Бидэнтэй нэгдэх

Цаг үе

Төрийн банк нь Нидерланд улсын Фронтклэйр байгууллагатай анхны синтетик төгрөгийн хил дамнасан репо хэлцлийг амжилттай хийлээ

Огноо:

,

2025 оны 2 дугаар сар. Фронтклэйр нь Валют арилжааны сан (TCX)-ийн хеджээр баталгаажсан 31 сая ам.долларын синтетик төгрөгийн хил дамнасан буцаан худалдан авах хэлцэл (репо)-ийг Монгол Улсын Төрийн банктай байгууллаа.

Зээлийн эрсдэл, хууль эрх зүйн эрсдэл болон үйл ажиллагааны эрсдэл, түүнчлэн макро эдийн засгийн нөхцөл байдлаас хамаарч зээлдэгчийн барьцааны үнэ цэнэ буурах эрсдэл нь Монголын банкуудад дэлхийн мөнгөний зах зээлтэй холбогдоход бэрхшээлүүд дагуулсаар байна. Энэхүү хэлцэл нь Төрийн банканд дэлхийн зах зээлээс дотоод валютын санхүүжилт авах боломжийг олгосон. Мөн Фронтклэйр уг хэлцлийн зохицуулалт, санхүүжилтийн бүтцийг Монголын хууль эрх зүйн болон үйл ажиллагааны тодорхой сорилтуудыг шийдвэрлэхэд тохируулж болохыг дахин харууллаа.

“Фронтклэйр нь 2018 оноос хойш Монгол Улсад 10 гаруй репо болон своп хэлцлийг амжилттай хийсэн. Бид Евробондыг барьцаалан оффшор эх үүсвэрээр санхүүжилт болон хедж хийх замаар Төрийн банканд синтетик төгрөгийн валютыг шууд олгож, анх удаа дотоод валютын репо хэлцлийг эхлүүлж, амжилттай гүйцэтгэсэндээ баяртай байна. Тухайн хэлцэл нь дотоод болон оффшор барьцаа ашиглан Монголын болон дэлхийн банкууд, хеджийн үйлчилгээ үзүүлэгчдийн хооронд хил дамнасан репо хэлцэл хийх шинэ загварыг бий болгож, Монгол Улсын мөнгөний зах зээлийн цаашдын хөгжлийн жишиг болж байна.” – Андрей Шинкевич, Фронтклэйр байгууллагын Ахлах Дэд Ерөнхийлөгч

“Бид Фронтклэйр байгууллагатай энэхүү анхны синтетик үндэсний мөнгөн тэмдэгтийн хил дамнасан репо хэлцлийг амжилттай хийсэндээ баяртай байна. Фронтклэйр байгууллагатай 2018 оноос эхлэн хамтран ажилласнаас хойш бидний түншлэл улам бэхжиж, олон улсын шилдэг туршлагыг нэвтрүүлснээр Монгол Улсын санхүүгийн зах зээлийн хөгжилд чухал үүрэг гүйцэтгэж байна. Энэхүү шинэлэг хэлцэл нь Төрийн банканд дэлхийн зах зээлээс төгрөгийн санхүүжилт авч, хөрвөх чадварын менежментийг сайжруулах боломжийг олгосон. Энэ жишгээр дэлхийн мөнгөний зах зээлд хүрэх бололцоо олдож байгаа нь дотоодын хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэхэд том нөлөө үзүүлэх боломжтой гэж харж байна.”- Өлзийн Гантөр, “Төрийн банк” ХК-ний Гүйцэтгэх захирал

“Энэхүү гүйлгээ нь TCX-ийн Монголын зах зээлийн хөгжилд оруулж буй чухал хувь нэмэр юм. Монголбанкнаас амжилттай хэрэгжүүлсэн дотоодын эрсдэлээс хамгаалах хэрэгслийн үйлчилгээ аажмаар буурч байгаа нь бусад хеджийн үйлчилгээ үзүүлэгчдэд зах зээлийг дэмжих илүү том боломжийг олгож байна. Үүний үр дүнд TCX-ийн олон төрлийн хеджийн гүйлгээг хөнгөвчлөх чадвар болон таатай үнийн нөхцөлүүд нь Frontclear болон бусад нөлөө бүхий хөрөнгө оруулагчдын тусламжтайгаар төгрөгийн зах зээлд томоохон эерэг нөлөө үзүүлж байна. Валютын эрсдэлд үзүүлэх анхаарал нэмэгдэж, энэ нөлөөллийн түүхийн нэг хэсэг болсондоо баяртай байна.” - Xander Goudriaan, TCX Арилжаа хариуцсан захирал

Тухайн хэлцэлд, Европын Сэргээн Босголт Хөгжлийн Банк (EBRD)-аас хөрвөх чадвартай ам.долларын эх үүсвэрийг авч, TCX-тай төгрөг/ам.долларын хедж хийж Төрийн банканд синтетик төгрөгийн репо эх үүсвэрийг олгосон. Энэхүү репо хэлцэл нь Олон Улсын Своп, деривативын холбоо (ISDA)-ны гэрээний дагуу баталгаажсан ба Фронтклэйр нь Монголын зах зээл дэх хууль эрх зүйн асуудлыг харгалзан своп баталгаажуулалтыг тохируулсан. Уг хэлцлийн баримт бичгүүд нь дотоод валютын репо хэлцэлтэй холбоотой үйл ажиллагааны болон хууль эрх зүйн үзэл баримтлалын шилдэг туршлагыг нэвтрүүлж байна. TCX болон Frontclear нь Cardano Development-ийн нэг хэсэг юм.

 

Фронтклэйр байгууллагын тухай

Фронтклэйр нь хөгжиж буй улс орнуудад мөнгөний зах зээлийн тогтвортой байдлыг дэмжих зорилготой үйл ажиллагаа явуулдаг хөгжлийн санхүүгийн байгууллага юм. Фронтклэйр нь банк хоорондын зах зээл тэр дундаа дотоодын санхүүгийн байгууллагуудад хүртээмж болон хөрвөх чадварыг нэмэгдүүлэх зорилгоор зээлийн баталгаа болон техникийн туслалцаа үзүүлдэг. Фронтклэйр байгууллагын дэлхийн хэмжээнд хэрэгжүүлж буй техникийн туслалцааны хөтөлбөр нь төв банкуудтай хамтран санхүүгийн дэд бүтэц, хууль эрх зүйн орчин болон дотоод зах зээлд оролцогчдын ур чадвар, чадамжийг хөгжүүлэхэд чиглэсэн байдаг. Фронтклэйр нь Европын хөгжлийн санхүүгийн байгууллагууд болон дэлхийн хөгжлийн агентлагуудаас санхүүждэг. Fitch агентлагаас A- үнэлгээ, Moody’s агентлагаас Baa1 үнэлгээ авсан бөгөөд мөн AAA- зэрэглэлтэй Германы хөгжлийн банкнаас (KfW) баталгаа авсан. Дэлгэрэнгүй мэдээллийг www.frontclear.com цахим хуудаснаас авна уу.

 

TCX-ийн тухай

TCX нь хөгжиж буй зах зээлд валютын деравитивыг санал болгодог хөгжлийн санхүүгийн байгууллага юм.  TCX-ийн хувьцаа эзэмшигчид нь хөгжлийн санхүүгийн байгууллагууд болон нөлөө бүхий хөрөнгө оруулагчдаас бүрддэг бөгөөд сангийн үндсэн зорилго нь дотоодын валютын санхүүжилтийг дэмжих замаар валютын эрсдэлийг арилгах, мөн хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэхэд хувь нэмэр оруулах явдал юм. TCX нь дэлхийн хэмжээнд 100 гаруй валютын хугацааны хязгаарлалтгүйгээр кросс валютын своп болох FX форвард хэлцлийг санал болгодог. Тус сан нь Амстердам хотод төвтэй ба S&P агентлагаас A үнэлгээ, Moody’s агентлагаас A1 үнэлгээ авсан. Дэлгэрэнгүй мэдээллийг https://www.tcxfund.com цахим хуудаснаас авна уу.

Төрийн банкны тухай

Төрийн банк нь төрийн өмчийн оролцоотой олон нийтэд нээлттэй хувьцаат компани юм.  Банк нь 2009 онд үүсгэн байгуулагдсан цагаасаа хойш өөрийн чадварлаг боловсон хүчин, дэвшилтэт технологийн тусламжтайгаар найдвартай, цаг алдалгүй үйлчилгээг иргэдийн болон байгууллагын харилцагчдадаа хүргэн ажиллаж, банкны системд хувь нэмрээ оруулж байна. Төрийн банк нь Монгол Улсын банкны системийн нөлөө бүхий таван банкны нэг бөгөөд улсын хэмжээнд 500 гаруй салбар нэгжтэй, иргэдийн банкны үйлчилгээгээр илүү давамгайлдаг. Банк нь олон улсын зээлжих зэрэглэлийн Moody’s агентлагаас B2 үнэлгээтэй. Дэлгэрэнгүй мэдээллийг www.statebank.mn цахим хуудаснаас авна уу.

Дэлгэрэнгүй унших
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Цаг үе

Улаанбаатар хотод 450 км дугуйн замын сүлжээ бий болгоно

Огноо:

,

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва Монголын дугуйн холбооны төлөөллүүдийг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар Улаанбаатар хотод дугуйн спортыг хөгжүүлэх, дэд бүтцийн асуудлыг шийдвэрлэх, иргэдийн идэвхтэй, эрүүл амьдралын хэв маягийг дэмжих чиглэлээр санал солилцлоо.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва “Нийслэлийн дугуйн замыг нэмэгдүүлж, дугуй унаж буй хүмүүст ээлтэй хотыг бий болгох зорилгоор энэ жил 76 км дугуйн зам барьж байгууллаа. Ирэх жил 115 км дугуйн замыг нэмж, Улаанбаатар хотын нийт дугуйн замын сүлжээг 450 км хүргэнэ. Ингэснээр Өнөр хорооллоос Амгалан хүртэл дугуйгаар зорчих нөхцөлийг бүрдүүлэх юм. Олон улсын хотуудын жишгээр Туул голыг дагасан экосистем цэцэрлэгт хүрээлэн, дугуйн зам, явган хүний зам, гүйлтийн замтайгаар хийгдэнэ. Зайсангаас төв талбай хүрэх гүүрэн байгууламжтай дугуйн замыг 2027 онд барихаар М-Си-Эс групптэй зөвшилцсөн. Нийслэл дугуй унах, дугуйн спортыг дэмжинэ” гэлээ.

Монголын дугуйн холбооны ерөнхийлөгч Б.Гүрсоронзон “Нийслэл олон км дугуйн замыг бодлогоор барьж байгаад нийт дугуйчид болон дугуй сонирхогч залуусын өмнөөс талархал илэрхийлье. Монголын дугуйн холбоо нийтийн биеийн тамирыг хөгжүүлэх, замын хөдөлгөөний аюулгүй байдлыг сурталчлах чиглэлээр гол ажлуудаа хийж байна. Олон улсын жишгийг хангасан дугуйн спортын тэмцээн, уралдаан зохион байгуулна. Өнгөрсөн наймдугаар сард Цонжинболдогт “Gravel Gran Fondo Ulaanbaatar 2026 & Yam Trail Run” олон улсын дугуйн тэмцээнийг зохион байгуулсан. Энэ тэмцээнийг 2027 оны наймдугаар сард мөн хийнэ. Одоогийн байдлаар 20 орчим гадаадын тамирчин оролцох хүсэлтээ илэрхийлсэн” гэв.

Дэлгэрэнгүй унших

Цаг үе

Нийслэлийн хэмжээнд 16 мянган тонн давс, бодис нөөцлөөд байна

Огноо:

,

Нийслэлийн хэмжээнд өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангаж, тусгай зориулалтын машин тоног, төхөөрөмж, техникийн бэлэн байдлыг ханган давс, бодисын нөөцийг бүрдүүлж байна.

Өвөлжилтийн бэлтгэл ажлын нэгдсэн төлөвлөгөөнд 573 ажил тусгаснаас хэрэгжилт 90 хувьтай байна. Давс 10016 тонн, бодис 6140 тонныг нөөцөлсөн. Нэмэлтээр 1000 тонн давс, 1500 тонн бодис худалдан авахаар тендер зарлаад байна.

Мөн давс, бодис цацагч 96, зам цэвэрлэгээний 432 тусгай зориулалтын машин, техникийн бэлэн байдлыг хангаад байна. Нийслэлийн хэмжээнд тохижилт үйлчилгээний чиглэлээр 48 байгууллага үйл ажиллагаа явуулдаг. Үүнээс зам, талбайн цэвэрлэгээ үйлчилгээ явуулдаг орон нутгийн төсөвт 17, хувийн хэвшлийн 20 байгууллага байна. Захирагчийн ажлын албанаас “Өвөлд бэлэн үү” үзлэг, шалгалтыг эхлүүлсэн байна.
Дэлгэрэнгүй унших

Цаг үе

Жуковын цэцэрлэгт хүрээлэнгийн тохижилт арваннэгдүгээр сарын 15-нд 90 хувьд хүрнэ

Огноо:

,

Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, Жуковын хөшөөний арын 6000 ам метр газрын зөвшөөрлийг цуцалж, цэцэрлэгт хүрээлэн байгуулах шийдвэрийг зургаадугаар сарын 19-нд нийслэлийн Засаг дарга Б.Пүрэвдагва гаргасан.

Энэ хүрээнд долоодугаар сараас бэлтгэл ажил явж, гүйцэтгэгч шалгаруулж, аравдугаар сарын 9-нд тохижилтын ажлыг эхлүүлжээ. Өнөөдрийн байдлаар тохижилтын ажил 15 хувьтай байна. Тухайн байршилд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва, Баянзүрх дүүргийн Засаг дарга И.Баттөгс ажиллалаа.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва “Улаанбаатар хотын нэг хүнд ногдох ногоон байгууламж 5.9 ам метр буюу дэлхийн дунджаас 60 хувиар бага. Тиймээс хотын ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, цэцэрлэгт хүрээлэн барих ажилд онцгой анхаарч байгаа. ХААН банктай хамтарч, Ногоон нуурын 5.5 га газрыг цэцэрлэгт хүрээлэн болгох ажлыг ирэх хавар эхэлнэ. Улаанбаатар цэцэрлэгт хүрээлэнгийн 10.2 га талбайн менежментийг нийслэл хариуцаж байна. "Рио Тинто Монгол” ХХК гэр хорооллын бүсэд 2 цэцэрлэгт хүрээлэн тохижуулна. Баянгол дүүргийн хойд дэнжийн 10 га газрын тохижилт, Гандангийн тохижилт зэрэг гэр хорооллын бүс, орон сууцны нягтаршилтай бүсийн ногоон байгууламжийг шат дараатай нэмэгдүүлнэ. Цаашид 42 ногоон байгууламж байгуулахаар төлөвлөсөн. Өнөөдрийн байдлаар 13 байршилд зураг төсөл хийгдэж байна. Энэ 13 ажил 2027 оны төсөвт суугдана” гэв.

Жуковын цэцэрлэгт хүрээлэнгийн тохижилтын ажлыг гүйцэтгэгч “Гарден сити” ХХК нийт 4160 ам метр талбайд дайрга дэвсэн индүүдэж, тэгшилсэн. 35.5 метр түшиц хана, тус бүр 10 ам метр хоёр пандуус, шат цутгасан. Хар шороо, дайрга, явган замын хашлага, хавтанг бэлтгэж нөөцлөөд байгааг “Гарден сити” ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Цэрэнпагма хэллээ.

Мөн тохижилтын ажилд зориулж 14 улиас, 38 голт бор, 29 өрөл, 92 нохойн хошуу, 1060 шар хуайсыг бэлтгэжээ. Жуковын цэцэрлэгт хүрээлэнгийн тохижилтын ажлыг арваннэгдүгээр сарын 15-нд 90 орчим хувьд хүргэж, ирэх хавар цэцэрлэгт хүрээлэнг бүрэн ашиглалтад оруулахаар төлөвлөлөө.

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа
Цаг үе5 минутын өмнө

Улаанбаатар хотод 450 км дугуйн замын сүлжээ бий болгоно

Цаг үе10 минутын өмнө

Нийслэлийн хэмжээнд 16 мянган тонн давс, бодис нөөцлөөд байна

Улстөр нийгэм17 минутын өмнө

Нийслэлийн инженерийн шугам, сүлжээний өвөлжилтийн бэлтгэл 94 хувьта...

Урлаг спорт21 минутын өмнө

Спортын салбарын хүний нөөцийг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллана

Улстөр нийгэм2026/10/19

“Ерөнхий сайдаас асуу” уулзалтын үеэр иргэн, бизнес эрхлэгчдийг ...

Шударга мэдээ2026/10/19

Улаанбаатар зам засвар, арчлалтын газар энэ онд 42 байршилд төсөл хэ...

Цаг үе2026/10/19

Жуковын цэцэрлэгт хүрээлэнгийн тохижилт арваннэгдүгээр сарын 15-нд 9...

Цаг үе2026/10/19

“Уран жолоодлого-2026” тэмцээнд нийтийн тээврийн 70 гаруй жолооч...

Цаг үе2026/10/19

Эмээлтийн постыг ирэх онд Аргалант руу шилжүүлнэ

Улстөр нийгэм2026/10/16

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-ын Ерөнхийлөгчийн урилгаар төрийн айлчл...

Санал болгох