Урлаг спорт
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх нисгэгчгүй нисэх хэрэгсэл жолоодлогын улсын аварга шалгаруулах тэмцээний хаалтад оролцлоо
Нисгэгчгүй нисэх хэрэгслийн спортыг хөгжүүлэх, дроны үйлдвэрлэл, технологийг аюулгүй байдал, хөдөө аж ахуй, нийгмийн бусад салбарт эрчимтэй нэвтрүүлэх бүх талын үйл ажиллагааг дэмжих зорилгоор Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн ивээл дор Монгол Улсад анх удаа “Дронкон” нисгэгчгүй нисэх хэрэгсэл жолоодлогын улсын аварга шалгаруулах тэмцээнийг 2025 оны 01 дүгээр сарын 24, 25-ны өдрүүдэд зохион байгууллаа.
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх “Буянт-Ухаа” спорт цогцолборт болсон мэргэжлийн төрлийн шигшээ тоглолтыг үзэж, шилдэг оролцогчдод шагнал гардуулав.

Тэрбээр хэлсэн үгэндээ, дэлхий дахинд нисгэгчгүй нисэх хэрэгслийн технологи асар хурдацтай хөгжиж, түүний хэрэглээ эдийн засаг, батлан хамгаалах, гамшигтай тэмцэх зэрэг бүхий л салбарын үйл ажиллагаанд нэн эрчимтэй нэвтэрч, цаг хугацаа, хөрөнгө мөнгө, хүн хүчийг үлэмж хэмнэж байгааг тодотгов.
Тухайлбал, 2023 онд барилгын салбарт 44, хөдөө аж ахуйн салбарт 38, батлан хамгаалах салбарт 28 хувиар дроны зах зээл нэмэгдсэн байна.
Байгаль цаг уурын харилцан адилгүй бүсчлэл бүхий өргөн уудам нутаг дэвсгэртэй, дэд бүтэц сул хөгжсөн, хүн ам цөөтэй Монгол Улсын хувьд дэвшилтэт техник, өндөр технологийг бүх салбарт өргөнөөр ашиглаж, мэдээлэл, харилцаа холбооны технологийн салбарт олон улсад өрсөлдөх чадавхтай байх нь үндэсний аюулгүй байдлыг хангах бодлогын нэн чухал зорилт байх ёстойг Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч онцоллоо.

Иймд дроны техник, технологийг нэвтрүүлэх, үндэсний аюулгүй байдал, улс ардын аж ахуйд өргөнөөр ашиглах, чадварлаг оператор-нисгэгчдийг бэлтгэх, улмаар дотоодын үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд төр засгийн бодлого, олон нийтийн идэвхтэй оролцоо, төр-хувийн хэвшлийн түншлэл чиглэх учиртайг тэмдэглэв.
“Дронкон” улсын аварга шалгаруулах анхдугаар тэмцээн нь Монгол Улсад нисгэгчгүй нисэх хэрэгслийн спортыг хөгжүүлэхийн зэрэгцээ дроны хэрэглээ, үйлдвэрлэл, хөгжүүлэлтийг шинэ шатанд гаргаж, үндэсний техник, технологи, мэргэжлийн хүний нөөцийг нэмэгдүүлэхэд чухал хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийллээ.
Энэ чиглэлд хувийн хэвшлийн байгууллага, иргэдийн санаачилга, оролцоо үлэмж их байгааг сайшаан тэмдэглэхийн хажуугаар төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагууд идэвхтэй оролцсонд сэтгэл хангалуун байгаагаа хэлэв.


Цаашид төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагууд Монгол Улсад нисгэгчгүй нисэх төхөөрөмжийг ашиглах, программ хангамжийг хөгжүүлэх тал дээр түүчээлэн манлайлж, хүүхэд залуусын дунд дрон, нисэх загвар зохион бүтээх, энэ төрлийн спортыг хөгжүүлэхэд холбогдох яам, агентлагийн удирдлагууд онцгойлон анхаарч ажиллах ёстойг Монгол Улсын Ерөнхийлөгч онцоллоо.
Улмаар нисгэгчгүй нисэх хэрэгслийн ашиглалтын эрх зүйн орчныг олон улсын туршлага, сургамжид нийцүүлэн маш нарийн боловсруулан мөрдүүлэх, дроноос хамгаалах системийг бий болгон хөгжүүлэх шаардлагатайг онцлон тэмдэглэв.
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх энэхүү тэмцээн жилээс жилд хүрээгээ тэлж, олон улсын тэмцээн болж өргөжнө гэдэгт итгэл дүүрэн байгаагаа илэрхийлж, тэмцээнийг амжилттай зохион байгуулсан Зэвсэгт хүчний Агаарын цэргийн командлал, дэмжин оролцсон төрийн болон төрийн бус байгууллагуудад чин сэтгэлийн талархал илэрхийллээ.
Мэргэжлийн, сонирхогчдын, тоглоомын, өөрөө угсрах гэсэн дөрвөн төрлөөр явагдсан тус тэмцээнд нийт 500 гаруй тамирчин оролцжээ.


Урлаг спорт
Спортын салбарын хүний нөөцийг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллана
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва Токушима дахь Монгол Улсын Өргөмжит консул Каваүчи Широ тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.
Уулзалтаар Улаанбаатар хот болон Япон Улсын хотуудын хооронд нийтийн тээвэр, байгаль орчин, хог хаягдлын менежмент, гамшгийн эрсдэлийн удирдлага, спортын чиглэлээр хамтран ажиллах санал солилцов.

Энэ удаагийн уулзалт хоёр улсын уламжлалт найрсаг харилцааг орон нутгийн түвшинд бэхжүүлэх, Улаанбаатар хот болон Япон Улсын орон нутгийн засаг захиргаа, байгууллага, иргэд хоорондын харилцааг шинэ агуулгаар баяжуулахад чухал ач холбогдолтой. Тодруулбал, Улаанбаатар хотод тийболлын спортыг хөгжүүлж, Япон Улсын багш, дасгалжуулагчийн арга барил, туршлагаас суралцах, тийболлын спортоор хичээллэж буй хүүхдүүдийг Япон Улсад сургах боломжтой талаар хэлэлцлээ.
Токушима дахь Монгол Улсын Өргөмжит консул Каваүчи Широ Улаанбаатар хоттой найрсаг харилцаагаа өргөжүүлж, спортын салбарын хүний нөөцийг чадавхжуулахад хамтран ажиллахаа илэрхийлэв.


Урлаг спорт
С.Жамбалжамц Азийн наадмаас хүрэл медаль хүртлээ
Монголын дугуйчин, ОУХМ С.Жамбалжамц “Айчи–Нагояа 2026” Азийн зуны XX наадмын засмал замын дугуйн эрэгтэйчүүдийн ганцаарчилсан цуваа гараатай уралдаанаас хүрэл медаль хүртлээ. Энэ нь Монголын багийн тус наадмаас хүртсэн анхны медаль болж байна.
С.Жамбалжамц замаа 42 минут 58.06 секундэд туулжээ. Казахстаны Алексей Луценко 41:24.05 амжилтаар түрүүлж, Японы Имамура Шүнсүкэ 42:58.04 амжилтаар мөнгөн медаль хүртсэн байна. Монголын тамирчин мөнгөн медалиас ердөө 0.02 секундээр хоцорчээ.
Ийнхүү С.Жамбалжамц Азийн наадмаас хоёр дахь хүрэл медалиа хүртэв. Тэрбээр өмнөх Ханжоугийн Азийн наадамд мөн хүрэл медаль хүртэж байсан юм.
“Айчи–Нагояа 2026” Азийн наадмын засмал замын дугуйн эрэгтэйчүүдийн бөөн гараатай уралдаан есдүгээр сарын 23-нд болно. Харин эмэгтэйчүүдийн бөөн гараатай уралдаан есдүгээр сарын 22-нд зохион байгуулагдахаар албан ёсны хуваарьт тусгажээ.
Урлаг спорт
Дүнжингарав, Нарантуул худалдааны төвөөр үйлчлүүлэх иргэдэд богино эргэлтийн автобус үнэ төлбөргүй үйлчилнэ
Цөлжилттэй тэмцэх олон улсын COP17 хурал энэ сарын 17-нд Улаанбаатар хотод эхлэх гэж байна. Энэ хуралд дэлхийн 196 орны зочид төлөөлөгчид оролцох бөгөөд авто замын ачааллыг бууруулах үүднээс Дүнжингарав, Нарантуул захын авто машины зогсоолыг түр хугацаанд хаана.
Тус худалдааны төвөөр үйлчлүүлэх иргэдэд богино эргэлтийн автобус үнэ төлбөргүй үйлчлэхээр болсон Иймд 2026 оны наймдугаар сарын 17-ны өдрийн 06:00 цаг хүртэл үргэлжилэх бөгөөд тус маршрут нь
Офицеруудын ордоноос -Нарантуул-Дүнжингарав худалдааны төв хүртэлх хамаарна гэж Нийтийн тээврийн бодлогын газраас мэдээллээ.

-
Цаг үе2022/11/07
Мал тооллогын лавлагааг "E-Mongolia"-гаас авах боломжтой
-
Улстөр нийгэм2022/04/06
УИХ: Ажлын хэсгүүдийн хуралдаан болно
-
Шударга мэдээ2024/03/15
Зам, даваанд халтиргаа, гулгаа үүсэж болзошгүйг анхааруулж байна
-
Улстөр нийгэм2022/09/14
УИХ-ын дарга Г.Занданшатар Европын Холбооноос Монгол Улсад суугаа Элчин сайд Акс...
