Бидэнтэй нэгдэх

Үзэл бодол

Австралид буй монгол иргэдийн сонорт...

Огноо:

,

1. Австрали Улсын Ерөнхий сайд Скотт Моррисон 2020 оны 4 дүгээр сарын 3-нд олон нийтэд хандан шинэ төрлийн коронавирус (COVID-19)-ийн тархалттай холбогдуулан Үндэсний зөвлөлөөс гаргасан шийдвэрүүдийн талаар хэвлэлийн бага хурал хийх үеэр сэтгүүлчид Ерөнхий сайдаас Австралид түр оршин суугчид, тэр дундаа гадаадын оюутнуудын асуудлаар Засгийн газар ямар байр суурь баримталж буйг асуухад тэрбээр дараах хариултыг өгөв. Үүнд:

Австралид түр визээр ирсэн хүмүүс, гадаадын оюутнуудад зориулсан мэдээллийг Цагаачлалын асуудал хариуцсан сайдын үүрэг гүйцэтгэгч ойрын өдрүүдэд өгнө. Гадаадын оюутнууд Австралид суралцахаар ирэхдээ эхний жилдээ өөрсдийгөө санхүүжүүлэх бүрэн чадвартайгаа нотолсны үндсэн дээр виз авдаг. Тэгэхээр Засгийн газраас тэдгээр оюутныг амлалт, үүрэг хариуцлагаа биелүүлнэ гэсэн бодит хүлээлттэй байдаг.

Австралид төрөл бүрийн визээр ирсэн гадаадын олон хүн байгаа. Бид тэднийг энд хүчээр барьж, байлгаагүй. Тэдгээр хүмүүст өөрсдийнхөө санхүүгийн асуудлыг шийдэж чадахгүй бол гэр лүүгээ буцах хувилбар байгаа. Одоогийн хүнд цаг үед та бүхэн өөрийн улс руу буцаж, тэндээ авах боломжтой дэмжлэг, туслалцаагаа авах нь зүйтэй. Энэ цаг үед Австрали Улс нь өөрсдийн иргэд, байнгын оршин суугчиддаа гол анхаарлаа хандуулж, боломжит санхүүгийн туслалцааг үзүүлнэ зэрэг болно.

2. Австрали Улсын Ерөнхий сайд Скотт Моррисоны дээрх мэдэгдэл Австралид оршин суугаа гадаадын иргэдийн дунд нэлээн шуугиан дэгдээж байна. Үүнтэй холбоотойгоор Австралийн Цагаачлал, иргэншил, олон үндэстний асуудал хариуцсан сайдын үүрэг гүйцэтгэгч Алан Тадж тус улсад байгаа түр хугацааны визтэй гадаадын иргэдэд хандан дөрөвдүгээр сарын 4-ний өдөр мэдэгдэл хийжээ.

Уг мэдэгдлийн гол агуулгыг сийрүүлбэл:

Австралийн Засгийн газар иргэдийнхээ аж амьдрал, эрүүл мэндийг хамгаалах, чухал шаардлагатай салбаруудыг дэмжих, вирусийг даван туулах зорилгынхоо хүрээнд түр хугацааны виз эзэмшигчдэд чиглэсэн зохицуулалтдаа зарим өөрчлөлт оруулж байна.

Австралид өнөөдрийн байдлаар түр хугацааны визтэй 2.17 сая хүн байна. Эдгээр хүмүүс шаардлагатай зарим мэргэжлээр ажиллах, суралцах, гэр бүл, найз нөхдийндөө зочлох, амралтаараа ажиллах гэх мэт зорилгоор тус улсад ирсэн. Бид виз олгон дэмжсэн. Түр хугацааны визтэй хүмүүс Австралийн нийгэм, эдийн засгийн чухал хэсэг юм. Жишээлбэл, яг одоогоор 8000 гаруй эмнэлгийн мэргэжилтнүүд түр визтэйгээр эрүүл мэндийн системд ажиллаж байна.

Нөгөө талаас Австралийн иргэд, байнгын оршин суугчид, Шинэ Зеландын олон иргэн ажлын байрыг нь хадгалах бодлого, Засгийн газрын нөхөн олговорт хамрагддаг. Харин түр хугацааны виз эзэмшигчид тийм эрхгүй. Түр хугацаагаар ирж буй гадаадын иргэдэд Австралид байх хугацаандаа өөрсдийнхөө зардлыг бүрэн хариуцах шаардлагыг бид үргэлж тавьж ирсэн. Өнөөдрийн энэ өөрчлөлт нь коронавирусийн улмаас ажилгүй болсон эсвэл болох магадлалтай тэдгээр хүмүүст дэмжлэг болох юм.


ИРЭХ 6 САРЫН ТУРШИД ӨӨРИЙГӨӨ САНХҮҮЖҮҮЛЖ ЧАДАХГҮЙ, ТҮР ХУГАЦААНЫ ВИЗТЭЙ ХҮМҮҮСИЙГ ЭХ ОРОНДОО БУЦАХЫГ ЗӨВЛӨЖ БАЙНА

Энэ өөрчлөлттэй холбоотойгоор австралийн иргэд, байнгын оршин суугчид, ажиллах эрхтэй түр хугацааны визтэй ихэнх хүмүүст хямралын үеийг даван туулахад нь туслах зорилгоор Австралийн тэтгэврийн сан (superannuation)-д төлсөн шимтгэлээ одоо буцаан авах боломжийг олгож байна. Эдгээртэй уялдуулан ирэх 6 сарын туршид өөрийгөө санхүүжүүлж чадахгүй, түр хугацааны визтэй хүмүүсийг эх орондоо буцахыг зөвлөж байна. Гэр рүүгээ буцах гэж буй тэдгээр хүмүүсийг аль болох хурдан зохицуулалт хийхийг хүсч байна.

Эрүүл мэнд, ахмад настны болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг асран хамгаалах төв, хөдөө аж ахуй, хүнсний үйлдвэрлэлийн салбарт үлдэх түр хугацааны виз эзэмшигчдэд тохирсон өөрчлөлтийг мөн хийнэ. Хамгийн чухал нь тэд эрүүл мэндийн тэргүүн эгнээнд ажиллагсдын тоог нэмэгдүүлэх, фермийн аж ахуйгаас дэлгүүрт хүнс зөөвөрлөх зэргээр чухал шаардлагатай худалдаа үйлчилгээг хэвийн явуулахад дэмжлэг үзүүлэхээр ажиллах юм.

Хэдийгээр түр хугацааны визтэй иргэд Австралийн эдийн засаг, амьдрал ахуйд чухал боловч өнөөдөр тулгараад байгаа эрүүл мэндийн болон эдийн засгийн хямралаас болж олон австраличууд ажилгүй, орлогогүй болж байгаа тул өөрсдийн иргэд, байнгын оршин суугчдаа хамгаалах нь манай Засгийн газрын тэргүүлэх зорилго юм.

Визийн өөрчлөлтүүд:

Ихэнх төрлийн түр хугацааны визтэй хүмүүст дараах шинэ шалгуурыг тавих болно. Нөхцөл байдлыг тодорхой давтамжтайгаар хянан, шаардлагатай өөрчлөлтийг хийнэ.

Аяллын визтэй хүмүүст:

Өнөөдрийн байдлаар Австралид гадаадын 203,000 аялагчид (3 сар хүртэл байх хугацаатай) байна. Гадаадын аялагчдыг, ялангуяа гэр бүлээсээ дэмжлэг авч чадахгүй хүмүүсийг аль болох хурдан эх орондоо буцахыг сануулж байна. Мянга мянган хүмүүс ийм сонголт хийж байна. Бусад нь ч үүнийг дагах ёстой.

Гадаадын оюутнуудад:

Одоогоор Австралийн их дээд сургуульд 565,000 гадаадын оюутан, голчлон их дээд сургууль болон мэргэжлийн боловсролын сургуульд суралцаж байна. Тэд манай эдийн засаг болон дээд боловсролын салбарт томоохон хувь нэмэр оруулж байгаа бөгөөд 240,000 ажлын байранд ажиллаж байна.

Эдгээр оюутнуудыг өөрсдийн гэр бүлээс дэмжлэг авах, хадгаламжаа зарцуулах, боломж олдвол цагийн ажил хийх зэргээр хямралын үеийг Австралид даван туулахыг уриалж байна. Гадаадын оюутнууд визийн мэдүүлгийн нэг хэсэгтээ эхний жилдээ өөрсдийгөө санхүүжүүлэх бүрэн чадвартайгаа нотолсны үндсэн дээр виз авдаг. Харин 12 сараас дээш хугацаагаар суралцаж буй, санхүүгийн хүнд байдалд орсон оюутан тэтгэврийн сангийн хуримтлалаа авч болно.

Түүнчлэн Засгийн газраас эдийн засгийн хүндрэлтэй байдалд орсон гадаадын оюутнуудад зарим санхүүгийн дэмжлэг үзүүлсэн гадаад оюутнуудыг хариуцсан байгууллагуудтай хамтран ажиллан нэмэлт арга хэмжээг авах болно. Тухайлбал, зарим сургуулиуд гадаадын оюутнуудын сургалтын төлбөрт тодорхой хөнгөлөлт үзүүлж байгаа гэж бид үзэж байна.

Мөн манай Засгийн газар оюутнуудын визийн шаардлагыг хангаж буй эсэхэд уян хатан хандаж байгаа болно. Гадаадын оюутнууд хоёр долоо хоногт 40 хүртэл цаг ажиллах эрхтэй. Нэн шаардлагатай салбарт тухайлбал, ахмадуудын асрах газарт сувилагчаар ажиллаж буй оюутнуудын ажил хийх боломжтой цагийг нэмэгдүүлсэн.

Хэрэгцээ шаардлага нэмэгдсэнтэй холбогдуулан томоохон сүлжээ дэлгүүрүүдийн лангуунд бараа бүтээгдэхүүн өрөх ажил хийж буй оюутнуудын ажиллах цагийг мөн сунгасан. Харин 5 дугаар сарын 1-нээс эдгээр ажлын байранд австрали иргэдийг түлхүү ажиллуулах тул гадаадын оюутнуудын ажиллах цагийг хоёр долоо хоногт 40 цагаар хязгаарлахаар болсон гэдгийг Австрали дахь Монгол Улсын Элчин сайдын яамнаас мэдээллээ.

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа
Монгол Улсад коронавирус COVID-19 бүртгэгдсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаас өгсөн чиглэлийг үндэслэн тус сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хааж байгааг үүгээр мэдэгдэж байна. SHUDARGA.MN сайтын редакц

Үзэл бодол

Х.Мандахбаяр: Намайг хайж байгаа хүмүүсийн гүтгэлгийг дахин баримтаар няцааж байна!

Огноо:

,

Миний бие УИХ-ын сонгуулийн 11 дүгээр тойрог Өмнөговь аймагтаа нэр дэвшиж байгаа билээ. Нэр дэвших болсноос хойш Тост, Тосон бумбын тэмцлийн үед улс төрийн бүлэглэл, олигархиудын хийж байсан гүтгэлгүүдтэй адил жанрын эвлүүлэг, гүтгэлэг, доромжлол ихээр цацагдах боллоо. Саяхан Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн олон заалтыг илтэд зөрчсөн эвлүүлэг бүхий, ор үндэсгүй гүтгэсэн ээлжит бичлэг цацагдсан байна. Уг асуудлыг цагдаагийн байгууллагад шалгуулахаар өглөө. Удахгүй энэхүү гүтгэлгийг гүйцэтгэгч нь захиалагчтайгаа хамт илэрнэ. Ингээд намайг хайж байгаа хүмүүсийн яриад байгаа зүйлд баримтаар няцаалт өгье.

Няцаалт НЭГ

Орон нутгийн өмчит "Тавантолгой" ХК-ийн уурхайд хөрс хуулалтын туслан гүйцэтгэгчээр ажиллаж байсан “Их шижир баялаг” компанийн 100 хувийн хувьцааг 2019 оны арванхоёрдугаар сард 100 хувь худалдаж, хөрс хуулалтын бизнесээс гарсан. Миний бие бизнесийн ашгийг биш тэмцлийн замыг сонгосон. Энэ тухайгаа олон нийтийн сүлжээнд мэдэгдсэн.
 


Няцаалт ХОЁР

Арван хуруу тэгш хүн гэж байдаггүй. Би хоёр дахь амьдрал зохиосон нь үнэн. Гэхдээ арван эхнэр сольж, 11 хүүхэдтэй болоогүй. Гэрлэлтийн баталгааны хуулбараа үзүүлж байна. Бичлэг дээр намайг гүтгэн харлуулахын тулд гэмгүй эмэгтэйг хэлмэгдүүлсэн байна. “Тод магнай” сэтгүүлийн 10 жилийн ойгоор тус сэтгүүлийн ерөнхий эрхлэгч А.Эрдэнэтуяатай авхуулсан зургийг ашиглажээ. Энэ хүний цаана гэр бүл нь бий. Надад ч гэсэн гэр бүл бий шүү дээ. Эрхэм сонгуулийн пиарчид аа. Та нарт ер нь хүнийг хайрлах, бусдын гэр бүлийг хүндлэх сэтгэл гэж байна уу.
 

"Тод магнай" сэтгүүлийн эрхлэгч А.Эрдэнэтуяатай хамт тус сэтгүүлийн 10 жилийн ойн арга хэмжээний үеэр.


Няцаалт ГУРАВ

Тост, Тосон бумбын тэмцэл бол нэг хүний ганцхан жилд хийчихсэн ажил биш. Нутгийн иргэд, иргэний нийгмийн байгууллагуудын 10 жилийн тэмцлээр бүтсэн юм. Намайг гүтгэн харлуулахын тулд нутгийн минь иргэдийг битгий доромжил. Тэнгэрт хальсан Т.Лхагвасүмбэрэл гэдэг тэр эх оронч залууг битгий доромжил. Тэр эх оронч залуу, Гурвантэс сумын иргэд, Өмнөговь аймгийн иргэд, шударга ёсны төлөөх иргэний нийгмийн байгууллагууд олон жил тэмцэж, нам харгалзахгүйгээр бүгдээрээ нэгдэн нийлж ард нь гарсан юм. Миний хувьд энэ тэмцэл явуулж байсан олон талуудыг нэгдсэн зохион байгуулалтад оруулж, мөн олон нийтэд системтэй, үр дүнтэй мэдээллийг хүргэсний үр дүнд ялалтыг урагшлуулсан. Энэ тэмцлийг Монгол Улсын Ерөнхий сайд Ухнаагийн Хүрэлсүхийн шударга ёсны шийдвэрээс салгаж ойлгож хэрхэвч болохгүй. Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн шударга ёсны төлөөх тэмцлийг битгий гүтгэн харлуул. Хүнд чинь зарж, арилжиж болдоггүй зүйл гэж байдаг юм. Би эх орон, эх нутаг, элгэн садныхаа эрх ашгийг хэзээ ч, юугаар ч солихгүй, худалдахгүй. Би эх нутгийнхаа төлөөх энэ тэмцэлд чин шударгаар, эрдэм боловсролоор бас менежментийн арга ухаанаар тэмцсэн нь үнэн. Хэрвээ Тосон бумбыг дахин ухахыг санаархсан хэн нэгэн байх аваас амь хайргүй, нэр харамгүй тэмцэх болно. Тосон бумбад бол ганц компанийн лиценз цуцлагдсан юм биш. Найман компанийн 11 лиценз цуцлагдсан гэдгийг нутгийн зон олон минь мэднэ.  
 


Няцаалт ДӨРӨВ

Тосон бумбын тэмцлийг Б.Чойжилсүрэнг Сангийн сайд байхад хуйвалдаж хийсэн мэтээр илт мушгин гүтгэж, үнэнээс холуур ойлгуулахыг оролдсон байна. Тосон бумбын тэмцэлд шударга сэтгүүлчид нэгдэж, хариуцлагатай уул уурхайн төлөө сурвалжлагын баг очих үед хийгээд Тосон бумбын тэмцэлд бид ялах үед ч энд дурдагдаад байгаа лицензийг хуулийн аргаар зувчуулсан Ж.Эрдэнэбатын Засгийн газартайгаа хамт Б.Чойжилсүрэн хэдийнэ огцорсон байсан юм. Шударга сэтгүүлчдийн шударга тэмцлийг битгий үгүйсгэ. Бид камераа эвдүүлж, эрүүл мэндээрээ хохирч, элдэв гүтгэлэг дайралтыг туулж, энэ тэмцлийн ард гарсан юм шүү. Би Б.Чойжилсүрэн гэдэг хүнтэй нэг ч удаа уулзах нь битгий хэл гар барьж үзээгүй. Тийм сувдаг шунахай сэтгэлтэй хүмүүстэй цаашдаа ч зам мөр нийлэхгүй.
 


Няцаалт ТАВ

Б.Чойжилсүрэнгийн “Сауд гоби коэл транс” компани 130 тэрбум, Архангайн Цэнхэрт байрлах Ц.Мянганбаярын гэх алтны уурхай 600 тэрбум, Өмнөд Солонгосын 100 хувийн хөрөнгө оруулалттай "АГМ майнинг" компани 125 сая ам.долларын нөхөн олговрыг Монгол Улсын төсвөөс авсан гэжээ. Хэзээ ч ийм зүйл байхгүй. Энэ бичлэгийг бэлтгэсэн хүмүүс ийм л ор үндэслэлгүй гүтгэлгийг санаанаасаа зохиож байна. Би энэ асуудлаар Ашигт малтмал, газрын тосны хэрэг эрхлэх газарт 2020 оны тавдугаар сарын 28-нд хандаж лавлагаа авах хүсэлт хүргүүлсэн. Хариуг удахгүй нийтлэх болно. Энэхүү гүтгэлгийг зохиож байгаа хүмүүс УИХ-д нэр дэвшигчийг гүтгэн доромжилж, нэр хүндийг нь унагаах зорилготой гэдэг нь илт байна. Хамгийн харамсалтай нь, нутаг орны минь эгэл иргэдийг, шударга ёсны төлөө ажиллаж байгаа Ерөнхий сайдыг харлуулахыг оролдож байна.
 

“АГМ майнинг” ХХК-ийн талаарх мэдээлэл, шаардлагыг БНСУ-ын Элчин сайдад гардуулав. 2020.05.05


Няцаалт ЗУРГАА

Оюутан залуусыг өнгө мөнгөөр татсан мэтээр харуулж элдэв зураг ашиглажээ. Энэ үйл ажиллагааны зурагнууд надад огт хамааралгүй юм. Өмнөговийн сайхан залуусын зургийг тавьж, хар гүтгэлэгтээ ашиглаж байгаа нь туйлын харамсалтай. Идсэн эрүү хувхайрч, идүүлсэн бут ургадаг жамтай. Энэ бүх хар пиар, гүтгэлгийн эзэд удахгүй ил болж, нутагтаа гишгэх газаргүй, хүний өөдөөс харах нүүргүй болох вий дээ. 
 


ГҮТГЭЛЭГТ БИЧЛЭГ

Дэлгэрэнгүй унших

Үзэл бодол

МАНАН бүлэглэлийн “мөнгө угаагч” О.Цогтгэрэл төрд шургалах уу ?

Огноо:

,

Монгол Улсад улс төр, бизнесийн томоохон бүлэглэл бий болсон.  Тэд аль өнгөтэй өөдтэй бизнесийг булааж,  хэрхэн дарамт шахалт үзүүлснээр гартаа оруулдаг талаарх баримт, нотолгоо эхнээсээ ил болж эхэллээ.  Тодруулбал,   анх  “Ice mark”  гэх нэртэйгээр  зайрмаг үйлдвэрлэж байсан жижиг компани “ТЭСО” групп болтлоо гэрлийн хурдаар томорч,  сүүний үйлдвэр бус  өдгөө барилгын салбар төдийгүй уул уурхай руу хүртэл хүч түрэн орж ирсний цаана ямар учир байна вэ. 
 
МАНАН бүлэглэлийн мөнгийг  угааж, арвижуулсныхаа  хүчинд өнөөдрийн “ТЭСО” групп бий болсон талаар товч сайт дөрвөн ч кейсийг дурдан, баримтаар баталгаажуулж, нийтэд цацлаа. 
 
Энэ бүлэглэлийн арга тактик тун энгийн. Эхлээд хууль хүчний байгууллагаар айлган сүрдүүлэх ажиллагаа явуулж, эрхшээлдээ оруулснаар бизнесийг нь булаадаг байна. Жишээлбэл, “Чоно” группийн эзэн Т.Энхболдсодон, “Дорнын говь”-ийн Б.Дэлгэрсайхан, “Тэнгэр холдинг” компанийн Х.Анхбаяр, “Алтан дорнод Монгол”-ын  Т.Ганболд зэрэг олон арван бизнес эрхлэгчийг МАНАН бүлэглэлийнхэн дарамталж, эрхшээлдээ оруулж байжээ. Тухайлбал, дээрх  компанийн эздийг хоёр сараас нэг жилийн хугацаатай барьж хорьсон  жишээ ч бий.
Тэгвэл “ТЭСО”-г томруулах  ажиллагаа хэрхэн өрнөсөнтэй танилцъя.  “Чоно” группийн эзэн Т.Энхболдсодонг 2013 оны аравдугаар сард  АТГ-аас баривчилсан байдаг. Тухайн үед Ерөнхийлөгчөөр Ц.Элбэгдорж, АТГ-ын дэд даргаар Б.Хурц, Монгол Улсын Ерөнхий прокуророор Д.Дорлигжав,  нийслэлийн Засаг даргаар Э.Бат-үүл нар ажиллаж байв. Харин тэдний цаана өнөөх л “сахал” хэмээх Д.Эрдэнэбилэг байсан гэдэг.  Эдгээр хүн бол МАНАН бүлэглэлийн гол төлөөлөл. Тэд Т.Энхболдсодонг  14 хоног хорьсны эцэст гэнэт сулласан байдаг.
Ингэхдээ түүний 2011 онд байгуулсан “Ногоон цэцэрлэг жим” компанийг “ТЭСО” группийн Сайнжаргал гэх хүний нэр дээр шилжүүлэн авсан байна. Өдгөө тус компани Сайнжаргалын охин Болорын нэр дээр үйл ажиллагаа явуулж байгаа аж. “Ногоон цэцэрлэг жим” компани барилга, хот байгуулалтын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байсан бол 2013 оны арван хоёрдугаар сарын 3-нд буюу Т.Энхболдсодонг сулласнаас хоёр сарын дараа хотын  дарга Э.Бат-Үүлийн захирамжаар Т.Энхболдсодонгийн “Скай парк плаза”  компанийн нэр дээр байсан “Маршал таун”-ы хажуу талд байрлалтай 2.1 га  газрыг “Ногоон цэцэрлэг жим” компанид шилжүүлэн авчээ. Өөрөөр хэлбэл, гэнэт хоригдсон Т.Энхболдсодонгийн газрыг барилгын зураг төсөлтэй нь хамт МАНАН бүлэглэлийнхэн ийнхүү  булааж  авчээ.
Өдгөө   Т.Энхболдсодонгоос булааж авсан тус газарт “ТЭСО“корпораци  тансаг зэрэглэлийн орон  сууцны  төсөл хэрэгжүүлж эхэлсэн нь анхаарал татна. Тодруулбал, тухайн газарт өдгөө Монголын хамгийн  тансаг зэрэглэл, өндөр өртөг бүхий “Скай гарден” хотхоныг барьж байна. 350 айлын орон сууцны ам метрийн үнэ 6-8 сая төгрөг бөгөөд 106-440 ам метр хэмжээнд хэлбэлзэнэ. Ингээд бодохоор тухайн хотхоноос орон сууц худалдан авахад хамгийн дээд үнэ нь гурван тэрбум 200 сая төгрөг болно.Нэг их наяд төгрөгийн өртөг бүхий томоохон төслийг  “ТЭСО”корпораци гардан гүйцэтгэж буй түүх энэ. Нэг ёсондоо тэд МАНАН бүлэглэлийн “мөнгийг угаагч” нь “ТЭСО” корпораци болох нь ийнхүү нотлогдож байна. 
 
“ТЭСО” корпораци  “сахал”Д.Эрдэнэбилэгтэй хэрхэн холбогддог вэ?
 
 
“ТЭСО” группийн хувьцаа эзэмшигч ах, дүү нар МАНАН бүлэглэлийн гар, хөл болох нь энэ хэсгээс илүү тодорхой  харагдана.   2011 онд “сахал”Д.Эрдэнэбилэг “Баюуд майнинг” гэх компанийг хэд хэдэн хүнтэй хамтран байгуулжээ. Тухайлбал, тус компанийн хувьцаа эзэмшигчид “Айрон  металс”, “Тэсо трейд”, “Импрал майнинг”зэрэг компани багтсан байдаг. Эдгээр компанийн эздийг харвал алдарт  МАНАН бүлэглэлийнхэн гарч ирнэ. “Импрал майнинг”компани “сахал”Д.Эрдэнбилэгийнх. Д.Дорлигжав болон  түүний төрсөн дүү Д.Баатар нар “Баюуд майнинг” компанийн хувьцаа эзэмшигч төдийгүй Д.Баатар  тус компанийн гүйцэтгэх захирлаар томилогдон ажиллаж байсан бөгөөд лицензийн бизнес рүү орсон байдаг.
 
Улмаар  тус компани хилийн зурвас дээр хэд хэдэн алтны лиценз авсан  байна. Тухайлбал, Дорноговь аймгийн Хөвсгөл, Хатанбулаг сумын нутагт орших  Шивээт улаан уулын  ар сүүжийн алтны шороон ордынXV 007674 тоот хайгуулын тусгай зөвшөөрлийг дээрх эрхмүүд хамтран эзэмшдэг. Ингэж лиценз эзэмшихэд нөлөөлсөн гол хүмүүсийн нэг нь“ТЭСО” группийн О.Сайнбуян бөгөөд тухайн үед тэрбээр   “Эрдэнэс Монгол”-ын захирлаар ажиллаж байсан юм. Харин О.Цогтгэрэл Ерөнхий сайдын зөвлөхөөр ажиллаж байв. Өөрөөр хэлбэл, МАНАН бүлэглэл “Эрдэнэт”-ийн 49 хувийн бүлэглэл болон АН-д шургалсны жишээ  энэ юм.Товчхондоо мафижсан МАНАН бүлэглэлийн томоохон төлөөлөл болох О.Цогтгэрэл өдгөө төрд шургалахаар АН-аас Увс аймагт УИХ-ын сонгуульд өрсөлдөх эрхээ өвөртлөөд байна. Төрд гарч, Монголын ард түмний баялгийг өөрийн гар, хөл бологсдоор дамжуулан булаах оролдлогоо О.Цогтгэрэл УИХ-ын гишүүн болсноор хэрэгжинэ хэмээн төлөвлөсөн  бололтой юм. 
 
“ТЭСО” группын бондын  дээрэм
 
АН 2012-2016 онд засгийн эрхийг барьж байхдаа  үлэмж хэмжээний мөнгөөр туйлсан байдаг.  Үүний нэг жишээ нь олон төрлийн бонд босгосон явдал. Монгол Улс анх удаа олон улсын зах зээлээс таван тэрбум ам.доллар босгохоор төлөвлөсний эхнийх нь “Чингис”  бонд. Тэд 1.5 тэрбум ам.долларын өртөг бүхий бондыг олон улсад  арилжаалсан байдаг. Энэ мөнгөөр төмөр зам барихаас авахуулаад хатуу хучилттай авто зам, уул уурхайн бүтээгдэхүүн боловсруулах, “Үнэ тогтворжуулах хөтөлбөр”, “Гудамж” зэрэг олон төсөл, хөтөлбөр боловсруулахаар болсон  нь АН-ынхан төрийн мөнгөнөөс цавчаа хийх том  боломжийг бүрдүүлсэн гэхэд болно. Энэ үед “ТЭСО”-гийн О.Цогтгэрэл  Ерөнхий сайд Н.Алтанхуягийн Эдийн засгийн  зөвлөхөөр ажиллаж байсан  бөгөөд  энэ боломжоо мэдээж ашигласан. 
Монгол Улс 2013 оноос эхлэн жил  бүр  хуурай сүүний импортын хэмжээг тав, таван хувиар бууруулж ирсэн нь дотоодын үйлдвэрлэгчид төдийгүй иргэдээ бодсон шийдвэр байв. Мөн 2017 онд шингэн сүүний импортыг зогсоосон нь үндэсний үйлдвэрлэлээ дэмжих, импортыг орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэх бас нэг том алхам хэмээн тухайн үеийн эрх баригч АН-ынхан тайлбарлаж байлаа.  Энэ тайлбар хэн хүний чихэнд үнэхээр эх оронч сонсогдоно.
Харамсалтай нь энэ эх оронч тайлбарын цаана “ТЭСО” корпораци бондын мөнгийг  жинхэнэ  утгаар нь угааж байжээ. Тодруулбал, “Чингис” бондын мөнгөнөөс хоногт 100 тонн шингэн сүү боловсруулаад  зогсохгүй нэг цагт 500 кг  хуурай сүү үйлдвэрлэх хүчин чадалтай үйлдвэр байгуулах нэрийдлээр долоон тэрбум төгрөгийг  “ТЭСО” корпораци бондын мөнгөнөөс  авчээ.
Гэвч тэд сонгон шалгаруулалтад оролцохдоо амласан шигээ хуурай сүүг халах бус эсрэгээрээ хуурай сүү импортлогч болсон байдаг. Шаардлагатай түүхий эдээ дотоодын үйлдвэрлэгчид буюу  малчдаас цуглуулж авахын оронд амар хялбарыг нь бодож жил бүр гаднаас мянга мянган  тонн хуурай сүү оруулж ирдэг болжээ. Гэсэн атлаа “Голден милк” хуурай сүүгээ ОХУ-ын Казахстан, Киргиз болон БНХАУ-ын зах зээлд нийлүүлж эхэллээ  гэж  сурталчилж байсан цаг саяхан. Угтаа тэд хуурай сүүний импортыг халах зорилготойгоор бондын мөнгөнөөс авсан атлаа  монгол төрөөс гаргасан шийдвэрийн эсрэг ажиллаж эхэлсэн нь энэ.Төрийн мөнгөнөөс халаасалж, өргөжин тэлж буй“ТЭСО”-гийн үнэн  түүх нь. Харин одоо тэд төрийн толгойд гарч, ард иргэдийг хууран мэхлэх замаар шулах их ажилдаа ханцуй шамлан оржээ. 
 
 
Олны  мэдэхээр өдгөө  “ТЭСО”-гийн  томоохон бизнес  нь Сонгинохайрхан  37 дугаар хороонд баригдсан “Содон” хороолол. Тус хорооллыг барьсан газар нь анх “Эрэл”-ийн Б.Эрдэнэбатынх байсан гэдэг. Тэрбээр “Чингис” бондын мөнгөнөөс 23 сая ам.долларыг ямар ч барьцаа, хөрөнгөгүйгээр зээлж авсан  ч  өнөөдрийг хүртэл энэ мөнгөө төлж чадалгүй хууль шүүхийн  байгууллагын хаалга татаж яваа нэгэн. Барьцаа хөрөнгө, элдэв шаардлагагүйгээр их хэмжээний зээл авч чадсан тэрбээр МАНАН бүлэглэлийн “ТЭСО”-д  одоогийн “Содон” хорооллын  томоохон газрыг өгчихсөн гэдэг. 
 
“ТЭСО” ЖДҮ  хөгжүүлэх сангаас авсан  зээлээ зориулалтын бусаар зарцуулжээ
 
О.Сайнбуянгийн “Азийн говь” компани. Энэ компани ЖДҮ-г хөгжүүлэх сангаас хоёр ч удаа зээл авчээ. Хувьцаа эзэмшигчид нь өнөөх  л О.Сайнбуян,О.Цогтгэрэл нар. Тус компани 2009 оны арван хоёрдугаар сард ЖДҮ-г хөгжүүлэх сангаас  300 сая төгрөгийн зээл авчээ. Мөн 2016 онд О.Сайнбуягийн найзуудын хамт эзэмшдэг “Поликстрал” гэх компаниар ЖДҮ-гийн сангаас хүхрийн хүчлийн  үйлдвэр байгуулах нэрээр 600 сая төгрөгийн зээл авч байжээ. Мөн 2018 онд ЖДҮсангаас 650 сая төгрөгийн зээлийг  дахин  авсан байгаа юм. Зээл авсан даруйдаа буюу 2018 оны зургаа дугаар сарын 11-нд ТОСК-тай 07 тоот гэрээ байгуулан 272 ам метр талбай бүхий таван давхар үйлчилгээний  объектын суурийг худалдан авах гэрээ байгуулжээ. Өөрөөр хэлбэл, энэ нь ЖДҮ-гээс авсан зээлээ зориулалтын бусаар зарцуулсан гэсэн үг. Тэд ЖДҮ-гээс хэд хэдэн зээл авсан ч ТОСК-оос объект худалдаж авсан нь энэ. 
2012-2015 онд ЖДҮ-гээс зээл авсан О.Сайнбуян “Эрдэнэс Монгол”-ын захирлаар ажиллаж байв. Харин О.Цогтгэрэл Ерөнхий сайд Н.Алтанхуягийн Эдийн засгийн зөвлөхөөр ажиллаж байсан юм. Үүнээс үзвэл  төрийн алба хашиж байсан эрхмүүд давуу байдлаа ашиглан жирийн иргэдэд очих ёстой ЖДҮ-гийн зээлээс дураараа авч байсан нь энэ. Үүнийхээ төлөөсөнд тэд АН-д их хэмжээний хандивыг ч өгдөг байжээ.
Тодруулбал, 2013-2016 оны АН-ын санхүүжилтийн тайланд “ТЭСО”-гийн зүгээс 100 гаруй сая төгрөг хандивлаж байсан баримт бий. Гэхдээ тухайн үед АН  одоогийнх шиг горилогчдоосоо  100 саяыг нэхдэггүй байсан ч ТЭСО-гийнхон өгдөг байсан байгаа юм. Түүгээр ч зогсохгүй Ерөнхийлөгчийн сонгуулиар “ТЭСО” АН-д их хэмжээний мөнгө өгч байсан гэх мэдээлэл ч байдаг. 
Үүнийхээ төлөөсөнд энэ жилийн  УИХ-ын сонгуульд “ТЭСО”-гоос хоёр ч хүн нэр дэвшихээр  100 саяа тушааснаас нэг нь сугарч, О.Цогтгэрэл  мандатаа аваад байна. МАНАН бүлэглэл,  “Чингис” бонд,  ЖДҮ  гээд төрөөс  хусч болох бүхнийг хуссан  “ТЭСО”-гийн босс ийнхүү улс төр шургалахаар зүтгэж эхэллээ. 
Дээр дурдсан баримтуудаас үзвэл МАНАН бүлэглэлийн бүх булхай, луйварт “ТЭСО”-гийнхон  холбогдсон  байгаа юм. Үүнийхээ хүчинд ч өдгөө Увсад нэр дэвших мандатаар  шагнуулаад байна. Сүүлийн хоёр удаагийн сонгуульд буюу  арваад жилийн турш төрд гарахаар  улайран  зүтгэж ирсэн О.Цогтгэрэл ба “ТЭСО”  корпорацын өдийг хүрсэн түүх энэ. Ямартай ч  тэр төрд гарвал  МАНАН бүлэглэл улам өргөжиж, хүрээгээ тэлээд зогсохгүй төрөөс хэрхэн “хулгай” хийж болох талаар практик ойлголттой нэгэн  төрийн бодлого боловсруулагчдын эгнээнд нэгдэх нь. 
Дэлгэрэнгүй унших

Үзэл бодол

Т.Ууганбаяр: МАН хандивын мэдээллийг ил тод болгож, зөв жишиг тогтоолоо

Огноо:

,

МАН УИХ-ын сонгуулийн тухай хуульд заасны дагуу сонгуулийн зардлын данс нээж, хүчээ нэгтгэх хандивын аяныг эхлүүлээд байгаа билээ. Сонгуулийн зардлаа хуулийн хүрээнд бүрдүүлэх зорилгоор зарласан хандивын аяныг дэмжиж буй МАН-ын гишүүд, дэмжигчид Төрийн банкны 340102000012 тоот дансанд хандив өргөхдөө регистрийн дугаар, нэр, хандивын эх үүсвэрийн талаарх мэдээллээ заавал бичих ёстой. Аль нэг мэдээллийг нь бичээгүй тохиолдолд хандив дээрх данс руу шилжихгүй  аж. Хандивын эх үүсвэр гэдэгт цалин, хүүхдийн мөнгө, хадгаламж гэх мэт ямар эх үүсвэрээс өгч байгаагаа бичих юм байна. Холбогдох хуульд заасны дагуу иргэн таван сая, хуулийн этгээд 20 хүртэлх сая төгрөгийг хандивлах боломжтой.

Хүчээ нэгтгэх хандивын аяны талаарх мэдээллийг Монгол ардын намын пэйж хуудсаар дамжуулан Live-аар  хүргэж байгаа билээ. Энэ сарын 26-ны байдлаар 2300 гаруй иргэн, 40 орчим хуулийн этгээд буюу байгууллага хандив өргөжээ.Аяны талаарх мэдээллийг хүргэх үеэр улс төр судлаач, доктор Т.Ууганбаяртай ярилцсаныг хүргэж байна.

-МАН сонгуулийнхаа зардлыг бүрдүүлэхийн тулд хүчээ нэгтгэх хандивын аяныг эхлүүлсэн. Улс төрийн нам, эвсэл гишүүд, дэмжигчдээсээ хандив авах нь хэр зүй зохистой вэ?

-Сонгуульд оролцож байгаа улс төрийн нам, эвсэл, нэр дэвшигч дэвшүүлж буй  бодлого, мөрийн хөтөлбөрөө сонгогчдод ойлгуулж, таниулахын тулд ямар нэгэн хэлбэрээр сурталчлах, орон нутгийн нэр дэвшигчид тойрогтоо очиж ажиллах гэх зэргээр тодорхой үйл ажиллагаа явуулж, тэр хэрээр зардал гардаг. Тиймээс сонгуульд зарцуулах санхүүжилтийг босгох асуудал бий болдог. Иймд дэлхий нийтийн жишгээр гишүүд, дэмжигчдээсээ хандив авах боломжтой.  Энэ бол хүлээн зөвшөөрөгдсөн зүйл. Дэлхийн зарим улс оронд ямар нэгэн хээл хахуулиас сэргийлэхийн тулд улс төрийн сонгуульд оролцож буй намуудад төрөөс нь санхүүжилт олгодог. Жишээлбэл, Польш улсын хувьд эхлээд нам, эвсэл, нэр дэвшигч нь зардлаа гаргачхаад эргүүлээд түүнийгээ төр засгаасаа авдаг. БНСУ-ын хувьд арай өөр онцлогтой. Зарим тохиолдолд төрөөс сонгуулийн зардлаа авч болдог. Тодруулбал, хөгжлийн бэрхшээлтэй болон эмэгтэй хүнийг нэр дэвшүүлсэн тохиолдолд төрөөс санхүүжилт олгодог. Манай улсын хувьд Улс төрийн намын тухай хуулиар авч үзвэл, ийм боломж, бололцоо бүрдээгүй. Өөрөөр хэлбэл, төрөөс улс төрийн намуудад санхүүжилт олгох зохицуулалт байдаггүй. Тиймээс тухайн нэр дэвшигч, намыг сонговол Монголд өөрчлөлт шинэчлэлт хийж, хөгжил дэвшлийг бий болгоно гэж бодож байвал хандив өргөж, дэмжих нь зүйтэй.

-Улс төрийн намууд гишүүд, дэмжигчдээсээ хандив авч буй тохиолдолд гарч болох ямар нэгэн эрсдэлээс хэрхэн урьдчилан сэргийлэх ёстой вэ?

-Улс төрийн хээл хахуулийн асуудал гарч ирэх эрсдэлтэй. Үүнээс сэргийлэхийн тулд улс төрийн намууд санхүүжилтийн эх үүсвэрийг ил тод байлгах нөхцөлийг бүрдүүлж, холбогдох хуульд энэ талаар тусгасан байдаг. Жишээ нь, БНСУ-ын хувьд Сонгуулийн ерөнхий хороо нь нам, эвслийн нэр дээр данс үүсгэдэг. Гэхдээ эрсдэлээс урьдчилан сэргийлж, орж, гарч буй мөнгийг ил болгох хууль эрх зүйн орчин бусад улс оронд бий. Харин манай орны хувьд ийм орчин хараахан бүрдээгүй. Ийм тодорхойгүй нөхцөлд улс төрийн ууган хүчин бусад намдаа үлгэр дууриал болж, сонгуулийн хандивын дансыг ил тод нээж, бүх мэдээллийг нь өдөр бүр хүргэж байгаа нь хяналтыг олон нийтийн хэмжээнд аваачиж буй явдал. Мөн данснаас дансанд шилжүүлэх байдлаар хандив авч, санхүүжилтээ бүрдүүлэх нь маш том үлгэр дууриал. Банк бол хараат бус байгууллага тул бүх гүйлгээ нь нарийн хяналтад байдаг. Бусад улс төрийн нам, эвсэл ч гэсэн МАН шиг хандивын дансаа зарлаж, орлогынх нь мэдээллийг олон нийтэд ил тод хүргэвэл Монголын улс төрд зөв жишиг тогтох юм.

-АН сонгуулийн зардлаа бүрдүүлэхийн тулд дэнчин гэдэг байдлаар нэр дэвшигчдээсээ 100 сая ба түүнээс дээштөгрөгийгтатан авсан. Улс төр судлаачийн хувьд энэ тухайд ямар байр суурьтай байгаа вэ?

-Сонгуульд оролцоход тодорхой хэмжээнд санхүүжилт гардаг тул зардлаа бүрдүүлж буй нэг арга байх. Гэхдээ мэдээлэл нь ил тод биш учраас ард түмэн ихээхэн хардаж байгаа. Дэнчин хэлбэрээр хэчнээн хүнээс хэр хэмжээний мөнгө авсан талаараа зөвхөн сонгогч, олон нийтэд мэдээлэхээс гадна намын гишүүддээ энэ талаараа тайлагнах ёстой. Шилэн байснаар ямар нэгэн эрсдэл, хардлага, сэрдлэгээс сэргийлэх бүрэн боломжтой.

-Улс төрийн намууд ямар нэгэн нэршлийн дор их хэмжээний мөнгө татах аль эсвэл хандив зарлаж, гишүүд, дэмжигчдийнхээ сэтгэлийн дэмээр сонгуулийн зардлаа бүрдүүлэх нь ямар үр дагавартай байдаг вэ?

-Олон улсын практик туршлага бий. 1990-ээд оны үеэс дэлхий нийтэд өөрчлөлт гарсан. Тэр үеэс коммунист, авторитар дэглэмтэй боловч капиталист эдийн засагтай байсан Зүүн Европын орнууд ардчилал руу орж,  шилжилт хийсэн. Энэ үеэс эхэлж улс төрийн намуудад төлөвшил явагдаж, холбогдох хуулиудыг нь гаргаж эхэлсэн байдаг. Тиймээс зарим улс оронд олон нийтээс төдийгүй бизнесийн байгууллагаас хандив авахыг хүлээн зөвшөөрдөг байлаа. Гэтэл энэ нь ихээхэн эрсдэл дагуулсан. Жишээ нь, Польш улсад нэгэн бизнесийн байгууллага их хэмжээний хандив өгснөөр эргээд тэр компанийг монополь болоход дэмжсэн хууль эрх зүйн орчныг бүрдүүлсэн тохиолдол бий. Тиймээс Польш улс Улс төрийн намын тухай хуульдаа өөрчлөлт оруулж, бүх төрлийн хандивыг хориглосон түүхтэй. Иймд дэлхийн улс орнууд хандивыг олон нийтийн хяналт дор, дээд хязгаарыг нь тогтоох зарчмыг баримталдаг болсон. Тухайн улс төрийн намд их хэмжээгээр мөнгө өгч буй хүмүүст тодорхой хэмжээний ашиг сонирхол байна л гэсэн үг. Ямар зорилгоор өгч байгаа, тэр мөнгө нь хуульд нийцэж байна уу үгүй юу гэх зэргээр олон асуудал гардаг. Тиймээс улс төрийн намууд бусад улс орны туршлага, жишээнээс сургамж авч, сонгуулийн санхүүжилтээ хуулийн хүрээнд, олон нийтийн хяналт дор бүрдүүлэх нь зүйтэй.

С.Юмсүрэн

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа

Санал болгох