Цаг үе
Үнэт цаасны хоёрдогч зах зээлийн арилжаа эхэлсний ойд зориулж цан цохилоо
Монгол Улсад үнэт цаасны хоёрдогч зах зээлийн арилжаа эхэлсний 30 жилийн ойн цан цохих ёслол өнөөдөр боллоо. Хүндэтгэлийн арга хэмжээнд Санхүүгийн зохицуулах хорооны дарга Т.Жамбаажамц, “Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн гүйцэтгэх захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Дөлгөөн, "Монголын үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбоо"-ны УЗ-ийн дарга Г.Энхбат болон "Монголын үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбоо"-ны ахмадын зөвлөл, 30 жилийн өмнө арилжаанд оролцож байсан анхны 29 брокерын төлөөлөл оролцлоо.
Санхүүгийн зохицуулах хорооны дарга Т.Жамбаажамц цон цохих ёслолыг нээж “Монгол Улсад үнэт цаасны хоёрдогч зах зээлийн арилжаа эхэлсний 30 жилийн ой өнөөдөр тохиож байна. Өмнө нь зөвхөн хувьцаа, компанийн өрийн хэрэгсэл, Засгийн газрын үнэт цаас гэсэн 3 төрлийн санхүүгийн хэрэгсэл л арилжаалагддаг байсан бол өнөөдөр 100 гаруй нэр төрлийн шинэ бүтээгдэхүүнтэй, шинэ мэргэжлийн институцуудтэй, санхүүгийн шинэ үйлчилгээнүүдтэй, бүс нутгийнхаа хэмжээнд өрсөлдөхүйц том зах зээл болон хөгжөөд байна.
Санхүүгийн зохицуулах хороо олон тулгуурт, хүртээмжтэй, ухаалаг санхүүгийн зах зээлийг хөгжүүлэхийг зорилтоо болгож тэр дундаа хөрөнгийн зах зээлээ хөгжүүлэх чиглэлд нэлээдгүй анхаарч ажилласан. Ялангуяа биржийн бус зах зээлийг бий болгох, давхар бүртгэлийн орчныг бүрдүүлэх, арилжааны шимтгэл, хураамжийг бууруулж, татварын хөнгөлөлт, чөлөөлөлт бүхий эрх зүйн орчныг нутагшуулах, үнэт цаасны зах зээлийн зохицуулалтыг сайжруулж, олон улсын жишигт нийцүүлэх, мэргэжлийн хөрөнгө оруулагчдын суурийг нэмэгдүүлэх чиглэлд бодлого, зохицуулалтын цогц арга хэмжээг хэрэгжүүлсэн. Үүний үр дүнд зах зээлийн үнэлгээ өнөөдрийн байдлаар 12.3 их наядыг даваад байна.
Цаашид ч бид хөрөнгийн зах зээлээ хөгжүүлэх хүрээнд бүтээгдэхүүний нэр төрлөө нэмэгдүүлэх, дотоодын аж ахуй нэгжүүдийн үнэт цаас гаргах, гадаадын бирж дээр давхар бүртгэгдэх, хадгаламжийн бичиг гаргах, гадаадын хөрөнгө оруулагчдын оролцоог сайжруулж, үнэт цаасны хөрвөх чадварыг өсгөх бодлогыг баримтлан ажиллана” гэдгийг онцолсон юм.
Сонирхуулахад, одоогоос 30 жилийн өмнө буюу 1995 онд зах зээлийн үнэлгээ 11.6 тэрбум төгрөг байсан бол өдгөө уг үзүүлэлт 1060 дахин өсөж, зах зээлийн үнэлгээ 12.3 их наяд төгрөгийг даваад байна.
Цаг үе
Орон нутгийн замд хурдаа тохируулж, болгоомжтой зорчихыг зөвлөж байна
2026 оны хоёрдугаар сарын 22-ны өдрийн 12:00 цагийн байдлаар орон нутгийн цаг агаар, зам орчны нөхцөл байдлыг мэдээллээ.
Дархан-Уул, Сэлэнгэ, Төв, Хөвсгөл аймаг болон Багахангай, Налайх дүүргийн нутаг дэвсгэрээр шөнөдөө бага зэргийн цас орсон, Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын нутаг дэвсгэр хүчтэй цасан шуургатай, Увс аймагт бага зэргийн цастай, Баянхонгор, Говь-Алтай аймгийн нутаг дэвсгэрт тэнгэр бүрхэг байна.
Бусад нутгаар цаг агаар тогтуун, хур тунадас ороогүй, тэнгэр цэлмэг, 9-24 хэмийн хүйтэн байна.
Олон улс, улсын болон орон нутгийн чанартай авто замуудад хаагдсан зам даваа байхгүй. Тээврийн хэрэгслийн хөдөлгөөн хэвийн үргэлжилж байна.
Хөвсгөл аймгийн нутаг дэвсгэр Их-Уул-Тариалан чиглэлийн авто зам гулгаа үүссэн, авто замын засвар арчлалт хариуцсан байгууллагаас 5 ажилтан 2 техник хэрэгсэлтэй ажиллаж байна.
Төв аймгийн Сэргэлэн сум Улаанбаатар-Говьсүмбэр чиглэлийн авто замын 20-90 дахь км-т гулгаа үүссэн байна гэж Тээврийн цагдаагийн албанаас мэдээллээ.
Цаг үе
Монгол Улсын макро эдийн засгийн гол үзүүлэлтүүд эерэг өсөлттэй гарлаа
Монгол Улсын макро эдийн засгийн гол үзүүлэлтүүд эерэг өсөлттэй гарлаа. ДНБ өсөж, экспорт нэмэгдэж, гадаад валютын нөөц тэлж, төсвийн сахилга бат сайжирсан нь тогтвортой бодлогын бодит үр дүн байв.
Инфляц тогтворжиж, хөрөнгө оруулалтын орчин сайжирч, хувийн хэвшлийн идэвх нэмэгдсэн нь эдийн засгийн суурь бат бөх байгааг харууллаа.
"Морин жил бидэнд хурд, тэсвэр, урагшлах эрчийг бэлгэдэж байна. Өсөлтийг зөвхөн тоон дээр бус, айл өрхийн орлого, ажлын байр, бүсийн хөгжлөөр илэрдэг байлгах нь Засгийн газрын зорилт. Экспортын төрөлжилт, дотоодын үйлдвэрлэл, дэд бүтцийн томоохон төслүүдийг эрчимжүүлж, тогтвортой өсөлтийг хадгална" гэж Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар хэллээ.
Цаг үе
Энэ жил 20218 нэгж талбарт газар чөлөөлнө
Энэ онд нийслэлийн хэмжээнд 4729 га талбай буюу 20218 нэгж талбарт газар чөлөөлнө. Тодруулбал, шинээр 41 байршилд 4216 нэгж талбарт газар чөлөөлнө.
Үүнээс Нэгдүгээр тойрог зам төслийн хүрээнд 3029 нэгж талбарт газар чөлөөлж, үлдсэн байршлуудад трамвай, авто зам, нүхэн гарц, гүүрэн байгууламж, дулааны шугам, дэд станц, үерийн хамгаалалтын байгууламж, инженерийн шугамын ажлуудын хүрээнд газар чөлөөлөх юм.
Мөн он дамжин хэрэгжиж буй авто зам, инженерийн шугам сүлжээний төслүүдийн хүрээнд 24 байршилд газар чөлөөлөлт үргэлжилнэ. 2025-2026 он дамжин 1330 нэгж талбарт газар чөлөөлөхөөс 2025 онд 655 нэгж талбарыг чөлөөлсөн. 2026 онд 675 нэгж талбарыг чөлөөлнө.
Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хороо 5, 6 буудал орчим, Сүхбаатар дүүрэгт Дамбадаржаа, Гандан, “Өргөө” кино театрын арын дэнж, Сонгинохайрхан дүүргийн 4, 5, 8 дугаар хороо, Баянзүрх дүүргийн Цайз 16 орчим, Хан-Уул дүүргийн 34 дүгээр сургуулийн ойролцоо газар чөлөөлнө.
Мега төслүүдийн газар чөлөөлөлт:
- Улаанбаатар метро төслийн хүрээнд 90 нэгж талбарт газар чөлөөлнө.
- Туулын хурдын зам төслийн хүрээнд 112 нэгж талбарт газар чөлөөлнө.
- Нэгдүгээр тойрог зам төслийн хүрээнд 3029 нэгж талбарт газар чөлөөлнө.
- ДЦС-5 төслийн хүрээнд 26 нэгж талбарт газар чөлөөлөхөөс 20 нэгж талбарыг чөлөөлсөн. Энэ онд 6 нэгж талбарыг чөлөөлнө.
Дэд төвүүдийн газар чөлөөлөлт:
- СХД-ийн 8 дугаар хороо Баянхошуу дэд төвд 165 га талбайд 2164 нэгж талбарт газар чөлөөлнө.
- СБД-ийн 17 дугаар хороо Дамбадаржаа дэд төвд 59 га талбайд 810 нэгж талбарт газар чөлөөлнө.
- БЗД-ийн 10, 17, 19, 24, 34 дүгээр хороо Шархад дэд төвд 536 га талбайд 5910 нэгж талбарт газар чөлөөлнө.
- СХД-ийн 5 дугаар хороо Ханын материал орчмыг орон сууцжуулах ажлын хүрээнд 213 нэгж талбарт газар чөлөөлөхөөс 210 нэгж талбарыг чөлөөлсөн. Энэ онд 3 нэгж талбарт газар чөлөөлнө.
- СХД-ийн 4 дүгээр хороо Гэр хорооллын газрыг дахин төлөвлөх ажлын хүрээнд 202 нэгж талбарыг чөлөөлөхөөс 165 нэгж талбарыг чөлөөлсөн, газар чөлөөлөлт үргэлжилж байна.
- ЧД-ийн 14 дүгээр хороонд Сэлбэ дэд төв гэр хорооллыг дахин барилгажуулах төслийн хүрээнд 358 нэгж талбарт газар чөлөөлнө.
- СБД-ийн 9 дүгээр хороо Баянбүрд орчмын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний хүрээнд ногоон байгууламж, авто зогсоол зэргийг барихад 7.1 га талбайд 110 нэгж талбарыг чөлөөлнө.
Нийгмийн дэд бүтцийн барилга, байгууламж:
- Баянгол дүүргийн 16 дугаар хороонд Гандангийн жишиг гудамж тохижилт бүтээн байгуулалтын ажилд 55 айлын газар чөлөөлнө.
- Ариутгах татуургын Туул-1 коллекторын ажлын хүрээнд 76 нэгж талбарыг чөлөөлнө. Үүнээс 26 нэгж талбарыг чөлөөлсөн. Энэ онд 53 нэгж талбарыг чөлөөлнө.
- Дамбадаржаа дэд станцын ажлын хүрээнд энэ онд 10 нэгж талбарт газар чөлөөлнө.
- Явган зам болон дугуйн замын тохижилтын ажлын хүрээнд 30 нэгж талбарт газар чөлөөлөхөөс 22 нэгж талбарыг чөлөөлсөн. Энэ онд 8 нэгж талбарт газар чөлөөлнө.

