Шударга мэдээ
Дайвар ачаанд нуусан хар тамхийг хүлээн авч, худалдахыг завдсан хэргийг шүүхэд шилжүүлжээ
Прокурорын байгууллага 2025 оны 2 дугаар сарын 03-наас 07-ны өдрийг хүртэл хугацаанд хэрэг бүртгэлтийн 48542, мөрдөн байцаалтын 2857 хэрэгт хяналт тавьж, эрүүгийн 233 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүллээ.
Яллах дүгнэлт үйлдсэн хэргийг тодруулбал, Эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг 92, Өмчлөх эрхийн эсрэг 59, Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг 56, Хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг 8, Хүрээлэн байгаа орчны эсрэг 5, Хүний амьд явах эрхийн эсрэг, Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах, Хүний халдашгүй, чөлөөтэй байх эрхийн эсрэг гэмт хэрэг тус бүр 3, Авлига, албан тушаалын 2, Кибер орчинд хууль бусаар халдах болон Цэргийн албаны эсрэг гэмт хэрэг тус бүр 1 байна.
Шүүхэд шилжүүлсэн зарим хэргээс дурдвал:
- Нийслэлийн прокурорын газраас “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн тэмдэг, хэвлэмэл хуудас бүхий албан бичгийг хуурамчаар үйлдэж, хуурамч гэдгийг мэдсээр байж БНХАУ-ын нэр бүхий хуулийн этгээдүүдэд “нүүрс худалдах, худалдан авах гэрээ байгуулах тухай мэдэгдэл хүргүүлэх” агуулга бүхий албан бичгийг дээрх компанийн ижил төстэй мэйл хаягуудаас илгээж ашигласан Д.О-д холбогдох хэрэгт Эрүүгийн хуулийн 23.2 дугаар зүйлийн 1 /Хуурамч баримт бичиг үйлдэх, ашиглах/-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд,
- Бүгд Найрамдах Турк Улсаас бусдын дайвар ачаанд нуун, хууль бусаар оруулж ирсэн 239.4 грамм мансууруулах бодисыг худалдаалах зорилгоор хүлээн авсан, хадгалсан Л.Д, Х.Н нарт холбогдох хэрэгт Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлийн 2 /Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд,
- 2022 оноос 2024 оны 9 дүгээр сарыг хүртэлх хугацаанд эмэгтэйчүүдийг биеэ үнэлэхэд зуучилсан, тээврийн хэрэгслээр хангасан Л.Ц-д холбогдох хэрэгт Эрүүгийн хуулийн 12.3 дугаар зүйлийн 1 /Бэлгийн мөлжлөг/, 12.3 дугаар зүйлийн 1 /Биеэ үнэлэхийг зохион байгуулах/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж дүүргийн эрүү, иргэний хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхэд,
- БНХАУ-аас Өмнөговь аймгийн Гашуунсухайт авто замын боомтоор зохих зөвшөөрөлгүйгээр эмийн түүхий эд болох каффейний агууламжтай бодисыг нуун оруулж ирсэн, бусдад худалдсан Г.Ц-д холбогдох хэрэгт Эрүүгийн хуулийн 20.14 дүгээр зүйлийн 2 /Хууль бусаар эм, эмийн түүхий эд, биобэлдмэл, эмнэлгийн хэрэгслийг үйлдвэрлэх-экспортлох, импортлох-ханган нийлүүлэх, худалдах/-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж тус аймгийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд,
- Өрхийн эрүүл мэндийн төвд нийтийн албан тушаалтнаар ажиллаж байсан Н.Э нь эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглан бусдыг дадлагажигч эмчээр томилон, ажил эрхлээгүй байхад улсын төсвөөс 24.5 сая төгрөгийг цалин олгосон, мөн бусдыг хөдөлмөр эрхлээгүй байхад цалин олгохоор шийдвэрлэн 13 сая төгрөгийг шилжүүлэн авч өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон хэрэгт Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 2 /Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд,
- Төрийн худалдан авах ажиллагааны газраас зохион байгуулдаг худалдан авах ажиллагааны мэргэшсэн ажилтан бэлтгэж, гэрчилгээ олгохдоо иргэдийг сургалтад зохих журмын дагуу хамруулалгүй, шалгалт авахуулалгүй тэнцүүлж, гэрчилгээ олгуулах ашиг сонирхлын үүднээс Төрийн худалдан авах ажиллагааны газрын мэргэжилтэнд хахууль өгсөн Э.Ж-д холбогдох хэрэгт Эрүүгийн хуулийн 22.5 дугаар зүйлийн 1 /Хахууль өгөх/-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд тус тус шилжүүллээ.
Шударга мэдээ
“50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал “50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" үндэсний хөтөлбөр эхэлснийг албан ёсоор мэдэгдэж, ирэх 2027 онд 16 мянган айлыг ипотекийн зургаан хувийн зээлээр орон сууцанд оруулна. Сонгон шалгаруулалтыг нээлттэй, ил тод зохион байгуулна гэлээ.
Өнөөдөр "Сэлбэ", "Шархад", "Солонго I, II" хороолол зэрэг төрийн мэдэлд 3572 айлын орон сууц баригдаж байна. Ирэх 2027 онд 8238, 2028 онд 11,246 гэх мэтээр нэмэгдэнэ. 2030 онд 40,000 айлын орон сууц ашиглалтад орно.
Хувийн компаниудын 14,832 айлын орон сууц энэ 2026 онд ашиглалтад орно. 2030 он гэхэд 82,000 гаруй айлын орон сууц барина.

Ерөнхий сайд,
“Төрийн мэдлийн 40,000 орон сууцанд урьдчилгаа төлбөргүй. 45 м.кв, хоёр өрөө орон сууцаар жишээ авъя. Дөрвөн сонголт байна. Нэгдүгээрт, түрээсийн орон сууц. Сарын түрээс 700,000 төгрөг байна. Хоёрдугаарт, түрээслээд өмчлөх хэлбэр байна. Түрээсэнд сард 700,000 төгрөг төлнө. Өмчлөлдөө 720,000 төгрөг төлнө. Сард 1,420, 000 төгрөг болно. Түрээсийн байр, түрээслээд өмчлөх орон сууц аль аль нь урьдчилгаа төлбөргүй гэдгийг дахин онцлон хэлье. Гуравдугаарт, түрээслээд өмчлөх болон ипотекийн зээлийн хэлбэр байна. Та 30 хувийн урьдчилгаа төлбөр цуглуулах хэрэггүй. Түрээсийн төлбөр дээрээ нэмээд сар бүр 860,000 төгрөгийг таван жилийн туршид төлөөд, урьдчилгаа төлбөрөө бүрдүүлэх боломжтой. Дөрөвдүгээрт, хамтын өмчлөл гэдэг шинэ хэлбэр. Орон сууцны ордер гэрчилгээнд банк, НОСК хамтран өмчилнө гэсэн үг. Орон сууцны тань 50 хувийг түрээс, эсвэл түрээслээд өмчлөхөд тооцно. Үлдсэн 50 хувьд нь зээл авна гэсэн үг юм. Урьдчилгаа төлбөрийн босго хоёр дахин намсана. Зээл, хүүгийн төлбөр ч тал хувиар багасна гэсэн үг. Төрийн мэдлийн 40,000 орон сууцны талаас илүүд гэр хорооллын айл өрх орно. Газрыг нь үнэлж, төлбөрт нь тооцно.
Хувийн компаниудын барих 60,000 орон сууцанд зургаан хувийн зээлд хамруулна. Анх удаа орон сууцтай болох айл өрхөд зориулна. 39,000 айлыг зургаан хувийн зээлд хамруулна. 21,000 айлыг эхний гурван жилд нь зургаа хувь, үлдсэн 17 жилд 12 хувийн зээлд хамруулах зэрэг сонголттой. Хотын бүс, байршлаас хамаарч, хүн амын төвлөрөл, ачаалал, түгжрэлийг давхар тооцсон хүү, нөхцөл нь өөр өөр байхаар төлөвлөлөө” гэлээ.
Шударга мэдээ
Ой, хээрийн түймрийн улмаас учирсан хохирлыг тогтоож, гэм буруутай этгээдээр нөхөн төлүүлнэ
Нөмрөгийн дархан цаазат газарт гарсан ой, хээрийн түймрийн шалтгаан, нөхцөлийг тогтоох, түймрийн голомт, тархалт, хамарсан хүрээг тогтоож, цаашид түймэр гарахаас урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажиллахыг холбогдох албан тушаалтнуудад даалгалаа.
Түймрийн улмаас байгаль орчинд учирсан хохирлыг тогтоож, үнэлгээ хийх, нөхөн сэргээх арга хэмжээний төлөвлөгөө боловсруулж, түймрийн шалтгаан, нөхцөлийг шалгаж, гэм буруутай этгээдийг тогтоох, хуульд заасан хариуцлага хүлээлгэх, байгаль орчинд учирсан хохирлыг буруутай этгээдээр нөхөн төлүүлэх, хор уршгийг арилгуулах асуудлыг хууль тогтоомжийн хүрээнд судалж, шийдвэрлэх арга хэмжээ авна.
Дорнод аймгийн Халхгол сумын нутаг дэвсгэрт энэ сарын 8-нд гарсан ой, хээрийн түймэр нийт 528,765.5 га талбайг хамарснаас Нөмрөгийн дархан цаазат газрын 468,965.7 га буюу нийт нутаг дэвсгэрийн 79.8 хувь нь өртжээ.
Шударга мэдээ
Улаанбаатар зам засвар, арчлалтын газар энэ онд 42 байршилд төсөл хэрэгжүүлж байна
“Улаанбаатар зам засвар, арчлалтын газар” ОНӨААТҮГ-т нийслэлийн Засаг дарга Б.Пүрэвдагва, Баянзүрх дүүргийн Засаг дарга И.Баттөгс, нийслэлийн Замын хөгжлийн төсөл, хөтөлбөрийн зохицуулагч Л.Хосбаяр ажиллалаа.
Улаанбаатар зам засвар, арчлалтын газар нийслэлийн авто зам, байгууламжийн засвар, арчлалт, тэмдэг тэмдэглэгээ, ашиглалтыг хариуцан ажилладаг. Энэ онд нийслэлийн Засаг даргын захирамжаар хэрэгжүүлж буй 18 төсөл, арга хэмжээний хүрээнд нийт 42 байршилд засвар, шинэчлэлийн ажлыг гүйцэтгэж байгаа юм.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва “Улаанбаатар зам засвар, арчлалтын газар хотын чухал эд эс. Авто замын засвар, шинэчлэлийн ажлууд түгжрэл, амьдралын чанартай шууд холбоотой. Иймд явган хүний зам, авто замын эвдрэлийг чанартай засаж, насжилт хэтэрсэн замуудыг шинээр барьж, ажлыг эрэмбэлэх нь чухал. Машин, техник, тоног төхөөрөмжийн шинэчлэл, асфальтбетон үйлдвэрлэлийн зардал, уг үйлдвэрлэлд зориулж дайрга олборлох асуудлыг судлах, нийт асуудлыг нэгтгэн танилцуулахыг нийслэлийн Замын хөгжлийн төсөл, хөтөлбөрийн зохицуулагч Л.Хосбаярт хариуцуулъя” гэв.
Ажиллах хүчний нөхцөл, авто баазын парк шинэчлэл болон асфальтбетоны үйлдвэрлэлийн зардлыг багасгаж, бүтээмжийг сайжруулснаар ажлын бүтээмж 3-4 дахин нэмэгдэх боломжтойг Улаанбаатар зам засвар, арчлалтын газраас танилцууллаа.



