Шударга мэдээ
Ус бохирдуулсны төлбөр төлөхгүй бол “Оюу толгой” ХХК-д ус ашиглуулахгүй байх асуудлыг хөндөнө
Ерөнхий сайд Г.Занданшатар Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Усны газарт “Оюу толгой” ХХК-иас ус бохирдуулсны төлбөр авах үүрэг даалгавар өгснөөс хойш зургаан хоногийн хугацаа өнгөрч байна.
Өгсөн үүрэг даалгаврын явцын талаар Усны газрын дарга З.Батбаяр өнөөдөр Ерөнхий сайдад мэдээлэл өглөө.
“Оюу толгой” ХХК-ийн зүгээс хаягдал усны дүгнэлт гаргуулах болон усны аудит хийлгэх тухай албан бичгийг Усны газарт ирүүлсэн талаар мэдээлэв.
Энэ дагуу усны аудитын ажлын даалгаварт Усны газар саналаа тусгуулахаар ажиллаж байгаа юм байна. Харин ус бохирдуулсны төлбөр авах тухайд тус компани хаягдал усны дүгнэлт гаргуулахаа илэрхийлсэн нь тодорхой хэмжээний ахиц мөн гэж Усны газрын дарга З.Батбаяр хэллээ.
Гэхдээ тус компаниас ус бохирдуулсны төлбөрийг энэ жилээс тооцож авах биш 2020 оноос хойш бохирдуулсан усны хэмжээг тооцож, төлбөрийг нөхөн авна гэсэн Ерөнхий сайдын байр суурийг хатуу хамгаална гэж илэрхийллээ.
“Оюу толгой” ХХК ус бохирдуулсны төлбөр төлөхгүй, нийгмийн хариуцлагаа ухамсарлахгүй байгаа тохиолдолд тус компанид ус ашиглуулахгүй байх асуудлыг судалж танилцуулахыг Ерөнхий сайд Г.Занданшатар Усны газарт даалгав.
Ус бохирдуулагч нь төлөгч гэсэн олон улсын нийтлэг зарчмыг хангуулахад ус хамгийн их ашиглаж, бохирдуулдаг аж ахуйн нэгжүүдийн манлайлал нэн чухал. Бохирдуулагч бүр төлөгч болсноор усаа хэмнэх, байгальд ээлтэй технологид хөрөнгө оруулалт хийх зэрэг олон талын ач холбогдолтойг Ерөнхий сайд Г.Занданшатар онцлов.
Үндсэн хуулийн 6.2-д зааснаар ус бол төрийн нийтийн өмч учраас усны асуудал хариуцсан төрийн байгууллага ус ашиглуулах эсэхийг шийдэх бүрэн эрхтэй гэж Усны газрын дарга З.Батбаяр хэллээ.
Шударга мэдээ
Нийслэлийн байгаль орчны газар мэдэгдэл гаргалаа
МЭДЭГДЭЛ
Нийслэлийн нутаг дэвсгэрт түгээмэл тархацтай ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч аж ахуйн нэгжүүдийн олборлолтын үйл ажиллагааны нөлөөллийн бүсэд хүний амь нас, эрүүл мэнд, хүрээлэн буй орчинд учирч болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх, байгаль орчныг хамгаалах зорилгоор дараах арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг мэдэгдэж байна.
1. Түгээмэл тархацтай ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч аж ахуйн нэгжүүд ашиглалтын талбай дахь олборлолтын үйл ажиллагааны нөлөөллийн бүсэд оршин суугаа иргэд, мал амьтанд үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах, учирч болзошгүй эрсдэлийг арилгах, аюулгүй байдлыг хангах арга хэмжээг тогтмол зохион байгуулах;
2. Ашиглалтын болон хайгуулын талбайд үүссэн ам цооног, ил уурхайн ухаш, нүх, шуудуу, хаягдлын байгууламж болон бусад аюултай хэсгийг хашаажуулах, анхааруулах тэмдэг, тэмдэглэгээ байрлуулах, шаардлагатай хамгаалалтын хэрэгслээр тоноглох, аюулгүй байдлыг хангах, ашиглалт дууссан болон эрсдэл бүхий талбайг үе шаттайгаар булж тэгшлэх;
3. Хүүхэд хамгааллын тухай хууль тогтоомжид нийцүүлэн хүүхэд хамгааллын бодлогоо баталж мөрдүүлэх, хүүхэдтэй холбоотой эрсдэлийг илрүүлэх, үнэлэх, урьдчилан сэргийлэх, мэдээлэх болон шаардлагатай хариу арга хэмжээг шуурхай авч хэрэгжүүлэх;
4. Энэхүү мэдэгдлийн хэрэгжилтийг зохион байгуулж, авсан арга хэмжээ, хэрэгжилтийн явц, үр дүнгийн талаарх мэдээллийг 2026 оны 06 дугаар сарын 10-ны дотор Нийслэлийн Байгаль орчны газарт тухай бүр ирүүлж ажиллах.
Мэдэгдлийг холбогдох хууль тогтоомжийн хүрээнд хэрэгжүүлж, олборлолтын үйл ажиллагааны аюулгүй байдал, байгаль орчны хамгаалал, нийгмийн хариуцлагыг хангаж ажиллахыг үүгээр мэдэгдье.
НИЙСЛЭЛИЙН БАЙГАЛЬ ОРЧНЫ ГАЗАР
Шударга мэдээ
Нийслэлийн нэг цэгийн үйлчилгээний төв болон 21 аймагт 1072 хувьцааг өвлүүлнэ

Шударга мэдээ
Хар салхины улмаас Улаанбаатар-Токио-Улаанбаатар чиглэлийн өнөөдрийн нислэгийг цуцалжээ
2026 оны 6 дугаар сарын 3-ны өдөр Япон улсын Канто бүс нутгийг чиглэн ойртож буй “Жанми” хар салхины улмаас Улаанбаатар-Токио-Улаанбаатар чиглэлийн ОМ501 болон ОМ502 нислэгийг цуцалжээ.
“МИАТ” ТӨХК-иас 2026 оны 6 дугаар сарын 3-ны өдрийн OM501/OM502 нислэгийн зорчигчдыг 6 дугаар сарын 4-ний өдрийн нислэгт шилжүүлэн тээвэрлэх ажлыг зохион байгуулж байна.
Уг нислэгт зорчих тийз худалдан авсан зорчигчид, тийзээ худалдан авсан борлуулалтын төвд хандаж нислэгийн өдрөө өөрчлүүлэхийг “МИАТ” ТӨХК-иас мэдээллээ.
