Цаг үе
Цаг агаарын гамшигт үзэгдлээс сэрэмжлүүлж байна!
Харанга!!! Цаг агаарын гамшигт үзэгдлээс урьдчилан сэргийлэх мэдээ: Өнөөдөр Хэнтий, Сүхбаатар, Говьсүмбэр, Дорноговь, Дундговийн нутгаар салхи секундэд 26-28 метр, зарим үед секундэд 34 метр хүртэл ширүүсч хүчтэй шороон шуурга шуурч, Сэлэнгийн зүүн, Төв, Хэнтий аймгийн хойд хэсгээр хүчтэй цасан шуурга шуурна.
Дохио!!! Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ: Өнөөдөр өдөр Баянхонгор, Өвөрхангай, Өмнөговь, Дорнод, Төв аймгийн нутгаар салхи секундэд 16-18 метр, зарим үед 24 метр хүртэл ширүүсч шороон шуурга шуурна.
Малчид, ард иргэдийн анхааралд: Өнөөдөр өдөр төв, говь, зүүн аймгуудын нутаг, баруун аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 16,17-нд нутгийн зүүн хагаст, ялангуяа Хэнтийн нутгаар нойтон цас орж, хүчтэй шороон болон цасан шуурга шуурч, эрс хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна.
2020 оны 05 дугаар сарын 15-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Төв болон зүүн аймгуудын нутгаар үүлшинэ, төвийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, нойтон цас орж, цасан шуурга шуурна. Бусад нутгаар багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун аймгуудын нутгаар баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 8-13 метр, Алтайн салбар уулсаар секундэд түр зуур 16-18 метр, говь, тал, хээрийн нутгаар секундэд 26-28 метр, зарим үед 34 метр хүртэл ширүүсч хүчтэй шороон шуурга шуурна. Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Эг-Үүр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, голын хөндийгөөр 5-10 хэм, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Байдраг голын хөндий, говийн бүс нутгийн хойд хэсгээр 12-17 хэм, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Дорнод, Дарьгангын тал нутаг болон Халх голын саваар 28-33 хэм, бусад нутгаар 19-24 хэм дулаан байна. Нутгийн төв хэсгээр үдээс хойшдоо эрс сэрүүснэ.
УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Хур тунадас орно. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 8-13 метр, зарим үед секундэд 18-20 метр хүрч шороон болон орон шуурга шуурна. 10-12 хэм дулаан байна.
2020 оны 05 дугаар сарын 16-наас 05 дугаар сарын 20-ныг
хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв
16, 17-нд төвийн аймгуудын нутгийн зүүн хойд, зүүн аймгуудын ихэнх нутгаар бороо, нойтон цас орж, цасан шуурга шуурна. 18,19-нд төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр ялимгүй хур тунадас орно. Салхи 16, 17-нд нутгийн зүүн хагаст зарим үед секундэд 18-20 метр хүртэл ширүүсч хүчтэй шороон шуурга шуурна. 16, 17-нд нутгийн зүүн хагаст хүйтэрч Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар шөнөдөө 3-8 хэм хүйтэн, өдөртөө 3-8 хэм дулаан, Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 3 хэм хүйтнээс 2 хэм дулаан, өдөртөө 17-22 хэм, Их нууруудын хотгор болон Алтайн өвөр говиор шөнөдөө 7-12 хэм, өдөртөө 23-28 хэм, бусад нутгаар шөнөдөө 0-5 хэм, өдөртөө 9-14 хэм дулаан байна. 17-нд нутгийн баруун хэсгээр, 18-нд ихэнх нутгаар дулаарна.
ЦАГ УУР, ОРЧНЫ ШИНЖИЛГЭЭНИЙ ГАЗАР
Цаг үе
Жуковын цэцэрлэгт хүрээлэнгийн тохижилт арваннэгдүгээр сарын 15-нд 90 хувьд хүрнэ
Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, Жуковын хөшөөний арын 6000 ам метр газрын зөвшөөрлийг цуцалж, цэцэрлэгт хүрээлэн байгуулах шийдвэрийг зургаадугаар сарын 19-нд нийслэлийн Засаг дарга Б.Пүрэвдагва гаргасан.
Энэ хүрээнд долоодугаар сараас бэлтгэл ажил явж, гүйцэтгэгч шалгаруулж, аравдугаар сарын 9-нд тохижилтын ажлыг эхлүүлжээ. Өнөөдрийн байдлаар тохижилтын ажил 15 хувьтай байна. Тухайн байршилд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва, Баянзүрх дүүргийн Засаг дарга И.Баттөгс ажиллалаа.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва “Улаанбаатар хотын нэг хүнд ногдох ногоон байгууламж 5.9 ам метр буюу дэлхийн дунджаас 60 хувиар бага. Тиймээс хотын ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, цэцэрлэгт хүрээлэн барих ажилд онцгой анхаарч байгаа. ХААН банктай хамтарч, Ногоон нуурын 5.5 га газрыг цэцэрлэгт хүрээлэн болгох ажлыг ирэх хавар эхэлнэ. Улаанбаатар цэцэрлэгт хүрээлэнгийн 10.2 га талбайн менежментийг нийслэл хариуцаж байна. "Рио Тинто Монгол” ХХК гэр хорооллын бүсэд 2 цэцэрлэгт хүрээлэн тохижуулна. Баянгол дүүргийн хойд дэнжийн 10 га газрын тохижилт, Гандангийн тохижилт зэрэг гэр хорооллын бүс, орон сууцны нягтаршилтай бүсийн ногоон байгууламжийг шат дараатай нэмэгдүүлнэ. Цаашид 42 ногоон байгууламж байгуулахаар төлөвлөсөн. Өнөөдрийн байдлаар 13 байршилд зураг төсөл хийгдэж байна. Энэ 13 ажил 2027 оны төсөвт суугдана” гэв.

Жуковын цэцэрлэгт хүрээлэнгийн тохижилтын ажлыг гүйцэтгэгч “Гарден сити” ХХК нийт 4160 ам метр талбайд дайрга дэвсэн индүүдэж, тэгшилсэн. 35.5 метр түшиц хана, тус бүр 10 ам метр хоёр пандуус, шат цутгасан. Хар шороо, дайрга, явган замын хашлага, хавтанг бэлтгэж нөөцлөөд байгааг “Гарден сити” ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Цэрэнпагма хэллээ.
Мөн тохижилтын ажилд зориулж 14 улиас, 38 голт бор, 29 өрөл, 92 нохойн хошуу, 1060 шар хуайсыг бэлтгэжээ. Жуковын цэцэрлэгт хүрээлэнгийн тохижилтын ажлыг арваннэгдүгээр сарын 15-нд 90 орчим хувьд хүргэж, ирэх хавар цэцэрлэгт хүрээлэнг бүрэн ашиглалтад оруулахаар төлөвлөлөө.





Цаг үе
“Уран жолоодлого-2026” тэмцээнд нийтийн тээврийн 70 гаруй жолооч өрсөлдлөө
Нийтийн тээврийн жолооч нарын дунд “Уран жолоодлого-2026” тэмцээнийг аравдугаар сарын 17-18-нд Монгол наадам цогцолборт зохион байгууллаа. Уг тэмцээнийг 2019 оноос хойш тогтмол зохион байгуулж буй. Энэ жилийн тэмцээнд нийтийн тээврийн үйлчилгээний есөн байгууллагын 10 багийн 70 гаруй жолооч өрсөлдөв.
Замын хөдөлгөөний дүрэм зөрчөөгүй, харилцаа хандлага, ёс зүйн зөрчилгүй жолооч нарыг шалгаруулж оролцуулдаг. “Уран жолоодлого-2026” тэмцээний нээлтэд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Б.Пүрэвдагва оролцож, үг хэллээ.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Б.Пүрэвдагва “Нийтийн тээврийн салбарт 4400 жолооч, инженер, техникийн ажилтан, арын албаныхан ажиллаж байна. Нийтийн тээврийн зорчигчийн тоо 2025 онтой харьцуулахад 19 хувиар өссөн. Нийтийн тээврийн хүртээмжийг нэмэгдүүлж, 16 шинэ чиглэлүүдийг бий болгож, автобусны шинэчлэлийг хийж байна. Жолооч та бүхэн нийслэлийн иргэдийг аюулгүй тээвэрлэх үүргээ биелүүлж, иргэдэд соёлтой үйлчилж, тухтай зорчиход нь тусалдаг байгаарай” гэв.

Уран жолоодлогын тэмцээн нь тээврийн үйлчилгээ болон жолооч нарын харилцаа хандлагыг төлөвшүүлэх, мэдлэг, ур чадварыг нэмэгдүүлэх, олон нийтэд сурталчлах ач холбогдолтой.
“Уран жолоодлого-2026” тэмцээнд оролцож буй жолооч нар:
Цуваагаар явах, хоёр, хоёроор зэрэгцэж явах, 450 градус тойрог эргэж,
Нэг шулуунд зэрэгцэж зогсох, эсрэг зүгт зэрэгцэн зогссон байрлалаас хоёр тийш зэрэг хөдөлж,
Нэг шулуунд зогсох, адил талт тэгш өнцөгт үүсгэж зогсох, 45 градусын өнцгөөр зүүн гар тийш эргэж, нэг зүгт цуваж зогсох,
Нэг шулуунд цувруулан байрлуулсан 7 саадыг 1 талаас нь цуваагаар сүлжиж явах,
Нэг шулуунд цувруулан байрлуулсан 7 саадыг 1 талаас нь эгнээ дагаж орж сүлжиж явах,
Нэг шулуунд цувруулан байрлуулсан 7 саадыг 2 талаас нь салган цуваагаар сүлжиж явах,
Багийн ахлагч нар дараалсан дөрвөн үйлдэл гүйцэтгэх,
Багийн гишүүн бүрийн мэдлэг, харилцаа хандлагын сорил, тестийг бөглөх зэрэг үүрэг даалгаврыг гүйцэтгэж тэмцээнд оролцов.






Цаг үе
Эмээлтийн постыг ирэх онд Аргалант руу шилжүүлнэ
Багахангай–Хөшигийн хөндий–Эмээлт чиглэлийн 127 км төмөр зам баригдсантай холбоотойгоор хуучин Эмээлтийн пост байсан газарт нүхэн гарц хийж, есдүгээр сарын 15-нд ашиглалтад оруулсан. 2027 онд Налайхын постыг Төв аймгийн нутаг дэвсгэрт, Эмээлтийн постыг Аргалант руу шилжүүлнэ. Ингэснээр иргэд хот дотор зорчиж, постоор нэвтрэх бүрдээ 5000 төгрөг төлөхгүй болно.

Энэ талаар нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Б.Пүрэвдагва “Багахангай–Хөшигийн хөндий–Эмээлт чиглэлийн 127 км төмөр зам баригдаж, Улаанбаатар хотоор аюултай ачаа тээвэрлэхгүй болсон. Иймд хуучин Эмээлтийн пост байсан газар нүхэн гарц барьж, есдүгээр сарын 15-нд ашиглалтад оруулсан. Хот доторх постуудыг нүүлгэн шилжүүлнэ. Тухайлбал, Налайхын постыг Төв аймаг Цонжинболдог, Эмээлтийн постыг Аргалант руу шилжүүлнэ. Ингэснээр иргэд хот дотор зорчиж, постоор нэвтрэх бүрдээ 5000 төгрөг төлөхгүй” гэв.




