Бидэнтэй нэгдэх

Үзэл бодол

У.Хүрэлсүх: Улсын зөвлөгөөн хийж эрдэмтэн, судлаачдынхаа үгийг сонсоно

Огноо:

,

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Шинжлэх ухааны салбарын эрдэмтэн, судлаачидтай уулзаж энэ салбарын өнөөгийн байдал, цаашдын төлөвийн талаар санал солилцов. 

Хэдийгээр ололт амжилт байгаа ч эрдэмтэн судлаачид ихэвчлэн цалин, хөрөнгө оруулалтыг дорвитой нэмэхийг Ерөнхий сайдаас хүсч байлаа.

Засгийн газар Шинжлэх ухааны академи, хүрээлэнгүүдэд захиалга өгч ажил гүйцэтгүүлж байх, ШУА-ийн нэгдсэн лаборатори, парктай болох, судалгаа, шинжилгээний ажилд шаардлагатай багаж хэрэгсэл, тоног төхөөрөмжийн гаалийн татварыг хөнгөлөх, өв соёл, уламжлалд суурилсан соён гэгээрүүлэх ажил өрнүүлж монгол судлалыг хөгжүүлэх зэрэгт дэмжлэг үзүүлэхийг хүсэв.

Шинжлэх ухаанд тулгуурласан урт хугацааны, тогтвортой бодлогогүй, сахилга хариуцлага, дэг журам алдагдсан нь улс орны хөгжилд сөргөөр нөлөөлсөн гэж үздэгээ Ерөнхий сайд У.Хүрэлсүх хэлэв.

Цаашид эрдэмтэн, судлаачидтайгаа хамтарч ажиллах зайлшгүй шаардлага Монгол Улсын Засгийн газарт байгааг хэллээ. Иймээс ирэх есдүгээр сард улсын зөвлөгөөн зохион байгуулж, хүндрэл бэрхшээл, тулгамдаж байгаа асуудал, шийдвэрлэх арга замын талаар ярилцахаар шийдсэнээ хэлэв.

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа
Монгол Улсад коронавирус COVID-19 бүртгэгдсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаас өгсөн чиглэлийг үндэслэн тус сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хааж байгааг үүгээр мэдэгдэж байна. SHUDARGA.MN сайтын редакц

Үзэл бодол

Н.Энхбаярын шоу явахаа байжээ

Огноо:

,

МАХН-ын дарга Н.Энхбаяр энэ удаагийн сонгуульд, өөрийн хүүтэйгээ хамт нэр дэвшихээ зарласан. Тэрбээр “Та бидний” эвслээс Баянгол дүүрэгт өрсөлдөнө гэж мэдэгдэн тойрог амлаж аваад байсан нь түүний ээлжит пиар байв. Олон нам нэгтгэж энэ удаагийн сонгуульд оролцож байгаа намын даргын хувьд олны анхаарлын төвд орохгүй бол яав ч болохгүй гэсэн түүний тактик байжээ. Үнэндээ тэр хуулиар сонгогдох эрхээ хязгаарлуулсан анхны улс төрч.

УИХ-ын сонгуулийн тухай хуулийн 29.8-д Авлига, албан тушаалын гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон бол нэр дэвшихийг хориглоно гэж заасан. Хуульд зааснаар нэр дэвших боломжгүй гэдгээ тэр өөрөө ч мэдсээр байж тойрог амлаж, нэр дэвшихээр материалаа СЕХ-нд хүргүүлсэн нь сонгуулийн үеэр шоудах түүний тактик байсан нь ч тодорхой болж байна.

СЕХ мэдээж хууль зөрчиж түүнийг нэр дэвшигчээр бүртгэх боломжгүй гэдгээ өчигдөр мэдэгдсэн даруйд “Намайг нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзлаа” хэмээн шоу хийхээ эртнээс төлөвлөсөн гэсэн үг.

Сайнаар ч муугаар ч улс төрд түүн шиг пиар сайтай хүн алга. Ямар сайндаа л хүү Н.Батшугарыгаа нийгмийн захиалгаар нэр дэвшиж байна гэж зарлах вэ дээ. Сонгогдох эрхээ хуулиар хязгаарлуулсан түүний хувьд энэ мэт амбицлаг загнах нь намын даргын хувьд нэр дэвшигчдэдээ үзүүлэх том нөмөр нөөлөг гэж бодож яваа бололтой. Гэвч нэр дэвшигчдээс нь харсан ч, түүнийг дэмжигчдийн тоо бараг байхгүй болсноос харахад ч Намбарын Энхбаярын шоу явахаа байжээ.

Дэлгэрэнгүй унших

Үзэл бодол

О.Чинзориг: Таны хүүхэд тайван тоглох боломжийг технологийн дэвшлээр шийднэ

Огноо:

,

Нийслэлийн 2000 цэгт хүний нүүр царайг таних боломжтой ухааг камеруудыг суурилуулахаар болжээ. Энэ талаар Нийслэлийн Мэдээлэл, технологийн газрын дарга О.Чинзоригоос тодрууллаа.

-Нийслэлд хүний царай таньдаг ухаалаг камер суурилуулах гэж байгаа гэсэн. Энэ талаар бидэнд мэдээлэл өгнө үү?

-Нийслэлийн засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт Улаанбаатар хотод “Аюулгүй хот” төслийг хэрэгжүүлнэ гэсэн заалт байдаг. Уг төслийн дагуу Нийслэл хотод телекамерын ухаалаг системд суурилсан, нэгдсэн удирдлага хяналттай ухаалаг телекамерын төв байгуулна. Улаанбаатар хотод 2010-2020 оны хооронд 3600 гаруй цэг дээр нийслэл болон улсын хөрөнгөөр камер суурилуулсан байдаг. Эдгээрээс 40 гаруй хувь нь олон жил болж ажиллагаагүй болсон, эвдэрч, гэмтэж чанарын шаардлага хангадаггүй камерууд байдаг. Одоо байгаа камерууд нь тус тусдаа системтэй нэг дүүрэг, нэг хороонд 10 камерыг нэгтгэн нэг серверт байршуулаад явдаг. Гэтэл энэ үр дүнгээ өгөхгүй очоод шалгахаар камер байгаа боловч дүрс бичлэг байхгүй, дүрс бичлэг байсан ч тухайн бичлэг нотлох баримтын хэмжээнд харагддаггүй гээд олон зөрчил дутагдлууд байдаг.  Үүнийг шийдвэрлэхийн тулд бид камерын ухаалаг системд суурилуулж нэгдсэн удирдлага хяналттай болох зорилт дэвшүүлж ажиллаж байна. Энэ ажлын хүрээнд  2022 он гэхэд Улаанбаатар хотын нутаг дэвсгэрийн 80 хувийг ухаалаг камераар хянадаг болно. Энэ ажил нь гурван үе шаттай хэрэгжинэ. Энэ жил Нийслэлийн 2000 цэгт камер суурилуулах төлөвлөгөөтэй байна. 2000 камераас 600-г нь замын хөдөлгөөний 30 уулзварт байршуулна. Үлдсэн 1400 камерыг нийтийн эзэмшлийн зам талбайд суурилуулах юм. Одоо ажиллаж байгаа камераар нийтийн эзэмшлийн зам талбайн 10 хувийг хянаж байгаа бол энэ жилдээ багтаад 20 хувийг хяналтдаа авах юм.

Цаашлаад 2021 онд хотын, суурьшлын бүсийн 40 хувийг, 2022 онд 6822 цэгийг камержуулснаар Улаанбаатар хотын 80 хувийг хянахаар тооцоолсон. Ингэснээр гэмт хэргийн гаралт 40-50 хувь буурах боломжтой гэж үзэж байна.

-Энэ ажил хэзээнээс эхлэх төлөвлөгөөтэй байна вэ?

-Энэхүү ажил дээр хамтарч ажиллах байгууллагууд судалгаагаа хийгээд дууссан. Цагдаа, Тагнуул гээд хүчний байгууллагууд мөн Онцгой байдлын газар, Замын хөдөлгөөний удирдлагын төв зэрэг байгууллагууд хамтран ажиллаж аль цэгт ямар камер байршуулбал тохиромжтой вэ, алслагдсан гэр хороололд ямар төлийн камер байршуулах вэ гээд ерөнхий судалгаагаа гаргаад бэлэн болсон. Одоо үндсэн ухаалаг систем болох камер сонгох, худалдан авах ажлууд эхлэн гүйцэтгэгч компаниудтай гэрээ хийж эхэлж байна.

Ерөнхийдөө сарын дараа гэхэд нийслэлийн гудамж талбайд ухаалаг камерууд суурилагдаад ирнэ. Үндсэндээ ирэх аравдугаар сарын 1 гэхэд төслийн нэгдүгээр үе шат дуусч үр дүнгээ өгнө гэсэн тооцоотой ажиллаж байна.

-Шинээр тавигдах камерууд бүгд хүний царайг таних уу?

-Холбогдох байгууллагууд шаардлагатай үед болон сэжигтэй тохиолдолд хүнийг царайгаар эсхүл хөдөлгөөн, үйлдэл, өндөр, нам, явдал гэх мэт шинж чанараар нь таних,  хайх боломжтой технологийг нэвтрүүлэх юм. Ингэснээр таны хүүхэд эрсдэлгүй тайван тоглох боломжтой болно.

Түүнчлэн энэхүү систем нь автомашиныг дугаараар нь таних, авто зогсоол сул зайн мэдээлэл өгөх, зөрчил гаргасан автомашин болон хүний байрлал маршрутыг дагаж мөрдөх, осол аваар гарахад тохио өгч яаралтай мэдэгдэх гээд олон давуу талтай. Бид дэлхийн томоохон хотууд ашиглаж байгаа, туршиж шалгарсан хамгийн сүүлийн үеийн камеруудыг суурилуулна. Ухаалаг камерын мэдээллийн систем нь улаан өнгийн машин хаагуур өнгөрсөн байна гээд хайхад бүх дүрсээ авчраад хайлтаа хийгээд, хоёр гурав хувилж хадгалж хамгаалдаг систем байгаа.

Одоо манайх 20-30 сая төгрөгийн тендер зарлаад таван камер тавиад, хорооны буланд нэг дэлгэц угсраад камержуулчихлаа гээд яриад байгаа. Энэ байдал хоцрогдож байгаа учир дараагийн шатанд шилжих шаардлагатай болж байна.

-Энэхүү ажил хэдэн төгрөгийн төсвөөр хэрэгжиж байгаа вэ?

-Бид энэ жилдээ нийслэлийн төсвөөр 4 тэрбумын орчим төгрөгөөр 2000 ухаалаг камерыг суурилуулна. Жилд нийслэлийн камер дээр 2-3 тэрбум төгрөг улсын төсвөөс гардаг. Энэ төслийг  2023 он хүртэл гурван жилийн хугацаанд хийхэд ойролцоогоор 100-120 тэрбум төгрөг шаардлагатай гэж үзэж байгаа. Энэ жил ямар ч байсан ерөнхий сууриа тавин нэгдүгээр үе шатаа хэрэгжүүлнэ.

Камерын үнэ өртгийн хувьд орчноосоо хамаараад камерууд янз бүр байна. Тухайлбал замын хөдөлгөөн дээр машин танихын тулд өртөг өндөртэй камерууд байх шаардлагатай. Бид одоохондоо худалдан аваагүй байгаа учраас нэг камер хэдэн төгрөг байгааг мэдэхгүй байна. Ерөнхийдөө төсөвтөө тааруулан шаардлага хангасан камеруудыг  угсралт суурилуулалтад ашиглана.

Түүнчлэн энэхүү ажлаараа бид камерын стандартын асуудлыг хөндөж байгаа. Ухаалаг системтэй холбогдохын тулд аль ч үйлдвэр нь мэдэгдэхгүй янз бүрийн камерыг суурилуулахгүй нэг төрлийн чанарын өндөр шаардлага хангасан камер хэрэглэнэ. Камер нь хотын аюулгүй байдал, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, хүний амь настай холбоотой учир камеруудын стандартыг дээшлүүлж өгч байна.

-Камерын хяналтыг яаж хийх вэ?

-Камерын ухаалаг систем дээр суурилсан нэгдсэн удирдлагын төв шинээр байгуулна. Энэ төвд камер эвдрэх, гэмт хэрэг гарах бүхий асуудлуудыг хянаж ажиллана. Бид камер суурилуулчаад эзэнгүй хаяачихдаг тэр нь эдвэрсэн эсэхийг мэддэггүй. Тиймээс энэхүү системийг нь хэрэгжүүлснээр нэг ёсондоо камеруудыг эзэнтэй болгож байна гэсэн үг.

Дэлгэрэнгүй унших

Үзэл бодол

Х.Удвалцэцэг: Ээлтэй төртэй болж чадвал энэ хүнд үеийн дараа сэргэх бизнес олон байна

Огноо:

,

“Зууны мэдээ” сонин энэ удаагийн “Бизнес, хөгжил” булангийн зочноор Х.Удвалцэцэгийг урьж ярилцлаа.

Б.Төгс

-Бизнесийн салбарт амжилттай яваа залуу бүсгүйчүүдийн төлөөлөл бол таныг гэж боддог. Бизнесийнхээ талаар ярилцлагын эхэнд товчхон танилцуулахгүй юу?

-Миний хувьд оюутны ширээнээс дөнгөж босоод компаниа байгуулж байлаа. Мэргэжлийнхээ дагуу аялал жуулчлалын компаниа байгуулаад 11 жил өнгөрчээ. Одоо л төдийлөн анхаарч хөгжүүлэхгүй байгаа болохоос Монголын хамгийн ирээдүйтэй байж болох салбар бол аялал жуулчлал. Энэ компаниа хөл дээр нь босгоод дараа нь үйлдвэрлэлийн салбарт орсон. 2014 оноос эхлээд ангилсан мах, махан бүтээгдэхүүний “King meat” брэндийг гаргасан. Тухайн үед Монголд энэ төрлийн бизнес байгаагүй. Одоо ч цөөхөн байна. Гадаадад бол махыг хэрэглээ бүрээр нь ангилж хэрэглэдэг. Үхрийн махыг гэхэд л 24 төрлөөр ангилах жишээтэй. Жуулчид хүртэл ангилсан мах хэрэглээд сурчихсан байдаг учраас аялал жуулчлалын салбараас маань ургаж гарсан бизнес гэж хэлж болно. Одоо энэ үйлдвэрлэл маань нэлээд өргөжөөд экспортын төвшинд хүрсэн байгаа.

-Та өөрөө үйлдвэрлэгч, бас баялаг бүтээгчдийн дуу хоолой болсоор ирсэн. Яагаад энэ замыг сонгосон юм бэ?

– 2015 оноос үйлдвэрлэлийн салбарынхаа дуу хоолой болох замыг сонгоод явж ирлээ. Яалт ч үгүй өөрийн ажил дээр мэдрэгдээд ирэхээр дуугарахаас аргагүй болсон л доо. Татварын систем нь яадаг юм, үйлдвэрлэгчдийн эрх ашгийг хэрхэн дэмждэг юм, , төсөл тендерт яаж ордог юм, ар өврийн хаалга, шахалт дарамт гэж юу байдаг юм гээд бүгдийг өөр дээрээ мэдэрч эхэлсэн учраас 2015 онд Баялаг бүтээгчдийг дэмжих холбоог байгуулахад гар бие оролцон зүтгэж байлаа. Бид төрийн ордонд 1000 баялаг бүтээгчийн чуулганаа хийгээд албан ёсоор холбоогоо байгуулж байсан. Тухайн үед яг надтай ижилхэн замыг туулж байгаа үйлдвэрлэгчид нэгдсэн. Бидний гол зорилго бол бизнес эрхлэгчдийн эрх ашиг. Үндэсний үйлдвэрлэгч, баялаг бүтээгч хэн байх ёстой вэ. Монгол хүний идэх хоолыг монгол хүн бэлдэх ёстой юм уу, эсвэл хэн нэгэн Ли овогт, Ши овогт бэлдэх ёстой юм уу гэдгийг л эхлээд асуумаар байна. Хүний бизнес яриад яахав.

Өөрийнхөө бизнесийн жишээн дээр л ярья. Миний эрхэлж байгаа бизнесийн толгой дээр нь дандаа мөнгөтэй хятадууд байна. Өнөөдөр би салбарын яаман дээрээ очоод ЖДҮ-ийг дэмжих зээл авья гэхэд өгөхгүй байна. Тэгвэл бүтээгдэхүүнээ гадаад зах зээлд гаргах зөвшөөрөл авья гэхээр бас өгөхгүй байна. Монгол Улсын иргэнд олдохгүй байгаа зөвшөөрлөө хятад хүнд өгчихсөн. Би ажилчдынхаа бэлтгэсэн жаахан махыг БНХАУ-ын зах зээлд Монгол Улсынхаа хилээр гаргахын тулд нэг кг мах тутамд 10-14 юанийг тэр зөвшөөрөлтэй хятад хүнд төлж байна. Энэ бол эмгэнэл шүү. Би 100 тонн мах гаргахын тулд монгол мөнгөөр 400 сая төгрөгийг аяллын визтэй нэг хятадад төлж байна.  Тэр хятад энэ мөнгөнөөс манай улсад нэг ч төгрөгийн татвар төлөхгүй.  
Тэгвэл тэр квотыг хятад хүнд өгөлгүй Удвалцэцэгт өгчихсөн бол яах байсан бэ. Тэр 400 сая төгрөгөөр 50-60 ажилчныхаа цалинг тавьж, тог цахилгааныхаа мөнгийг төлж, Монгол Улсад 40 сая төгрөгийн татварыг үлдээх байлаа. Энэ хавар хятад компаниуд Улаанбаатарчууд бидний нөөцийн махыг бэлдсэн. Монголчууд өөрсдийнхөө идэх хоол буюу стратегийн хүнсийг гадны иргэдийн гарт алдчихсан байна гэдэг ямар том эмгэнэл вэ. Баялаг бүтээгдчийн эрх ашиг хойш шидэгдэж байгаа ганцхан жишээ л энэ.

-Уг нь үйлдвэрлэгч орон болох өргөн боломж бидэнд байдаг. Таныхаар яагаад болохгүй байгаа юм бол?

– Би монгол хүний хоолыг, өмсөх хувцсыг монгол хүн л хангах ёстой гэсэн үзэл бодолтой хүн. Мэдээж дэлхийтэй хөл нийлүүлэх хэрэгтэй ч  монгол хүнийг монгол хүн л илүү ойлгож, мэдэрч, сэтгэл ханамжийн баталгаа өгч чадна. Юу хэлэх гээд байна вэ гэхээр Монгол хүн л нутагтаа эзэн нь байх ёстой. Монгол хүн бүр үйлдвэрлэгч болох бүрэн боломжтой. Тал сайхан газар нутаг,  байгалийг баялаг,  мал мах, сүү цагаан идээ, амьдрах ухаан бүгд байна. Юу л байна боломж байна. Гэтэл яагаад бидний 90 хувь нь ядуу амьдраад байгаа юм бэ, яагаад ядуу амьдруулаад байна вэ. Өнөөдрийн байдлаар Монголд үйлдвэрлэгч тийм олон биш шүү дээ. Бүртгэлтэй компани гэхэд 160 мянга гэсэн тоо байдаг. Жижиг, том бүгд нийлээд шүү. Гэхдээ энэ үйлдвэрлэгчдийн нуруун дээр эдийн засгийн тодорхой хувь нь тогтож байна. Олон мянган өрх энэ салбараас амьдралаа залгуулж байна. Гэтэл төр засаг нь энэ хүмүүсийнхээ эрх ашгийг, зах зээлийг нь хамгаалаад, бодлогоор хангаад явчихаж л чадахгүй байна шүү дээ.  Татвар л авахаа сайн мэдэхээс биш энгийн нэг аяллын визтэй гадаад хүн үндэсний үйлдвэрлэгчдийнх нь өмнүүр орж бүх боломжийг нь булаагаад сууж байхад харсан ч хараагүй мэт, ойлгосон ч ойлгоогүй мэт л байж байна. Сүүлдээ бидний бизнесийн орчныг хамгаалах ёстой, хууль эрхзүйн орчныг нь сайжруулах ёстой эрх баригчид нь өөрсдөө хоолыг минь булаадаг боллоо. 76 гишүүний 41 нь ЖДҮ сангаас зээл авсан байсан. Эрх баригчдын 50-иас илүү хувь нь  баялаг бүтээгчдийн эсрэг зогсож байна гэсэн үг. Иймэрхүү асуудлууд байгаа учраас үйлдвэрлэл эрхлэгчдийн эрх ашгийн төлөө дуугарч, байр сууриа илэрхийлээд яваад байгаа юм. Өөр арга байхгүй. Өнөөдөр  бид хэлэхгүй л бол улам дордоно. Юм удах тусмаа хуучирдаг, цаг хугацаа алдах тусмаа өнгө үзэмжээ алддаг.

-Цар тахлын энэ хүнд үеийг хэрхэн даван туулж байна вэ. Таны ард хэдэн ам бүл байна вэ?

-Би өөрөө ам бүл зургаа, үйлдвэрлэл ид ажилтай үедээ 120 орчим хүн надад хамаарч байна. Хүүхэд гэр бүлийг нь бодвол 600 орчим хүн болж байна. Энэ хүнд хэцүү үед аль болох цалинг нь таслахгүйг хичээж байна. Мэдээж хэвийн үед ажиллаж байснаас өөрчлөлт гарсан. Ганцхан надад ч тулгарсан зүйл биш л дээ. Өнгөрсөн нэгдүгээр сарын 27-нд шийдвэр гарч хөл хорио тогтоосноос хойш баялаг бүтээгчдийн дундаас 46000 ажлын байр байхгүй болсон байна. Энэ дунд өртчихгүйхэн шиг даваад гарах гээд их хичээж байна. Гол хоёр үйлдвэрлэл болох мах, аялал жуулчлалын салбар маань таг зогссон байгаа. Нэлээн том шалгуурын жил болж байна. Сэтгэлийн тэнхээ хүчийг шаардаж байна. Гэхдээ даваад гарах нь ойлгомжтой. Энэ жил бас сонгууль болох гэж байна. Сонгогчид маань зөв хүмүүсээ зөв залуучуудаа сонгоод монголчуудынхаа төлөө ажиллах ээлтэй засгийн газар байгуулагдаж чадвал энэ өвчний дараа Монголд сэргэх бизнес зөндөө байгаа. Мал аж ахуй, аялал жуулчлалын салбарт том боломж байна гэж харж байна. Тиймээс одоог биш алсыг харж өөрсдийгөө тайвшруулаад зүтгэж байна даа.

-Дэлхий нийтээр хямарсан энэ цаг үед өөрсдөө үйлдвэрлэгч байхын үнэ цэнийг энэ өвчин бидэнд мэдрүүлж байх шиг?

– Монголчууд юу хийж бүтээж чаддагийг харуулж байна. Хил гаалиа хаагаад хоёр гурван сар болж байна. Хүнсний хомдсол үүссэн юм алга. Барааны үнэ хөөрөгдсөн юм алга.  Энэ монголчууд ямар сайхан баялаг бүтээгчид юм бэ,  бизнесийн орчин нь ямар таатай, эрүүл хөрстэй юм бэ гэдгийг гадныхан олж хараасай. Манай гэрийн хөргөгчинд гадны хүнс нэг ширхэг ч алга. Мах, өндөг, сүү, ногоо гээд бүгд монголынх. Боломж тэр чигээрээ байна гэсэн үг. Хамгийн гол нь бидний хүсээд байгаа зүйл бол биднийг бодлогоор дэмжээд өгөөч, бараа бүтээгдэхүүнийг минь экспортод гаргаад өгөөч. Би ганцаараа хил дээр гүйж очоод бараагаа өгчихдөг юм биш. Яагаад үйлдвэрлэгчдийнхээ өмнөөс “Манайхан ийм юм үйлдвэрлээд байна. Танай улс руу гаргамаар байна” гээд хэлээд, хэлцээд өгч болдоггүй юм бэ.  Хятадын баячууд нэг нэгэндээ юу гэж аархдагийг мэдэх үү. “Би жилд нэг удаа ургадаг төмс иддэг” гэж баярхдаг юм билээ. Би хамт ширээнд сууж байгаа хүнийгээ тэгж хэлэхэд эхлээд ойлгоогүй. Гэтэл Хятадад улирал тутам сар тутам ургац авдаг юм байна. Жилд нэг удаа ургадаг гэдэг нь эрүүл хөрсөнд ургасан органик хүнсээ гайхуулж байгаа нь тэр юм байна. Гэтэл бид өдөрт тэр эрүүл хүнсээ хэдэн удаа иддэг билээ.  Монголд ямар их баялаг байгааг энэ жишээнээс харж болно. Тэнд Доржийн тарьсан чацарганыг экспортод гаргаж яагаад болохгүй гэж. Өнөөдөр уул уурхайгаа яриад маргааш үйлдвэрлэгчээ яриад хольж болдоггүй юм уу. Уул уурхай бол Монголын ирээдүй гэсэн үгэндээ бат нот итгэчихээд суугаад байх юм. Гэтэл газар дорх баялаг нэг л өдөр шавхагдана биз дээ. Алтнаас алт ургах уу.  Харин мал аж ахуй, газар тариалан гээд өсөөд үржээд л явдаг салбаруудаа яагаад тоодоггүйг үнэхээр ойлгохгүй байна.  

Олж анхаарахгүй ч биш хүсэхгүй байгаадаа л учир байгаа байх. Монгол Улсын хөгжлийн гарцыг тэд тодорхойлохыг хүсэхгүй байна шүү дээ.

Өнөөдөр Монголын 3.2 сая хүн их биш шүү дээ. “Самсунг” корпораци дэлхий даяарх салбарууддаа зургаан сая ажилтантай. Тэд бүгд  баталгаажих төвшнөөс дээг орлоготой, аз жаргалтай амьдарч байна. Гэтэл энэ улсад өргөн уудам тал нутаг, хөдөө, мал аж ахуй, асар их оюуны потенциал байна. 2015 оноос хойш л ингэж дуугарч байна даа. Одоо л өөрчилж авахгүй бол орхигдож дарагдах гээд байна. Хэдхэн хүний гарт бүх зүйл байх ёстой гэдэг бодлоороо үлдэх гээд байна. Тиймээс цаашид ч үйлдвэрлэгчдийнхээ дуу хоолой байсаар байх болно.

-Таны ажилладаг салбар, зорьж, ярьж байгаа зүйлс байгальтайгаа ойрхон юм. Төрж өссөн нутагтай нь холбоотой болов уу?

-Би Увс аймгийн Өмнөговь суманд төрсөн. Манай нутагт дэлхий дээр байж болох бүх байгаль бий. Говь цөл, хангай, тайга,  мөсөн гол, ой хөвч, тал хээр нь байдаг. Өвөлдөө хасах 45, дундаа нэмэх 40 хүрдэг эрс тэс уур амьсгалтай.  Сүрлэг хайрханууд, том нууруудтай. Хүн өөрөө байгалийн бүтээл гэдэг. Тиймээс миний хувьд байгаль дэлхийтэйгээ ойрхон байхыг хичээдэг. Чөлөөт цаг гарвал л аялах дуртай. Миний хувьд аялал жуулчлал, мал аж ахуй гээд голлох салбаруудаа нутагтаа хөгжүүлэх туйлын зорилготой. Шууд өнөөдөр бодоод маргааш хийчихдэг хүн биш л дээ. Аливаа зүйлийг чанартай, тооцоо судалгаатай хийхийг тэргүүнд тавьдаг. Тиймээс аймагтаа хэрхэн аялал жуулчлалыг хөгжүүлэх вэ гэсэн судалгаан дээр тав орчим жил ажиллаж байна. ЖДҮ, баялаг бүтээгчдээ дэмжих, хөгжлийн гарц нь тодорхой үйлдвэрлэгч аймаг болгоод хөгжүүлчих юмсан гэсэн хүсэл зорилго надад бий.  Өвөө минь төрд 44 жил туувар туусан хүн байсан. “Монгол малын мах бол мах махны хаан шүү. Хэрэв ирээдүйд боломж нь олддог юм бол монгол махыг дэлхийд таниулаарай” гэж надад хэлж байсан. Би тэр замаар нь л явж байгаа.  Иймэрхүү л гоё гоё хүсэл мөрөөдөлдөө хөтлөгдлөж  хийж явж байгаа хүн л дээ. Яахав өмнөхөө чимээгүй хийгээд явж болно л доо.  Гэтэл энэ улсад төрсөн иргэнийхээ үүргийг дутуу биелүүлээд байгаа юм шиг санагдаж байна. Нүдэн дээр байгаа алдааг бид хамтдаа засахгүй бол болохгүй байгаа учраас үйлдвэрлэгчээс тэмцэгч болоод явж байна. Мэдээж гудамжинд уриа лоозон барихаас илүү шийдэл, гарцыг гаргаж ирэхийг хүсдэг. Хүний хувьд зөөлөндүү зан чанартай болохоор хатуу хүчээр гэхээс илүү яавал өөрчилж болох вэ, зөв, өгөөжтэй, хүртээмжтэй байдлаар шийдэж болох вэ гэдэг талаас нь харж ирлээ.

-Сүүлийн үед залуучууд хийж бүтээх, үйлдвэрлэхийг зорих болжээ. Энэ салбарт олноороо орж байна. Тэднийг хүсэл мөрөөдлөөсөө ухрахгүй байхад нь та ямар зөвлөгөө өгөх вэ?

– 2009 он буюу 11 жилийн өмнө намайг бизнеэсээ эхэлж байхад бидний үеийн залуус гайгүй ажилд орохоо л бодож байсан. Над шиг шууд үйлдвэрлэгч болох залуус цөөхөн байсан. Гэтэл одоо хүмүүсийн хандлага, чиглэл маш их өөрчлөгдөж байна. Ялангуяа залуучууд үйлдвэрлэлийн салбарт орж байгаа нь үнэхээр сайхан байна. Өөрсдөө хийж байна, өмсөөд сурталчилж байна. Би ганцаараа биш болсон байна. Урьд нь залуучуудын төлөөлөл болоод ганцаарддаг үе байсан. Тэгэхээр одоо энэ хүмүүсийн төлөө дуугараад, төр засгийн шийдвэр гаргаж байгаа хүмүүсийг бодлогоор хангаач гээд шаардаад байгаа нь үүнтэй холбоотой. Энэ оргилуун хүсэлтэй залуусын зориг мохох вий, шантрах вий. Надад шантрах үе байсан. Тэр үедээ би “Ер нь ингээд буугаад өгөх байсан юм бол яах гэж чи эхлүүлсэн юм бэ” гээд нулимсаа арчаад л босдог байсан. Залуу хүн маш хурдан урам авдаг, бас хурдан унтардаг, шантардаг. Тиймээс энэ түрээд гараад ирж байгаа залуусынхаа урд бид зогсмоор байна, хамгаалмаар байна. Залуучууддаа, дүү нартаа хэлэхэд бид хамтдаа л энэ нийгмийг бүтээх ёстой. Үндэсний үйлдвэрлэгчид баян байж үндэстэн өөрөө баян байна. Хоёр том зах зээлийн дунд бид амьдарч байна. Тиймээс Монгол дотроо өрсөлдөх биш дэлхийн зах зээлд тэмүүл. Энэ хоёр том зах зээл рүү манай залуучууд юу ч хийгээд экспортолж чадна. Юун саарал, хар жагсаалт. Энэ сайхан залуу боловсон хүчнүүдийг дэмжээсэй, битгий дараасай. Харамсалтай нь дараад байна л даа. Тиймээс  зоригтой бай, хэнээс ч битгий үзэл бодлоо нуу. Өөрийнхөө төлөө хөдөлмөрлө, хичээ, тэмц, бид олуулаа болж байж дуу хоолойгоо хүргэнэ. Бидний хоолой зөв дуу хоолой учраас ичих хэрэг байхгүй. Хэрэв шантрах үе гарвал яах гэж эхлүүлснээ сана. Хүний амьдрал гэдэг эхлүүлээд, хаяад байх урт хугацаа байдаггүй. Мөн хэзээ ч битгий нэгнээ өрсөлдөгч гэж хар. Зөвхөн Монголын зах зээл гэж байхгүй .Дэлхийн зах зээлийг хар. Энэ германы үзэг Монголд байгаа шиг Монгол үзгийг Германд яагаад гаргаж болохгүй гэж. Нэгдэн нийлээд нэгнийхээ үзэл бодлыг хүндэтгэ, хамтдаа дуу хоолойгоо хүргэ, хамтдаа зүтгэ. Цаг өөр болсон, бид өөрчлөх ёстой. Өнгөрсөн хугацаанд бид хэтэрхий даруухан байлаа. Итгээгүй биш итгэсэн учраас чимээгүй л хөдөлмөрлөсөн. Одоо харин өөрчлөх хэрэгтэй.

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа

Санал болгох