Бидэнтэй нэгдэх

Үзэл бодол

Г.Хандаа: Эсгүүрчин хүнд нүдний, гарын, ухааны ур гэж бий

Огноо:

,

Хилчид Хандаа эгчид хэмжээгээ өгч оёулах дуртай. Учир нь хэмжээ алдана гэж байдаггүй. Биед яг тааруулж эсгэж өгдөг болохоор бүгд л дуртай. Оёдлын үйлдвэрийн анхны эсгүүрчин гэгдэх туршлагатай эгчтэйгээ илүү дотно танилцсан юм.

-Та хэд дэх жилдээ ажиллаж байна вэ?

-1992 онд оёдлын үйлдвэр нэг мастер, дөрвөн оёдолчин, нэг эсгүүрчинтэйгээр байгуулагдах үед нь орж байлаа. Ингээд 28 дахь жилдээ хилчдийнхээ хувцсыг эсгэж сууна даа.

-Ямар хувь зохиол хилчидтэй холбосон бэ?

-Эгч нь “Бөртэ”-д 1972-1992 он хүртэл ажиллаж байлаа. Надтай хамт ажиллаж байсан Сугар гээд мастер “Хилийн цэрэг оёдлын үйлдвэр шинээр байгуулж байгаа. Чи ирж ажиллаач” гэж гуйсан юм. Би 20 жил “Бөртэ”-д ажиллачихаад нэг л өдөр орхиод гарах хэцүү байсан ч хүнийг шинэ ажил эхлэх гэж байхад нь тусалья гээд гарсан. Том үйлдвэрт ажиллаж байгаад анх ирэхэд амаргүй санагдсан. Гэхдээ цаг хугацаа хурдан өнгөрөх юм.

-Тэгэхээр та байдал ямар болсон бодит нөхцлийг хамгийн сайн мэдэх хүн байх нь?

-Өмнөх үетэй харьцуулашгүй. Хүн хүч, тоног төхөөрөмж, байр сууцны тухайд үнэхээр сайхан болсон. Үе үеийн дарга нар үйлдвэрийг сайжруулахад маш их анхаарсан.

-Эсгүүр хийх хэцүү юу?

-Хариуцлагатай ажил. Буруу эсгэх юм бол оёдол дагаад буруу болно. Тиймээс маш сайн бодож тооцоолж байж даавуугаа эсгэх шаардлагатай. Тэгэхгүй бол үнэтэй даавууг эвдчихнэ шүү дээ. Даавуун дээр гараар зурна гэдэг амаргүй. Ийм эсгүүрчид манайд, “Бөртэ”-д л байна. Энэ бол ур чадвар шүү. Эсгүүрчдэд ухааны ур, нүдний ур, гарын ур гэж байдаг. Түүнээс хэн дуртай нь эсгүүр хийчихдэггүй.

-Та мэргэжлийн хэддүгээр зэрэгтэй вэ?

-Тавдугаар зэрэгтэй. Мэргэжлийн зэрэг тулчихсан.

-Та хичнээн шавьтай вэ?

-Зөндөө бий. Гэхдээ орчин үед оёдлын үйлдвэр, цех олон болсон учир хүмүүс эсгүүрийн технологийг сурч авчихаад гараад явчих юм. Бүгд л хувиараа оёдлын цех ажиллуулж байна. Одоо надтай хамт ажиллаж байгаа хоёр охин миний шавь. Би энэ хоёртоо их найдлага тавьж байгаа.

-Өдөрт хэдэн китель эсгэх үү?

-Хүний бие янз бүр. Хэмжээгээ аваад эсгэхэд 10-г гаргачихна. Цэргийн хувцас нарийн болохоор малгай, китель, өмд, юбкаг 1 мм-ийн хэмжээ алдахгүй л эсгэх учиртай.

-Өөрийнхөө хувцсыг эсгээд оёчих уу?

-Залуудаа л өөртөө дээл, плаж оёдог байлаа. Одоо бол бусдад оёхоос өөртөө оёно гэж байхгүй юм даа.

-40 гаруй жил эсгүүр хийжээ. Хэдэн мянган метр даавуу эсгэсэн гэх тооцоо байдаг уу?

-Ёстой хэлж мэдэхгүй юм. Хэрвээ тооцож үзсэн бол өдийд тоогоо алдчихсан яваа.

-Хилийн 0288 дугаар ангийг зарим хилчид танаар төсөөлдөг?

-Бүгд л Хандаа эгчээ гээд хүрээд ирэхэд сайхан байдаг. Анх сонсогч байхад нь, сургууль төгсөхөд нь, дарга болоход нь, тэтгэвэртээ гарахад нь хувцсыг нь эсгэж өгсөн хилчид олон байдаг. ХХЕГ-ын дарга, ХЦ-ийн штабын даргын хувцсыг гэхэд би саарал шинель өмсдөг байхад нь л эсгэж өгч байсан. Өнөөдөр ийм мундаг дарга нар болох үед нь дахин хувцсыг нь хэмжээ аваад эсгэж байхад үнэхээр сайхан санагдаж байна.

-Таны баримталдаг зарчим?

-Би дарга, цэрэг гэж ялгахгүйг л хичээдэг. Хэмжээ өгөхөөр ирсэн хэнийг ч ялгалгүй сайхан таарсан хувцас хийгээд өгөхийг бодно. Шавь нартаа ч үүнийг байнга захидаг.

-Та хүүхдүүддээ мэргэжлээ өвлүүлсэн үү?

-Эгч нь хүү, охин хоёртой. Хүү ШУТИС-ийг төгссөн. Охин МУИС-ийг сэтгүүлч мэргэжлээр төгссөн. Ээжийнхээ мэргэжлийг өвлөөгүй ээ.

-Өдөржин эсгүүрийн том ширээний ард зогсоогоороо ажиллахад хэцүү байх?

-Би сурчихсан болоод тэр үү ядрах нь гайгүй. Анх эсгүүрчнээр ажиллаж байхад оройд хөл хавдчихаад гутал ордоггүй байсан. Эгч нь тэтгэвэртээ суухаар дарга нартаа саналаа өгчихсөн байгаа. Эсгүүр хийхэд нүд муу, гар хөл салгалдаг болчихвол хэцүү. Тиймээс гайгүй дээрээ энэ ажлаа орхих бодолтой байна. Хэд хэдэн даргын үед тэтгэвэртээ гарахаар хүсэлт өгсөн. Хойшлуулсаар байгаад өдийг хүрчихлээ. /инээв/  

-Хүнд хувцас урлана гэдэг буян гэж ярьдаг?

-Тэгэлгүй яахав. Эх орныхоо торгон хилийг манаж зогсоо тэнгэрлэг хилчдийнхээ хувцсыг урлана гэдэг сайхан. Ийм гэгээн зам мөртэй ажил хийдэг болохоор эгчийнх нь ажил үйлс бүтэмжтэй явдаг гэж боддог. Эх орон хамгийн шилдэг хөвгүүдээрээ хилээ мануулдаг. Тийм хийморьтой хилчдийн хувцсыг урлаж байгаа би яаж муу байх билээ. Хүн сэтгэлдээ хиргүй тунгалаг явахад ажил, амьдрал нь дагаад дэвжин дээшилдэг жамтай. Би энэ олон жил ажиллахдаа хэн нэгэнтэй ам мурийж, хар буруу санаж явсангүй. Тийм ч учраас хүн бүр Хандаа эгчээ гээд надад сайн байдаг болов уу.

-Таныг өөр оёдлын үйлдвэрүүд ирж ажиллаач гэж санал тавьж байв уу?

-Тавилгүй яахав. “Бөртэ” хүртэл буцаад ирээч гэж гуйсан. Гэхдээ тэнд ажиллаж байгаа эсгүүрчид миний найзууд. Тийм байхад нэг хүнийг ажилгүй болгоод би очвол сэтгэлд сэвтэй. Тэгээд ч эгч нь сэтгэл зүрхээрээ хилчин болсон.

Эх сурвалж:ХХЕГ

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа

Сэтгэгдэл

Үзэл бодол

Төрийн байгууллагууд амны хаалт хэрэглээгүй иргэнд үйлчлэхгүй

Огноо:

,

Шинэ төрлийн коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор аймгийн Засаг дарга Д.Батлут энэ сарын 12-нд А/86 дугаар захирамж гаргаж холбогдох газар, хэлтэс, албадад хэд хэдэн чиглэлийн үүрэг даалгавар өгсөн байна.

Тухайлбал, Караоке, барны үйл ажиллагааг тодорхой хугацаагаар зогсоох, согтууруулах ундааны борлуулалтад цагийн хязгаарлалт хийх, төрийн болон хувийн хэвшлийн байгууллага, аж ахуйн нэгжүүд, зах, худалдааны төвүүд, нийтийн эзэмшлийн талбай, орон сууцны байруудад ариутгал, халдваргүйтэл хийх ажлыг тогтмолжуулах талаар захирамжид туссан юм. Мөн амны хаалт зүүгээгүй иргэдэд үйлчлэхгүй байхыг үүрэгдсэн.

Нутгийн удирдлагын ордонд үйл ажиллагаа явуулж буй төрийн байгууллагууд иргэдийн биеийн халууныг зайнаас хэмжиж, мэргэжлийн байгууллагын заавар, зөвлөмжийн дагуу ариутгал халдваргүйтгэл тогтмол хийж байна. Түүнчлэн амны хаалт хэрэглээгүй иргэдэд үйлчлэхгүй байгаа юм. Иймд иргэд та бүхэн төрийн үйлчилгээг авахдаа амны хаалтаа хэрэглэээрэй.

Өнөөдрийн байдлаар Нутгийн удирдлагын ордонд Орхон аймгийн ИТХ-ын Ажлын алба, Засаг даргын Тамгын газар, Хотын захирагчийн алба, Орон нутгийн өмчийн газар, Статистикийн хэлтэс, Орхон аймаг дахь Төрийн аудитын газар тус тус үйл ажиллагаа явуулж байна. Мөн Нэг цонхны үйлчилгээ ажиллаж буй.

Дэлгэрэнгүй унших

Үзэл бодол

Цагаан сарын баярыг тэмдэглэхгүй байх нь зүйтэй гэж үзэв

Огноо:

,

Улсын онцгой комисс хуралдан Шинэ коронавирусын халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор Цагаан сарын баярыг өргөн хүрээнд тэмдэглэхгүй байх нь зүйтэй гэсэн саналаа Монгол Улсын Ерөнхийлөгчид уламжлахаар болов.

Онцгой комисс мөн өвчнөөс урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг хангах, нэн хэрэгцээтэй эм, эмнэлгийн хэрэгсэл, хувийн хамгаалах хэрэгсэл, тоног төхөөрөмж, ариутгал, халдваргүйтгэлийн бодисын нөөц бүрдүүлэх зэрэгт шаардагдах хөрөнгийг 2020 оны батлагдсан төсвөөсөө гаргахыг Төсвийн ерөнхийлөн захирагч нарт даалгав. 

Өвчний халдвар илэрсэн тохиолдолд эхний ээлжинд Халдварт өвчин судлалын үндэсний төв эмнэлгийг суллаж 200 ор гаргах, шаардлагатай бол Цэргийн төв эмнэлэг, хувийн хэвшлийн “Асралт мед” эмнэлэг, ОБЕГ-ын Жаргалант дахь сувиллын газрын барилгыг ашиглахаар болов. Замын-Үүд дэх 100 ортой болон Сайншанд сумын 50 ортой эмнэлгийг түр тусгаарлах байр болгохоор шийдвэрлэлээ.

2020 оны 03 дугаар сарын 02-ныг хүртэл Гашуунсухайт, Шивээхүрэн, Бичигт, Булган боомтоор нүүрсний экспорт хийхийг хориглов. ХӨСҮТ-ийн гаргасан стандартын дагуу “Бөртэ” үйлдвэр, Батлан хамгаалах яамны 288 дугаар анги, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газрын оёдлын үйлдвэрт амны хаалт үйлдвэрлэж нийлүүлэхийг холбогдох удирдлагуудад нь үүрэг болголоо. Мөн бүх шатны Засаг дарга нарыг тухайн орон нутагтаа амны хаалт үйлдвэрлэх чиглэлээр зохион байгуулалтын арга хэмжээ авахыг даалгав. 

Улсын онцгой комиссын даргын 2020 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн тушаалын дагуу Онцгой байдлын ерөнхий газрын Тэргүүн дэд дарга, бригадын генерал Г.Ариунбуянгаар алуулсан Шуурхай бүлэг Замын-Үүд, Шивээхүрэн, Гашуунсухайт, Буян-Ухаа боомтод ажилласан байна.  

Уртасгасан цагаар ажиллаж байгаа хил, гааль, мэргэжлийн хяналт зэрэг байгууллагын ажилтнуудын нөхөн олговор, урамшуулал, эм, эмнэлгийн хэрэгсэл, багаж, тоног төхөөрөмж, хувийн хамгаалах хэрэгсэл, ариутгалын бодис зэргийн нөөцөд анхаарах шаардлагатай гэж Шуурхай бүлэг үзжээ. Эрүүл мэндийн яамны хувьд Засгийн газрын шийдсэн 4.2 тэрбум төгрөгөөр эм тариа, хамгаалах хэрэгсэл, ариутгалын бодис, тоног төхөөрөмж зэрэг шаардлагатай зүйлсээ  аваад байна. Мөн 3000 оншолуурын эхний 500-г маргааш хүлээн авах юм гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Дэлгэрэнгүй унших

Үзэл бодол

Д.Сарангэрэл цагаан сарын баярыг цуцлах санал гаргалаа

Огноо:

,

Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл цагаан сарыг албан ёсоор цуцлах саналыг гаргаж байгаагаа өөрийн фэйсбүүк хуудсаар мэдэгдлээ. Мөн энэхүү саналыг иргэн хүний хувиар гаргаж байгаа гэдгээ онцолжээ. 

Тэрбээр, "Улсын онцгой байдлын комисс 'Цагаан сар"-ын баярыг хориглох шийдвэр гаргах нь зөв үү ? Өнөөдөр өглөө 8.30 минутанд Гадаад яам дараах мэдээллийг өгч байна. Биднийг унтаад босоод ирэхэд урд хөршид маань Корона вирусын халдвартай хүний тоо 3387, нас барсан хүний тоо 86-гаар нэмэгджээ. Харин ХӨСҮТөвд тусгаарлан сэжиглэсэн 9 хүний хариу сөрөг гарч коронагийн халдвар аваагүй нь тогтоогдлоо. Гэхдээ бид огт тайвширч болохгүй.

Учир нь урд хөрштэй хиллэдэг улс орнуудын дийлэнхэд шинэ вирусын халдвар бүртгэгдсэн. Хятад улс вирусын халдварыг хазаарлах гэж бүх талаар хүчин зүтгэж байна. Тиймээс эдгэсэн хүний тоо хоног хоногоор нэмэгдэж буй мэдээ байна. Энэ бас л тайвшрах үндэслэл болохгүй. Хятадын цагаан сарын баяр таарч өргөн золгуут болсон нь бүх мужид нь халдвар тарахад нөлөөлсөн. Шинэ вирусын халдварлах "чадвар" маш өндөр, гэр бүл рүү орж ирсэн тухай судлаачид хэлж байна. Сар шинийн баяр бууз, баншаа хийхээс эхлээд бөөндөө байх олон нөхцлийг бүрдүүлдгийг бид хэлүүлэлтгүй мэднэ.

Тэгвэл дэлхий тэр чигтээ бөөгнөрөл, шилжилт хөдөлгөөнийг хориглож хязгаарлаж байна. Олон улсын хурал, цуглааны тов хойшлогдож, урилгууд ч цуцлагдаж байна. Монголчууд бид айж тэвдэлгүй нөхцөл байдалд бодит дүгнэлт хийж, шаардлагатай шийдвэрүүдийг шуурхай гаргаж хамтын хүчээр аюулт өвчнөөс урьдчилан сэргийлж эрсдэлийг бууруулж чадна. Миний санал сар шинийн баярыг энэ удаа албан ёсоор цуцалж хайртай хүмүүсээ тэр дундаа хөгшчүүлээ улмаар нийт МОНГОЛ ахан дүүсээ аюулт өвчнөөс хамгаалах. Иргэн Д.Сарангэрэл." гэжээ.

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа

Санал болгох