Бидэнтэй нэгдэх

Улстөр нийгэм

ТББХ: “Нийслэл Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэхийг дэмжив

Огноо:

,

Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хороо2025 оны нэгдүгээр сарын 15-ны өдөр хуралдаж, Нийтийн ашиг сонирхлыг хөндсөн асуудлаар гаргасан иргэдийн өргөдлийг хэлэлцэв.

Улсын Их Хурлын хууль тогтоох, хянан шалгах үйл ажиллагаанд иргэдийн оролцоог хангах зорилгоор нийтийн ашиг сонирхлыг хөндсөн тодорхой асуудлаар иргэдээс өргөдөл ирүүлэх www.d-urgudul.parliament.mn цахим системд иргэн Н.Анхзаяагаас “Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрөөс “...Нарансэвстэй боомтыг сэргээж, нээх..” гэсэн хэсгийг хасуулах” асуудлаар ажлын хэсэг байгуулан Улсын Их Хурлаар хэлэлцүүлэх тухай өргөдлийг 2024 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 15:43:59 цагт ирүүлсэн ба 2024 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 18:24:21 цагт нийтийн санал авахаар цахим системд нийтэлсэн байна.
Тус нийтийн өргөдлийг 2025 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн байдлаар нийт 33037 иргэн дэмжсэн ба Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 39.4.3-т заасны дагуу ажлын хэсэг байгуулан Улсын Их Хурлын нэгдсэн чуулганы хуралдаанаар хэлэлцүүлэх хуулийн шаардлагыг хангасан байна.
Байнгын хороо уг асуудлыг хэлэлцээд ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнээр ахлуулан, бүрэлдэхүүнд нь УИХ-ын гишүүн Б.Батбаатар, Б.Баярбаатар, Ж.Золжаргал, Э.Болормаа нарыг ажиллуулахаар баталлаа.  
Дараа нь “Нийслэл Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцлээ.
Тогтоолын төслийн талаар УИХ-ын гишүүн, Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайд Ж.Батсуурь танилцуулав.
Нийслэл хотын хүн ам 2023 оны жилийн эцсийн байдлаар 1 сая 735 мянгад хүрч, нийслэлийн ДНБ-ий хэмжээ 46.8 их наяд төгрөг буюу үндэсний ДНБ-ий 66.5 хувьтай тэнцэх боллоо. Улаанбаатар хотын хүн амын тоо эрчимтэй өсөж, эдийн засаг, нийгмийн үйл ажиллагаа идэвхжихийн хэрээр хүрээлэн буй орчинд сөргөөр нөлөөлж, замын хөдөлгөөний түгжрэл, агаар, хөрсний бохирдол, дэд бүтцийн дутагдал зэрэг нь хот байгуулалтад хүндрэл учруулж, иргэдийн ая тухтай, эрүүл аюулгүй амьдрах эрх зөрчигдөхөд хүргэж байгаа нь хотжилтын чиг хандлагад тулгуурлан хөгжлийн бодлогоо урт хугацаагаар төлөвлөж тулгамдсан асуудлаа шийдвэрлэх шаардлагыг бий болгож байна хэмээн тэрбээр танилцуулгын эхэнд онцлов.
УИХ-аас 2021 онд Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулга, 2023 онд нийслэл Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай хууль, 2024 онд Хот, тосгоны эрх зүйн тухай байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулга, Шинэ Зуунмод хотын эрх зүйн байдлын тухай хуулийг тус тус баталсан нь нийслэл хотын төвлөрлийг бууруулах, нэг төвт хотоос олон төвт хот болон хөгжих хууль, эрх зүйн орчин, эдийн засаг, хөрөнгө оруулалтын шинэ боломжуудыг бүрдүүлсэн билээ. Үүнтэй холбогдуулан УИХ-аас баталсан “Алсын хараа-2050” урт хугацааны хөгжлийн бодлогын баримт бичиг, Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл, Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт заасан бодлогыг хэрэгжүүлэх хүрээнд Засгийн газраас “Нийслэл Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийг боловсруулж өргөн мэдүүлсэн гэлээ.  
Нийслэлийн хэмжээнд хотуудыг соёл, боловсрол, хөдөө аж ахуй, хүнс, хөнгөн үйлдвэрлэл, тээвэр ложистик, эдийн засгийн тусгай бүс, аялал жуулчлалын чиглэлээр хөгжүүлж 193 мянган ажлын байрыг шинээр бий болгох төдийгүй амьдрах таатай, байгаль орчинд ээлтэй, ухаалаг хотыг хөгжүүлэх үзэл баримтлалын хүрээнд тогтвортой, идэвхтэй, дасан зохицох, цогц хүртээмжтэй байхад чиглэсэн нийт 31 зорилт 111 дэд зорилт бүхий арга хэмжээг хэрэгжүүлэхээр энэхүү төлөвлөгөөнд тусгажээ. Тухайлбал нийслэлийн нутаг дэвсгэрт “20 минутын хот” үзэл баримтлалаар улсын зэрэглэлтэй 2 хот, орон нутгийн зэрэглэлтэй 14 хот, дагуул 4 хотыг төлөвлөн хөгжүүлж, Хөшигийн хөндийн эдийн засгийн чөлөөт бүс, Налуу ухаа эдийн засгийн тусгай бүс, Багануур, Багахангайн үйлдвэрлэл, технологийн парк, Налайхын барилгын материалын үйлдвэрлэл, технологийн парк Эмээлт эко үйлдвэрийн паркийг байгуулахаар тусгасан байна. Түүнчлэн гэр хорооллын дахин төлөвлөлтийг эрчимжүүлэн, Сэлбэ, Баянхошуу, Толгойт, Шар хад, Дэнжийн мянга, Дамбадаржаа, Яармаг дэд төвүүдийн бүтээн байгуулалтыг хийж, хотын нийгмийн болон инженерийн дэд бүтцийн хангамжийн хүчин чадлыг нэмэгдүүлж, 42 хорооллыг орон сууцжуулах үйл ажиллагааг төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлэхээр төлөвлөжээ. Мөн Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгасан олон улсын чанартай шинэ тойрог зам Туулын хурдны авто зам,  Говь Монголиа ган татлагат гүүрний төсөл, их багтаамжийн метро, хөнгөн галт тэрэг, дүүжин тээвэр зэрэг олон төрөлт нийтийн тээврийн шугам сүлжээ байгуулах мега төслүүдийг бодит ажил болгон автомашинтай хотыг өөрчлөхөөр төлөвлөж оруулжээ. Монгол Улс уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөнд ихээр өртөж байгаа орнуудын нэгд зүй ёсоор орж байгаа бөгөөд энэ нь цөлжилт, хөрсний доройтол, усны хомсдол, дулааны улиралд орох хур тунадасны хэмжээ буурах уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй эрс тэс үзэгдлийн тоо хэмжээ нэмэгдэх зэргээр илэрч байгаа тул “Туул усан цогцолбор” төслийг хэрэгжүүлж үерийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх Туул, Сэлбэ, Улиастай, Нарангийн голын эргийн хамгаалалтын далан болон ус зайлуулах суваг, хөв цөөрмийг байгуулахаар энэхүү төлөвлөгөөнд тусгасан байна. Нийслэл Улаанбаатар хотыг 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг батлуулснаар нийслэл болон нийслэлийн нутаг дэвсгэр дэх бусад хотууд, дагуул хотуудыг 20 минутын хот үзэл баримтлалаар төлөвлөн хүн амын суурьшил, хот байгуулалтын оновчтой бодлогоор хөгжүүлж иргэдийг оршин суугаа газартаа эрүүл аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлсэн, сэргээгдэх эрчим хүч, ухаалаг технологийн хэрэглээнд нэвтрүүлсэн орчны бохирдолгүй уур амьсгалын өөрчлөлт сорилтыг даван туулах, дасан зохицох чадвартай, хэмнэлттэй ухаалаг хот болгон хөгжүүлэх таатай орчныг бүрдүүлнэ гэж төлөвлөжээ.
Нийслэл дэх хот тосгоны эдэлбэр газрын хэмжээ, зааг, бүсчлэлийг тогтоосноор хотжих боломжтой нутаг дэвсгэрийн газар ашиглалт сайжирч хяналттай төлөвлөлттэй суурьшил үүснэ гэж үзсэн байна.
Байгаль орчны тэнцвэрт байдлыг хамгаалж агаар орчны бохирдлыг бууруулахаар төлөвлөжээ. Тухайлбал барилгажсан болон гэр хорооллын хэсэг дэд төвүүдэд хотын болон дүүргийн чанартай цэцэрлэгт хүрээлэнгүүдийг шинээр байгуулснаар нэг хүнд ноогдох ногоон байгууламжийн хэмжээг 5м2-аас 35м2 болгож 8 дахин нэмэгдүүлж, иргэдийн амарч зугаалах, чөлөөт цагаа өнгөрөөх тохилог орчныг бүрдүүлэхээр төлөвлөн тусгажээ. Улаанбаатар хотын замын түгжрэлийг бууруулж, тухайлбал, метро зэрэг их багтаамжийн нийтийн тээврийн сүлжээг бий болгож өдөрт 1.2 сая зорчигч тээвэрлэх нийтийн тээврийн хүртээмжийг 2 дахин нэмэгдүүлж, 1738,8 км замыг шинээр байгуулж, оргил цагийн хөдөлгөөний дундаж хурд цагт 9 км байгааг 25 км болгон нэмэгдүүлнэ гэж төлөвлөжээ.
Тогтоолын төслийн танилцуулгатай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлсэн.
Тухайлбал, УИХ-ын гишүүн П.Сайнзориг, Хот төлөвлөлтийн асуудлыг байшин барилга барих гэдгээр ойлгох нь өрөөсгөл. Үүний цаана иргэдийн оролцоотой, шинжлэх ухааны үндэслэлтэй байх, хувийн хэвшлийн оролцоог дэмжих, хүний эрхийг хангах асуудал яригдана. Өнөөдөр орон сууцны хорооллууд байгуулсан ч сургууль, цэцэрлэг, ногоон байгууламж барьж чадахгүй байгаа нь хүний эрх, хүүхдүүдийн сурч боловсрох, эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрх зөрчигдөж байна. Хүний эрхийг хангасан хотын гол хэмжүүр бол хүүхдийн эрхийг хэрхэн хангаж байгаагаар хэмжигдэнэ гээд, 2040 он гэхэд нийслэлийн хүн ам хэд болох, усны эх үүсвэрийг хэрхэн шийдэх, үерийн эрсдэлээс яаж сэргийлэх талаар тодруулсан. Мөн хог хаягдлын менежментийг хэрхэн хийх, хот төлөвлөлтөд дотоодын эрэмтдээс гадна олон улсын экспертүүдийн оролцоо хэр байсныг лавлав.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар, Улаанбаатар хотыг 2040 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөн дэх урьдчилсан төсөөллөөр Улаанбаатар хотын хүн амыг 2040 он гэхэд 2 сая 100 мянгад хүрнэ. Өнгөрсөн жил батлагдсан Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хууль, Нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуульд орсон өөрчлөлтийн хүрээнд Улаанбаатар хотыг 14 хотуудын нэгдэл, 42 нэгж хороололтой болгохоор тодорхой өөрчлөлтүүд орсон. Өөрөөр хэлбэл 14 хот тус бүрдээ “20 минутын хот” байх, хүртээмжтэй, хүндээ ээлтэй, эрүүл мэнд, боловсрол, соёлын хүртээмжийг 20 минут тутамд авах байдлаар төлөвлөлтийг хийсэн. Өмнөх ерөнхий төлөвлөгөөнүүдэд гарсан хамгийн том алдаа нь хөрөнгө мөнгөгүй, дэд бүтцийн хязгаарлагдмал нөхцөл байдалтай байсантай холбоотой. Мөн хорооллуудын буюу хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөнүүдээ огт батлуулаагүй байсан. Бид гадны зураг төслийн томоохон компаниудын дунд Улаанбаатар хотын 14 хот, 42 нэгж хороолол, дагуул хотуудын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөнүүдийг зуруулахаар нээлттэй тендер зарлаж байгаа. Сүүлийн үед Улаанбаатар хот дам үерийн нөлөөлөлд өртдөг болсон. Хэнтийн нуруунд орсон хэдэн өдрийн хүчтэй борооны улмаас Хэнтийн нуруунаас эх авч урсаж байгаа Туул голын сав газар бүхэлдээ үерт өртдөг болсон. 1987 онд ЗХУ-ын эрдэм шинжилгээний байгууллага “Туул усан сан цогцолбор” нэртэй гадаргын усан сангийн төслийн ТЭЗҮ-ийг боловсруулсан юм билээ. Түүнийг манай Ус, сувгийн удирдах газраас очиж авчирсан. Бид “Туул усан сан цогцолбор”-ыг Дэлхийн банк тэргүүтэй томоохон донор байгууллагуудтай хамтарч барих, эсвэл хувийн хэвшлээр гүйцэтгүүлэх гэсэн хоёр хувилбарыг ярилцаж байна. Хувийн хэвшлээр гүйцэтгүүлсэн тохиолдолд Улаанбаатар хотын нийт усан хангамжийн 25 хувийг гадаргын усаар хангах, 30 орчим хувийг цэвэршүүлсэн усан сан буюу Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт хэрэгжүүлж байгаа төслийн хүрээнд шийднэ гэж төлөвлөж байна. Мөн гурав дахь эх үүсвэр бол гүний ус. Ийм хувилбараар усан хангамжийнхаа эх үүсвэрийг шийдэхээр төлөвлөсөн.
Сэлбэ голын эх дээр хиймэл нуурыг хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар хийсэн. Энэ жил дахин таван хөв цөөрмийг Сэлбэ голын дээд эх дээр Нийслэлийн геодези, усны барилга байгууламжийн алба байгуулахаар ажлын зураг батлагдсан, хавар ажил нь эхлэх гэж байна. Ингэснээр бид хойд талаасаа эхлэлтэй үерийн усанд тохируулгууд хийх боломж бүрдэж байгаа.
Өнөөдөр хог хаягдлыг бол 98 хувийг дарж булшилж байгаа. Бид 34мвт-ын хог шатаах үйлдвэрийг төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд байгуулахаар сонгон шалгаруулалтыг хийх ажил эхлээд байна. Эхний төлөвлөгөөгөөр Морингийн даваанд 34мвт-ын хог шатаах үйлдвэрийг байгуулах гэрээ хэлцлийг энэ хавар дуусгана. Үйлдвэр баригдсанаар хогийг дарж булшлах технологиос шатаах технологи руу 100 хувь шилжиж, гаргасан эрчим хүчээ нийлүүлэх үнийн саналаа Диспетчерийн үндэсний төвтэй солилцоод байна гэсэн хариулт өгсөн юм.
УИХ-ын гишүүд асуулт асууж, үг хэлсний дараа санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх тогтоолын төслийг хэлэлцэхийг дэмжлээ.
Мөн хуралдаанаар “Тогтоолын хавсралтад нэмэлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны, “Жамсрангийн Самбуугийн алдар гавьяаг мөнхжүүлэх, түүний мэндэлсний 130 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх талаар авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг явуулсан бөгөөд хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүдээс асуулт, үг гараагүй юм.
Дараа нь “Монгол Улсын Их Хурлын 2025 оны хаврын ээлжит чуулганы хугацаанд хийх төлөвлөгөөт хяналт шалгалтын цаглавар батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэв.
Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.7 дахь хэсэгт заасны дагуу “Монгол Улсын Их Хурлын 2025 оны хаврын ээлжит чуулганы хугацаанд хийх төлөвлөгөөт хяналт шалгалтын цаглавар”-ын төсөлд дараах асуудлыг тусгахаар байна. Үүнд:
1.Хууль тогтоомжийн биелэлтийн үр дагаварт үнэлгээ хийх асуудал;
2. Тайлан, илтгэл,  мэдээлэл хэлэлцэх
3.Төсвийн биелэлтийг хянан шалгах;
4.Хууль тогтоомжийн биелэлтийг хянан шалгах;
5.Хяналт шалгалтын бусад асуудал.
Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3, 8.4 дэх хэсэгт заасны дагуу Улсын Их Хурлын Байнгын хороод, дэд хороод болон Улсын Их Хурал дахь намын бүлгүүдээс “Монгол Улсын Их Хурлын 2025 оны хаврын ээлжит чуулганы хугацаанд хийх төлөвлөгөөт хяналт шалгалтын цаглавар”-ын төсөлд тусгах саналыг авахаар албан бичгийг хүргүүлэн санал авсан хэмээн хуралдаан даргалагч танилцуулсан юм.
Монгол Улсын Их Хурлын 2025 оны хаврын ээлжит чуулганы хугацаанд хийх төлөвлөгөөт хяналт шалгалтын цаглавар”-ын төсөлд 32 асуудлыг тусгаж боловсруулжээ.
Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дээрх тогтоолын төслийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэн батлуулахыг дэмжлээ
Түүнчлэн Байнгын хороо  “Монгол Улсын Их Хурлын 2025 оны хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцсэн юм.
Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт “Ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын жагсаалтад батлах хугацааг нь хуульд тусгайлан заасан болон Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төслийг оруулна.” гэж, 5.4 дэх хэсэгт “Төрийн байгуулалтын байнгын хороо дараагийн ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын талаарх нам, эвслийн бүлэг, Байнгын, дэд хороо, хууль санаачлагчийн саналыг нэгтгэн Зөвлөлд танилцуулах бөгөөд Зөвлөлийн саналыг харгалзан Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төсөл /цаашид “тогтоолын төсөл” гэх/-ийг боловсруулан нэгдсэн хуралдаанд оруулж, хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын саналаар тогтоолын төслийг батална.” гэж, 45 дугаар зүйлийн 45.5 дахь хэсэгт “Байнгын хороо боловсруулан Улсын Их Хуралд оруулах асуудлыг энэ хуулийн 45.2, 45.3, 45.4-т заасан журмын дагуу хэлэлцэнэ.” гэж тус тус заасны дагуу Төрийн байгуулалтын байнгын хорооноос “Монгол Улсын Их Хурлын 2025 оны хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг боловсруулсан бөгөөд тогтоолын төслийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжив.
Хуралдаанаар хэлэлцсэн сүүлийн асуудал нь Хархорум хотын бүтээн байгуулалт, хөгжлийг дэмжих тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн анхны хэлэлцүүлэг байлаа.
Улсын Их Хурлын даргын 2025 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 01 дүгээр захирамжаар Засгийн газраас 2024 оны 12 дугаар сарын 20-ны өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Хархорум хотын бүтээн байгуулалт, хөгжлийг дэмжих тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэнгээр ахлуулан байгуулсан бөгөөд бүрэлдэхүүнд нь УИХ-ын гишүүн Ж.Алдаржавхлан, Ч.Анар, О.Батнайрамдал, Н.Батсүмбэрэл, Д.Бум-Очир, А.Ганбаатар, С.Ганбаатар, Д.Ганбат, Д.Жаргалсайхан, С.Замира, Б.Заяабал, Г.Лувсанжамц, С.Лүндэг, П.Мөнхтулга, Б.Найдалаа, У.Отгонбаяр, Б.Пунсалмаа, Г.Уянгахишиг, Г.Хосбаяр, Да.Цогтбаатар, М.Энхцэцэг, С.Эрдэнэболд нар ажиллажээ.
Ажлын хэсэг 3 удаа хуралдаж, хуулийн төслийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийн үед гишүүдийн асуусан асуулт, санал, Улсын Их Хурлын гишүүдээс ирүүлсэн зарчмын зөрүүтэй санал, Улсын Их Хурлын Тамгын газраас гаргасан хууль зүйн дүгнэлтийн хүрээнд Хархорум хотын бүтээн байгуулалт, хөгжлийг дэмжих тухай хуулийн төсөлтэй холбогдуулан 55 зарчмын зөрүүтэй санал, 2 найруулгын санал, хамт өргөн мэдүүлсэн хууль тогтоомжийн төсөлтэй холбогдуулан 3 зарчмын зөрүүтэй саналын томьёолол бэлтгэсэн хэмээн ажлын хэсгийн ахлагч Г.Тэмүүлэн танилцуулсан юм.
Ажлын хэсгийн бэлтгэсэн зарчмын зөрүүтэй саналын томьёолол агуулгын хувьд дараах хүрээг хамарчээ:
1.Хуулийн нэрэнд хот төлөвлөлтийг нэмж оруулах, зорилго, зарчмыг тодруулах, суурь шинжтэй үндсэн зарчмыг эрэмбэлэн тусгах;
2.Улсын Их Хурлаас 2024 оны 6 дугаар сарын 05-ны өдөр баталсан Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хууль болон Хот байгуулалтын тухай хуулийн зохицуулалттай хуулийн төслийн зарим хэсгийг нийцүүлэх;
3.Хотын Зөвлөл, Захирагч хуулийн дагуу сонгогдох хүртэл хугацаанд хотын удирдлагыг хэрэгжүүлэх Зөвлөл, Захирагчийг Засгийн газар томилох, чөлөөлөх зохицуулалтад зарим өөрчлөлт оруулах;
4.Хөрөнгө оруулалтын хэлбэр нь Хөрөнгө оруулалтын тухай хуульд тусгагдсан байгаа тул тухайн хуулиар зохицуулах, татварын болон татварын бус хөрөнгө оруулалтын дэмжлэг, орон нутгийн дэмжлэгийн хэсгийг төслөөс хасах;
5.Хуулийн үйлчлэх хугацааг тухайн хотын оршин суугчийн тоо 10000-д хүрч хуулийн дагуу хотын Зөвлөл, Захирагч сонгогдох хүртэл хугацаанд үйлчлэх зэргийг хамруулжээ.
Хуралдаанаар ажлын хэсгээс танилцуулсан зарчмын зөрүүтэй болон найруулгын саналын томьёоллуудаар санал хураалт явуулан Байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтлоо хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.
Дэлгэрэнгүй унших
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Улстөр нийгэм

Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалт 60 хувьд хүрчээ

Огноо:

,

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Дорноговь аймагт ажиллах үеэрээ Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын явцтай танилцав. “Чингис хаан баялгийн сан нэгдэл” ХХК-ийн харьяа “Монгол газрын тос боловсруулах үйлдвэр” ТӨХК-ийн хариуцан хэрэгжүүлж буй төслийн явц 60 хувьд хүрчээ.

Түүхий тос дамжуулах 527 км хоолойн ажил 90 орчим хувьтай, үйлдвэрийн технологийн байгууламжуудын барилга угсралт, тоног төхөөрөмжийн суурилуулалт ид өрнөж байгаа тухай “Монгол газрын тос боловсруулах үйлдвэр” ТӨХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Алтанцэцэг танилцуулав.

Тухайлбал, үйлдвэрийн хамгийн чухалд тооцогдох эх байгууламжууд болох “Атмосферийн нэрлэгийн цамхаг”-ийг өнгөрсөн тавдугаар сард, “Вакуум нэрлэгийн цамхаг”-уудыг долоодугаар сард тээвэрлэн авчирч, угсарч эхэлжээ.

Түүхий тос, завсрын болон эцсийн бүтээгдэхүүн хадгалах 276,430 метр.куб багтаамжтай агуулах сав барьж, 263 км ил, 26 км далд шугам хоолойг гагнаж суурилуулж байна.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ерөнхий сайд байхдаа Газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах шийдвэр гарган, бүтээн байгуулалтыг нь эхлүүлсэн.

Газрын тосны бүтээгдэхүүн, эрчим хүч, ган, хүнс, бордоо зэргийг дотооддоо үйлдвэрлэж хэрэгцээгээ ханган, улмаар экспортлогч орон болох нь үндэсний аюулгүй байдал, эдийн засгийн тусгаар тогтнолтой салшгүй холбоотойг Ерөнхийлөгч тэмдэглэлээ.

Монгол, Энэтхэгийн харилцаа, хамтын ажиллагаа, ард түмний найрамдал, нөхөрлөлийн бэлгэ тэмдэг болсон Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтад оролцож байгаа хоёр орны бүх байгууллага, аж ахуйн нэгж, инженер, техникийн ажилтнуудад талархал илэрхийлэв.

Стратегийн чухал ач холбогдолтой энэ үйлдвэрийг төлөвлөсөн хугацаанд нь ашиглалтад оруулахын төлөө төр, засаг бүх талын дэмжлэг үзүүлнэ гэдгийг Ерөнхийлөгч хэллээ.

Бүгд Найрамдах Энэтхэг Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Атул Малхари Готсурвэ “Ерөнхий сайд Нарендра Моди, Ерөнхийлөгч У.Хүрэлсүх нарын манлайлал дор хэрэгжиж байгаа төслийн явц 60 хувьд хүрсэнд сэтгэл хангалуун байна. Энэ үйлдвэр ашиглалтад орсноор Монгол Улс эрчим хүчний аюулгүй байдлаа хангаж, бензин, шатахууны хэрэгцээг тодорхой хэмжээгээр шийдвэрлэх чухал ач холбогдолтой. Миний хувьд төслийн явцтай газар дээр нь байнга ирж танилцдаг. Монгол Улсын Ерөнхийлөгч ирсэн нь төслийн бүтээн байгуулалт улам эрчимжихэд чухал нөлөө үзүүлнэ гэдэгт итгэлтэй байна” гэв.

Газрын тос боловсруулах үйлдвэр бол дэлхийн нефть-химийн аж үйлдвэрийн салбарын тэргүүлэгчдийн патенттай, орчин үеийн техник, тоног төхөөрөмж бүхий үйлдвэр юм.

Боловсруулах үйлдвэрээс гадна дулааны цахилгаан станц, цахилгаан дамжуулах олон зуун км шугам, дэд станц, агуулах сав резервуарын парк, тээвэр логистикийн дэд бүтэц, ус дамжуулах хоолой, ачих буулгах эстакад зэрэг байгууламжаас бүрдсэн хүнд аж үйлдвэрийн цогцолбор гэж болно.

Үйлдвэрийг 2028 онд ашиглалтад оруулахаар 4,500 инженер, техникийн ажилтан гурван ээлжээр, 24 цаг тасралтгүй ажиллаж байна.

Үйлдвэр жилд 1.5 сая тонн түүхий тос боловсруулж, улсын газрын тосны хэрэгцээний 55 хувийг хангана. Үүнээс гадна 824 мян.тн дизель, 396 мян.тн АИ95 бензин, 80 мян.тн онгоцны түлш, 17 мян.тн зуухны түлш, 27 мян.тн шингэрүүлсэн шатдаг хий үйлдвэрлэх юм.

Үйлдвэр ашиглалтад орсноор 850-900 ажлын байр шинээр бий болно.


 
Дэлгэрэнгүй унших

Улстөр нийгэм

Дэлхийн эмэгтэй парламентчид Улаанбаатар хотноо чуулж байна

Огноо:

,

 Дэлхийн 20 гаруй орны парламентын 88 эмэгтэй гишүүн “Шийдвэр гаргах үйл явцад төлөөллөөс нөлөөлөлд” сэдвийн дор Улаанбаатар хотноо чуулж байна.

Төлөөлөгчид парламент дахь эмэгтэйчүүдийн төлөөллийг шийдвэр гаргах түвшинд бодит нөлөөлөл болгон хөгжүүлэх арга зам, хууль тогтоох үйл явц дахь жендэрийн тэгш байдлыг хангах талаар хэлэлцэж, санаа бодол, туршлага, мэдлэгээ хуваалцан, хамтран ажиллах боломжийг эрэлхийлэх юм.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх чуулга уулзалтад оролцогсдод мэндчилгээ дэвшүүлснийг Тамгын газрын дарга А.Үйлстөгөлдөр уламжиллаа.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ УХНААГИЙН ХҮРЭЛСҮХ:

“Эрхэм хүндэт олон улсын эмэгтэй парламентчид аа,

Эрхэм хүндэт зочид, төлөөлөгчид өө,

Эрхэмсэг хатагтай, ноёд оо,

“Дэлхийн эмэгтэй парламентчдын чуулга уулзалт”-д оролцохоор өнө эртний түүхт, мөнх хөх тэнгэрийн орон манай сайхан улсад хүрэлцэн ирсэн Та бүхэнд энэ сайхан өдрийн мэндийг өргөн дэвшүүлье.

Найман зууны тэртээ Монголын эртний нийслэл Хархорум хотод өрнө, дорнын элч, төлөөлөгчид хуран чуулж, улс түмнүүдийн харилцаа холбоо, эе эвийг бэхжүүлэх, шашин хоорондын ойлголцлыг дэмжих, чөлөөт худалдаа, арилжааг өргөжүүлэх талаар хэлэлцэж байсан тухай түүхийн эх сурвалжуудад тэмдэглэгдэн үлдсэн байдаг.

Үүний нэгэн адил дэлхий дахины энх тайван, аюулгүй байдал, хүний эрх, хөгжил дэвшлийн асуудлыг хэлэлцэн ярилцахаар дэлхийн өнцөг булан бүрээс хүрэлцэн ирсэн эрхэм хүндэт эмэгтэй парламентчид, зочид, төлөөлөгчид Та бүхэнд чин сэтгэлийн талархал илэрхийлье.

Өнөөгийн дэлхий ертөнцийн амар амгалан, аюулгүй байдлыг хангах, хууль дээдлэх ёсыг сахиулах, хөгжлийг тэтгэхэд дэлхийн улс орнуудын эмэгтэй удирдагчдын үүрэг оролцоо, манлайлал нэн чухал байна.

Улс орны парламентад эмэгтэйчүүдийн эзлэх хувь нэмэгдэхийн хэрээр хүчирхийлэл, хүний эрхийн зөрчил, дайн тулаан, тэмцэл мөргөлдөөн гарах магадлал багасдаг болохыг судлаачид нотолдог.

Мөн эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллийг бууруулах, тэдний хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, эдийн засгийн чадавхыг сайжруулах, нийгмийн хамгааллыг нэмэгдүүлэх зэрэг бусад тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд эмэгтэй хууль тогтоогчид илүү их үүрэг гүйцэтгэх учиртай.

Тиймээс хүйсийн тэгш бус байдлаас ангид дэлхий ертөнцийг бий болгох нэгдмэл зорилгын хүрээнд эмэгтэй удирдагчдын манлайлал, түншлэлийг хөгжүүлэхийн төлөө энэ чуулга уулзалтыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулж байна.

Эмэгтэйчүүд нь хууль тогтоох, үндэсний аюулгүй байдал, эдийн засгийн бодлого тодорхойлох, төсөв батлах, нөөц хуваарилах, Засгийн газарт хяналт тавих бүхий л түвшинд эрх тэгш оролцож байж, эмэгтэйчүүдийн төлөөлөл шийдвэр гаргах үйл явцад бодит утгаараа нөлөөлөл үзүүлж чадах болно.

Эмэгтэйчүүд шийдвэр гаргах үйл явцад тэгш эрхтэй оролцох үед институцууд илүү хүртээмжтэй, бодлого илүү хариуцлагатай болж, нийгэм илүү уян хатан болдог.

Монгол Улс одоогоос 100 гаруй жилийн тэртээ баталсан анхдугаар Үндсэн хуульдаа эрэгтэй, эмэгтэй хүн эрх тэгш хэмээн үзэж, эмэгтэйчүүдийн улс төрийн эрхийг хүлээн зөвшөөрч, сонгох, сонгогдох эрхийг баталгаажуулсан Ази тивийн анхдагч улс болсон билээ.

Манай улс энэ түүхэн уламжлалаа улам бүр баяжуулан хөгжүүлж, үндэсний хэмжээнд салбар бүрд, бүх түвшинд эмэгтэйчүүдийн тэгш оролцоог хангах нөхцөлийг бүрдүүлж, бүс нутагтаа манлайлал үзүүлэн ажиллахыг зорьж байна.

Монгол Улсын 1992 онд баталсан ардчилсан шинэ Үндсэн хуулийн дагуу байгуулагдсан Улсын Их Хурлын 76 гишүүний гурав нь эмэгтэй байсан бол 2024 оны сонгуулиар парламентын 126 гишүүн дотор 32 эмэгтэй сонгогдож, нийт гишүүдийн 25.4 хувийг эзлэх болсон нь манай улсын түүхэн дээд үзүүлэлт юм.

Монгол Улс энхийг эрхэмлэсэн, нээлттэй, бие даасан, олон тулгуурт гадаад бодлогынхоо хүрээнд дэлхий нийтэд жендэрийн тэгш байдлыг ахиулах, эмэгтэйчүүдийн улс төрийн оролцоо, манлайллыг бэхжүүлэх, шийдвэр гаргах түвшин дэх төлөөлөл болон нөлөөллийг нэмэгдүүлэх үйл хэрэгт улс орнуудын хамтын ажиллагааг дэмжихэд идэвхтэй хувь нэмрээ оруулж ирсэн.

Тухайлбал, 2022 онд Энхийг сахиулагч эмэгтэйчүүдийн олон улсын бага хурал, 2023 онд Гадаад хэргийн эмэгтэй сайд нарын уулзалт, 2024 онд Дэлхийн эмэгтэйчүүдийн чуулга уулзалт, 2025 онд Дэлхийн эмэгтэй бизнес эрхлэгчдийн чуулга уулзалтыг Улаанбаатар хотноо зохион байгуулсан.

Монгол Улсын энэ санаачилга, манлайлал нь өнөөдөр дэлхийн улс орнуудын ард түмний төлөөллийн дээд байгууллага болох парламентын түвшинд үргэлжилж байгаа нь онцгой ач холбогдолтой юм.

Монгол Улс нь харилцан хүндэтгэл, яриа хэлэлцээ, хамтын ажиллагааг тууштай дэмжиж ирсэн орны хувьд цаашид эмэгтэйчүүдийн манлайлал, тэгш оролцоог бэхжүүлэх олон улсын найдвартай түнш, бат бөх гүүр байх болно.

“Шийдвэр гаргах үйл явц дахь төлөөллөөс-нөлөөлөлд” сэдэвт энэ чуулга уулзалтаас гарах санал зөвлөмж, бодлогын баримт бичиг нь эмэгтэйчүүд зөвхөн төлөөлөлтэй байхаас гадна улс үндэстэн, хүн төрөлхтний ирээдүйг тодорхойлох шийдвэрт бодитоор нөлөөлөх боломжийг өргөжүүлэхэд бодит хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байна.

Жендерийн эрх тэгш байдлыг хангаж, эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах нь хүний эрхийн салшгүй хэсэг, ардчиллын үндсэн шалгуур гэдгийг бүх нийтээрээ гүнээ ухамсарлаж, амар амгалан, эв нэгдэлтэй дэлхий ертөнцийг бүтээхийн төлөө хамтран ажиллацгаая.

Аливаа улс үндэстний эв найрамдал, хөгжил цэцэглэлт, гэр бүлийн сайн сайхан бүхэнд эмэгтэйчүүдийн үүрэг, оролцоо онцгой чухал байдаг билээ.

Үүний нэгэн адил улс орнуудын эмэгтэй удирдагчид Та бүхний оролцоо манлайлал, ухаалаг бодлого, хамтын ажиллагаа хүн төрөлхтний амар амгалан, даян дэлхийн энх тайван, улс гүрнүүдийн хөгжил дэвшилд онцгой чухал үүрэг гүйцэтгэнэ гэдэгт Монгол Улсын Ерөнхийлөгч итгэл төгс байна.

Амьдралын эх, амжилтын үндэс болсон эрхэмсэг бүсгүйчүүд Та бүхэнд энэ хорвоогийн хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

Та бүхнийг өнө эртний түүхт, эртний нүүдэлчдийн төрт ёсны ариун гал голомт, мөнх хөх тэнгэрийн орон манай сайхан улсад тавтай морилохыг хүсэн ерөөе” гэлээ.
Дэлгэрэнгүй унших

Улстөр нийгэм

Энэ жил 1.1 сая тонн ургац хураан авч, улаанбуудай, гурил, төмсний хэрэгцээгээ 100 хувь хангана

Огноо:

,

2026 оны ургацын баланс эерэг гарч, 1.1 сая тонн ургац хураан авч улаанбуудай, гурил, төмсний хэрэгцээгээ 100, хүнсний ногооны 70 орчим хувийг хангах төлөв гарчээ. Улсын хэмжээнд үр тарианы ургац хураалт 70, төмснийх 90, хүнсний ногооных 70, тэжээлийн таримлынх 50, тосны ургамлын ургац хураалт 30 орчим хувьтай байна.

“Энэ жил  газар тариалангийн түүхэнд хамгийн өндөр ургац хураан авах гэж байна. 1988 оны ургацын амжилтыг эвдсэн жил болж байна” гэж Сэлэнгийн тариаланчид Ерөнхий сайд Н.Учралтай уулзах үеэрээ ярьж байлаа. 

Мөн “Төр, засгаас анхаарч шатахуун тосоор хангаж, ургацаа хураан авч байна. Засгийн газар 100,000 тонн улаанбуудайн нөөц бүрдүүлж буй нь маш зөв бодлого” гэж Монгол Улсын гавьяат механикжуулагч Б.Ганболд хэлэв.  

Газар тариалангийн салбар байгаль цаг уур, түлш шатахуун, эрчим хүч, техник тоног төхөөрөмж, зам тээвэр, ажиллах хүч зэрэг олон хүчин зүйлээс хамааралтай тул Засгийн газраас онцгойлон анхаарч,  бодлогын дэмжлэг үзүүлж байна. Тариалалт, уринш боловсруулалт, ургац хураалтад зориулж Засгийн газраас хариуцан төлөх хүүгийн дэмжлэгтэй эргэлтийн хөрөнгийн зээл олгож, санхүүгийн дарамтыг бууруулах, тариалангийн гаралтай бүтээгдэхүүний үнийн өсөлтийг тогтворжуулахад анхаарч ажиллаж байгаагаа Ерөнхий сайд илэрхийлээд цаашид цаашид;

-Хүнсний улаанбуудайн болон дотоодын ургацаас хураан авч зах зээлд борлуулсан хүнсний ногоонд урамшуулал олгох;

-Атар-IV аяны хүрээнд Засгийн газраас хариуцан төлөх зээлийн хүүгийн хөнгөлөлтийг үргэлжлүүлэх;

-Тэжээлийн таримлын үр үржүүлэх, ган өвчин хортонд тэсвэртэй сортын нөөц бүрдүүлэх;

-Төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд тариалан эрхлэгчдэд  тариалангийн үйлдвэрлэлийн       технологит хугацаанд зөвлөн туслах үйлчилгээ нэвтрүүлэхэд Засгийн газраас дэмжиж ажиллана гэлээ.

Энэ онд тариалан бүхий 880 иргэн, аж ахуйн нэгжид 138.0 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлийг арилжааны долоон банкаар дамжуулан олгожээ.

Ургацын урьдчилсан балансаар 555.3 мянган тонн үр тариа, үүнээс 497.1 мянган тонн улаанбуудай, 168.2 мянган тонн төмс, 218.4 мянган тонн хүнсний ногоо, 50.4 мянган тонн тосны ургамал, 201.8 мянган тонн малын тэжээлийн ургамал тус тус хураан авах төлөв гарчээ. 

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа
Улстөр нийгэм6 цаг 50 минут

Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалт 60 хувьд хүрчээ...

Улстөр нийгэм6 цаг 53 минут

Дэлхийн эмэгтэй парламентчид Улаанбаатар хотноо чуулж байна

Улстөр нийгэм6 цаг 58 минут

Энэ жил 1.1 сая тонн ургац хураан авч, улаанбуудай, гурил, төмсний х...

Улстөр нийгэм7 цаг 2 минут

Б.Пүрэвдагва: Нийслэлийн өмчид эргүүлэн авсан эмнэлэг хүүхдэд нарийн...

Цаг үе2026/10/12

Европын хэд хэдэн улсад Палестиныг дэмжсэн жагсаал боллоо

Улстөр нийгэм2026/10/12

Гаалийн байгууллага он гарсаар 5.7 их наяд төгрөгийг төсөвт төвлөрүү...

Цаг үе2026/10/12

Шадар сайд Н.Номтойбаяр Улсын онцгой комиссын шийдвэрийг танилцуулла...

Цаг үе2026/10/12

Баавгай орж ирэх эрсдэлтэй байршлуудад мэргэжлийн анчдын баг ажиллуу...

Шударга мэдээ2026/10/12

Малын органик тэжээлийн “Мимо” үйлдвэр хүчин чадлаа 10 дахин нэм...

Цаг үе2026/10/12

Чингэлтэй дүүргийн Хүндэтгэлийн цэцэрлэгт хүрээлэнд Зүүн Хүрээ Дашчо...

Санал болгох