Бидэнтэй нэгдэх

Шударга мэдээ

Олон улсын нислэг, авто болон төмөр замын хөдөлгөөнийг зогсоов

Огноо:

,

Шинэ коронавируст халдварын өнөөгийн нөхцөл байдалтай холбогдуулан Улсын онцгой комисс дахин хуралдлаа. Хурлаас Монгол Улс, Оросын Холбооны Улс, Бүгд Найрамдах Казахстан Улс, Бүгд Найрамдах Турк Улс хоорондын хоёр талын нислэгийг 2020 оны 03 дугаар сарын 11-ний 12.00 цагаас 2020 оны 03 дугаар сарын 28-ны өдрийг дуустал зогсоохоор шийдвэрлэв.

Мөн төмөр замын олон улсын зорчигч тээврийн хөдөлгөөнийг 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрөөс 2020 оны 03 дугаар сарын 28-ны өдрийг дуустал зогсоолоо. Монгол, Оросын автозамын хилийн боомтуудаар ОХУ руу зорчих Монгол Улсын иргэд, ОХУ-аас Монгол Улсад ирэх гадаадын иргэн, харьяалалгүй хүний хөдөлгөөнийг 2020 оны 03 дугаар сарын 11-ний 20.00 цагаас 2020 оны 03 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл зогсоолоо.

Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэн хугацаанд буюу 2020 оны 03 дугаар сарын 30-ны өдрийг дуустал жирэмсэн болон 0-12 насны хүүхэдтэй эмэгтэйг гэрээсээ ажиллах нөхцөл боломжоор хангах, цалинтай чөлөө олгох зэрэг арга хэмжээ авахыг төрийн болон нутгийн захиргааны байгууллага, аж ахуйн нэгж, хуулийн этгээдийн удирдлагад даалгав гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Дэлгэрэнгүй унших
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Шударга мэдээ

Баянхошуунд 260 айлын ногоон орон сууцны төсөл хэрэгжиж байна

Огноо:

,

Улаанбаатар хотын агаар, хөрсний бохирдлыг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулж иргэдийн ая тухтай, таатай орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх зорилтын хүрээнд “Нийслэлийн орон сууцны корпораци” ХК-иас Сонгинохайрхан дүүргийн есдүгээр хороонд найман блок нийт 260 айлын ногоон орон сууцны төслийг хэрэгжүүлж буй.

Тус төсөл нь Баянхошуу дэд төвийн төлөвлөгөөний дагуу хэрэгжиж байгаа бөгөөд эхний ээлжийн барилгуудын каркас цутгалтын ажлыг хийж, барилгын суурийг хөөмөл шилэн дулаалгаар дулаалсан бөгөөд барилга угсралтын ажил 50 хувьтай үргэлжилж байна. Түүнчлэн дараагийн ээлжийн дөрвөн блок 150 айлын ногоон орон сууцны барилга угсралтын ажил эхлээд байна.

Ташрамд дурдахад тус төслийн барилга угсралтын ажлын гүйцэтгэгчээр “Хаппи бьюлдинг”, “Сити ландмарк “, “Содон номин констракшн”  болон “Цамхаг Констракшн” ХХК шалгарсан бол гадна инженерийн сүлжээний ажлын гүйцэтгэгчээр “Сан” ХХК шалгарч төслийн ажил үргэлжилж байна. “Нийслэлийн орон сууцны корпораци” ХК-ийн Гүйцэтгэх Захирал М.Говьсайхан гүйцэтгэгч компаниудад төслийг төлөвлөсөн хугацаандаа ашиглалтад оруулахыг үүрэг болголоо гэж Нийслэлийн орон сууцны корпораци ХК-иас мэдээллээ.

Дэлгэрэнгүй унших

Шударга мэдээ

ЕБС-иудын хичээлийн жил 3 улиралтай болно

Огноо:

,

Боловсролын сайдын 2024 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн А/01 тоот тушаалаар өмчийн бүх хэлбэрийн Ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн жилийн бүтцийг батлав. Үүнийг сургуулиудад даруй хүргүүлэх аж. Хичээлийн шинэ жилийн бүтцийг эрт өгснөөр сургуулиуд бүтэн жилийнхээ тогтмол ажлын төлөвлөгөөг (ТАТ) боловсруулан, эцэг эх, сурагчдад эртхэн мэдээлэх боломжтой болно.

Үүний үр дүнд гэр бүлийн амралт, аялал, эцэг эхийн ажлын төлөвлөлтийг эртхэн хийх боломжтой болох юм. Бид хугацаа тулгасан, гэнэтийн цочроосон шийдвэр гаргахгүй байхыг анхаарч ажиллана.

Энэ хичээлийн жилийн төлөвлөлтийн нэг онцлог нь бие даалтыг оруулж ирсэн явдал болно. Бие даалтын хугацаанд музей, театр үзэх, 6 настнуудыг нүд, шүд, зүрх судасны оношилгоо, гамшгийн сургалтад хамруулах зэрэг ажлыг зохион байгуулах болно гэж Боловсрол, шинжлэх ухааны яамнаас мэдээллээ.

Дэлгэрэнгүй унших

Шударга мэдээ

30 дугаар сургуулийн хуучин барилгыг нурааж, шинэ сургууль барина

Огноо:

,

Нийслэлийн ИТХ-ын Зөвлөл өнөөдөр хуралдлаа. Мэргэжлийн байгууллагын дүгнэлтийг үндэслэн Нийслэлийн ЕБ-ын 30 дугаар сургуулийн хуучин барилгыг буулгаж, шинээр сургуулийн барилга барихаар болсон. Тиймээс тус сургуульд бүртгэлтэй барилга байгууламжийг акталж, нийслэлийн өмчийн бүртгэлээс хасах асуудлыг танилцууллаа.

Энэхүү барилга нь 1996 онд ашиглалтад орсон, гурван давхар, 3693 м/кв талбайтай юм. Мэргэжлийн байгууллагын дүгнэлтээр барилга нуралтад орж, даацын хийц эвдрэл гарч эхэлсэн, дулаан алдагдал ихтэй, шугам сүлжээнд тогтмол засвар үйлчилгээ хийж байгаагүйгээс мөн эвдэрсэн байна. Хуучин барилгыг нурааж, 11665 м/кв талбайтай шинэ сургуулийн барилга барих юм.  

Зөвлөлийн хуралдаанаас Нийслэлийн ИТХ-ын ээлжит бус 22 дугаар хуралдааныг 2024 оны долоодугаар сарын 24-ний өдөр хуралдуулахаар товлов. Хуралдаанаар дээрх болон бусад асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэнэ гэж НИТХ-ын ХМТ-өөс мэдээллээ.

Дэлгэрэнгүй унших

Санал болгох