Цаг үе
Эрүүл шүд гоо үзэмжийн илэрхийлэл
Бүсгүй хүнийг инээмсэглэлгүй төсөөлөхийн аргагүй. Сайхан шүдтэй эмэгтэйн инээмсэглэл ямагт хүмүүсийн анхаарлыг татаж байдаг. Ихэнх ард түмэн харьцангуй том, тэгш хэмтэй дээд шүд, хэт ялгараагүй соёог сайхан шүд гэж үздэг байна. Доод шүд дээдэхээс жижиг байдаг. Гэхдээ мөн тэгш хэм, хэмжээ нь хоорондоо адил байх ёстой.
Зарим ард түмэн шүдний талаар өвөрмөц ойлголттой. Эртний Перуд удам залгамжилсан төрийн эрх баригч, дээдсүүд шүд зохих ёсоор сайхан цагаан биш гэж үзэн, нүхэлж, алтаар нөхөөс тавьж, эсвэл гөлийтөл өнгөлсөн үнэт эрдэнийн чулуугаар чимдэг байжээ. Одоо хиймлээр шүд хийх их "мода"-нд тооцогдож байна.

Шүдээ зохих ёсоор янзалж, дараа нь фотополимер нунтаг материал тавихад тусгай гэрлийн чийдэнгийн үйлчилгээгээр тэр дорхноо хатуурч, залуу сайхан шүд болно. Ийм шүд хэдэн жилийн настай. Шүд цагааруулах ажиллагаа ердөө 30 минут орчим үргэлжилдэг, огт өвддөггүй. Энэ нь мөн ариун цэврийн ач холбогдолтой, шүдний чулуу, давсны хуримтлал, тамхи татсаны дараа үлдсэн өнгөрийг арилгадаг. Орчин үед тусгай аппаратаар шүдийг ойртуулах, холдуулах, ломбо тавьж, шүдний хэмжээг томруулах замаар хоорондын зайг нь багасгаж байна.
ЗӨВЛӨГӨӨ:
-Өдөрт 2 удаа ялангуяа орой шүдээ цэвэрлэхээ мартаж огт болохгүй. Шүдийг 3 минутаас доошгүй хугацаанд зажилдаг хэсэг төдийгүй дотор талыг цэвэрлэх хэрэгтэй. Дээд шүдээ шүдний угаас доош чиглэлтэй, доод шүдийг угаас дээш чиглэлтэй угааж цэвэрлэх ёстой.
- Шүдний оо аятайхан амттай, фтор агуулсан байх ёстой. Нэртэй сайн фирмийн оог худалдан авах хэрэгтэй. Хэрэв таны шүдний паалан эмзэг, мэдрэмтгий бол зөөлөн үстэй сойз хэрэглэ. Харин хэвийн бол хатуу сойзоор шүдээ цэвэрлэж сур. Жинхэнэ үсээр хийсэн сойз бүү хэрэглэ, учир нь тийм үс дотроо хөндий бөгөөд шүдэнд хортой нөлөөлдөг бичил орчин үүсгэдэг.
Амаа сэргэг сайхан үнэртэй байлгая гэвэл амандаа ус балгаж, сайн зайлаад нулим. Устай хамт хоолны үлдэгдэл гадагшилж, шүлс ялгарах процесс түргэснэ. Амтат жүрж, эсвэл цоохор майлзийн иш зажил. Эдгээр нь тэжээллэг төдийгүй шүлс ялгаралтад сайнаар нөлөөлдөг. Кофены үр эсвэл аньс, корица, шинэ гаа /мята/-ны навчийг зажил. Гэхдээ шүдний эмчид байнга очиж байхаа бүү мартаарай.
Цаг үе
Нийслэлийн Ерөнхий Боловсролын сургуулиудын ачааллыг бууруулах бодлогын арга хэмжээг хэлэлцлээ
Боловсролын сайдын тушаалаар байгуулагдсан ажлын хэсэг хуралдаж, нийслэлийн ерөнхий боловсролын сургуулиудын ачааллыг бууруулах, боловсролын хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр хэрэгжүүлэх бодлогын арга хэмжээг хэлэлцлээ.
Хурлаар дараах арга хэмжээг хэрэгжүүлэх асуудлыг хэлэлцэв.
Үүнд:
-3000-аас дээш суралцагчтай, бүлгийн дүүргэлт өндөртэй сургуулиудын ачааллыг бууруулах
-Хотхоны бага сургууль байгуулах
-Төрөлжсөн болон олон улсын хөтөлбөртэй ахлах сургууль байгуулах
-Сургууль шинээр барих, өргөтгөх
-Анги, танхимын зохион байгуулалтыг сайжруулах
-Төр-хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд хувийн сургууль, цэцэрлэгийн сул орон зайг ашиглах
Сургалтын альтернатив хувилбаруудыг хэрэгжүүлэх гэж Боловсролын ерөнхий газраас мэдээллээ.

Цаг үе
Монгол Улс болон ЕАЭЗХ түүний гишүүн орнууд хооронд байгуулсан худалдааны түр хэлэлцээр хэрэгжиж эхэллээ
Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбоо (ЕАЭЗХ), түүний гишүүн орнууд хооронд байгуулсан Худалдааны түр хэлэлцээрийн хамтарсан мэдэгдэлд Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр гарын үсэг зурсан билээ.
Тус хэлэлцээр 2026 оны долоодугаар сарын 22-ны өдрөөс буюу өнөөдрөөс хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэллээ.
Евразийн эдийн засгийн холбоо (ЕАЭЗХ) нь ОХУ, Беларусь, Казахстан, Армени, Киргиз гэсэн таван улсын эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллага юм. Эдгээр улс нийлээд 180 сая гаруй хэрэглэгчтэй томоохон зах зээлийг бүрдүүлдэг.
ЕАЭЗХ-ны гишүүн улсууд 367 нэр төрлийн барааг гааль татварын тарифаас дөрвөн нөхцөлийн дагуу харилцан хөнгөлж, чөлөөлөх юм.
Манай улсаас экспортлох 367 бараа бүтээгдэхүүний 97.5 хувь нь хөдөө аж ахуй, мал аж ахуйн гаралтай бүтээгдэхүүн байна. Мөн бэлэн хувцас, сүлжмэл эдлэл, арьс шир, ноос ноолууран бүтээгдэхүүний импортын гаалийн тарифыг тэглэж, зарим бүтээгдэхүүний тарифыг 50 хувь хүртэл бууруулсан. Монголоос экспорт хийхэд төлдөг 15-50 хувийн татварыг тэглэснээр бизнес эрхлэгчид илүү өргөн зах зээлд бүтээгдэхүүнээ нийлүүлэх боломж нээгдэнэ. Экспортын хэмжээ хоёр дахин нэмэгдэж, гурван жилийн хугацаанд 150 сая ам.долларын ашиг олох боломжтой гэсэн урьдчилсан тооцоолол бий.
Харин ОХУ, Беларусь, Казахстан, Армени, Киргиз гэсэн таван улсын эдийн засгийн нэгдэл болох ЕАЭЗХ-ноос импортлох 367 төрлийн барааны 81.7 хувийг Монголд үйлдвэрлэх боломж хязгаарлагдмал эрдэс, химийн салбарын, 7.5 хувь нь аж үйлдвэрийн, 10.8 хувь хүнсний салбарын бүтээгдэхүүн байна. 222 аж үйлдвэрийн, 94 хүнсний, 51 эрдэс бүтээгдэхүүнд тарифын хөнгөлөлт үзүүлснээр Улаанбуудай, гурил, сүү, сүүн бүтээгдэхүүн тэргүүт хүнс, химийн болон үйлдвэрийн барааг хямд үнээр Монголд нийлүүлнэ. Инфляцад нөлөөлдөг зарим гол нэрийн бүтээгдэхүүн, тоног төхөөрөмжийн тарифыг бууруулснаар дотоодын өрхийн хэрэглээний зардлыг бууруулах боломжтой болж байгаа юм. Манай аж үйлдвэрийн салбарын импорт огцом өсөх тооцоолол гараад байна.
Чөлөөт худалдааны түр хэлэлцээрийг гурван жилийн дараа цуцлах хүсэлт гаргаагүй тохиолдолд хүчин төгөлдөр үргэлжилнэ.
- Монгол Улсаас ЕАЭЗХ, түүний гишүүн орнууд руу хөнгөлөлттэй тарифаар экспортлох 367 барааны жагсаалтыг ЭНД дарж үзнэ үү.
- Гарал үүслийн дүрмийн дэлгэрэнгүйг ЭНД дарж үзнэ үү.
- Квоттой болон бууруулсан тарифтай барааны жагсаалтыг ЭНД дарж үзнэ үү.
Эх сурвалж: Эдийн засаг, xөгжлийн яам
Цаг үе
Нийслэлийн өвөлжилтийн бэлтгэл ажил 50 орчим хувийн гүйцэтгэлтэй байна
Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн болж, өвөлжилтийн бэлтгэл ажил, хөрөнгө оруулалтын төсөл, хичээлийн шинэ жилийн бэлтгэл болон цаг үеийн бусад асуудлыг хэлэлцлээ. Шуурхай зөвлөгөөний эхэнд өмнөх хурлаар өгсөн 24 үүрэг даалгаврын хэрэгжилтийг хэлэлцэхэд хэрэгжилт 74.2 хувьтай байгааг танилцуулав.
Нийтийн эзэмшлийн гудамж, авто зам, явган хүний зам, талбайг тогтмол усалж, чийгшүүлэх, улиасны унгиралтыг бууруулах ажлын хүрээнд есөн дүүргийн 183 байршил дахь нийт 16,394 улиасанд хэлбэржүүлэлт хийж, 11,000 модыг даралтат усаар шүршин унгиралыг нь унагасан байна.
Үер, усны аюул, гамшиг, гал түймэр, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, иргэдийн аюулгүй байдлыг хангах чиглэлээр Үндэсний их баяр наадмын өдрүүдэд 311 алба хаагч, 119 нэгж техник, тоног төхөөрөмжийн хамт өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт ажиллажээ.
Монгол Улсын Засгийн газрын "Чөлөөлье" санаачилгын хүрээнд license.mn зөвшөөрлийн цахим системээр худалдаа, үйлчилгээний 10 төрлийн 100 бизнесийн бүртгэлийг нэгдсэн санд шилжүүлэх ажлыг зохион байгуулж, 2026 оны зургаадугаар сарын 30-ны байдлаар нийт 1,196 мэдэгдлийг шийдвэрлэсэн байна.
Ногоон нуур орчмын орчны бохирдлыг бууруулах ажлын хүрээнд 422,510 ам метр талбайг цэвэрлэж, 231 тонн хог хаягдлыг ачиж тээвэрлэн, 12,320 урт метр үерийн далан, суваг шуудуу, инженерийн байгууламжийг цэвэрлэж, 53 тонн лаг, хог хаягдлыг зайлуулжээ.
Удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөний үеэр Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газрын дарга М.Говьсайхан 2026 онд хэрэгжиж буй хөрөнгө оруулалтын ажлын талаар танилцууллаа.
Нийслэлийн хэмжээнд нийт 622 төсөл, арга хэмжээ хэрэгжиж байгаагаас 566 нь барилга угсралтын ажил бөгөөд 395 нь он дамжин хэрэгжиж буй төсөл юм. Харин 2026 онд шинээр 171 төсөл хэрэгжиж байна. Үүнд 141 барилга байгууламж, 68 тохижилтын ажил, 13 гэрэлтүүлгийн ажил, гэр хорооллын төлөвлөлтийн 24 ажил багтаж байна. Мөн газрын маргаантай долоо, шүүхийн маргаантай 16, нэмэлт хөрөнгө шийдвэрлэх шаардлагатай 36 төсөл байгааг тэрбээр танилцуулгадаа онцоллоо.
-
Шударга мэдээ2024/02/21
Мал эмнэлгийн хүрээлэнгийн эрдэмтэд зудтай бүс нутагт ажиллана
-
Улстөр нийгэм2024/07/18
Энэ оны эхний хагас жилийн байдлаар виз олголт 57 хувиар өсжээ
-
Цаг үе2020/07/24
Үс шинээр үргээлгэх буюу засуулбал бие эрхтний, хүч сайжирна
-
Цаг үе2024/12/31
Төсвийн болон Ёс зүй, дэгийн байнгын хороо өнөөдөр хуралдана
