Улстөр нийгэм
Ерөнхийлөгч Х.Баттулгад Норвегийн Хүнс, хөдөө аж ахуйн сайд бараалхав
Норвегийн Хаант Улсын Хүнс, хөдөө аж ахуйн сайд хатагтай Олауг Вервик Боллеста өнөөдөр /2020.01.28/ Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад бараалхаж, салбарын хамтын ажиллагааны асуудлаар санал солилцлоо.
Хатагтай Боллестагийн танилцуулснаар Норвегийн хөдөө, аж ахуйн салбар сүүлийн үеийн технологид суурилсан шинэчлэл хийж байгаа нь хөдөө аж ахуйн салбараас гарах үр ашгийг нэмэгдүүлэхэд гол нөлөө үзүүлж байгаа юм байна. Мөн шинжлэх ухааны ололт амжилтыг хүнс, хөдөө аж ахуйн салбарт нэвтрүүлэх судалгааны төв ажиллуулснаар энэ салбарт нэвтэрч байгаа технологийн ололтыг ашиглах, мэдлэгээ хуваалцахад гол түлхэц болжээ.
Тус улсын хүнс, хөдөө аж ахуйн салбарт 1953 оноос хойш шүлхий, 1960 оноос хойш гахайн мялзан өвчин гараагүй нь салбарын хөгжлийн тодорхойлолт гэж хатагтай Боллеста хэлээд малын эрүүл мэнд, мал эмнэлгийн салбарт Монгол Улстай хамтран ажиллахад бэлэн буйгаа мэдэгдсэн юм.
Норвегийн мал эмнэлгийн Олон улсын хамтын ажиллагаа, судалгааны газрынхан 2019 онд Монгол Улсад ажиллах үеэрээ малын эрүүл мэнд, мал эмнэлгийн асуудлаарх судалгаа хийж, тайлан боловсруулсан бөгөөд тус газрын захирал Карлос дас Нэвэс бэлтгэсэн тайлангаа Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, хатагтай Боллеста нарт гардуулж, салбарын түвшинд хамтран ажиллахаар боллоо.
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга малын эрүүл мэндээс гадна хөдөө, аж ахуйн салбарт ашиглаж буй техник, технологийн дэвшлийг үе шаттай нутагшуулахын тулд одоогийн харилцаагаа бүхий л түвшинд өргөжүүлэх хүсэлтэй буйгаа илэрхийлсэн юм. Мөн Монгол Улсын хөдөө аж ахуйн салбарын экспортын голлох бүтээгдэхүүн болох ноос, ноолуур, махыг боловсруулах, экспортлох судалгааны ажлууд дууссан тул хамтарсан компани байгуулах замаар хамтын ажиллагааг богино хугацаанд өргөжүүлэх боломжтой гэж үзэж буйгаа Монгол Улсын Ерөнхийлөгч хэлсэн юм.
Улстөр нийгэм
Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно
Эзэн Богд Чингис хааны мэндэлсний 864 жилийн ой, “Монгол бахархлын өдөр” энэ сарын 10-ны өдөр тохиож байна. Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1 дэх хэсэгт “Монгол Улсын түүх, тусгаар тогтнол, бүрэн эрхт байдалтай салшгүй холбоотой түүхэн ой, үйл явдлыг тэмдэглэх, түүнчлэн гадаад улсын өндөр дээд зочин нэгдсэн хуралдаанд үг хэлэх бол хүндэтгэлийн хуралдаан зарлан хуралдуулж болно” хэмээн заасан байдаг.

Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр “Хүндэтгэлийн хуралдаан зарлан хуралдуулах тухай” 431 дүгээр захирамж гаргалаа. Тус захирамжид Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.2 дахь заалт, 15 дугаар зүйлийн 15.3 дахь хэсэг, 20 дугаар зүйлийн 20.1, 20.2 дахь хэсгийг үндэслэн Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан Улсын Их Хурлын хүндэтгэлийн хуралдааныг хуралдуулахаар товложээ.

Монгол төрийн залгамж чанар, үндэсний бахархал, төрт ёс, түүх цадиг, өв соёлын уламжлалыг эрхэмлэн дээдэлж, эх оронч үзэл, үндэсний эв нэгдлийг бэхжүүлэх зорилготой Монгол Улсын Их Хурлын хүндэтгэлийн хуралдаан Их Эзэн Чингис хаан мэндэлсэн билгийн тооллын өвлийн тэргүүн сарын шинийн 1-ний өдөр буюу 2026 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн Мягмар гарагийн 10.00 цагт болно хэмээн Улсын Их Хурлын Нээлттэй парламентын газраас мэдээллээ.
Улстөр нийгэм
Б.Пүрэвдагва: Энэ өвөл 7-10 мянган айлын яндан буулгана
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва Нийслэлийн 2026-2027 оны өвөлжилтийн бэлтгэл ажлын талаар мэдээлэл хийлээ. Хот, нийтийн аж ахуйн 38 байгууллагын 3200 ажилтан машин, техник хэрэгсэлтэйгээр өвөлжилтийн бэлтгэл хангаж, ажиллаж байна. 11025 тонн давс, 9736.2 тонн бодис нөөцлөхөөр төлөвлөж 80 хувьтай байна.
2026-2027 оны өвөл НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран 7-10 мянган өрхийг гэр, сууцны дулаалга, эрчим хүчний хэмнэлттэй, дулаан хуримтлуур бүхий цахилгаан халаалтын иж бүрэн шийдэлд шилжүүлнэ. Мөн НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөртэй хамтран гэр хорооллын өрхүүдэд нийт 2.4 МВт-ын хүчин чадалтай батарей хуримтлуулах системтэй хосолсон нарны цахилгаан станцыг байгуулна.
Энэ өвөл 280 мянган хагас кокс, 180 мянган тонн шахмал түлш хэрэглэнэ. Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад агаарын бохирдол 10-14 хувиар буурсан байна. Нийтийн тээврийн хүрэлцээг нэмэгдүүлэх хүрээнд 13 чиглэлд 21 автобус, шинээр зургаан богино эргэлтэд автобус нэмлээ. Энэ өвөл 160 автобусаар парк шинэчлэл хийнэ гэлээ.
Улстөр нийгэм
Нөмрөгийн дархан цаазат газрын зэрлэг амьтдад идэш, тэжээл хүргэнэ
Нөмрөгийн дархан цаазат газарт гарсан түймрийн улмаас зэрлэг амьтдын идэш, тэжээл хомсдсонтой холбоотой биотехникийн арга хэмжээ авах ажлыг шуурхай зохион байгуулж ажиллахыг холбогдох албан тушаалтнуудад даалгалаа.
Нөмрөгийн дархан цаазат газрын 468,965.7 га буюу нийт нутаг дэвсгэрийн 80 орчим хувь нь түймэрт өртсөн гэсэн урьдчилсан тооцоо гарсан. Бичигт уулын урд Нарийн голын хэсэг, Хавирга уулын урд болон баруун хэсэг түймэрт өртөөгүй үлджээ. Энэ хэсэгт зэрлэг амьтдын бөөгнөрөл, нягтрал ердийн үеийнхээс илүү ажиглагдаж байгааг биологийн шинжээчдийн судалгаагаар тогтоожээ.
Иймээс энд өвөлжих зэрлэг амьтдад идэш, тэжээлийн хомсдолтой холбоотой биотехникийн арга хэмжээ хэрэгжүүлэх шаардлагатай болжээ.
2018, 2022 онд хийсэн Нөмрөгийн дархан цаазат газар болон түүний орчны бүс нутгийн ойн туруутан амьтдын тархац, байршил, тоо толгойн судалгаагаар 3,000 гаруй буга, 300 гаруй хандгай, 10,000 гаруй бор гөрөөс байх боломжтой гэсэн тооцоо байна. Эдгээр амьтдад өвс тэжээл бэлтгэх, тээвэрлэн хүргэх зардал 629 сая төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргахаар шийдвэрлэв.
-
Улстөр нийгэм2022/06/27
Технологийн компаниуд бүтээгдэхүүн, үйлчилгээгээ танилцууллаа
-
Улстөр нийгэм2021/05/06
Л.Оюун-Эрдэнэ: АН хуваагдсаны буруутан нь Ерөнхийлөгч Х.Баттулга, Ерөнхийлөгч ас...
-
Цаг үе2023/09/01
Монгол Улсад 2022 онд 13 мянга гаруй үр хөндөлт бүртгэгджээ
-
Улстөр нийгэм2023/12/06
Сингапур улстай нүүрс төрөгчийн зах зээлд хамтран ажиллах чиглэлээр санал солилц...
