Урлаг спорт
Үндэсний их баяр наадмын Д.Сүхбаатарын талбайн тоглолтын найруулагчийн сонгон шалгаруулалт зарлагдлаа

Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дугаар зүйлийн 29.2, Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1 дэх заалтыг тус тус үндэслэн, Үндэсний их баяр наадам, Тулгар төрийн 2229, Их Монгол Улс байгуулагдсаны 814 жил, Ардын хувьсгалын 99 жилийн ойн хүрээнд нийслэлийн иргэдэд зориулан зохион байгуулах “Улаанбаатарын Үдэш” шоу тоглолтын хөтөлбөр, найруулгын төслийн нээлттэй сонгон шалгаруулалт зарлагдлаа.
Үндэсний их баяр наадам, Тулгар төрийн 2229, Их Монгол Улс байгуулагдсаны 814 жил, Ардын хувьсгалын 99 жилийн ойн хүрээнд зохион байгуулах “Улаанбаатарын үдэш” шоу тоглолтыг 2020 оны долоодугаар сарын 11-ний өдрийн 20:00-24:00 цагийн хооронд Д.Сүхбаатарын талбайд зохион байгуулах бөгөөд сонгон шалгаруулалтад Монгол Улсын иргэн, аж ахуй нэгж, мэргэжлийн болон чөлөөт уран бүтээлчид, хамтарсан мэргэжлийн баг төсөл боловсруулан оролцох боломжтой.
Сонгон шалгаруулалтад оролцогч нь урьд өмнө нь зохион байгуулж байсан соёл, урлагийн чиглэлийн томоохон үйл ажиллагаануудын товч мэдээлэл болон найруулагчийн ур чадварыг илтгэх танилцуулга, 2020 оны долоодугаар сарын 11-ний өдрийн 20:00-24:00 цагийн хооронд Д.Сүхбаатарын талбайд зохион байгуулах шоу тоглолтын хөтөлбөр, найруулгын саналаа боловсруулан төсөл хэлбэрээр битүүмжлэн 2020 оны гуравдугаар сарын 06-ны өдрийн 17:00 цагаас өмнө нийслэлийн Соёл, урлагийн газрын бичиг хэргийн ажилтанд хүлээлгэн өгсөн байна.
“Улаанбаатарын үдэш” шоу тоглолтын хөтөлбөр, найруулгын төслийн сонгон шалгаруулалтад төсөл ирүүлэгч нь дараах шаардлагыг хангасан байна.
Үүнд:
• Нийтийг хамарсан томоохон шоу тоглолт, эвэнт арга хэмжээний хөтөлбөр найруулгыг хариуцан зохион байгуулж байсан туршлагатай, мэргэжлийн хүн байх;
• Хөтөлбөр найруулгын агуулга нь иргэд, олон нийтийн сэтгэхүйд нийцсэн, үндэсний өв соёл, түүхэн уламжлалыг орчин цагийн урлагтай хослуулсан агуулгатай байх;
• Шоу тоглолтын тайзны засал чимэглэл, хөгжмийн дуугаралт, гэрэл болон дүрсний эффект зэргийг хөтөлбөр найруулгатайгаа уялдуулан гаргасан байх;
• Тайзны хөтөлбөр талбайн зохион байгуулалтыг иргэд, жуулчид, сэтгүүлчдийн болон хүндэт зочдын аюулгүй байдал, тав тухыг хангасан байхаар төлөвлөх;
• Хөтөлбөрийн үргэлжлэх хугацааг 2020 оны 07 дугаар сарын 11-ны өдрийн
20:00-22:00 цагийн хооронд чөлөөт хөтөлбөр, 22:00-24:00 цагийн хооронд үндсэн хөтөлбөр байхаар төлөвлөсөн байх;
• Хөтөлбөр найруулгад багтсан уран бүтээлчдийн урамшуулал, бусад ажлын төсвийг үнэн зөв бодитоор тооцож гаргасан байх;
• Өмнөх жилүүдийн “Улаанбаатарын үдэш” шоу тоглолтын хөтөлбөр, найруулгын агуулгатай давхцуулаагүй байх;
Сонгон шалгаруулалтыг нийслэлийн Соёл, урлагийн газрын даргын тушаалаар батлагдсан Ажлын хэсгийн бүрэлдэхүүн ил тод, шударга өрсөлдөөний зарчимд тулгуурлан дээрх үндсэн шалгуур үзүүлэлтүүдийн дагуу ажлын таван хоногт багтаан шалгаруулах бөгөөд шалгарсан төслийг Нийслэлийн Засаг даргын Тамгын газар болон Үндэсний их баяр наадмын урлаг, соёлын зохион байгуулах салбар хороонд хүргүүлж, баталсны дагуу гэрээг байгуулж хамтран ажиллана.
НИЙСЛЭЛИЙН СОЁЛ, УРЛАГИЙН ГАЗАР
Урлаг спорт
“Нүүдлийн соёлын боловсрол” хөтөлбөрийн нээлт болно
Нүүдлийн соёлыг хойч үедээ өвлүүлэн үлдээх зорилгоор “Nomadic education” зуны хөтөлбөртэй зусланг хүүхэд багачууддаа зориулан Хэнтий, Өвөрхангай, Дундговь аймгийн таван байршилд албан ёсоор нээж байна.
Тус зусланд 21 улсын 60 гаруй сургуулийн сурагчид хамрагдаж, язгуур соёлоо таньж анд найзууд болох юм.
"Нүүдлийн соёлын боловсрол" хөтөлбөрийн нээлт 2023 оны тавдугаар сарын 26-28-нд, нэгдсэн арга хэмжээ 2023 оны зургаадугаар сарын 1-нд Сүхбаатарын талбайд болно.
Урлаг спорт
ДАШТ-ээс медаль хүртсэн бокс, жүдогийн тамирчдыг хүлээн авч уулзлаа
Олимпын угтвар жилийн ДАШТ-д манай тамирчид амжилттай оролцсоор байгаа. Тухайлбал, жүдо бөхийн ДАШТ-ээс Ё.Басхүү, Л.Энхрийлэн нар хүрэл медаль хүртэж, дэлхийн хос медальтнууд болсон.
Түүнчлэн боксын эрэгтэйчүүдийн ДАШТ-ээс Б.Чинзориг мөнгө, Б.Мишээлт хүрэл медальтай ирсэн юм.
МҮОХ-ны Ерөнхийлөгч Б.Баттүшиг дэлхийн дэвжээнд амжилттай өрсөлдөж, медальтны эгнээнд багтсан тамирчдыг дасгалжуулагчдын хамт Олимпик хауст хүлээн авч уулзан, мөнгөн шагналаар шагнаж урамшууллаа.
Уулзалтад МҮОХ-ны Тэргүүн дэд ерөнхийлөгч Ч.Наранбаатар, жүдогийн шигшээ багийн дасгалжуулагч Х.Болдбаатар, П.Нямлхагва, боксын шигшээ багийн дасгалжуулагч Ж.Энхтөр, Б.Эрдэнэбаяр, Ц.Даваацэрэн нар байлцав.
Ерөнхийлөгч Б.Баттүшиг дэлхийгээс медаль хүртсэн тамирчдад баяр хүргээд, Парисын олимпын мөчлөгт тамирчдаа бүх талаар дэмжиж ажиллахаа илэрхийлэв.
Боксын тамирчид зургадугаар сард Германд хамтарсан бэлтгэл хийхээр төлөвлөж байгаа бол жүдочид ирэх зургаадугаар сарын 23-25-нд Улаанбаатар хотноо зохиогдох Их дуулга тэмцээний бэлтгэлдээ ороод байна.
Урлаг спорт
“ART FAIR 2023” Дүрслэх урлагийн үзэсгэлэн, худалдааг анх удаа зохион байгуулж байна
Монгол Улсын Соёлын яам, Монголын Урчуудын Эвлэл хамтран зохион байгуулж буй “ART FAIR 2023” Дүрслэх урлагийн үзэсгэлэн, худалдааг анх удаа зохион байгуулж байна.
Дэлхийн хотуудын урлагийн 7 хоног буюу “АRT WEEK” урлагийг хөгжүүлэх, урлагийн бүтээлч байдал, инновац, соёлын олон талт байдлыг хөгжүүлж, түгээн дэлгэрүүлэх, мэдлэгээ хуваалцах зорилгоор тэмдэглэн өнгөрүүлдэг. Энэ хүрээнд ART “FAIR 2023” буюу мэргэжлийн уран бүтээлчдийн дүрслэх урлагийн үзэсгэлэн, худалдаа нь улс хэмжээнд олон нийтийг хамран өргөн хүрээнд зохион байгуулагдаж буй онцлогтой юм.
Соёлын салбарын түншлэлийг бэхжүүлэх, уран бүтээлчид болон салбар холбоод, нэгдлүүд, үйл ажиллагааны чиглэл ижил байгууллагуудын хамтын ажиллагааг өргөжүүлэх, соёлын бүтээлч үйлдвэрлэлийг дэмжих, олон нийтэд сурталчлан таниулах, урлагийн боловсрол олгох зорилттой энэхүү үзэсгэлэн, худалдаа нь 2023 оны 05 сарын 24-өөс 30-ны өдрүүдэд зохион байгуулагдах бөгөөд нийтийн дүрслэх урлагийн, гоо зүйн боловсролд зориулсан Хөрөг, Натур, Натюрморт зургийн өдөрлөг, Керамик болон Воркшоп өдөрлөг, Кино, фото зургийн өдөрлөг, Шог зургийн өдөрлөг зэрэг сонирхолтой арга хэмжээнүүдийг өдөр бүр зохион байгуулна.
Энэхүү ART FAIR 2023 арга хэмжээ нь 2200 метр квадрат үзэсгэлэнгийн талбайд МУЭ болон дүрслэх урлагийн мэргэжлийн үйл ажиллагаа явуулдаг 10 галерей, 3 Дүрслэх урлагийн сургууль, 63 чөлөөт уран бүтээлч, 9 нийгэмлэг, 21 аймгийн салбар холбоодын дүрслэх урлагийн бүх төрлийн 1000 гаруй уран бүтээл дэлгэгдлээ.
Эх сурвалж: Соёлын яам
Сэтгэгдэл