Улстөр нийгэм
Ч.Төгсдэлгэр: Авто зогсоолын хүртээмжийг нэмэгдүүлэхдээ эхний ээлжид оршин суугчдын саналыг авах нь зүйтэй
Нийслэлийн хэмжээнд авто зогсоолын хүрэлцээг нэмэгдүүлэх хүрээнд гэр болон орон сууцны хороолол дундах 90 байршилд төр, хувийн хэвшлийн түншлэлээр ил, далд зогсоолуудыг шинээр төлөвлөж, хийнэ.
Ингэхдээ иргэдийн санал хүсэлтэд тулгуурлан эхний ээлжийн 40 байршилд ажлыг эхлүүлэхээр дүүрэг тус бүрд үе шаттай ажиллаж байна.
Тодруулбал, өнөөдөр нийслэлийн Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэр болон Сүхбаатар, Хан-Уул дүүргийн холбогдох албаныхан авто зогсоол барих шаардлагатай байршлуудад ажиллалаа.

Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, “Чонон бүрт төв” орчимд нэгдсэн, цэгцтэй авто зогсоол байхгүйн улмаас явган хүн болон тээврийн хэрэгсэл чөлөөтэй зорчих боломжгүй байдаг. Мөн тус байршил нь хотын төвийн гол гудамж замуудын нэг төдийгүй сургууль орчмын бүс тул түгжрэлд тодорхой хэмжээгээр нөлөөлдөг. Иймээс иргэдийн санал хүсэлтээр тус байршлын 1800 ам метр талбайд ил авто зогсоол барихаар төлөвлөж байна. Тодруулбал, “Чонон бүрт төв”-ийн зүүн талд ил зогсоол барьж хаалт хийн цэгцлэх нь зөв бол тухайн төвийн урд талын зам дагуух зогсоолыг өөр төлөвлөлтөөр төлөвлөх нь зүйтэй гэдгийг нийслэлийн Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэр тодотгов.

Мөн Хан-Уул дүүргийн 20 дугаар хороо, Лавай зах орчмын орон сууцны хотхонууд хоорондоо нягт байрладаг тул багахан гарсан талбайгаа авто зогсоол болгосон ч хүрэлцээ муутай байдаг. Мөн хүүхдийн тоглоомын талбай, ногоон байгууламжийн хүрэлцээ багатай. Иймээс орон сууцны хотхонууд дундах авто зогсоолуудыг нэгтгэн тус захын хойд талд байрлах нийтийн эзэмшлийн талбайд шилжүүлж, их багтаамжийн зогсоол барих нь зүйтэй. Өөрөөр хэлбэл одоо байгаа орон сууцны хотхонууд дундах авто зогсоолуудыг шилжүүлснээр хүүхдийн тоглоомын талбай, ногоон байгууламжийн хүрэлцээг давхар нэмэгдүүлэх боломжтой болно. Гэсэн хэдий ч дур мэдэн шийдвэр гаргалгүйгээр тухайн орчмын оршин суугчдын саналыг авч нэгтгэхийг нийслэлийн Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэр тус хорооны Засаг дарга Э.Насан-Очирт үүрэг болголоо.

Түүнчлэн Улаанбаатар хотод байрлах ил зогсоолуудын ердөө долоон хувь нь төлбөр авдаг гэсэн судалгаа гарсан. Иймээс зогсоолын хүрэлцээг нэмэгдүүлэх хүрээнд цэгцлэх, журамлах ажлыг эхлүүлэх нь зүйтэй гэдгийг албаныхан хэлж байсан юм.



Улстөр нийгэм
Хаягийн нэгдсэн тогтолцоог бүрдүүлсэн Солонгосын сайн туршлагыг Монголд нэвтрүүлнэ
ЗГХЭГ-ын дарга Б.Энхбаяр Бүгд Найрамдах Солонгос Улс (БНСУ)-ын Дотоод хэрэг, аюулгүй байдлын дэд сайд Ким Мин Жэ тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.
Уулзалтын эхэнд Б.Энхбаяр сайд хэлэхдээ Монгол Солонгосын харилцаа, хамтын ажиллагаа бүх салбарт өргөжин тэлж буйг онцлоод үүний нэг илрэл нь хоёр орны хамтран хэрэгжүүлж буй “Хаягийн мэдээллийн системийг шинэчлэх замаар Монгол Улсын цахим төрийн удирдлагыг бэхжүүлэх” төсөл гэдгийг онцлон тэмдэглэв.
Монгол Улсын Засгийн газраас төрийн үйлчилгээг иргэдэд шуурхай хүргэх, төрийн байгууллагуудын мэдээллийн уялдаа холбоог сайжруулах цахим шилжилтийн бодлогод онцгой анхаарал хандуулж буйг танилцуулаад хаягийн системийг боловсронгуй болгоход чиглэсэн дээрх төслийг амжилттай хэрэгжүүлэхэд бүх талаар идэвхтэй хамтран ажиллахаа илэрхийлэв.
БНСУ-ын Дотоод хэрэг, Аюулгүй байдлын дэд сайд Ким Мин Жэ энэ үеэр Солонгос Улс хаягийн нэгдсэн систем, тогтолцоог бүрдүүлэх шинэчлэлийн хүрээнд бие даасан хууль, эрх зүйн орчныг бүрдүүлсэн. Энэ чиглэлд олон улсад тэргүүлэх сайн туршлага нэвтрүүлсэн орны нэг. Хаягжилт бол эдийн засгийг тэлэх амин “судас” хэмээгээд өөрсдийн мэдлэг, туршлагаа хуваалцаж, төслийг амжилттай хэрэгжүүлэхэд анхаарч ажиллана гэлээ.
Монгол Солонгосын хамтран хэрэгжүүлж буй дээрх төслийн хүрээнд улсын хэмжээнд хаягийн мэдээллийг нэгдсэн стандартад оруулж, үнэн зөв, давхардалгүй болгож бусад төрийн үйлчилгээтэй уялдуулж, хүртээмж, бүтээмжийг нэмэгдүүлэх юм.
Хаягийн систем сайжирснаар цахим худалдаа, хөрөнгө оруулалт, хүргэлт болон эрүүл мэнд, шуудан, такси үйлчилгээ зэрэг иргэдийн өдөр тутмын үйлчилгээний чанар, хүртээмж эрс сайжрах нөхцөл бүрдэнэ.
Улстөр нийгэм
УИХ-ын гишүүд улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэж цэцэг өргөв
Хөшөөнд цэцэг өргөх үеэр хүндэт харуул жагсаж, үлээвэр хөгжимчид гашуудлын ая эгшиглүүлэв. Цэцэг өргөсний дараа Монгол Улсын Төрийн дуулалыг эгшиглүүллээ.
Улсын Их Хурал 1996 оны 33 дугаар тогтоолоороо жил бүрийн 9 дүгээр сарын 10-ны өдрийг “Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдөр” болгон шийдвэрлэсэн хэмээн Улсын Их Хурлын Нээлттэй парламентын газраас мэдээллээ.
Улстөр нийгэм
Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн даргыг албан ёсоор угтаж авлаа
Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт, гэргий Ц.Ганцэцэгийн хамт Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман, гэргий Нгуен Ти Тань Нга нарыг өнөөдөр (2026.09.10) Жанжин Д.Сүхбаатарын талбайд албан ёсоор угтан мэндчиллээ.
Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт, гэргий Ц.Ганцэцэг болон эрхэм зочид Их Эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлсний дараа Төрийн ордны Ёслол хүндэтгэлийн өргөөний Баганат танхимд саатан, Эрхэмсэг ноён Чан Тань Ман хүндэт зочны дэвтэрт сэтгэгдлээ үлдээн, гарын үсэг зурав.
Үргэлжлүүлэн Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт, Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман нарын албан ёсны хэлэлцээ Төрийн ордонд эхэллээ хэмээн Улсын Их Хурлын Нээлттэй парламентын газраас мэдээлэв.
-
Улстөр нийгэм2025/10/16
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Парламентын Д...
-
Шударга мэдээ2020/12/23
QR авах хүсэлтийг Замын хөдөлгөөн зохицуулалтын баг хүлээн авна
-
Шударга мэдээ2025/03/28
Мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэгчдийн анхааралд
-
Улстөр нийгэм2023/06/29
Эрүүл мэндийн сайд С.Чинзориг хуулийн төслүүд өргөн мэдүүллээ
