Бидэнтэй нэгдэх

Улстөр нийгэм

Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ

Огноо:

,

Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгаланд 2025 оны 01 дүгээр сарын 23-ны  Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Цогтбаатар нарын гишүүд Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ.

Улсын Их Хурлын дарга 2024 оны 72 дугаар захирамжаараа Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулж, 2024 оны намрын ээлжит чуулганы хугацаанд өргөн мэдүүлэх үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулсан. Улсын Их Хурлын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Цогтбаатар тус ажлын хэсгийг ахалж, бүрэлдэхүүнд нь Улсын Их Хурлын гишүүн Х.Баасанжаргал, Б.Батбаатар, Н.Батсүмбэрэл, Ц.Мөнхбат, З.Мэндсайхан, Б.Пунсалмаа, Д.Пүрэвдаваа, Б.Энхбаяр нар ажилласан юм.

Монгол Улсын Үндсэн хууль болон Монгол Улсын нэгдэн орсон Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пакт, Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын баримт бичиг “Алсын хараа-2050”, Монгол Улсын Их Хурлын 2024-2028 оны стратеги төлөвлөгөөгөөний холбогдох зорилт, заалтад нийцүүлэн хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийг санаачлан боловсруулах, хууль тогтоомжийн төсөлд тавигдах шаардлагыг тодорхойлох, олон нийтийн оролцоог хангах, Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх, батлагдсан хууль тогтоомжийг нийтлэх, сурталчлах, түүний хэрэгжилтийн үр дагаврыг үнэлэхтэй холбогдсон харилцааг зохицуулж буй Хууль тогтоомжийн тухай хуульд шаардлагатай нэмэлт, өөрчлөлтийг оруулах шаардлагатай хэмээн төсөл санаачлагчид үзсэн байна. Түүнчлэн 2015 оноос хойш Хууль тогтоомжийн тухай хуулийн 93 хэсэг, 54 заалтад, давхардсан тоогоор нийт 111 хэсэг, 64 заалтад өөрчлөлт орж хөндөгдсөн тул бүтэц, нэр томьёо, агуулгыг жигдлэх хууль зүйн техникийн шинжтэй засвар, өөрчлөлтийг хийх шаардлага үүссэн байна.

Иймд зургаан зүйлтэй Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулж, зарчмын шинжтэй дараах зохицуулалтуудыг тусгажээ. Тухайлбал, хууль санаачлагч хууль тогтоомжийн төслийн үр нөлөөний үнэлгээг судалгаа, шинжилгээний байгууллага, судлаачаар хараат бусаар гүйцэтгүүлдэг байх нь зүйтэй хэмээн үзсэн байна. Мөн хуулийн төслийн хүний эрхийн нийцлийг тодорхой аргачлалаар үнэлдэг болох; хууль тогтоомжийг хэрэгжүүлэхтэй холбогдон гарах зардлыг илүү өргөн хүрээнд тооцох; шаардлагатай тохиолдолд тухайн асуудлаар харьцуулсан судалгаа хийж, хууль тогтоомжийн төслийн бүрдүүлбэрт хавсаргаж байх нь зүйтэй хэмээн төсөл санаачлагчид үзэж, холбогдох зохицуулалтыг төсөлд тусгажээ.

Хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл боловсруулахдаа тухайн төсөл нь анх батлагдсан хууль болон дагалдаж буй хуулийн төслийнхөө үзэл баримтлал, агуулгад нийцсэн байх; төслийн талаарх олон нийтийн саналыг хуулийн төсөлд тусгасан эсэх, холбогдох тайлбар, үндэслэлийг хуулийн төслийн дэлгэрэнгүй танилцуулгад тусгадаг байх зохицуулалтыг Хууль тогтоомжийн тухай хуульд тусгахаар холбогдох зохицуулалтыг төсөлд тусгасан байна.

Түүнчлэн эрх зүйн мэдээллийн нэгдсэн систем (legalinfo.mn)-ийн цахим хуудсыг хууль тогтоомжийн төслийг олон нийтээр хэлэлцүүлэх төвлөрсөн цахим систем хэлбэрээр ашиглах, хөгжүүлэх нь зүйтэй хэмээн үзжээ.

Хууль тогтоох онцгой бүрэн эрхийг Улсын Их Хуралд хадгалах хүрээнд түүнийг хязгаарласан аливаа зохицуулалтыг засч залруулахаас гадна захиргааны хэм хэмжээний акт гаргах эрх олгосон хуулийн төслийн зохицуулалтад тавих шаардлагыг өндөрсгөж, зөвхөн хуулийн тодорхой зүйл, хэсэг, заалтыг хэрэгжүүлэх, зохион байгуулалтын арга хэмжээ авах зорилгоор хуулиар тусгайлан эрх олгосон тохиолдолд гаргадаг байхаар хязгаарлах бөгөөд ингэхдээ тусгайлан эрх олгосон зохицуулалтад тусгаж болох, эс тусгах асуудлыг хуульчлах нь зүйтэй хэмээн төсөл санаачлагчид үзсэн байна.

Захиргааны хэм хэмжээний актаар хүний эрх, эрх чөлөөг хязгаарласан аливаа зохицуулалт тусгахгүй байх, Монгол Улсын Үндсэн хуульд гагцхүү хуулиар зохицуулахаар заасан аливаа төрлийн харилцааг зохицуулахгүй байх, түүнчлэн тухайн актыг батлах хугацааг хуулийг дагаж мөрдөх журамд тусгахаар холбогдох зохицуулалтыг төсөлд тусгажээ.

Хүний эрх, эрх чөлөөг хязгаарласан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны талаарх зохицуулалт бүхий хуулийн төсөлд Улсын дээд шүүх, Улсын ерөнхий прокурор, Хүний эрхийн Үндэсний Комиссын саналыг заавал авах нь шаардлагатай хэмээн үзсэн байна.

Тав ба түүнээс дээш жил дагаж мөрдөж байгаа хууль тогтоомжийг шинэчлэн найруулах, тэдгээрт нэмэлт, өөрчлөлт оруулах тохиолдолд биелэлтийн үр дагаврын үнэлгээг хийж, хуульд заасны дагуу үнэлгээний үр дүнг хэлэлцүүлсэн байх шаардлагыг хуульчлахаар төсөлд тусгажээ.

Түүнчлэн хууль тогтоомжийн төслийн бүрдүүлбэр, хууль тогтоомжийн хэрэгжилтийн үр дагаврын үнэлгээний талаарх өөрчлөлтүүдийг төсөлд тусгажээ.

Хуулийн төсөл батлагдсанаар хуулийн хэрэгжилт, үр нөлөө сайжрахын зэрэгцээ аливаа хууль тогтоомж Үндсэн хуулийн суурь зарчим, хэм хэмжээний агуулгад нийцэж, хүний эрх, эрх чөлөөг баталгаажуулсан эрх зүйн орчин бүрдэх юм байна. Хууль хоорондын давхардал, хийдэл, зөрчил арилж, хэм хэмжээ тогтоосон захиргааны бусад хэм хэмжээний акт, дүрэм, журмыг батлах асуудал цэгцэрч, хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төсөл боловсруулах үйл ажиллагааны чанар, үр өгөөж нэмэгдэхийн сацуу хууль тогтоомжид нэмэлт, өөрчлөлт оруулахдаа  судалгаа, үнэлгээг үндэслэдэг болох ач холбогдолтой хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.

Дэлгэрэнгүй унших
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Улстөр нийгэм

Тажикистан Улсын Ерөнхийлөгчийн айлчлал өндөрлөлөө

Огноо:

,

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар хүрэлцэн ирсэн Бүгд Найрамдах Тажикистан Улсын Ерөнхийлөгч Эмомали Рахмоны төрийн айлчлал өндөрлөлөө.

Айлчлалын хүрээнд хоёр улсын Ерөнхийлөгч ганцаарчилсан уулзалт болон албан ёсны хэлэлцээ хийж, хэлэлцээний үр дүнгийн талаар хэвлэл мэдээллийн байгууллагуудын төлөөлөлд мэдээлэл өглөө.

Төрийн тэргүүн нар уламжлалт найрсаг харилцаа, хамтын ажиллагааны өнгөрсөн 30 гаруй жилийн ололт амжилтыг дүгнэн, хэтийн төлөв, бүс нутаг болон олон улсын харилцааны харилцан сонирхсон асуудлаар санал солилцлоо.

Айлчлалын хүрээнд талууд худалдаа, эдийн засаг, боловсрол, залуучуд, спорт, геологи, ашигт малтмал, байгаль орчин, аж үйлдвэр зэрэг салбарт хамтран ажиллах тухай Засгийн газар болон байгууллага хоорондын 11 баримт бичигт гарын үсэг зурлаа.

Мөн айлчлалын үеэр Монгол-Тажикистаны бизнес дугуй ширээний уулзалт болон “Тажикистаны соёлын өдөр” боллоо.

Хүндэт зочныг Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, Монгол Улсаас Бүгд Найрамдах Тажикистан Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Г.Батжаргал, Бүгд Найрамдах Тажикистан Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Хайрулло Ибодзода нар үдэж мордууллаа.

Дэлгэрэнгүй унших

Улстөр нийгэм

Монгол, Тажикистаны хооронд хамтран ажиллах 11 баримт бичигт гарын үсэг зурлаа

Огноо:

,

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар хүрэлцэн ирсэн Бүгд Найрамдах Тажикистан Улсын Ерөнхийлөгч Эмомали Рахмоны төрийн айлчлал үргэлжилж байна.

Айлчлын хүрээнд талууд харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхтэй холбоотой 11 баримт бичигт гарын үсэг зурлаа.

  1. “Дипломат болон албан паспорт эзэмшигчдийг визийн шаардлагаас харилцан чөлөөлөх тухай Монгол Улсын Засгийн газар болон Бүгд Найрамдах Тажикистан Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-т Гадаад харилцааны сайд Батмөнхийн Батцэцэг, Гадаад хэргийн сайд Сироджиддин Мухриддин,

Хоёр улсын дипломат болон албан паспорт эзэмшигчид 30 хүртэлх хоногийн хугацаанд харилцан визгүй зорчино. Энэ нь хоёр улсын харилцааны эрх зүйн үндсийг бэхжүүлэх, албан ёсны айлчлал, төлөөлөгчдийн солилцоог идэвхжүүлэх, улс төр, эдийн засаг болон бусад салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэхэд чухал ач холбогдолтой.

  1. “Олон улсын автотээврийн тухай Монгол Улсын Засгийн газар болон Бүгд Найрамдах Тажикистан Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-т Зам, тээврийн сайд Борхүүгийн Дэлгэрсайхан, Тээврийн сайд Азим Иброхим,

Худалдаа, тээвэр, эдийн засгийн харилцааг хөгжүүлэх, тээврийг хөнгөвчлөх, тээврийн төрлүүдийн харилцан уялдааг хангах, автотээврийн салбарын хамтын ажиллагааг дэмжих, гуравдагч орнууд руу тээвэрлэлт хийх, олон улсын зах зээлд өрсөлдөх, дамжин өнгөрөх тээвэрлэлтийн шинэ гарц нээгдэх боломж бүрдэнэ.  

  1. “Ургамал хамгаалал ба хорио цээрийн салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам болон Бүгд Найрамдах Тажикистан Улсын Засгийн газрын дэргэдэх Хүнсний аюулгүй байдлын хороо хоорондын Харилцан ойлголцлын санамж бичиг”-т Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Цагаанхүүгийн Идэрбат, Хүнсний аюулгүй байдлын хорооны дарга Мухаммадсаид Файзуллозода,

Ургамлын эрүүл ахуй, хорио цээрийн тогтолцоог бэхжүүлэх, хорио цээрт хөнөөлт организмын тархалтаас урьдчилан сэргийлэх, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний худалдааны аюулгүй байдлыг хангах эрх зүйн үндсийг бүрдүүлэх зорилготой. Ургамал, ургамлын гаралтай болон бусад зохицуулалттай бараа, бүтээгдэхүүний импорт, экспорт, дамжин өнгөрөх үйл ажиллагаатай холбоотой ургамлын хорио цээрийн шаардлагыг уялдуулна.

  1. “Хөдөө аж ахуй, хүнсний хангамжийн чиглэлээр хамтран ажиллах тухай Монгол Улсын Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам болон Бүгд Найрамдах Тажикистан Улсын Хөдөө аж ахуйн яам хоорондын 2026-2028 оны Замын зураглал”-д Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Цагаанхүүгийн Идэрбат, Хөдөө аж ахуйн сайд Курбон Хакимзода,

Ажлын хэсэг байгуулж, худалдаа, эдийн засгийн харилцааг өргөжүүлэх, хөдөө аж ахуйн бараа бүтээгдэхүүний харилцан нийлүүлэлтийг нэмэгдүүлэх, экспортлогч аж ахуйн нэгжүүдийн мэдээлэл солилцох зэрэг арга хэмжээг үе шаттай хэрэгжүүлнэ.

  1. “Бэлчээрийн газрын нөхөн сэргээлт, мөсөн голын хамгаалалт, уур амьсгалын өөрчлөлт болон цөлжилтийг бууруулах чиглэлээр хамтран ажиллах тухай Монгол Улсын Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам болон Бүгд Найрамдах Тажикистан Улсын Засгийн газрын дэргэдэх Байгаль орчныг хамгаалах хороо хоорондын Харилцан ойлголцлын санамж бичиг”-т Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Цэндийн Сандаг-Очир, Байгаль орчныг хамгаалах хорооны дарга Баходур Шерализода,

Мөсөн гол болон криосферийн судалгаа, хамгаалал, бэлчээр, бэлчээрийн доройтлыг бууруулах, цөлжилт, газрын доройтлын эсрэг хамтын ажиллагаа, биологийн олон янз байдлыг хамгаалах, тогтвортой ойжуулалт, нөхөн сэргээлт, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох бодлого, ногоон санхүүжилт болон нүүрстөрөгчийн зах зээлийн хөгжлийг дэмжих чиглэлээр хамтын ажиллагааг бэхжүүлнэ.

  1. “Залуучууд, спортын салбарт хамран ажиллах тухай Монгол Улсын Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам болон Бүгд Найрамдах Тажикистан Улсын Засгийн газрын дэргэдэх Залуучууд, спортын хороо хоорондын Харилцан ойлголцлын санамж бичиг”-т Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Жуковын Алдаржавхлан, Гадаад хэргийн сайд Сироджиддин Мухриддин,

Залуучуудын солилцоо, оролцоо, идэвх, сайн дурын хөтөлбөр хэрэгжүүлэх, чадавхыг бэхжүүлэх, спортын салбарын хүний нөөц бэлтгэх, тамирчдын хамтран бэлтгэл, сургалт зохион байгуулах, спортын салбарын хөрөнгө оруулалт, спортын соёл, мэдээлэл технологи, хууль, эрх зүйн орчныг сайжруулах чиглэлээр хамтран ажиллана.

  1. “Монгол Улсын Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам болон Бүгд Найрамдах Тажикистан Улсын Засгийн газрын дэргэдэх Аж үйлдвэр, эрдэс баялгийн салбарт аюулгүй байдлыг хангах төрийн хяналт шалгалтын алба хоорондын Харилцан ойлголцлын санамж бичиг”-т Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Буриадын Дашпүрэв, Аж үйлдвэр, эрдэс баялгийн салбарт аюулгүй байдлыг хангах төрийн хяналт шалгалтын албаны дарга Исмоил Вализода,

Ил болон далд уурхайн аюулгүй ажиллагааг хангах, уул уурхайн аюулгүй ажиллагааны хууль, тогтоомжийн зөрчил, доголдлыг арилгах, шаардлага, стандартуудыг сайжруулах, хяналт шалгалтад дижитал технологи нэвтрүүлэхэд хамтран ажиллана.

  1. “Боловсролын салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын Боловсролын яам болон Бүгд Найрамдах Тажикистан Улсын Боловсрол, шинжлэх ухааны яам хоорондын Харилцан ойлголцлын санамж бичиг”-т Боловсролын яамны Төрийн нарийн бичгийн дарга Төмөр-Очирын Ням-Очир, Боловсрол, шинжлэх ухааны сайд Рахим Саидзода,

Оюутан, багш, судлаач солилцох, хамтарсан сургалт, судалгаа, эрдэм шинжилгээний арга хэмжээ зохион байгуулах, хамтарсан болон хос дипломын хөтөлбөр хөгжүүлэх, богино хугацааны сургалт, тэтгэлэг, мэргэжил дээшлүүлэх хөтөлбөр хэрэгжүүлэх зэргээр хамтран ажиллана.

  1. “Мэргэжлийн болон техникийн боловсролын салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын Боловсролын яам болон Бүгд Найрамдах Тажикистан Улсын Засгийн газрын дэргэдэх Бага, дунд мэргэжлийн боловсролын хороо хоорондын Харилцан ойлголцлын санамж бичиг”-т Монгол Улсын Боловсролын яамны Төрийн нарийн бичгийн дарга Төмөр-Очирын Ням-Очир, Бүгд Найрамдах Тажикистан Улсын Бага, дунд мэргэжлийн боловсролын хорооны дарга Фарход Рахими,

Багш, суралцагч, дадлагажуулагчийн солилцоог дэмжих, хамтарсан сургалтын хөтөлбөр, судалгаа, төсөл хэрэгжүүлэх, сургалтын арга зүй, шинэ техник, технологийн туршлага солилцох, бага хурал, семинар хийх зэргээр хамтарна.

  1. “Геологийн судалгааны чиглэлээр хамтран ажиллах тухай Монгол Улсын Үндэсний геологийн алба болон Бүгд Найрамдах Тажикистан Улсын Засгийн газрын дэргэдэх Геологийн ерөнхий газар хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг”-т Үндэсний геологийн албаны дарга Намсрайн Мөнхбилэг, Геологийн ерөнхий газрын дарга Илхомджон Оймухаммадзода,

Хамтын ажиллагааг шинээр тогтоох, хөгжүүлэх, хамтарсан эрдэм шинжилгээ, судалгааны төсөл хэрэгжүүлэх, Үндэсний геологийн албаны мэргэжилтэн, судлаачдын чадавхыг бэхжүүлэх, туршлага судлах,  солилцох, геологийн зураг зохиох, эрлийн ажил гүйцэтгэхэд орчин үеийн техник, технологи нэвтрүүлэх чухал ач холбогдолтой.

  1. “Монгол Улсын Хөрөнгө оруулалт, худалдааны газар болон Бүгд Найрамдах Тажикистан Улсын Засгийн газрын дэргэдэх Экспортын агентлаг хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг”-т Хөрөнгө оруулалт, худалдааны газрын Захиргаа, удирдлагын хэлтсийн дарга Батсайханы Батбаяр, Экспортын агентлагийн дарга Бахриддин Сироджиддинзода нар гарын үсэг зурлаа.

Экспортыг дэмжихэд чиглэсэн төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх, худалдаа эрхлэгчид, хөрөнгө оруулагчдыг холбож, хамтын ажиллагааг хөгжүүлэх,  форум, семинар бусад арга хэмжээ зохион байгуулах, бизнес, хөрөнгө оруулалтын орчныг сурталчлан таниулах чиглэлээр хамтын ажиллагааг эрчимжүүлнэ.

Дэлгэрэнгүй унших

Улстөр нийгэм

Ерөнхий сайд Н.Учрал БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Шэнь Миньжюанийг хүлээн авч уулзав

Огноо:

,

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Шэнь Миньжюанийг эх орондоо бүрмөсөн буцахтай нь холбогдуулан /2026.07.21/ хүлээн авч уулзав. 

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар төрийн дээд шагнал “Алтан гадас” одонгоор шагнуулсан Элчин сайдад Ерөнхий сайд Н.Учрал баяр хүргээд, томилолтын хугацаандаа хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэхэд идэвх чармайлт гарган, хоёр улсын ард түмний нөхөрлөлийг бэхжүүлэхэд өндөр хувь нэмэр оруулж ажилласныг Монгол Улсын Засгийн газар өндрөөр үнэлж буйг тэмдэглэв. 

Элчин сайд цаашид ч хоёр улсын хамтын ажиллагаанд анхаарч ажиллахаа илэрхийлээд, Монгол Улсын Засгийн газрын хүсэлтийн дагуу БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун, мөн агаарын хөлгийн түлш нийлүүлэхэд анхаарч ажиллаж байгааг хэлэв. 

Хоёр талын хамтын ажиллагааны чухал чиглэл болох Шивээхүрэн-Сэхээ, Бичигт-Зүүнхатавч, Ханги-Мандал зэрэг боомтыг төмөр замаар холбох, холбогдох гэрээ, хэлэлцээрт нэмэлт, өөрчлөлт оруулах замаар эрх зүйн орчныг бэхжүүлэх ажил хэрэгжинэ гэдэгт итгэлтэй буйгаа Ерөнхий сайд илэрхийллээ. 

Элчин сайд Шэнь Миньжюань Монгол Улсад хоёр жил 10 сарын хугацаанд томилолтоор ажиллаад, эх орондоо буцах гэж байна.  

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа
Шударга мэдээ18 цаг 4 минут

Нийгмийн сүлжээнд хүүхдийн оролцоог зохицуулах тухай хуулийн төслийг...

Цаг үе18 цаг 7 минут

Нийслэлийн Ерөнхий Боловсролын сургуулиудын ачааллыг бууруулах бодло...

Цаг үе18 цаг 8 минут

Монгол Улс болон ЕАЭЗХ түүний гишүүн орнууд хооронд байгуулсан худал...

Улстөр нийгэм18 цаг 12 минут

Тажикистан Улсын Ерөнхийлөгчийн айлчлал өндөрлөлөө

Цаг үе18 цаг 20 минут

Нийслэлийн өвөлжилтийн бэлтгэл ажил 50 орчим хувийн гүйцэтгэлтэй бай...

Цаг үе18 цаг 22 минут

Австралид нэг өндгөн эсийн дөрвөн ихэр охин төржээ

Цаг үе18 цаг 24 минут

Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 тэрбум т...

Цаг үе18 цаг 28 минут

Улаанбаатарт өдөртөө 32 хэм дулаан

Цаг үе2026/07/22

Нью-Йорк дахь холбооны барилгын гадна гал тавьж, гал нээсэн этгээдий...

Цаг үе2026/07/22

Монгол Улсын гадаад худалдааны бараа эргэлт 16.5 тэрбум ам.долларт х...

Санал болгох