Бидэнтэй нэгдэх

Шударга мэдээ

С.Амарсайхан: Тодорхойгүй хугацаагаар баар, цэнгээний газруудыг хаах нь зүйтэй

Огноо:

,

Нийслэлийн Онцгой комиссын шуурхай ажлын хэсэг хуралдлаа. Хуралдаанаар Нийслэлийн Засаг даргын А/590 тоот захирамжийн хүрээнд үйл ажиллагаа нь нээгдсэн аж ахуйн нэгжүүдийн талаар болон бусад үүссэн нөхцөл байдалтай холбоотой асуудлыг хэлэлцэв.

Худалдааны эхэнд үүссэн нөхцөл байдалтай холбоотой цаг үеийн асуудлаар холбогдох албаныхан мэдээлэл өглөө. Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Хүнс үйлдвэрлэл, худалдаа үйлчилгээний хэлтсийн дарга Д.Оюунболор “Нийслэлийн Засаг даргын дөрөвдүгээр сарын 30-ны өдрийн А/590 тоот захирамжаар нийслэл хотод үйл ажиллагаа явуулдаг 945 баар нээгдсэн. Мөн 1021 ресторан, 225 кафе шөнийн 22:00 цаг хүртэл үйл ажиллагаа явуулж байна. Зарим аж ахуйн нэгжүүд цаг хэтрүүлэн үйл ажиллагаа явуулж байгаа талаар Цагдаагийн байгууллагаас бичиг ирсний дагуу холбогдох газруудад мэдэгдэл хүргүүлж, хариуцлага тооцон ажилласан” гэлээ.

Мөн нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дарга Л.Эрдэнэчулуун “Ковид-19 халдвараас урьдчилан сэргийлэх хүрээнд гарсан нийслэлийн Засаг даргын захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллаж байна. Захирамжийн дагуу нээгдэж байгаа аж ахуйн нэгжүүдэд ажлын байрандаа тогтмол ариутгал халдваргүйжүүлэлтийг хийх зөвлөмжийг хүргүүлсэн. Энэ амралтын өдрүүдэд 375 аж ахуйн нэгжүүдэд мэдэгдэл хүргүүлж ажиллалаа. Бид Эрүүл мэндийн яам болон бусад мэргэжлийн байгууллагуудаас өгсөн стандартыг хангуулах шаардлагыг аж ахуйн нэгжүүдэд тавьж ажиллаж байна” гэсэн мэдээллийг өгсөн юм.

“Ковид-19 цар тахалтай холбоотой хорио цээрийн энэ үед гэмт хэргийн зөрчил өмнөх оныхоос 50 хүртэлх хувиар буурсан үзүүлэлттэй байна. Гэтэл баар, шөнийн цэнгээний газруудыг нээсэн сүүлийн гурав хоногт хэрэг зөрчлийн тоо эрс нэмэгдлээ. Нээгдсэн баар, цэнгээний газруудад хяналт шалгалт хийхэд халуун хэмжигч байхгүй, хүн хоорондын зай барих зөвлөгөөг хэрэгжүүлэхгүй байна. Мөн шаардлага тавьсан Цагдаагийн ажилтныг эсэргүүцсэн, биед халдсан хэрэг гарсан” гэж нийслэлийн Цагдаагийн удирдах газрын дарга, хурандаа Д.Ядамдорж мэдээллээ.

Хуралдааны төгсгөлд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан “Өнгөрсөн сард бид фитнесс клуб, амралтын газруудыг үе шаттай нээх, нээхдээ халдвараас урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулж байх шаардлагын дагуу  аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг жигдрүүлж ажиллаж ирсэн. Фитнесс, амралтын газрууд зөвлөмжийн дагуу ажиллаж байгаа учраас ямар нэгэн хүндрэл гарахгүй байна гэж үзэж байна. Нөгөө талаар урин дулаан болсон үед хотод нягтаршил үүсгэхгүй байх үүднээс хот тойрсон амралтын газруудыг нээсэн. Сургалтын төв, номын санг нээх талаар иргэдээс санал их ирж байгаа. Бид удахгүй судалж шийдвэрлэнэ.  

Танхимын сургалтын төвүүдийг Засгийн газрын тогтоолоор үйл ажиллагааг нь зогсоосон учраас хот тэдгээрийг нээн ажиллуулах тухай шийдвэр гаргах боломжгүй. Тийм учраас Улсын онцгой комисс болон холбогдох яамдуудад танхимын сургалтыг цөөн суралцагчтайгаар нээх саналаа хүргүүлсэн. Энэ долоо хоногтоо багтаад шийдвэр гарах байх. Зоогийн газрууд 22:00 цаг хүртэл хэвийн ажиллаж байгаа. Үүн дээр нэмээд баар, шөнийн цэнгээний газруудыг нээсэн ч зохих ёсны шаардлагыг хангаж ажиллахгүй байна. Зүй нь бол нэг өрхөд нэг ч гэсэн хүн ажилтай орлоготой байгаасаа гэж үзээд аж ахуйн нэгжүүдэд боломж олгосон. Эдийн засгийг сэргээх, ажлын байрыг хадгалах зорилгоор баар, караокены үйл ажиллагааг нээсэн боловч нэг талаас эдгээр байгууллагууд ариутгал халдваргүйжүүлэлтээ хийхгүй, дүрэм журмыг биелүүлэхгүй, Төр засгийн бодлого шийдвэр, мэргэжлийн байгууллагуудын зөвлөмжийг мөрдөж ажилласангүй. Аж ахуйн нэгжүүд өнөөдрийн байдлаар үйл ажиллагаагаа хэвийн явуулах боломж нөхцөлөө бүрдүүлээгүй, бэлэн биш байна. Өнгөрсөн гурван сарын хугацаанд маш их ачаалалтай, хүн ардынхаа эрүүл мэндийн төлөө ажиллаж байгаа Цагдаа, Онцгой, Мэргэжлийн хяналт, Эрүүл мэндийн салбарынхны ажлын үр дүн, эрүүл мэндээ хамгаалах үүргээ биелүүлж байгаа иргэдийнхээ эрх ашиг, хувь заяаг зарим хариуцлагагүй, үүргээ ухамсарлаагүй иргэдээс болж эрсдэлд учруулах ёсгүй. Залуучууд маань бодит эрсдлийг тооцож чадахгүй байна. Тийм учраас энэ үйл ажиллагааг цааш үргэлжлүүлэх боломжгүй боллоо. Энэ байгууллагууд хэзээ ариутгал халдваргүйжүүлэлтийн ажлаа хийж чаддаг болох, мөн өвчний нөхцөл байдлыг харгалзаж, тодорхойгүй хугацаагаар баар, цэнгээний газруудыг хаах нь зүйтэй. 

Аж ахуйн нэгжүүдээ дампууруулахгүйгээр ажлын байрыг хадгалах, айл өрхийг орлоготой байлгах зэрэг зөрчилдөөнтэй бөгөөд амаргүй олон шийдвэрүүдийг хүнд нөхцөл байдалд, гаргасан шийдвэрүүд нөхцөл байдалд тохирч яаж ч өөрчлөгдөж болохыг иргэд маань ойлгох хэрэгтэй" гэв.

Харьяа газар, агентлагуудын ажлын уялдаа холбоог хангаж ажиллаагүй НЗДТГ-ын даргыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө

Мөн хуралдааны үеэр өнгөрсөн хугацаанд авч хэрэгжүүлсэн ажлуудын уялдааг хангах чиглэлд ажил цалгардаж байгаа учраас Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын даргыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө. 

Хотын Захирагч С.Амарсайхан “Холбогдох байгууллагууд үйл ажиллагаагаа уялдуулах, цаг үеийн нөхцөл байдалтай нийцсэн уян хатан шийдвэр гаргах, шийдвэр гаргахдаа үр дүнг нь тооцоолж байхад анхаарал, хариуцлагатай ханд” гэдгийг холбогдох албаныханд онцгойлон анхаарууллаа.

Дэлгэрэнгүй унших
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Шударга мэдээ

Улаанбаатар зам засвар, арчлалтын газар энэ онд 42 байршилд төсөл хэрэгжүүлж байна

Огноо:

,

“Улаанбаатар зам засвар, арчлалтын газар” ОНӨААТҮГ-т нийслэлийн Засаг дарга Б.Пүрэвдагва, Баянзүрх дүүргийн Засаг дарга И.Баттөгс, нийслэлийн Замын хөгжлийн төсөл, хөтөлбөрийн зохицуулагч Л.Хосбаяр ажиллалаа.

Улаанбаатар зам засвар, арчлалтын газар нийслэлийн авто зам, байгууламжийн засвар, арчлалт, тэмдэг тэмдэглэгээ, ашиглалтыг хариуцан ажилладаг. Энэ онд нийслэлийн Засаг даргын захирамжаар хэрэгжүүлж буй 18 төсөл, арга хэмжээний хүрээнд нийт 42 байршилд засвар, шинэчлэлийн ажлыг гүйцэтгэж байгаа юм. 

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва “Улаанбаатар зам засвар, арчлалтын газар хотын чухал эд эс. Авто замын засвар, шинэчлэлийн ажлууд түгжрэл, амьдралын чанартай шууд холбоотой. Иймд явган хүний зам, авто замын эвдрэлийг чанартай засаж, насжилт хэтэрсэн замуудыг шинээр барьж, ажлыг эрэмбэлэх нь чухал. Машин, техник, тоног төхөөрөмжийн шинэчлэл, асфальтбетон үйлдвэрлэлийн зардал, уг үйлдвэрлэлд зориулж дайрга олборлох асуудлыг судлах, нийт асуудлыг нэгтгэн танилцуулахыг нийслэлийн Замын хөгжлийн төсөл, хөтөлбөрийн зохицуулагч Л.Хосбаярт хариуцуулъя” гэв.

Ажиллах хүчний нөхцөл, авто баазын парк шинэчлэл болон асфальтбетоны үйлдвэрлэлийн зардлыг багасгаж, бүтээмжийг сайжруулснаар ажлын бүтээмж 3-4 дахин нэмэгдэх боломжтойг Улаанбаатар зам засвар, арчлалтын газраас танилцууллаа.

Дэлгэрэнгүй унших

Шударга мэдээ

Зөвшөөрөл, мэдэгдлийн хуулийн хэрэгжилтийг хангаж ажиллаагүй эрх бүхий албан тушаалтанд хариуцлага тооцно

Огноо:

,

“Эдийн засгийн эрх чөлөөний тухай, Хөрөнгө оруулалтын тухай хууль, Зөвшөөрөл, мэдэгдлийн тухай хуулийн хэрэгжилтийг хангах үйл ажиллагааны төлөвлөгөө”-ний хэрэгжилтийн талаар Монгол Улсын Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр Засгийн газрын хуралдаанд  танилцууллаа. Танилцуулгатай холбогдуулан дараах Ерөнхий сайд Н.Учрал дараах үүрэг даалгаврыг өглөө.

-Зөвшөөрөл сунгуулах хүсэлт гаргасан этгээд зөвшөөрлийн нөхцөл, шаардлагыг зөрчөөгүй болох нь тогтоогдсон бол ажлын хоёр өдөрт сунгах тохиргоог Зөвшөөрөл, мэдэгдлийн цахим систем /license.mn/-д хийх, 

-Энгийн зөвшөөрөл хүссэн өргөдлийн хариуг хуульд заасан хугацаанд өгөөгүй бол зөвшөөрөл олгосонд тооцох,

-Тусгай зөвшөөрөл авах хүсэлтийг цахимаар гаргах нөхцөл бүрдүүлээгүй зөрчлийг арилгах,

-Зөвшөөрөл сунгуулах хүсэлтийг шийдвэрлэх хугацааг хэтрүүлсэн эрх бүхий албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд үүрэг болголоо.

-Зөвшөөрөл олгосон, сунгасан, хүчингүй болгосон, түдгэлзүүлсэн шийдвэрийг Зөвшөөрөл, мэдэгдлийн бүртгэл, мэдээллийн нэгдсэн санд хуульд заасан хугацаанд бүртгүүлэх үүргээ гүйцэтгээгүйалбан тушаалтны гаргасан зөрчлийг арилгаж, холбогдох арга хэмжээг авч ажиллахыг даалгав.

Дэлгэрэнгүй унших

Шударга мэдээ

Малын органик тэжээлийн “Мимо” үйлдвэр хүчин чадлаа 10 дахин нэмэгдүүлжээ

Огноо:

,

Ерөнхий сайд Н.Учрал Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн суманд ажиллах үеэрээ Монголын анхны органик тэжээлийн үйлдвэртэй танилцлаа. Тус үйлдвэр өдөрт таван тонн малын тэжээл үйлдвэрлэдэг байснаа өргөтгөж, 50 тонн тэжээл үйлдвэрлэх бүрэн автомат үйлдвэртэй болжээ.

МИМО гэдэг нь “Миний монгол” гэсэн үгийн товчлол. Малчдын МИМО тэжээлд зарцуулсан нэг төгрөг 3-5 төгрөг болж өснө, хамгийн зөв хөрөнгө оруулалт. МИМО-гоор тэжээсэн малыг өндөр үнээр худалдан авч, малчдын орлогыг нэмэгдүүлэх, зах зээлд чанартай мах нийлүүлэх зорилготой ажиллаж байна. 

“ЭЙЛ БИ ЭЙЧ АГРО” ХХК 2016 оноос газар тариалан эрхэлж, 3500 га талбайг сэлгэж тариалж байна. Энэ жил буюу 2026 онд нийт 1200 орчим га-д улаанбуудай, тэжээлийн ургамал, чихрийн манжин тариалсан. Үйл ажиллагаагаа өргөжүүлж 2022 оноос малын эрдэс тэжээлийн үйлдвэр байгуулж, 100 хувь байгалийн гаралтай МИМО нэрийн бүтээгдэхүүн зах зээлд нэвтрүүлсэн бол 2025 онд малын хүчит тэжээлийн бүрэн автомат үйлдвэр ашиглалтад оруулжээ.

Үйл ажиллагаандаа ISO9001:2015 болон ISO22000:2018 олон улсын стандарт мөрдөж мал, амьтанд зориулсан эрдэс тэжээл (премикс), малын багсармал болон хорголжин тэжээл, долооц зэрэг найман нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна. 

Эдгээр тэжээлийг хэрэглэснээр, малын зүй бус хорогдлыг 90 хүртэл хувиар бууруулах, ноолуурын гарцыг 60, сүүний гарцыг 40, махны гарцыг 200-300 хувиар тус тус нэмэгдүүлэх, халдварт бус өвчлөлөөс сэргийлэх боломжтой гэж тус компанийн удирдлага Ерөнхий сайдад танилцууллаа. 

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа

Санал болгох