Цаг үе
Улаанбаатарт өдөртөө 6 хэм дулаан
Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Өнөөдөр нутгийн зүүн хагаст цас орж, сэрүүсч, говь, тал, хээрийн нутгаар хүчтэй шороон болон цасан шуурга шуурахыг онцгойлон анхааруулж байна.
2020 оны 04 дүгээр сарын 15-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар үүлэрхэг, баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр хур тунадас, зүүн аймгуудын ихэнх нутаг, төв болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр цас орно. Салхи баруун аймгуудын нутгаар баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр, говь, тал хээрийн нутгаар түр зуур секундэд 16-18 метр хүрч шороон болон цасан шуурга шуурна. Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Тэс, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр 1-6 хэм, Их нууруудын хотгор болон Алтайн өвөр говиор 18-23 хэм, Алтайн уулархаг нутаг, Хангайн нурууны өвөр бэлээр 11-16 хэм, бусад нутгаар 8-13 хэм дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүлэрхэг. Ялимгүй цас орно. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, зарим үед секундэд 14-16 метр хүрч цасан шуурга шуурна. 4-6 хэм дулаан байна.
2020 оны 04 дүгээр сарын 16-ны 04 дүгээр сарын 20-ныг
хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв
16-нд баруун аймгуудын нутгийн баруун, зүүн аймгуудын нутгийн баруун өмнөд, говийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 17-нд баруун аймгуудын нутгийн зарим газраар, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 18-нд ихэнх нутгаар, 19-нд нутгийн зүүн хагаст бороо, нойтон цас орно. 16-нд говь, тал хээрийн нутгаар, 17-д баруун аймгуудын зарим газраар секундэд 13-15 метр, 18-нд ихэнх нутгаар,19-нд нутгийн зүүн хагаст зарим үед секундэд 15-17 метр хүртэл ширүүсч шороон болон цасан шуурга шуурна. 16-нд нутгийн баруун хагаст, 17-нд ихэнх нутгаар, 18-нд нутгийн зүүн хэсгээр дулаан, бусад хугацаанд ихэнх нутгаар сэрүүсч Увс нуурын хотгор Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Тэс, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 8-13 хэм хүйтэн, өдөртөө 4 хэм хүйтнээс 1 хэм дулаан, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгаар шөнөдөө 1-6 хэм, өдөртөө 12-17 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 2-7 хэм хүйтэн, өдөртөө 4-9 хэм дулаан байна.
Цаг үе
Өмнөд Солонгост Хятадын хоёр иргэнийг тагнуулын хэрэгт сэжиглэн баривчилжээ
Өмнөд Солонгосын цагдаагийн байгууллага АНУ-ын цэргийн бааз, цэргийн ажиллагаатай холбоотой мэдээлэл цуглуулсан байж болзошгүй Хятадын хоёр иргэнийг баривчилжээ. Тэд хоёулаа өмнө нь Хятадын армид алба хааж байсан талаар “Ассошиэйтед Пресс” мэдээлсэн байна.
Сэжигтнүүдийн нэг нь 60 гаруй настай бөгөөд 2024 оноос хойш Өмнөд Солонгос, АНУ-ын хамтарсан агаарын цэргийн баазын ойролцоо тусгай радио төхөөрөмж, антенн, зөөврийн компьютер ашиглан сөнөөгч онгоц болон нислэгийн удирдлагын хоорондын холбоог сонсож, мэдээлэл цуглуулсан байж болзошгүй гэж мөрдөн шалгагчид үзэж байна. Тэрбээр үүнийг хувийн сонирхлын хүрээнд хийсэн гэж мэдүүлсэн ч цуглуулсан мэдээллээ Хятадын талд дамжуулсан эсэхийг шалгаж байгаа аж.
Харин 40 гаруй настай нөгөө иргэнийг Сөүл хотын ойролцоох АНУ-ын цэргийн командлалтай холбоотой мэдээлэл цуглуулсан хэрэгт сэжиглэжээ. Тэрбээр АНУ, Өмнөд Солонгосын хамтарсан сургуулилт, зэвсэг техникийн шилжилт хөдөлгөөн болон цэргийн алба хаагчдын өөрчлөлтийн талаар мэдээлэл авсан байж болзошгүй байна.
Мөрдөн шалгалтын мэдээллээр уг сэжигтэн АНУ-ын цэргийн командлалд ажилладаг Өмнөд Солонгосын иргэнтэй хувийн харилцаа тогтоож, мөнгө өгсний хариуд тодорхой мэдээлэл авсан байж болзошгүй гэж үзэж байгаа аж.
Өмнөд Солонгосын эрх баригчид хоёр иргэнийг үндэсний аюулгүй байдалтай холбоотой хууль тогтоомж зөрчсөн эсэхээр үргэлжлүүлэн шалгаж байна. Одоогоор тэднийг Хятадын төрийн байгууллагын шууд даалгавраар ажилласан гэж эцэслэн тогтоогоогүй байна.
Энэ хэрэг АНУ, Өмнөд Солонгосын жил бүрийн хамтарсан томоохон цэргийн сургуулилт наймдугаар сарын 17-27-нд болохын өмнө ил болсон юм. Уг сургуулилтад Өмнөд Солонгосын 18 мянга орчим цэрэг оролцохоор төлөвлөжээ.
Цаг үе
Дэлхийн хүн дүрст роботын спортын наадамд 2056 робот өрсөлдөнө
Дэлхийн хүн дүрст роботын хоёр дахь спортын наадам наймдугаар сарын 22-нд Бээжин хотын Үндэсний хурдны тэшүүрийн ордон буюу “Мөсөн тууз”-д нээлтээ хийнэ.
Үндсэн тэмцээн наймдугаар сарын 22-26-нд тав хоног үргэлжилж, 51 төрөлд нийт 1301 тэмцээн зохион байгуулахаар болжээ.
Энэ удаагийн наадам цар хүрээ, оролцогчдын тоогоор өмнөхөөсөө мэдэгдэхүйц өргөжиж байна. Зургаан тивийн 16 орны 666 баг, 2056 хүн дүрст робот тэмцээнд оролцохоор бүртгүүлжээ. Багийн тоо өмнөх наадмаас 138 хувиар өссөн бол тэмцээнд оролцох роботын тоо хоёр дахин нэмэгдсэн байна.
АНУ, Герман, Япон зэрэг улс багуудаа илгээх бөгөөд Бразил улс энэ удаа үндэсний шигшээ баг бүрдүүлэн оролцох аж.
Хятадаас нийт 157 аж ахуйн нэгжийн 641 баг, 1975 робот тэмцээнд оролцоно. Мөн 27 их сургууль багуудаа илгээж байгаа бөгөөд оролцогчид Хятадын 30 муж, өөртөө засах орон, шууд харьяа хот болон тусгай захиргааны бүсийг төлөөлөх юм.
Өмнөх наадамтай харьцуулахад тэмцээний хугацааг гурван хоногоос тав хоног болгон сунгаж, тэмцээний ангиллыг зургаагаас ес болгон нэмэгдүүлжээ.
Наадмын хүрээнд хүн дүрст роботуудын хөдөлгөөний нарийвчлал, хурд, тэнцвэр, зохицуулалт, багийн ажиллагаа зэрэг технологийн чадавхыг спортын өрсөлдөөнөөр сорих юм. Ингэснээр уг наадам нь зөвхөн спортын тэмцээн бус, хүн дүрст роботын хөгжлийн түвшин, практик хэрэглээний боломжийг харуулах томоохон талбар болж байна.
Цаг үе
“Шатахуун зарна” гэх хуурамч зараар иргэдийг залилж байгааг анхаарууллаа
Сүүлийн үед шатахууны нийлүүлэлттэй холбоотой үүссэн нөхцөл байдлыг ашиглан цахим орчинд “Шатахуун зарна” гэх хуурамч зар, мэдээлэл байршуулж, иргэдээс урьдчилгаа төлбөр шилжүүлэн авах замаар залилах тохиолдол цагдаагийн байгууллагад бүртгэгдэж байна.
Иймд иргэдийг цахим орчинд нийтлэгдсэн шатахуун худалдах зар, мэдээллийн үнэн зөвийг нягталж, танихгүй хүн болон баталгаагүй данс руу урьдчилгаа төлбөр шилжүүлэхгүй байхыг зөвлөжээ.
Мөн гарал үүсэл, чанар, стандарт нь тодорхойгүй шатахуун автомашины хөдөлгүүрт ноцтой гэмтэл учруулах эрсдэлтэйг анхааруулсан байна. Шатахууны чанар, октаны тоо нь хөдөлгүүрийн хэвийн ажиллагаанд шууд нөлөөлдөг тул баталгаагүй эх үүсвэрээс шатахуун худалдан авахгүй байх нь зүйтэй.
Чанарын шаардлага хангаагүй, зориулалтын бус нэмэлт бодис хольсон шатахуун хэрэглэснээр хөдөлгүүрт детонаци үүсэх, хэт халах, эд анги гэмтэх, хүчин чадал буурах зэрэг эрсдэлтэй. Түүнчлэн ийм төрлийн шатахуун нь хүний эрүүл мэнд болон байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлж болзошгүй юм.
Иймээс шатахууныг баталгаатай эх үүсвэрээс худалдан авч, цахим орчин дахь хуурамч зар, мэдээлэлд хууртан эд хөрөнгөөрөө хохирохоос сэрэмжлэхийг Цагдаагийн байгууллагаас анхаарууллаа.
-
Улстөр нийгэм2019/07/23
Баянгол дүүргийн 800 гаруй хүүхэд зусланд үнэ төлбөргүй амарч байна
-
Шударга мэдээ2021/12/23
Гадаадаас ирэх иргэдийг тусгаарлах байр, зочид буудалд байрлуулна
-
Улстөр нийгэм2021/10/27
Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагын албан хаагчдын дунд зохион байгуулсан...
-
Цаг үе2019/09/05
Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд засвар үйлчилгээ хийх хуваарь
