Цаг үе
Бэлэн мөнгө төлж зорчсон иргэд, мөнгө авсан жолоочийг торгоно
Нийтийн тээврийн үйлчилгээний газраас автобусанд карт уншуулалгүй, бэлэн мөнгөөр зорчсон иргэн болон зорчигчдоос мөнгө авсан жолоочид хариуцлага тооцож эхэлжээ. Энэ талаар Нийтийн тээврийн үйлчилгээний газрын авто тээврийн хяналтын улсын байцаагч О.Батцоож “Иргэд карт ашиглахгүй, жолоочид бэлэн мөнгө төлж, жолооч мөнгөө хувьдаа ашигласнаар тээврийн төсөв бүрэлдүүлэх мөнгө төвлөрөхгүй байгаа.
Үүнээс улбаалан автобусны засвар, үйлчилгээ, шатахуун, тосны өртөг хүрэлцэхээ больж, өнгөрсөн жил нийтийн тээврийн тоо багасахад нөлөөлсөн. Иймээс “Автобус ирэхгүй байна”, “Хэтэрхий олон хүн байна”, “Атобусанд багтахгүй ажил, хичээлээсээ хоцорч байна” гэх гомдол иргэдээс олон ирсэн тул тээврийн хэрэгслийг хүртээмжтэй байлгаж, тав тухтай зорчих нөхцөл бүрдүүлэхээр хяналт шалгалтын ажлыг эхлүүлээд байна.
Энэ ажлын хүрээнд нийтийн тээврээр бэлэн мөнгө төлж зорчсон иргэд, мөнгө авсан жолоочийг торгох арга хэмжээ авна. Нийтийн тээврийн аж ахуйн нэгжүүдийн хооронд хийсэн гэрээнд жолооч нар иргэдийг бэлэн мөнгөөр зорчуулахгүй байх үүрэгтэй. Үүнийг зөрчвөл жолоочийг Зөрчлийн тухай хуулийн 14.6.9- д зааснаар 25 нэгжтэй тэнцэх хэмжээний мөнгөөр буюу 25 мянган төгрөгөөр, харин мөнгө төлж зорчсон иргэнийг арван мянган төгрөгөөр тус тус торгох арга хэмжээ авна” хэмээн ярьсан байна.
Цаг үе
Оклахомад хүчтэй хар салхи дайрч, орон сууцнууд сүйдэв
АНУ-ын Оклахома мужийн Энид хот орчимд 2026 оны дөрөвдүгээр сарын 23-ны оройн цагаас эхэлсэн хүчтэй аадар бороо, салхины улмаас торнадо буюу хар салхи үүсч, шөнөдөө оргилдоо хүрэн орон сууц, дэд бүтцэд их хэмжээний хохирол учрууллаа.
Шуурга оройн 18:00 цагийн орчмоос эхлэн ширүүсч, 20:00–22:00 цагийн хооронд торнадо үүссэн бөгөөд богино хугацаанд байшингуудын дээврийг хуулж, цахилгааны шугамуудыг унагаан, зам харилцааг тасалдуулсан байна. Энид хотын зарим хороололд айлууд ноцтой эвдэрч, оршин суугчид гэртээ гацсан нөхцөл үүссэн тул аврах багууд шөнийн турш газар дээр нь ажиллаж, хаалга хаалгаар шалгалт хийж эхэлжээ.
Орон нутгийн эрх баригчдын мэдээлснээр, одоогоор хүний амь нас хохирсон тухай мэдээлэл гараагүй ч хэд хэдэн хүн хөнгөн гэмтэл авсан байна. 2026 оны дөрөвдүгээр сарын 24-ний өглөөний байдлаар аврах ажиллагаа үргэлжилж, нурангид дарагдсан байж болзошгүй иргэдийг эрэн хайх, цахилгаан, замын саадыг арилгах ажил хийгдэж байна.
Шуурганы замд АНУ-ын Агаарын цэргийн хүчний Вансын нисэх хүчний бааз өртсөн бөгөөд баазын удирдлага нийт бие бүрэлдэхүүний аюулгүй байдлыг шалгах ажиллагааг шуурхай зохион байгуулжээ. Урьдчилсан байдлаар ноцтой хохирол бүртгэгдээгүй байна.
Цаг уурын байгууллагуудын мэдээлснээр, тус бүс нутагт цаг агаарын тогтворгүй байдал үргэлжилж, 2026 оны дөрөвдүгээр сарын 24–26-ны хооронд дахин хүчтэй шуурга, мөндөр, салхи үүсэх өндөр эрсдэлтэй байгаа тул оршин суугчдыг сонор сэрэмжтэй байхыг анхаарууллаа.
АНУ-ын төв хэсгийг хамарсан энэхүү цаг агаарын үзэгдэл нь халуун, чийгтэй болон хүйтэн, хуурай агаарын урсгал мөргөлдсөнөөр үүссэн бөгөөд хаврын улиралд эл бүс нутагт давтамжтай тохиолддог ч энэ удаагийн шуурга богино хугацаанд эрчимжиж, хохирлын цар хүрээг нэмэгдүүлсэн байна.
Цаг үе
Аж ахуйн нэгж, байгууллагын тооллогыг цахимаар зохион байгуулж байна
Аж ахуйн нэгж, байгууллагын 2026 оны тооллого улсын хэмжээнд бүртгэлд суурилсан аргаар буюу төрийн байгууллагуудад бүртгэлтэй мэдээлэлд үндэслэн зохион байгуулж байна. Тооллого ирэх сарын 15-ны өдөр хүртэл үргэлжилнэ. Аж ахуйн нэгж, байгууллагууд www.2026.mn цахим хуудсаар нэвтэрч, шаардлагатай нэмэлт асуултад хариулснаар тооллогын мэдээллээ баталгаажуулах юм.
Аж ахуйн нэгж, байгууллагын тооллогод Монгол Улсын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулахаар бүртгүүлсэн өмчийн бүх төрөлд хамаарагдах хуулийн этгээд, хувиараа хөдөлмөр эрхлэгчдийг хамруулж, улс орны эдийн засаг, нийгмийн хөгжилд оруулж байгаа хувь нэмрийг бодитоор тодорхойлох, эдийн засгийн хөгжлийн чиг хандлага, бүтэц үзүүлэлтийг тооцох, салбарын бодлого төлөвлөлт, хэрэгжилтийг үнэлэх, дүн шинжилгээ хийх, бизнес эрхлэгчдийн төвлөрөл, байршил, үйл ажиллагааны чиглэлд үндэслэн төр засгийн бодлого, хөтөлбөрийг боловсруулах зэрэг олон талын ач холбогдолтой.
Аж ахуйн нэгж, байгууллагын ээлжит тооллогодоо идэвхтэй хамрагдахыг уриалж байна.
НИЙСЛЭЛИЙН СТАТИСТИКИЙН ГАЗАР
Цаг үе
Чингэлтэй дүүрэг гэр хорооллын шороон замыг сайжруулах ажлыг эхлүүллээ
Үүнийг шийдвэрлэх зорилгоор эвдрэл, гэмтэлтэй уулзвар, замуудад ус шингээн зайлуулах сайжруулсан замыг хийж байна.
