Цаг үе
Нийслэлийн хэмжээнд 4113 теле камерыг нэгдсэн болон дэд төвд холболоо
Нийслэлийн хэмжээнд гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор нийт 6377 теле камер ажилладаг. Үүний 4113 камерыг нэгдсэн болон дэд төвд холбож ашиглалтыг сайжруулсан. Нийт камерын 2555 камер буюу 62 хувь нь хэвийн ажиллагаатай байна. Харин эвдрэл, сааталтай 2750 камерыг засварлах ажил үргэлжилж байна. Мөн ААН, байгууллагуудтай хамтран орчны аюулгүй байдлыг хангах хүрээнд стандартын шаардлага хангасан 52 мянга гаруй камерыг суурилуулж, гэмт хэрэг, зөрчлийг илрүүлэх, таслан зогсоох үйл ажиллагаанд ашиглаж байна.
Энэ талаар ЦЕГ-ын Мэдээлэл, шуурхай удирдлагын төвийн Теле хяналтын ашиглалтын тасгийн дарга Л.Ганзориг “Гэр хороолол, гудамж талбайг камержуулах чиглэлээр 2500 цэгийн судалгаа, тооцоог хийж байна. Өмнө нь гэмт хэрэг, зөрчил илрүүлэхдээ ААН, айл өрхийн хяналтын камерыг нэг бүрчлэн шалгадаг байсан. Ингэхдээ камерын чанар муу, харагдах өнцөг хязгаарлагдмал, бичлэг хадгалах хугацаа богино, шөнийн цагаар улсын дугаар таних боломжгүй зэрэг хүндрэл тулгарч, нотлох баримт устах, мөрдөн шалгах ажиллагаа удаашрах эрсдэл бий болдог байсан. Харин теле камерын нэгдсэн болон дэд төв ашиглалтад орж, стандартын шаардлага хангасан камеруудыг нэмэгдүүлснээр камерын бичлэгийг нэг төвлөрсөн цэгээс шүүн үзэх, тээврийн хэрэгслийн улсын дугаар, маршрут, хөдөлгөөнийг хурдан тогтоох боломж бүрдсэн. Ингэснээр хэрэг илрүүлэх хугацаа 10–20 дахин богиносож, мөрдөн шалгах ажиллагаа илүү шуурхай болж байна. Мөн Улаанбаатар хотын 176 уулзвар, гарцад 2600 гаруй ухаалаг камерыг суурилуулж, нэгдсэн сүлжээнд холбосон. Үүний үр дүнд замын хөдөлгөөний дүрмийг мөрдөх байдал сайжирч, зөрчил буурч, гэмт хэрэг, осол аваараас урьдчилан сэргийлэх, авто замын хөдөлгөөний эрчмийг хянах боломж бүрдсэн” гэв.
Замын хөдөлгөөний удирдлагын төвийн нэгдсэн хяналтын теле камерын системийг ашиглалтад оруулснаар Улаанбаатар хотын бүх авто зам, гол уулзвар, нэгдүгээр эгнээ тасралтгүй камержсан. Өнөөдрийн байдлаар нэг хэрэгт холбогдсон тээврийн хэрэгслийг тогтоож, баримтжуулах хугацаа дунджаар 30 минутаас 2 цаг болж буурсан нь өмнөхтэй харьцуулахад 10–20 дахин хурдан шийдвэрлэх нөхцөлийг бүрдүүлжээ. Түүнчлэн теле камерын хяналтын нэгдсэн системд холбогдсон 4113 камерын тусламжтайгаар:
- Зам тээврийн осол – 365
- Гэмт хэрэг – 261
- Замын хөдөлгөөнд оролцсон маршрут – 333
- Хойшлуулшгүй ажиллагаанд дэмжлэг – 76
- Бусад – 382
- Нийт 1417 удаагийн камер шүүлгэх хүсэлтийг хүлээн авч, 783 нотлох баримтыг холбогдох байгууллагад хүргүүлэн, гэмт хэрэг илрүүлэхэд хамтран ажилласан байна.
НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
Цаг үе
БНХАУ-ын Онцгой байдлын удирдлагын яамтай дэвшилтэт технологи, тоног төхөөрөмжийн чиглэлээр хамтран ажиллана
Монгол Улсын Шадар сайд Н.Номтойбаяр БНХАУ-д хийж байгаа ажлын айлчлалын хүрээнд Онцгой байдлын удирдлагын сайд Жан Чэнжунтай албан уулзалт хийлээ.
Уулзалтаар Шадар сайд Н.Номтойбаяр хоёр улсын Онцгой байдлын салбар гамшгаас урьдчилан сэргийлэх чиглэлээр 2021 онд Гамшигтай тэмцэх санамж бичиг, 2022 онд Хил орчмын ой хээрийн түймэртэй тэмцэх хэлэлцээрийг тус тус байгуулсан бөгөөд уг гэрээ хэлцлийг шинэ түвшинд гаргах нь чухал гэдгийг онцлов. Тодруулбал, Хятадын баруун хойд хязгаартай хиллэдэг Монгол Улсын баруун бүс нутагт газар хөдлөлтийн давтамж нэмэгдэж буй, зүүн хязгаар бүсэд хуурайшилтын улмаас ой хээрийн түймрийн давтамж их байгаа тул учраас хил орчмын бүс нутагт хоёр орны онцгой байдлын хамтын ажиллагааг идэвхтэй өрнүүлэх шаардлагатай байгааг тодотголоо.
Түүнчлэн гамшгаас урьдчилан сэргийлэх, гамшигтай тэмцэхэд ашиглаж буй Хятадын дэвшилтэт технологи, тоног төхөөрөмж, хиймэл оюун ухаан, сансрын технологийн ашиглалт зэргийг судалж, худалдан авах талаар Шадар сайд Н.Номтойбаяр онцолж байна.
Тэрбээр, БНХАУ-ын Ус, цаг уурын орчны хүрээлэнд хэрэглэж буй гамшгийн мэдээллийн систем, радар болон онцгой байдлын салбарт ашиглаж буй дэвшилтэт, орчин үеийн технологи, тоног төхөөрөмжийг манай улс нэвтрүүлснээр бүс нутгийн хэмжээнд гамшгаас хамгаалах нөхцөл бүрдэнэ гэв. Мөн онцгой байдал, ус, цаг уурын алба хаагчдыг БНХАУ-д чадавхжуулах, сургах, удирдлага менежментийн арга барилыг мэргэжлийн түвшинд бэлтгэх чиглэлээр санал дэвшүүллээ.
БНХАУ-ын Онцгой байдлын удирдлагын сайд Жан хоёр улсын онцгой байдлын салбарын хамтын ажиллагааг Монгол Улс, БНХАУ-ын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааны гол амжилтын нэг нь болгохыг хүсэж буйгаа онцлон тэмдэглэлээ.
Тэрбээр, Хятад Улс гамшигтай тэмцэх, гамшиг бууруулах, аюулгүй үйлдвэрлэл болон аврах ажиллагааны хөтөлбөрийн дагуу өнгөрсөн хугацаанд улсын хэмжээнд гамшиг, ослын тоо, гарз хохирол 36-39 хувиар буурсан бөгөөд Монгол Улстай хил орчмын бүс нутгийн гамшгаас урьдчилан сэргийлэх, гамшгаас хамгаалах чиглэлээр ажиллах бүрэн боломжтой хэмээв.
Хоёр орны онцгой байдлын салбарт хамтын ажиллагаагаар хэрэгжүүлэх нэгдсэн үйл ажиллагааны хөтөлбөрийг нэн даруй боловсруулж, хэрэгжүүлэх ажлын жагсаалт гарган хамтран ажиллах талаар санал солилцлоо.
Мөн аврах ажиллагаа, дроны сургалт явуулах, Монгол Улсын онцгой байдлын алба хаагчдад гамшгаас хамгаалах, урьдчилан сэргийлэх чиглэлээр өөрсдийн ашиглаж буй дэвшилтэт технологи, тоног төхөөрөмжүүдийг танилцуулах, сургалт явуулахад хамтран ажиллаж, харилцаагаа өргөжүүлэхэд бэлэн байгаагаа илэрхийлэв.

Цаг үе
Өвчтэй болон үхсэн шувуунд хүрэхгүй байхыг зөвлөж байна
Шувууны томуу нь хүн болон амьтны эрүүл мэндэд эрсдэл учруулж болзошгүй халдварт өвчин юм.
Иргэн бүр эрсдэлээс урьдчилан сэргийлж, халдвар хамгааллын дэглэмээ мөрдөх нь чухал.
-Өвчтэй болон үхсэн шувуунд хүрэхгүй байх
-Эрсдэлтэй бүс нутагт зорчихоос зайлсхийх
-Шувууны гаралтай түүхий бүтээгдэхүүнтэй харьцсаны дараа гараа сайтар угаах
-Шувууны аж ахуй, худалдааны газраар шаардлагагүй тохиолдолд зорчихгүй байхыг ЗӨСҮТ-өөс мэдээллээ.

Цаг үе
Орон сууц захиалгын гэрээтэй холбоотой 174 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байна
Улсын хэмжээнд энэ төрлийн 174 хэрэг бүртгэгдэн шалгагдаж байгаагийн 163 буюу 93.7 хувь нь Нийслэл, дүүргийн, 11 буюу 6.3 хувь нь орон нутгийн прокурорын газрын хяналтад тус тус шалгагдаж байна.
Мөрдөн байцаалтын шатанд шалгагдаж байгаа 32 хэрэгт 1,283 хүнийг хохирогчоор тогтоож, 52 хүнийг яллагдагчаар татаж, 545,5 сая төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлж, мөн хохирол нөхөн төлүүлэх зорилгоор 7,2 тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарлаж, 490 сая төгрөгийн үнийн дүн бүхий эд хөрөнгийг битүүмжлэх арга хэмжээ аваад байна.
Хэргийн 93.7 хувь нь Нийслэлийн нутаг дэвсгэрт шалгагдаж байгаатай холбогдуулан Нийслэлийн прокурорын газраас ажлын хэсэг байгуулж, хэргүүдийг шуурхай шалгаж шийдвэрлэх чиглэлээр прокурор болон мөрдөн шалгах ажиллагаа явуулах эрх бүхий байгууллагуудтай хамтран ажиллахаар болжээ.
Тодруулахад, 2024-2026 онуудад орон сууц худалдах, худалдан авах, түрээслэх нэрийдлээр бусдыг залилсантай холбоотой хэрэгт 10 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлж, 44,6 тэрбум төгрөгийн хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарлах арга хэмжээ авч, 227,8 сая төгрөгийн эд хөрөнгийг битүүмжилж хөрөнгө хамгаалах арга хэмжээ авсан байна.
Мөн 170 хэрэгт 3,651 хүнийг хохирогчоор тогтоож, 301 хүнийг яллагдагчаар татаж прокуророос яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлж шийдвэрлэжээ.
-
Улстөр нийгэм2022/02/23
Репо арилжаагаар банкуудад 81 тэрбум төгрөгийн эх үүсвэр олголоо
-
Цаг үе2022/10/25
Хар тугалганы хордлогод үгүй гэж хэлье
-
Шударга мэдээ2024/02/23
Малын хорогдол 6 хувь хүрсэн тохиолдолд малын индексжүүлсэн даатгал газар дээр н...
-
Цаг үе2022/11/22
Энэ долоо хоногт цаг агаар ямар байх вэ?
