Улстөр нийгэм
Хянан шалгах түр хорооноос нотлох баримтыг шинжлэн судлах сонсголыг зохион байгуулна
Сонсгол явуулах сэдэв:
1/2025 оны 12 дугаар сарын 08-ны өдөр “Жавхлант” (MV-15225), “Шивээ толгой” (MV-15226) ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбайн нөөцийг тогтоож, үнэлгээг тодорхойлсон болон холбогдох бусад баримтад үндэслэн төрийн эзэмшлийн хувь, хэмжээг тогтоохтой холбоотой асуудал;
2/2025 оны 12 дугаар сарын 10-ны өдөр “Оюу толгой” ХХК-ийн Хувь нийлүүлэгчдийн гэрээ /Нэмэлт, өөрчлөлт оруулж, дахин тодотгосон/-ний санхүүжилтийн хүүгийн хувь, түүнийг олон улсын зах зээлийн жишигт нийцүүлэн бууруулах талаар авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, холбогдох үр дагавар;
3/2025 оны 12 дугаар сарын 12-ны өдөр “Оюу толгой” ХХК-ийн Хувь нийлүүлэгчдийн гэрээ /Нэмэлт, өөрчлөлт оруулж, дахин тодотгосон/-ний санхүүжилтийн хүүгийн хувь, түүнийг олон улсын зах зээлийн жишигт нийцүүлэн бууруулах талаар авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, холбогдох үр дагавар (үргэлжлэл).
Бүртгэл:
Сонсголын бүртгэл 2025 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 17.30 цаг хүртэл явагдана.
Шуудангийн хаяг:
14201 Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, Жанжин Д.Сүхбаатарын талбай 1, Төрийн ордон-131, Улсын Их Хурлын Тамгын газрын Хяналт шалгалтын газар /Лавлах утас: 51-261440/
Цахим шуудангийн хаяг: sonsgol@parliament.mn
• Оролцох хуулийн этгээдийн төлөөлөл, иргэн бол овог, нэр, регистрийн дугаар, оршин суугаа газрын буюу шуудангийн хаяг, гарын үсэг, холбогдох утасны дугаар бүхий хүсэлтийг бичгээр болон цахим шуудангаар бүртгүүлнэ. Оролцогч санал, тайлбар, мэдээллээ сонсгол болохоос ажлын хоёроос доошгүй өдрийн өмнө (2025 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн дотор) бичгээр ирүүлж болох бөгөөд нэр, хаяггүй саналыг бүртгэхгүй болохыг анхаарна уу.
• Оролцох хэвлэл мэдээллийн байгууллагууд хүсэлтээ Улсын Их Хурлын Тамгын газарт албан бичгээр ирүүлнэ.
Оролцогчдын талаарх мэдээлэл: Оролцогч, ажиглагчийн тоо танхимын багтаамжаас шалтгаалан хязгаартай тул хүсэлт ирүүлсэн дарааллаар баталгаажуулна.
Жич: “Монгол Улсын Төрийн ордны хамгаалалт, үйлчилгээний журам”-д заасны дагуу сонсголд оролцогчдыг иргэний үнэмлэхийг үндэслэн албаны болон үндэсний хувцастай Төрийн ордонд нэвтрүүлнэ.
Улстөр нийгэм
Монгол Улсын Ерөнхийлөгчийг ХБНГУ-ын Холбооны Ерөнхийлөгч албан ёсоор угтан авлаа
Холбооны Гадаад хэргийн яамны “Вилла Борсиг” цогцолборт Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг хүрэлцэн ирэхэд Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр угтан мэндчилэв.
Хоёр улсын төрийн тэргүүн нар дурсгалын зураг татуулж, Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Хүндэт зочны дэвтэр”-т гарын үсэг зурлаа.
Угтах ёслолын үеэр Хүндэт харуулын цэргүүд жагсаж, харуулын захирагч айлтгал өргөв.
Монгол Улс, ХБНГУ-ын төрийн дуулал үлээвэр найрал хөгжимд эгшиглэсний дараа Ерөнхийлөгч нар Хүндэт харуулын цэргүүдийн өмнүүр алхаж, харуулын тугийн өмнө хүндэтгэл үзүүлэв.
ХБНГУ-ын Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр 2017 оны 02 дугаар сарын 12-ны өдрөөс үүрэгт ажилдаа орсон.
Холбооны Ерөнхийлөгчийг Бундестагийн нийт гишүүд болон муж улсуудын парламентуудаас сонгогдсон Бундестагийн гишүүдийн тоотой тэнцүү тооны төлөөлөгчөөс бүрдэх Холбооны хурлаар 5 жилийн хугацаагаар сонгодог.
Монгол Улс, ХБНГУ-ын хооронд 2008 онд “Иж бүрэн түншлэл”-ийн харилцаа тогтоож, 2024 оны 02 дугаар сарын 07-ны өдөр “Стратегийн түншлэл”-ийн харилцаа тогтоосон.
Монгол Улсаас ХБНГУ-д төрийн тэргүүний түвшинд 1995, 2000, 2012, 2015 онд тус тус айлчлал хийсэн. ХБНГУ-аас Монгол Улсад төрийн тэргүүний түвшинд 1998, 2008, 2015, 2024 онд тус тус айлчилжээ.
Улстөр нийгэм
Нийслэлийн инженерийн шугам, сүлжээний өвөлжилтийн бэлтгэл 94 хувьтай байна
Нийслэлийн 2026-2027 оны өвөлжилтийн бэлтгэлийг хангах хүрээнд инженерийн хангамжийн байгууллага, харьяа газар, дүүргүүд нийт 573 төсөл, арга хэмжээ хэрэгжүүлж байна. Өнөөдрийн байдлаар инженерийн шугам, сүлжээний бэлтгэл 94 хувьтай байна.
Инженерийн шугам сүлжээний засвар, шинэчлэл, өргөтгөл бүрэн дууссан. Орон сууцны хороолол доторх салбар шугамын гэмтэл засварлах, бараа материал худалдан авах ажил дуусах шатандаа явж байна.

УБЗАА-ны Хотын инженерийн дэд бүтцийн газрын дарга Л.Алтангэрэл “2025-2026 онд Улаанбаатар хотын хэмжээнд нийт 57.3 км инженерийн шугам сүлжээг өргөтгөн шинэчилсэн. Тухайлбал, 16 байршилд 18.7 км дулааны гол шугам сүлжээ болон орон сууцны хороолол доторх 16.1 км шугамд өргөтгөл, шинэчлэлийн ажил хийсэн. Мөн бохир усны “Туул-1” коллекторын 6 км шугам, борооны ус зайлуулах 17.1 км шугамыг шинээр угсраад байна” гэв.


Улстөр нийгэм
“Ерөнхий сайдаас асуу” уулзалтын үеэр иргэн, бизнес эрхлэгчдийг дэмжих 2027 оны төсвийн төслөө танилцуулав
“Ерөнхий сайдаас асуу” ээлжит уулзалт /2026.10.18/ Ховд аймагт болов. Ерөнхий сайд Н.Учрал “Шинэ Ховд” үйлдвэрлэл, технологийн парк ашиглалтад орсноор Евразийн зах зээлд бараа бүтээгдэхүүн экспортлох үүд нээгдэнэ.
Экспортыг дэмжих логистикийн төвийг Ховд аймагт байгуулна. Эрдэнэбүрэнгийн УЦС баруун бүсийн эрчим хүчний тусгаар тогтнолыг хангах том төсөл гэдгийг хүн бүр ойлгож, дэмжих нь чухал гэлээ. Мөн "Ховд эко цемент" үйлдвэрийн бүтээн байгуулалтаар бахархаж буйгаа Ерөнхий сайд хэлээд Засгийн газар хөдөлмөрлөж, хийж бүтээж буй иргэн бүрээ дэмжинэ гэв.

Засгийн газар 2026 оны улсын төсвийн тодотголыг өргөн мэдүүлж, төрийн зардлаас 1.4 их наяд төгрөг танаж батлуулсныг танилцуулав. Хэмнэсэн зардлыг иргэдийн цалин хөлс, тэтгэвэр, тэтгэмж нэмэгдүүлэх, өрхийн бодит орлогыг хамгаалахад зориулна гэдгийг онцлов. Тухайлбал, 2026 оны арваннэгдүгээр сарын 01-нээс ахмадууд 100-300 мянган төгрөгийн суурь тэтгэвэр авна. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тэтгэвэр 26 хувиар нэмэгдэж 600 мянган төгрөг, асран хамгаалагчдын тэтгэмжийг мөн 12 хувиар нэмсэн. Эмч, төрийн үйлчилгээний албан хаагчдын цалинг жигд 50 хувиар нэмнэ. Багш, боловсролын салбарын ажилтны цалинг бүтэн жилээр нь олгоход дутагдаж байсан 674.5 тэрбум төгрөгийг батлуулсан. Мах, гурил, хүнсний ногооны нөөц бүрдүүлнэ. Цахилгааны үнэ нэмэхгүй. Шатахууны импортын татварыг тэглэсэн шийдвэрийг үргэлжлүүлнэ гэлээ.

Мөн 2027 оны төсвийн төслийн онцлох есөн шийдвэрийг танилцуулав. Монгол Улс анх удаа Оюу толгойгоос хүртэх ногдол ашиг гурван их наяд төгрөгийн өгөөжийг ард түмэндээ хүргэнэ. 1072 хувьцааг эдийн засгийн эргэлтэд оруулж, өвлүүлэх, бэлэглэх, арилжих нөхцөл бүрдүүлнэ. Татварын реформ хэрэгжүүлж, иргэд, аж ахуйн нэгжийг 1.3 их наяд төгрөгийн татвараас чөлөөлнө. Тэтгэврийн реформоо үргэлжүүлж дундаж тэтгэврийг 1.3 сая төгрөгт хүргэнэ. Ахмадуудыг эмийн үнийн дарамтаас чөлөөлнө, иргэдийн эмэнд төлөх 79 тэрбум төгрөгийг халаасанд нь үлдээнэ. 16 мянган өрхийг орон сууцтай болгоно. Төрийн албан хаагчдын цалинг 10-20 хувь нэмнэ. Эрүүл мэнд, боловсролд хөрөнгө оруулж “Ногоон сургууль”-ийн тоог нэмнэ зэрэг иргэн, бизнес эрхлэгчдээ дэмжих төсвийн төслөө дэлгэрэнгүй тайлбарлалаа.

Мөн Засгийн газрын хэрэгжүүлж буй Эрх чөлөөний дөрвөн зам, дөрвөн чөлөөлөлтийн бодлогоо танилцуулсан. Төсвийн орлогод эзлэх татварын орлогын хэмжээг үе шаттайгаар бууруулж иргэд, аж ахуй нэгжийг дэмжинэ. Засгийн газар төрийн өмчит компаниудыг татан буулгаж байна. ТӨК-иудын реформыг үргэлжлүүлэн хэрэгжүүлнэ.

Баялгийн сангаас иргэн бүр тэгш өгөөж хүртэх боломжийг нээнэ. Баялгаа олборлох бус боловсруулж, нэмүү өртөг бий болгох хүрээнд Ган, Зэс боловсруулах цогцолбор, Нүүрс-пиролизын үйлдвэр, Хөнгөн цагааны аж үйлдвэрийн паркийн төслийг эхлүүлсэн. Эдгээр төслийн үр дүнд 2030 он гэхэд 41 мянган шинэ ажлын байр бий болно. Үйлдвэрүүдэд ажиллах хүний нөөцийн суралцах зардлыг Боловсролын зээлийн сангаас шийдвэрлэнэ.

Газрын тос боловсруулах үйлдвэрийг 2028 онд ашиглалтад оруулж, түлш, шатахууны хэрэглээнийхээ 50 хувийг хангана. 2030 он гэхэд 3199 МВт хүчин чадалтай болж эрчим хүчний бие даасан байдлыг бүрдүүлнэ. Хүнсний нийлүүлэлтийг нэмэгдүүлж, үнэ тогтворжуулах бодлого баримтална. 50 мянган яндан буулгаж, 100 мянган айлыг орон сууцанд хамруулна. Авлигатай ил тод тэмцэнэ. 2030 онд нэг хүнд ногдох ДНБ-ийг 10 мянган ам.долларт хүргэнэ. Одоо 27 хувьтай байгаа ядуурлын түвшинг 15 хувь хүртэл бууруулна гэлээ.

Цалин, тэтгэвэр, тэтгэмж нэмж, тэтгэврийн шударга тогтолцооны суурийг тавьж, эмийн үнийн дарамтыг багасгаж буйд Ховд аймгийн иргэд талархал илэрхийлэв.
Улсын хэмжээнд 1600 гаруй цаг уурч байдаг. Нарийн мэргэжлийн энэ хүмүүсийн цалин хөлс, нийгмийн асуудал орхигдсон байсныг Засгийн газар шийдвэрлэж, анхаарч буйд тэд баяртай байгаагаа хэллээ.
Мөн Халзанбүрэгтэй төслийн хүрээнд орон нутгийнхны санал хүсэлтийг бодлогын түвшинд анхаарч өгөхийг хүсэв.




-
Улстөр нийгэм2021/04/01
Хяналт шалгалтад 918 эм ханган нийлүүлэх барилга байгууламжийг хамрууллаа
-
Цаг үе2019/11/21
“Тогтвортой хөгжил ба оюуны соёлын өв” эрдэм шинжилгээний бага хурал...
-
Цаг үе2022/06/21
Энхтайваны гүүрнээс Олимпын гүүр хүртэлх замын урд урсгалын хөдөлгөөнийг хязгаар...
-
Улстөр нийгэм2022/02/11
Хурдан морины уралдаан зохион байгуулахаас сэргийлсэн хяналтыг чангатгана
