Бидэнтэй нэгдэх

Үзэл бодол

А.Амартүвшин: Сургууль, цэцэрлэгийн эрхлэгч, захирлыг томилж өгөөгүйн улмаас үйл ажиллагаагаа эхлүүлэх боломжгүй байна

Огноо:

,

Хан-Уул дүүргийн 20 дугаар хороонд 100 ортой цэцэрлэг ашиглалтад оруулж, нийслэл дүүргээс хатуу, зөөлөн эдлэлийн асуудлыг шийдвэрлэсэн. Дүүргийн төсвийн хөрөнгө оруулалтаар баригдсан тус цэцэрлэг нь 1088 м.кв бөгөөд 4 бүлгийн өрөө, чийрэгжүүлэх өрөө, дуу хөгжмийн өрөө, гал тогоо, хуурай нойтон хүнсний агуулах, ажилчдын хувцас солих өрөө, эд хогшлын агуулах болон бусад өрөө тасалгаануудаас бүрдсэн зохион байгуулалттай.

Гэвч өнөөдрийг хүртэл энэ цэцэрлэг үйл ажиллагаагаа эхлүүлээгүй байгаа талаар НЗД-ын орлогч А.Амартүвшин мэдээлэл өглөө. 

 

Нийслэлийн Засаг даргын нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч А.Амартүвшин “Нийслэл 9 дүгээр сарын нэгнээс өмнө сургууль, цэцэрлэгийн 20 барилгыг ашиглалтад оруулсан. Ашиглалтад орсон эдгээр сургууль, цэцэрлэгийн дөрөвт нь захирал, эрхлэгч томилогдоогүй учраас үйл ажиллагаагаа эхлүүлж чадаагүй байгаа. Тухайлбал, ХУД-ийн 20 дугаар хорооны 100 ортой цэцэрлэгт өчигдөр дугаар олгосон. Харин одоог хүртэл эрхлэгчийг нь салбар яамнаас томилж өгөөгүй байна. 100-120 хүүхэд авахын тулд Боловсролын яамнаас үл хамааран тохижилтын ажлаа хийгээд дууссан. 9 дүгээр сарын нэгнээс хойш нийслэл дахиад 4 сургууль, цэцэрлэгийн барилгыг улсын комисст өгсөн. Гэвч яг дээрхтэй адил шалтгаанаар үйл ажиллагаа нь эхлээгүй байна. Нийслэлээс энэ онд багтаан 16 цэцэрлэг, сургуулийг ашиглалтад оруулна. Гэтэл 9 дүгээр сар дуусах гэж байхад Боловсролын яам ашиглалтад орсон сургууль, цэцэрлэгийнхээ асуудлыг ч шийдээгүй байна. Цэцэрлэг, сургуулийн захирал, эрхлэгчийг томилохдоо Боловсролын яамнаас сонгон шалгаруулалт зарладаг. Ингээд сонгон шалгаруулах зөвлөлөөс гарсан зөвлөмжийг нийслэлийн Боловсролын газарт өгч, захирамж нь гардаг” гэлээ.

 

Мөн нийслэлийн хэмжээнд 171 сургууль үйл ажиллагаа явуулж байгаагаас 146 сургуулийн сандал, ширээг солих зайлшгүй шаардлага үүссэн. Боловсролын яам өөрийн чиг үүргийн дагуу энэ асуудлыг улсын төсөвт оруулаад ажиллах ёстой. Гэтэл өргөн барьсан төсөв дээр нь энэ 146 сургууль байтугай нэг сургуулийн орчин нөхцөлийг сайжруулах асуудал тусагдаагүй байгааг тэрбээр хэллээ. 

Дэлгэрэнгүй унших
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Үзэл бодол

Ж.Дуламсүрэн: Махны үнийг тогтворжуулах зорилгоор нөөцийн махны борлуулалтыг өнгөрсөн жилээс эрт эхлүүлж байна

Огноо:

,

Нийслэлийн есөн дүүргийн 375 хүнсний дэлгүүрээр нөөцийн махыг жижиглэн хэлбэрээр худалдаалж эхэллээ. Энэ талаар УБЗАА-ны Хүнс, худалдаа, үйлчилгээний газрын дарга Ж.Дуламсүрэнгээс тодрууллаа.

Тэрбээр “Нийслэлийн хүн амын хаврын улирлын махны хэрэгцээнд зориулан УБЗАА-аас энэ жил нийт 5000 тонн мах нөөцлөн бэлтгэсэн. Үүнээс 2000 гаруй тонн нь үхэр, 3000 тонн нь хонины мах байна. Үнийн хувьд хонины махыг 13 мянган төгрөг, үхрийн махыг 15 мянган төгрөгөөр борлуулж байна.

Өмнөх жилүүдэд нөөцийн махны худалдааг гуравдугаар сараас эхлүүлдэг байсан бол энэ жил махны нийлүүлэлт багасаж, үнийн хөөргөдөл ихэссэн тул борлуулалтыг эрт эхлүүлсэн. Өнөөдөр бид Хан-Уул дүүрэгт нөөцийн мах худалдаалж буй дэлгүүрт ажиллаж байна. Тус дүүрэгт өнөөдрийн байдлаар 20 гаруй тонн мах нийлүүлсэн бөгөөд борлуулалт сайн байна. Мөн махны харьцаанд анхаарч байгаа. Тухайлбал, үхрийн маханд нуруу, гуяны цул, хавирга, харин хонины маханд сүүл, хаа, булчин мах, гуяны цул зэргийг багтааж, савласан.

Түүнчлэн зарим иргэдийн дунд нөөцийн махыг зуны улиралд бэлтгээд өвөл худалдаанд гаргадаг, удаан хугацаанд хадгалсан мах муу гэсэн ойлголт байдаг. Харин бид үйлдвэрийн аргаар, стандартын шаардлага хангасан аж ахуйн нэгжүүдийг сонгон бэлтгэсэн. Эдгээр есөн аж ахуйн нэгж өнгөрсөн оны 11–12 дугаар сард бэлтгэсэн махаа өнөөдөр худалдаанд гаргаж байгаа бөгөөд хадгалалтын хугацаа, чанарын шаардлагыг бүрэн хангасан шинэ мах юм” гэлээ.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Дэлгэрэнгүй унших

Үзэл бодол

Г.Занданшатар: Төр цэгцэрч байж, эдийн засгийн өсөлт иргэдэд хүрнэ

Огноо:

,

Засгийн газрын 2026 оны бодлого, зорилтоо танилцуулж, орон нутагтайгаа нэг чиглэл, нэг ойлголттой ажиллах зорилго бүхий Засгийн газрын гишүүд, аймаг, нийслэлийн ИТХ-ын дарга, Засаг дарга нарын нэгдсэн уулзалт Төрийн ордонд болж байна.

Засгийн газрын бодлогыг хөрсөнд буулгаж, иргэдэд хүргэдэг хүмүүс бол орон нутгийн удирдлагууд юм.

Тиймээс Ерөнхий сайд Засгийн газраас баримталж байгаа бодлого, шинэчлэлийн талаар “Нэг монгол- Нэг зүг, Цэгцрэх хөдөлгөөн” илтгэлдээ дэлгэрэнгүй танилцууллаа.

Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар “Засгийн газар хагас жилийн өмнө байгуулагдахдаа улс орны өмнө тулгамдсан олон асуудалтай нүүр тулсан. 

Төрийн чадамж суларч, иргэд төрдөө итгэх итгэл алдарч, эдийн засгийн өсөлт хоёр дахин унаж 2.6 хувь болж, гадаад валютын нөөц огцом буурч, долларын ханш огцом өсч, үнийн өсөлт 15 хувийг давж өсөх, төсвийн орлого 3.3 их наядаар тасрах бодит эрсдэлтэй үед ажиллаж эхэлсэн. Ард түмний эзэмшлийн компанид хулгай, луйвар нүүрлэсэн. Төрд цэгцлэх ажил, цэгцрэх хөдөлгөөн нэхэгдэж байсан цаг үе гэдгийг Ерөнхий сайд “Нэг монгол- Нэг зүг, Цэгцрэх хөдөлгөөн” илтгэлийнхээ өмнө хэллээ.

“Эрдэнэс Тавантолгой” ХК-д 7 дугаар сараас 3 сарын хугацаатай  онцгой дэглэм тогтоож, нүүрсний олборлолт, борлуулалтыг 1.6 дахин өсгөж, улсын гадаад валютын нөөц ердөө гурав, дөрөвхөн сарын дотор 2 тэрбум ам.доллароор нэмэгдэж, эдийн засгаа сэргээж чадлаа. Төсвийн сахилга бат, эмх цэгц, гадаад худалдааны бодлого зөв чиглэлд орж эхэлмэгц бодит үр дүн эхнээсээ харагдаж эхэлсэн. Сэхэл авч сэргэсэн эдийн засгийг цаашид зөв залуурдах шаардлагатай. Үүний тулд ард түмэндээ ШИНЭ ИТГЭЛ төрүүлж, засаглалын ЭРС ШИНЭТГЭЛ хийх бодлогын зорилтыг Засгийн газраас дэвшүүлж байгаа юм. УИХ-аар 2026-2030 онд улс орноо хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлийг батлуулсан. Улс орныг бүхэлд нь цэгцлэх найман үндсэн чиглэл нь

-Хүний хөгжлийн шинэтгэл

-Эдийн засгийн бүтцийн шинэтгэл

-Үнэт зүйл, нийгмийн хөгжлийн шинэтгэл

-Байгаль орчин, ногоон хөгжлийн шинэтгэл

-Засаглал, цахим хөгжлийн шинэтгэл

-Үндэсний өрсөлдөх чадварын шинэтгэл

-Бүсийн хөгжлийн шинэтгэл

-Шинжлэх ухаан, технологи, хиймэл оюуны шинэтгэл юм гэлээ. 

Мөн эдийн засгийн өсөлтийг иргэдэд хүргэх “Цэгцрэх 300 хоногийн төлөвлөгөө”-г баталж, оны эхнээс хэрэгжүүлсэн. Энэ 300 хоногт эдийн засгийн өсөлтийг иргэддээ хүргэх, Үндэсний баялгийн сангийн хуримтлал ба зарцуулалтыг бодитоор эхлүүлэх, баялгийн шударга хуваарилалтыг ажил болгоход орон нутгийн удирдлагууд санаачилгатай ажиллах ёстой. Төр өөрөө эмхлэгдэж, цэгцэрч байж л энэ боломж бодит хөгжил болно гэлээ. 

2025 оны тайлан, 2026 оны зорилт, таван жилийн бодлого, зорилтын талаар Ерөнхий сайд илтгэлдээ дэлгэрэнгүй танилцуулаад “Эдийн засаг өсөхийн тулд зөвхөн бизнес чөлөөтэй байх нь хангалтгүй. Төр өөрөө эмх цэгцтэй, хэмнэлттэй, хариуцлагатай, хяналтын дор байх ёстой. Тиймээс төлөвлөгөөний дараагийн том багц нь төрийг дотроос нь цэгцлэх реформ юм. Энэ хүрээнд хуульд нийцэхгүй, хүнд суртал, чирэгдэл үүсгэж байгаа 1,000 гаруй журам, дүрмийг цуцална гэлээ.

Аймаг, орон нутгийн удирдлагууд амьдралд, иргэддээ ойр ажиллахыг Ерөнхий сайд зөвлөөд, Засгийн газрын бодлогыг хэрэгжүүлэхэд ихээхэн үүрэг гүйцэтгэж ажиллахыг анхаарлууллаа. 

Орон нутгийн удирдлагуудаас удаа дараа тавьж байгаа зарим асуудлын талаар Ерөнхий сайд байр сууриа илэрхийллээ.

Төсвийн хэмнэлтийг орон нутагтаа захиран зарцуулах эрхийг олгох, Улаанбаатараас асуудлыг шийдэх шаардлагагүй агентлагуудыг эрх мэдлийн төвлөрөл үүсгээд байгаа хуулиуддаа өөрчлөлт оруулж, орон нутагт эрх мэдлийг олгохыг салбарын сайд нарт даалгажээ. Татварын давуулан биелүүлсэн орлогыг Сангийн яамнаас хааж орон нутгийн төсвийн бие даасан байдалд нөлөөдөг байдлыг зогсоох хэрэгтэй. Орон нутгийн санхүүгийн эрх мэдлийг баталгаажуулах хууль эрх зүйн тогтолцоо бүрдүүлэхийн төлөө ажиллана гэсэн юм.  
Сум хөгжүүлэх санг Хоршоог дэмжих санд нэгтгэж жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдэд хөнгөлөлтэй зээл олгох боломжийг хаасан асуудлыг судалж, холбогдох журамд өөрчлөлт оруулна. Засгийн газар байгуулагдсан хугацаанаас хойш Газрын тухай хуульд өөрчлөлт оруулж сум, орон нутгийн иргэдийн өмчлөлийн газар, малчдын өвөлжөө, хаваржааны газрыг эзэмшүүлэх асуудлыг шийдэхийг үүрэг болгосон ч өнөөдрийг хүртэл шийдэгдээгүй байна. Тийм учраас энэ асуудлыг яаралтай шийдэх шаардлагатайг анхаарууллаа.
Ерөнхий сайд илтгэлийнхээ төгсгөлд “2026 он бол Шинэ итгэл, эрс шинэтгэл, бодит өөрчлөлтийн жил байх болно. Биднээс илүү хариуцлага, илүү бодит үр дүн шаардаж байна. Засгийн газар үндэсний баялгийг өсгөн арвижуулж, “Баялагтаа эзэн Монгол” эрхэм зорилгыг үгээр бус үйл хэргээр, амлалтаар бус ажлын үр дүнгээр нотлон харуулж ажиллана гэлээ.

Засгийн газрын гишүүд, аймаг, нийслэлийн ИТХ-ын дарга, Засаг дарга нарын нэгдсэн уулзалт үргэлжилж байна. Энэхүү уулзалт Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр, Монгол Улсыг 2026-2030 онд хөгжүүлэх үндсэн чиглэл, Монгол Улсын хөгжлийн жилийн төлөвлөгөө, 2026 оны Төсвийн тухай хуулийг хэрэгжүүлэхэд яам болон аймаг, нийслэлийн ИТХ, Засаг даргын баримталж ажиллах чиглэлийн талаар нэгдсэн ойлголт өгч, Засгийн газрын гишүүд аймаг, нийслэлийн Засаг дарга нартай гэрээ байгуулна. 

Дэлгэрэнгүй унших

Үзэл бодол

Ч.Хувьзаяа: AI системд нэвтэрснээс хойш эгнээ байр буруу эзэлсэн зөрчил гэхэд л 81 хувиар буурсан

Огноо:

,

Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчсөн жолооч нарыг илрүүлж, хариуцлага тооцох хүрээнд ухаалаг буюу AI системийг нэвтрүүлсэн билээ. Ингэснээр замын хөдөлгөөнд оролцож буй тээврийн хэрэгслийг таньж, тухайн жолоочид зөрчлийн мэдээллийг илгээх ажлыг хэрэгжүүлж эхэлсэн. Тэгвэл ирэх оны 1-р сарын 1-ний өдрөөс эхлэн замын хөдөлгөөнийг бүрэн АI системээр хянах ажлыг эхлүүлнэ. Энэ талаар Замын хөдөлгөөний удирдлагын төвийн дарга Ч.Хувьзаяагаас тодрууллаа.

-Замын хөдөлгөөнийг AI системээр хянах, зохицуулах ажлыг багагүй хугацаанд хэрэгжүүлж байна. Ямар тохиолдолд AI системийг ашиглаж байна вэ?

-Улаанбаатар хотын 176 уулзвар, гарц болон замд 2600 гаруй хяналтын камерыг хиймэл оюун ухаанд суурилсан системд холбож, шинээр суурилуулсан. Тус камерын системийн тусламжтайгаар автозамын хөдөлгөөн, түгжрэл ачааллын шалтгаан нөхцөлийг цаг алдалгүй мэдэж, холбогдох хариу арга хэмжээ авч ажиллаж байна.

-Зөвхөн жолооч нарыг торгоход л AI ашиглаж байна гэсэн ойлголт олон нийтийн дунд үүсээд байсан. Тэгэхээр замын хөдөлгөөний бүхий л зохицуулалтад технологийн дэвшил ашиглаж байгаа юм байна. Тийм үү?

-Тэгэлгүй яахав. Нийслэлийн замын хөдөлгөөний эрчим, зорчилт хөдөлгөөний тооллогыг бодит цагаар авч, хөдөлгөөн зохицуулах, гэрлэн дохионд оновчтой зохицуулалт хийх, цаашлаад тээврийн ухаалаг систем /ITS/-ийг нэвтрүүлэхэд шаардлагатай суурь дата өгөгдлийг цуглуулахад ашиглаж байна. Мөн Замын хөдөлгөөний дүрмийн хэрэгжилтийг хангуулах зорилготой хэрэгжүүлж байна.

-Тодорхой үр дүн гарсан уу?

-Дээрх ажлын хүрээнд жолооч нарт Замын хөдөлгөөний ямар дүрмийг, хаана, хэрхэн зөрчсөн талаарх мэдээллийг зургаар баталгаажуулж, холбоос линк байдлаар энэ оны 2-р сарын 05-ны өдрөөс 12-р сарын 15-ны өдрийг дуустал "Таны ****УАН дугаартай тээврийн хэрэгсэл замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн нь хиймэл оюун ухааны нэгдсэн бүртгэлд бүртгэгдлээ" гэсэн утгатай сануулах мессежийг илгээж ажилласан. Ингэснээр хөдөлгөөнд оролцож буй жолооч нарын зөрчлийн тоо эрс багассаныг дараах тоон үзүүлэлтээс харж болно. Эгнээ байр буруу эзэлсэн зөрчил гэхэд 81 хувиар буурсан.

  • 7-р сард-4.406.206
  • 10-р сард-2.493.478
  • 11-р сард 1.846.544 болж 81 хувиар буурсан байна. Мөн зогсох шугам давж зогссон зөрчил 7-р сард 335.800 байсан бол 11-р сард 166.455 болж буурсан, хуурамч дугаартай 587 авто машин илрүүлж зөрчлийг арилгуулсан байна. Энэ бол тодорхой үр дүн.

-Түгжрэлийг бууруулахад хэрхэн нөлөөлсөн байна?

-Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөнөөр уулзвар, гудамж, замуудад түгжрэл, ачаалал үүсгэдэг байдал эрс буурч уулзварын нэвтрүүлэх чадвар тухайн чиглэлдээ 20 хүртэл хувиар сайжраад байна. Жолооч уулзвар нэвтрэхийн өмнө тухайн явах чиглэлийн эгнээгээ эзэлсэн байх ёстой. Гэтэл жолооч нар уулзварт дөхөж ирэнгүүтээ эгнээ байраа сольдог нь тухайн уулзвараар зөвшөөрсөн гэрэл дохиогоор нэвтрэх тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг удаашруулах, цаашлаад уулзвар орчимд осол гарч түгжрэл ачааллыг бий болгодог байсан үзэгдэл эрс багасаад байна.

-Ирэх он буюу 2026 оны 1-р сарын 1-нээс эхлэн замын хөдөлгөөний зөрчлийг AI-аар бүрэн илрүүлж, жолооч нарт торгууль ногдуулна гэж байна. Энэ талаар мэдээлэл өгөхгүй юу?

-Бүрэн AI-д шилжлээ гээд жолооч нарыг хуйгаар нь торгоно гэсэн үг биш. Жолооч та замын хөдөлгөөний дүрмээ бариад л явчих. Тэгвэл мэдээж торгохгүй шүү дээ. Замын хөдөлгөөний зохицуулалтыг технологийн дэвшилд бүрэн оруулж байгаа л хэлбэр. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд 2025 оны 7-р сарын 09-ний өдөр орсон нэмэлт өөрчлөлтөөр Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчих зөрчлийг илрүүлэх, шийдвэрлэх автоматжуулсан системийг оруулж өгсөн бөгөөд тус систем нь замын хөдөлгөөнд оролцож байгаа тээврийн хэрэгслийг таньж, жолоочийн үйлдлийг замын хөдөлгөөний дүрмийн заалттай тулган шалгаж, эрх бүхий албан тушаалтны цахим гарын үсгээр баталгаажуулах ажиллагааг 2026 оны 01-р сарын 01-ний өдрөөс эхлэн хэрэгжүүлэхээр тусгасан. Энэ дагуу л хуулийн хэрэгжилтийг ханган ажиллаж байна.

Хэдийгээр жолооч нарын дүрэм зөрчих байдал эрс буурч байгаа ч гэсэн зарим төрлийн зөрчлүүд хэвээр байна. Тухайлбал, зогс шугам давж явган хүний гарц дээр зогсох, гэрэл дохио зөрчих нь явган зорчигч болон хөдөлгөөнд оролцогчдын аюулгүй байдлыг алдагдуулах, тэнцвэртэй зорчилтыг бий болгож түгжрэл ачааллыг бууруулах, уулварын нэвтрүүлэх чадварт сөрөг нөлөө үзүүлдэг. Мөн Улаанбаатар хотын авто замын чадамжийг бүрэн ашиглахын тулд үргэлжилсэн цагаан зураас давах, урсгал сөрөх, түр зогсох хориотой газар удаан хугацаагаар машинаа байршуулах, чиглэлийн тээврийн хэрэгслийн зогсоол дээр зогсох болон эгнээгээр явах зэрэг зөрчлүүдэд зайлшгүй хариуцлага тооцох шаардлагатай байна.


Эх сурвалж: НИТХ-ХМОНХА

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа
Улстөр нийгэм10 цаг 30 минут

Цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн дуудлага, мэдээлэл өнгөрсөн оны ...

Цаг үе10 цаг 46 минут

Орон нутгийн замд хурдаа тохируулж, болгоомжтой зорчихыг зөвлөж байн...

Цаг үе10 цаг 50 минут

Монгол Улсын макро эдийн засгийн гол үзүүлэлтүүд эерэг өсөлттэй гарл...

Улстөр нийгэм10 цаг 57 минут

Бүх цэргийн Их хар сүлдний цагаалах тайлга боллоо

Цаг үе10 цаг 59 минут

Энэ жил 20218 нэгж талбарт газар чөлөөлнө

Цаг үе2026/02/13

Юань, доллар хэвлэж, иргэдийг залилсан этгээдүүдийг баривчиллаа

Цаг үе2026/02/13

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга...

Улстөр нийгэм2026/02/13

ЕБС-иудын Захирлуудын Үндэсний Зөвлөлийн гишүүдийн төлөөллийг хүлээн...

Улстөр нийгэм2026/02/13

Төрийн байгууллагын архив, албан хэрэг хөтлөлт, ажлын зохион байгуул...

Цаг үе2026/02/13

Сар шинийн баярыг угтсан “Амар байна уу” үзэсгэлэн худалдаанд ЖД...

Санал болгох