Цаг үе
Улсын Онцгой комиссын хуралдаан боллоо

Улсын Онцгой комисс 2020 оны 2 дугаар сарын 26-ны өдөр хуралдаж дараах шийдвэрийг гаргалаа.
- Улс хот хоорондын зорчигч тээвэр, суудлын галт тэрэг болон орон нутгийн хуваарьт нислэг, хувийн тээврийн хэрэгслийн зорчих хөдөлгөөнийг түр зогсоох хугацааг 2020 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 08:00 цагаас 03 дугаар сарын 03-ны өдрийн 08:00 цаг хүртэл сунгахаар шийдвэрлэлээ.
- Монгол Улс, БНСУ хоорондын хоёр талын нислэгийг түр зогсоох хугацааг 2020 оны 02 дугаар сарын 27-ны өдрөөс 03 дугаар сарын 11-ний өдрийг дуустал сунгаж, Монгол Улс, Япон Улс хоорондын хоёр талын нислэгийг 2020 оны 02 дугаар сарын 28-ны өдрөөс 03 дугаар сарын 11-ний өдрийг дуустал 14 хоногоор түр зогсоолоо.
- Төрийн албан хаагчдыг гадаад улс орон руу албан томилолтоор зорчихыг 2020 оны 02 дугаар сарын 27-ны өдрөөс 03 дугаар сарын 30-ны өдрийг дуустал хориглож, яам, агентлагийн дарга нар болон аймаг, нийслэлийн Засаг дарга нарт үүрэг болгов.
- Шинэ коронавируст халдвар бүртгэгдсэн голомт бүхий улсаас Монгол Улсад зорчин ирсэн Монгол Улсын иргэн болон гадаадын иргэдийг хилээр нэвтэрсэн өдрөөс хойш 14 хоногийн хугацаанд түр тусгаарлаж, холбогдох зардлыг тухайн иргэн, хуулийн этгээдээс гаргуулж, зөвлөмж мэдээллээр хангаж, хяналт тавьж ажиллахаар боллоо.
- Мөн цахим сүлжээ болон хэвлэл мэдээллийн хэрэгслээр шинэ коронавируст халдварын талаар санаатай болон санамсаргүйгээр худал, ташаа мэдээлэл түгээсэн этгээдэд хариуцлага тооцохоор болов.
- Өвчний голомттой, халдвар бүртгэгдсэн улсаас ирсэн бөгөөд аялалын түүх, биеийн эрүүл мэндийн байдлаа хуурамчаар мэдүүлсэн, мэдээлэл өгөхөөс татгалзсан төрийн болон мэргэжлийн байгууллагуудаас гаргасан шийдвэрийг хэрэгжүүлэхийг эсэргүүцсэн, Улсын Онцгой комисс болон эрх бүхий байгууллагуудаас гаргасан шийдвэрийг хэрэгжүүлэхээс татгалзсан, хууль ёсны шаардлагыг биелүүлээгүй иргэн, албан тушаалтан, хуулийн этгээдэд хариуцлага тооцохыг Цагдаагийн ерөнхий газрын дарга, Тагнуулын ерөнхий газрын дарга, Нийслэлийн Засаг дарга нарт тус тус үүрэг болголоо.
- Өнөөдрийн байдлаар дэлхийн 38 оронд шинэ коронавирусын халдвар илэрч нийт 80.993 хүн халдвар авч, 2731 хүн нас бараад байна. Хөрш зэргэлдээ халдварын анхны голомт БНХАУ болон монголчууд олноороо зорчдог БНСУ, Япон Улсуудад халдварын тархалт өндөр байгаа энэ үед ард иргэд хариуцлагатай, эв нэгдэлтэй, албан мэдээлэлд итгэж, иргэний үүргээ биелүүлж байхыг Улсын Онцгой комиссоос уриалав.
Цаг үе
"Мал аж ахуйн тогтвортой өөрчлөлт” олон улсын анхдугаар бага хурал боллоо
НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын шинэ санаачилга ”Мал аж ахуйн тогтвортой өөрчлөлт” олон улсын анхдугаар бага хурал Ром хотноо НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын төв байранд 2023 оны есдүгээр сарын 25-ны өдөр эхэллээ.
Тус бага хурлын нэгдсэн хуралдаанд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн Монгол Улсын мал аж ахуйн салбарын тухай болон төрөөс тус салбарт авч хэрэгжүүлж буй бодлогын талаар мэдээлэл өгч, НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын Ерөнхий захирал Чу Донгиутай уулзлаа.
Монгол Улс, НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Талуудын 17 дугаар бага хурлыг (COP 17 ) 2026 онд зохион байгуулах гэж байгаа нь чухал ач холбогдолтой болохыг Ерөнхий захирал Чу Донгиу онцлов.
Эх сурвалж: ХХААХҮЯ
Цаг үе
“Шударга байдлын үнэлгээ” судалгааны мэдээллийг бүрэн цуглуулж дуусгав
Авлигатай тэмцэх газрын Судалгаа шинжилгээний алба нь 2023 оны 9 дүгээр сарын 18-22-ны өдрүүдэд иргэн, хуулийн этгээдээс ирүүлсэн 48 өргөдөл, гомдлыг хүлээн авч, харьяалах чиг үүргийн нэгжид хүргүүллээ.
Хүлээн авсан өргөдөл, гомдол, мэдээллийн 53.7 хувь нь авлигын гэмт хэргийн шинжтэй бөгөөд тусгай зөвшөөрөл, төрийн албан хаагчийн үйл ажиллагаатай холбоотой гомдол давамгайлж байв. Өнгөрсөн долоо хоногт авлигыг мэдээлэх 110 тусгай дугаараар 278 дуудлага хүлээн авчээ.
“Шударга байдлын үнэлгээ” судалгааны ажлыг зохион байгуулах хүрээнд төрийн 80 байгууллага болон 15405 иргэн, аж ахуйн нэгж, төрийн албан хаагч, шинжээчээс мэдээлэл цуглуулав. Ингэснээр Шударга байдлын үнэлгээ”-ний судалгааны мэдээллийг бүрэн цуглуулж дуусгалаа.
Цаг үе
Гурван улсын тээвэр ОХУ-ын Новосибирск хотод хүрлээ
Монгол Улс, БНХАУ болон ОХУ-ын Засгийн газар хоорондын “Азийн авто замын сүлжээний АН-4 чиглэлийн авто зам” буюу БНХАУ-ын Шиньжиан Уйгарын Өөртөө Засах Орны Үрэмч хотоос 2023 оны есдүгээр сарын 22-ноос эхэлсэн гурван улсын туршилтын тээвэр ОХУ-ын Новосибирск хотод амжилттай хүрлээ.
Тус чиглэлд гурван улсын нийт есөн тээврийн хэрэгслээр ачаа тээвэрлэсэн. Монгол Улсаас “Монгол тээвэр нэгдэл транзит ХХК, Монложистик ХХК, Монтир транс ХХК-иудын тус бүр тээвэрлэлтийг гүйцэтгэлээ гэж ЗТХЯ-аас мэдээллээ.
Сэтгэгдэл