Бидэнтэй нэгдэх

Үзэл бодол

БНХАУ шинэ төрлийн коронавирусын халдварт хаталгааны халдварын оргил үе дууссаныг мэдэгдэв

Огноо:

,

БНХАУ-ын Төрийн зөвлөлийн шинэ төрлийн коронавирусын халдварт хатгалгаа өвчнөөс урьдчилан сэргийлэх, хянах зөвлөлөөс 2020 оны 3 дугаар сарын 12-ны өдөр хэвлэлийн бага хурал хийв.

Хэвлэлийн бага хурлын үеэр БНХАУ-ын Эрүүл мэндийн хорооны хэвлэлийн төлөөлөгч, хэвлэл мэдээллийн газрын орлогч дарга Ми Фөнчөн хэлэхдээ “3 дугаар сарын 11-ний өдрийн 24 цагийн байдлаар Ухань хотод 8 шинэ тохиолдолд бүртгэгдэж, шинэ халдварын тоо нэг оронтой тоонд хүрсэн байна.

Ухань хот /Хубэй муж/-аас бусад мужид нэг долоо хоногийн хугацаанд 7 шинэ тохиолдолд бүртгэгдсэн бөгөөд үүний 6 нь гадаадаас хилээр нэвтэрсэн иргэд байсан. Одоогийн байдлаар шинэ халдварын тохиолдол буурч, халдварын тархалт бага түвшинд тогтвортой хадгалагдаж байна. Энэхүү статистик мэдээнээс үзвэл БНХАУ-д шинэ төрлийн коронавирусын халдварт хатгалгаа өвчний халдварын оргил үе өнгөрснийг харуулж байна” хэмээн онцлов. Цаашид цар тахалын тархалтыг бага түвшинд хадгалахын тулд эмчилгээ, оношилгоог тэргүүн эгнээнд тавьж, хэрэгжүүлэхээ илэрхийлжээ.

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа
Монгол Улсын Их Хурлын 2020 оны сонгуулийн санал хураалт дуусах хүртэл сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хаасан тул хүлцэл өчье. SHUDARGA.MN сайтын редакц

Үзэл бодол

Э.Энхболд: Наадмын үеэр орон нутгийн замыг хаах шийдвэр гараагүй

Огноо:

,

Улсын баяр наадмын үеэр замын хөдөлгөөний зохицуулалтыг хэрхэн хийх талаар Тээврийн цагдаагийн албаны Урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, цагдаагийн хошууч Э.Энхболдоос тодрууллаа.

-Иргэдийн дунд наадмын үеэр орон нутгийн зам хаана гэсэн мэдээлэл гараад байна. Энэ талаар мэдээлэл өгөхгүй юү?

-Цагдаагийн байгууллагаас иргэд “Наадмын үеэр орон нутгийн замыг хаах уу” гэж маш их лавлаж байна. Ер нь орон нутгийн болон аймгуудын замыг хаах шийдвэр Зам тээврийн хөгжлийн яам, мөн тухайн аймаг, нийслэлийн Засаг даргын захирамжаар гардаг. Өнөөдрийн байдлаар буюу баяр наадмын өдрүүдэд нийслэлээс гарах, орох болон орон нутгийн замыг хаах эсэх талаар албан ёсны шийдвэр, мэдээлэл цагдаагийн байгууллагад ирээгүй. Гэхдээ коронавирустэй холбоотойгоор долдугаар сарын 15-ныг хүртэл өндөржүүлсэн бэлэн байдлыг сунгасан.

Тийм учраас гэнэтийн байдлаар өвчин эмгэгтэй холбоотой шийдвэр гарахыг үгүйсгэхгүй. Бусад шалтгаанаар замын хөдөлгөөнийг хаах шийдвэр гаргаагүй. Тиймээс иргэд хөдөө, орон нутагт зорчихдоо аюулгүй байдлаа хангаарай. Түүнээс биш, “Зам хаана, хаахгүй” гэсэн баталгаагүй мэдээлэлд эргэлзэх хэрэггүй. Иргэд энэ талаарх шуурхай мэдээллийг холбогдох төрийн байгууллагын вэб сайт болон Тээврийн цагдаагийн алба гэсэн пэйж хуудсаар тухай бүрт нь авч болно.

-Ямар нэг байдлаар зам хаах эрсдэл үүслээ гэхэд хэсэгчилж хаах уу?

-УОК-оос өгсөн үүрэг, чиглэлийн дагуу онцгой байдлын үед зам хаана. Гэнэтийн тохиолдолд хэсэгчлэн зам хааж байгааг анзаарсан байх. Тухайлбал, Ховд аймагт тарваган тахал илэрсэнтэй холбоотойгоор Цэцэг, Жаргалант сумаас гарах, орох хөдөлгөөнийг түр хугацаанд хязгаарлалаа. Мөн Баян-Өлгий аймагт тарваган тахлын сэжигтэй тохиолдол илэрсэнтэй холбоотойгоор аймаг руу орох, гарах хөдөлгөөнийг тодорхой хугацаанд хаасан. Түүнээс улсын хэмжээнд зам хаахгүй.

-Энэ жилийн Улсын наадам онлайнаар болно. Бөхийн барилдаан XIII зуун цогцолборт, хурдан морины уралдаан Хүй долоон худагт болно. Эдгээр чиглэлд хүмүүсийн бөөгнөрөл үүсэхээс сэргийлж зам хаах уу?

-Коронавирустэй холбоотойгоор улсын баяр наадмыг үзэгчгүй, онлайнаар зохион байгуулж, хэвлэл мэдээллийн өргөн сувгаар нэвтрүүлэх ажлыг наадам зохион байгуулах комиссынхон хийж байгаа. Үүнтэй холбоотойгоор Төв аймгийн Эрдэнэ сум, төв замаасаа XIII зуун цогцолбор хүртэлх чиглэлд хөдөлгөөнийг бүсчлэн хаана. Баяр наадмын үйл ажиллагаа болох тухайн хэсгүүдийг бүсчилж хаана. Иргэдийг тийш нь оруулахгүй байхаар хөдөлгөөний хамгаалалт хийх төлөвлөгөө гарч, бэлтгэл ажлыг хангасан. Мөн Төв аймгийн Хүй долоон худаг буюу Сонгинохайрхан дүүргийн Эмээлтийн цаад талын Лүн чиглэлийн төв замаар хөдөлгөөн саадгүй зорчино. Харин хурдан морины бариа бүхий Хүй долоон худгийн Монгол наадам цогцолбор руу оруулахгүй.

Наадмын өдрүүдэд 24 цагийн турш харуул хамгаалалттай байна. Иргэд очиж, гуйж морь, бөх, шагайн болон сур харваа үзчихнэ гэж бодож болохгүй. Тухайн хэсэг рүү хэнийг ч нэвтрүүлэхгүй. Зөвхөн наадам зохион байгуулах комиссынхон, бөхчүүд, уяачид тодорхой шалгуураар орно. Тэгэхээр XIII зуун цогцолбор, Хүй долоон худгийн чиглэлд хөдөлгөөн нэмэгдэх магадлалтай тул тусгай хамгаалалтын цуваа зорчих үед хөдөлгөөнийг түр хугацаагаар хязгаарлахыг үгүйсгэхгүй. Тиймээс морин уралдаан, бөхийн барилдаан эхлэх үед иргэд баруун тийш Лүн, зүүн тийш XIII зуун цогцолбор руу аль болох хөдөлгөөнд оролцохгүй байх хэрэгтэй.

-Улсын баяр наадмын өдрүүдэд нийслэлд дугаарын хязгаарлалт үйлчлэх үү?
-Үндэсний их баяр наадмын амралтын өдрүүд долдугаар сарын 11-15-ны хооронд болно. Энэ өдрүүдэд дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй. Жолооч бүр хөдөлгөөнд оролцох боломжтой.

-Хэдийгээр улсын баяр наадмыг цахимаар зохион байгуулах ч орон нутгийн наадам нээлттэй болно. Үүнтэй холбоотойгоор Тээврийн цагдаагийн албанаас ямар сэрэмжлүүлэг өгөх вэ?

-Энэ жил “Яараад яах вэ дээ” аяныг долдугаар сарын 1-нээс аравдугаар сарын 15-ны хооронд зохион байгуулж байна. Хөдөө орон нутагт дээд тал нь 80, хотод 60 километр цагийн хурдтай явах боломжтой. Энэ хязгаарыг хэтрүүлж болохгүйг иргэддээ захья. Харамсалтай ослууд гардаг. Тухайлбал, аяллаар явж байхдаа майханд байсан хүүхдүүдээ дайрч, амийг нь хөнөөсөн тохиолдол гарсан. Тиймээс архидан согтуурсан үедээ машин жолоодхгүй байх, архи уусан нэгэндээ машины түлхүүр өгөхгүй байхыг анхаараарай.

Саяхан нийслэлд ачааны машины жолооч согтуу үедээ жолоо барьж байгаад, хашлага мөргөх үед тэвшин дээр нь сууж явсан хүн шидэгдэж, амиа алдсан. Хамгаалах бүсээ зүүж, аюулгүй хурдаар зорчоорой. Машин тэрэгнийхээ бүрэн бүтэн байдлыг шалгаж, аль болох шөнө оройн цагаар холын замд битгий гараарай. Жолооч хоёр цаг тутамд машинаасаа бууж, 15 минут амарч биеийн чилээгээ гаргавал ядрахгүй, нозоорохгүй.

-Хотод дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй гэсэн. Тэгвэл тодорхой хэсэгт зам хаах уу?

-Одоогийн байдлаар шугам засварын ажилтай холбоотой зарим газарт зам хаасан. Мөн түр зуур, хүчтэй орсон аадар борооны улмаас эвдэрсэн замуудыг хөдөлгөөн сийрсэн 23:00-06:00 цагийн хооронд засаж, тодорхой гудамж талбайн замыг, хэсэг хугацаанд хаана. Тиймээс “Энэ зам өдрийн цагаар чөлөөтэй байдаг” гээд хөдөлгөөн сийрсэн оройн цагаар хурд хэтрүүлж, хашлага мөргөх тохиолдол гардаг. Иймд зам засварын ажлыг шөнийн цагаар хийж байгаа тул дэргэдүүр нь болгоомжтой өнгөрөх, сонор сэрэмжтэй хөдөлгөөнд оролцох хэрэгтэйг иргэддээ хэлье. Мөн хөдөө, орон нутгаас үер борооноос үүдэн эвдэрсэн замын байршлын мэдээллийг зургаар авсан.

-Ховд аймгийн замыг одоогоор нээчихсэн байгаа. Баяр наадмын үеэр ч нээлттэй байх уу?

-Тухайн аймгийн Онцгой комисс, Засаг даргын шийдвэрээр зам хаах эсэхийг шийднэ. Тарваган тахлын сэжигтэй тохиолдол илэрвэл зам хааж магадгүй. Тиймээс хууль бусаар ан хийхгүй, тарвага болон бусад амьтны мах идэхгүй байхыг анхааруулъя.

-Орон нутгийн замд гардаг ослын гол шалтгаан хурд хэтрүүлэх. Энэ тал дээр ямар арга хэмжээ авч байна вэ?

-Бусад улс оронд нэг цэгээс нөгөө цэг хүртэл, хоёр хотын хоорондох зайг цагаар тооцдог. Энэ нь замыг аюулгүй туулах, дүрэм зөрчихгүй байх боломжийг бүрдүүлдэг байна. Харин манайд эсрэгээрээ “Дархан хүртэл 200 км” гэж ярьдаг. Тэгэхээр 100 км/цагийн хурдтай явахад хоёр цагийн дараа оччихно гэж ойлгодог. Энэ үед жолоочийн сэтгэхүйд хоёр цагт амжих тухай бодол төрж, хурд хэтрүүлж, өөрийгөө ч ядраадаг.

Гэтэл Дархан хүртэл зарим хэсэгт 80 км/цаг, эргэлт, тойруутай хэсэгт 50 км/цаг буюу тогтмол биш хурдаар явна. Харин үүнийг засмал замаар, аюулгүй, дундаж 70 км/цаг хурдтай туулна гэвэл гурван цаг явна. Энэ нь аюулгүй зорчих боломжит хугацаа болно. Иргэдэд аль аймаг руу хэдэн цаг явахыг тооцож, хүргэж байна. Энэ тооцоог Монголд анх удаа гаргасан.

Эх сурвалж: ТЦА


Дэлгэрэнгүй унших

Үзэл бодол

Энэ жилийн наадмаар уламжлал болсон зарим арга хэмжээг зохион байгуулахгүй

Огноо:

,

Тулгар Төрийн 2229, Их Монгол Улс байгуулагдсаны 814, Ардын Хувьсгалын 99 жилийн ойн Үндэсний их баяр наадмыг зохион байгуулахтай холбоотой асуудлаар өнөөдөр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, хөгжмийн зохиолч Н.Жанцанноров, Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга Ц.Уртнасан, НЗДТГ-ын Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга Э.Ганхүү, Цагдаагийн Ерөнхий газрын Нийтийн хэв журмыг хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны дарга, Цагдаагийн хурандаа Ж.Амгалан нар мэдээлэл хийлээ.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан “Дэлхийн олон улсад тархаад буй “Ковид-19” цар тахлаас урьдчилан сэргийлэх хүрээнд ДЭМБ болон ЭМЯ-наас өгсөн нийтлэг шаардлагыг хангаж олон хүний бөөгнөрөл үүсгэхгүйгээр энэ жилийн Үндэсний их баяр наадмыг зохион байгуулахаар болсон. Үндэсний их баяр наадмын Үндэсний бөхийн барилдаан, сурын харваа, шагайн харваа Төв аймгийн Эрдэнэ сумын нутаг дэвсгэрт байрлах баяр наадмын төв талбайд болно. Хурдан морины уралдааныг уламжлал ёсоор “Хүй долоон худаг”-т олон нийтийн мэдээллийн хэрэгсэл болон цахим хэлбэрээр дамжуулан 07 дугаар сарын 11, 12-ны өдрүүдэд Улсын онцгой комисс, Эрүүл мэндийн яам холбогдох мэргэжлийн байгууллагаас гаргасан заавар, зөвлөмжийг баримтлан зохион байгуулна. Энэ жил Ковид-19 цар тахалтай холбоотойгоор нийтэд үйлчлэх үйлчилгээ зохион байгуулагдахгүй. Тийм учраас иргэд, аж ахуйн нэгжүүдэд албан ёсоор хэлье. Ямар нэгэн үйлдвэрлэл, үйлчилгээ зохион байгуулагдахгүй. Үндэсний их баяр наадмын нээлт, хаалтын үйл ажиллагаа, Үндэсний бөхийн барилдаан, хурдан морины уралдаан, сур болон шагайн харваа, төрийн хүндэтгэлийн концертыг нийт ард иргэддээ радио, телевизээр болон цахимаар шууд дамжуулан хүргэхээр бэлтгэл ажил хангагдаж байна. Үзэгчгүй наадам гэж хүмүүс ярьж байна. Харин ч энэ жилийн наадмыг зайнаас хамгийн олон хүн үзнэ. Дэлхийд ганцхан Монгол наадмыг олон улсын хэмжээнд үзүүлэх боломжийг хангахаар ажиллаж байна” гэв.

Мөн нийт ард иргэд та бүхэн Үндэсний их баяр наадмын өдрүүдэд Улсын онцгой комисс, Эрүүл мэндийн яам болон холбогдох мэргэжлийн байгууллагаас гаргасан заавар, зөвлөмжийг баримтлах, баяр наадам зохион байгуулагчид болон Цагдаагийн байгууллагын албан хаагчдын тавьсан шаардлагыг дагаж мөрдөхийг хүсэж байна гэсэн юм.

Баяр наадмын төсөвт 1.6 тэрбум төгрөг зарцуулахаар төлөвлөжээ

НЗДТГ-ын Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга Э.Ганхүү “2020 оны наадмын төсвийг 2019 оны долоодугаар сараас эхлэн төлөвлөдөг. Үндэсний их баяр наадмыг хуулийн дор зохион байгуулдаг. 2020 оны наадмыг 3.0 тэрбум төгрөг зарцуулахаар төлөвлөсөн. Тус ажлыг есөн салбар хорооноос зохион байгуулдаг. Өнөөдрийн байдлаар баяр наадмыг зохион байгуулахаар төлөвлөсөн 3 тэрбумаас 1.6 тэрбумыг зарцуулахаар төлөвлөн гүйцэтгэл санхүүжилт нь гарч байна. Өмнө жилээс онцлог зүйл нь сур, бөх, хурдан морь уралдааны газарт халдваргүйжүүлэлт хийж байгаа учраас ариутгалын тодорхой хэмжээний зардал гарч байгаа. Мөн бусад шагнал, урамшууллын зардлыг хуулийн дагуу тогтоож гаргасан. Түүнчлэн хэв журам Цагдаа, Онцгойгийн ажилчдыг тээвэрлэх зардал ч орсон” гэлээ.

Ж.Амгалан: Хурдан морины уралдааны үеэр Улаанбаатар хотоос гарах хөдөлгөөнийг хаана

ЦЕГ-ын Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны дарга, Цагдаагийн хурандаа Ж.Амгалан “Цагдаагийн байгууллага улсын их баяр наадам болбол хэрхэн ажиллах тухай судалгаа гаргаж, Улсын Онцгой комисст танилцуулсан. Хэрэв Хүй долоо худагт нэгдсэн байдлаар тэмдэглэвэл 800 бөх, хурдан морь, уяач, хүүхдүүд гээд олон хүн бөөгнөрөх учраас тус тусад нь зохион байгуулахаар болсон. Түүнчлэн цэнгэлдэх хүрээлэнд болбол хотын төвд учраас халдвар дэгдэх аюултай гэж үзэн XIII зуун цогцолбор, Хүй долоо худагт болохоор болсон. XIII зуунд Үндэсний бөхийн барилдаан, сур, шагайн харваан талбай бэлэн болсон. Цогцолборт зөвхөн уралдаанд оролцох хүн л орно. Хүй долоон худагт бэлдсэн 2000 орчим автомашины зогсоолд харваач, бөхчүүд машинаа байршуулна. Маргааш хурдан морины салбар комисс хуралдаж, дахин нарийн шийдвэр гаргана. Хурдан морины уралдааны үед Улаанбаатар хотоос гарах хөдөлгөөнийг хаана. Орж байгаа хөдөлгөөн нээлттэй байна” гэдгийг мэдээллийн үеэр онцолж хэлэв.

Монголчуудын Үндэсний их баяр наадмын тухай Дэлхий дахинд үзүүлэх контент гаргана гэв

Үндэсний их баяр наадмын зөвлөх, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, хөгжмийн зохиолч Н.Жанцанноров “Би 1980 оноос хойш Үндэсний их баяр наадмын нээлтийн ажилд жил алхсалгүй оролцсон. Бидний зохион байгуулсан зүйлс бүх хүний сэтгэлд нь хүрдэггүй. Гэхдээ дийлэнх нь наадмын нээлт, хаалт гайгүй боллоо гэсэн яриатай хоцордог. Жил бүр наадмын нээлтийг Монгол Улсын хүн амын нэг хувьд ч хүрэхгүй хүн буюу 13 мянга орчим хүн биеэр очиж үздэг. Түүнчлэн Хүндэтгэлийн концерт СТӨ-нд 1.200 хүн сууж үздэг. Үүнээс ихэнх нь УИХ-ын гишүүд, гадаад дипломат төлөөлөгчдийн газрынхан байдаг. Харин бодит байдал дээр 600 иргэн л үздэг. Энэ нь хүн амын 0.1 хувьд ч хүрэхгүй тоо юм. Тийм учраас наадмын нээлт үзэж чадахгүй гэдэг нь цөөхөн хүний яриа бөгөөд тэдгээр хүмүүст л хамаатай асуудал. Жил бүр телевизүүд наадмыг шууд дамжуулахад маш их анхаардаг ч техникийн маш их алдаа гарч, сүүлд нь хэцүүхэн бичлэг үлддэг. Энэ жилийн хувьд эртнээс бэлдэж байгаа учир ямар нэг техникийн алдаа гарахгүй. Тиймээс энэ жил наадмын нээлт, хүндэтгэлийн концертыг Монгол Улсын хүн амын 99.99 хувь нь өнгөрсөн жилүүдийнхээс гурав дахин илүү чанартай түвшинд хүлээж авна. Хамгийн гол нь наадмын нээлт, хүндэтгэлийн концертыг хальс дээр буулгаж, Монголчуудын Үндэсний их баяр наадмын тухай Дэлхий дахинд үзүүлэх контент гаргаж авах юм” хэмээлээ.

Коронавируст халдвар /Covid-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх зорилгоор Үндэсний их баяр наадмын өдрүүдэд:

  • Жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөх,
  • Их эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлэх ёслол,
  • Төрийн далбааны өдөрт зориулсан Цэргийн ёслолын жагсаал;
  • Дээлтэй Монгол наадам;
  • Өсвөрийн бөхийн барилдаан;
  • Өсвөр үе, балчир насны хүүхдийн сурын болон шагайн харваа;
  • Төрийн дайллага;
  • Уяачдын наадам;
  • Соёл, урлагийн арга хэмжээ, үзвэр үйлчилгээ, үзэсгэлэн, худалдаа, үйлчилгээ зэрэг үйл ажиллагааг зохион байгуулахгүй байхаар түр журамд заасан гэдгийг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан онцолж хэлсэн юм.
Дэлгэрэнгүй унших

Үзэл бодол

Монгол Улсын Эрчим хүчний салбарт шинэчлэл шаардагдаж байна

Огноо:

,

ЯАГААД? Эрчим хүчний салбарыг зохицуулалттай, хувийн хэвшлийг дэмжсэн өрсөлдөөнт зах зээлийн тогтолцоонд шилжүүлэх үйл явц 2001 оноос эхэлсэн хэдий ч шинэчлэлийн ажлын эхний хэсэг болох төрийн өмчийн нэг том бүтцийг задалж олон жижиг компани болгон зохион байгуулах, зохицуулалтын тогтолцоо бүрдсэн боловч цааших алхмууд гацаанд орж зогсонги байдлаас гарч чадалгүй өнөөдрийг хүрлээ.

Төрөөс эрчим хүчний салбарыг 2030 он хүртэл хөгжүүлэх бодлогын баримт бичигт салбарын алсын харааг “Улс орны эдийн засгийн өсөлт, тогтвортой хөгжил, эрчим хүчний аюулгүй байдал, найдвартай ажиллагааг бүрэн хангаж, хувийн хэвшил, зохицуулалттай, өрсөлдөөнт зах зээлд суурилсан үр ашигтай, хэмнэлттэй, байгаль орчинд ээлтэй технологи бүхий, цахилгаан эрчим хүч экспортлогч орон болоход оршино.” гэж тодорхойлсон.

Мөн УИХ-аас 2020 оны 5 сард баталсан “Алсын хараа - 2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын баримт бичигт  “Эрчим хүчний салбарт олон нийлүүлэгчтэй болох замаар улсын монополийг задлах, үнэ тарифийг чөлөөлөх бодлогыг хэрэгжүүлэх нь урт хугацаанд өөрийн эрчим хүчний хямд эх үүсвэрт тулгуурласан үр ашигтай үйлдвэрлэлийг хөгжүүлэх, зохистой хэрэглээг төлөвшүүлэх, эрчим хүчний хангамжийн найдвартай, аюулгүй байдлыг хангах үүднээс чухал ач холбогдолтой болно” гэж томьёолсон билээ.

Иймд Төрийн бодлогод тусгагдсан зорилгодоо хүрэхийн тулд төлөвлөж эхлүүлсэн ажлаа бодьтоор  хэрэгжүүлэх, гацаанд орсон төслүүдийг явуулах, шинэчлэлийн реформыг зайлшгүй эхлүүлэх шаардлага тулгараад байна гэж үзэж байна. Эрчим хүч нэг талаасаа төрийн зохицуулалтад байх ёстой стратегийн чухал салбар хэдий ч нөгөө талаасаа бизнесийн зарчмаар ажиллаж эрүүлжих зайлшгүй шаардлага байна. Эрчим хүчний салбар ЭРҮҮЛЖИЖ байж урт хугацаанд хэрэглэгчдийг найдвартай, чанартай эрчим хүчээр хангах, цаашид тогтвортой хөгжих боломжтой.

Нөгөөтэйгүүр Дэлхий нийтээрээ эрчим хүчний салбарын хөгжлийн шинэ шатанд  гарах шинэчлэл, өөрчлөлтийн үйл явц ид явагдаж буй өнөө үед олон улсын түвшинд бид тэргүүлэхгүй ч тэднээс хоцрохгүй байх, хөгжлийн чиг хандлагаа өөрчилж хөл нийлүүлэн алхах, дасан зохицох чухал үе ирээд байна.

“Өөрчлөлт бол амьдралын хууль юм. Зөвхөн өнгөрсөн болон өнөөдрөө хараад байвал ирээдүйгээ алдах болно”
АНУ-ын 35 дахь Ерөнхийлөгч Жон Кеннеди

Иймээс салбарын ЗАЛУУ ҮЕИЙГ ТӨЛӨӨЛӨЛ бид эрчим хүчний САЛБАРЫН ШИНЭЧЛЭЛИЙГ ирэх 4 жилийн хугацаанд дараах 5 чиглэлд хийх нь зүйтэй гэж үзэж байна.

1.    Хүнээ бэлдэж, чадавхжуулах
2.    Хууль, эрх зүйн орчныг сайжруулах
3.    Компанийн засаглалыг өөрчлөх
4.    Технологи нэвтрүүлэлтийг бүх шатанд дэмжих
5.    Уян хатан үнэ тарифын тогтолцоог бүрдүүлэх

1. ХҮН БОЛ БҮХНИЙ СУУРЬ:

Нөхцөл байдал: Мэдлэг, чадвартай боловсон хүчингүйгээр бид салбарын найдвартай, тогтвортой үйл ажиллагааны талаар ярих боломжгүй. 2019 оны статистикийг харахад эрчим хүчний салбарт 16,045 ажилтан, албан хаагч, инженер техникийн ажилтнууд ажиллаж байна.  Энэ тоо жил ирэх тусам нэмэгдэх хандлагатай байна. Нэг талдаа олон хүн ажилтай болж байгаа мэт харагдаж байгаа боловч нөгөө талдаа үр ашиггүй байдал, зардал нэмэгдэж эрчим хүчний үнэ нэмэгдэх шалтгаан болж байна. Иймд ажлыг хүний олноор бус мэдлэг, чадвар, технологийн дэвшилд суурилсан бодлогын чиглэлд явах ёстой гэж үзэж байна.

Санал: Салбарын урт хугацааны хөгжлийн бодлогын баримт бичиг  (Төрөөс эрчим хүчний талаар баримтлах бодлого 2015-2030, Алсын Хараа-2050)-үүдэд тусгагдсан зорилго, зорилтуудыг (ирэх жилүүдэд баригдах эх үүсвэрүүд, шугам сүлжээ, хэрэглэгчдэд үзүүлэх үйлчилгээ) хэрэгжүүлэхэд шаардлагатай нарийн мэргэжлийн инженер, хүний нөөцийн тогтвортой хөгжлийн стратегийг хэрэгжүүлэх. Тэдгээр мэргэжилтнүүдийг хэзээ, хаана, хэдэн тоогоор бэлтгэх тооцоо судалгаанд үндэслэн  дотоод, гадаадын их, дээд сургуульд тухайн хүмүүсээ захиалгаар бэлдүүлэх, нэгэнт бэлтгэгдсэн хүний нөөцөө байнга сургаж, чадавхжуулах тогтолцоог бий болгох. 

2. ШИНЭЧЛЭЛ, ХӨГЖЛИЙГ ДЭМЖСЭН ЭРХ ЗҮЙН ТОГТОЛЦОО:

Нөхцөл байдал: Эрчим хүчний салбарын хууль, эрх зүйн орчинд сүүлийн жилүүдэд бодлогын шинж чанартай нилээдгүй шинэчлэлт хийгдсэн хэдий ч тухайн үед үүссэн нөхцөл байдлыг “гал унтраах” байдлаар эсвэл салбарын байгууллага хоорондын эрх, мэдэл шилжүүлэх төдий түвшинд хэрэгжүүлж байна. Зүйн нь бол бодлогын баримт бичигт тусгагдсан салбарын ирээдүйг бүтээхэд чиглэсэн, залуурдсан, боломжийг нээж өгсөн хууль, дүрэм, журамтай болох хэрэгтэй юм. 

Санал: Салбарын үндсэн баримт бичиг, суурь хуулиуд, холбогдох  дүрэм, журмуудыг гаргахдаа аливаа хүндрэлтэй асуудлыг гарсны дараа араас нь нэхэж шинэчилдэг бус ирээдүйд бий болох нөхцөл байдлыг төлөвлөн тооцоолж түрүүлж шинэчилж, эрсдэлээс сэргийлэх, бодит нөхцөл байдалд нийцсэн, хэрэгжихүйц байх шаардлагатай. Ялангуяа эрчим хүчний салбарт нэвтэрч буй шинэ технологи, ажил үйлчилгээ, төслүүдэд нарийн тооцоолол, эрсдэлийн үнэлгээ, дүн шинжилгээ хийж байх. Эрчим хүчний тухай хуульд салбарын компаниудын үйл ажиллагаа, үр ашгийг урамшуулсан тогтолцоог нэвтрүүлэх, хувийн хэвшлийн оролцоог дэмжсэн, төрийн өмчийн компаниудын хариуцлагыг нэмэгдүүлсэн шинэчлэлийн чанартай зохицуулалт, Эрчим хүч хэмнэлтийн тухай хуулийн хүрээнд Цахилгаан эрчим хүчний хуурмаг чадлыг тооцох, төлбөр тооцооны тогтолцоог бий болгох зэрэг өөрчлөлтүүдийг тус тус  оруулах шаардлагатай гэж үзэж байна.

3. ХАРИУЦЛАГАТАЙ САЙН ЗАСАГЛАЛ:

Нөхцөл байдал:  Эрчим хүчний салбарын үйл ажиллагааны зардал 2010-2019 оны хооронд 10 жилийн хугацаанд 2.8 дахин өссөн. Тэгэхээр орлого нэмэгдэхийн хэрээр зардал тэр хэмжээгээр дагаад уралдаад нэмэгддэг гэсэн үг. Эрчим хүчний 1.1 их наяд төгрөгийн борлуулалтын орлогын 80 гаруй хувийг бүрдүүлж байгаа Төрийн өмчийн эрчим хүчний компаниудын зардал нь нэмэгдэж байдаг ч үр ашиг нь тэгсэнгүй. Адилхан тариф, орлоготой хувийн хэвшлийн компанийн үйл ажиллагааны үр ашиг дээшлээд, ашигтай ажиллаж болоод байдаг ч төрийнх нь явж өгдөггүй. Иймд менежментийн шинэ тогтолцоонд шилжих, сайн менежерээр энэ ажлаа хийлгэх цаг болсон.

4. УЯН ХАТАН ҮНЭ ТАРИФЫН БОДЛОГО:

Нөхцөл: Олон жилийн турш хяналтад байсан эрчим хүчний үнэ тарифыг сүүлийн жилүүдэд бага хэмжээгээр нэмэгдүүлсэн хэдий ч байдал хүссэн хэмжээнд хүрэхгүй байна. Өнгөрсөн онд бид 1 кВт.ц цахилгаан эрчим хүчийг дунджаар 175.95 төгрөгөөр үйлдвэрлээд 168.14 төгрөгөөр хэрэглэгчдэд борлуулж байна. Ийм нөхцөлд салбарт хөрөнгө оруулалт татах, хувийн хэвшлийн оролцоог дэмжсэн бүтээн байгуулалт хийхэд хүндрэлтэй юм. Гэвч үнэ тарифыг хэрэглэгчдийн хэрэглээ, орлогын түвшинд тохирсон уян хатан байдлаар зохицуулах шаардлагатай. Ингэснээр Эрчим хүчний хэмнэлт, үр ашгийн асуудал жинхэнэ утгаар хэрэглэгчийн түвшинд хэрэгжих, орлого багатай иргэдэд дарамт үүсэхгүй байх нөхцөл бүрдэх юм. Мөн Эрчим хүч үйлдвэрлэхэд шаардлагатай түүхий эд, тээвэрлэлтийн зардал, тэдгээрийн худалдан авалтыг хийдэг гадаад валютын ханш нэмэгдсээр байгаа нь алдагдал хүлээх хүчин зүйл болсоор байна.

Санал: Цахилгаан, дулааны хэрэглэгчдийн тариф хоорондын хөндлөн татаасыг зогсоох, эрчим хүчний хэмнэлт, үр ашгийг дэмжсэн уян хатан тарифын бодлогыг тодорхойлж хэрэгжүүлэх, үүнд хэрэглэгчийн хэрэглээнээс хамаарсан тарифын ангиллыг нэмэгдүүлэх, дулааны эрчим хүчийг тооцдог хэмждэг байх, орлого багатай хэрэглэгчдэд үзүүлэх татаасыг ил тод болгож шууд олгох арга хэмжээний төлөвлөгөөг боловсруулан хэрэгжүүлэх;

Цахилгаан, дулааны эрчим хүчийг бодит өртөг, зардалд суурилсан үнээр борлуулах зорилгоор цахилгаан, дулааны үйлдвэрлэлийн зардалд гол нөлөө үзүүлдэг бусад бүтээгдэхүүний үнэ болон эдийн засгийн зарим хүчин зүйлүүдийн нөлөөллийг харгалзаж үзсэн тарифын индексжүүлэлтийг жил/улирал тутамд тогтвортой хийдэг болох

Эзэмшил нь хэдий төрд байгаа ч эдгээр компаниудыг хувийн хэвшилтэй адил сайн ажиллаж ашиг олж ажиллах үүрэгтэй. Өнөөгийн тогтолцоо нь компаниудын хувьд ашигтай, ашиггүй ажиллах нь чухал биш гэж үздэг нөхцөлийг бүрдүүлсэн байна.

Санал: Дэлхийн олон оронд хэрэглэдэг менежментийн гэрээний аргыг эхний ээлжид (2020-2025 он) төрийн өмчийн компаниудад нэвтрүүлж, чадвартай, туршлагатай багаар удирдлагын менежментийг гэрээний үндсэн дээр гүйцэтгүүлэх, цаашлаад компаниудын техник, эдийн засгийн үзүүлэлт сайжирч “ХӨЛ ДЭЭРЭЭ БОСОЖ” зах зээл дээр үнэлгээ нэмэгдсэний дараа менежментийн, хууль эрх зүйн, эзэмшлийн хувьд хувьчлалын асуудлуудыг үе шаттайгаар явуулах (2025-2030).

5. ШИЛЖИЛТИЙН ЦӨМ НЬ ТЕХНОЛОГИ:

Нөхцөл байдал: Эрчим хүчний салбарт шинэ техник, технологийн нэвтрүүлэлт тодорхой хэмжээнд хийгдэж байгаа ч нэгдсэн бодлого тодорхойгүй, түүний хэрэгжилт хангалтгүй байна. Мөн санхүүжилтийн боломжгүй байдал зэргээс үүдэлтэй хэрэгжилтийн хурд удаан байсаар байна. Манай эрчим хүчний салбарын ирээдүй технологийн дэвшлийг хэрхэн нэвтрүүлж, нутагшуулж чадсанаас шууд хамаарна. Дэлхий нийтээрээ хүлэмжийн хийн ялгарлыг хамгийн их ялгаруулж буй эрчим хүчний салбарт шилжилт (Energy transition)-г хийх үйл явц ид өрнөж байна. Үүний гол цөм нь цэвэр эрчим хүчний технологиуд (Сэргээгдэх эрчим хүч, хуримтлуурын технологи, цахилгаан тээврийн хэрэгсэл, ус төрөгч гм) мэдээллийн болон цахим технологиудын шийдэл (ухаалаг технологиуд, блокчайн гм) байгаа юм.

Санал: Салбарын эрчим хүч үйлдвэрлэх, дамжуулах, түгээх, хангах болон хэрэглэгчийн бүхий л түвшинд инновац, технологийг нэвтрүүлэх нэгдсэн бодлогыг гаргаж үе шаттайгаар хэрэгжүүлэх шаардлагатай. Хамгийн эхний алхам бол эрчим хүчний үйлдвэрлэлийн процессыг бүх шатанд хэмжих ухаалаг тоолуурын системийг бий болгох, хэмжүүр хяналтын ухаалаг тогтолцоог бүрдүүлэх нь зүйтэй. Компани болгон өөрийн технологийн шийдэл, загвартай байх бус салбарын хэмжээнд нэг ижил стандарт, норм, протоколын дагуу ажилладаг байхыг анхаарах нь чухал юм.

“МОНГОЛ ЭРЧИМ ХҮЧ КЛУБ” ТББ
WWW.MONGOLENERGYCLUB.COM
2020-07-03

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа

Санал болгох