Бидэнтэй нэгдэх

Үзэл бодол

Б.Баярдаваа: Бодлогын хүү буурснаар банкуудын зээлийн нийлүүлэлт нэмэгдэж, хүү буурах өрсөлдөөнийг дэмжинэ

Огноо:

,

Монголбанкны Мөнгөний бодлогын газрын захирал Б.Баярдаваатай ярилцлаа.

- Мөнгөний бодлогын хороо хуралдаж, бодлогын хүүг дахин буурууллаа. Энэхүү шийдвэрийг гаргах болсон гол үндэслэл юу байв гэдгээс ярилцлагаа эхэлье. 

- Гуравдугаар сарын 11-нд мөнгөний бодлогын хороо хуралдаж, бодлогын хүүг 1 нэгж хувиар бууруулж, 10 хувь болгосон. Үүнээс сарын дараа буюу дөрөвдүгээр сарын 13-нд Мөнгөний бодлогын хороо дахин хуралдаж, бодлогын хүүг 10 хувиас 9 хувь болгож буурууллаа. Үүний хамгийн гол шалтгаан нь гадаад эдийн засгийн орчин, түүнээс улбаатайгаар дотоод эдийн засаг агших эрсдэл үүссэнтэй холбоотой. Хоёрдугаарт, энэ манай эдийн засгийн гол улиралтай давхцаж байгаа нь ойрхон хугацаанд дараалан шийдвэр гаргах шалтгаан юм. Түүнчлэн хүндрэлд орсон хэрэглээний зээлийн хугацааг 12 сараар сунгах бололцоог шийдвэр гаргалаа. Энэ өрхийн хувьд зээлийн эргэн төлөлттэй холбоотой санхүүгийн дарамтыг бууруулах, улмаар хэрэглээний сөрөг шокыг зөөлрүүлэх байдлаар эдийн засгийн эрэлтийг дэмжих зорилготой.

- Гадаад эдийн засгийн нөхцөл байдал ямар байна вэ. “Ковид-19” цар тахалтай холбоотойгоор дэлхийн эдийн засаг хямарч, буурч байна шүү дээ. Яг нөхцөл байдлыг төв банк хэрхэн харж, дүгнэж байна вэ?

- Монголбанкны зүгээс 2018 оны сүүлээс эхлээд олон нийт, бизнес эрхлэгчдэд гадаад эдийн засгийн орчин таагүй байх нь гэдгийг анхааруулж байсан. Гэхдээ шалтгаан нь бидний бодсоноос өөр байлаа. Ковид үүсээгүй байсан ч ер нь гадаад орчин муудахаар байсан гэсэн үг. Гэхдээ ийм гүнзгий хүнд биш байх байсан. Ковид-19 вирусээс улбаалсан энэ нөхцөл байдал дэлхийн эдийн засгийн идэвхжил, худалдаа, санхүүгийн зах зээлд доргио үүсгэж маш гүнзгий уналт, тодорхой бус байдалд хүргэлээ. ОУВС-ийн дэлхийн эдийн засгийн хандлагын тайлангаас харахад 3 сарын өмнө +3 хувийн өсөлттэй байхаар хүлээгдэж байсан дэлхийн эдийн засгийн өсөлт –3 хувь болж, 6 хувийн өөрчлөлт бий болж байна. Энэтхэг, Хятадыг эс тооцвол дэлхийн эдийн засгийн 2/3-ийг бүрдүүлдэг 10 том эдийн засаг 2020 онд 5-9 хүртэлх хувиар агшихаар байна. Оны эхнээс хөрөнгийн зах зээл дээр үнүүд 20-30 хувиар, таваарын үнүүд дунджаар 20 гаруй хувиар, үүний дотор металлын үнүүд 15 орчим хувиар унаж, эрчимтэй хөгжиж буй орнуудаас валют их хэмжээгээр америк руу шилжиж, тэдгээрийн үндэсний мөнгөн тэмдэгтийн дунджаар ханш 10 гаруй хувиар ам.долларын эсрэг суларч, эрсдлийн үнүүд 3-4 дахин нэмэгдсэн, хөгжиж буй улс орнуудын Засгийн газрын зээлжих хүү 2 дахин өссөн зэрэг нөхцөл байдал үүсээд байна.

- Хэдий хэр хугацаанд вэ?

- Одоогийн нөхцөл байдлаас харахад сайнаар бодоход энэ оны 2-р хагаст сэргэлт эхлэх нэгмдэл таамаглалтай. Гэхдээ энэ хямрал нь өмнөх хямралуудаас шалтгаан, үр дагавар, хямралаас гарах жор нь ялгаатай болохоор тааварлахад маш хэцүү. Эдийн засгийн бус шалтгаанаас хамааралтай. Тэр вирус, түүний тархалт, түүнийг эмчилэх хяналтандаа оруулж чадах эсэхээс сэргэлт хамаарна. Аль ч улс хичнээн мөнгө нийлүүлээд хөл хорио бүрэн тавигдаагүй бол, тавигдсан ч хүмүүсийн айдас болгоомжлол арилаагүй тохиолдолд эдийн засгийн бодлогын үр нөлөө сул байх болно. Тухайлбал, 2008/09 оны хямрал бол санхүүгийн зах зээлээс улбаалан эрэлтийг агшаасан хямрал байсан.  Энэ удаагийнх бол өвчний нөхцөл байдлаас үүдэлтэй хөл хорио тогтоож, хүмүүс гэртээ үлдсэнээр эдийн засгийн идэвхжил, үйл ажиллагаа зогсож байгаа. Энэ нь эрэлтийг эрс бууруулж, улмаар нийлүүлэлтийн суваг тасарсан. Түүнчлэн, санхүүгийн зах зээл дээр 2008, 2009 оных шиг хүчтэй доргио үүсч, хөрөнгийн үнэ цэнүүд унасан.

- Гуравдугаар сард Монголбанк бодлогын хүүгээ бууруулж, 10 хувь болгосон. Тодорхой хугацааны дараа буюу өнгөрсөн даваа гарагт дахин 1 нэгж хувиар буурууллаа. Тэгэхээр өмнөх удаагийн 1 хувийн бууралт хангалтгүй байсан уу?

- Бодлогын хүүгийн бууралтын үр дүн 14 хоног эсвэл нэг сарын дотор гарахгүй. Яагаад гэвэл бид зах зээлийн харилцаанд амьдарч, бизнес хийж байгаа. Тэгэхээр бизнесийн харилцаанд өөрчлөлт гарч байж, үр дүн нь гарна. Бид яагаад гуравдугаар сараас хойш дахиад нэг сарын дараа бодлогын хүүг бууруулсан бэ гэхээр эдийн засгийн төлөв байдлын муу нөхцөл байдал нь хүлээснээс давж байна. Өөрөөр хэлбэл, 2, 3 дугаар сарын төлөвт үндэслэн эдийн засгийн өсөлтийг 2020 онд 4 орчим хувь буюу 2-р улирлаас байдал сайжирахаар хүлээж байсан. Хятадын хувьд таамаглал биелсэн боловч Европ, Америкийн  нөхцөл байдал муугаар эргэсэн. Шинэчилсэн нөхцлөөр бол хоёрдугаар улирлыг дуустал дэлхий нийтэд энэ вирусийн нөхцөл байдал хүнд хэвээр байх нь. Америк, Европ хоёр улс сайнаар бодоход хоёрдугаар улиралдаа багтаад вирусийн тархалтыг хяналтандаа авсанаар гадаад орчиныг даган дотоод орчин сүүлийн хагаст сэргэнэ гэж үзэж байгаа. Өөрөөр хэлбэл, сэргэлтийг 1 улирлаар хойшлуулсанаар эхний хагас бүхэлдээ ЭЗӨ хасах байж, сүүлийн хагаст сайжирах ч эдийн засгийн өсөлтийг 1.8 хувь болгож буурууллаа. Бодлогын хүүнээс гадна Монголбанкнаас заавал байлгах нөөц, банкуудад олгож байгаа санхүүжилтийн хүү, банкуудын төв банк дахь хадгаламжийн хүүг бууруулахын зэрэгцээ хэрэглээний болон бизнесийн зээлийн нөхцөлийг өөрчлөх боломжийг арилжааны банкуудад олгож байна. 

- Бодлогын хүү буурсанаар зээлийн хүү буурах уу?  

- Бодлогын хүү гэдэг Төв банк болон арилжааны банк хоорондын зээл, хадгаламжийн хүүний суурь хүү юм. Энэ нь цаашаа банк болон ААН, иргэд хоорондын зээл, хадгаламж зэрэг хэлцлийн суурь хүү болдог. Бодлогын хүүг бууруулсаны зорилго нь бизнесийн идэвхжлийн хаврын улиралд зээлийг аль болох эдийн засаг руу гаргах зорилготой. Өөрөөр хэлбэл, банкнуудын нөөц төв банкны үнэт цаасанд байрших таатай боломжийг бууруулж байгаа юм. Банкууд нөөцийнхөө тодорхой хувийг нь харилцагчийнхаа төлбөр тооцоог шуурай гүйцэтгэхийн тулд төв банкинд байршуулах ёстой. Энэ нөөцийн дундаж өгөөжийг бодлогын хүү тодорхойлдог.  Нөгөө талд нь банк эх үүсвэрээ зээлд гаргах ёстой. Өнөөдрийн байдлаар зээлийн дундаж хүү 17 хувь байна. Түүнчлэн банкууд 12-13 хувиар хадгаламж татаад, 9 хувийн хүүтэй Төв банкны үнэт цаасанд байршуулах нь алдагдалтай. Бас бодлогын хүү буурснаар зээл олгоогүй алдагдсан боломжийн өртөг нэмэгдэж байна. Зээл олгохгүй бол 9% дээр нөөцөө байршуулна гэсэн үг. Иймд бодлогын хүү 11%-иас 9% болж буурсан нь банкуудыг санхүүгийн механизмаар зээл гаргахыг шахаж байгаа юм. Түүнчлэн бодлогын хүү буурснаар нөөц дутагдах үед Төв банкнаас банкуудын авдаг санхүүжилтийн хүү дагаж буурдаг. Энэ хүү 13%-иас 10% болж буураад байна.

- Бодлогын хүү бууруулсанаар өөр ямар боломжууд бий болох вэ?

- Бодлогын хүү буурч зээл олгоогүй алдагдсан боломжийн зардал өсч байгаа нь зээлийн зах зээл дээрх банкуудын өрсөлдөөнийг ширүүсүүлнэ. Энэ өрсөлдөөн нь зээлийн хүү, зээлийн хуагцаа, үнэлгээ, барьцаа хөрөнгө, санхүүгийн зөвлөгөө гэх мэт олон янзаар илэрнэ. Энэ зээлдэгчидэд илүү таатай нөхцөлийг бий болгоно. Өнөөгийн орчинд зээлдэгчийн сууриа тэлж чадсан банк түр зуурын шинжтэй энэ хямралт нөхцөл байдал арилахад илүү хурдан өсөх бололцоог олж авах тул сайн зээлдэгчийн төлөөх банкуудын өрсөлдөөн ширүүн байх болно. Мэдээж энэ нь тухайн банкны санхүүгийн чадавхиас бас хамаарна. Урт хугацааг харж, харьцангуй тогтвортой байдлыг эрхэмлэдэг банкуудын давуу тал өдийд илрэх боломжтой. 

Үүсээд байгаа нөхцөл байдалд Монголбанкнаас авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээнүүд аль аль талдаа дэмжлэг болж чадаж байна гэж харж байгаа юу?

Бид нэг талаас банкуудыг санхүүгийн механизмаар маш хүчтэй шахаж байгаа. Эдийн засгийн хувьд тодорхой бус нөхцөл байдал үүссэн байгаа үед зээл олгохыг шахаж байгаа гэдэг нь тэднийг тодорхой хэмжээнд эрсдэл үүрэхийг шаардаж байна гэсэн үг. Нөгөө талдаа шинэ зээл гаргахдаа банкууд хөшүүн байж болох талтай тул зээлийг банкинд эргүүлэн татагдахаас илүү зээлдэгчийн гар дээр нь үлдээх зорилгоор эргэн төлөлтийг хойшлуулах, хугацааг сунгах зэрэг арга хэмжээг макро зохистой бодлогын хүрээнд авч хэрэгжүүлж байна. Түүнчлэн банкууд төлбөр түргэн гүйцэтгэх чадвараа сайжруулах зорилгоор Төв банкнаас зээл авах нөхцөл үүсвэл энэ хэрэгцээг илүү хямдаар хангах үүднээс санхүүжилтийн хүүгээ 13% байсныг 10% болгож бууруулаад байна. Банкинд зээл олгох барьцаа хөрөнгийн жагсаалтыг ч бас нэмэгдүүлсэн.

Банкуудад одоо байгаа зээлийнхээ хугацааг 12 сараар сунгах болсон үндэслэл юу вэ?

Өмнө нь дурьдсан дээр нэмж тодруулъя. Хямралын үед, эдийн засагт тодорхой бус нөхцөл байдал бий болсон үед бидний хэллэгээр эдийн засагт “Зээлийн тасалдал” бий болдог. Нэг ёсондоо санхүүгийн байгууллага өөрийнхөө үүрэх эрсдэлийг бага байлгахыг зорьдог. Харилцагчийн хадгаламжийг татаад, зээл болгож байгаа учраас харилцагчийн мөнгийг эрсдэлгүй байлгахын тулд зээлээ эрсдэлгүй байлгах ёстой. Энэ эрсдэлийг бууруулах үүднээс зээл гаргах шалгууруудаа чангатгаад, зээл олголтоо эрс багасгадаг. Ийм нөхцөл байдал үүсэх эрсдэл байгаа учраас банкны зээл рүү татагдаад байгаа мөнгөн хөрөнгийг аль болох эдийн засагт нь үлдээх бодлогын арга хэмжээ авч байгаа юм. Гуравдугаар сард Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөл дээр ярьсны дагуу бизнесийн болон хэрэглээний зээлийг 3 сараар хойшлуулах шийдвэр гарсан. Үүнээс хойш арилжааны банкуудад дөрөвдүгээр сарын эхээр авсан мэдээгээр 600 гаруй тэрбум төгрөгийн зээлийн эргэн төлөлтийн хуваарь, бүтцэд өөрчлөлт орсон байна.

Хугацаа сунгаж байгаа нь мэдээж тодорхой хэмжээнд эргэн төлөлт нь хүндэрч байгаа зээлүүдэд хамаарах байх? Зээлдэгч энэ боломжийг яаж ашиглах вэ? Яаж хэрэгжих вэ?

Хүндрэлд орсон зээл хамаарна. Зээлдэгч аль болох эрт банкиндаа хүсэлтээ гаргах ёстой. Ажилгүй болсон, ажлын цаг багассан, эсвэл гэр бүлийн гишүүн ажилгүй болсон гэх зэрэг мэдээллээ арилжааны банкиндаа өгнө. Ингэснээр зээлдэгч Монголбанкнаас олгож байгаа хугацаанд харьцангуй зээлийн дарамт багатай байх боломж бүрдэнэ. Хэрэгжилтийн хувьд энэ маш том ажил болно. Тухайлбал, зээлдэгчийн тоо 1.2 сая байхын зэрэгцээ олон хүн цуглуулахгүй байх, цахим хэлбэрээр зохион байгуулах гээд банкууд дээр ачаалал их байгаа.

Эдийн засгийн нөхцөл байдалтай уялдаад Монголбанк тодорхой хэмжээний арга хэмжээ, шийдвэрүүдийг гаргаж байна. Цаашид юун дээр анхаарах вэ?

Нэгд, тодорхой бус байдал өндөр байгаа тул эдийн засгийн нөөц, бодлогын орон зайг аль болох хэмнэх, хамгаалах шаардлагатай. Хоёрт, манай эдийн засгийн дотоод идэвхжилийг эцэстээ гадаад урсгал тодорхойлох учраас гадаад валютын урсгалыг нэмэгдүүлэх, тухайлбал экспортоо сэргээх, 1-р улиралд алдсан экспортоо нөхөх. Гуравт, хөрш орнууд, донорууд, олон улсын санхүүгийн байгууллагуудтайгаа харилцаагаа эрчимжүүлэх. Дөрөвт, ААН, өрхийг дампуурал хүндрэлээс сэргийлэхийн зэрэгцээ өнгөрсөн хугацаанд бий болгосон бодлогын зарчмуудаа хадгалж хамгаалах, зах зээлийн үндсэн зарчмуудаа хадгалах нь чухал гэж бодож байна.

Ярилцсанд баярлалаа. 

Эх сурвалж: Монголбанк

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа
Монгол Улсын Их Хурлын 2020 оны сонгуулийн санал хураалт дуусах хүртэл сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хаасан тул хүлцэл өчье. SHUDARGA.MN сайтын редакц

Үзэл бодол

Н.Баярчимэг: Миний боловсрол Монголд хэрэгтэй

Огноо:

,

Эгэл жирийн амьдралаас өөрийн хичээл зүтгэл, тууштай шаргуу хөдөлмөрөөр амжилтаа ахиулсаар яваа шилдэг залуу боловсон хүчин Н.Баярчимэгтэй ярилцлаа.

“Миний боловсрол Монголд хэрэгтэй” гэсэн түүний зоримог үг өөрийн эрхгүй сэтгүүлч миний анхаарлыг татав. АНУ-д магистр хамгаалж, Люксембургийн хамтын ажиллагааны нийгэмлэг болон Харвардад мэргэжил дээшлүүлж, хууль эрх зүй, олон улсын бизнесийн удирдлага, хөрөнгө оруулалтын чиглэлээр ажиллаж, томоохон хөрөнгө оруулалтын төслүүдийн удирдлагын багт ажиллаж ирсэн түүний ажлын туршлага, тэмүүлэл зорилгыг уншигч танд хүргэхийг зорилоо.

-Нэгэнт ажил хэрэгч бүсгүйтэй уулзаж байгаа болохоор ярилцлагаа таны боловсрол эзэмшсэн байдлаас эхэлье гэж бодлоо.

-Төв аймгаас МУИС-ийн Хууль зүйн сургуульд суралцах хуваарь аваад Улаанбаатар хотод анх орж ирэхдээ л ганц биеэр гурван хүүхдээ өсгөсөн ээжийнхээ ачийг хариулна, эх орондоо ихийг хийж бүтээх сайн боловсон хүчин болно гэсэн том зорилго өвөртөлсөн. Ингээд оюутан байхдаа бага ангийн хүүхдүүдэд Англи хэл, Математикийн хичээл зааж, хэрэглээний мөнгөө олдог байлаа. Бас янз бүрийн төсөл, хөтөлбөрт хамрагдаж, иргэдэд үнэ төлбөргүй хуулийн зөвлөгөө өгдөг гэх мэтчилэн нийгмийн идэвхтэй оюутан байсан.

АНУ-д суралцах завшаан олдсон минь миний хувьд нүдийг минь нээсэн амьдралын том туршлага болсон. Гадаадад сурч буй оюутнууд сургалтын төлбөр, амьдрах өртгөө өөрөө хариуцна гэхээр мэдээж амаргүй. Таван жил мэрийн суралцсаны эцэст АНУ-ын Калифорни муж дахь Пэсифик Стэйтс Их Сургуулийг “Онцлох оюутан” гэдэг сертификаттай төгсөж, тус сургуульдаа ажиллах санал авсан. Үнэхээр их баярлаж байсан боловч таван жил уулзаагүй ээжийгээ бодоод шууд л Монголоо зорьсон. Үнэндээ ээжийнхээ дэргэд байхын зэрэгцээ эх орондоо очиж ажиллаж, өөрийн олж авсан мэдлэг туршлагаа Монголынхоо төлөө зориулах юмсан гэсэн чин хүсэл намайг ёстой л эзэмдэж байсан гэх үү дээ./инээв/

-Дэлхийн боловсролыг эзэмшээд хамгийн түрүүнд юу хийж бүтээмээр санагдсан бэ?

-Эх орондоо ирээд, анх банкинд хөрөнгө оруулалтын банкны асуудал хариуцсан хуульчаар ажилд орсон. Үүнтэй холбоотойгоор, хөрөнгө оруулалтын сан, хөрөнгө оруулалтын менежментийн компани байгуулах, түүний эрх зүйн орчныг сайжруулах гэх мэт ажлуудыг санаачлан хэрэгжүүлэх ажилд голлох үүрэгтэй оролцсон. Улмаар Үндэсний хөгжлийн газарт ажиллах хугацаандаа сурсан зүйлсээ бусадтайгаа хуваалцаж, улсын хөгжлийн цогц бодлого, урт, дунд хугацааны хөгжлийн төлөвлөлт, хөрөнгө оруулагчийн хууль ёсны эрх, ашиг сонирхлыг хамгаалах чиглэлээр дэмжлэг үзүүлэх, концесс, төр хувийн хэвшлийн түншлэлийн бодлого гэх зэрэг бусад олон чиглэлээр мэргэшсэн. Энэ нь цаашдаа эх орондоо илүү ихийг хийж бүтээх алсын харааг надад өгсөн гэж хэлж болно.

 

-Уул уурхайн салбарт ажиллаж байсан байна. Энэ хугацаанд хийж байсан ажил, туршлагаасаа хуваалцаач?

-Товчхондоо, эрдэс баялгийн салбар дахь гэрээний мэдээллийн цахим сангийн үр нөлөө, тогтвортой ажиллагааг дэмжих хүрээнд ашигт малтмалын газар болон нутгийн захиргааны байгууллагаас тусгай зөвшөөрөл эзэмшигчтэй байгуулсан гэрээнүүдийг ил тод болгох, Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хууль, Жендэрийн эрх тэгш байдлыг хангах үндэсний хөтөлбөр /2017-2021/-ийг хэрэгжүүлэх хүрээнд Эрдэс баялгийн салбарын жендерийн бодлогын баримт бичиг боловсруулах, Эрдэс баялгийн салбарт хүчин төгөлдөр үйлчилж буй хууль тогтоомжуудын давхардал, хийдэл, зөрчлийг арилгах үүднээс холбогдох хууль тогтоомжуудад нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг боловсруулах зэрэгт голлох чиг үүрэгтэй оролцож байсан. Мөн Канад улсын Торонто хотноо жил бүр зохиогддог, дэлхийн хайгуул, уул уурхайн чиглэлийн хамгийн томд тооцогдох PDAC /Канадын хайгуулч, олборлогчдын холбооны чуулга уулзалт/ - 2018-д оролцож, уг арга хэмжээний үеэр зохион байгуулагдсан Монголын форум дээр “Монголын уул уурхайн салбарын хууль, эрх зүйн орчин” сэдвээр илтгэл, танилцуулга хийж байсан.  

-Тэгвэл хэдхэн хоногийн өмнө Монголчууд анх удаа 1072 хувьцааны ногдол ашиг гэж мөнгө авлаа. Эрдэнэс-Тавантолгой ТӨХК-д та Хууль зүйн асуудал эрхэлсэн Дэд захирлаар ажиллаж байсны хувьд асуухад энэ ногдол ашгийн мөнгө цаашид нэмэгдэх боломжтой юу?

-Ногдол ашиг гэдэг нь компанийн ашгийн хуваарилалт. Эрдэнэс-Тавантолгой ХК урт удаан хугацаанд ашигтай ажиллах нэг шийдэл нь дотоод, гадаадын хөрөнгийн зах зээл дээр хувьцаагаа гаргах юм. Үүнтэй холбоотойгоор гарсан УИХ-ын 2018 оны 73 дугаар тогтоол гэж бий. Тодруулбал, энэ нь Тавантолгойн нүүрсний ордын үйл ажиллагааг эрчимжүүлэх замаар цогцоор нь хөгжүүлэх, ордын үнэ цэнийг өсөх, эдийн засгийн үр өгөөжийг нэмэгдүүлэх, насжилтыг уртасгах, мөн компанийн засаглалыг сайжруулах руу чиглэн гарсан тогтоол юм. Уг тогтоолыг хэрэгжүүлвэл иргэдийн эзэмшиж буй хувьцааны өгөөж мэдээж нэмэгдэнэ.

-Сайхан хэрэг байна. Ер нь ажил хэрэгч хүн бүрт өөрийн гэсэн ажлын арга барил байдаг. Таны ажлын арга барилын гол онцлог юу вэ? Хуульчийн мэргэжлийг зарим хүмүүс уйтгартай гэхийг ч олонтаа сонсож байлаа.

-Би энэ мэргэжилдээ үнэхээр хайртай. Хуулийн салбар их сонирхолтой, их цаг, нарийн мэдрэмж шаарддаг амаргүй ажил. Гэвч “ухах” тусам улам бүр судлах хүсэл эрмэлзэл төрүүлдэг тийм л увидастай ажил мэргэжил. Нөгөөтэйгүүр бас буянтай ажил. Хүмүүс бид өдөр бүр эрх зүйн харилцаанд оролцож, хуулийн хүрээнд, хуулинд захирагдаж амьдардаг. Гэвч хуулийн мэдлэг дутмагаас болж нийгмийн харилцаанд эвгүй байдалд орох, алдаа гаргах нь элбэг байдаг. Тийм ч учраас оюутан байхаасаа Хууль зүйн клиник сургалтын төвөөр дамжуулан иргэдэд хууль зүйн боловсрол олгоход чиглэсэн “Хуулийн цаг” телевизийн нэвтрүүлэгт оролцож байлаа. Мөн төлбөрийн чадваргүй иргэдэд үнэ төлбөргүй хууль зүйн туслалцаа, зөвлөгөө өгдөг байсан.

 

-“Миний боловсрол Монголд хэрэгтэй” гэж ихэд зоригтой хэлжээ. Энэ үгийг тодруулмаар байна. Чухам яаж энэ туршлага, мэдлэг боловсролоо эх орондоо зориулъя гэж бодож байгаа вэ?

-Дээр дурдсанчлан МУИС-ийн Хууль зүйн сургууль, АНУ-ын Калифорни муж дахь Пэсифик Стэйтс Их Сургуулийг дүүргээд, Люксембургийн Хамтын Ажиллагааны Нийгэмлэг, Харвард, Кеннидигийн их сургууль зэрэгт төр, хувийн хэвшлийн түншлэл, төслийн санхүүжилт, хөрөнгө оруулалтын сан, кастодиан банк, азийн орнуудын аж үйлдвэрийн паркийн төлөвлөлт, бүтээн байгуулалт, менежмент чиглэлээр мэргэжил дээшлүүллээ. Энэ бүх мэдлэг мэдээлэл, ажлын туршлага, сурсан эзэмшсэнээ Монголдоо хэрэгжүүлж, Монголынхоо хөрсөнд буулгаж, сайн жишээ, туршлага бүрийг нэвтрүүлэхийг зорьдог. Ер нь тэгээд хэрэгжүүлэхгүй бол энэ бүгдэд сурч боловсорч, мэргэжил дээшлүүлж, тасралтгүй суралцсаны хэргийг юунд гаргах гэж? Өнөөдөр төрийн байгууллагад ажиллаж байгаа минь ч дээрх үгтэй, хэлсэн үгэндээ эзэн байхыг хичээж яваатай минь холбоотой.

-Өнөөдөр та Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын төсөл, хөтөлбөр, хөрөнгө оруулалт, хамтын ажиллагаа хариуцсан орлогчоор ажиллаж байна. Дүүргийн Засаг даргын орлогчоор ажиллаад ямар ажлууд амжуулаад байна?

-Ажлаа хүлээж аваад удаагүй байгаа. Ажилтайгаа, дүүрэгт хэрэгжиж байгаа төсөл, хөтөлбөрүүдийн биелэлт, үр өгөөжтэй танилцаж байна. Нөгөө талаар дүүргийнхээ иргэд, албан байгууллага, сургууль, цэцэрлэг гээд аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаатай танилцаж, хүмүүстэй санал бодлоо нээлттэй хуваалцаж байна. Манай дүүрэгт харьцангуй олон төсөл хөтөлбөр хэрэгждэг, үр өгөөж ч сайн байгаа. Гэхдээ илүү сайжруулах, бас гадаад болон дотоод хамтын ажиллагаагаа өргөжүүлэх шаардлагатай байна. Сонгинохайрхан дүүрэг бол том дүүрэг. Шилжин ирэгсэд ихтэй, жил бүр хүн ам, өрхийн тоо нэмэгдэж байдаг. Үүнийг дагаад хэт төвлөрсөн, гэр хороолол ихтэй, амьдрах орчин нөхцөл тааруу, хүүхдийн сургууль, цэцэрлэгийн хүртээмж, чанар хангалтгүй, ажилгүйдэл ихтэй гээд тоочоод байвал түмэн асуудал бий. Энэ бүхнийг шийдэх хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх чиглэлээр хийхээр төлөвлөсөн нилээд ажлууд бий.

 

-Та гэр бүлийнхээ талаар яриач. Үргэлж ажил ихтэй байна гэдэг ар гэрийнхэнд нь тийм ч сайхан биш байдаг байх. “Амжилттай яваа эрэгтэйн ард сайн гэргий байдаг” гэдэг шиг амжилттай яваа эмэгтэйн ард?

-Би АНУ-аас гучин настай ирсэн. Ирээд л шууд ажилд орсон. Банкны ажил их, өдөр шөнөгүй ажилладаг байж. Аз гэх юм уу даа,  Бурхны бэлэг ч гэх юм уу, би их сайн хүнтэй учирч, гэр бүлийн амьдралаа зохиосон. Бид гурван хүүхэдтэй. Нөхөр маань эрчим хүчний салбарт ажилладаг, эрх зүйч мэргэжилтэй хүн бий. Ийм завгүй ажилладагт маань дургүйцэж үзээгүй, харин ч дэмжиж, миний баттай ар тал болдог ханьдаа их баярлаж явдаг.

-Ярилцлагынхаа төгсгөлд залуу хүний цаашдын зорилгыг асуух ёстой. СХД-т юу хийх таны төлөвлөж буй ажлуудын талаар. Мөн хөрөнгө оруулалтын чиглэлээр мэргэшсэн хүн учраас дүүрэгтээ ямар чиглэлийн хөрөнгө оруулалтыг татах вэ?

-Нийслэлийн хамгийн их хүн амтай, гэр хороолол хэт төвлөрсөн гээд асуудал ихтэй учраас хүрч ажиллах хүрээ өргөн. Юуны түрүүнд хүүхдэд аюулгүй, ээлтэй орчныг бүрдүүлэх, сургууль, цэцэрлэгийн хүрэлцээ, чанарыг нэмэгдүүлэх, залуучуудын боловсролыг дэмжих, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тал дээр илүү хөрөнгө оруулалт нэмэгдүүлэх зорилго, чиглэлтэй ажиллаж байна. Мэдээж эмэгтэй хүн, эх хүний хувьд хүүхэд, эмэгтэйчүүдийнхээ асуудлыг мөн шийдвэрлэхийн төлөө ажиллана. Энд бас нэг хөндөх ёстой асуудал бол төрийн үйлчилгээг иргэдэд ойртуулах. Төрийн үйлчилгээний хүнд суртлыг арилгаж, төрийн байгууллагуудын хоорондын уялдаа холбоог сайжруулах гээд хийх ажлууд ар араасаа эгнэн байна.

Мөн хуульч хүний хувьд, аливаа асуудал бүр дээр боломжит шийдэлтэй байж, хууль тогтоомжийн хүрээнд хэрэгжилтийг ханган ажиллахыг эрмэлзэж байна даа.

-Ярилцсанд баярлалаа. Таны цаашдын их хийж бүтээх хүсэлд амжилт хүсье

Дэлгэрэнгүй унших

Үзэл бодол

Талархал

Огноо:

,

Жаахан биедээ баймгүй тэсвэр тэвчээр гарган аюулт өвчинтэй тэмцэж ах дүү гэр бүлийнхээ баатар болсон сайхан хүү Э.Маргад-Эрдэнэ тэнгэрт дэвшсэн гунигт мэдээ сайхан сэтгэлт монгол түмэнд уй гашуу, харуусал төрүүлсэн билээ.

“Улаанбаатар буян” ХХК бурхан болооч хүүгийн буяны ажлыг 100 хувь үнэ төлбөргүй хариуцаж, сэтгэлийн өргөл өргөжээ. Үүнд гэр бүл нь цахим хуудсаараа дамжуулан талархал илэрхийлсэн байна. Уг талархалд “Улаанбаатар буян” ХХК-ны хамт олондоо энэ хорвоогоос одсон бидний бурхан болооч хүү Э.Маргад-Эрдэнэний буяны ажлыг 100 хувь үнэ төлбөргүй бүрэн хариуцан хийж өгч буйд талийгчийн гэр бүл, ах дүү, төрөл төрөгсөд, найз нөхөд, хүүд минь сэтгэл гаргаж тусалсан мянган мянган элэг нэгт ахан дүүсийнхээ нэрийн өмнөөс гүнээ талархаж байна.Танай компанийн удирдлага болон баг хамт олны цаашдын ажил үйлст нь өндрөөс өндөр амжилт бүтээлийг хүсэн ерөөе. Сайн үйлс бүхэн дэлгэрэх болтугай” гэжээ.

Монголын ард түмний сайхан сэтгэл, сайн үйлс бүхэн дэлгэрэх болтугай.

Дэлгэрэнгүй унших

Үзэл бодол

Эрдэнэвангийн хошууныхны эмгэнэл

Огноо:

,

Нийслэл хот есөн дүүрэгтэй. Гэхдээ энэ есөн дүүргээс  Баянгол дүүрэг арай өөр тодотголтой. Улс төрийн хүрээллийнхнээс АН-ын дарга асан  С.Эрдэнэ гэгч хүнд харьяалагдаж, тус дүүргийн иргэд Эрдэнэвангийн хошууныхан гэсэн нэр хоч зүүсээр удаж байна. Уг нь С.Эрдэнэ гэдэг хүн улс төрд анх хөл тавихдаа Багануур дүүргээс гарч ирж байжээ. Гэхдээ тэрээр 1996-2000 онд Баянгол дүүргийн ИТХ-ын төлөөлөгчөөр сонгогдож, Нийслэлийн Баянгол Дүүргийн Засаг даргаар томилогдсноос хойш Баянголчууд С.Эрдэнэ гэдэг хүний харьяалалд бүрэн шилжсэн гэхэд болно.

Тэрээр Баянгол дүүргийн засаг дарга болонгуутаа өөрийнх нь эсрэг үг хэлдэг болгоныг энэ тойргоос шахан зайлуулж, өөрийнхөө хувийн бизнесийг цэцэглүүлж, “Гурван тамир” нэртэй хувийн сургууль байгуулж,  Баянгол дүүрэгт орших Өргөө кинотеатрын ар талд баахан барилга барьж, Тамираар овоглосон сургууль, зочид буудал, зоогийн газар хүртэл байгуулсан. Өөрийнхөө эзэмшил газар дээр өөрийнхөө вант улсыг байгуулсан С.Эрдэнэ ёстой л нөгөө баруун солгойгүй мөнгө тараан УИХ-ын гишүүнээр сонгогдож, хэдхэн жилийн дараа дүүргийн Засаг дарга явсан эр Нийгмийн хамгаалал хөдөлмөрийн яамны сайдаар томилогдов. С.Эрдэнэ Баянголоос хагартал баяжиж, ах дүү нар, үр хүүхдээ ичиж улаахгүйгээр Баянгол дүүргийн ИТХ-д чихэж эхэлсэн. Одоогоос найман жилийн өмнөх түүхийг сөхөж харья.

2012 оны орон нутгийн сонгууль
Энэ үед Баянгол дүүргийн ИТХ-ын сонгуульд АН-ынхан буюу С.Эрдэнэвангийн хүмүүс ялалт байгуулж, 30 суудал, МАН-ынхан 9, МАХН 2 суудал авчээ.  С.Эрдэнэ  хүү  Э.Ганболор, эхнэр Н.Нинжбадгар хүргэн Г.Энхболд охин Э.Содгэрэл нар нь нэр дэвшин гарч ирэв. Энэ бол зөвхөн цусан төрлийн холбоотой хүмүүсийн жагсаалт. Тодруулбал
  1. Н.Нинжбадгар /С.Эрдэнэ сайдын эхнэр/
  2. Э.Содгэрэл /С.Эрдэнэ сайдын охин/
  3. Э. Ганболор /С.Эрдэнэ сайдын хүү/
  4. Б.Лхагвасүрэн /С.Эрдэнэ даргын хамаатан, НДЕГ-т ажиллаж байсан/
  5. Б.Мөнгөнсүх /С.Эрдэнэ сайдын бие хамгаалагч/
  6. Л.Баттулга /С.Эрдэнэ сайдын жолооч/
  7. Г.Энхболд /С.Эрдэнэ сайдын хүргэн, НДЕГ-т ажиллаж байсан/
  8. Т.Сэр-Од /С.Эрдэнэ сайдын бие төлөөлөгч/
  9. Т.Мөнх-Очир /УИХ-ын гишүүн С.Эрдэнийн туслах/
  10. Б.Бурмаа /БГД-ийн тамгын газарт захиргааны хяналтын байцаагч/
  11. Д.Дэлгэрбат /НДЕГ-т ажиллаж байсан/
  12. Э.Мандхай /С.Эрдэнэ сайдын бие төлөөлөгч/
  13. Т.Төгөлдөр /“Гурван тамир” сургуулийн багш/ гэх мэтээр энэ жагсаалт хөвөрч байлаа.
Баянгол дүүргийн ИТХ-ыг ингэж гартаа оруулж авсан С.Эрдэнэ дүүргийн удирдлагыг бас л өөрийнхөө хүмүүсээр дүүргэв.

Тэрээр өөрийнхөө хүргэн Г.Энхболдыг  Баянгол дүүргийн засаг даргын орлогч болгов. Баянгол дүүргийн Засаг даргын тамгын газрын даргаар  НДЕГ-т ажиллаж байхдаа  Мониторингийн хэлтсийн даргаар ажиллуулж байсан Т.Нямцэцэг, Эдийн засаг төлөвлөлтийн хэлтсийн даргаар гэр бүлийн найзууд болох Д.Дулмаа, Худалдаа, үйлдвэрлэл үйлчилгээний хэлтсийн даргаар мөн л хуучин хамт ажиллаж байсан Б.Сүрэнхүү нарыг томилуулжээ.
2016 оны орон нутгийн сонгууль
Баянгол дүүргийн ИТХ-д дахин АН ялалт байгуулж, 41 суудлын 31-ыг С.Эрдэнэвангийн хүмүүс авчээ.
  1. Г.Энхболд  /С.Эрдэнэ сайдын хүргэн, НДЕГ-т ажиллаж байсан/
  2. Б.Бурмаа /БГД-ийн тамгын газарт захиргааны хяналтын байцаагч/
  3. Б.Мөнгөнсүх /С.Эрдэнэ сайдын бие хамгаалагч/
  4. Д.Нарангэрэл /С.Эрдэнийн хамаатан, туслахаар нь ажиллаж байсан/
  5. Л.Баттулга /С.Эрдэнэ сайдын жолооч/
  6. Л.Төмөрчөдөр /С.Эрдэнийн амралтын газрын дарга/
  7. Д.Дэлгэрбат /НДЕГ-т ажиллаж байсан/
  8. Ш.Давааням /С.Эрдэнийн цэргийн найз/
  9. Л.Алтансүх /С.Эрдэнэтэй хамт НДЕГ-т хамт ажиллаж байсан/
  10. Б.Лхагвасүрэн /С.Эрдэнэ даргын хамаатан, НДЕГ-т ажиллаж байсан/
  11. Батням /С.Эрдэнийн ээжийн нэр дээр байдаг Молор трейд ХХК-ны ажилтан/
  12. Х.Болор-Эрдэнэ /Гурван Тамир” дунд сургуулийнх нь хөгжмийн багш/
гэх мэтээр жагсаалт хөвөрч байна. Үүний дараа тэрээр өөрийнхөө хамгийн итгэлтэй хүмүүсийн нэг болох хүргэн Г.Энхболдыгоо ИТХ-ын даргаар, Б.Бурмааг ИТХ-ын дэд даргаар томилуулав.  Баянгол дүүргийн ИТХ-ын дэд дарга Б.Бурмаа С.Эрдэнийг олон жил дагаж яваа бөгөөд 1996 онд түүнийг дүүргийн Засаг дарга байхад Тамгын газарт нь захиргааны хяналт эрхэлсэн байцаагчаар ажиллаж байсан бөгөөд С.Эрдэнийн охины удирддаг “Төгс эрдэм” сангийн гүйцэтгэх захирлаар 2000-2003 онд ажиллаж байжээ.

Дашрамд дурдахад энэхүү “Төгс эрдэм” сангийн нэр дээр хүүхдийн халамжийн төв байгуулахаар авсан газар дээр эдүгээ С.Эрдэнийн “Шонхор тауэр” баригдсан юм. Б.Бурмаа С.Эрдэнийг Нийслэлийн АН-ын дарга байх үед Баянгол дүүргийн Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны тэргүүн, ХАХНХ-ын сайд байх үед нь хүүхэд, гэр бүл хөгжлийн “Өнөр бүл” төвийн захирлаар ажиллаж байснаас харахад тун ойрын итгэлтэй хүн нь ажээ. Тиймээс ч хүргэнийхээ дараах албан тушаал буюу дүүргийн ИТХ-ын дэд даргаар түүнийг тавьсан байна. Үүний дараа тэрээр өөрийн итгэлтэй хүмүүийн нэг болох С.Одонтуяаг дүүргийн Засаг даргаар томилуулж, бас л өөрсдийнхөө хүмүүсийг нэр дэвшүүлэн гаргаж ирэв.

2020 оны орон нутгийн сонгууль
АН-ын даргаас хэл амтайгаар огцорсон С.Эрдэнэ өнөөдөр дахин Баянгол дүүргийн ИТХ-ын сонгуулийг өөрийн болгохоор зүтгэж, өөрөө хөрөнгө мөнгийг нь гаргаж, Баянгол дүүрэгт АН-ыг ялуулна хэмээн ам бардам сууж байна. МАХН, Шинэ намтай эвсээд байгаа АН-ынхан энэ удаа Баянгол дүүргийг бас л С.Эрдэнэдээ өгч, өнөөх нь өөрийнхөө баахан хүмүүсийг нэр дэвшүүлж, эвсэж орж байгаа намынхандаа ганц ч суудал хялайлгасангүй.  Тэрээр өөрийнхөө  хүргэн Г. Энхболдыг хамийн түрүүнд Баянгол дүүргээс НИТХ-д нэр дэвшүүлжээ.
1.   Д. Ганзориг  /С.Эрдэнийн хүн. Сүүлийн 6 жил     Баянгол Агропарк ОНАТҮГ –т ажиллаж байгаа/.
2. Ё.Ариунцэцэг  /С.Эрдэнийн эхнэрийн найз/
3. Д.Дорждулам  
4. С. Мягмарсүрэн   
5. Б. АЛТАНГЭРЭЛ /УНДЕГ-т С.Эрдэнийн багт ажиллаж байсан/   
6.Д.Нарангэрэл /С.Эрдэнийн хамаатан, туслахаар нь ажиллаж байсан/
7. Р.Батнасан /С.Эрдэнийн өмгөөлөгч/
8. Туяанэмэх Пүрэвсүрэн /С.Эрдэнийн бие төлөөлөгчөөр ажиллаж байсан/
9. С.Мягмарсүрэн / С.Эрдэнийн ухуулагчаар ажиллаж байсан. 2013 оноос БГД-гийн Хөдөлмөрийн хэлтэс, ЖДҮ-ийн хэлтэст ажиллаж байгаа/
10. А.Чинбат /С.Эрдэнийн хамаатан НД-ийн хэлтэст орлогын байцаагч,  ЖДҮД төвд даргаар ажиллаж байсан.
11. Б.Лхагвасүрэн /НДЕГ-т мэргэжилтэн, АН-ын санхүүгийн албаны даргаар ажиллаж байсан/ гэх мэтээр энэ жагсаалт хөвөрч байна.
Мөн үүнээс гадна С.Эрдэнэ өнгөрсөн ИТХ-ын сонгуульд ялсныхаа дараа С.Одонтуяаг Засаг даргаар томилуулж, өөрийнхөө хүмүүсийг  Хорооны Засаг дарга болгон дэвшүүлжээ. Тэрээр энэ удаа дөрвөн жилийн өмнө хорооны засаг даргаар ажиллуулсан 10 хорооны засаг даргааа сойгоод байна.                                                                    
Тэрээр энэ удаа мөн л өмнөх сонгуульд ашигласан тактикаа хэрэглэж БГД-гийн ахмадуудыг өөрийнхөө Гурван тамир амралтын бааз руу зөөж, өдрөөр амруулан, залуучуудыг цуглуулан сэмхэн найрлуулж мөнгө төгрөг тарааж байгаа аж.
Таваг хоол, атга будаанаас худалдагдсан эрх
С.Эрдэнэ сүүлийн найман жил БГД-гийн ИТХ-д дан өөрийнхөө хүмүүсийг нэр дэвшүүлэн дүүргийн эрх мэдлийг гартаа атгаж суугааг дээрх баримт гэрчилж байна. С.Эрдэнэ гэгч хүн зөвхөн хувийн ашиг сонирхолынхоо төлөө иргэдийн саналыг луйвардан баяжиж, харин Баянголчуудын амьдрал өнөөх л бахь байдгаараа үргэлжилсээр... Зөвхөн 2018-2020 оны хооронд Баянгол дүүрэгт гарч байгаа гэмт хэрэг зөрчил 40 орчим хувиар нэмэгдэж, ажилгүй иргэдийн тоо гэхэд 2017 оны судалгаанаас харахад 20 орчим хувиар өсчээ. Харьцангуй гэр хороолол багатай, олон жилийн түүхтэй, өөрийн гэсэн өнгө төрхтэй энэ дүүрэг өнөөдөр улам бүр өнгө алдсаар. Энд шинээр хийгдсэн бүтээн байгуулалт гэхээр олигтой зүйл хийгдсэнгүй, баар, цэнгээний газар, ТҮЦ л  нэмэгдэж,  хулгай дээрэм, архидалтаас үүдэлтэй гэмт хэрэг нэмэгдэж байна.  Баянгол дүүрэгт хэрэгжиж байгаа төсөл хөтөлбөрийн мөнгө хэрхэн яаж хувиарлагдаж, хэн юунд зарцуулж байгаа нь нууц байсаар найман жил өнгөрч байна. Баянгол нэртэй ядуу дүүргийн хувь тавиланд хэн буруутай вэ? Дүүргийг бүхлээр нь өмчилж аваад байгаа С.Эрдэнэ үү? Эсвэл атга будаа, таваг хоолноос саналаа өгч орхидог сонгогчид та буруутай юу?
 
Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа
Үзэл бодол6 цаг 31 минут

Н.Баярчимэг: Миний боловсрол Монголд хэрэгтэй

Улстөр нийгэм7 цаг 59 минут

МАН-ын Хяналтын Ерөнхий Хорооны даргаар Б.Баярбаатар томилогдлоо

Чөлөөт цаг16 цаг 4 минут

Манлай сумын иргэн У.Пагмадуламынх хувийн байшинтай боллоо

Улстөр нийгэм16 цаг 13 минут

Гадаад харилцааны сайд Н.Энхтайван ОХУ-д албан ёсны айлчлал хийж бай...

Чөлөөт цаг16 цаг 18 минут

Дархан, Сэлэнгийг газар тариалан, эрчимжсэн мал аж ахуйн бүс нутаг б...

Улстөр нийгэм16 цаг 21 минут

Ерөнхийлөгч Х.Баттулга Өлгий сумын бүтээн байгуулалтын ажлын явцтай ...

Улстөр нийгэм16 цаг 24 минут

Ерөнхийлөгч Х.Баттулга “Азат Халал” махны үйлдвэрээр зоч...

Шударга мэдээ16 цаг 28 минут

Баян-Өлгий аймгийн 548 ээж “Эхийн алдар” одон хүртлээ

Улстөр нийгэм16 цаг 31 минут

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Баян-Өлгий аймагт ажиллалаа

Чөлөөт цаг16 цаг 37 минут

Улаанбаатарт өдөртөө 16 хэм дулаан

Санал болгох