Цаг үе
ХСҮТ-д бөөр шилжүүлэн суулгах мэс заслыг нутагшуулна
Хавдар судлалын үндэсний төв нь 2018 оноос элэгний хорт хавдартай өвчтөнд амьд донороос элэг шилжүүлэх мэс засал хийснээр Монгол Улсад эрхтэн шилжүүлэн суулгадаг 2 дахь эмнэлэг болсон бөгөөд эдүгээ 181 удаа элэг амжилттай шилжүүлэн суулгажээ.
Хавдартай өвчтний амь насыг аварч байгаа хэдий ч энэхүү өндөр өртөгтэй мэс заслын үр дүнг улам нэмэгдүүлэх, хагалгааны дараах өвчтөний амьдралын чанарыг баталгаажуулахад тулгамддаг олон асуудлуудын нэг нь тухайн өвчтөнд байгаа хавдрын бус бусад архаг суурь эмгэгүүд, тэр дотроо хүн амын дунд зонхилон тохиолддог шээс бэлгийн тогтолцооны эмгэгүүдийн 55 хувийг эзэлж буй бөөрний архаг дутагдалтай холбоотой юм.
Элэгний хүнд эмгэгийн шалтгаантай элэг бөөрний хамшинжийн төгсгөлийн үе шатанд байгаа өвчтөн элэг шилжүүлэн суулгасны дараа бөөрниий дутагдлын шалтгаанаар эмнэлэг хооронд явах, олон эмч, олон эмнэлгүүдийн хяналтад орох хүндрэл чирэгдэлтэй нүүр тулж байгаа нь мэс заслын үр дүн хангалтгүй байх, хагалгааны дараах хүндрэл гарах эрсдлийг нэмэгдүүлж байна.
Тусламж үйлчилгээний энэхүү нөхцөл байдлын улмаас манай иргэд элэг-бөөр шилжүүлэн суулгах мэс заслыг зэрэг хийлгэх зорилгоор БНСУ болон Энэтхэг улсруу явах нь түгээмэл байгаа хэдий ч энэ нь эдийн засгийн хувьд зардал өндөртэй, өвчтөний аюулгүй байдлыг хангах, эмчилгээний дараах хяналтад хүндрэл учрах зэрэг олон асуудлыг дагуулж, мөн олон хүн эдийн засгийн дарамтаас болж шаардлагатай эмчилгээгээ хийлгэж чадахгүйд хүргэсээр байгаа юм.
Улсын нэгдүгээр төв эмнэлэг /УНТЭ/ 2006 онд анхны бөөр шилжүүлэн суулгах мэс заслыг амжилттай хийснээр Монгол улсад эрхтэн шилжүүлэн суулгах мэс заслын хөгжил сууриа тавьжээ. Эдүгээ тус эмнэлэг 331 удаа бөөр, 234 удаа элэг шилжүүлэн суулгах эмчилгээг амжилттай хийсэн байна. Гэвч улсын хэмжээнд бөөр шилжүүлэн суулгах эмчилгээний хүлээх жагсаалтад 350, элэг шилжүүлэн суулгах хүлээх жагсаалтад 250 гаруй иргэн бүртгэлтэй байгаа бөгөөд цаашид тасралтгүй өсөн нэмэгдэх хандлагатай байна.
ХСҮТ өнөөгийн тоног төхөөрөмж, хүний нөөцийн чадамж дээрээ тулгуурлан, амьд донор болон тархины үхэлтэй донороос элэг-бөөр нэгэн зэрэг шилжүүлэн суулгах мэс заслыг нутагшуулах зорилгоор 2025 оны хоёрдугаар сарын 25-нд УНТЭ-тэй хамтын ажиллагааны санамж бичгийг байгууллаа.
Хамтын ажиллагааны хүрээнд талууд элэгний хавдартай өвчтөнд элэг-бөөр зэрэг шилжүүлэн суулгах мэс заслыг нэвтрүүлэх, мэргэжил арга зүйн хувьд харилцан суралцаж чадавхиа бэхжүүлэхийг зорьж байна гэж Хавдар судлалын үндэсний төвөөс мэдээллээ.


Цаг үе
Ирэх арав хоногт цаг агаар ямар байх вэ?
2026 оны есдүгээр сарын 17-ныг хүртэлх
10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
Ихэнх хугацаанд нутгийн зүүн хойд хэсгээр бага зэргийн бороо орно.
Салхи: Ихэнх хугацаанд ихэнх нутгаар секундэд 3-8 метр, 11, 15-нд төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 12, 16-нд зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.
Улаанбаатар хот орчмын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
Салхи: Ихэнх хугацаанд секундэд 3-8 метр, 11, 12, 15, 16-нд секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.
Агаарын температур: Шөнөдөө 3-8 хэм, Яармаг, Сонгиноны орчмоор -2-3 хэм, өдөртөө 17-22 хэм дулаан байна. 14-16-нд нэмж дулаарна.
Цаг үе
Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулганд оролцох үеэрээ Алс Дорнодын үзэсгэлэнгийн талбай, Буриадын павильоноор зочилж Бүгд Найрамдах Буриад Улсын тэргүүн Алексей Самбуевич Цыденовтой хоёр улсын худалдаа эдийн засаг, боловсрол, шинжлэх ухааны салбарын харилцаа, хамтын ажиллагааны чиглэлээр санал солилцов.

Ерөнхий сайд, Монгол Улс Бүгд Найрамдах Буриад улстай хөгжүүлж ирсэн уламжлалт найрсаг харилцаа, хамтын ажиллагаанд өндөр ач холбогдол өгч ирснийг тэмдэглэв. Монгол Улс Евразийн Эдийн засгийн холбоо хоорондын Худалдааны түр хэлэлцээр хэрэгжиж эхэлж, 367 нэр төрлийн бараа бүтээгдэхүүнийг гаалийн татвараас хөнгөлж, чөлөөлж байгаа. Түр хэлэлцээрийг үр дүнд хүргэхэд Сүхбаатар-Наушки, Алтанбулаг-Хиагт зэрэг боомт чухал үүрэгтэй. Боомтын чиглэлд Бүгд Найрамдах Буриад улстай хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийллээ. Мөн Монгол Улс нүүрсний нөөцөөр баялаг. Багануур, Шарын голын уурхайгаас Буриад улсад нүүрс экспортлох боломжтойг тэмдэглэв.

Бүгд Найрамдах Буриад Улсын тэргүүн Алексей Самбуевич Цыденов Монгол, Буриадын харилцаа хөдөө аж ахуй, аж үйлдвэрийн үйлдвэрлэл, ашигт малтмал, эрчим хүч, боловсрол зэрэг олон салбарт идэвхтэй хөгжиж байгааг онцолж, Монголоос мах болон ноолууран бүтээгдэхүүн импортлох хүсэлтээ илэрхийлэв. Монгол Улсад мэдээллийн технологийн чиглэлээр мэргэжилтэн бэлтгэх "Школа 21" төслийг хэрэгжүүлэх боломжийн талаар танилцууллаа.
Хоёр улс түүхэн уламжлалт, ахан дүүсийн харилцаатай, хоёр талын хамтын ажиллагааг улам өргөжүүлэх боломж их байгааг талууд тэмдэглэв.
Бүгд Найрамдах Буриад Улс Монгол Улсын Сэлэнгэ, Хөвсгөл, Орхон, Дархан-Уул, Булган, Дорнод, Төв, Хэнтий аймагтай идэвхтэй хамтран ажилладаг байна. Энэ онд Улаан-Үд хотноо Монгол Улсын Ерөнхий консулын газар нээн ажиллуулж эхэлсний 35 жилийн ой тохиож байна.



Цаг үе
С.Зориг, Д.Нацагдорж, Б.Явуухулангийн хөшөөний дэргэд зөвшөөрөлгүй байрлуулсан хөшөөг шилжүүлнэ
НИТХ-ын Тэргүүлэгчдийн 2010 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн 55 дугаар тогтоолоор “Улсын нийслэлд хөшөө, дурсгал хүндэтгэлийн самбар байрлуулах журам”-ыг баталсан байдаг. Үүнд, “Тухайн улс орон, бүс нутгийн соёл урлаг, түүхэн үйл явдлыг харуулсан, оюун сэтгэлгээний хөгжлийн илэрхийлэл болсон, архитектур, дүрслэх урлагийн шийдэл бүхий байгууламжийг хөшөө” гэж нэрлэхээр тусгажээ. Тэгвэл Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороонд төр, нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зориг агсны хөшөөний дэргэд холбогдох байгууллагуудын зөвшөөрөлгүйгээр хүүхдийн хөшөө байрлуулсан байна. Түүнчлэн нэрт яруу найрагч Д.Нацагдорж, Б.Явуухулангийн хөшөөний дэргэд мөн зөвшөөрөлгүйгээр хүүхдийн хөшөө байрлуулжээ.
Энэ нь “Улсын нийслэлд хөшөө, дурсгал хүндэтгэлийн самбар байрлуулах журам”-ын 2.1, 2.2 заалтыг тус тус зөрчсөн тул дээрх зөвшөөрөлгүй хөшөөнүүдийг албадан шилжүүлэхийг холбогдох газруудад мэдэгдээд байна.
“Улсын нийслэлд хөшөө, дурсгал хүндэтгэлийн самбар байрлуулах журам”-ын дараах заалтыг тус тус зөрчжээ.
2.1 Нийслэлийн нутаг дэвсгэрт хөшөө, дурсгал хүндэтгэлийн самбар байрлуулах саналыг яам, тусгай газар, нийслэл, дүүргийн Засаг даргын Тамгын газар, аж ахуйн нэгж, нам, олон нийтийн байгууллага, иргэдээс албан бичгээр комисст гаргана.
2.2 Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн дэргэд комисс (цаашид "Комисс” гэх) ажиллаж, нийслэлийн нутаг дэвсгэрт хөшөө дурсгал, түүх соёлын үл хөдлөх дурсгалт зүйлийн загвар батлах асуудлыг хэлэлцэн санал боловсруулж, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн хуралдаанаар шийдвэрлүүлнэ.
-
Улстөр нийгэм2021/09/17
“Монголчуудын эрхэмлэн дээдлэх үнэт зүйлс” хэлэлцүүлэг боллоо
-
Үзэл бодол2019/06/27
У.Хүрэлсүх: Улсын зөвлөгөөн хийж эрдэмтэн, судлаачдынхаа үгийг сонсоно
-
Цаг үе2022/09/01
Гэр хорооллын дахин төлөвлөлтөд Сингапурын туршлагыг нэвтрүүлэх талаар санал сол...
-
Цаг үе2025/12/02
“Монголын өдөр” форумд санхүүгийн салбарын шинэчлэл, хөрөнгийн зах зээлийн б...
