Бидэнтэй нэгдэх

Цаг үе

Найман жил тасраагүй зуурмаг “ХӨӨРХӨН” брэнд

Огноо:

,

Монголын хүнс үйлдвэрлэлийн салбарт хагас бэлэн боловсруулсан бүтээгдэхүүн маш том байр суурь эзэлдэг болоод буй. Нийгмийн шилжилтийн үеэс хойш импортын бараа, бэлэн бүтээгдэхүүн зах зээлд давамгайлж байсан бол сүүлийн жилүүдэд үндэсний үйлдвэрлэгчдийн хагас боловсруулсан бүтээгдэхүүн олонд танигдаж, зах зээлд байр сууриа олж, тодорхой хувийг эзэлдэг болжээ. 

Энэ салбарт социалист нийгмийн үед тавьсан суурин дээр өндийж боссон үндэсний үйлдвэрлэгч компаниудаас гадна хувийн жижиг цех, жижиг дунд үйлдвэрүүд амжилттай ажилласаар байна. Тэд өдөр бүр шахам зах зээлд шинэ, сонин содон бүтээгдэхүүн санал болгож хэрэглэгчдийн цаг зав, мөнгө санхүүг хэмнэх бүхий л талын боломжийг нээж өгсөөр байна. 

Техник технологийн дэвшил хөгжлөө дагаад хүмүүсийн амьдралын хэмнэл түргэсэж, цаг зав шаардсан уламжлалт хоол хүнс бэлтгэх арга ажиллагаа эзэгтэйн гал тогооноос шахагдсаар л байна. Саяхан нэг судалгаа уншихад 1960-аад оны үед айлын эзэгтэй гал тогоондоо дор хаяхад дөрвөн цаг зарцуулдаг байсан бол одоо 45 минутаас ихгүй болсон гэжээ. Эзэгтэй нарт гарч байгаа үлдсэн гурван цаг 15 минутыг тэд өөрийн хөгжиж, дэвших боловсролд зарцуулдаг болсон байна. Хөгжил гэж үүнийг л хэлнэ. Хагас боловсруулсан бүтээгдэхүүн бидний хувьд өөрийн үндэсний онцлогоо шингээсэн зарим арга ажиллагааг хэмнэж өгч байдаг. Хагас бэлэн болсон бууз, хуушуур, банш гэх мэт үндэсний хоол хүнсийг хэрэглэгчдийн гар дээр тавьж байдаг.

 

Саяхан хагас бэлэн бүтээгдэхүүний салбарт өөрийн хүч хөдөлмөр, уйгагүй хичээл зүтгэлээр орж ирээд салбарын тэргүүлэгч компаниудын нэг болоод байгаа “Soso foods” компанийн хамт олон бас нэгэн цоо шинэ төрлийн бэлэн бүтээгдэхүүнээ зах зээлд гаргажээ. Ард иргэдийн дунд “Наадмын хуушуур” нэрээр танил болсон дугуй хуушуурыг хагас боловсруулан савлаж хэрэглэгчдийн гар дээр тавьсан нь үнэхээр содон сонин шийдэлтэй байлаа. “Монголын үнэн” сонин зах зээлд гарч буй бүхий л шинэ сонин, содон бараа бүтээгдэхүүнийг хэрэглэгчдэд таниулах, үйлдвэрлэгч, шинийг санаачлагчдыг алдаршуулах зорилгоор тэдний ажил үйлсийг “Бүтээлч Монгол” хөмсгийн дор бүтэн нүүрээр сурталчлан танилцуулдаг. Энэ удаа бид “Soso foods” компанийн хамт олон, тэдний шинээр танилцуулж буй “Хөөрхөн” гэх дугуй, шардаг хуушуурын үйлдвэрлэлтэй танилцахаар очсон юм.

 

Хэзээний таньдаг үйлдвэрийн шилэн хаалгыг татан ороход “Soso foods” компанийн хамт олны таатай уур амьсгал намайг бүчин авлаа. Ажил ч нэг буцалж байна аа. “Шинэ бүтээгдэхүүн гаргаад бид чинь 24 цагаар, хоёр ээлжээр тасралтгүй л ажиллаж байна даа” гэж ярих бүсгүй энэ үйлдвэрийн эзэн С.Соёлмаа. 

Урдны танилуудын ёсоор элгэмсэн гар бариад, ажил оволзох үйлдвэрийн хэмнэлд автан бахархахдаа “Чи мөн ч галтай бүсгүй юм даа. Ахиад нэг шинэ бүтээгдэхүүн гаргалаа гэдгийг чинь сонсоод ирлээ” гэвэл урдаас инээмсэглэн “Харин ч тайван болчихоод сууж байна. 

Үйлдвэрийнхээ байрыг өргөтгөөд, ажил жигдрээд ирэхээр юундаа адгах вэ” хэмээн хариу барьж байна. Одоогоос яг хоёр жилийн өмнө “Soso foods” компанийн “Хөөрхөн мантуу” брэндтэй танилцахаар ирж байсан юм. Үйлдвэрийн ажилчдын зарим нь намайг таньж буй бололтой толгой дохин инээмсэглэнэ. Бараа нийлүүлэлт, үйлдвэрлэлийн тасралтгүй байдлыг ханган хэрэглэгчдийн эрэлтэд нийцсэн компанийн уламжлалт бүтээгдэхүүн тэдний гараас гарт, дамжлагаас дамжлага руу зогсолтгүй хөврөх аж. Үйлдвэрийн технологи, жор нарийн нууцлалтай тул нарийвчлан өгүүлэх боломжгүй. Хүнс үйлдвэрлэл гэдэг ийм л нарийн.

 

 Америкийн алдарт Кока коланы жор гэхэд л 120 гаруй жилийн түүхтэй музейн байгууламжийн нууц хонгилд нууц жор хадгалагчид байрладаг бөгөөд тус нууцыг ердөө хоёрхон хүн л мэдэж байдаг. Кока коланы 100 гаруй жилийн түүхэнд жор бүтээгч ердөө л хоёрхон хүн нууц жорыг бүтээсэн байдаг гэхээр итгэмгүй юм шүү. Энэ бол үнэн баримт.“Soso foods” компанийн “Хөөрхөн мантуу” брэндийн жор гэхэд л найман жилийн турш тасраагүй өөрөөсөө исэгч зуурмаг байдаг. Энэ жороор бүтээсэн “Хөөрхөн” брэнд Монгол Улсын нийслэл, 14 аймагт 2500 гаруй цэгт борлуулагдаж байна гээд бод доо.

 Наян жил, зуун дамжин өвлөгдөж яагаад болохгүй гэж. Жор гэснээс “Хөөрхөн” дугуй, шардаг хуушуур мэндэлсэн түүх Томас Эдисоны улайсдаг гэрэл зохион бүтээсэнтэй төстэй. “Хөөрхөн” брэнд ганцхан мантуугаар зогсдоггүй л дээ. Бууз, банш, хэрчсэн гурил гээд төрөл, төрлөөрөө салаад явчихна. “Хөөрхөн” брэндийн хэрэглэгчид бүтээгдэхүүн авахаар ирэхдээ “Танайх хуушуур хийх хэрэгтэй. Цэвэр, сайн чанарын мах, ямар ч нэмэлт амтлагч, нөөшлөгч ороогүй хуушуур идмээр байна. Банш бууз бол танайхаас авдаг болохоор санаа зовдоггүй” гэдэг санал тавьснаар худалдаанд тэр бүр гардаггүй “Наадмын” дугуй хуушуур хийх оролдлого хийж эхэлжээ. “Гадуур байгаа хөлдүү хуушуурууд тосонд шарах болоход хэрэглэгчдийг түлж гэмтээх эрсдэлтэй байдаг. 

 

Миний хийсэн оролдлогууд ч мөн ийм үр дүнд хүргээд байв. Маш олон оролдлого хийж шантрахгүй олон янзаар туршиж үзсээр л байлаа. Хүүхдүүд маань дэлгүүрээс нэг бол хөлдүү хуушуур авч өөрсдийгөө гэмтээчих гээд байдаг. Эсвэл удсан тосонд хайрсан бэлэн хуушуур авч идэж, гэдэс ходоодоо өвтгөх гээд болохгүй. Хэрэглэгчдийн хүсэл, миний хүүхдээ хамгаалах эрмэлзэл хоёр надад шантарч болохгүй гэдэг даалгавар өгсөн гэхэд болно” хэмээн хүүрнээд гал тогоо руу хүн явуулж “Хөөрхөн” хуушуур авчруулж идэж үзэх санал тавив. Саналаас яахан татгалзах билээ. Наадмын уур амьсгал ч орчихсон, дугуй хуушуурын эрэлт өдөр өдрөөр нэмэгдсээр хотын аль ч хэсэгт ширхэг нь 2500 болсон шүү дээ. С.Соёлмаагийн бизнес эрхлэгчдээс ялгарах нэг зан чанар нь надад маш их таалагддаг юм. Тэр хэзээ ч ашгийг эрхэмлэж, орлого хөөцөлддөггүй. Хамгийн эхэнд чанар гэдэг зарчимтай. Ердөө 10-аадхан хоногийн өмнө сүүлийн туршилтаа хийж дууссан бүтээгдэхүүнээ эхлээд эргэн тойрныхоо хүмүүст амсуулж тэрүүхэндээ тестлээд амжиж. Амсаж үзсэн болгон нь анхны хэрэглэгч болохоор шийдэж захиалгаа өгчээ. 

 

С.Соёлмаа бид хоёрыг ярилцаж суух хооронд ширээн дээр “Soso foods” компанийн “Хөөрхөн” брэндийн бүтээгдэхүүнүүд өрөгдөж эхлэв. Миний хараагүй хоёр ч бүтээгдэхүүн байна. Тун удахгүй миний зоог болох “Хөөрхөн” хуушуураас гадна “Тортилла” гэх мексик гамбир хийсэн байна. Үүнийг хийсэн түүх ч бас дээрээс улбаатай гэнэ. “Хөөрхөн” хуушуурын сав баглаа боодлыг харахад л итгэл төрөхүйц байхаар бодож шийджээ. Зузаан тугалган цаасаар хийсэн бөөрөнхий саванд зургаан ширхгээр савлаж лацадсан нь нэг бүрийнх нь үнэ зах зээлийн ханшаас хамаагүй доогуур байх аж.

 Брэндийн шаардлага хангах хамгийн эхний алхам, том сүлжээ дэлгүүрийн хяналт, шаардлагад нийцсэн байх юм билээ. Монголдоо л томд орох сүлжээ дэлгүүрүүд рүү санал тавьчихаад хариу хүлээж байгаа гэнэ. 

Савласан хуушуурыг сонирхлоо барьж дийлэлгүй задалж үзмээр байгаагаа хэлж онгойлгуулав. Тугалган цаасаар хийсэн таг нь лац сайтай ч нэг их хүч оролгүй онгойх юм байна. Дотроо ширхэг болгоныг хүнсний халуунд тэсвэртэй цаасаар тусгаарлажээ. Энэ цаастай нь шарсан ч болно гэнэ. Цаастай нь шарна гэхээр жаахан гайхасхийн харвал С.Соёлмаа намайг ойлгов бололтой” Манай хуушуурыг уламжлалт аргаар шарахгүй. Хайруулын тавгаа халаагаад маш бага тос хийгээд яг л өндөг шиг хоёр талаас нь шарах юм. Тос үсрэхгүй. Нэг тосондоо олон удаа хайрахгүй гэх мэт олон талын ашигтай. Анхны хэрэглэгчид миний олж хараагүй сайн талуудыг нь олж хараад эхэлсэн байна билээ. Саяхан нэг хэрэглэгч бөөндөж авчихаад наадмаар ирсэн хүмүүст шарж өгөөд сууж байя, амар юм гэж байна. Нээрэн санадаг санаа. Яг наадам болохоор хуушуур олдохоо больдог талтай шүү” хэмээн өгүүлж байна. Түүний ийн ярихыг сонсоод “Наадмаар хуушуурын үнэ дийлдэхээ больдог нь ч үнэн шүү” хэмээн би дотроо тал өгөн бодож суув.

 

 С.Соёлмаа хүүхэд байхдаа “Цагаан” гамбир хийж иддэг байсан тухайгаа хүүрнэж байна. Бидний тэр үед хийж иддэг байсан цагаан гамбир “Тортилла” гэдэг мексик гамбир байсан юм билээ. Гадуур зарагдаж байгаа “Тортилла”амархан хугардаг болохоор яг зориулалтаар нь шанз бэлтгээд хавчуулж идэх болоход үүргээ гүйцэтгэхгүй байна. Яаж энэ гурилыг хугарахгүй болгох вэ гэж нэлээд оролдсоны эцэст хэдэн удаа ч базсан хугарахгүй “Тортилла”-тай болсон гээд базаж үзүүлэв. 

Нээрэн эргээд л тэнийж байгаа харагдана. Үнэхээр шантрахгүй хүн юм аа. С.Соёлмаа захиралтай “Soso foods” компанийн хамт олон ийм сонин, содон бүтээгдэхүүнтэй, амжилт бүтээлээр дүүрэн сууж байна.

Зурагчинд бүх л зүйл сонин байгаа бололтой зогсолтгүй зураг дарсаар ядарсан бололтой ирж явна, харьцгаая даа. Хуучны танил шиг болсон шилэн хаалгыг гаднаас нь зөөлхөн хаагаад гарав. Үйлдвэрийн чимээ хаалганы цаана үлдэж өмнөөс бороо үнэртсэн зөөлөн салхи сэвэлзэн тосвой.

Трамп Төмрөө

Эх сурвалж: Монголын үнэн сонин №025/24604/

Дэлгэрэнгүй унших
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Цаг үе

Улаанбаатарт өдөртөө 30 хэм дулаан

Огноо:

,

Малчид, иргэд, тээвэрчид, аялагчдад зориулсан мэдээ: Өнөөдөр ихэнх нутгаар хална.

2024 оны долоодугаар сарын 18-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн зүүн хэсгээр солигдмол үүлтэй, бусад нутгаар үүлшинэ. Баруун аймгуудын нутгийн зүүн хойд, төвийн аймгуудын нутгийн баруун, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи зүүн аймгуудын нутгаар баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Монгол-Алтай, Хэнтийн уулархаг нутаг, Улз, Халх голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар 23-28 хэм, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 34-39 хэм, бусад нутгаар 28-33 хэм дулаан байна.


УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ, бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. 28-30 хэм дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ, бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. 26-28 хэм дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ, бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. 25-27 хэм дулаан байна.


2024 оны долоодугаар сарын 19-нөөс 2024 оны долоодугаар сарын 23-ныг
хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

19-нд Алтай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар, 20-нд баруун болон говийн аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын ихэнх нутгаар, 21-нд төв болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутгаар, 22-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи борооны өмнө түр зуур ширүүснэ. 19-нд ихэнх нутгаар, 20-нд нутгийн зүүн хагаст халж Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 7-11 хэм, өдөртөө 21-26 хэм, Их нууруудын хотгор, говийн бүс нутгаар шөнөдөө 19-24 хэм, өдөртөө 33-38 хэм, бусад нутгаар шөнөдөө 13-18 хэм, өдөртөө 27-32 хэм дулаан байна. 20-нд төвийн аймгуудын нутгаар, 21-22-нд нутгийн зүүн хойд хэсгээр бага зэрэг сэрүүснэ.

Дэлгэрэнгүй унших

Цаг үе

Гол мөрний усны түвшин богино хугацаанд огцом нэмэгдэх эрсдэлтэй байна

Огноо:

,

Долоодугаар сарын 17-ны өдрийн байдлаар Сэлэнгэ мөрний адаг /Зүүнбүрэн-Сүхбаатар/ орчимд мөн Орхон голын адаг /Сүхбаатар/, Хэнтий нурууны зүүн хажуугаас усжих Хэрлэн /Чойбалсан/, Халх, Барх, Улз, Хэнтий нурууны баруун хажуугаас эхтэй Туул /Заамар/ зэрэг голуудын усны түвшин өмнөх өдрийнхөөс 5-25 см нэмэгдсэн байна.

Балж, Онон, Хэрлэн /Чойбалсан /, Ховд, Хархираа зэрэг голууд үерийн түвшинг 5-20 см давсан байдалтай байна. Өнөөдөр Увс нуурын хотгор, Монгол-Алтай, Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Улз, Халх голын хөндийгөөр дуу цахилгаантай аадар бороо орох тул гол мөрний усны түвшин богино хугацаанд огцом нэмэгдэж, үерлэх мөн түүнчлэн хуурай сайр, гуу, жалгаар уруйн үер буух нөхцөл бүрдэж байгаа тул малчид, аялаж амарч яваа ард иргэдийг голын эрэг дагуу байрлахдаа үерийн аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна.

Эх сурвалж: ЦУОШГ


Дэлгэрэнгүй унших

Цаг үе

ОБЕГ: Зургаан аймаг хуурайшилтын зэрэг ихтэй байна

Огноо:

,

Улсын хэмжээнд 2024 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн байдлаар Булган, Дархан-уул, Дорнод, Сүхбаатар, Сэлэнгэ, Ховд, Хөвсгөл, Хэнтий, Архангай, Увс, Төв зэрэг 11 аймгийн 36 суманд 90 удаагийн ой, хээрийн гал түймэр бүртгэгдлээ.

Дээрх ой, хээрийн гал түймэрт нийт 685,521 га талбай өртсөн байна.  Ой, хээрийн гал түймрийн дуудлага, мэдээлэл өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 19,3 хувиар өсчээ. Өнөөдрийн байдлаар Увс, Завхан аймгийн нутгийн хойд хэсэг, Хөвсгөл, Сэлэнгэ, Булган, Архангай аймгуудын зарим хэсэг хуурайшилт ихтэй, ой, хээрийн гал түймрийн аюулын зэрэг өндөр байна.

Иймд, аялал, амралт зугаалгын ид үед иргэн бүр ой, хээрт явахдаа сонор сэрэмжтэй байж, гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэхийг онцгойлон анхааруулж байна.

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа

Санал болгох