Улстөр нийгэм
Албан хаагчид түрээслэсэн орон сууцаа 15 жилийн дотор өмчилж авна
Засгийн газрын ээлжит бус хурал 2020 оны 6 дугаар сарын 12-ны Баасан гарагт болж дараах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Дэлхий даяар КОВИД19 халдварт цар тахал дэгдэж, Монгол Улс өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжээд хагас жил орчим болж байна. Дотооддоо халдвар алдаагүй, зөөвөрлөгдөж ирсэн тохиолдлуудыг эмчилж, хяналтдаа барьж байна. Урьдчилан сэргийлэх арга хэмжээний хүрээнд Засгийн газар, УОК-оос гаргасан шийдвэрүүдийг хэрэгжүүлэхэд тэргүүн эгнээнд хүнд нөхцөлд, өргөсөн тангарагтаа үнэнч үүрэг гүйцэтгэж байгаа төрийн жинхэнэ болон үйлчилгээний албан хаагчдыг орон сууцжуулах хөтөлбөр хэрэгжүүлэхээр Засгийн газраас шийдвэрлэсэн. Энэ дагуу ажлын хэсэг томилогдон ажиллаж буй. Төрийн жинхэнэ болон үйлчилгээний албан хаагчдад эмч, сувилагч, асрагч, жолооч, үйлчлэгч, онцгой байдлын аврагчид, хил, гаалийн байцаагч нар, цэвэршүүлэх байгууламжийн засварчин, техникчид, тагнуул, цагдаа, мэргэжлийн хяналтын байцаагч нарыг хамруулж байна. Галын шугамд ажиллаж буй албан хаагчдын амьдралын орчин нөхцлийг дээшлүүлэх, нийгмийн баталгааг бий болгох, гэр бүлийнхнийх нь ая тухыг хангах, цаашдын амьдралын чанарыг сайжруулах нь тус хөтөлбөрийн зорилго.
Хөтөлбөрт хамрагдах албан хаагчдыг тухай тухайн байгууллагууд нь хамт олныхоо саналаар ил тод шударгаар сонгох зарчим баримталж ажиллахыг УОК-оос үүрэг болгосон. Одоогоор ХӨСҮТ-ийн 10 албан хаагч орон сууцны батламжаа хүлээж аваад байна. Хөтөлбөрийг маш богино хугацаанд үр дүнтэй, албан хаагчиддаа хүндрэлгүй шууд түлхүүрээ авч, орон сууцандаа нүүж орохоор зохион байгуулахаар зорьж байна.
Иймд түрээсийн орон сууцанд орж буй иргэдэд тавьдаг байсан шаардлагуудыг хасч, хөнгөвчлөн, Засгийн газрын 2019 оны 138 дугаар тогтоолын хавсралтаар баталсан “Түрээсийн орон сууцыг өмчлүүлэх журам” –ыг өөрчлөн 2.2.2-т нэмэлт өөрчлөлт оруулж, өнөөдөр Засгийн газрын хуралдаанаар батлав.
Ингэснээр түрээслэгчдэд дараах хэд хэдэн нэмэлт боломж олгогдож байна. Өмнө нь иргэн орон сууцаа 5 хүртэлх жилийн дотор түрээслээд энэ хугацаандаа үлдсэн төлбөрөө гүйцээн төлж өмчлөлдөө авдаг байсан бол хугацааг 15 хүртэлх жил болгон сунгав. Тодруулвал иргэн улсын төсөв, хөгжлийн сангийн хөрөнгөөр барьсан орон сууцнаас сонговол 5 хүртэлх жил, бусад хувилбарын санхүүжилтээр баригдсан барилгаас сонговол 15 хүртэлх жил түрээслээд түрээслэх явцдаа сар бүр хуваарийн дагуу хэсэгчлэн төлсөөр түрээсийн орон сууцаа худалдан авч, өмчлөх боломжтой байхаар тусгаж өгчээ.
Мөн сонголтын хүрээг нэмэгдүүлсэн байна. Зөвхөн улс, орон нутгийн төсөв, хөгжлийн сангийн хөрөнгөөр барьсан орон сууцнуудаас сонголт хийх болзол тавьдаг байсан бол одоо гадаад, дотоодын зээл буцалтгүй тусламжаар болон хувийн аж ахуй нэгжүүд өөрийн хөрөнгөөр барьсан 100 хувь ашиглалтад орсон байрнуудаас сонгох өргөн сонголтыг олгож байна. Түүнчлэн зай талбайн дээд доод хязгаар заахаа больсон. Албан хаагч өөрийн орлогодоо тулгуурлан, хүссэн байраа сонгоно. Бас нэг чухал боломж нь 30 хүртэл хувийн урьдчилгаа төлбөр шаарддаг байсныг цуцалж, урьдчилгаагүй шууд орон сууцандаа орох боломжоор хангаж байгаагаараа энэ удаагийн хөтөлбөрийн давуу тал оршиж байна. Уг тогтоолыг 2020 оны 6 дугаар сарын 15-ны өдрөөс дагаж мөрдөнө.
Улстөр нийгэм
Замын хөдөлгөөний ухаалаг системийн үр дүнд оргил ачааллын үргэлжлэх хугацаа нэг цагаар багассан
Улаанбаатар хотод өдөрт дунджаар 590-610 мянган тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцож байна. Нийслэлийн 176 уулзвар, гарцад 2600 гаруй ухаалаг камерыг суурилуулж, Теле камерын хяналтын нэгдсэн төвийг 2024-2025 онд байгуулсан.
Энэхүү ухаалаг камерын системийг нэвтрүүлсний үр дүнд авто замын хөдөлгөөнийг оновчтой зохион байгуулж, оргил ачааллын үргэлжлэх хугацаа нэг цагаар багассан байна.
Тодруулбал “Замын хөдөлгөөний удирдлагын төв” ОНӨТҮГ өдөр бүр замын хөдөлгөөний ачаалал хэвийн болох цагийг бүртгэж ажилладаг. Ухаалаг камерын систем нэвтрүүлэхээс өмнө буюу 2023, 2024 онд өглөөний оргил ачааллын цаг 10:30-11:30, өдөр 14:30-15:30, орой 21:30-22:30 цагт дунджаар бүртгэгддэг байсан. Харин ухаалаг камерын систем нэвтрүүлсний дараа оргил ачааллын үргэлжлэх хугацаа нэг цагаар багассан буюу оргил цагийн ачаалал 10:30-11:30, 13:30-14:30, 20:30-21:30 цаг хүртэл үргэлжилж байна. Энэ нь түгжрэлээс үүдсэн алдагдсан цаг хугацаа болон шатахуун хэмнэх зэргээр эдийн засгийн үр өгөөжийг тодорхой хувиар нэмэгдүүлж байна.
Улстөр нийгэм
А.Энхжаргал: Алдагдсан автобусыг шуурхай эрэн хайж, 2 цагийн дотор эвдрэл гэмтэлгүй олсон
Өнөөдөр буюу 2025 оны нэгдүгээр сарын 30-ны 06:45 цагт "Сайхан ирээдүй" ХХК-ийн 18-037 гарааш дугаартай тээврийн хэрэгслийн жолооч ариун цэврийн өрөө орох хооронд автобус нь алдагдсан хэрэг гарсан.
Мэдээлэл авсан даруйд Авто тээврийн Улсын байцаагч Ж.Бум-Эрдэнэ, М.Одгэрэл, жолооч Ш.Соронзонболд нар шуурхай ажиллан олсныг Нийтийн тээврийн бодлогын газраас мэдээллээ.
Улстөр нийгэм
Төрийн албан хаагчдын олон талт хэлэлцээний чадавхыг бэхжүүлэх сургалт зохион байгуулна
Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (COP17)-ыг угтан Монгол Улсын төрийн албан хаагчдын олон талт хэлэлцээний чадавхыг бэхжүүлэх сургалтыг хамтран хэрэгжүүлэх тухай Ойлголцлын санамж бичигт БОУАӨ-ийн сайд Б.Батбаатар болон Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Фиона Блайт нар гарын үсэг зурлаа.
Монгол Улс COP17-ыг зохион байгуулагч болон даргалагч улсын хувьд олон талт хэлэлцээний явцыг үр дүнтэй удирдах, Талуудын зөвшилцөлд хүрэхэд бодит хувь нэмэр оруулах чадавхыг бүрдүүлэхэд онцгой анхаарч байгаа.
Энэ ажлын хүрээнд хүний нөөцийн бэлтгэл, ялангуяа төрийн албан хаагчдын хэлэлцээний чадавх бэхжүүлэх ажлыг COP17-ын бэлтгэлийн үндсэн бүрэлдэхүүн хэсэг болгон авч үзэж байгаа юм.

