээр байгаа нь 2016 оны ТЭЗҮ-д заасан хугацаанаас 16-30 сараар хойш билээ. Гэхдээ энэ нь II босоо амны бүтээн байгуулалтын явцад геотехникийн хүндрэл гарч 8 сараар хойшлох эрсдэлийг багтаасан хугацаа юм. Илүү тодорхой тов гаргахын тулд нарийвчилсан үнэлгээг хийж байна.
Дээр дурдсан үнэлгээнүүдийн үр дүнгээс шалтгаалаад гүний уурхайн төслийн бүтээн байгуулалтын капитал зардал 6.5-7.2 тэрбум ам.доллар байх урьдчилсан тооцоо гарч байгаа нь өмнөх дүн 5.3 тэрбум ам.доллараас 1.2-1.9 тэрбум ам.доллараар давуу байна.
Энэхүү урьдчилсан тооцоололд ажлын бүтээмжийг мөн урьдчилан тооцоолж багтаасан болно. Нарийвчилсан үнэлгээг эцэслэн гаргах үед өөрчлөгдөж болзошгүй.
Бид гүний уурхайн зураг төслийн хувилбаруудыг үнэлэх, нягтлахдаа төслийн хуваарь, зардалд үзүүлэх нөлөөллийг аль болох бага байлгахад анхаарах болно. Нарийвчилсан дүгнэлт гаргахын тулд нэмэлт судалгаа шинжилгээ хийх шаардлагатай байгаа ч “Рио Тинто” 2019 оны 8 дугаар сарын 1-ний өдөр гаргах энэ оны эхний хагас жилийн тайландаа Төсөлд оруулаад буй хөрөнгө оруулалтын дүнгээ нягтлан тусгаж, мэдээлэх болно.
Өсөлт, инновацийн группийн гүйцэтгэх захирал Стивен Макинтошийн хэлснээр “Бид 2019 онд гүний уурхайн бүтээн байгуулалтын хүрээнд хэд хэдэн чиглэлээр ихээхэн ахиц дэвшил гаргалаа. Гэхдээ чулуулгийн нөхцөл байдал бидний төсөөлж байснаас хүнд байгаа тул гүний уурхайн төлөвлөгөөг дахин нягталж, хэд хэдэн хувилбарыг авч үзэх шаардлагатай болж байна. Ийм өргөн далайцтай, нарийн түвэгтэй төслийг хэрэгжүүлэхэд хугацаа хойшлох явдал цөөнгүй тохиолддог. Манай баг ихээхэн ач холбогдолтой энэхүү төслийг амжилтад хүргэх, зөв хувилбарыг олоход онцгойлон анхаарч байгаа.”
Зэс, очир эрдэнийн группийн гүйцэтгэх захирал Арнауд Суарат “Оюу толгой бол олборлолтын үйл ажиллагаа нь нэгэнт эхлээд, 16000 гаруй хүнийг ажлын байраар хангаж, татвар, роялти, худалдан авалтаараа Монгол Улсад хувь нэмэр болж буй дэлхийн хэмжээний орд, дэлхийн хэмжээний уурхай билээ. Бид гүний уурхайн бүтээн байгуулалтын төслийг амжилттай хэрэгжүүлэхээр Туркойз Хилл Ресурс болон Монгол Улсын Засгийн газартай хамтран ажиллаж байна. Ингэснээр уг ордын хамгийн баялаг хэсгийг олборлон, бүх талуудад үр ашиг хүртээх боломжтой болно”.
*1 Дээр дурдсанчлан, эдгээр үнэлгээ нь урьдчилсан үнэлгээ бөгөөд олон хүчин зүйлээс, тухайлбал 2019 оны 10 дугаар сард дуусгахаар төлөвлөөд буй II босоо амны ажил төлөвлөсөн хугацаандаа дуусах эсэхээс шалтгаална. Одоогоор эдгээр үнэлгээний зарим нь концепцийн шатанд, зарим нь төслийн цар хүрээ, далайцыг тодорхойлох шатанд байгаа тул гүний уурхайн зураг төслийн хувилбаруудыг боловсронгуй болгох, ТЭЗҮ-ийн түвшинд хүртэл нарийвчлан боловсруулахын тулд 2020 оны 2 дугаар хагас хүртэл ихээхэн ажил хийх шаардлагатай байна.
Эх сурвалж: ot.mn
Үзэл бодол
Хороо, эрүүл мэндийн төвийн цогцолбор ашиглалтад орлоо
Төрийн анхан шатны үйлчилгээ болон эмнэлгийн тусламж, үйлчилгээг нэг дороос хүргэх, яаралтай тусламж, үйлчилгээг хүртээмжтэй үзүүлэх, төрийн албан хаагчдын ажиллах орчин, нөхцөлийг сайжруулах зорилгоор Хан-Уул дүүргийн 21 дүгээр хороонд анхан шатны төрийн үйлчилгээний цогцолборыг барьж, ашиглалтад орууллаа.
Тус цогцолбор нь эмчилгээ, төрийн үйлчилгээний 18 өрөө тасалгаа, хөгжлийн бэрхшээлтэй иргэнд зориулсан тохижилт бүхий хоёр ариун цэврийн өрөө, энгийн хоёр ариун цэврийн өрөө, авто зогсоол, зоорь бүхий хоёр давхар барилга юм. Уг цогцолбор барилга ашиглалтад орсноор 21 дүгээр хорооны 9553 хүн нийтийн хэв журам, эрүүл мэндийн анхан шатны тусламж, төрийн анхан шатны үйлчилгээг нэг дор авах боломжтой.
Барилга угсралтын ажлыг Хан-Уул дүүргийн төсвийн хөрөнгө оруулалтаар “Жигүүр эрдэнэ” ХХК хийж гүйцэтгэсэн бөгөөд Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар захиалагчийн техникийн хяналтыг хэрэгжүүлэн ажилласан юм.
Үзэл бодол
Б.Бат-Эрдэнэ: Ой модоо алдвал бид усаа алдана, ан амьтан, амьсгалах агаараа хүртэл алдах болно
Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ: Ой модоо алдвал бид усаа алдана, ан амьтан, амьсгалах агаараа хүртэл алдах болно
-Ойн өдрийн мэндийг та бүхэнд хүргэе. Дэлхий дээр уур амьсгалын өөрчлөлт маш хурдацтай явагдаж байна. Тэр дундаа манай улс анхаарлын тэмдэг авах хэмжээнд очсон. Бидний үр хүүхдүүд цаашид ямар орчинд, ямар нийгэмд үлдэх вэ гэдгийг бид өнөөдөр нухацтай бодох ёстой.
Өнгөрсөн 80жилийн хугацаанд Монгол улс 2,25 хэмээр дулаарчээ. Энэ үйл явц зогсохгүй үргэлжилбэл 2100 он гэхэд 4-4,5 хэм хүртлээ дулаарах тооцоо гарсан.
Уур амьсгалын өөрчлөлтөд нөлөөлөх хамгийн чухал салбар бол ой. Жилдээ ганцхан өдөр бид ойн өдрийг тэмдэглэн өнгөрүүлдэг. Гэтэл өнөөдөр бидэнд өдөр бүрийг ойн өдөр болгох шаардлага тулгарсан байна. Ялангуяа энэ ойн өдрөөр бид сайн сайхныг гэхээсээ илүү болж бүтэхгүй байгаа тулгамдсан асуудлуудаа ярилцах хэрэгтэй.
Тулгамдаж байгаа асуудлууд дээрээ гарц, шийдэл олоод үлдсэн 364 өдөртөө хэрэгжүүлдэг байхын төлөө ажиллах ёстой. МУ-ын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн нь зөвхөн мод тарих асуудал биш, дэлхий нийтийн анхаарлыг уур амьсгалын өөрчлөлтөд хандуулах.
2022 оны тавдугаар сард хийсэн судалгаагаар 737 мянган га газар ойн хөнөөлт шавжид идэгдсэн гэх харамсалтай тоо гарсан.
Бид нэг талд тэрбум мод тарих тухай асуудлыг хөндөн ярьж байхад нөгөө талд тэрбум залуу мод үхэж, үгүй болох асуудал хөндөгдөж байна.
Үүнийг бид нуух хэрэггүй. Хөнөөлт шавжаас гадна хушин ой, самрын бизнестэй холбоотой ой мод сүйдэж байгаа маш том асуудал бий. Ой модоо алдвал бид усаа алдана, ан амьтан, амьсгалах агаараа хүртэл алдах болно гэдгийг анхааруулъя.
Байгаль орчны асуудлуудыг тус тусад нь авч үзэх ямар ч боломжгүй. Бүгд хоорондоо харилцан шүтэлцээтэй. Тийм учраас та бүхнийг ойн зөвлөгөөн дээрээ маш үр дүнтэй санал, шийдлүүд гаргах байх гэж хүлээж байна.
Хот суурин дахь ногоон байгууламжийн асуудлыг ч орхигдуулж болохгүй. Бид амьдарч байгаа орчноо ногооруулахгүй бол хэн ч бидний орчныг өөрчлөхгүй шүү.
Модгүй бол усгүй. Усгүй бол хөрсгүй. Хөрсгүй бол хүнсгүй. Хүнсгүй бол амьдрал үгүй. Харангадаж, ангаж, өлсөж үхэхгүйн тулд бүгдээрээ ойгоо аварцгаая гэж Ойн газраас мэдээллээ.
Үзэл бодол
Ч.Сугармаа: Жолооч, тээвэрчид ээ, амьдрал залгуулдаг авто замаа хайрлая
Зам,тээврийн хөгжлийн яамны АЗБХЗГ-ын Замын ашиглалт, засварын хэлтсийн дарга Ч.Сугармаагаас тодрууллаа.
-Зам, тээврийн хөгжлийн яамнаас авто замын засвар, арчлалтад ямар арга хэмжээ авч ажиллаж байна вэ?
-Замын засвар арчлалтад шинээр зам барихаас илүү анхаарах ёстой байдаг. Замын эвдрэл, хагаралд даац хэтрэлт хамгийн их үр нөлөө үзүүлдэг. Яамны зүгээс авто замд нэмж эвдрэл гаргахгүй байх чиглэлээр анхаарч ажиллаж байна.
Энэ ажлын хүрээнд дээрх чиглэлийн замуудад даац хэтрэлтийг хянаж, стандартын дагуу тээвэрлэлтийг явуулах шаардлагатай. Мөн хяналт, шалгалтын ажил тогтмол хийгдэж байгаа төдийгүй цаашид урсгал засвар арчлалтаа тогтмол чанартай гүйцэтгүүлэхэд анхаарч ажиллаж байна. Тээвэрчид, аж ахуйн нэгж, ачаа илгээгч, хүлээн авагч нар ч хариуцлагатай байж, даац хэтрүүлэлгүй зорчин авто замаа хайрлахыг уриалж байна.
-Улсын чанартай авто замын засвар, арчлалт хийх төсөв, санхүүжилт хэрхэн шийдэгддэг вэ. Энэ талаар тодруулбал?
-Улсын чанартай авто замын засвар, арчлалыг улсын авто замын сангаас санхүүжүүлдэг. Өөрөөр хэлбэл, авто замын сангийн нэг эх үүсвэр нь Улсын төсөв юм. Замын засвар арчлалтад жил бүр улсын төсвөөс тодорхой хэмжээний мөнгө төсөвлөдөг ч нийт улсын чанартай авто замаа засварлахад хангалттай хэмжээнд хүрэлцдэггүй. Тэгэхэд заагдсан хэмжээнээс хэтрүүлэн тээвэрлэж, авто замаа эвдэж байгаа нь эргээд төсвийн мөнгөө л салхинд хийсгэж байгаатай ялгаагүй юм.
-Дундговь аймгийн замын эвдрэл гэмтэлд нийт хэчнээн төгрөг зарцуулсан бэ? 2023 онд хэчнээр төгрөгийн санхүүжилтээр засварлахаар байгаа бол?
-Тухайн замд эвдрэл гарсан шалтгаан нь мөн л дээр хэлсэнчлэн даац хэтрэлт шүү дээ. Ихэвчлэн миддлинг буюу шахмал түлш тээвэрлэхдээ зөвшөөрөгдөх хэмжээнээс хэтрүүлж замаа эвдсэн. 2023 онд улсын төсөвт тусгагдсан хэсэгчилсэн их засварын ажилд А0201 дугаартай Улаанбаатар-Мандалговь чиглэлийн замд 7.1 тэрбум төгрөг, А0202 дугаартай Мандалговь-Даланзадгад чиглэлийн замд 3.4 тэрбум сая төгрөг төсөвлөсөн.
Урсгал засвар арчлалтаа сайн хийж, хөдөлгөөний аюулгүй байдлыг хангуулан ажиллана. Замын эвдрэлтэй хэсгүүдийг засварлахаар 2022 онд “Эм Ай Эл” ХХК-иар их засварын хэсэгчилсэн нийт 90 км авто замын зураг төслийг боловсруулсан.
-
Улстөр нийгэм2021/01/22
МЗХ-ны Ерөнхийлөгч О.Гэрэлт-Од Д.Ганбаатарт “Шилдэг бизнесмэн оны залуу&rd...
-
Үзэл бодол2019/08/15
Тост, Тосон бумбын нурууны байгалийн нөөц газрыг улсын тусгай хамгаалалтад бүрэн...
-
Цаг үе2020/04/24
Эмнэлгийн яаралтай тусламжийн авто машин гардууллаа
-
Цаг үе2021/03/01
"Нөхөн сэргээлт-2024" арга хэмжээг Экологийн цагдаагийн албатай хамтра...
Сэтгэгдэл