Улстөр нийгэм
Н.Учрал: Засгийн Газар цахим хөгжилд тулгуурласан эдийн засгийг хөгжүүлнэ
-Төр систем хөгжүүлэхгүй, төрийн үйлчилгээний "API SERVICE"-ийг хувийн хэвшилд нээж байна-
Мэдээллийн технологийн үйлдвэрлэл, дэвшилтэт технологийг хөгжүүлэх Үндэсний зөвлөлийн 2026 оны анхдугаар хуралдаанд /2026-04-21/ Ерөнхий сайд Н.Учрал, Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ч.Номин болон мэдээлэл технологийн салбарын төлөөллүүд оролцож санал хүсэлтээ илэрхийлэв.
Ерөнхий сайд Н.Учрал Цахим хөгжил, харилцаа холбооны сайдаар ажиллаж байхдаа өргөн мэдүүлж, УИХ-аар 2024 оны зургадугаар сард Мэдээллийн технологийн үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулийг батлуулж, салбарыг төрөөс дэмжих эрх зүйн суурь бүрджээ. Дээрх хууль нь Мэдээллийн технологийн үндэсний үйлдвэрлэлийг хөгжүүлэх, олон улсад өрсөлдөх чадварыг дээшлүүлэх, эдийн засагт үзүүлэх өгөөжийг нэмэгдүүлэх зорилготой, хуулийн хэрэгжилтийг хангах гол механизм нь энэ зөвлөл юм.

НҮБ-ын 2024 оны Цахим засаглалын хөгжлийн индексээр Монгол Улс 46 дугаарт орж, 2022 оноос 28 байр урагшилсан. e-Participation Index-ээр 37 дугаарт эрэмбэлэгдсэн. Е-Mongolia платформ 2023 онд Open Government Partnership-ийн шагналын хөтөлбөрт хүндэт үнэлгээ авсан. Е-Mongolia-гаас 89 байгууллагын 1,269 үйлчилгээг 102 сая удаа авчээ. Иргэдийн 80 хувь нь Е-Mongolia ашигладаг, иргэдийн 27 сая ам.долларын шууд бус зардлыг хэмнэжээ.
Монгол Улс төрийн үйлчилгээний дижитал шийдэл, интеграц, платформын туршлагаа цаашид, зөвлөх үйлчилгээ, платформын шийдэл, хэрэгжилтийн загвар хэлбэрээр бусад улсад экспортлох бүрэн боломжтой болсныг дээрх үр дүнгүүд илэрхийлж байна.

Энэ салбарт төрийн оролцоо багасаж, хувийн хэвшилдээ боломж олгосноор нийгэм, эдийн засагт үзүүлэх эерэг нөлөөлөл олон байна. Тухайлбал, Узбекистан улс IT Park Uzbekistan-аа дэмжиж, 2024 оны эцэст 2,600 компани 1.6 тэрбум ам.долларын эргэлттэй ажилласан. 2025 оны эцэст IT үйлчилгээгээ 90 гаруй улсад экспортолжээ.
Казахстаны Astana Hub-ын мэдээллээр 2025 оны байдлаар IT үйлчилгээний экспорт нь 633.8 сая ам.долларт хүрчээ.
Монгол Улсад төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой 4,119 байгууллагын 13,526 программ хангамж, лиценз бүртгэлтэй. Мэдээллийн системийн хөгжүүлэлт, засвар үйлчилгээний 73 хувийг төр, 27 хувийг хувийн хэвшил хариуцаж байна. Сүүлийн 10 жилд төсвийн хөрөнгө оруулалтаар 104 тэрбум төгрөг, гадаадын зээл тусламжаар 226.7 сая ам.долларыг систем хөгжүүлэх, дэд бүтцийг чадавхжуулахад зарцуулжээ.

Ерөнхий сайд Н.Учрал “Мэдээллийн технологийн салбар төрийн зуршлаас хувийн хэвшил рүү шилжинэ, “Чөлөөлье” санаачилгаар чөдрийг тайлахын төлөө ажиллана. Төр зөвхөн замыг нь, замын хөдөлгөөний дүрэмтэй нь тогтоож өгнө. Төр хөгжүүлэгч биш зохицуулагч байна. Төр систем хөгжүүлэхгүй байх тогтоолыг Засгийн газар гаргасан. Ирэх оны төсөвт хөгжүүлэлтийн зардал тавихгүй. Бид дэлхийн жишгийг дагана” гэдгийг онцлов. Чөлөөт өрсөлдөөний үр дүнд чанар, хурд, инновац бүтээнэ гэлээ.
Засгийн газар цаашид дараах бодлогын чиглэлд онцгой анхаарч ажиллана. Үүнд:
- ТӨР АПП ХӨГЖҮҮЛЭХГҮЙ. Төр бүх үйлчилгээнд апп, систем хийхгүй. Нээлттэй API, нэгдсэн стандарт, мэдээлэл солилцооны дэд бүтцэд суурилсан загварт шилжинэ.
- АЮУЛГҮЙ СТАНДАРТ. Төрийн мэдээллийн сан, API, дижитал дэд бүтцийг нээлттэй, аюулгүй, стандарттай болгож, хувийн хэвшил программ хангамжаа хэрэгжүүлнэ.
- ДОТООДЫН ХУДАЛДАН АВАЛТ. Төр худалдан авалт, захиалгадаа үндэсний мэдээллийн технологийн үйлдвэрлэлийг дэмжинэ.

- ОЛОН СУВГИЙН ҮЙЛЧИЛГЭЭ-г нээснээр төрийн өгөгдөл, стандарт бүхий өрсөлдөөнт орчинд хувийн хэвшлүүд илүү хүртээмжтэй, оновчтой шийдлүүдийг бий болгоно.
- МОНОПОЛЬ БАЙДЛЫГ ХАЛНА. Хувийн хэвшил хийж чадах, өрсөлдөөнөөр чанар нь өсөж сайжрах үйлчилгээнд төр өмнүүр нь орохгүй.
- ХУУЛИЙН СААДЫГ АРИЛГАНА. Татварын бус дэмжлэгийн санхүүжилтийн хуулийн хэрэгжилт эхэлнэ. Хуулийн этгээдтэй цахимаар байгуулах гэрээний загвар батлах, эрх зүйн баримт бичгүүдийг албажуулах, төрийн байгууллагуудаас хүлээгдээд байгаа асуудлыг шийдвэрлэнэ гэлээ.

Өнөөдрийн хурал тус зөвлөлийн гурав дахь, 2026 оны анхдугаар хуралдаан юм. Мэдээллийн технологийн үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулийн хэрэгжилтэд анхаарах, салбарын хамрах хүрээг нэмэгдүүлэх, виртуал бүсэд ямар компаниудыг бүртгэх вэ гэдгийг тодорхой болгох, салбарын нийгмийн даатгалын шимтгэлийг хөнгөлж, чөлөөлөх зэрэг хувийн хэвшлээс санал гаргав.
Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ч.Номин Ерөнхий сайдын онцолсон ажлуудыг зөв, цэгцтэй хэрэгжүүлэх, бизнес эрхлэгчдээ олон улсын зах зээлд гаргахад анхаарч ажиллахаа илэрхийллээ.






Улстөр нийгэм
Ерөнхий сайд Н.Учрал Бизнесийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг яаралтай горимоор хэлэлцүүлэхээр УИХ-д өргөн барилаа
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Бизнесийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд заасны дагуу яаралтай горимоор хэлэлцүүлэхээр УИХ-ын дарга С.Бямбацогтод өргөн барилаа.
Ерөнхий сайд “Бизнесийн эрх чөлөөний тухай анхдагч хууль бол Засгийн газрын “Эрх чөлөөний дөрвөн зам, дөрвөн чөлөөлөлт”, “Чөлөөлье” бодлогыг амилуулж биежүүлэх хууль” гэдгийг онцлов.
Засгийн газраас Бизнесийн эрх чөлөөний тухай анхдагч хуулийн төсөл, түүнийг дагалдуулан Хөрөнгө оруулалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон бусад холбогдох хуулийн төслийг боловсрууллаа.

Монгол Улсад бизнес эрхлэхтэй холбоотой харилцааг шууд болон шууд бус хэлбэрээр зохицуулсан 360 гаруй хууль хүчин төгөлдөр үйлчилж байгаа ч бизнесийн үйл ажиллагааны явцад төр болон бизнес эрхлэгчдийн хооронд баримтлах зарчмууд тухайлбал, хуулиар хориглосноос бусад тохиолдолд бизнесийн үйл ажиллагааг чөлөөтэй эрхлэх, бизнесийн тогтвортой байдлыг хангах, төр, хувийн аж ахуй нэгжүүдтэй өрсөлдөхгүй байх, төрийн оролцоог бууруулах зэрэг суурь зарчмуудыг тусгасан нэгдсэн хууль байхгүй байна.
Энэ төсөл нь хууль зүйн тодорхой байдал, төрийн хариуцлагыг нэмэгдүүлж, захиргааны дарамт багасах, төрийн үйлчилгээний чанар сайжрах нөхцөлийг бүрдүүлж, бизнесийн үйл ажиллагааг чөлөөтэй эрхлэх, хөрөнгө оруулалт нэмэгдэх, эдийн засгийн өсөлт, ажлын байр нэмэгдэхэд дэмжлэг үзүүлнэ.

Хөрөнгө оруулалтын тухай хуульд оруулж буй гол өөрчлөлтүүд нь хөрөнгө оруулагчдаас төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан гомдлыг хүлээн авч, судалж, гомдлыг барагдуулах талаар нэгдсэн тогтолцоог бий болгосон байна.
Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон түүнтэй холбогдуулан боловсруулсан бусад салбарын хуулиудад оруулсан гол өөрчлөлт нь зөвшөөрлийн тогтолцоог цахим хэлбэрт шилжүүлэх, эрсдэл багатай зарим үйл ажиллагааг зөвшөөрөл авах бус мэдэгдлийн үндсэн дээр эрхлэх эрх зүйн орчныг бүрдүүлэх, зөвшөөрөл олгох, сунгах ажиллагааг хялбаршуулах, бизнес эрхлэгчид тавигдах зарим давхардсан болон хүндрэлтэй шаардлагыг бууруулах чиглэлээр зохицуулалт тусгагджээ.

Улстөр нийгэм
Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв
Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтод өнөөдөр Улсын Их Хурлын гишүүн А.Ариунзаяа, Д.Батлут, Л.Мөнхбаясгалан, С.Эрдэнэбат, Л.Энхнасан нараас Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв.
Улсын Их Хурлын даргын захирамжаар байгуулагдсан Ахмадуудад тулгамдсан асуудлыг шийдвэрлэх, хөдөлмөр эрхлэлт, эрүүл мэнд бусад асуудлын талаарх хуулийн хэрэгжилт, цаашид анхаарах асуудалд санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсгээс тэдний хөдөлмөр эрхлэлтийг дэмжихэд чиглэсэн агуулгатай уг хуулийн төслийг өргөн мэдүүлж буйг Улсын Их Хурлын гишүүн А.Ариунзаяа энэ үеэр онцолсон.
Тэрбээр 2024 онд батлагдсан Ахмад настны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж, тэдний хөдөлмөр эрхлэх нөхцөл бололцоог бүрдүүлсэн. Өнөөдөр хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хуулиудад аж ахуйн нэгж, байгууллага 50-аас дээш ажилтантай бол тэдний хоёр хувьд ахмадуудыг ажиллуулах, улмаар ахмадууд хөдөлмөрийн гэрээ, ажил гүйцэтгэх, хөлсөөр ажиллах бол ажилтны хүсэлтээр ажил олгогч аль аль нь тэтгэврийн шимтгэл төлөхгүй байж болно гэсэн зохицуулалт үйлчилж байгааг дурдлаа.
Гэсэн хэдий ч Нийгмийн даатгалын ерөнхий хууль энэ заалтыг зөвхөн өндөр насны тэтгэврийг 20-оос доошгүй жил шимтгэл төлсөн 65 нас хүрсэн ахмадыг хэлнэ гээд өндөр насны тэтгэвэр тогтоолгож байгаа долоон төрлийн асуудал байхад зөвхөн нэгийг нь авч үзэн зохицуулсан байдаг. Иймд хүчин төгөлдөр үйлчилж буй хуулийн зохицуулалтыг өөрчилж, цэргийн алба хаагчийн тэтгэвэр авч буй иргэд, дөрвөн хүүхэд төрүүлээд 50 насандаа тэтгэвэрт гарсан эхчүүд, малчин, хүнд хортой нөхцөлд ажилласан гээд өндөр насны тэтгэвэр тогтоолгосон бүх хүмүүсийг хамруулах уг хуулийн төслийг боловсруулсан гэж байлаа.
Монгол Улсад 2025 оны жилийн эцсийн байдлаар өндөр насны тэтгэвэр тогтоолгосон, ажил хөдөлмөр эрхэлж байгаа 62.2 мянган тэтгэвэр авагчаас 33.1 мянга нь одоогийн Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн 7.6 дахь хэсэгт заасны дагуу тэтгэврийн даатгалын шимтгэлээс чөлөөлөгдсөн байна. Энэ нь нийт ажиллаж буй өндөр насны тэтгэвэр авагчдын 53.2 хувийг, харин үлдсэн 29.1 мянга нь уг заалтын болзол хангаагүй тул шимтгэл төлсөн, ялгавартай нөхцөл байдалд өртсөн иргэд нь 46.8 хувийг эзэлж байгаа аж.
Ахмад настны хөдөлмөр эрхлэлтийг дэмжих зорилгоор Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд тэтгэврийн даатгалын шимтгэл төлөхгүй байх сайн дурын сонголтыг бүх насны тэтгэвэр авагч иргэнд хамааруулах улмаар ажил олгогчийн төлөх тэтгэврийн даатгалын шимтгэлийн ачаалал буурах ахмад настны хөдөлмөр эрхлэлтийг дэмжих заалтуудыг төсөлд тусгасан байна.
Хуулийн төсөл батлагдсанаар Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн 7 дугаар зүйлийн 7.6 дахь хэсэгт өндөр насны тэтгэвэр тогтоолгосон бүх тэтгэвэр авагчдыг хамааруулна. Ингэснээр тэтгэврийн даатгалын сангийн орлого 95.8 тэрбум төгрөгөөр буурч энэ хэмжээгээр тэтгэврийн даатгалын санд олгох улсын төсвийн санхүүгийн дэмжлэгийн хэмжээ нэмэгдэнэ гэж төсөл санаачлагчид үзжээ хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.
Улстөр нийгэм
Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хяналтын тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүллээ
Монгол Улсын Их Хурлын чуулганы 2026 оны зургаадугаар сарын 04-ний өдрийн нэгдсэн хуралдаанаар Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэд хяналт тавих тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэв.
Хэлэлцүүлгийн үеэр Улсын Их Хурлын гишүүд хар тамхи, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой гэмт хэрэг өсөж буй шалтгаан, урьдчилан сэргийлэх ажил, төрийн албан хаагчдын оролцоо, цахим орчин дахь хууль бус эргэлт, зохион байгуулалттай гэмт бүлэглэлтэй тэмцэх чадавх зэрэг асуудлыг хөндөж, холбогдох албан тушаалтнуудаас хариулт авлаа.
Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Д.Мөнх-Эрдэнэ энэ төрлийн гэмт хэрэгт төрийн 22 албан хаагч холбогдсон талаар танилцуулсан юм. Тэдний зургаа нь хорих, дөрөв нь зорчих эрхийг хязгаарлах, нэг нь торгох, гурав нь нийтийн албанд томилогдох эрхийг тодорхой хугацаагаар хязгаарлах, долоо нь тэнсэн харгалзах ялаар шийтгэгджээ. Мөн хоёр хүн гадаад улсад шалгагдсан байна.
Дэд сайдын мэдээлснээр энэ төрлийн гэмт хэрэг 2002 оноос хойш 150 дахин өссөн бөгөөд үүнийг урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх ажил дутмаг байсантай холбон тайлбарлав.
Улсын Их Хурлын гишүүд хуулийн зохицуулалт нь олон салбар дамнасан, үндэсний аюулгүй байдалд чухал нөлөөтэйг онцолж, хар тамхитай тэмцэх бүтэц, чадавхыг сайжруулах, урьдчилан сэргийлэх, нийгэмшүүлэх, сэрэмжлүүлэх тогтолцоог бүрдүүлэх, энэ төрлийн гэмт хэрэгт оролцсон төрийн болон хууль, хүчний байгууллагын албан хаагчдад оногдуулах хариуцлагыг чангатгах шаардлагатайг тэмдэглэлээ.
Ингээд Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэд хяналт тавих тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн 41 хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжив.
Иймд хуулийн төслүүдийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ.
