Бидэнтэй нэгдэх

Улстөр нийгэм

Эдийн засгийн хөгжлийн зөвлөлөөр татварын багц хууль, нийгмийн даатгалын шинэчлэлийг хэлэлцлээ

Огноо:

,

Монгол Улсын Ерөнхий сайдын дэргэдэх Эдийн засгийн хөгжлийн зөвлөл буюу “Economic Development Board”-ийн ээлжит III хуралдаанаар татварын багц хууль болон нийгмийн даатгалын эрхзүйн шинэчлэлийн талаарх холбогдох сайд нарын танилцуулга болон зөвлөлийн гишүүдийн саналыг хэлэлцлээ. Шинэчилж байгуулсан тус зөвлөлийн бүрэлдэхүүнд шинжлэх ухааны байгууллага, их, дээд сургууль, мэргэжлийн холбоод болон Монголын тэргүүлэх ТОП компаниудын удирдлага, хөрөнгө оруулагчдын төлөөлөл багтдаг. Тиймээс Засгийн газар хувийн хэвшил, эрдэмтэн судлаачид, төрийн түншлэлийн байр суурийг дээрх хуулиудын шинэчлэлд тусгуулж,  шинэ шатанд гаргахыг зорьсон гэдгийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хуралдааны эхэнд онцлов. 

Бизнес эрхлэгчид, ажил олгогчид татварын орчин, нийгмийн даатгалын системийг сүүлийн жилүүдэд хамгийн ихээр шүүмжлэх болсон. Иргэд ч татвар, нийгмийн даатгалын шимтгэл өндөр байгааг хэлдэг. Тиймээс Хамтарсан Засгийн газар татвар, нийгмийн даатгалын багц хуулийн өөрчлөлтийг иргэн, аж ахуйн нэгжүүдийн саналд үндэслэн боловсруулж, УИХ-д өргөн барихаар ажиллаж байна.
 
Татварыг шинэчлэхдээ бизнес эрхлэхэд ээлтэй, ажлын байр бий болгоход чиглэсэн, тэгш, шударга татварын орчныг бүрдүүлэх, шударгаар бизнес эрхлэгч, сайн татвар төлөгчийг дэмжиж татварын зардлыг бууруулахыг чухалчилжээ. Ялангуяа жижиг, дунд бизнес эрхлэгч, уул уурхайн бус салбарт үйл ажиллагаагаа эхлүүлж буй гарааны бизнес эрхлэгчдийг бизнесийн цар хүрээгээ тэлэхэд нь онцгой ач холбогдолтой НӨАТ-ийн шаталсан хэлбэрт шилжүүлнэ. Гааль, татварын алба захиргааны арга барилаа халж, татвар төлөгчдөд зөвлөн туслах, эрсдэлээс урьдчилан сэргийлэх үйлчилгээ үзүүлдэг болно. Бүсчилсэн хөгжлийн бодлоготой уялдуулж орон нутагт хүн ам, ажиллах хүч татах татварын бодлого хэрэгжүүлнэ. Татварын шинэчлэлийн үр дүнд иргэн, өрхийн орлогыг хамгаалах, хөдөлмөр эрхлэлтийг дэмжихэд 2.4 их наяд төгрөгийн татварын хөнгөлөлт олгож, бизнесийн идэвхжилийг 1.6 их наяд төгрөгөөр нэмэгдүүлэхээр тооцоолж буйгаа Сангийн сайд Б.Жавхлан танилцуулав. 
Олон улсын шинжээчид 2025 онд Монгол Улсын эдийн засаг зургаан хувиар өсөх тооцоолол гаргасан. Макро эдийн засгийн өсөлтийн трэндийг алдалгүйгээр жижиг, дунд бизнес эрхлэгч, аж ахуйн нэгжүүд, иргэдэд эдийн засгийн өсөлтийг хүртээхэд Засгийн газраас өргөн барих татвар, хөрөнгө оруулалтын хуулиуд онцгой үүрэг гүйцэтгэнэ гэж үзэж байна. Татварын хуулийн шинэчлэлийн асуудлаар нийгмийн бүх түвшнийг хамарсан өргөн хүрээний санал, хэлэлцүүлгийг орон даяар зохион байгуулж байна. Өнөөдрийн байдлаар нийт 17 мянга гаруй иргэн, аж ахуйн нэгжээс 170 мянга гаруй саналыг ажлын хэсэгт ирүүлж, саналыг багцлан бодлогын шинэчлэлд тусгажээ. 

Татварын багц хуулийн шинэчлэлтэй зэрэгцүүлж нийгмийн даатгалын шинэчлэлийг хийхээр салбарын яам хуулийн төсөл боловсруулж байна. Үндэсний хороод, Эдийн засгийн хөгжлийн зөвлөл, МҮХАҮТ, Улаанбаатар хотын Худалдааны танхим болон олон нийтийн бусад байгууллагаас ирүүлсэн 21 багц саналыг нийгмийн даатгалын шинэчлэлд тусгахыг зорьж байна. Хувийн нэмэлт тэтгэврийн тогтолцоог нэвтрүүлэх, хагас хуримтлалын тогтолцоонд шилжих, нийгмийн даатгалын сангийн хөрөнгийг мэргэжлийн байгууллагаар удирдуулах, ажил олгогчийн төлөх хувь хэмжээг бууруулах зэрэг саналыг салбарын яаманд ирүүлжээ. 
 
Нийгмийн даатгалын шинэчлэлийг хийснээр ажил олгогчийг дэмжиж, хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэн, оюутан залуус, ахмад настны нийгмийн баталгаа сайжирна. Монгол Улсад зургаан төрлийн тэтгэвэр олгодог бөгөөд гурвыг нь нийгмийн даатгалын сангаас, гурвыг нь улсын төсвөөс санхүүжүүлдэг. Одоогийн нийгмийн даатгалын тогтолцоог хуваарилалтаас хуримтлал руу шилжүүлэхээр хуулийн төсөлд тусгаад байгааг ГБХНХ-ын сайд Л.Энх-Амгалан танилцуулав. 

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Татварын багц хууль, нийгмийн даатгалын шинэчлэлийг хийхдээ эдийн засгийн суурь агуулгаа бодохоос гадна иргэд, аж ахуйн нэгжүүдэд бодитой өгөөж өгдөг байх шаардлагатай. Эдгээр хуулийг тус тусад нь биш зэрэгцүүлж шинэчлэх нь зөв бөгөөд зөвхөн Засгийн газар боловсруулж, УИХ-д өргөн барьдаг байх нь оновчтой юм билээ. Хууль санаачлах эрхтэй бусад субьектээс өргөн барьсан хуулиуд салбар хоорондын уялдаагүй, төр, иргэдийн дунд зөрчил үүсгэдэг нь өнгөрсөн хугацаанд бодит амьдрал дээрээс тодорхой болж байна. Одоо эдгээр хуулийн шинэчлэлийг хийхгүй бол цаашдаа хаана, хаанаа хүнд байдалд орох эрсдэлтэй. Дараа нь Компанийн тухай хуулийг шинэчлэхэд хувийн хэвшлийнхэн маань хамгийн их оролцоотой байж, саналаа нэгтгэж өгөх нь зөв” гэлээ.    
Дэлгэрэнгүй унших
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Улстөр нийгэм

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Засгийн газрын гишүүд, үндэсний аюулгүй байдлыг хангах чиг үүрэг бүхий байгууллагуудын удирдлагатай уулзлаа

Огноо:

,

Монгол Улсын Ерөнхийлөгч, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн тэргүүн Ухнаагийн Хүрэлсүх Засгийн газрын гишүүд, үндэсний аюулгүй байдлыг хангах чиг үүрэг бүхий байгууллагуудын удирдлагатай уулзлаа.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баян-Өлгий аймагт ажиллах үеэрээ аймгийн удирдах албан тушаалтнуудад үүрэг, даалгавар өгч, биелэлтэд нь онцгой анхаарахаа хэлсэн. Энэ хүрээнд Монгол Улсын Үндсэн хуулийг дээдлэн ажиллах, төрийн холбогдох байгууллагууд тодорхой төлөвлөгөө гаргаж, хэрэгжилтийг хангахыг үүрэг болголоо.

Монгол Улсын тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдал, ард түмний эв нэгдэлд сөргөөр нөлөөлөх эрсдэл бүхий аливаа хууль бус үйл ажиллагааг таслан зогсоож, хуулийн хүрээнд арга хэмжээ авч ажиллахыг анхаарууллаа.

Баян-Өлгий аймгийн сурагчид төрийн албан ёсны хэл болох монгол хэлээ сурч эзэмших нөхцөл, боломжийг сайжруулахад онцгой анхаарах шаардлагатайг онцоллоо.

Монгол Улсын нутаг дэвсгэрт зөвшөөрөлгүй баригдсан хөшөө, дурсгал, бунхан зэргийг цэгцэлж, хууль, эрх зүйн орчныг боловсронгуй болгох, газар, орны нэрийг дураар өөрчлөх зэрэг асуудалд тодорхой зохицуулалт бий болгох нь нэн чухал гэдгийг хэлэв.

Төрийн албаны холбогдох хууль, тогтоомжийн хэрэгжилтэд анхаарч, хүн бүр мэдлэг, чадвар, ёс зүй, хуульд заасан шалгуураар өрсөлдөж ажиллах боломжийг бүрдүүлэх ёстойг дурдлаа.

Дээрх үүрэг, чиглэлийн хүрээнд Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Ажлын албаны дэргэд Хамтарсан ажлын хэсэг байгуулж, төрийн байгууллага, орон нутгийн удирдлагын үйл ажиллагааг уялдуулан зохицуулж, дэмжлэг үзүүлэн ажиллахыг үүрэг болголоо.

Дэлгэрэнгүй унших

Улстөр нийгэм

Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Амарсайханыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө

Огноо:

,

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал хууль зүй, дотоод хэргийн салбарт үүссэн нөхцөл байдал нь салбарын хэвийн үйл ажиллагаа болон олон нийтийн итгэлд сөргөөр нөлөөлөх хэмжээнд хүрсэн гэж үзэж, Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Амарсайханыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх шийдвэр гаргажээ. Засгийн газрын албан ёсны мэдээлэлд уг шийдвэрийг есдүгээр сарын 16-ны хуралдаанаар танилцуулсан байна.

Мөн яригдаж буй асуудалд нэр дурдагдсан тус салбарын харьяа байгууллагуудын дээд, дунд шатны удирдлагуудыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх чиглэлийг Ерөнхий сайд өгсөн байна.

Ерөнхий сайд Н.Учрал өнгөрсөн хугацаанд гарсан асуудлуудын үнэн зөвийг тогтоох шаардлагатайг Засгийн газрын хуралдааны үеэр мэдэгдэж, холбогдох асуудлыг шалгаж тодруулах байр суурь илэрхийлжээ.

Дэлгэрэнгүй унших

Улстөр нийгэм

Хаягийн нэгдсэн тогтолцоог бүрдүүлсэн Солонгосын сайн туршлагыг Монголд нэвтрүүлнэ

Огноо:

,

ЗГХЭГ-ын дарга Б.Энхбаяр Бүгд Найрамдах Солонгос Улс (БНСУ)-ын  Дотоод хэрэг, аюулгүй байдлын дэд сайд Ким Мин Жэ тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын эхэнд Б.Энхбаяр сайд хэлэхдээ Монгол Солонгосын харилцаа, хамтын ажиллагаа бүх салбарт  өргөжин тэлж буйг онцлоод үүний нэг илрэл нь хоёр орны хамтран хэрэгжүүлж буй “Хаягийн  мэдээллийн системийг шинэчлэх замаар Монгол Улсын цахим төрийн удирдлагыг бэхжүүлэх” төсөл гэдгийг онцлон тэмдэглэв.

Монгол Улсын Засгийн газраас төрийн үйлчилгээг иргэдэд шуурхай хүргэх, төрийн байгууллагуудын мэдээллийн уялдаа холбоог сайжруулах цахим шилжилтийн бодлогод онцгой анхаарал хандуулж буйг танилцуулаад хаягийн системийг боловсронгуй болгоход чиглэсэн дээрх төслийг амжилттай хэрэгжүүлэхэд бүх талаар идэвхтэй хамтран ажиллахаа илэрхийлэв.

БНСУ-ын Дотоод хэрэг, Аюулгүй байдлын дэд сайд Ким  Мин Жэ энэ үеэр Солонгос Улс хаягийн нэгдсэн систем, тогтолцоог бүрдүүлэх шинэчлэлийн хүрээнд бие даасан хууль, эрх зүйн орчныг бүрдүүлсэн. Энэ чиглэлд олон улсад тэргүүлэх сайн туршлага нэвтрүүлсэн орны нэг. Хаягжилт бол эдийн засгийг тэлэх амин “судас” хэмээгээд өөрсдийн мэдлэг, туршлагаа хуваалцаж, төслийг амжилттай хэрэгжүүлэхэд анхаарч ажиллана гэлээ.

Монгол Солонгосын хамтран хэрэгжүүлж буй дээрх төслийн хүрээнд улсын хэмжээнд хаягийн мэдээллийг нэгдсэн стандартад оруулж, үнэн зөв, давхардалгүй болгож бусад төрийн үйлчилгээтэй уялдуулж, хүртээмж, бүтээмжийг нэмэгдүүлэх юм.

Хаягийн систем сайжирснаар цахим худалдаа, хөрөнгө оруулалт, хүргэлт болон эрүүл мэнд, шуудан, такси үйлчилгээ зэрэг иргэдийн өдөр тутмын үйлчилгээний чанар, хүртээмж эрс сайжрах нөхцөл бүрдэнэ.

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа

Санал болгох