Бидэнтэй нэгдэх

Улстөр нийгэм

Энэ жилийн сар шинийн баярыг өргөн хүрээнд тэмдэглэхгүй...

Огноо:

,

Улсын Онцгой комисс шинэ коронавирусын дэгдэлт, түүнээс урьдчилан сэргийлэх хүрээнд авч хэрэгжүүлэх арга хэмжээний тухай  Монгол Улсын Засгийн газрын 30 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангаж, ажиллах хүрээнд гарч буй цаг үеийн асуудлуудыг нэгтгэн хэлэлцэж  дараах  шийдвэрийг гаргалаа.

-  БНХАУ-ын Ухань хот дахь Монгол оюутнуудыг тээвэрлэж ирэхэд шаардагдах 53 мянган ам.долларын зардлыг Засгийн газрын тусгай сангаас гаргах

-  БНХАУ болон шинэ коронавирусын халдварын голомт газраас ирсэн, сэжигтэй иргэдийг өвчний нууц үеийг дуустал тусгаарлах

-  Төрийн золголт, нутгийн зөвлөл, албан байгууллагууд, хамт олны золголт хийхгүй байх, Сар шинийн баярын Үндэсний бөхийн барилдаан зэрэг нийтийг хамарсан спорт, урлаг, сургалтын арга хэмжээг явуулахгүй байх

-  Сар шинийн баяраар иргэд хол зорчихгүй, олноороо цуглахгүй, гэр бүлийн хүрээндээ тэмдэглэхийг зөвлөх

-  Хилийн боомтууд, галт тэрэг, нисэх буудлын нийт ажилчид, хил гаалийн нэвтрэх хэсэгт онцгой нөхцөлд ажиллаж байгаа алба хаагчдын аюулгүй байдлыг хангах, нэг удаагийн хамгаалалтын хувцас хэрэглэлтэй болгох түүнд шаардагдах төсвийг шийдвэрлэж ажиллах

-  Галт тэрэг, хот хоорондын автобус, Улаанбаатар хот дахь нийтийн тээврийн хэрэгслийг байнгын ариутгал шинжилгээнд хамруулах, түүнд ажиллаж байгаа ажилчдыг хамгаалах хэрэгсэл, ариутгалын бодисоор хангах, хот хоорондын зам дагуух хоолны газруудын ариун цэвэр, ариутгалын ажилд дэмжлэг үзүүлэх зэрэг ажлыг холбогдох байгууллагууд чиглэл чиглэлээр зохион байгуулж ажиллахыг үүрэг болголоо. 

Өнөөдрийн байдлаар Монгол Улсад шинэ коронавирусын халдвар илрээгүй. Япон Улсад үйлдвэрлэгдсэн багажны тусламжтайгаар 24 цагийн дотор шинжилгээний хариуг бүрэн гаргаж байгаа бөгөөд 50 сэжигтэй тохиолдол бүртгэгдсэн нь шинжилгээний дүнд үгүйсгэгдсэн байна. Халуурсан, цээж давчидсан зэрэг шинж тэмдгийн улмаас сэжиглэгдэж тусгаарлагдсан 14 иргэн байна. Тэдний шинжилгээний эцсийн хариуг хүлээж байгаа аж.  БНХАУ иргэдээ гадаад улс орнууд руу зорчих эсэхэд тодорхой хязгаарлалт тавьсан. Монгол Улс руу нэвтрэх Хятад иргэдийн зорчих хөдөлгөөн эрс буурсан.

Түүнчлэн манай талаас жуулчны визийн олголтыг түр зогсоосон. Харин БНХАУ-аас эх орондоо өөрийн хүсэлтээр ирж буй бүх иргэдээ хүндрэл бэрхшээлгүй нэвтрүүлэх ажлыг шуурхай зохион байгуулж байна. Гэсэн хэдий ч БНХАУ-ын ӨМӨЗО-ны Эрээн хотод 200 гаруй Монгол иргэний бөөгнөрөл үүсээд буйг тус хотын Консулын газар болон холбогдох байгууллагуудтай хамтран 2020 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр дөрвөн автобусаар авчрахаар хоёр тал тохиролцож чадсан байна.

Хэдийгээр коронавирусын дэгдэлт гарсан ч  хилийн боомтуудыг хаахгүй, экспорт, импортын ачаа тээвэрлэлт болон бусад үйл ажиллагааг хорио цээрийн дэглэмийн хүрээнд үргэлжүүлнэ хэмээн Улсын Онцгой комиссоос шийдвэрлэлээ

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа

Сэтгэгдэл

Улстөр нийгэм

Улсын Их Хурлын 2023 оны намрын ээлжит чуулган эхэллээ

Огноо:

,

Улсын Их Хурлын 2023 оны намрын ээлжит чуулган өнөөдөр (2023.10.02) 10 цаг 01 минутад  гишүүдийн 71.2 хувийн ирцтэйгээр эхлэв.

Чуулганы нээлтэд Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ болон Үндсэн хуулийн цэцийн дарга, Улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгч, Улсын Ерөнхий прокурор, Засгийн газрын гишүүд, Улсын Их Хуралд ажлаа шууд тайлагнадаг байгууллагын удирдлагууд, Монгол Улсад суугаа Дипломат төлөөлөгчийн газрын тэргүүнүүд уригдан оролцсон юм.

Монгол Улсын Их Хурлын 2023 оны намрын ээлжит чуулганыг нээж, УИХ-ын дарга Г.Занданшатар үг хэлэв. /УИХ-ын даргын хэлсэн үг бүрэн эхээрээ /

Тэрбээр хэлсэн үгэндээ, УИХ-ын энэ удаагийн бүрэн эрхийн "отгон" намрын чуулган эхэлж байгааг онцлоод Монголын улс төр уламжлал, шинэчлэлийн зааг үеэ туулж байна. Монголын ардчиллын тулгуур багана болсон Үндсэн хуульдаа өөрчлөлт оруулж, сонгуулийн шинэ тогтолцоо бүрдүүлсэн, Улс төрийн намын шинэ хууль батлагдсан гээд улс төрийн цоо шинэ уур амьсгал дор Монгол хүн бүр ирээдүйдээ итгэл найдвар тавин хүлээж байна.

Мөн Ард түмний оролцоо нь ардчиллын хэвтээ хяналтын тогтолцооны үндэс суурь юм. Ардчиллын манлайлагч С.Зоригийн “Монгол хүний саруул ухаанд би итгэдэг” гэж өгүүлсэнчлэн УИХ-ын гишүүд маань ард, иргэдийнхээ чин хүсэл зоригийг мэдэрч, ажиллах ёстой. Худал хуурмаг, хулгай луйвар тав алхалгүй танигдаж илчлэгддэг болжээ. Хууль зөрчсөн ард түмнийхээ боломжийг хулгайлсан үйлдлүүдэд хуулийн хариуцлага тооцож, төрийн бодлого нь иргэдийнхээ хүсэл шаардлагад нийцэж ажиллах хэрэгтэй байна. Ингэж чадахгүй бол төр, иргэний итгэлцэл алдарна гэдгийг онцлон тэмдэглэлээ.

Түүнчлэн тэрбээр, Монголын төр засаг авлигал хээл хахуультай тууштай тэмцсээр байгаа ч үр дүн нь өргөс авсан мэт түргэн гарахгүй байна. Хөгжлийг гацааж хувиа бодсон цөөн хэсгийн шуналт үйлдлийн үр дагавар өнөөдөр Монгол төрийн нэр хүндийг удаанаар, "тогтвортой" унагаж, баллуурдаж байгааг дурдаад УИХ-ын гишүүдээс авлигын эсрэг тэмцэлдээ сэтгэл, зориг нэгтэйгээр тууштай зүтгэхийг хүсэв.

Нийслэл хотод 30 жил ужгирсан, яг энэ цаг үед нийгмийн бухимдлыг дээд цэгт нь хүргээд буй асуудлуудыг шалгаж, шийдэмгий, шуурхай арга хэмжээ авах нь чухал байна. Энэ зорилгоор УИХ-ын Хяналт шалгалтын түр хороог яаралтай зохион байгуулж, нийслэл дэх газрын наймаа, нийтийн тээвэр, дулаан, цахилгааны тусгай зөвшөөрөл, төрийн худалдан авалтыг тойрсон авлига, хээл хахуулийн сүлжээг ил тод болгож, хариуцлага тооцох ёстой гэж үзэж  байгаагаа УИХ-ын дарга Г.Занданшатар хэлсэн үгэндээ тэмдэглээд энэ асуудалд УИХ дахь Нийслэл Улаанбаатар хотын хөгжлийн асуудал эрхэлсэн түр хороо, холбогдох Байнгын хороод, УИХ дахь  намын бүлгүүдэд онцгойлон анхаарч ажиллахыг үүрэг чиглэл болголоо.  

Мөн өнгөрсөн хаврын чуулганыг Авлигын эсрэг чуулган гэж зарлаж, Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг баталсан. Монголын эдийн засагт үлэмж хэмжээний хохирол учруулсан “нүүрсний” гэх тодотголтой хэргийн сонсголыг нэн тэргүүнд зохион байгуулахыг иргэд, та биднээс шаардаж байгааг дурдаад авлигын эсрэг тэмцэх эрхэм зорилгыг ч энэхүү чуулганаар үргэлжлүүлэх шаардлагатай гэж байв.

Тэрбээр хэлсэн үгийнхээ төгсгөлд, Намрын чуулганы томоохон ажил нь улсын төсвийг хэлэлцэн, батлах явдал юм. Энэ жилийн төсвийг сонгуулийн жилийн төсөв болохгүй байх тал дээр онцгойлон анхааруулахын зэрэгцээ улсын төсвийг батлах хэлэлцүүлэгт туйлын хариуцлагатай хандахыг  УИХ-ын гишүүдэд уриалсан юм.

Улсын Их Хурлын дарга үг хэлсний дараа Монгол Улсын Төрийн дуулал эгшиглэснээр намрын чуулганы нээлтийн ажиллагаа өндөрлөв хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Дэлгэрэнгүй унших

Улстөр нийгэм

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Булган аймагт ажиллалаа

Огноо:

,

“Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Булган аймгийн Хутаг-Өндөр сумын Хантай багийн нутагт ажиллаж, газар тариалан эрхлэгчдийн төлөөлөлтэй уулзлаа.

Булган аймаг энэ жил 55.5 мянган га талбайд тариалалт хийсэн бөгөөд урьдчилсан балансаар 37 мянган га талбайгаас 50 мянган тн улаанбуудайн ургац хураан авах тооцоо гарчээ.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Хүнсний хувьсгал” нь хүнс, хөдөө аж ахуйн салбарт маш том дэмжлэг болж, тариалалт нэмэгдэж байгааг тариаланчид хэлж байв.

Сүүлийн өдрүүдэд үргэлжлэн унасан хур тунадасны улмаас ургац хураалт удааширсан хэдий ч тооцоолсон ургацыг хураан авч, аймгийн хэрэгцээг бүрэн хангана гэсэн итгэлтэй байгаагаа Булган аймгийн Засаг даргын орлогч Д.Жаргалсайхан хэллээ.

Энэ жил нэгж талбайгаас хураан авах ургацын хэмжээ өндөр байгаа хэдий ч ургац хураалт удааширсантай холбогдуулан малчдын нүүдэлтэй давхцах нөхцөл үүсээд байгааг “Эг тариа” ХХК-ийн агрономич Р.Сод-Од энэ үеэр хэлж, олон жил малчид, тариаланчдад тулгамдаж буй энэ асуудалд төр, засгаас бодлогын дэмжлэг хүслээ.

Засгийн газраас энэ асуудлаар УИХ-ын намрын чуулганаар Хөдөө аж ахуйн бүс нутгийн тухай хуулийн төслийг өргөн барьж, бодлогын зохицуулалт хийх талаар Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Х.Болорчулуун мэдээлэл өгөв.

Түүнчлэн төр, засгаас улаанбуудайн хэрэгцээг импортоор биш, зөвхөн дотоодын ургацаас хангах бодлогыг барьж байгааг хэллээ.

Бэлчээрийн болон эрчимжсэн мал аж ахуйг хослуулснаар махны экспортыг нэмэгдүүлэх боломжтой

Монгол Улсын Ерөнхийлөгч дараа нь Хутаг-Өндөр сумын нутагт үйл ажиллагаа явуулж буй эрчимжсэн мал аж ахуйн “Занаду Разорбак” ХХК-д ажиллалаа.

Тус компанийн үүсгэн байгуулагч, Канад Улсын иргэн Жереми Тиссен 1993 онд Монгол Улсад анх ирсэн бөгөөд 2009 онд “Занаду Разорбак” ХХК-ийг үүсгэн байгуулжээ. Анх газар тариалангийн чиглэлээр ажиллаж байгаад 2011 оноос үйл ажиллагаагаа өргөжүүлж, махны чиглэлийн эрчимжсэн мал аж ахуйг эрхлэх болсон байна.

“Занаду Разорбак” ХХК нь нийт 15 ажилчинтай бөгөөд өдөрт 10 үхэр нядлах хүчин чадалтай. Тус компани нь үхрийн гол бордоо болох ногоон тэжээлийг өөрсдөө бэлтгэдэг гэдгээрээ онцлогтой.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөнийг талархан дэмжиж буйгаа үүсгэн байгуулагч Жереми Тиссен онцолж байв. Үндэсний хөдөлгөөнийг зарласны дараа хөдөө аж ахуйн салбарт ажиллагсад итгэлтэй, урам зоригтой болсон гэдгийг хэллээ.

Монгол Улсад бэлчээрийн болон махны чиглэлийн эрчимжсэн мал аж ахуйг хослуулан хөгжүүлж, малчид, фермерүүд хамтран ажилласнаар махны экспортыг нэмэгдүүлэх асар их нөөц бололцоотой бөгөөд үүнд бэлчээр хамгааллын асуудал нэн чухал гэж үзэж байгаагаа хэллээ.

“Занаду Разорбак” ХХК нь 1-2 настай үхрийг малчдаас худалдан авч, эдийн засгийн эргэлтэд оруулан экспортын эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж буй бөгөөд ингэснээр малчид жилийн дөрвөн улиралд орлоготой байх боломж бүрдэж байгаа юм. Тус компани одоогоор 300 гаруй малчинтай хамтран ажиллаж байна.

Тус компани нь халал технологийг нэвтрүүлж, бүс нутагтаа жишиг аж ахуйн нэгж болж байгаагаас гадна одоогийн байдлаар Бүгд Найрамдах Киргиз Улс руу бүтээгдэхүүнээ экспортлох талаар яриа хэлцэл өрнүүлж байгаа талаараа Монгол Улсын Ерөнхийлөгчид танилцуулав.

“Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хүрээнд аж ахуйн нэгжүүдэд олгож буй хөнгөлөлттэй зээлд хамрагдах боломжтой гэдгийг албаныхан энэ үеэр хэллээ.

Дэлгэрэнгүй унших

Улстөр нийгэм

Европын парламент “Катар-Европын холбооны авлигын хэрэг”-ийн улмаас Ил тод байдлын дүрмээ шинэчлэн баталжээ

Огноо:

,

Шинээр батлагдсан дүрэмд нэмэлт орлого нь 5000 еврогоос дээш давсан тохиолдолд мэдүүлж байхаар тусгажээ. Европын парламентын гишүүд Катараас хахууль авсан гэх томоохон авлигын хэргийн дуулианы дараа Европын парламент ил тод байдлын дүрмээ сайжруулахаар санаачилжээ.

Холбооны хууль тогтоогчдод зориулсан шинэ дүрэмд хэрэв нийт орлого нь 5,000 евро /5,365 доллар/-оос дээш давсан тохиолдолд орлого олж буй бүх үйл ажиллагаагаа мэдүүлэх, мөн сүүлийн зургаан сарын хугацаанд парламентыг орхисон гишүүдтэй хамтарч ажиллахыг хориглох зэргийг тусгажээ.

Европын парламентын гишүүд 150 евро /161 доллар/-оос дээш үнэтэй бэлэг авахыг хориглосон бөгөөд тус хэмжээнээс илүү гарсан үнийн дүнтэй бэлгийг парламентын даргад шилжүүлэн өгөхөөр тусгажээ. Мөн Европын парламентын гишүүний оролцсон аливаа арга хэмжээний зардлыг аливаа хуулийн этгээд хариуцан төлсөн тохиолдолд мөн мэдэгдэх ёстой.

Парламентын ерөнхийлөгч Роберта Мецола санал хураалтын дараа нийгмийн сүлжээний X платформ дээр "Бид шударга ёс, хараат бус байдал, хариуцлагыг бэхжүүлэх талаар урьд өмнө байгаагүй шийдвэрүүдийг гаргасандаа бахархаж байна" гэжээ.

Өнгөрсөн арван хоёрдугаар сард Бельгийн эрх баригчдаас 1,6 сая гаруй доллар бэлнээр хураан авч, тус ажиллагааны үеэр зургаан хүнийг баривчилснаар дуулиан дэгдсэн.

Европын парламентын гишүүн, Европын парламентын дэд ерөнхийлөгч асан Ева Кайли болон Грекийн нэр бүхий 4 эрх баригчдыг "гэмт хэрэг зохион байгуулж, хахууль авсан, мөнгө угаасан" хэргээр буруутгаж байгаа юм. Холбогдуулан шалгаж байсан хоёр албан тушаалтныг сулласан.

Мөн Европын парламент Катартай холбоотой хууль тогтоох бүх ажлыг зогсоож, тус улсын төлөөлөгчдийг парламентын байранд оруулахыг хориглох санал өгсөн байна. Ил тод байдлын шинэ дүрэм батлахыг 505 нь дэмжиж, 93 нь эсэргүүцсэн бөгөөд олонхын саналаар баталсан. Тус дүрэм нь энэ оны арван нэгдүгээр сараас хэрэгжиж эхэлнэ.

Гэсэн хэдий ч парламент дахь ил тод байдлыг нэмэгдүүлэхийг дэмжигчид шинэ дүрэм батлагдсанаар авлигыг таслан зогсоож чадна гэдэгт бүрэн итгэлгүй байна.

Транспаренси Интернэшнл ЕХ-ны захирлын үүрэг гүйцэтгэгч Ник Айосса Politico-д өгсөн ярилцлагадаа "Европын парламентын хэд хэдэн гишүүд хөрөнгө орлогын мэдүүлэгтээ өөрчлөлт оруулах шаардлагатай болж байгаа бөгөөд шинэчлэн мэдүүлээгүй тохиолдолд өөр бусад үйл ажиллагаа явуулах  эрхгүй болно" гэж мэдэгдэв.

“Шинэчлэлийг хийхдээ одоо байгаа ил тод байдлын дүрмийн зарчмыг алдагдуулалгүй барих хэрэгтэй.”

Дэлгэрэнгүй унших

Санал болгох