Бидэнтэй нэгдэх

Улстөр нийгэм

Инфографик: Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хууль (шинэчилсэн найруулга)-ийн танилцуулга

Огноо:

,

Улсын Их Хурлын 2020 оны хаврын ээлжит  чуулганаар хэлэлцэж баталсан хууль тогтоомжийн талаарх танилцуулга, инфографикийг уншигч та бүхэнд цувралаар хүргэж байгаа билээ. Энэ удаа “Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хууль (шинэчилсэн найруулга)-ийн танилцуулга, инфографикийн хамт хүргэж байна.

Монгол Улсад Байнгын ажиллагаатай парламент 1992 онд байгуулагдсанаас хойш хууль тогтоох байгууллагын үйл ажиллагааг зохион байгуулах гол үндэс болсон хуралдааны дэгийг Монгол Улсын Их Хурлын тухай хуулиар, Улсын Их Хурлын тогтоолоор, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай бие даасан хуулиар зохицуулж ирсэн бөгөөд 2007 онд баталсан дэгийн хуульд нийт 27 удаа өөрчлөлт орсон байдаг.

Улсын Их Хурлын 7 дахь удаагийн сонгуулийн үр дүнгээр байгуулагдсан парламент Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийг баталж, түүнд холбогдох хууль тогтоомжийг нийцүүлэх хүрээнд 13 жилийн дараа дэгийн хуулиа шинэчилж 2020 оны 05 дугаар сарын 14-ний өдөр баталлаа. Уг хууль нь 14 бүлэг, 125 зүйлтэй. 

Шинэчилсэн найруулгаар дараах асуудлыг шийдвэрлэлээ:

1. Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөөр хуулийг Улсын Их Хурлын нийт гишүүний олонхын саналаар буюу 39 гишүүнээс дээш босготойгоор батлах болсон. Үүнтэй холбогдуулан хуулийн төслийг 4 үе шаттайгаар хэлэлцэх бөгөөд хууль эцэслэн батлах хэлэлцүүлгийг бие даасан үе шат болгосон. Түүнчлэн долоо хоног бүрийн Баасан гарагийн 10.00 цагт хуулийн төслийг эцэслэн батлах санал хураалтыг явуулах, шаардлагатай бол хуралдаан даргалагч хуралдааны ирцийг харгалзан бусад өдөр, цагт санал хураалтыг явуулж болох зохицуулалтыг шинээр хуульчилсан;

2. Хууль тогтоомжийн төслийн тодорхой зүйл, хэсэг, заалт, гишүүний гаргасан зарчмын зөрүүтэй санал, төсвийн төслийн талаар Улсын Их Хурлын Тамгын газар эрх зүйн дүн шинжилгээ хийж, Байнгын хорооны хуралдаанд танилцуулах зохицуулалтыг тусгасан; 

3. Түүнчлэн хуулийн төслийн зардлын тооцоо, улсын төсөвт үзүүлэх нөлөөлөл, хууль тогтоомжийн хэрэгцээ шаардлага, зарчмын зөрүүтэй саналын үндэслэл, шаардлагыг Байнгын хороо санал, дүгнэлтдээ тодорхой тусгадаг байх зохицуулалтыг тусгасан, түүнчлэн хуулийн төслийг хуульд заасан шаардлага хангаагүй болон төслийн үзэл баримтлалыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжээгүй бол хууль санаачлагчид нь буцаах зохицуулалтыг нарийвчлан зохицуулсан; 

4. Хуулийн чанар, үр нөлөөг дээшлүүлэх хүрээнд хуулийн төслийг Байнгын хорооны хуралдаанаар төслийг зүйл бүрээр нь хэлэлцдэг болсон. Үүнтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүдийн асуулт асуух, үг хэлэх хугацааг нэмэгдүүлсэн;

5. Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн хууль тогтоомжийн төслийг хэлэлцэх цаглавар тодорхойгүй байх нь нийгэмд хүлээлт үүсгэх, ойлгомжгүй байдлыг бүрдүүлдэг тул ээлжит чуулганы нийт хугацаагаар хууль тогтоомжийн төслийг хэлэлцэх цаглаврыг гаргаж, түүнийг мөрдүүлэх зохицуулалтыг тусгасан;

6. Хуралдааны дэгээр зохицуулаагүй шинэ харилцаа үүсэхэд хуралдаан тасалдаж, маргаан үүсдэг байсан бол уг асуудлыг хэлэлцэх дэгийг Улсын Их Хурал өөрөө тогтоох боломжтой болж, парламентын үйл ажиллагаа тасралтгүй үргэлжлэх боломжийг хангасан;

7. Онц байдал, дайн бүхий дайны байдал, бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн, олон улсын хөл хориот өвчин гарсан онцгой нөхцөлд асуудлыг хялбаршуулсан болон цахим хуралдааны дэгээр хэлэлцэх боломжийг бүрдүүлсэн; 

8. Хууль санаачлагчийн хариуцлагыг нэмэгдүүлэх, хууль тогтоомжийн чанарыг дээшлүүлэх зорилгоор хэлэлцүүлгийн бүх үе шатанд хууль санаачлагч, эсхүл түүнийг төлөөлөх гишүүн заавал хуралдаанд оролцох, хуралдаанд оролцоогүй бол тухайн асуудлын хэлэлцүүлгийг дараагийн хуралдаан хүртэл хойшлуулдаг зохицуулалтыг хуульчилсан;

9. Хуралдаан даргалагч хуралдааны ирцийг гишүүний сонгогдсон тойрог, нэрээр нь хуралдаанд хүрэлцэн ирсэн, ирээгүй, хуралдаан тасалсан гишүүн тус бүрээр танилцуулдаг байх, мөн хуралдааны дэг зөрчсөн гишүүнд хүлээлгэх хариуцлагыг чангатгасан. Түүнчлэн Монгол Улсын Үндсэн хууль зөрчсөн тохиолдолд Монгол Улсын Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын дарга, Ерөнхий сайдыг огцруулах, Улсын Их Хурлын гишүүнийг эгүүлэн татах асуудлыг Улсын Их Хурлаар хэлэлцэх журмыг нарийвчлан зохицуулж, хуульчилcан;

10. Нэгдсэн хуралдаанаар хэлэлцэхээр тогтсон асуудлын дарааллыг өөрчлөх бол Улсын Их Хурлын даргад нэгдсэн хуралдааны өмнөх өдрийн 17.00 цагаас өмнө үндэслэл бүхий саналаа гишүүд бичгээр өгсөн бол хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын саналаар шийдвэрлэдэг байхаар зохицууллаа.

 Улсын Их Хурлын Тамгын газар 

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа

Сэтгэгдэл

Улстөр нийгэм

"Төрийн банк" ХК 2024 онд зарласан ногдол ашгаа тараалаа

Огноо:

,

“Төрийн банк” ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2024 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 10 дугаар тогтоолоор банкны 2023 оны татварын дараах цэвэр ашгаас нэгж хувьцаанд 66.20  төгрөг,  нийт 49.9 тэрбум төгрөгийн ногдол ашиг хуваарилахаар шийдвэрлэсэн билээ.

Ногдол ашиг авах эрхтэй хувьцаа эзэмшигчдийн  жагсаалтыг 2024 оны 04 дүгээр сарын 08-ны өдрөөр тасалбар болгон тогтоосон болно.

Тус шийдвэрийн дагуу хувьцаа эзэмшигчдийн ногдол ашгийг татвар суутгасны дараах дүнгээр “Үнэт Цаасны Төвлөрсөн Хадгаламжийн Төв" ХХК-аар дамжуулан хувьцаа эзэмшигчдийн үнэт цаасны дансанд  2024 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр байршууллаа.

Эрхэм хувьцаа эзэмшигч та бүхэн ногдол ашгийн талаарх дэлгэрэнгүй мэдээлэл болон ногдол ашгаа авахыг хүсвэл өөрийн бүртгэлтэй брокер, дилерийн компанидаа хандана уу.

Дэлгэрэнгүй мэдээлэл авах утас: 7505-1881 /4199/


 
Дэлгэрэнгүй унших

Улстөр нийгэм

“Эрдэнэс Тавантолгой” ХК орон нутагт 10 шинэ худаг гаргана

Огноо:

,

“Эрдэнэс Тавантолгой” ХК-иас нийгмийн хариуцлагын хүрээнд 2024 онд Өмнөговь аймгийн Цогтцэций суманд бэлчээрийн мал усалгааны зориулалттай инженерийн хийцтэй гүн өрмийн 10 ширхэг худаг гаргаж өгөхөөр ажлаа эхлүүллээ.
 
Орон нутгаас өгсөн саналд үндэслэн говийн хүн, малын ус ундааны гол эх үүсвэр болсон худгуудтай болгох санхүүжилтийг шийдвэрлэж, өрөмдөж, тохижуулах ажлыг эхлүүлсэнд нутгийн иргэдээс талархалтай хүлээн авч байна.
 
Өнөөдөр эхний худгийг Цогтцэций сумын Билгэх багийн малчин Н.Ихбаярт хүлээлгэн өглөө. 
 
Бэлчээрийн усан хангамжийг сайжруулах зорилгоор "Эрдэнэс Тавантолгой" ХК-иас малчдад гаргаж өгч буй эдгээр худгууд нь худгийн байр, мал услах онгоц, цахилгаан үүсгүүр, насос зэргээр иж бүрэн тоноглогдсон байх бөгөөд уст цэгийн хайгуул судалгаа болон өрөмдлөгийн ажлыг усны мэргэжлийн байгууллагаар гүйцэтгүүлж байна гэж “Эрдэнэс Тавантолгой” ХК-иас мэдээллээ. 
Дэлгэрэнгүй унших

Улстөр нийгэм

Мал зүйчид хяналт шалгалт хийх эрхтэй боллоо

Огноо:

,

Малын генетик нөөцийн тухай хуульд холбогдох нэмэлт өөрчлөлт орсонтой холбогдуулан сумын Хөдөө аж ахуйн тасгийн мал зүйч мэргэжилтнүүдэд улсын байцаагчийн эрх олгох, Малын генетик нөөцөд хамааралтай уламжлалт мэдлэг, өв тээгчийг бүртгэх сургалт 2 дахь өдрөө үргэлжилж байна.

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам Хөдөө аж ахуйн их сургуультай хамтран зохион байгуулж буй тус сургалтад аймаг, нийслэлийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын Мал үржлийн албаны дарга, сумдын Хөдөө аж ахуйн тасгийн “Мал аж ахуйн үйлдвэрлэл, төлөвлөлт, менежмент, малын үржил бүртгэлийн асуудал хариуцсан мал зүйч” зэрэг нийт 150 мэргэжилтнүүд сургалтад хамрагдаж байна. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн дэд сайд М.Ганхүлэг салбарт баримтлах бодлого, чиглэлийн талаар мэргэжилтнүүдэд мэдээлэл өглөө.

Хоёр дахь өдрийн сургалтын үеэр сумдад ажиллаж буй мал зүйчид анх удаа хяналт шалгалт хийх эрх бүхий улсын байцаагчийн үнэмлэхээ Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн дэд сайд М.Ганхүлэг, салбар яамны Салбарын хяналтын газрын дарга Б.Санчирдорж, Мал аж ахуйн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Г.Наранчулуун, Малын генетик нөөцийн хэлтсийн дарга Б.Цогтбаатар нараас гардан авлаа.

Малын генетик нөөцийн тухай хууль хэрэгжиж эхэлснээс хойш орон нутагт ажиллаж буй мал зүйч мэргэжилтнүүд анх удаа улсын байцаагчийн эрхтэйгээр ажиллах юм гэж ХХААХҮЯ-наас мэдээллээ. 

Дэлгэрэнгүй унших

Санал болгох