Цаг үе
Хэрлэн голын үер наадмын өдрүүдэд үерийн түвшинг 10 см орчим давах магадлалтай байна
Долоодугаар сарын 4-ний өдрийн байдлаар Хэнтийн нурууны баруун хажуугийн Туул /Алтанбулаг/, Алтай нуруунаас эхтэй Ховд, Буянт, Булган, Увс нуурын савын Хархираа зэрэг голуудын усны түвшин өмнөх өдрийнхөөс 5-40 см нэмэгдсэн байна.
Өнөөдрийн байдлаар Туул /Улаанбаатар/, Хараа /Дархан/, Хэрлэн /Мөнгөнморьт-Өндөрхаан/, Балж, Онон, Улз зэрэг голууд үерийн түвшинг 5-45 см, Туул гол Лүн сум орчимд үерийн аюултай түвшинг 60 см давсан байдалтай байна.
Хэрлэн голын дагуу үргэлжилж буй үер Наадмын өдрүүдэд буюу 7 дугаар сарын 10, 11-ний үед Чойбалсан хот хүрч, үерийн түвшинг 10 см орчим давах магадлалтай байна.
Иймд Хэрлэн голын дагуу, ялангуяа голын адгаар суурьшиж буй малчид, ард иргэдийг үер усны аюулаас сэрэмжтэй байж, голын татмаас холдож нүүхийг анхааруулж байна.
Мөн Алтай нуруунаас эх авсан Буянт, Булган, Увс нуурын савын Хархираа гол үерийн түвшинг 15-30 см, Ховд гол Мянгад сум орчимд үерийн аюултай түвшинг 15 см даван үерлэж байна.
Ойрын өдрүүдэд Алтай, Хангай, Хэнтийн уулархаг нутгаар түр зуурын бороо орох тул сав, гулдрил дүүрэн, үерийн байдалтай буй голуудын усны түвшин тухайн хугацаанд орсон хур борооны эрчимшил хэмжээнээс шалтгаалан богино хугацаанд огцом нэмэгдэх нөхцөл бүрдэх учир голуудын сав дагуух хот, суурин газрын ард иргэд, зусаж, суурьшиж буй малчид, аялж амарч яваа ард иргэдийг үерийн аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна.
Цаг үе
“Spark - UB startup town” хакатоны шилдэг багуудыг тодрууллаа
Нийслэлийн Бизнес, инновацын газар нь БНСУ-ын Жижиг, дунд үйлдвэр, гарааны бизнесийн яам (MSS), Солонгосын Стартап, энтрепренер хөгжлийн хүрээлэн (KISED)-тэй хамтран “Spark-UB startup town” ideathon хакатон арга хэмжээг Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн 8 дугаар байранд зохион байгууллаа. Хоёр өдрийн турш үргэлжилсэн тус арга хэмжээ нь гарааны бизнес эрхлэх сонирхолтой залуусын инновацын ур чадварыг хөгжүүлэх, шинэлэг санааг бодит бизнесийн шийдэл болгон боловсруулах, зах зээлд нэвтрүүлэх боломжийг нэмэгдүүлэх зорилготой юм. Хакатоны хүрээнд оролцогчид бизнесийн загвар боловсруулах, зах зээл болон хөрөнгө оруулалтын талаар сургалтад хамрагдаж, мэргэжлийн менторуудын зөвлөгөө, чиглүүлгийн дор төслөө хөгжүүлэн, шүүгчдийн бүрэлдэхүүнд танилцуулж үнэлүүллээ.
Арга хэмжээний дүнгээр нэгдүгээр байрт “Num soft” баг машин түрээсийн үйлчилгээний төслөөр шалгарч, 3 сая төгрөгийн шагнал хүртэв. Хоёрдугаар байрт “Chameleon” баг хиймэл оюун ухаанд суурилсан “Adaptive AI Tutor” төслөөр шалгарч, 2 сая төгрөгийн шагнал авлаа. Гуравдугаар байрт “Positive” баг ажил олгогч, ажил горилогчдыг холбох, хүний нөөцийн үйл ажиллагааг удирдах “HirERP” төслөөр шалгарч, 1 сая төгрөгийн шагнал хүртсэн юм. Мөн ШУТИС-ийн нэрэмжит тусгай байрт “Blueprint” баг хүнд даацын тээврийн хэрэгслийн эвдрэл, засвар үйлчилгээ, сэлбэг нийлүүлэлтийг зохицуулах хиймэл оюун ухаанд суурилсан “Golden Road” төслөөр шалгарч, 1 сая төгрөгийн шагнал хүртлээ.
“Spark-UB startup town” ideathon нь залуусын бүтээлч санааг дэмжих, технологид суурилсан бизнесийн шийдлийг хөгжүүлэх, Монгол, БНСУ-ын стартапын экосистемийн хамтын ажиллагааг өргөжүүлэхэд чиглэсэн ач холбогдолтой арга хэмжээ боллоо. Нийслэлийн Бизнес, инновацын газар цаашид гарааны бизнес эрхлэгчдийг дэмжих, инновацын экосистемийг бэхжүүлэх, залуусын шинэлэг санааг бодит бизнес болгон хөгжүүлэх чиглэлээр хамтын ажиллагаагаа үргэлжлүүлнэ.
Цаг үе
Халиа тошин үүсэх эрсдэлтэй байршлуудад урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажиллана
Улаанбаатар хотын хэмжээнд жил бүр 36-45 байршилд 596 га талбайд халиа тошин үүсэх эрсдэлтэй байдаг. Дөрвөн дүүргийн нутаг дэвсгэрт халиа, тошин үүсэх эрсдэлтэй бүс дэх газар ашиглалтын судалгаагаар зөвшөөрөлтэй 1110, зөвшөөрөлгүй 67 хашаа, нэгж талбар байна. Үүнээс 2026 онд үер, халиа тошингийн эрсдэл, нөлөөлөлд өртөх 390 айл өрх, нэгж талбарыг чөлөөлжээ.
Халиа тошин жил бүрийн арванхоёрдугаар сарын 10-наас үүсэж, өвлийн улирал, хаврын эхэн саруудад үргэлжилдэг. Дүүргүүдийн Засаг даргын Тамгын газар, онцгой байдлын албад, инженерийн хангамжийн байгууллагууд халиа тошин үүсэхээс урьдчилан сэргийлэх арга хэмжээ авна.
Нийслэлд халиа тошин үүсдэг байршлууд:
- ЧД-ийн 10 дугаар хороо, Дэнжийн 1000 1-р суваг
- ЧД-ийн 11,12 дугаар хороо, Дэнжийн 1000 3-р суваг
- БЗД-ийн 5, 13, 22 дугаар хороо, Зүүн уулын суваг
- ЧД-ийн 18 дугаар хороо, СБД-ийн 14-р хороо Чингэлтэйн суваг
- СХД-ийн 9, 26, 35 дугаар хороо, Толгойтын гол
- СБД-ийн 9 дүгээр хороо, Ногоон нуурын үерээс хамгаалах байгууламж
- ЧД-ийн 13,14 дүгээр хороо, Хайлаастын суваг
- СБД-ийн 15 дугаар хороо, Сэлбэ голын далан
- СХД-ийн 19, 27 дугаар хороо, Толгойтын сувагт халиа тошин үүсэх эрсдэлээс сэргийлэн ажиллана.
Цаг үе
Цахим мөрийтэй тоглоомын гэмт хэргээс урьдчилан сэргийлэхийг иргэдэд анхаарууллаа
"Цахим мөрийтэй тоглоом зохион байгуулах гэмт хэргийн нөхцөл байдал, тэмцэх чиглэлээр авч хэрэгжүүлж байгаа ажил, арга хэмжээний талаар Хууль зүй, дотоод хэргийн сайд Г.Тэмүүлэн танилцууллаа.
Улсын Их Хурлаас 2025 оны тавдугаар сард баталсан Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиар Төлбөрт таавар, бооцоот тоглоом, цахим мөрийтэй тоглоомын үйл ажиллагаа эрхлэхийг хориглож, Эрүүгийн хуулийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж “Төлбөрт таавар, бооцоот тоглоом зохион байгуулах” “Мөрийтэй тоглоом, төлбөрт таавар, бооцоот тоглоом зохион байгуулахад дэмжлэг үзүүлэх” үйлдлийг гэмт хэрэгт тооцсон. Энэ төрлийн гэмт хэргийн хохирогч болохоос иргэдийг урьдчилан сэргийлэхийг анхаарууллаа.
Цахим орчинд мөрийтэй тоглоом зохион байгуулах гэмт хэрэг Монгол Улсад “Аппликейшн”, “Сайт”, “Цахим орчинд шууд дамжуулалт” гэсэн төрлөөр гарч байна.
Цагдаагийн байгууллагаас энэ төрлийн гэмт хэрэгтэй тэмцэх, илрүүлэх, таслан зогсоох, урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлж 448 иргэний мэдээллийг шалгуулахаар хүргүүлж, арилжааны банкны 1422 дансан дахь нэг тэрбум төгрөгийн хөрөнгийн шилжилт хөдөлгөөнд хязгаарлалт тогтоож, зургаан бүлгийн 34 этгээдийг баривчилж, дөрвөн тэрбум төгрөгийн үнэлгээтэй орон сууц, тээврийн хэрэгсэл худалдан авч мөнгө угаах гэмт хэрэг үйлдсэнийг илрүүлэн мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.
Мөн Татварын ерөнхий газартай хамтран 1xbet бооцооны сайтын агент хийж байж болзошгүй 89 иргэний мэдээллийг хяналт шалгалт хийлгэж, 24 иргэнд 374 сая төгрөгийн торгууль ногдуулсан. Харилцаа холбооны зохицуулах хороонд 1015 линк (домэйн) хаягийг илрүүлэн хүргүүлж Монгол Улсын нутаг дэвсгэрээс хандах боломжгүй болгожээ.
2026 оны есдүгээр сарын байдлаар цахим орчинд мониторинг хийж, мөрийтэй тоглоом зохион байгуулах гэмт хэргийн шинжтэй нийт 2,526 линк, домэйн хаягийг устгуулахаар Харилцаа холбооны зохицуулах хороонд хүргүүлсэн. Үүнээс 1221 буюу 48.3 хувь нь устгагдаж, 1305 буюу 51,7 хувь нь хүлээлгийн горимд байна.
