Бидэнтэй нэгдэх

Үзэл бодол

Мэндчилгээ

Огноо:

,

Монгол Улсын Төрийн цэргийн байгууллагын генерал, офицер, ахлагч, гэрээт болон хугацаат албаны түрүүч, байлдагч, ажилтан албан хаагчид аа!

Эх орныхоо нэрийг өндөрт өргөж, хилийн чанадад үүргээ нэр төртэй гүйцэтгэж буй энхийг сахиулагч цэнхэр дуулгатнууд аа!

Эх орноо батлан хамгаалах эрхэм үйлсэд эрдэм ухаан, хөдөлмөр зүтгэлээ зориулсан үе үеийн эх орончид, бэлтгэл болон чөлөөнд байгаа ахмад дайчид аа!

Монгол Улсынхаа эрх чөлөө, тусгаар тогтнол, аюулгүй байдлыг батлан хамгаалж, бүтээн байгуулалт, хөгжил дэвшлийн үйлсэд үнэлж баршгүй хувь нэмэр оруулан, Монгол цэргийн түүхийг бахархам үйлсээрээ баяжуулж буй Та бүхэндээ “Монгол цэргийн өдөр” Зэвсэгт хүчний 99 жилийн ойн баярын мэндийг хүргэе!

Улс үндэстнээ сэргээн мандуулахын төлөө цогтой тэмцэгчид, эх орныхоо тусгаар тогтнолыг амь бие үл хайрлан батлан хамгаалагчид, бүтээн байгуулалтад хөдөлмөр бүтээлээ шингээсэн халуун эх орончдын байгуулсан гавьяа, уламжлуулж үлдээсэн үнэт зүйл нь Зэвсэгт хүчний үе үеийн дайчдын бахархал, үлгэр дуурайл болсоор ирсэн юм.

Өнгөрсөн онд Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн командлалын бие даасан ажиллагааг хангах, Агаарын цэргийн зэвсэглэл, техникийн шинэчлэлийг эрчимжүүлэх, Зэвсэгт хүчний гадаад хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхэд ихээхэн дэвшил гарч, улс орны томоохон бүтээн байгуулагч хүчин болохоо илтгэн харуулсаар байна.

Халхын голын байлдааны түүхт ялалтын 80 жилийн ойн арга хэмжээ, олон улсын “Цэргийн наадам”-ын шинэ төрөл болох “Аравт” морин цэргийн уралдаан, “Торгоны зам” олон улсын авто раллиг тус тус эх орондоо анх удаагаа амжилттай зохион байгуулж, “Монгол газрын тос боловсруулах үйлдвэр”-ийг Сайншанд хоттой холбох 17,5 км хатуу хучилттай хүнд даацын тусгай зориулалтын авто зам, Дорнод аймгийн Халх гол суманд хэрэгжүүлсэн “Шинэ сум” төсөл, нефть боловсруулах үйлдвэрийн дэд бүтцийн ажил, Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтад тус тус амжилттай оролцсон Монгол цэргийн мэргэжлийн ур чадварыг эх орондоо төдийгүй олон улсад таниуллаа.

Төрийн цэргийн байгууллагын бие бүрэлдэхүүн эх орноо батлан хамгаалах, аюулгүй байдлыг хангах, гамшиг, ослоос ард, иргэдээ авран хамгаалах их үйлсэд цаг, наргүй зүтгэж, хуулиар хүлээсэн үндсэн үүргээ нэр төртэй гүйцэтгэхийн зэрэгцээ даян дэлхийн энх тайвныг бэхжүүлэх үйлсэд олон үндэстний дайчидтай мөр зэрэгцэн оролцож, улс орны гадаад бодлогыг хэрэгжүүлэх, бүс нутгийн аюулгүй байдлыг хангахад үнэтэй хувь нэмэр оруулсаар байна.

Зэвсэгт хүчний өнөөгийн болон цаашдын хөгжлийн дүр төрх, бидний хамтдаа бүтээсэн ололт амжилт бүхэн Монгол Улсын аюулгүй байдал, тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлын баталгаа нь болж, улс орны их бүтээн байгуулалт, хөгжил дэвшлийг урагшлуулан даян дэлхийн энх тайван, бүс нутгийн тогтвортой байдлыг бэхжүүлэх үйлсээр тодорхойлогдож байна.

Өнөөдрийн Монгол Улсын Зэвсэгт хүчний өнгө төрх, үйл ажиллагааны үр дүн, гаргасан амжилт бүхэн жагсаалын байлдагчаас эхлээд ажил албандаа бүтээлчээр хандаж, өргөсөн тангарагтаа үнэнчээр зүтгэж буй нийт алба хаагчид Та бүхний хүч хөдөлмөрийн үр дүн гэдгийг онцлон тэмдэглэхэд таатай байна.

Суу билигт эзэн Чингис хааны өлгий нутаг Монгол Улсынхаа тусгаар тогтнол, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал, улс орныхоо бүтээн байгуулалт, хөгжил дэвшлийн төлөө бие сэтгэлээ зориулж, эх орноо батлан хамгаалах хүндтэй бөгөөд хариуцлагатай үүргээ амжилттай биелүүлж байгаа Та бүхэнд “Монгол цэргийн өдөр”, Зэвсэгт хүчний 99 жилийн ойн баярын дайчин цогтой мэндийг өргөн дэвшүүлж, эрүүл энх, аз жаргал сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

МОНГОЛ ЦЭРГИЙН СҮЛД ХИЙМОРЬ ҮЕИЙН ҮЕД МАНДАН БАДРАХ БОЛТУГАЙ!

МОНГОЛ УЛСЫН ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ ЖАНЖИН ШТАБЫН ДАРГА, ХОШУУЧ ГЕНЕРАЛ Д.ГАНЗОРИГ

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа
Монгол Улсад коронавирус COVID-19 бүртгэгдсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаас өгсөн чиглэлийг үндэслэн тус сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хааж байгааг үүгээр мэдэгдэж байна. SHUDARGA.MN сайтын редакц

Үзэл бодол

С.Эрдэнэ төрийн эрхийг хууль бусаар авахаар санаархаж байна

Огноо:

,

Ирэх УИХ-ын сонгуульд нэр дэвшихээр горилж байгаа 200 орчим хүнээс  тус бүр 100 сая төгрөгийг С.Эрдэнэ хурааж аваад байгаа. Гэвч С.Эрдэнэ баахан хүнээс 20 орчим тэрбум төгрөг  авсныхаа дараа “Одоо та нар нэр дэвшихийн тулд СЕХ-ноос баталсан тойргийн зардал болох  400-800 сая төгрөг тушаа” гэдэг шаардлага тавьж, горилогчдоо цуглуулан хоёр дахь гэрээгээ байгуулсан  байна.  Хэрвээ нэр дэвшиж чадахгүй бол яах вэ гэж гишүүд нь асуухад “Нэр дэвшиж чадахгүй бол мөнгийг чинь буцааж өгөхгүй, хохь нь.  АН ялах юм бол  улс төрийн дэмжлэг үзүүлнэ” гэдэг шахалт үзүүлж эхэлжээ.   Өөрөөрхэлбэл С.Эрдэнэ 500-900 сая төгрөгөөр Монголын төрийн албан тушаалыг  зарах, төрийн эрх мэдлийг хууль бусаар авах оролдлого хийж байгааг тус намын Үндэсний бодлогын хорооны гишүүн Мөнх-Эрдэнэ олон нийтэд дэлгэлээ.

С.Эрдэнийн хэлснээр УИХ-д нэр дэвшиж чадахгүй ч ул төрийн дэмжлэг авч, сайд дарга, өндөр албан тушаалд очихыг санаархаж байгаа АН-ын зарим гишүүд С.Эрдэнэд дахин  400-800 сая төгрөг тушаахаар дугаарлаад байна. Өөрөөрхэлбэл АН-ын дарга С.Эрдэнэ бусдын сонгох, сонгогдох эрхийг худалдан авч, дараа нь ялалт байгуулж чадвал төрийн албыг зарах гэрээ байгуулж байгаа юм. Монголын төрд өмнө нь ч гэсэн төрийн албан тушаалыг зарах оролдлого гарч байсан. Тодруулбал өнгөрсөн сонгуулийн үеэр 60 тэрбумын схем зурж, төрийн эрхийг хууль бусаар авахаар оролдсон Ц.Сандуй, А.Ганбаатар нарт холбогдох хэргийн шүүх хуралдаан дуусч, Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс тэдэнд дөрвөн жилийн хорих ял оноосон.  Тухайн үед Ц.Сандуй, А.Ганбаатар нар хэн нэгнээс мөнгө төгрөг аваагүй, харин ийм байдлаар сонгуулийн зардал мөнгөө босгож болох юм гэдэг тооцоо хийж, намын даргадаа танилцуулсныхаа төлөө хариуцлага хүлээсэн. Тэгвэл  С.Эрдэнэ УИХ-д нэр дэвших эрхийг өндөр үнээр дамлан зарж, одоогийн байдлаар 20 гаруй тэрбум төгрөг цуглуулаад байна.  Мөн сонгуулийн тойргийн зардал нэрээр дахин 400-800 сая төгрөг хурааж байна. Энэ мөнгөөр С.Эрдэнэ юу хийх вэ? Сонгуулийн сурталчилгаа нэрээр иргэдийн саналыг мөнгөөр худалдан авах нь тодорхой. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 82 дугаар зүйлийн 82.1 дэх хэсэгт зааснаар “Төрийн эрх мэдлийг хууль бусаар авах хуйвалдаан зохион байгуулахаар оролдож байгаа учраас С.Эрдэнэд хариуцлагаа хүлээх учиртай. С.Эрдэнийн энэ үйлдэл хуулийн хэд хэдэн зүйл заалтыг ноцтойгоор зөрчиж байгаа юм. Тодруулбал,
  1. Монгол Улсын Үндсэн хуулинд “Хүнийг үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, боловсролоор нь ялгаварлан гадуурхаж үл болно. Хүн бүр эрх зүйн этгээд байна” гэж заасан. Гэтэл С.Эрдэнэ АН-ын гишүүдийг хөрөнгө чинээгээр нь ялгаварлаж байна.
  2. Мөн Үндсэн хуулийн 16-р зүйлд “ Төрийн байгууллагад сонгох, сонгогдох эрхтэй.” гэж тодорхой заасан. Гэтэл С.Эрдэнэд 100 сая төгрөг төлөөгүй олон хүн сонгогдох эрхгүй болж үлдлээ.
  3. Монгол Улсын Эрүүгийн хуулийн 19-р зүйлд зааасан Төрийнэрхийг хууль бусаар авахыг санаарахсан гэх мэт олон хууль заалтыг зөрчиж байгаа юм.
Дэлгэрэнгүй унших

Үзэл бодол

Б.Уранцэцэг: Би аавынхаа үргэлжлэл

Огноо:

,

“Амжилт дагуулах 8 асуулт” булангийн энэ удаагийн зочноор Баян-Өлгий аймгийн Онцгой байдлын газрын Бичиг хэрэг, архивын эрхлэгч, ахлах ахлагч Баасандоржийн Уранцэцэгийг урилаа. Тэрбээр Онцгой байдлын байгууллагад 5 дахь жилдээ ажиллаж байгаа бөгөөд 2019 оны “Шилдэг ажилтан”-аар шалгарсан юм. Баян-Өлгий аймгийн Онцгой байдлын газар нь  өнгөрсөн онд архивын улсын үзлэгээр “А” үнэлгээтэй дүгнэгдэж аймагтаа гуравдугаар байр эзэлсэн. Тэрээр 1991 оноос хойшхи албаны бүх бичиг баримтаа бүрэн цахимжуулж архивын өрөө тасалгааг стандартын дагуу тохижуулан дохиололтой болгож  камержуулсан байна.  

-Та өглөөг хэрхэн эхлүүлдэг вэ?

-Бид өглөөг цагтай уралдаж эхлүүлдэг. Нөхөр бид хоёр хоёулаа төрийн тусгай, тэр дундаа Цэргийн байгууллагад ажилладаг учраас шинэ өглөөг эрч хүчтэй, эмх цэгцтэй эхлүүлбэл тэр өдрийн ажил бүтнэ гэж боддог. Хамтдаа өглөөний цайгаа бэлдээд хоёр хүүгээ босгож хувцаслаад л ажил руугаа явдаг даа. 

-Хүний сонирхол хязгааргүй. Таны хувьд амьдралдаа хийж үзэх юмсан гэж хүсдэг зүйл байдаг уу? 

-Тийм шүү. Таны хэлснээр хязгааргүй мөрөөдөлд автдаг. Уншсан номныхоо үйл явдлыг бодит болгож өөрийн төсөөлөлд автаад л “Би гол дүр байсан бол ингэх байсан даа” гэж төсөөлнө. Далайн гүн рүү шумбаж нам гүн ертөнцийн нууцыг олж хармаар байна. Шүхрээр бууж өөрийн айдсыг давахыг хүсдэг гээд зөндөө олон юм байна аа байна. /инээв/

-Та өөрийнхөө бодсоноор амьдарч чадаж байна уу. Эсвэл?

-Өөрийгөө бичиг цаасанд дарагдсан ажил хийдэг хүн болно гэж төсөөлдөг байлаа. Тэр маань ч биеллээ олсон. /инээв/.  Манай удамд цэргийн хүн байхгүй болоод тэрүү анх Онцгой байдлын байгууллагад ажилд орохдоо их л айж байснаа санадаг юм. Гэхдээ би айдсаа давж чадахаас гадна миний сонгосон хамгийн зөв газар энэ байгууллага байсан гэдгийг цаг үе бүхэндээ мэдэрч, бахархдаг. Ажилтай, аз жаргал дүүрэн гэр бүлтэй болсон болохоор энэ бүхэн л надад хангалттай.

-Нас, насны мөрөөдлийн өнгө өөр байдаг гэх нь бий. Таны мөрөөдлийн өнгө хэр өөрчлөгдсөн бэ?

Мөрөөдөл минь цэргийн байгууллагад орсон цагаас л өөрчлөгдөж эхэлсэн. Магадгүй хүсээд байсан мөрөөдөл маань энэ байсан байх. Том хүү маань цагдаа болно гэдэг бол бага хүү маань аврагч болно гэдэг. Тэдний минь мөрөөдөл аав, ээжийнхээ мөрөөдлийн өнгөтэй адилхан болно гэдэгт итгэлтэй байгаа.

-Удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг өөрийгөө харуулах боломж гэж хүлээж авдаг хүн амжилтад хүрдэг гэсэн үг бий. Энэ тухай таны бодол

Хүн их ажилд биш эмх цэгцгүй ажилд ядардаг гэдэг үгийг би үргэлж өөртөө хэлдэг.  Удирдлага чинь хараагүй байсан ч ажлаа хийсээр байх нь өөрөө амжилт. Манай байгууллага аймагтаа цорын ганц бүрэн цахимжсан байгууллага болж чадсан. Анх ажилд ороод л өөрийн ойлгож сурч мэдсэн бүхнээ хэрэгжүүлэхийн төлөө ажилласан. Өдөр тутмын ажлын хажуугаар архивын баримтаа цэгцлэх хүндрэлтэй, цахимжуулах ажил нь удаашралтай байгаа мэт санагдаж байсан учраас амралтын өдрөөр гэрийнхээ ажлыг амжуулчхаад ажил дээрээ ирээд баримтаа цэгцэлдэг байлаа. Нэг л мэдэхэд би маш их ажлыг амжуулж чадсан байсан. Байгууллагын удирдлага маань надаас ийм л зүйлийг олж харахыг хүссэн байх. Даргын өгсөн үүргийг ял мэтээр хүлээж авдаг хүмүүс түүний цаана ямар амжилт, боломж хүлээж байгааг хардаггүй байх л гэж боддог.

-Магтаал шүүмжлэл хоёрын аль нь таныг их хурцалдаг вэ ?

Шүүмжлэлийг зөвөөр хүлээж авч өөртөө тусгаж ажиллаж чадвал амжилтад хүрдэг гэж боддог. Хааяа шүүмжийн үгэнд гомддог ч эргээд харахад түүний хүчээр өдий зэрэгтэй яваа мэт санагддаг. Харин магтаалын үгэнд дургүй хүн байдаггүй шүү дээ. Манай хүн “Миний хань ажилсаг шүү” гэж хэлэхэд л урамшаад гэрээ улам цэмцийлгэх, “Манай Уранаа ажлаа сайн хийсэн байна” гэх хамт олны үг, цагаа олсон магтаал нь шантрах үеийг минь давах хүч, улам хичээх шалтгаан нь болдог. Ямар ч зүйлд зөв хандлага л хэрэгтэй.

-Аз жаргал бидэнд хэр ойр оршдог бол?

-Аз жаргал та бидний зүрхэнд байна. Аз жаргал биднээс холдох боломжгүй. Хайртай хань, үр хүүхэд, аав ижий минь хажууд байгаа учраас.

-Таны бахархал

Миний бахархал миний аав. Тэр эгэл жирийн, ажилсаг, хөдөлмөрч зангаараа Өлгий нутагт алдаршсан хүн. Цагаан Бааскаа  гэдэг нэрийг сонсвол танихгүй хүн гэж бараг байхгүй дээ. Намайг бага байхад аав маань гүйлтийн тэмцээнд ороод тэргүүн байр эзэлж шагналын мөнгөө аваад 3 охиндоо цагаан даашинз авч өгч байсныг би үргэлж санадаг. Насаараа төрийн албанд зүтгэж ариун цагаан хөдөлмөрөөрөө үр хүүхдээ өдий зэрэгт хүргэсэн учраас тэднийхээ ачийг хариулж ажилдаа хариуцлагатай байж амжилт бүтээлээр дүүрэн ажиллахыг хичээдэг. Би аавынхаа үргэлжлэл…

Эх сурвалж: "Онцгой мэдээ” сонин

Дэлгэрэнгүй унших

Үзэл бодол

Ерөнхийлөгч Х.Баттулга УИХ-ын хаврын чуулганы нээлтэд оролцож үг хэллээ

Огноо:

,

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр /2020.04.06/ Улсын Их Хурлын хаврын ээлжит чуулганы нээлтэд оролцож, үг хэллээ. Монгол Улсын Ерөнхийлөгчийн хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэж байна.


УИХ-ын эрхэм гишүүд ээ,

УИХ-ын дарга аа,

Монгол Улсын Ерөнхий сайд аа,

Энэ удаагийн УИХ-ын хаврын чуулган нэн төвөгтэй, эрсдэл хүндрэл дүүрэн цаг үед нээгдэж байна. Титэмт вирусний цар тахал дэлхийн бараг бүх улс оронд тархаж, сая хол давсан хүн энэ өвчнөөр халдварлаж, нас барагсдын тоо 70 мянгаас даваад буй ийм цаг үед бид хавартай золголоо.

Иймээс миний бие саяхан нийт иргэддээ хандаж гаргасан уриалгаа Та бүхэнд хандан дахин сэргээн тайлбарлаж ойлгуулах шаардлага үүслээ.

Халдварлах, тархах маш өндөр чадвар бүхий титэмт вирусний цар тахал нь Дэлхийн хоёрдугаар дайнаас хойш нийт хүн төрөлхтөнд тулгарч байгаа томоохон сорилт болсныг дэлхийн тэргүүлэх улс орнууд хүлээн зөвшөөрчээ. Энэ бол ердийн ханиад томууны тархалт шиг түр зуурын зүйл биш, урт удаан хугацааны тууштай тэмцэл шаардсан аюулт тахал болох нь ойлгомжтой болж, улс орнууд үүнд бэлтгэж эхэлснийг бүгд анзаарч байгаа гэдэгт найдъя.

Титэмт вирусний халдвар тархалтаас үүдээд нефтийн үнийн уналт, санхүүгийн зах зээлийн уналтууд дараалж, дэлхийн эдийн засагт даяар хямрал нүүрлэжээ. Үйлдвэрлэл, үйлчилгээ зогссоноос орлогын хомсдол, ажилгүйдэл, ажлын байрны цомхотгол эрс өсөж, энэ нь ядуурал, өлсгөлөнг даллаж байгааг эдийн засагчид анхааруулж, улс орнуудын Засгийн газрууд даяар хямралын давалгааны цохилтыг зөөлрүүлэх, хүнээ, иргэдээ хамгаалж, эрсдэл багатай даван туулахад бүхий л хүч чадал, анхаарлаа чиглүүлэх боллоо.

Монголын Үндэсний Худалдаа, аж үйлдвэрийн танхимын судалгаанд хамрагдсан аж ахуйн нэгжүүдийн мэдээлснээс үзэхэд манай улсад одоогоор 10 мянган хүн ажлын байраа алдаад байна. Энэ бол 10 мянган өрх, 40 орчим мянган хүн орлогогүй боллоо гэсэн том дохио юм!

Энэ цар тахал, даяар хямрал Монголыг тойрохгүй, дайрах нь маш тодорхой болж байна. Тийм учраас Монгол Улсын Ерөнхийлөгчийн хувьд Төрөөс хямралыг сөрөх, эрсдэл багатайгаар даван туулах цогц арга хэмжээг яаралтай урьдчилан төлөвлөж, хэрэгжүүлэхийг уриалсан юм.

Бусад улс орнууд хүнс, эм, эмнэлгийн хэрэгслийн экспортоо зогсоох, хязгаарлах шийдвэрүүдийг дараалан гаргаж, тахлаас улбаатайгаар ёс суртахууны уналт газар авч, хүмүүнлэгийн хямрал ч үүсэх төлөв байдал харагдаж эхэллээ. Бусад улс орнуудын захиалсан, худалдан авсан эм, эмнэлгийн болон хувийн хамгаалах хэрэгслийг замаас нь булаан авах үйлдэл хэд хэдэн удаа давтагдаж, энэ нь соёл иргэншлийн манлай гэгдэх бүсүүдэд гарч байгаа нь анхаарал татаж байна. Цар тахлыг ялан дийлэх, намжаах хугацааг хэн ч тодорхой хэлж чадахгүй байна. Баттай эх сурвалжууд 1-2 жил хүртэл ч үргэлжлэх эрсдэлт төлөв байгааг мөн анхааруулж байна. Бодит байдлыг үнэлж чаддаг улс гүрнүүд цар тахлыг “Давагдашгүй хүчин зүйл бус дайны байдал авчирлаа” хэмээн үзэж, ийм төлөвт эдийн засгаа, нийгмийн амьдралаа бэлтгэж эхэллээ.

Монголчууд бид эдийн засгаа хямралын нөхцөлд зохицуулан зөв зохион байгуулж, иргэдээ хамгаалах зохист бодлогыг хэрэгжүүлж, гарз хохирол, эрсдэл багатайгаар даван туулах баялаг, хүн хүч, хөрөнгийн нөөц хангалттай байгаа гэдгийг онцлон дурдах хэрэгтэй байна.

Нийт 15 нам, 4 эвслийн аудитын байгууллагад дүгнэлт гаргуулахаар хүргүүлсэн сонгуулийн мөрийн хөтөлбөрүүдийн зарим заалт нь Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.3-т заасан Сонгуулийн мөрийн хөтөлбөрт тусгахыг хориглосон зургаан заалтыг илт зөрчсөн байна. Энэ нь намууд сонгогчдын саналыг тооцоо судалгаагүй ямар ч хамаагүй аргаар татах, ард нийтийг басамжлан доромжилсон үйлдэл боллоо.

Хямрал хаалга тогшиж байхад Монголын улс төрийн намууд, улс төрчид сонгогчдод оноо авах уралдаанд орж, сонгуулийн том том дүнтэй мөнгөн амлалтуудыг хууль зөрчин өгч байгаа нь цаг үеэ мэдрэхгүй байгаагийн баттай шинж мөнөөс мөн. Эдийн засаг, санхүүгийн давхар хямралууд нүүрлэсэн нөхцөлд бидэнд зохисгүй амлалтын биш, хямралыг даван туулах бодит хөтөлбөр нэн шаардлагатай байна.

Дараах арга хэмжээнүүдийг хэрэгжүүлэх нь хямралыг сөрөх, эрсдэлийг багасгахад тустай байх болно:

Нэг. Яаралтай улсын төсөвт тодотгол хийж, сонгуульд зориулсан болон тэвчиж болох бүх зардлыг танах, улсын мөнгө, санхүүг иргэдийнхээ орлогыг хамгаалах, ажлын байрыг хадгалах, өвчний тархалтыг хязгаарлах, эрүүл мэндийн тогтолцоог нураачихгүй байлгахын төлөөх арга хэмжээнүүдэд чиглүүлэх, зарцуулах.

Төсөвт тодотгол хийхээс татгалзах ямар ч боломж сэтгэл зүйн хувьд ч, хууль эрх зүйн хувьд ч байхгүй. Улсын төсвийн тавин хувьтай тэнцэх хэмжээний хөрөнгө гаргах, зарцуулах тухай ярьж байгаа бол төсвийг тодотгохоос өөр зам байхгүй. Цар тахлыг түр зуурын зүйл хэмээн санаж, улс төрийн эрх мэдэл, сонгууль зэргийг улс үндэстэн, ард нийтийг хамарсан аюул заналаас дээгүүр тавьж, чухалчлан үзэх нь хатуухан хэлэхэд Үндэсний эрх ашгаас урвасан хэрэг юм. Сонгуулийн санхүүжилтээ босгох өчүүхэн эрх ашгийг ард түмний эрүүл мэнд, бүтэн амьдралаас дээгүүр тавьж хэрхэвч болохгүйг анхааруулж байна.

Хоёр.  УИХ-ын ээлжит сонгуулийг хойшлуулахаас өөр арга зам алга байна. Сонгуулийг товлосон хугацаанд явуулах гэж муйхарлах нь хэд хэдэн эрсдэлийг дагуулах нь тодорхой байна.

Сонгуулийн сурталчилгаа болон санал өгөх явцад иргэд олноороо бөөгнөрөх, цуглах нөхцөл үүсэх нь гарцаагүй. Энэ нь арайхийн, хамаг хүч, хөрөнгөө шавхан тогтоон барьж байгаа цар тахлын тархалтыг гааруулж, хяналтаас гаргахад хүрэх эрсдэлтэйг улс төрийн намуудын удирдлагад хатуу анхааруулж байна. Титэмт вирусний халдварын тархалтыг хяналтаас алдаж, өвчлөлийн тоог огцом өсгөх юм бол манай эрүүл мэндийн тогтолцоо, хүний нөөц, эм, эмнэлгийн хэрэгслийн хүрэлцээ дийлэхгүй, нуран унах эрсдэл маш өндөр болохыг Дэлхийн Эрүүл мэндийн байгууллага бидэнд мөн дэлхийн улс орнуудад удаа дараа анхааруулсаар байна.

Сонгуулийн ирц хүрэхгүй байх эрсдэл үүснэ ээ. Энэ тахал настай хүмүүст их аюул учруулдаг болох нь тогтоогдсон тул ахмад настнууд эрсдэлийг сонгохгүй нь тодорхой юм. Сонгуульд идэвхтэй оролцдог бүлгийнхэн эрсдэлээс сэргийлж, санал өгөхгүй нөхцөлд ирц бүрдэх магадлал шууд буурч байх жишээтэй. Ирц хүрээгүйгээс сонгууль дахих, давтан санал авах зэрэг байдал үүсвэл эрсдэлийг бид зориудаар өсгөн үржүүлж байгаагаас өөрцгүй мунхаг хэрэг болно.

Сонгуулийн үр дүнг гадаадад болон дотоодод хүлээн зөвшөөрөх легитим чанар буурах эрсдэл байна. Гадаадын хараат бус ажиглагчид цар тахлын улмаас Монголын сонгуулийг ажиглаж чадахгүй. Сонгуулийн сурталчилгаа өрсөлдөж буй улс төрийн хүчнүүдэд ээлтэй байдлаар өргөн дэлгэр, хүртээмжтэй явагдаж чадахгүй нөхцөл байдал нэгэнт үүссэн. Энэ нь сонгуулийн үр дүнг хүлээн зөвшөөрөхгүй байх, нийгмийн бухимдлыг өдөөх, улмаар олныг хамарсан эсэргүүцэл үүсгэх шалтаг, шалтгаан болох эрсдэл бас байна. Бидэнд 5 иргэнийхээ амийг алдахад хүргэсэн саяхны сонгуулийн гашуун сургамж бас бий. Тухайн үед Ц. Мөнх-Оргил Хууль зүйн сайдын алба хашиж байсан, энэ чуулганы нээлтэд мөн оролцож байна.

Тийм учраас Үндэсний аюулгүй байдал, нийгмийн тогтвортой байдлын үүднээс УИХ-ын ээлжит сонгуулийн товыг царцааж, сонгуулийг хойшлуулах нь хамгийн эрүүл, ухаалаг шийдвэр байх болно. Сонгууль хойшилбол дарангуйлал тогтох нь гэх сүржин таамаглал дэвшүүлж байгаа хүмүүс, улс төрийн хүчнүүдэд Үндсэн хууль, бусад хууль тогтоомжийг сайтар уншихыг би энэ индэр дээрээс зөвлөж байна. Учир нь Монголын хууль эрх зүйн актуудад ийм нөхцөлд зөвхөн УИХ-д бүх эрх мэдэл, засаглал хадгалагдана гэдгийг тов тодорхой заачихсан байгаа.

Гурав. Хямралын үед хамаг хүндрэл бэрхшээлийг үүрэн гарах үйлдвэр, аж ахуйн нэгж, хувиараа хөдөлмөр эрхлэгчдийг дэмжих “Хямралын эсрэг” тусгай сан бүрдүүлэх, түүнийг зарцуулах дүрэм журмыг хамтдаа боловсруулъя. Засгийн газраас санал болгосон арга хэмжээнүүдийн ихэнх нь байгаа онохгүй хэмээн шүүмжлэгдэж байна.

Компаниуд, бизнес эрхлэгчид орлого, ашиг олохгүй нь нэгэнт тодорхой байгаа тул тэдэнд дарамт болж байгаа Нэмэгдсэн өртгийн орлогын албан татварын хэмжээг бууруулах, эсвэл тодорхой хугацаанд царцаах зэргээр бодитой нөлөөлөл үзүүлэхүйц шийдлүүдийг гаргах хэрэгтэй болоод байна.

Одоо санал болгож байгаа 7 зүйл нь аж ахуйн нэгжүүдэд жигд, тэгшээр бодит дэмжлэг үзүүлэх бус тодорхой шүүлтүүрт тэнцсэн 10 хувийг л дэмжих хөтөлбөр болох нь гэсэн шүүмжлэл гарч байна. 770 мянган нийгмийн даатгалын шимтгэл төлөгчөөс мөн л 10 орчим хувьд нь хөнгөлөлт хамаарах болж байгаа гэсэн дохиог иргэд өгч байгааг УИХ анхааралдаа авмаар байна.

Ажлын байраа хадгалахад чиглэгдсэн шийдвэрүүдийг тодорхой, ойлгомжтой, гуйвуулах, гажуудуулах боломж гаргахгүй байдлаар гаргахгүй бол үл ойлголцол, гажуудал үүсэхээр ажиглагдаж байна. Аж ахуйн нэгжүүдийг ялгаварлах, тэгш бус хандах нь өнөөгийн нөхцөлд хэрхэвч байж болохгүй зүйл.

Одоогоор зарлаад байгаа зээл хойшлуулах, ажлын байранд татаас өгөх шийдвэрүүд амьдрал дээр үл ойлголцол үүсгэж, бухимдлыг өдөөж байгааг анхааралдаа авна биз ээ. Иргэд төр, хувийн хэвшлийн алинд ажиллаж байгаагаас үл хамааруулан цалин, орлогыг нь Төр хамгаалах, тогтвортой байлгах бүхий л бололцоог эрэлхийлэх хэрэгтэй байна. Боломж байгаа, боломжийг бий болгох ч ёстой. Энэ бол УИХ-ын хэнтэй ч хуваалцах ёсгүй үүрэг юм.

Дөрөв. Нийт иргэдийн амьжиргааны төвшин, ялангуяа хүүхдийн орчин нөхцөлийг хэвээр хадгалах, тэтгэх, ажилгүйдлийг бууруулах, түүнээс ирэх цохилтыг зөөлрүүлэх, иргэдээ наад захын хэрэгцээт зүйлсээр тасралтгүй хангах арга хэмжээний төлөвлөгөө боловсруулах. Дэлхийн улс орнууд эм болон хүнсний нэн чухал нөөцүүдээ хамгаалах үүднээс экспортоо зогсоох, хумих байдалд шилжиж байгаа нь эмийн болон эмнэлгийн хэрэгслийн импортоос ихээхэн хамааралтай манай улсын хувьд хүндрэл учрах төлөв үүслээ. Улаан буудай болон нэн шаардлагатай эмийн хангамжийн нөөц бүрдүүлэх шийдэл, шийдвэрүүдийг УИХ, Засгийн газраас гаргаасай хэмээн уриалж байна. Бүхний түрүүнд, бүхний төвд монгол хүнийг тавьж, улс төрийн хийрхэл, сөргөлдөөнөө хойш тавьж ажиллахыг дахин уриалж байна.

НҮБ-ын Худалдаа, хөгжлийн бага хурал гэх бүтцээс титэмт вирусний хямралыг даван туулахад нь зориулж хөгжиж байгаа орнуудад 2.5 их наяд долларын нэн хөнгөлөлттэй зээл олгох, хугацаа тулгамдсан зээлээ дарахад нь туслах санаачилгыг гаргасан байна. Үүнээс Монгол Улс авах хэрэгтэй, мөн шаардлагатай байна.

Тав. Энэ асуудлыг Үндэсний Аюулгүй байдлын зөвлөлөөр хэлэлцэж, хямралд бэлтгэж, түүнийг даван туулах эрдэмтэн мэргэжилтнээс бүрдсэн цомхон бөгөөд чадварлаг бүтцийг нэн яаралтай байгуулж, ажлын төлөвлөгөө, хуваарь гаргаж, нөөц, чадавхыг оновчтой зарцуулах, үргүй зардал, давхцлыг арилгах, онцгой нөхцөлийг далимдуулан шамшигдуулах байдлыг таслан зогсоохын тулд нэгдмэл удирдлага бүхий бүтэц байгуулахаас өөр зам харагдахгүй байна.

Хямралын нөхцөлд зохицуулан төрийн удирдлагыг оновчлох, төвлөрүүлэх нь түүхийн урт хугацаанд шалгарсан арга болохоос дарангуйлал тогтоох хэрэгсэл огтхон ч биш юм. Гарцаагүй нүүрлэн ирсэн аюулыг сөрөн зогсох, хохирол багатай даван туулах тухайд эдгээр санал, шаардлагуудыг дэвшүүлж байна.

Хямралыг эрсдэл багатайгаар даван туулах цорын ганц арга нь эв нэгдэлтэй, зохион байгуулалттай, сахилга хариуцлагатай, төвлөрсөн удирдлагатай байж, нийт нэгэн хүчийг нийлүүлэн, гүн бат ойлголцолтойгоор хамтран ажиллах явдал мөн. Эрсдэлт нөхцөлд хардлага сэрдлэгийг гол болгон, эсэргүүцэл тэмцлээр түрий барих, улс төрийн ашиг хонжоог урьтал болгох гэж оролдвол үүнээс үүдэн гарах хохирол, эрсдэл нь хэмжээлшгүй хүнд тусах болно.

УИХ-ын хаврын чуулганы өмнөхөн 4 дүгээр сарын 3-нд УИХ-ын гишүүн, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд асан Б.Батзориг УИХ-ын гишүүний бүрэн эрхээсээ хожимдсон ч гэсэн чөлөөлөгдөх өргөдөл гаргажээ. Тэрбээр “эрх мэдлээ урвуулан ашиглаж, Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангийн мөнгийг хууль бусаар зарцуулсан, хууль бус захирамж гаргасан...”  гэх үндэслэлээр хуулийн байгууллагад шалгагдаж байгааг бүгд мэднэ.

Улсын Их Хурлын гишүүн, сайд асан Б. Батзоригийн жишгээр иргэний болон улс төрийн зориг гаргаж, УИХ-ын гишүүний бүрэн эрх, халдашгүй байдлаасаа татгалзан шалгуулах шаардлагыг хаврын чуулганы нээлтийн үеэр энэ танхимд олноор сууж байгаа гишүүдэд хандан хэлье. Энэ бол шударга ёсыг сахиулах хууль баталдаг танхим. Шударга ёс эндээс эх авч байх ёстой. Та бүхэн иргэдэд шударга байх амлалт өгч сонгогдсон, хууль сахих тангараг өргөсөн учраас шударга ёсыг өөрсдөөсөө хожимдсон ч гэсэн хэрэгжүүлж, ард иргэд, сонгогчдод итгэл найдвар, үлгэр дуурайл болох ёстой гэдгийг энэ индэр дээрээс хэлье.

Улсын Их Хурлын гишүүд ээ,

Монголчууд аа, ард иргэд ээ,

Хүнд бэрх цаг үе дэлхий дахиныг, Та биднийг нөмрөн ирлээ. Бид аюул, хямралыг тойроод гарч чадахгүй. Хамтдаа даван туулах, сөрөн шийдэхээс өөр гарц үгүй. Бид чадна аа.

Монголчууд бид бүхий л түүхийнхээ туршид эв санааны нэгдэл, хамтын зүтгэлээр хүндрэл бэрхшээлийг даван туулж ирсэн билээ.

Нэг ч монгол хүн аюулт тахалд амиа алдах ёсгүй, үүний төлөө үндэстнээрээ нэгдэн нягтрах, эв санааны хүчээр даван туулах цаг бидний өмнө тулгаран ирлээ. Эрүүл саруул байхад бусад бүх зүйл бүтэх, дэвших хөгжихийн үндэс бидэнд бий.

Энэхүү цар тахалтай нүүр тулан өдөр, шөнөгүй ажиллаж байгаа Улсын онцгой комисс, бусад албад, мөн эрүүл мэндийн салбарын нийт ажилтан, албан хаагчиддаа талархал илэрхийлье.

Мөнх тэнгэрийн хүчин дор Монголын ард түмэн эрүүл энх, элэг бүтэн, аз жаргал дүүрэн амьдрах болтугай!" гэв.

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа
Улстөр нийгэм12 цаг 3 минут

АН-ын дарга С.Эрдэнэ нэр дэвшигч нараасаа 400-800 сая төгрөг нэхэж...

Улстөр нийгэм12 цаг 5 минут

АН-ын ҮБХ-ны гишүүдийн 51 хувийг С.Эрдэнийн хамаатан садан, найз нөх...

Үзэл бодол12 цаг 7 минут

С.Эрдэнэ төрийн эрхийг хууль бусаар авахаар санаархаж байна

Шударга мэдээ18 цаг 44 минут

Зайсан толгойн зүүн талын бэлд барилга барих ажлыг таслан зогсоолоо

Чөлөөт цаг18 цаг 49 минут

Шинэ коронавируст халдвартай холбоотой хөрш орнуудын нөхцөл байдал

Улстөр нийгэм19 цагын өмнө

УИХ-ын дарга Г.Занданшатар олон улсын “Виртуал парламент&rdquo...

Улстөр нийгэм19 цаг 3 минут

Нийгмийн даатгалын шимтгэлийн хөнгөлөлт, чөлөөлөлтөд 800 гаруй мянга...

Чөлөөт цаг19 цаг 6 минут

БНСУ гадаадын 60 мянган иргэний визийг 3 сараар сунгав

Чөлөөт цаг19 цаг 15 минут

УОК-ын Шуурхай штабаас коронавируст халдвар (covid-19)-тай холбоотой...

Улстөр нийгэм19 цаг 21 минут

Ерөнхийлөгч Х.Баттулга Сонгуулийн ерөнхий хорооны дарга, гишүүдтэй у...

Санал болгох