Цаг үе
Хэвийн боов нэр төрлөөс хамаарч нэг ширхэг нь 5300-12500 төгрөг байна
Энэ жилийн хувьд хэвийн боов үнийн хувьд 5100-6800 төгрөгийн үнэтэй байна. Томоохон зах, худалдааны төв, цагаан сарын үзэсгэлэн худалдаанд үндэсний үйлдвэрлэгчид өөрсдийн нэрийн лангуугаа гаргасан учир жижиглэнгээс бусад бүх худалдаанд хэвийн боов үйлдвэрийн үнээр гарчээ. Тухайлбал, "Талх чихэр" ХК-ийн хэвийн боовны үнэ 250-600 граммтай нэр төрлөөс хамаарч нэг ширхэг нь 5300-12500 төгрөг, гавжийн дугуй 15 мянган төгрөг, "Өгөөж чихэр боов" ХК-ийн хэвийн боов хоёр төрлөөр гарсан бөгөөд Хотол нь 10 ширхэгийн савлагаатай, угалз хэвийн боов нь ширхэг нь 5600 төгрөгийн үнэтэй худалдаанд гарчээ.
Харин "Бамбууш" ХХК-ийн хэвийн боов багцаар гарсан бөгөөд зүсэлттэй есөн ширхэг боов, гурван ширхэг тахилын боов, нэг ширхэг суурь еэвэнтэй 95 мянган төгрөг, 21 ширхэг хэвийн боовтой тавгийн идээний том багц нь 220 мянган төгрөгөөр, зүсэлтгүй хэвийн боов нь төрлөөс хамаарч 5000-7000 төгрөгийн үнэтэй, "Суман гүн трейд" ХХК-ийн хэвийн боов 5000-5500 төгрөгөөр худалдаанд гарчээ.
Энэ жилийн тухайд үйлдвэрүүдийн хэвийн боов гурил, бусад хэрэглэгдэхүүний зардал өссөнтэй холбоотой ширхэг бүр дээр 300-700 төгрөг нэмжээ.
Цаг үе
Индонезид авлигын хэрэгтэй холбоотойгоор өндөр албан тушаалтнуудыг баривчилжээ
Индонезид авлигын эсрэг ажиллагаа эрчимжиж, Засгийн газрын өндөр албан тушаалтнуудыг баривчилжээ. “Аль Жазира”-гийн мэдээлснээр, тус улсын Цагаачлалын асуудал эрхэлсэн дэд сайд Силми Каримыг цагаачлалын бичиг баримтын бүрдүүлэлт, удирдлагатай холбоотой зөрчил гаргасан байж болзошгүй хэргээр саатуулсан байна. Түүнийг Авлигатай тэмцэх комиссын байранд 10 орчим цаг байцаасны дараа баривчилжээ.
Авлигатай тэмцэх комиссын төлөөлөгч Будии Прасетьогийн мэдээлснээр, уг хэрэг 2023-2024 онд Силми Карим тухайн үеийн Ерөнхийлөгч Жоко Видодогийн засаг захиргаанд Цагаачлалын асуудал эрхэлсэн ерөнхий захирлаар ажиллаж байх үед гарсан байж болзошгүй аж. Мөн энэ хэрэгт холбогдуулан өөр долоон сэжигтнийг тогтоосон гэж мэдэгдэв.
Үүнээс нэг өдрийн өмнө Индонезийн Ерөнхий прокурорын газар Ерөнхийлөгч Прабово Субиантогийн хүүхдийн хоол тэжээлийн дутагдалтай тэмцэх үнэгүй хоолны хөтөлбөрийг хариуцаж байсан Үндэсний хоол тэжээлийн агентлагийн дарга асан Дадан Хиндаяанаг авлигын хэрэгт холбогдуулан баривчилжээ. Тус хэрэгт мөн хоёр хүнийг саатуулсан байна.
Мөрдөн шалгах байгууллагын мэдээлснээр, үнэгүй хоолны хөтөлбөрийг сургуулиудад үйл ажиллагаа явуулдаг сангуудаар дамжуулан хэрэгжүүлдэг бөгөөд эдгээр санг хууль бус үйл ажиллагаанд ашигласан байж болзошгүй гэж үзэж байгаа юм.
Индонезийн Төрийн нарийн бичгийн дарга Прасетьо Хади сүүлийн хоёр өдөр дараалан өндөр албан тушаалтнууд авлигын хэрэгт холбогдсонд Засгийн газар санаа зовниж буйгаа илэрхийлжээ. Тэрбээр Авлигатай тэмцэх комисс болон Ерөнхий прокурорын газрын явуулж буй хуулийн ажиллагааг Засгийн газар хүндэтгэнэ гэж мэдэгдсэн байна.
Индонезид сүүлийн саруудад авлигын эсрэг ажиллагаа идэвхжиж, өнгөрсөн дөрөвдүгээр сард тус улсын Омбудсманы ерөнхий дарга албан тушаалдаа томилогдоод зургаахан хоногийн дараа хээл хахуулийн хэрэгт холбогдон баривчлагдсан юм.
Цаг үе
Эрхтэн шилжүүлэн суулгах салбарын олон улсын тэргүүлэх мэргэжилтнүүдийг хүлээн авч уулзав
Эрүүл мэндийн сайд Э.Батшугар Монгол Улсад зохион байгуулагдаж буй “ICOT V-2026” Олон улсын эрхтэн шилжүүлэн суулгах чуулганд оролцохоор хүрэлцэн ирсэн олон улсын эрдэмтэн, профессоруудын төлөөллийг хүлээн авч уулзлаа.
Уулзалтад Туркийн Эрхтэн шилжүүлэн суулгах сангийн ерөнхийлөгч, профессор Эюп Кахвежи, Испанийн Донор ба шилжүүлэн суулгалтын институтийн ерөнхийлөгч, профессор Марти Маньялич Видал, Туркийн Эрхтэн шилжүүлэн суулгах сангийн ерөнхий зохицуулагч Гамзе Илдирим, БНСУ-ын Сөүлийн Үндэсний Анагаах Ухааны Төвийн профессор, Азийн Эрхтэн шилжүүлэн суулгах нийгэмлэгийн ерөнхий нарийн бичгийн дарга, “Vitalink” байгууллагын захирал профессор Гюри Ан нар оролцлоо.
Талууд Монгол Улсад эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах тусламж үйлчилгээний өнөөгийн байдал, тархины үхэлтэй донорын тогтолцоог бэхжүүлэх боломж, хүний нөөцийн чадавхыг дээшлүүлэх, эмч мэргэжилтнүүдийг олон улсын сургалт, судалгаанд хамруулах, эрхтэн хадгалалт болон шилжүүлэн суулгах дэвшилтэт технологийг нэвтрүүлэх чиглэлээр санал солилцлоо.
Эрүүл мэндийн сайд Э.Батшугар Монгол Улсад эрхтэн шилжүүлэн суулгах салбар сүүлийн жилүүдэд эрчимтэй хөгжиж байгааг онцолж, олон улсын байгууллага, тэргүүлэх мэргэжилтнүүдтэй хамтын ажиллагаагаа өргөжүүлэн, иргэдэд үзүүлэх тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэхэд анхаарч ажиллахаа илэрхийллээ.
Мөн уулзалтын үеэр “ICOT V-2026” конгрессын хүрээнд хэрэгжүүлэх хамтарсан сургалт, эрдэм шинжилгээний хамтын ажиллагаа, туршлага солилцооны талаар хэлэлцэж, цаашдын хамтын ажиллагааны чиглэлүүдийг тодорхойлов.

Цаг үе
Улаанбаатар хот БНСВУ-ын Нинь Бинь мужтай хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ
Манай улс Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улс (БНСВУ)-тай хот байгуулалт, аялал жуулчлал, соёл, боловсрол, эдийн засгийн салбаруудад хамтын ажиллагаагаа жилээс жилд өргөжүүлж буй. Энэ хүрээнд нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч А.Амартүвшин тус улсын Нинь Бинь мужийн Намын хорооны орлогч нарийн бичгийн дарга, Үндэсний Ассамблейн төлөөлөгчдийн тэргүүн Май Ван Туат тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар талууд цаашдын хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар санал солилцсон юм.
Уулзалтын эхэнд НЗД-ын орлогч А.Амартүвшин уулзалтад ирсэн төлөөлөгчдөд талархал илэрхийлэн “Улаанбаатар хотын хувьд танай улсын нийслэл Ханой хоттой 1980-аад оноос эхлэн олон салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлэн хөгжүүлсээр байна. Нийслэл хотуудын энэхүү харилцаа өнөөдөр орон нутгийн түвшний хамтын ажиллагаагаар улам бүр баяжиж байгаад баяртай байгаа илэрхийлье.
Цаашид Улаанбаатар хот болон Нинь Бинь мужийн аж ахуйн нэгж, байгууллагуудыг харилцан холбож, бизнесийн орчин, зах зээлийн боломжийг нэмэгдүүлэх хүсэлтэй байна. Тухайлбал, дэвшилтэт технологид суурилсан үйлдвэрлэл, хөдөө аж ахуй, логистик, худалдаа, хөрөнгө оруулалтын салбар, хүнсний болон өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үйлдвэрлэл дэх хамтын ажиллагааг бэхжүүлэх чиглэлд бүхий л талаар дэмжлэг үзүүлэн, хамтран ажиллахдаа таатай байх болно” гэлээ.
БНСВУ-ын Нинь Бинь мужийн Намын хорооны орлогч нарийн бичгийн дарга, Үндэсний Ассамблейн төлөөлөгчдийн тэргүүн Май Ван Туат “Манай муж нь 2030 он гэхэд хотын статустай болохоор зорьж буй. Үүнтэй холбоотойгоор бидний харилцаа, хамтын ажиллагаа улам өргөжиж, олон төсөл, хөтөлбөрүүд амжилттай хэрэгжинэ гэдэгт итгэлтэй байна.
Цаашид дээрх салбаруудад хамтын ажиллагаагаа өргөжүүлэхээс гадна дижитал шилжилт, төрийн үйлчилгээний шинэчлэл, суурьшлын бүсийн оновчтой төлөвлөлт, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх чиглэлээр харилцан туршлага солилцон, хамтран ажиллах хүсэлтэй байна” гэдгийг онцолж байв.
Ташрамд, Монгол Улс, БНСВУ хооронд дипломат харилцаа тогтоосны 72 жилийн ой энэ онд тохиож байна.
-
Үзэл бодол2022/03/15
С.Амарсайхан: Цементийн үнэ 30 хувь нэмэгдсэн шалтгааныг тогтоож, хариу арга хэм...
-
Шударга мэдээ2022/09/09
Богд Зонхова хайрханд тарьсан 15 нэр төрлийн мод 98 хувийн ургалттай байна
-
Цаг үе2025/05/16
Орон сууцны залилах гэмт хэргээс урьдчилан сэргийлье!
-
Улстөр нийгэм2023/09/08
Лаг дахин боловсруулах үйлдвэрийн ТЭЗҮ боловсруулах ажил эхэллээ
