Бидэнтэй нэгдэх

Чөлөөт цаг

Ухаан суухыг нь хүлээсээр...

Огноо:

,

Өрөөн дотор нэг л бүгчим. Тиймээс цонхоо онгойлгохоор очлоо. Өнөөх машин яг л өчигдөр орой байсан тэр л газраа. Бадам ах цонхныхоо шилийг буулгачихсан яг манай өрөөний цонх руу хараад сууж байв.

-Урнаа эгчээ. Бадам ах бас л гадаа ирчихсэн байна. Та дахиад л арын хаалгаар гарч гэр рүүгээ явах уу гэвэл Урнаа эгч бичиг цаасныхаа ажилдаа түүртээд миний хэлж байгаа үгийг ч сайн сонссонгүй.

-Хөөе. Урнаа эгчээ. Бадам ах таныг бас л хүлээгээд зогсож байна гэж чангахан хэлтэл толгойгоо өндийлгөснөө хайхрамжгүй маягаар

-Аан. Тийм үү гэснээ чимээгүй болчихлоо.

Урнаа гэж манай ахлах нягтлан. Юм, юманд тун няхуур ханддаг, цэвэрхэн, жижигхэн биетэй хэрнээ хөөрхөн эгч. Хэзээ ч илүү дутуу хэл аманд өртдөггүй, бас хэнтэй ч эв зүйгээ олчихдог энэ эгчтэй цуг би долоон жил нэг өрөөнд хамт ажиллаж байгаа ч түүнийг нэг л сайн ойлгодоггүй юм. Одоогоос бараг таван жилийн өмнө бөөн уйлаан, нус нулимстайгаа хутгалдсан хүн архи ууж байнга элдэвлэж зовоодог нөхрөөсөө салж, айлын хажуу өрөө түрээслэн ганц охинтойгоо хамт амьдрах болж билээ. Тэр үед

-Та охиноо бод. Яаж ийж байгаад наад гурван өрөө байраа өөрөө ав. Тэр архичнаа хөөгөөд явуулаач гэхэд

-За яахав дээ. Охин бид хоёр сэтгэл амар байхад л болно. Муу ч гэсэн үр хүүхдийн маань эцэг нь шүү дээ. Бид хоёр хаана ч газардахгүй. Амиа аваад явчихна. Харин тэр хүн орох оронгүй болчихвол гудамжиндаа л гарна гэж хэлж байж билээ. Урнаа эгч эрчүүдтэй тун энгийн нийцтэй харьцана. Тэгсэн хэрнээ өөрт нь илүү талтай хандах эрчүүдээс яг л чөтгөр үзсэн юм шиг зугатаана.

-Ганцаараа хичнээн жил амьдрах гэсэн юм бэ? Одоо хань ижилтэй болооч гэхэд дуугарахгүй. Эсвэл

-Аниадаа амьдрал заах нь уу гэснээ гунигтайхан инээмсэглэхээс өөр юу ч хэлдэггүй. Бадам гэж манай харилцагч байгууллагын менежер эр. Ажлын шугамаар ирж уулзсаар бид бие биенийгээ сайн мэддэг болсон билээ. Хөгжилтэй наргианч, бас сүрхий ажилсаг, амь, амьдралдаа тун чамбай эр Урнаа эгчийг сүүлийн хоёр жил эргүүлдэж байгаа ч ганц аятайхан үг сонсож чадаагүйг нь би мэддэг билээ. Энэ тухай бодох зуур Урнаа эгч рүү харлаа. Түүний ажил дуусаж байгаа бололтой.

-Урнаа эгчээ. Хамт гарах уу? Хоёулаа нэг газар орж жаахан сууя л даа. Вино ууж, юм ярьж сууя, таваг хоол хувааж идвэл яасан юм гэвэл Урнаа эгч инээмсэглэснээ

-Болж л байна. Миний дүү цонхоо хаачих гэснээ гарахаар бослоо.

Бид хоёр арын хаалгаар гарч хажуугийн жижигхэн кафед орж суулаа. Чимээ аниргүй, нэг л нам гүм. Юм бодоод л суугаад баймаар тохилог газар ганц шил вино захиалангаа ойр зуурхан юм ярьж хэсэг сууцгаав.

-Урнаа эгчээ. Та яагаад Бадам ахтай уулздаггүй юм бэ? Сайн ч хүн. Сайхан ч хүн шүү дээ гэвэл Урнаа эгч чимээгүйхэн инээмсэглэснээ

-Охины маань аав амьд сэрүүн байгаа шүү дээ гэх нь тэр.

-Таван жилийн өмнө салсан нөхөр чинь үү? Архи ууж таныг элдэвлэдэг, хардаж, зовоодог байсан тэр хүнийг та одоо хүртэл бодож явдаг хэрэг үү гэвэл

-Тийм хүн байгаагүй юмаа. Чи манай Дөшөөг ямар сайхан залуу байсан гэж бодож байна. Миний амьдралын сайхан бүхий л дурсамж тэр хүнтэй хамт өнгөрсөн. Хөөрхий дөө муу талийгаач ээж минь намайг Дөшөөтэй суухад хөл нь газар хүрэхгүй баярлаж, өвөөгөөгөөсөө үлдсэн хөөргийг гарт нь атгуулснаа нулимсаа арчиж байсан юм. Амьдралд нэг л зүйл үнэ цэнэтэй байдаг юм байна гэдгийг эгч нь сайн ойлгож байгаа. Тэр бол анхны хайр... Хөөрхийдөө муу Дөшөөгөө би муугаар бодож чаддаггүй юм гэснээ чимээгүй болчихлоо.

-Тэгвэл та яах гэж салсан юм бэ? гэвэл

-Нэгд охиндоо аавыг нь архи ууж муу муухай явахыг харуулахгүй гэсэндээ. Хоёрдугаарт түүнийг хэзээ нэгэн цагт өөрийнхөө амьдралыг үнэ цэнэтэй байсан юм байна гэдгийг ойлгог гэсэндээ л салсан юм гэх нь тэр.

-Надад бол Бадам ах их сайхан хүн шиг санагддаг гэж хэлтэл

-Чи Бадамыг урьд нь эхнэр хүүхэдтэй байсныг мэдэх үү?

-Үгүй л дээ. Гэхдээ өдий насны хүн насаараа ганцаараа амьдарч яваагүй л байлгүй дээ гэж хэлэхдээ би өөртөө тун итгэлтэй байлаа. Урнаа эгч санаа алдснаа

-Эмэгтэй хүн цаг хугацааны эрхээр бүхий л зүйлийг уучлан боддог. Сэтгэлд буцалж байсан уур бухимдал, атаа хорсол бага багаар дарагдсаар нэг л мэдэхэд яг л цагаан цаас шиг хоосон болж хоцордог юм. Тэр үед дурсамж л босч ирдэг. Нөхрөөсөө салсан хүүхнүүд нөхрөө муулаад, өширхөж, атаа хорсол тээж, амьтан хүнд муу муухайг нь дуудаад гүйж байсныг би л лав мэдэхгүй. Тиймээс Бадамын салсан эхнэр ч гэсэн яг л нэг өдөр нөхрөө ухаан суухыг нь хүлээгээд сууж байгаа байх даа гэж боддог гэв.

-Та тэгээд архичин нөхрөө хүлээгээд л байгаа хэрэг үү гэвэл Урнаа эгч нэг их санаа алдснаа

-Ухаан суухыг нь хүлээж байгаа. Бадамыг ч гэсэн ухаан суухыг нь хүлээж байгаа. Тэр хүн өөрийнхөө босгосон амьдрал үр хүүхэд дээрээ буцаж очих тэр өдрийг ч бас хүлээж байгаа гэснээ дуугаа хураачихлаа.

-Би бол итгэхгүй л байна. Саллаа, өчнөөн жил боллоо. Тэр хүн ухаан суугаагүй шүү дээ гэвэл

-Магадгүй Дөшөөгийн ухаан суухыг би харахгүй ч байж мэднэ. Гэхдээ охин нь аавыгаа ухаан сууж, ямар сайхан амар амгалан амьдрал дунд, ямар хөөрхөн охинтой аз жаргалтай амьдарч байснаа мэдрэхийг харах байлгүй дээ гэснээ инээмсэглэв. Түүний гуниг хурсан нүдний цаана горьдлого найдварын гал асаж байгааг би олж харж билээ.

Урнаа эгчийн үг яагаад ч юм сэтгэлийн мухарт хоргодож үлдчихээд санаанаас гарч өгөхгүй олон өдөр намайг зовоож байлаа. Дөшөө ахыг олох юмсан. Тэгээд Урнаа эгчийн энэ үгийг хэлэх юмсан.

-Урнаа эгч танаас салсан ч гэсэн сэтгэл танаас салаагүй байгаа. Тэр таныг ухаан суухыг, орон гэрээ үр хүүхдээ гээд хүрээд ирнэ гэж хүлээж байгаа шүү гэж очиж чихэнд нь хашгирмаар санагдаж байлаа. Удаан бодсны эцэст Урнаа эгчийн хуучин гэрт явж очлоо. Дөшөө ах аль хэдийнээ байраа зараад нүүчихэж. Гэхдээ байрыг нь худалдаж авсан айлын уриалгахан эзэгтэй худалдах, худалдан авах гэрээн дээрээс Дөшөө ахын утасны дугаарыг өгөхдөө нэг их төвөгшөөсөнгүй. Тэр эзэгтэйгээс Дөшөө ахын утасны дугаарыг авахдаа баярласандаа гар минь салгалан чичирч байлаа. Тэдний хаалгыг дөнгөж хаангуутаа л Дөшөө ах руу залгалаа

-Байна уу? Дөшөө ах уу? Би Урнаа эгчтэй хамт ажилладаг Сараа байнаа гэвэл тэр хайхрамжгүйгээр

-Аан сайн байна уу? Ах нь хүүгээ цэцэрлэгт хүргэж өгөх гээд яаруу явж байна. Эргээд залгаарай гэснээ үг хэлэхийн ч завдалгүй утсаа салгалаа. Тэднийг эвлэрүүлнэ, уулзуулна, Урнаа эгчийн нүдний үзүүрт сүүмэлзэж байсан тэр итгэл найдварын цог бадамлан асахыг харна даа хэмээн бодож байсан дэврүүхэн мөрөөдөл минь унтарч, яг л бүх бие рүү минь ус цэл хүйтэн ус хэн нэг нь цацчих шиг санагдав. Би хий дэмий л

-Урнаа эгч таныг хүлээж байгаа. Охин чинь ч таныг бас эргээд ирнээ гэж бодож суугаа. Ухаан суухыг тань тэд хүлээж байгаа шүү дээ хэмээн амандаа үглэж зогслоо.

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа
Монгол Улсын Их Хурлын 2020 оны сонгуулийн санал хураалт дуусах хүртэл сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хаасан тул хүлцэл өчье. SHUDARGA.MN сайтын редакц

Чөлөөт цаг

Манлай сумын иргэн У.Пагмадуламынх хувийн байшинтай боллоо

Огноо:

,

2020 оныг Өмнөговь аймгийн хэмжээнд ӨРХ ГЭР БҮЛИЙН ХӨГЖЛИЙН ЖИЛ болгон зарлаж, 22 өрхийг хувийн байшинтай болоход аймгийн ЗДТГ-аас тус бүр 10.000.000 төгрөгийн дэмжлэг үзүүлсэн. Сум, баг зохион байгуулалт хийж айл өрхүүдээ байшинтай болгосоор байна.

Өнөөдрийн билэгт сайн өдөр Манлай сумын У.Пагмадуламынх иж бүрэн хувийн байшинтай боллоо. 3 хүүхдийн хамт амьдардаг өрх толгойлсон ээж бөгөөд сумын Эрүүл мэндийн төвд ажилладаг. Ажилдаа хариуцлагатай, хөдөлмөрч түүнийг сонгож Манлайчууд 7*8 харьцаатай, иж бүрэн хувийн байшинг барьж бүрэн хашаажуулсны зэрэгцээ дотоод тохижилт тавилга, эд зүйлсийг ч шийдэж өгсөн байна.
Дэлгэрэнгүй унших

Чөлөөт цаг

Дархан, Сэлэнгийг газар тариалан, эрчимжсэн мал аж ахуйн бүс нутаг болгоно

Огноо:

,

Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайхан болон албаны хүмүүс 09 дүгээр сарын 18-ны өдөр  Сэлэнгэ аймгийн Цагааннуур суманд зохион байгуулагдсан “Газар тариалангийн салбарын техник, технологийн шинэчлэл-Эрчимжсэн мал аж ахуй” сэдэвт нээлттэй өдөрлөгт оролцов.

Энэхүү өдөрлөгийн үеэр тус аймагт газар, тариалан эрхлэгчид өөрсдийн үйлдвэрлэдэг бүтээгдэхүүнээрээ үзэсгэлэн гаргасан юм. Түүнчлэн газар тариалангийн салбарын техник, тоног төхөөрөмжийн шинэчлэл, ургацын талбай болон агуулах хадгалалтын орчин нөхцөлтэй Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайхан тэргүүтэй хүмүүс танилцсан юм.  Тэд үйлдвэрлэгчидтэй уулзаж, тулгамдаж байгаа асуудлыг сонсч шийдвэрлэх арга замыг эрэлхийлнэ гэдгээ хэлсэн.

 Өдөрлөгт оролцогч Ургамал газар тариалангийн хүрээлэнгийн хувьд техник, тоног төхөөрөмжийн шинэчлэл хийх, хүний нөөцийг чадавхижуулах чиглэлд анхаарч өгөхийг хүслээ.

“Майнд Тэч” компанийнхан энэ өдөрлөгт эх орны хөрсөнд ургуулсан рапс тос, тэжээлийн бүтээгдэхүүнээр оролцсон. Тус компанийн зүгээс рапсаас гаргаж авсан тэжээлийн шимт байдал нь өндөр байгааг хэлж байв. Тиймээс рапс тариалалтын талаар тариаланч болоод иргэдэд зөв ойлголт өгч, бодлогоор дэмжлэг үзүүлэх шаардлагатай байгааг учирлалаа.

Энэ үеэр Сэлэнгэ аймагт өсгөн үржүүлж байгаа мах, сүүний чиглэлийн зарим үүлдрийн үхэр, хонины аж ахуйг үзэж сонирхлоо.  Тариаланчдын зүгээс Дархан, Сэлэнгэ аймгийг газар тариалангийн бүс нутаг болгож, эрчимжсэн мал ахуйг хөгжүүлэхэд сайтар анхаарах хэрэгтэйг хэлж байв. Ингэхгүй бол тариалангийн талбайд бэлчээрийн мал талхлах үзэгдэл гарч байгааг учирлаж байв. Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр болон бусад бодлогын баримт бичигт Дархан Сэлэнгэ аймгийг газар тариалангийн бүс нутаг болгохоор тусгасан. Иймд шаардлагатай бүх арга хэмжээг үе шаттай авч ажиллахаа З.Мэндсайхан сайд хэллээ. Харин тариалан эрхлэгчид хөрс хамгааллын асуудалд онцгой анхаарах хэрэгтэйг мөн хэлсэн юм. Өдөрлөгийн төгсгөлд З.Мэндсайхан сайд газар тариалангийн салбарынхантай уулзаж, тэдний санаа бодлыг сонссон юм.

Эх сурвалж: ХХААХҮЯ

Дэлгэрэнгүй унших

Чөлөөт цаг

Улаанбаатарт өдөртөө 16 хэм дулаан

Огноо:

,

Малч­ид, иргэд, тариаланчдад зориулсан мэдээ: Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна.

2020 оны 09 дүгээр сарын 20-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын нутгийн өмнөд хэсгээр бага зэргийн бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй. Салхи нутгийн зүүн хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, тал, хээрийн нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ.  Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр 9-14 хэм, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 17-22 хэм, бусад нутгаар 13-18 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР:  Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. 14-16 хэм дулаан байна.

2020 оны 09 дүгээр сарын 22-ноос 09 дүгээр сарын 26-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв

22-нд зүүн аймгуудын нутгийн хойд, говийн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр, 23-нд  зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр,  25-нд баруун аймгуудын нутгийн зарим газраар, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр хур тунадас орно. Салхи 22-нд тал, хээрийн нутгаар секундэд 12-14 метр, 24-нд Алтайн салбар уулс болон Арц Богдын өвөр хоолойгоор, 25-нутгийн зарим газраар секундэд түр зуур 18-20 метр хүрч ширүүснэ. 22, 23-нд зүүн аймгуудын нутгаар, 25-нд баруун аймгуудын нутгаар сэрүүхэн байх боловч бусад хугацаанд өдөртөө дулаарч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 1-6 хэм хүйтэн, өдөртөө 12-17 хэм, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 7-12 хэм, өдөртөө 20-25 хэм, бусад нутгаар шөнөдөө 2-7 хэм, өдөртөө 17-22 хэм дулаан байна.

ЦАГ УУР, ОРЧНЫ ШИНЖИЛГЭЭНИЙ ГАЗАР
УРЬДЧИЛАН МЭДЭЭЛЭХ ХЭЛТЭС

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа
Үзэл бодол7 цаг 24 минут

Н.Баярчимэг: Миний боловсрол Монголд хэрэгтэй

Улстөр нийгэм8 цаг 52 минут

МАН-ын Хяналтын Ерөнхий Хорооны даргаар Б.Баярбаатар томилогдлоо

Чөлөөт цаг16 цаг 57 минут

Манлай сумын иргэн У.Пагмадуламынх хувийн байшинтай боллоо

Улстөр нийгэм17 цаг 5 минут

Гадаад харилцааны сайд Н.Энхтайван ОХУ-д албан ёсны айлчлал хийж бай...

Чөлөөт цаг17 цаг 10 минут

Дархан, Сэлэнгийг газар тариалан, эрчимжсэн мал аж ахуйн бүс нутаг б...

Улстөр нийгэм17 цаг 13 минут

Ерөнхийлөгч Х.Баттулга Өлгий сумын бүтээн байгуулалтын ажлын явцтай ...

Улстөр нийгэм17 цаг 17 минут

Ерөнхийлөгч Х.Баттулга “Азат Халал” махны үйлдвэрээр зоч...

Шударга мэдээ17 цаг 20 минут

Баян-Өлгий аймгийн 548 ээж “Эхийн алдар” одон хүртлээ

Улстөр нийгэм17 цаг 24 минут

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Баян-Өлгий аймагт ажиллалаа

Чөлөөт цаг17 цаг 29 минут

Улаанбаатарт өдөртөө 16 хэм дулаан

Санал болгох