Цаг үе
Улаанбаатарт өдөртөө 23 хэм дулаан
Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Өнөөдөр баруун, төв, зүүн аймгуудын ихэнх нутгаар, говийн аймгуудын нутгийн зарим газраар дуу цахилгаантай усархаг бороо орох тул гэнэтийн үер ус, мөндөр, нөөлөг салхины аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.
2020 оны 07 дугаар сарын 01-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар үүлшинэ. Баруун, төв, зүүн аймгуудын ихэнх нутгаар, говийн аймгуудын нутгийн зарим газраар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи нутгийн өмнөд хэсгээр зүүн өмнөөс, бусад нутгаар зүүн хойноос секундэд 7-12 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр сэрүүсэж 16-21 хэм, говийн бүс нутгаар 26-31 хэм, бусад нутгаар 21-26 хэм дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи зүүн хойноос секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. 21-23 хэм дулаан байна.
2020 оны 7 дугаар сарын 2-ноос 7 дугаар сарын 06-ныг
хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв
2, 3-нд баруун, төв болон зүүн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр усархаг бороо, 4-5-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсэг, зүүн, говийн аймгуудын нутгийн зарим газраар дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи борооны өмнө түр зуур ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 5-10 хэм, өдөртөө 17-22 хэм, Алтайн өвөр говиор шөнөдөө 16-21 хэм, өдөртөө 28-33 хэм, бусад нутгаар шөнөдөө 10-15 хэм, өдөртөө 23-28 хэм дулаан байна. 4,5-нд нутгийн өмнөд хэсгээр бага зэрэг хална.
Цаг үе
Наадамчдын гудамжнаас Эрчим хүчний гудамж хүртэлх авто замыг асфальт бетоноор хучиж байна
Түгжрэлийг бууруулах, төвлөрлийг сааруулах ажлын хүрээнд Наадамчдын гудамжнаас Эрчим хүчний гудамж хүртэлх авто зам, гүүрэн байгууламжийг хийж байна.
Энэ авто замыг өнөөдөр асфальт бетоноор хучиж байна.
Энэ талаар НЗХГ-ын Авто замын хяналтын мэргэжилтэн Ж.Эрдэнэ-Очироос тодрууллаа.
Тэрбээр "Авто замын ажлыг есдүгээр сард дуусахаар төлөвлөж байна. Гүүрийн ажлын гүйцэтгэгч байгууллагаар "Мотор сервис ХХК", авто замын ажлыг "Тотал инж ХХК" хийж байна. Гүүрийн ажил өнөөдрийн байдлаар 98 хувийн гүйцэтгэлтэй, харин замын ажил 85 хувийн гүйцэтгэлтэй ажиллаж байна. Наадамчдын гудамжнаас Эрчим хүчний гудамж хүртэлх авто зам ашиглалтад орсноор Яармагийн түгжрэлийг 20 хүртэлх хувиар бууруулна” гэв.
Цаг үе
Зам засварын ажлыг зогсоох эсэх талаар санал асуулга авч эхэллээ
Нийслэлийн хэмжээнд энэ онд 87 байршилд 162.3 км авто зам шинэчилнэ. Хотын дарга Х.Нямбаатар “Авто зам шинэчлэлийн ажлыг зогсоож, хуулийн байгууллагад шалгуулах эсэх талаар санал асуулга явуулна” гэв.
Энэ хүрээнд нийслэлийн Засаг даргын Тамгын газрын албан ёсны www.ulaanbaatar.mn сайтаар санал асуулга авч байна. Иргэд та бүхэн ЭНД дарж санал асуулгад оролцох боломжтой.
Цаг үе
Ямар ч төрлийн гэрчилгээ, виз, үнэмлэхийг хувь хүн гаргадаггүй
Сүүлийн жилүүдэд иргэдийн гадаадад аялах, суралцах, ажиллаж амьдрах сонирхол нэмэгдсэнтэй холбоотойгоор залилангийн гэмт хэрэг ихээр бүртгэгдэх болсон. Иргэд гадаад улсыг зорихоор эд хөрөнгөө барьцаанд тавьж, бусдаас зээл, тусламж авч “Виз найдвартай гаргана” гэх заранд итгэж энэ төрлийн гэмт хэргийн хохирогч болсоор байна.
Тодруубал, Улаанбаатарт оршин суух хаягтай иргэн У нь “БНСУ-д виз гаргадаг хүн байна урьдчилгаа 4 сая төгрөг шилжүүлээд найдвартай виз гаргана” гэж олон удаагийн үйлдлээр 170 гаруй иргэнийг залилсныг цагдаагийн байгууллагаас илрүүлэн мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байна.
Тиймээс иргэд та бүхэн бусдад залилуулж, эдийн засаг, цаг хугацаагаар хохирохоос урьдчилан сэргийлж, аливаа үйлдэл хийхээсээ өмнө сайтар нягтлахыг анхаарна уу.
Ямар ч төрлийн гэрчилгээ, виз, үнэмлэхийг хувь хүн гаргадаггүй болохыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.