Цаг үе
Монголд 42 жилийн дараа V ДЦС-ыг барих түүхэн гэрээг үзэглэлээ
Монгол Улс төдийгүй нийслэлийн хэмжээнд цахилгаан, дулаан хослон үйлдвэрлэдэг өндөр хүчин чадлын станц хамгийн сүүлд 1983 онд ашиглалтад орж байв. Энэхүү ДЦС-4 ашиглалтад орсноос хойш 42 жилийн дараа өнөөдөр Дулааны тавдугаар цахилгаан станцыг барих гүйцэтгэгч "Митайм Интернэйшнл" компанитай гэрээнд гарын үсэг зурлаа. Энэхүү түүхэн гэрээг нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар болон "Митайм Интернэйшнл" компанийн Ерөнхий захирал Тиан Хао Мин үзэглэв.

Ёслолын үйл ажиллагааг нээж, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар үг хэллээ. Тэрбээр “Дулааны тавдугаар цахилгаан станцын төслийг 1990 оноос ярьж эхэлсэн. Олон хүчин зүйлээс шалтгаалж өнөөг хүртэл баригдаагүй байна. Миний бие 2023 оны аравдугаар сард нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчаар томилогдсон. Ажилд томилогдох үед нийслэлд тулгамдсан гол асуудлуудын нэг нь эрчим хүч байсан. Эрчим хүчний хэрэглээ жилээс жилд өсөн нэмэгдэж, эдийн засгийн өсөлттэй уялдан дунджаар 14 хувиар нэмэгдэж буй. Иймд, нийслэл дотоодын хөрөнгийн зах зээлээс 500 тэрбум төгрөгийн бонд босгож, үүнийхээ 200 тэрбум төгрөгийг авто замын засвар шинэчлэлт хийхэд, 300 тэрбум төгрөгөөр Бөөрөлжүүтийн цахилгаан станцад хөрөнгө оруулсан. Авто замын засвар шинэчлэлтийн бондыг ирэх оны хоёрдугаарт сард нийслэлийн Замын сангийн хөрөнгөөр төлж дуусгахаар байна. Мөн Олон улсын санхүүгийн корпориациас нийслэлийн эрчим хүчний салбарт 300 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийж, Багануурын 50 МВт хүчин чадалтай батарей хуримтлуурын станцыг богино хугацаанд барьсан нь бахдам амжилт болсон. Ийнхүү бид хүнд цаг үед Монгол Улсын эрчим хүчний салбарын ачааллыг хуваалцаж байна. Улаанбаатар хотын эрчим хүчний хэрэглээ өвлийн оргил ачааллын үеэр 1800 МВт хүрдэг. Хот суурин газрын хөгжилд эрчим хүч, ус хангамж, дулаан хангамж тулганы гурван чулуу нь болдог. Дулааны тавдугаар цахилгаан станц нь Улаанбаатар хотын баруун хойд хэсгийг эрчим хүч, дулаанаар хангана. 1961 онд ДЦС-2 баригдсанаар 5 шар, Махкомбинат орчмыг эрчим хүч, дулаанаар хангасан. Тус станцын үнсэн санг ашиглан ДЦС-5-ыг барихыг дэмжсэн НИТХ, Эрчим хүчний яамны хамт олонд талархал илэрхийлж, хөрөнгө оруулагч "Митайм Интернэйшнл" группийнханд мөн талархал илэрхийлье. Дулааны тавдугаар цахилгаан станцыг төр, хувийн хэвшлийн түншлэлээр барьснаар цаашдын олон томоохон төслийг уг жишгээр барих үндэс суурь болно” хэмээн онцлон тэмдэглэв.

Дулааны тавдугаар цахилгаан станц нь 340 Гкал дулаан, 300 МВт цахилгаан үйлдвэрлэх суурилагдсан хүчин чадалтай бөгөөд Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт ДЦС-2-ийн үнсэн сан дээр 26 га талбайд барьж, 2028 онд ашиглалтад оруулна. Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хууль болон Засгийн газрын 2024 оны 210 дугаар тогтоолоор баталсан журмын дагуу “Дулааны тавдугаар цахилгаан станц” төслийг хэрэгжүүлэх хувийн хэвшлийн түншлэгчийг сонгон шалгаруулах үйл ажиллагааг шат дараатай зохион байгуулж, “Митайм Интернэйшнл” компани шалгарсан. 2025 оны аравдугаар сарын 16-ны өдөр НИТХ-аас нийслэлийн Засаг даргад тус төслийн түншлэгчтэй гэрээ байгуулах эрхийг олгосон билээ.
ДЦС-5 төсөл нь Монгол Улсын эрчим хүчний салбарт анх удаа төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжих төсөл гэдгээрээ онцлогтой юм. Төслийн нийт хөрөнгө оруулалт 658.6 сая ам.доллар бөгөөд хөрөнгө оруулалтын 80 хувийг хувийн хэвшил, 20 хувийг нийслэлийн төсвөөс үе шаттай санхүүжүүлэхээр төлөвлөөд байна.

Дулааны тавдугаар цахилгаан станцын ач холбогдол:
- Нийслэлийн баруун бүс Таван шар, 21 дүгээр хороолол, “Хилчин” хотхон, Баянхошуу, 3, 4 дүгээр хороолол, 1 дүгээр хорооллын 40 мянган өрхийг дулаанаар, 100 мянга орчим өрх, аж ахуйн нэгжийг эрчим хүчээр хангана.
- Төслийн хэрэгжилтийн явцад 1600 гаруй ажлын байр шинээр бий болж, ашиглалтад орсны дараа 369 байнгын ажлын байр нэмэгдэнэ.
- Орчин үеийн эргэлтэд буцлах үет шаталттай (CFB) технологи ашиглан жилд 2.2 тэрбум кВт.цаг цахилгаан, 4.8 сая ГДж дулаан үйлдвэрлэнэ.
- Утааны хийн шүүлтүүрийн системийн тусламжтайгаар агаар мандалд хаягдах дэгдэмхий үнсийг 99.9 хүртэл хувиар бууруулах байгальд ээлтэй шийдэлтэй.
- Эрчим хүчний системийн чадлын тохируулга, тогтвортой ажиллагааг нэмэгдүүлнэ.
- Эрчим хүчний импортоос хараат байдлыг бууруулна.



Цаг үе
Улаанбаатар хотод 450 км дугуйн замын сүлжээ бий болгоно
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва Монголын дугуйн холбооны төлөөллүүдийг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар Улаанбаатар хотод дугуйн спортыг хөгжүүлэх, дэд бүтцийн асуудлыг шийдвэрлэх, иргэдийн идэвхтэй, эрүүл амьдралын хэв маягийг дэмжих чиглэлээр санал солилцлоо.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва “Нийслэлийн дугуйн замыг нэмэгдүүлж, дугуй унаж буй хүмүүст ээлтэй хотыг бий болгох зорилгоор энэ жил 76 км дугуйн зам барьж байгууллаа. Ирэх жил 115 км дугуйн замыг нэмж, Улаанбаатар хотын нийт дугуйн замын сүлжээг 450 км хүргэнэ. Ингэснээр Өнөр хорооллоос Амгалан хүртэл дугуйгаар зорчих нөхцөлийг бүрдүүлэх юм. Олон улсын хотуудын жишгээр Туул голыг дагасан экосистем цэцэрлэгт хүрээлэн, дугуйн зам, явган хүний зам, гүйлтийн замтайгаар хийгдэнэ. Зайсангаас төв талбай хүрэх гүүрэн байгууламжтай дугуйн замыг 2027 онд барихаар М-Си-Эс групптэй зөвшилцсөн. Нийслэл дугуй унах, дугуйн спортыг дэмжинэ” гэлээ.

Монголын дугуйн холбооны ерөнхийлөгч Б.Гүрсоронзон “Нийслэл олон км дугуйн замыг бодлогоор барьж байгаад нийт дугуйчид болон дугуй сонирхогч залуусын өмнөөс талархал илэрхийлье. Монголын дугуйн холбоо нийтийн биеийн тамирыг хөгжүүлэх, замын хөдөлгөөний аюулгүй байдлыг сурталчлах чиглэлээр гол ажлуудаа хийж байна. Олон улсын жишгийг хангасан дугуйн спортын тэмцээн, уралдаан зохион байгуулна. Өнгөрсөн наймдугаар сард Цонжинболдогт “Gravel Gran Fondo Ulaanbaatar 2026 & Yam Trail Run” олон улсын дугуйн тэмцээнийг зохион байгуулсан. Энэ тэмцээнийг 2027 оны наймдугаар сард мөн хийнэ. Одоогийн байдлаар 20 орчим гадаадын тамирчин оролцох хүсэлтээ илэрхийлсэн” гэв.

Цаг үе
Нийслэлийн хэмжээнд 16 мянган тонн давс, бодис нөөцлөөд байна
Өвөлжилтийн бэлтгэл ажлын нэгдсэн төлөвлөгөөнд 573 ажил тусгаснаас хэрэгжилт 90 хувьтай байна. Давс 10016 тонн, бодис 6140 тонныг нөөцөлсөн. Нэмэлтээр 1000 тонн давс, 1500 тонн бодис худалдан авахаар тендер зарлаад байна.
Мөн давс, бодис цацагч 96, зам цэвэрлэгээний 432 тусгай зориулалтын машин, техникийн бэлэн байдлыг хангаад байна. Нийслэлийн хэмжээнд тохижилт үйлчилгээний чиглэлээр 48 байгууллага үйл ажиллагаа явуулдаг. Үүнээс зам, талбайн цэвэрлэгээ үйлчилгээ явуулдаг орон нутгийн төсөвт 17, хувийн хэвшлийн 20 байгууллага байна. Захирагчийн ажлын албанаас “Өвөлд бэлэн үү” үзлэг, шалгалтыг эхлүүлсэн байна.
Цаг үе
Жуковын цэцэрлэгт хүрээлэнгийн тохижилт арваннэгдүгээр сарын 15-нд 90 хувьд хүрнэ
Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, Жуковын хөшөөний арын 6000 ам метр газрын зөвшөөрлийг цуцалж, цэцэрлэгт хүрээлэн байгуулах шийдвэрийг зургаадугаар сарын 19-нд нийслэлийн Засаг дарга Б.Пүрэвдагва гаргасан.
Энэ хүрээнд долоодугаар сараас бэлтгэл ажил явж, гүйцэтгэгч шалгаруулж, аравдугаар сарын 9-нд тохижилтын ажлыг эхлүүлжээ. Өнөөдрийн байдлаар тохижилтын ажил 15 хувьтай байна. Тухайн байршилд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва, Баянзүрх дүүргийн Засаг дарга И.Баттөгс ажиллалаа.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва “Улаанбаатар хотын нэг хүнд ногдох ногоон байгууламж 5.9 ам метр буюу дэлхийн дунджаас 60 хувиар бага. Тиймээс хотын ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, цэцэрлэгт хүрээлэн барих ажилд онцгой анхаарч байгаа. ХААН банктай хамтарч, Ногоон нуурын 5.5 га газрыг цэцэрлэгт хүрээлэн болгох ажлыг ирэх хавар эхэлнэ. Улаанбаатар цэцэрлэгт хүрээлэнгийн 10.2 га талбайн менежментийг нийслэл хариуцаж байна. "Рио Тинто Монгол” ХХК гэр хорооллын бүсэд 2 цэцэрлэгт хүрээлэн тохижуулна. Баянгол дүүргийн хойд дэнжийн 10 га газрын тохижилт, Гандангийн тохижилт зэрэг гэр хорооллын бүс, орон сууцны нягтаршилтай бүсийн ногоон байгууламжийг шат дараатай нэмэгдүүлнэ. Цаашид 42 ногоон байгууламж байгуулахаар төлөвлөсөн. Өнөөдрийн байдлаар 13 байршилд зураг төсөл хийгдэж байна. Энэ 13 ажил 2027 оны төсөвт суугдана” гэв.

Жуковын цэцэрлэгт хүрээлэнгийн тохижилтын ажлыг гүйцэтгэгч “Гарден сити” ХХК нийт 4160 ам метр талбайд дайрга дэвсэн индүүдэж, тэгшилсэн. 35.5 метр түшиц хана, тус бүр 10 ам метр хоёр пандуус, шат цутгасан. Хар шороо, дайрга, явган замын хашлага, хавтанг бэлтгэж нөөцлөөд байгааг “Гарден сити” ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Цэрэнпагма хэллээ.
Мөн тохижилтын ажилд зориулж 14 улиас, 38 голт бор, 29 өрөл, 92 нохойн хошуу, 1060 шар хуайсыг бэлтгэжээ. Жуковын цэцэрлэгт хүрээлэнгийн тохижилтын ажлыг арваннэгдүгээр сарын 15-нд 90 орчим хувьд хүргэж, ирэх хавар цэцэрлэгт хүрээлэнг бүрэн ашиглалтад оруулахаар төлөвлөлөө.





