Бидэнтэй нэгдэх

Шударга мэдээ

В.В.Путин Монгол Улс, ОХУ-ын хоорондын гэрээг Төрийн Думд өргөн мэдүүллээ

Огноо:

,

ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын урилгаар 2019 оны 9 дүгээр сарын 3-ны өдөр Монгол Улсад хийсэн албан ёсны айлчлалын үеэр хоёр улсын төрийн тэргүүн нар гарын үсэг зурсан “Найрсаг харилцаа, иж бүрэн стратегийн түншлэлийн тухай Монгол Улс, Оросын Холбооны Улс хоорондын гэрээ”-г ОХУ-ын Холбооны хурлын Төрийн Думд өргөн мэдүүлж, соёрхон батлуулах тухай захирамжийг энэ оны 6 дугаар сарын 8-ны өдөр гаргасан байна. Үүнээс өмнө буюу 5 дугаар сарын 29-ний өдрийн хуралдаанаар ОХУ-ын Засгийн газар уг гэрээг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэж, дэмжих тухай гаргасан шийдвэрийг ОХУ-ын Ерөнхийлөгчид танилцуулж, ОХУ-ын Холбооны хурлын Төрийн Думд өргөн мэдүүлэхээр тогтсон билээ.

Монгол Улсын Их Хурал дээрх гэрээг 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлж, соёрхон батлах тухай хуулийг баталсан бөгөөд хоёр тал батламж жуух бичиг солилцсон өдрөөс гэрээ хүчин төгөлдөр болно.

Дээрх гэрээ нь Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, аюулгүй байдал, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал, хилийн халдашгүй дархан байдал, хүний эрхийг дээдэлсэн олон улсын гэрээ юм. Гэрээний дагуу талууд иж бүрэн стратегийн түншлэлийн хүрээнд хоёр улсын хооронд тогтоосон уламжлалт, сайн хөршийн найрсаг харилцааг улс төр, эдийн засаг, худалдаа, бизнес, дэд бүтэц, хүмүүнлэгийн зэрэг бүхий л салбар, чиглэлээр өргөжүүлэн хөгжүүлж, иргэд хоорондын хэлхээ холбоог сайжруулах нөхцлийг бүрдүүлэхээр тохиролцсон юм.

Монгол Улсын Ерөнхийлөгч П.Очирбат 1993 онд ОХУ-д албан ёсны айлчлал хийх үеэр талууд “Найрсаг харилцаа, хамтын ажиллагааны тухай гэрээ”-г байгуулж хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг шинэ түвшинд гаргаж байсан. Түүнээс хойш ОХУ-ын Ерөнхийлөгч Д.А.Медведевын 2009 онд Монгол Улсад хийсэн төрийн айлчлалын үеэр Монгол Улс, ОХУ хоорондын стратегийн түншлэл эрчимтэй өрнөж, хөгжлийн шинэ шатанд гарч буйг хоёр тал санал нэгтэй тэмдэглэж, “Стратегийн түншлэлийг хөгжүүлэх тухай Тунхаглалд” гарын үсэг зурж байсан түүхтэй.

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа

Сэтгэгдэл

Шударга мэдээ

ЗГ: Хуулиар тусгайлан эрх олгосон заалт, Захиргааны хэм хэмжээний актын тоог цөөрүүлнэ

Огноо:

,

Засгийн газрын ээлжит хуралдаан 2023 оны арваннэгдүгээр сарын 29-нд болж, Хууль зүй, дотоод хэргийн яам захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн санд бүртгэлтэй шийдвэрт 2023 онд хийсэн хяналт-шинжилгээ, үнэлгээний ажлын тайлан, Ерөнхий сайдын 2023 оны 133 дугаар захирамжаар байгуулсан ажлын хэсгийн танилцуулга, Ерөнхий сайдаас өгсөн шуурхай үүргийн хүрээнд Хууль зүй, дотоод хэргийн яамнаас хийсэн “Хуулиар тусгайлан эрх олгосон заалтын судалгаа”-г тус тус нэгтгэн  цаашид авах арга хэмжээний талаарх саналаа Засгийн газрын хуралдаанд танилцууллаа.

Монгол Улсад нийт 437 хууль хүчин төгөлдөр үйлчилж байгаа бөгөөд тэдгээрээс Улсын Их Хурал нийт  318 хуулийн 2493 заалтаар захиргааны хэм хэмжээний акт батлах эрхээ холбогдох байгууллагад шилжүүлсэн байна. Захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн санд 111 байгууллагын 2357шийдвэр бүртгэлтэй, харин хуулиар тусгайлан эрх олгосон боловч шийдвэр нь батлагдсан эсэх нь тодорхойгүй  850 хуулийн заалтын хэрэгжилт хангалтгүй байгаа нь хуулийг нэг мөр хэрэгжүүлэх төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим болох хууль дээдлэх, тэгш байдлын зарчмын хэрэгжилт хангалтгүй байна гэж үзэж байна. 

Ач холбогдлоо алдаж дагаж мөрдөхгүй болсон, эрх зүйн үйлчлэлийн хугацаа дууссан, хууль тогтоомжтой давхардсан, зөрчилдсөн Хууль зүй, дотоод хэргийн сайдаас хүргүүлсэн дүгнэлтийн дагуу хуульд нийцүүлэхээр ажиллагаа хийгдэж байна гэсэн хариу ирүүлсэн шийдвэрүүдийг 2024 оны нэгдүгээр улиралд багтаан хүчингүй болгох, захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн санд бүртгэлтэй  шийдвэрт хяналт-шинжилгээ, үнэлгээ хийсэн үр дүнгийн тайланг үндэслэн зарим эрх бүхий албан тушаалтны нийтээр дагаж мөрдүүлэхээр гаргасан хууль тогтоомжид нийцээгүй шийдвэрийг Ерөнхий сайдын захирамжаар хүчингүй болгохоор боллоо.

Хуулиар Засгийн газарт эрх олгосон 642, төрийн захиргааны төв байгууллагад эрх олгосон 919, төрийн захиргааны байгууллагад эрх олгосон 258 заалтыг тус бүр хоёр дахин бууруулах чиглэлийг Ерөнхий сайд өглөө.

Дэлгэрэнгүй унших

Шударга мэдээ

ЗГ: “Эрдэнэс Тавантолгой” ХК-д зургаан сарын хугацаагаар дахин онцгой дэглэм тогтоолоо

Огноо:

,

Засгийн газрын ээлжит хуралдаан 2023 оны арваннэгдүгээр сарын 29-нд болж, “Эрдэнэс Тавантолгой” ХК-д тогтоосон онцгой дэглэмийн хугацаанд хэрэгжүүлсэн үйл ажиллагааг дахин үргэлжлүүлэн компанийн үйл ажиллагааг жигдрүүлж, цаашид хэвийн, тогтвортой ажиллах нөхцөл, боломжийг бүрдүүлэх, нүүрсийг биржээр дамжуулан худалдах үйл ажиллагааг тогтворжуулан улс орны эдийн засгийг эрчимжүүлэх болон компанийн удирдлагыг мэргэшсэн, чадварлаг мэргэжилтнүүдээс бүрдүүлж, засаглалыг сайжруулах, үр ашиг, өгөөжийг нэмэгдүүлэх, нөхцөл бололцоог хангуулах шаардлагыг харгалзан “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн үйл ажиллагааг Засгийн газрын хяналтад авч, зургаан сарын хугацаагаар онцгой дэглэм тогтоолоо.

Онцгой дэглэмийн хугацаанд компанийг бүрэн төлөөлөх эрх бүхий Засгийн газрын онцгой бүрэн эрхт төлөөлөгчөөр Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ж.Ганбатыг томиллоо.

Онцгой дэглэмийн нэг жилийн хугацаанд 3.3 тэрбум ам.долларын үнэлгээтэй 32.8 сая тн нүүрс борлуулан, төсөвт 3.0 их наяд төгрөгийн татвар, хураамжийг төвлөрүүлсэн байна.  

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн онцгой бүрэн эрхт төлөөлөгч Засгийн газрын 2022 оны 362, 385 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангах хүрээнд нүүрс олборлолт, тээвэрлэлтийг оновчтой зохион байгуулах, борлуулалт, экспортыг нэмэгдүүлэх, үйл ажиллагааны нээлттэй ил тод байдлыг хангах, нүүрсийг хил нөхцөлөөр биржээр арилжих, шаардлагатай төсөл хөтөлбөрийг эрэмбэлэн хэрэгжүүлэх чиглэлээр дараах арга хэмжээг авч хэрэгжүүлжээ.

Тухайлбал,

-Нүүрсийг биржээр, хил нөхцөлөөр борлуулж, нүүрсний үнэ, борлуулалтыг нэмэгдүүлсэн.

-Нүүрс тээврийн зохион байгуулалтыг сайжруулж, тээврийн компаниудын үйл ажиллагааг дэмжсэнээр тэдний төсөвт төлөх татварын хэмжээ нэмэгдсэн.

-“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн тусгай зөвшөөрлийн талбайгаас нүүрс дутсан асуудлыг эцэслэн шийдвэрлэв.

-Нүүрс худалдах, худалдан авах гэрээний нөхцөлийг өөрчлөн, уурхайн ам нөхцөлөөс, хил нөхцөлд шилжүүлэв.

-Уулын ажил гүйцэтгэх зардлыг бууруулав.

-Компанийн өр төлбөрийг барагдуулж, ашигт ажиллагааг нэмэгдүүлэв.

-Ил тод байдлыг хангах үүднээс нууцад хамруулсан төслийн гэрээнүүдийг ил тод болгов.

-Уурхайн хүчин чадлыг өсгөх, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг бий болгох, өртөг, зардлыг бууруулах төслүүдийн хэрэгжилтийг эрчимжүүлэх бодлого баримтлан ажиллав.

-Хууль зөрчсөн байж болзошгүй тохиолдлуудыг хяналт, шалгалтын байгууллагад гомдол гарган шилжүүлсэн. 

Дэлгэрэнгүй унших

Шударга мэдээ

Энэ онд барилга ашиглалтад оруулах 1496 хүсэлт иржээ

Огноо:

,

Хотын стандарт, хяналтын газар нь үйл ажиллагааны үндсэн чиг үүргийн дагуу нийслэлд баригдсан барилга, байгууламжийг ашиглалтад оруулах комиссын үйл ажиллагааг холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн зохион байгуулдаг. Энэ онд улс, нийслэл, төсвийн хөрөнгө оруулалт, иргэн, хувийн хэвшлийн байгууллага, гадаад орны санхүүжилтээр барьсан барилга, эрчим хүчний байгууламжийг ашиглалтад оруулах 1496 хүсэлт иржээ. Эдгээр хүсэлтийг шийдвэрлэхдээ иргэдийн ая тухтай орчныг бүрдүүлсэн эсэх, барилгын стандарт, норм ба дүрмийн хэрэгжилт, холбогдох бичиг баримтыг шалган, комиссын 826 удаагийн үйл ажиллагааг зохион байгуулж, холбогдох шийдвэрийг гаргаад байна.

Комиссын үйл ажиллагааг нийтэд ил тод, нээлттэй байдлаар зохион байгуулж буй. Ингэхдээ ашиглалтад орсон барилга байгууламжийн мэдээллийг нэгтгэн, орон зайн мэдээллийн сан /https://standard.ub.gov.mn/spatialdb/-д оруулан ажиллаж байна. Тухайлбал,

  • Дэд бүтэц, барилга байгууламжийн судалгааг нэгтгэн гаргах дэд ажлын хэсгийн төлөвлөгөөний дагуу орон сууцны 485, олон нийтийн барилгын 391 нийт 876 байршлын мэдээлэл
  • “Шил” ажиллагааны хэрэгжилтийг биелүүлэн, барилга байгууламж ашиглалтад оруулах комиссын 2020-2023 оны 728, 2009-2012 оны 155 дүгнэлтийн мэдээллийг нэгтгэн, холбогдох байгууллагуудад хүргүүллээ. 

2023 онд 8100 суудал бүхий арван сургуулийн барилга, 5420 хүүхдийн хүчин чадал бүхий 12 цэцэрлэгийн барилга, 6381 хүүхдийн хүчин чадал бүхий 19 сургууль, цэцэрлэг, сургалтын төвийг байнгын ашиглалтад хүлээн аваад байна.

ХОТЫН СТАНДАРТ, ХЯНАЛТЫН ГАЗАР

Дэлгэрэнгүй унших

Санал болгох