Шударга мэдээ
Сонгуулийн ерөнхий хорооны ээлжит хуралдаан болов
Сонгуулийн ерөнхий хорооны ээлжит хуралдаан 2024 оны 6 дугаар сарын 30-ны өдөр боллоо. Хуралдаанаар Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуулийн санал хураалтын дүнг үндэслэн Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдсонд тооцож, үнэмлэх олгох тухай асуудлыг хэлэлцэж, шийдвэрлэлээ.
Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1.2, 74.3.6 дахь заалт, 74.4 дэх хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуулийн тойрогт нэр дэвшиж хамгийн олон санал авсан 78 нэр дэвшигчийг, нам, эвслийн жагсаалтаар нэр дэвшсэн 48 нэр дэвшигчийг тус тус Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдсонд тооцож, Улсын Их Хурлын гишүүний үнэмлэх олгох тогтоол батлав.
Улмаар Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуулийн дүнг Монгол Улсын Их Хурал болон Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлж, Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдсон нэр дэвшигчдэд Улсын Их Хурлын гишүүний үнэмлэх олгон нийтэд мэдээлэхээр тогтлоо.
Шинэ нэгдсэн эвсэл, Үнэн ба Зөв намаас ирүүлсэн “…Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т заасан нам эвсэлд хувь тэнцүүлэн суудал хуваарилахад тавигдах шаардлага нь Монгол Улсын Үндсэн хууль зөрчсөн тул энэ заалтыг Үндсэн хуулийн Цэцэд өгч байна. Иймд уг асуудлыг Үндсэн хуулийн цэц хянан шийдвэрлэх хүртэл Монгол Улсын Их Хурлын сонгуулийн дүнг, тодруулбал нам, эвсэлд жагсаалтаар нэр дэвшигчийг сонгогдсонд тооцох зарим асуудлыг хэлэлцэхгүй байхыг шаардаж байна” гэсэн агуулга бүхий шаардлагыг Хорооны хуралдаанд танилцуулж, хэлэлцүүллээ. Шаардлагын хариуг “Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 74 дүгээр зүйлд санал хураалтын дүнг гаргах тухай нарийвчлан зохицуулсан хүчин төгөлдөр хуулийг үндэслэн Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуулийн санал хураалтын дүнг Монгол Улсын Их Хурал болон Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлэхээр шийдвэрлэсэн. Монгол Улсын Үндсэн хуулийн Цэцэд өргөдөл гаргах эсэх нь Таны эрхийн асуудал болно” гэсэн албан бичгээр өглөө.
Мөн иргэн М.Сайнбаяр, Д.Баатаржав, Г.Батбаяр нараас тус Хороонд ирүүлсэн “…Үндэсний эвсэл нь Монгол Улсын Их Хурлын Сонгуулийн тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2.4-д заасны дагуу 7 хувийн санал авснаар УИХ-д төлөөлөлтэй болох нөхцөл бүрдэх ёстой…” гэсэн агуулга бүхий шаардлагыг Хорооны хуралдаанд танилцуулж, хэлэлцээд “…Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4.9-т зааснаар Үндэсний эвслээс тус Хороонд Монголын ногоон намын 2024 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн ээлжит бус 14 дүгээр Их хурлын 06 дугаар тогтоол, Монгол үндэсний ардчилсан намын 2024 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн ээлжит 6 дугаар Их хурлын 13 дугаар тогтоолоор тус тус баталсан “Үндэсний эвсэл” (МНН-МҮАН)-ийн гэрээг ирүүлсэн, мөн Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.2-т заасны дагуу Үндэсний эвслээс жагсаалтын гуравдугаарт нэр дэвшүүлсэн Д.Пүрэвдаваа нь 2024 оны 5 дугаар сарын 13-ны өдөр Монголын либерал ардчилсан намын Ерөнхий зөвлөлд хандаж Улс төрийн намын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.7-д заасны дагуу намын гишүүнээс татгалзах тухай өргөдөл, Монголын либерал ардчилсан намын Бүгд хурлын 2024 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн 005 дугаар тогтоолоор намын даргын үүрэг ажлаас чөлөөлөгдсөн тухай шийдвэрийг тус тус хавсарган ирүүлсэн байна” гэсэн хариуг албан бичгээр өгөв гэж Сонгуулийн ерөнхий хорооноос мэдээллээ.Шударга мэдээ
2025 оны өвлийн элсэлтийн шалгалт маргааш Монгол хэл бичгээр эхэлнэ
2025 оны өвлийн элсэлтийн шалгалт арванхоёрдугаар сарын 4-ний 10:00 цагт Монгол хэл бичгээр эхэлнэ. Мөн Түүх, Англи хэлний шалгалт зохион байгуулагдана. Арванхоёрдугаар сарын 5-нд хими, Газар зүй, Нийгэм судлалын шалгалт явагдана. Харин арванхоёрдугаар сарын 6-нд биологи, математик, орос хэл, арванхоёрдугаар сарын 7-нд физик, монгол хэлний хичээлийн шалгалттай.
Өвлийн Элсэлтийн Шалгалтад ерөнхий боловсролын сургуулийн 10, 11, 12 дугаар ангид сурч байгаа хүүхдүүд хамрагдах боломжгүй юм.
Харин 2025 оны зургаадугаар сар ба түүнээс өмнө ерөнхий боловсролын сургуулийг төгссөн, их, дээд сургуульд орох хүсэлтэй иргэд хамрагдах боломжтой.

Шударга мэдээ
Баянхошуу, Шархад дэд төвийн ногоон орон сууц төсөлд саарал ус дахин ашиглах технологи нэвтрүүллээ
Улаанбаатар хотын төвлөрөл, түгжрэлийг бууруулах, агаар, хөрс, усны бохирдлыг шийдвэрлэх зорилготой “20 минутын хот” бодлогын хүрээнд Баянхошуу, Шархад дэд төвүүдэд Азийн хөгжлийн банк (ADB), Уур амьсгалын ногоон сангийн (GCF) санхүүжилтээр “Улаанбаатар хотын ногоон орон сууц” төслийг хэрэгжүүлж байна.
Тус төслийн хүрээнд нийт 60 гаруй га талбайд 5000 айлын ногоон орон сууц барихаар төлөвлөсөн бөгөөд бүтээн байгуулалтыг хоёр үе шаттайгаар хэрэгжүүлнэ. Эхний ээлжийн 110 айлын 4 блок бүхий орон сууцыг Баянхошуу дэд төвд ашиглалтад оруулж, оршин суугчдыг хүлээн авч эхэллээ. Төслийн онцлох давуу тал нь Олон улсын EDGE стандартын шаардлагыг хангасан, эрчим хүч, дулаан, усны хэмнэлттэй, байгальд ээлтэй барилгын шийдлүүдтэй юм. Мөн саарал усыг дахин ашиглах системийг тусгаснаараа хотын хэмжээнд анхдагч, жишиг төслийн нэг болж байна.
Төслийн барилга бүр онцлогтой. Тухайлбал, А блок нь гурван улирлын хүлэмжтэй. Айл өрхүүд гэртээ ногоо, ургамал тарих боломжтой. В блокийн урд фасадад нарны цахилгаан үүсгүүр суурилуулж, эрчим хүчний хэрэглээг бууруулсан. Харин С блок нь нарны дулаан хуримтлуулах тромбын ханатай учир дулаан алдагдлыг багасгасан. D блокийн фасадад байгальд ээлтэй, эко өнгөлгөөний материал ашиглажээ. Мөн оршин суугчдын тав тухтай амьдрах орчныг бүрдүүлэх үүднээс чөлөөт цагийн бүс, ногоон байгууламж, дугуйн зам зэрэг шийдлүүдийг төлөвлөн байгуулсан байна. Түүнчлэн дээрх стандартын адил Шархад дэд төвд эхний 110 айлын 4 блок орон сууц баригдаж, улсын комисс хүлээн авч байна.
Төсөл бүрэн хэрэгжиж 5000 айлын орон сууц ашиглалтад орсноор дэд бүтцийн иж бүрэн шинэчлэл хийгдэж, дулаан, ус хангамж, цахилгаан эрчим хүчний ухаалаг хэрэглээ нэвтэрч, байгаль орчинд ээлтэй, жишиг орон сууцны хороолол бий болно. Ингэснээр нийслэлд 5000 яндан, 5000 нүхэн жорлон устаж, агаар, хөрсний бохирдол буурах судалгаа гарчээ.

Шударга мэдээ
Х.Нямбаатар: 100-4200 кВт-ын зуухтай ӨЭМТ, хорооны байруудыг ирэх жил хийн болон цахилгаан халаагуурт шилжүүлнэ
Нийслэлчүүд өнөөдрөөс хагас коксон шахмал түлшний хэрэглээнд бүрэн шилжиж байна. Өнөөдрийн байдлаар 425 цэгээр хагас коксон шахмал түлшийг борлуулж байгаа бөгөөд 27.518 тонн нөөцтэй байна. Энэ жилээс Улаанбаатарчууд жилд 350.000 тонн хагас коксон түлш түлэх юм. Ингэснээр агаар бохирдуулагч бодисууд болох хүхэрлэг хий, азотын исэл, тоосонцрын хэмжээг хоёр дахин бууруулна гэдгийг мэргэжилтнүүд хэлж буй. Өөрөөр хэлбэл, хагас коксон шахмал түлшийг сайжруулсан түлштэй харьцуулахад агаарын бохирдлыг 40-50 хувиар бууруулах боломжтой юм.
Тэгвэл гэр хорооллын айл өрхүүдээс гадна хэд хэдэн бохирдуулагч эх үүсвэр бий. Тодруулбал, нам даралтын зуухтай халуун ус нийтийн байр, дугуй засвар зэрэг 2306 гаруй байгууллага жилд 163 мянган тонн түүхий нүүрс түлж байна. Харин усан болон уурын халаалттай арьс шир, хөөсөнцрийн 74 үйлдвэр жилд 216 мянган тонн түүхий нүүрс хэрэглэдэг байна. Дулаан үйлдвэрлэх тусгай зөвшөөрөлтэй, 100-4200 квт-ын зуухтай 172 байгууллага 100 мянган тонн түүхий нүүрс хэрэглэж байна.
Энэ талаар хотын дарга Х.Нямбаатар “Дулаан үйлдвэрлэх тусгай зөвшөөрөлтэй, 100-4200 кВт-ын зуухтай 172 байгууллага байна. Үүний дийлэнх нь төрийн байгууллагууд байгаа. Тухайлбал, үүний 14 нь сургууль, 6 нь цэцэрлэг. Тиймээс ирэх жил энэ сургууль, цэцэрлэгүүдийг хийн болон цахилгаан халаалтад шилжүүлэх албан бичгийг Боловсролын сайд П.Наранбаярт хүргүүлнэ. Хэрэв шилжүүлэхгүй бол эдгээр байгууллагын тусгай зөвшөөрлийг цуцална. Мөн ӨЭМТ, хорооны байр, амралтын газар болон сувилал зэрэг 98 байгууллага түүхий нүүрс хэрэглэдэг. ӨЭМТ, хорооны байрыг НЗДТГ болон дүүргүүд хамтарч хийн болон цахилгаан халаагуурт шилжүүлнэ. Улаанбаатар хотод дулаан, цахилгаан үйлдвэрлэдэг 5 том станц бий. Эдгээр байгууллагаас энэ жил агаарын чанарын үзүүлэлтээр хамгийн муу гарсан нь 3 дугаар цахилгаан станц. Осол гарсантай холбоотойгоор ийм дүн гарсан болов уу. Энэ хүрээнд Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэнд усан болон цахилгаан шүүлтүүртэй болгож, агаарын бохирдлыг бууруулахад хамтарч ажиллах албан бичиг хүргэнэ” гэлээ.
-
Цаг үе2022/07/25
Гарааш буулгасан 70 байршилд нийслэлийн хөрөнгө оруулалтаар тохижилтын ажил хийж...
-
Улстөр нийгэм2019/06/11
Засгийн газар өнөөдөр ээлжит хуралдаанаа хийнэ
-
Улстөр нийгэм2024/02/14
АТГ: Төрийн байгууллагуудын 2024 оны худалдан авах ажиллагааны төлөвлөгөөнд дүн ...
-
Цаг үе2025/10/23
Эмгэнэл
