Шударга мэдээ
ГССҮТ-ийн эмч нар үений гадаргуу мөгөөрсийг шилжүүлэн суулгах мэс заслын шинэ технологи нэвтрүүллээ
Гэмтэл согог судлалын үндэсний төвийн Насанд хүрэгсдийн мэс заслын тасгийн эмч нар дунд чөмөгний булуу шаант ясны тавцанд нэг моментоор үений гадаргуу мөгөөрс шилжүүлэн суулгах мэс засал эмчилгээг анх удаа хийлээ.
Тус тасгийн хамт 2020 оноос үений гадаргуу мөгөөрс шилжүүлэн суулгах мэс заслыг хийж эхэлсэн бөгөөд өдгөө эмчилгээний аргыг улам боловсронгуй болгон цогц байдлаар хийж, эмнэлгийн тусламж үйлчилгээнд шинэ технологийг нэвтрүүлж байна.
Энэхүү шинээр нэвтрүүлсэн мэс засал эмчилгээ нь үений мөгөөрсний элэгдэл /ОА II-IV зэрэгтэй/ болон үхжилт үүссэн хэсгийг авч, шилжүүлэн суулгах буюу тромбинатор /үений гадаргуу мөгөөрсийг хусаж аван үүдэл эстэй хольж, үений гадаргууг нөхөх/-ийг ашиглан сэргээснээрээ хиймэл үе суулгах мэс заслыг 5-10 жилээр хойшлуулах чухал ач холбогдолтой юм.
Мэс заслын баг бүрэлдэхүүнд ГССҮТ-ийн Насанд хүрэгсдийн мэс заслын тасгийн эмч, ЭМЯ-ны дэргэдэх салбар зөвлөлийн мэргэжилтэн, Төрийн соёрхолт эмч С.Сүхбат, мөн Насанд хүрэгсдийн мэс заслын тасгийн их эмч Б.Оргил болон Мэдээгүйжүүлгийн эмч, Төрийн соёрхолт эмч Ж.Түмэн-Өлзий, мэдээгүйжүүлгийн сувилагч П.Хулан, мэс заслын сувилагч Ө.Оюунчимэг, Г.Баасанжаргал нар багтсан гэж ГССҮТ-өөс мэдээллээ.

Шударга мэдээ
Улаанбаатар зам засвар, арчлалтын газар энэ онд 42 байршилд төсөл хэрэгжүүлж байна
“Улаанбаатар зам засвар, арчлалтын газар” ОНӨААТҮГ-т нийслэлийн Засаг дарга Б.Пүрэвдагва, Баянзүрх дүүргийн Засаг дарга И.Баттөгс, нийслэлийн Замын хөгжлийн төсөл, хөтөлбөрийн зохицуулагч Л.Хосбаяр ажиллалаа.
Улаанбаатар зам засвар, арчлалтын газар нийслэлийн авто зам, байгууламжийн засвар, арчлалт, тэмдэг тэмдэглэгээ, ашиглалтыг хариуцан ажилладаг. Энэ онд нийслэлийн Засаг даргын захирамжаар хэрэгжүүлж буй 18 төсөл, арга хэмжээний хүрээнд нийт 42 байршилд засвар, шинэчлэлийн ажлыг гүйцэтгэж байгаа юм.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва “Улаанбаатар зам засвар, арчлалтын газар хотын чухал эд эс. Авто замын засвар, шинэчлэлийн ажлууд түгжрэл, амьдралын чанартай шууд холбоотой. Иймд явган хүний зам, авто замын эвдрэлийг чанартай засаж, насжилт хэтэрсэн замуудыг шинээр барьж, ажлыг эрэмбэлэх нь чухал. Машин, техник, тоног төхөөрөмжийн шинэчлэл, асфальтбетон үйлдвэрлэлийн зардал, уг үйлдвэрлэлд зориулж дайрга олборлох асуудлыг судлах, нийт асуудлыг нэгтгэн танилцуулахыг нийслэлийн Замын хөгжлийн төсөл, хөтөлбөрийн зохицуулагч Л.Хосбаярт хариуцуулъя” гэв.
Ажиллах хүчний нөхцөл, авто баазын парк шинэчлэл болон асфальтбетоны үйлдвэрлэлийн зардлыг багасгаж, бүтээмжийг сайжруулснаар ажлын бүтээмж 3-4 дахин нэмэгдэх боломжтойг Улаанбаатар зам засвар, арчлалтын газраас танилцууллаа.



Шударга мэдээ
Зөвшөөрөл, мэдэгдлийн хуулийн хэрэгжилтийг хангаж ажиллаагүй эрх бүхий албан тушаалтанд хариуцлага тооцно
“Эдийн засгийн эрх чөлөөний тухай, Хөрөнгө оруулалтын тухай хууль, Зөвшөөрөл, мэдэгдлийн тухай хуулийн хэрэгжилтийг хангах үйл ажиллагааны төлөвлөгөө”-ний хэрэгжилтийн талаар Монгол Улсын Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр Засгийн газрын хуралдаанд танилцууллаа. Танилцуулгатай холбогдуулан дараах Ерөнхий сайд Н.Учрал дараах үүрэг даалгаврыг өглөө.
-Зөвшөөрөл сунгуулах хүсэлт гаргасан этгээд зөвшөөрлийн нөхцөл, шаардлагыг зөрчөөгүй болох нь тогтоогдсон бол ажлын хоёр өдөрт сунгах тохиргоог Зөвшөөрөл, мэдэгдлийн цахим систем /license.mn/-д хийх,
-Энгийн зөвшөөрөл хүссэн өргөдлийн хариуг хуульд заасан хугацаанд өгөөгүй бол зөвшөөрөл олгосонд тооцох,
-Тусгай зөвшөөрөл авах хүсэлтийг цахимаар гаргах нөхцөл бүрдүүлээгүй зөрчлийг арилгах,
-Зөвшөөрөл сунгуулах хүсэлтийг шийдвэрлэх хугацааг хэтрүүлсэн эрх бүхий албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд үүрэг болголоо.
-Зөвшөөрөл олгосон, сунгасан, хүчингүй болгосон, түдгэлзүүлсэн шийдвэрийг Зөвшөөрөл, мэдэгдлийн бүртгэл, мэдээллийн нэгдсэн санд хуульд заасан хугацаанд бүртгүүлэх үүргээ гүйцэтгээгүйалбан тушаалтны гаргасан зөрчлийг арилгаж, холбогдох арга хэмжээг авч ажиллахыг даалгав.
Шударга мэдээ
Малын органик тэжээлийн “Мимо” үйлдвэр хүчин чадлаа 10 дахин нэмэгдүүлжээ
Ерөнхий сайд Н.Учрал Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн суманд ажиллах үеэрээ Монголын анхны органик тэжээлийн үйлдвэртэй танилцлаа. Тус үйлдвэр өдөрт таван тонн малын тэжээл үйлдвэрлэдэг байснаа өргөтгөж, 50 тонн тэжээл үйлдвэрлэх бүрэн автомат үйлдвэртэй болжээ.
МИМО гэдэг нь “Миний монгол” гэсэн үгийн товчлол. Малчдын МИМО тэжээлд зарцуулсан нэг төгрөг 3-5 төгрөг болж өснө, хамгийн зөв хөрөнгө оруулалт. МИМО-гоор тэжээсэн малыг өндөр үнээр худалдан авч, малчдын орлогыг нэмэгдүүлэх, зах зээлд чанартай мах нийлүүлэх зорилготой ажиллаж байна.

“ЭЙЛ БИ ЭЙЧ АГРО” ХХК 2016 оноос газар тариалан эрхэлж, 3500 га талбайг сэлгэж тариалж байна. Энэ жил буюу 2026 онд нийт 1200 орчим га-д улаанбуудай, тэжээлийн ургамал, чихрийн манжин тариалсан. Үйл ажиллагаагаа өргөжүүлж 2022 оноос малын эрдэс тэжээлийн үйлдвэр байгуулж, 100 хувь байгалийн гаралтай МИМО нэрийн бүтээгдэхүүн зах зээлд нэвтрүүлсэн бол 2025 онд малын хүчит тэжээлийн бүрэн автомат үйлдвэр ашиглалтад оруулжээ.
Үйл ажиллагаандаа ISO9001:2015 болон ISO22000:2018 олон улсын стандарт мөрдөж мал, амьтанд зориулсан эрдэс тэжээл (премикс), малын багсармал болон хорголжин тэжээл, долооц зэрэг найман нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна.

Эдгээр тэжээлийг хэрэглэснээр, малын зүй бус хорогдлыг 90 хүртэл хувиар бууруулах, ноолуурын гарцыг 60, сүүний гарцыг 40, махны гарцыг 200-300 хувиар тус тус нэмэгдүүлэх, халдварт бус өвчлөлөөс сэргийлэх боломжтой гэж тус компанийн удирдлага Ерөнхий сайдад танилцууллаа.




-
Улстөр нийгэм2020/11/11
Солонгост эмчлүүлсэн иргэд Телемед үйлчилгээгээр хяналтанд орох боломжтой
-
Урлаг спорт2020/11/09
О.Баяржаргал, Э.Гэрэлсайхан нарын шинэ уран бүтээл цацагдлаа
-
Цаг үе2025/03/17
Улаанбурханы эсрэг вакцинд нөхөж хамрагдаж болно
-
Үзэл бодол2025/02/18
Б.Бямбасайхан: Халиа тошин үүссэн байршлуудад шар усны үерийн эрсдэл нэмэгддэг
