Бидэнтэй нэгдэх

Улстөр нийгэм

УИХ-ын тогтоолын төслийг баталж, 2024-2025 оны өвөлжилт, хаваржилтын бэлтгэл ажлын явцын талаар мэдээлэл сонслоо

Огноо:

,

УИХ-ын 2024 оны намрын ээлжит чуулганы 2024 оны арваннэгдүгээр сарын 29-ний өдрийн үдээс хойших нэгдсэн хуралдаанаар гурван асуудал хэлэлцэн шийдвэрлэсэн.

Хуралдааны эхэнд Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хууль болон хамт өргөн мэдүүлсэн болон холбогдуулан боловсруулж баталсан хууль тогтоомжид бүхэлд нь тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авсантай холбогдуулан холбогдох хууль, Монгол УИХ-ын тогтоолыг хүчингүй болсонд тооцох асуудлыг хэлэлцлээ. 

УИХ-ын Төсвийн болон Хууль зүйн байнгын хорооны хамтарсан хуралдаанаар уг асуудлыг хэлэлцсэн бөгөөд энэ талаарх санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Дав.Цогтбаатар танилцуулсан.

Тэрбээр танилцуулгадаа, Монгол Улсын Их Хурал 2024 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр баталсан Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хууль, Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Гаалийн албан татварыг хөнгөлөх тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль болон Монгол УИХ-ын 2024 оны “Засгийн газрын үнэт цаас гаргах эрх олгох тухай” 38 дугаар тогтоол, “Засгийн газарт чиглэл өгөх тухай” 39 дүгээр тогтоол, ““Төрийн захиргааны байгууллагын тогтолцоо, бүтцийн ерөнхий бүдүүвч"-д нэмэлт оруулах тухай" 40 дүгээр тогтоол, “Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хууль баталсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай” 41 дүгээр тогтоолд бүхэлд нь тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авсныг дурдлаа.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авсантай холбогдуулан дээрх хууль, Монгол УИХ-ын тогтоолыг хүчингүй болсонд тооцох тухай асуудлыг Монгол УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 90 дүгээр зүйлийн 90.8 дахь хэсэгт заасныг баримтлан Төсвийн байнгын хороо, Хууль зүйн байнгын хороо 2024 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн хамтарсан хуралдаанаараа хэлэлцсэн бөгөөд хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дээрх хууль, тогтоолыг хүчингүй болсонд тооцохыг дэмжсэн гэж байлаа.

Байнгын хорооны хуралдаанаар хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг явуулах үед төслийн талаар зарчмын зөрүүтэй санал гараагүй тул УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар Монгол УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.24 дэх хэсэгт заасныг баримтлан хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг эцэслэн батлах үе шаттай нэгтгэн явуулах горимын санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн  гэлээ.

Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу, Х.Булгантуяа, Б.Баярбаатар, Ц.Даваасүрэн, О.Номинчимэг, Б.Жавхлан, Д.Ганбат, Б.Мөнхсоёл, Л.Мөнхбаясгалан нар асуулт асууж, үг хэллээ. Тухайлбал, УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу Засгийн газар, Сангийн яам төсвийн алдагдалгүй хуулийн төслийг яаралтай өргөн мэдүүлэх шаардлагатай гээд хуулийн төслүүдийг хэдий хугацаанд хэлэлцэн батлах талаар тодорхой зохицуулах нь зүйтэй гэв. Мөн УИХ-ын гишүүн Х.Булгантуяа аймаг, нийслэл, орон нутаг төсвөө ирэх оноос өмнө хэлэлцэн батлахад хугацаа тулсан байгааг бодолцож, Засгийн газар төсвийн тухай хуулийн төслийг яаралтай өргөн мэдүүлж, хэлэлцүүлэх шаардлагатай гэсэн саналтай байлаа. Мөн УИХ-ын гишүүн Б.Баярбаатар төсвийн төслийг дахин өргөн мэдүүлж, хэлэлцэхэд Засгийн газар, Улсын Их Хурал, Байнгын хороод дор бүрнээ алдаа гаргахгүй байхад онцгой анхаарч, ажиллах шаардлагатай хэмээсэн.

Харин Сангийн сайд Б.Жавхлан, Засгийн газраас төсвийн төслийг шинээр өргөн мэдүүлсэн нөхцөлд Монгол УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд энэ талаар зохицуулалт байхгүй. Уг хуульд Засгийн газраас төсвийн тухай хууль эсвэл төсвийн тодотголын төслийг өргөн мэдүүлэхтэй холбоотой зохицуулалт бий. Төсвийн төсөл маш нарийн дэгтэй тул 12 дугаар сарын 10-ны өдөр гээд яаралтай хугацаа заавал төсвийн төслийг бэлтгэж амжихгүй гэсэн байр суурьтай байгаагаа илэрхийлэв.

Сангийн сайдын хэлсэн саналтай холбогдуулан Төсвийн байнгын хорооны дарга Ц.Даваасүрэн хариу тайлбар хийв. Тэрбээр, Бид Монгол УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийг л баримтлах ёстой. Хуулийн  90 дүгээр зүйлийн 90.8 дахь хэсэгт нэгдүгээрт, Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авсан бол хууль, тогтоолыг бүхэлд нь буюу зарим хэсгийг нь хүчингүй болгох, хоёрдугаарт шаардлагатай гэж үзвэл зохих нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль, тогтоолын төслийг хэлэлцэн баталж болно гэсэн  хоёр зохицуулалтыг тусгасан байна. Үүнээс өөр дэг зохиовол асуудал үүсгэнэ гэсэн хариулт өгсөн юм. 

Мөн энэ үеэр УИХ-ын гишүүн Д.Ганбат хуулийн төслүүдийн санал хураалтыг гар өргөн явуулах горимын санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжив.

Ингээд Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай, Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд нэмэлт оруулах тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай, Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай, Гаалийн албан татварыг хөнгөлөх тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслүүд болон Тогтоол хүчингүй болсонд тооцох тухай УИХ-ын тогтоолын төслийг анхны хэлэлцүүлгээс эцэслэн батлах үе шатруу шилжүүлэх Байнгын хороодын саналыг дэмжье гэдэг саналын томьёоллоор санал хураалт явуулахад,  хуралдаанд оролцсон 70 гишүүний 68 нь дэмжлээ.

Иймд хууль, тогтоолын төслүүдийг эцэслэн батлах бэлтгэл хангуулахаар холбогдох Байнгын хороонд шилжүүлсэн.

Үргэлжлүүлэн УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Монгол УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.3-т “Долоо хоногийн Баасан гарагийн 10.00 цагт нэгдсэн хуралдаанаар хуулийн төслийг эцэслэн батлах санал хураалт явуулна. Хуралдааны ирц хуулийн төсөл эцэслэн батлах шаардлага хангахаар бол бусад өдөр, цагт хуулийн төслийг эцэслэн батлах санал хураалтыг явуулж болно.” гэж мөн уг хуулийн 44.2-т “Нэгдсэн хуралдаанд хуулийн төслийг эцэслэн батлах санал хураалт явуулах бөгөөд УИХ-ын нийт гишүүний олонх дэмжсэн бол эцэслэн баталсанд тооцно.” гэснийг уншиж, танилцуулав.

Ингээд дээр дурдсан 6 хууль, 1 тогтоолын төсөл тус бүрээр эцэслэн батлах санал хураалтыг явуулахад, хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн тул эцсийн найруулгыг сонслоо.

Дэлгэрэнгүй унших
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Улстөр нийгэм

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Саксони муж улсын Ландтагийн Ерөнхийлөгч бараалхлаа

Огноо:

,

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн Холбооны Бүгд Найрамдах Герман Улсад хийж буй төрийн айлчлалын хүрээнд Саксони муж улсад хэрэгжүүлж буй айлчлал Дрезден хотноо үргэлжилж байна.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд ХБНГУ-ын Саксони муж улсын Ландтагийн Ерөнхийлөгч Александер Дийркс Дрезден хотноо бараалхлаа.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Монгол, Саксонийн боловсрол, шинжлэх ухаан, соёлын хэлхээ холбоо нь манай хоёр улсын ард түмний найрамдал, нөхөрлөлийн бэлгэ тэмдэг, үнэт өв болдог гэдгийг тэмдэглэв.

Энэхүү түүхэн уламжлалыг эдүгээ цагт үргэлжлүүлэн Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Илгээлт-2100” тэтгэлэгт хөтөлбөрөөр Саксонийн шилдэг их сургуулиудад олон залуус эрдэм мэдлэгт шамдан суралцаж буйг онцоллоо.

Мөн нэгэн зууны тэртээгээс Саксони муж улсыг зорин ирсэн оюутан залуусыг үеийн үед элэгсэг дотноор хүлээн авч ирсэн Саксони муж улсын ард иргэдэд монгол түмний нэрийн өмнөөс чин сэтгэлийн талархал илэрхийлэв.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дрезден хотын хүндэт зочны дэвтэрт хүндэтгэлийн үг бичиж, гарын үсэг зурлаа.
Дэлгэрэнгүй унших

Улстөр нийгэм

Их зохиолч Д.Нацагдорж, монголч эрдэмтэн Э.Хэниш нарын дурсгалыг алдаршууллаа

Огноо:

,

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх ХБНГУ-ын Саксони муж улсад айлчлах үеэрээ Лайпцигийн их сургуулийн Энэтхэг, Төв Ази судлалын сургуулийн байранд зочилж, Монголын орчин үеийн уран зохиолыг үндэслэгч, их зохиолч Дашдоржийн Нацагдорж, Германы нэрт дорно дахинч, монголч эрдэмтэн, профессор Эрих Хэниш нарт зориулсан дурсгалын самбар, их зохиолч Д.Нацагдоржийн мэндэлсний 120 жилийн ойд зориулсан шуудангийн маркийн нээлтийн ёслолд оролцлоо.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх нээлтийн үеэр хэлсэн үгэндээ, энэхүү дурсгалт бүтээл нь хоёр суут хүний нэр алдар, эрдэм бүтээл, гавьяа зүтгэлийг хүндэтгэн мөнхжүүлэхийн зэрэгцээ Монгол, Германы ард түмний эрдэм мэдлэг, оюун санаа, харилцан хүндэтгэлээр холбогдсон нэгэн зууны түүхэн хэлхээ холбооны бэлгэ тэмдэг болохыг онцоллоо.

Одоогоос нэгэн зууны тэртээ эрдэм боловсрол эзэмшихээр Герман орныг зорьсон монгол залуусын нэг нь Монголын орчин үеийн утга зохиолын суурийг тавьсан их зохиолч Дашдоржийн Нацагдорж байв.

Д.Нацагдоржийн Герман Улсад, тэр дундаа Лайпциг хотод өнгөрүүлсэн он жилүүд нь түүний ертөнцийг үзэх үзэл, оюуны төлөвшил, уран бүтээлийн сэтгэлгээнд гүн гүнзгий нөлөөлсөн чухал үе байсан.

Чухам энэ цаг үед Лайпцигийн их сургуульд ажиллаж байсан нэрт эрдэмтэн Эрих Хэниш Монголын түүх, хэл, соёлыг судлах үйлсэд жинтэй хувь нэмэр оруулж, Германы монгол судлалын хөгжилд анхдагч болон тод мөрөө үлдээжээ.

Монголын залуу сэхээтэн Д.Нацагдорж, Германы монголч эрдэмтэн Эрих Хэниш нарын эрдмийн их өргөөнд тогтоосон багш, шавийн барилдлага нь хоёр орны харилцааны түүхэнд онцгой байр суурийг эзэлдэг юм.

Одоогоос зуун жилийн тэртээ монгол залуус Герман орныг зорьж, эрдэм мэдлэг өвөрлөн эх орондоо буцаж байсан бол эдүгээ ч энэхүү түүхэн уламжлал үргэлжлэн бэхжиж, монгол оюутан залуус эрдэм мэдлэгт шамдан суралцаж, хоёр орны эрдэмтэн судлаачид хамтарсан судалгаа, төсөл, хөтөлбөр амжилттай хэрэгжүүлсээр байгааг Ерөнхийлөгч У.Хүрэлсүх тэмдэглэв.

Энэ түүхэнд Лайпцигийн их сургууль онцгой байр суурь эзэлдэг бөгөөд XIX зууны сүүл үеэс тус сургуульд Монголын соёлын талаарх хичээл, судалгаа хөгжиж, улмаар монгол судлалын сонгодог төв байсаар ирсэн түүхтэй.

Өнөөдөр монгол хэл, Монгол болон Төв Азийн судлалын уламжлал Лайпцигийн их сургуульд үргэлжилж байгааг дурдаж, энэхүү дурсгал нь өнгөрсөн түүхээ хүндэтгэн алдаршуулахын зэрэгцээ ирээдүйн хамтын ажиллагааг бэлгэдсэн гүн гүнзгий утга агуулгатай хэмээн тодотголоо.

Энэхүү санаачилгыг дэмжсэн Лайпцигийн их сургуулийн удирдлага, эрдэмтэн судлаачид болон дурсгалын самбарыг бүтээсэн уран бүтээлчид, бэлтгэл ажилд үнэтэй хувь нэмэр оруулсан Монгол, Германы холбогдох байгууллага, эрдэмтэн судлаачдад Ерөнхийлөгч талархал илэрхийллээ.

Энэ жил тохиож буй их зохиолч Д.Нацагдоржийн мэндэлсний 120 жилийн ойд зориулан эрдэм шинжилгээний олон улсын бага хурлыг Лайпцигийн их сургуульд зохион байгуулсан юм.

Лайпцигийн их сургууль нь ХБНГУ-ын Саксони муж улсын Лайпциг хотод 1409 онд байгуулагдсан. Герман болон Европын хамгийн эртний их сургуулиудын нэг бөгөөд 35 мянга гаруй монголчууд герман хэл, боловсрол эзэмшсэн байдаг.

Лайпцигийн их сургууль нь Монгол судлалын урт хугацааны уламжлалтай. XIX зууны сүүлчээр тус сургуульд Германд анх удаа Монголын соёлын талаар хичээл зааж эхэлсэн бөгөөд XX зуунд Монгол судлал бие даасан судалгааны чиглэл болон хөгжсөн билээ.

Тус сургуульд ажиллаж байсан монгол, хятад судлаач профессор Эрих Хэниш “Монголын нууц товчоо”-г герман хэлнээ орчуулсан эрдэмтдийн нэг юм.

Монголын анхны 35 сурагч, оюутан 1926 онд Лайпциг болон Германы бусад их, дээд сургуульд суралцахаар ирсэн бөгөөд БНАГУ-ын үед олон монгол оюутан Лайпцигийн Хердерийн институтэд герман хэлний бэлтгэлд хамрагдаж, улмаар мэргэжлийн сургалтаа үргэлжлүүлж байсан түүхтэй.

Өдгөө Лайпцигийн их сургууль Монгол Улсын их сургуультай их сургууль хоорондын хамтын ажиллагааны гэрээтэй бөгөөд боловсрол, эрдэм шинжилгээний харилцаагаа үргэлжлүүлж байна.
Дэлгэрэнгүй унших

Улстөр нийгэм

Нүүрс-пиролизын үйлдвэр жилд 1.8 сая тонн хүрэн нүүрс боловсруулж, 600 мянган тонн хагас кокс үйлдвэрлэнэ

Огноо:

,

Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах, дотоодын нүүрсний нөөцийг боловсруулан нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх зорилгоор “Нүүрс-пиролизын үйлдвэр” төслийг төр, хувийн хэвшлийн түншлэлээр барихаар төлөвлөсөн. Энэ хүрээнд нийслэлийн Засаг даргын зөвлөлийн 17 дугаар хуралдаанаар “Багануур нүүрс-химийн үйлдвэр” ХХК-ийг “Чингис хаан баялгийн сан нэгдэл” ХХК-тай хамтран байгуулах тухай НИТХ-д өргөн барих тогтоолын төслийг хэлэлцлээ.

Багануурын Нүүрс-пиролизын үйлдвэр жилд 1.8 сая тонн хүрэн нүүрс боловсруулж, 600 мянган тонн хагас кокс, 82 мянган тонн давирхай үйлдвэрлэнэ. Мөн нүүрс боловсруулах явцад ялгарах пиролизын хийг ашиглан эрчим хүч үйлдвэрлэж, төвийн эрчим хүчний нэгдсэн системд 26 МВт цахилгаан нийлүүлэхээр төлөвлөжээ.

Төслийн үр дүнд нийслэлийн гэр хорооллын айл өрхүүдийг дотооддоо үйлдвэрлэсэн хагас коксон түлшээр хангаж, агаарын бохирдлыг бууруулна. Үйлдвэр ашиглалтад орсноор гэр хорооллоос ялгарах агаарын бохирдол 50–60 хувиар буурч, түлшний өртөг 50–70 хувиар багасах боломжтой гэж үзжээ. Эдийн засгийн үр өгөөжийн хүрээнд 440 ажлын байр бий болно.

2026 оны наймдугаар сарын 21-нд төслийг хэрэгжүүлэх хувийн хэвшлийн түншлэгчийг сонгох, түншлэлийн гэрээний хэлэлцээ хийх, гэрээ байгуулах ажлыг зохион байгуулах ажлыг хэсэг байгуулагдсан. Төслийг хэрэгжүүлэх хувийн хэвшлийн түншлэгчийн сонгон шалгаруулалтыг арваннэгдүгээр сард багтаан дуусгахыг нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва үүрэг болголоо.

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа
Урлаг спорт1 цаг 32 минут

Үндэсний урлагийн их театрын “Монголын сайхан орон” тоглолт болл...

Шударга мэдээ1 цаг 59 минут

Цахим залиланг таних zalilan.113.mn цахим хуудас ажиллаж байна

Улстөр нийгэм2 цаг 5 минут

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Саксони муж улсын Ландтагийн Ерөнхийлөгч ба...

Улстөр нийгэм2 цаг 9 минут

Их зохиолч Д.Нацагдорж, монголч эрдэмтэн Э.Хэниш нарын дурсгалыг алд...

Цаг үе2 цаг 20 минут

“Spark - UB startup town” хакатоны шилдэг багуудыг тодрууллаа

Улстөр нийгэм2 цаг 25 минут

Нүүрс-пиролизын үйлдвэр жилд 1.8 сая тонн хүрэн нүүрс боловсруулж, 6...

Цаг үе2 цаг 31 минут

Халиа тошин үүсэх эрсдэлтэй байршлуудад урьдчилан сэргийлэх арга хэм...

Цаг үе2026/10/22

Цахим мөрийтэй тоглоомын гэмт хэргээс урьдчилан сэргийлэхийг иргэдэд...

Улстөр нийгэм2026/10/22

Нийслэлийн 166 дугаар сургууль кембрижийн хөтөлбөр хэрэгжүүлж эхэллэ...

Шударга мэдээ2026/10/22

“50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц

Санал болгох