Улстөр нийгэм
Ахмад настны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийг УИХ хэлэлцэн баталлаа
Монгол Улсын Их Хурлын гишүүн Н.Энхболд нарын 14 гишүүний санаачлан боловсруулсан Ахмад настны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг 2024 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн Улсын Их Хурлын нэгдсэн хуралдаанаар баталлаа.
Ахмад настны тухай хуулийн нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуульд:
- Эрүүл, идэвхтэй насжилтад бэлтгэх, ахмад настанд үзүүлэх урт хугацааны цогц тусламж үйлчилгээг сайжруулах;
- Ахмад настны хөдөлмөр эрхлэлтийг дэмжих;
- Ахмад настны эсрэг үйлдэгдэж буй эдийн засгийн хүчирхийллийг багасгах;
- Ахмад настны хөгжил, оролцоог нэмэгдүүлэх үйлчилгээ, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих санхүүжилтийн хэмжээг нэмэгдүүлэх, тодорхой болгох;
- Ахмад настны асаргааны олон төрлийн үйлчилгээг бий болгон хөгжүүлэх;
- Ахмад настанд хөнгөлөлттэй үнээр үйлчилгээ үзүүлж байгаа сувиллын газруудын тоо, хамрах хүрээг нэмэгдүүлэх;
- Ахмад настанд протез, ортопед хийлгэх давтамжийг 5 жил байгааг 3 жил болгох;
- Аж ахуйн нэгж байгууллага ахмадын сан ажиллуулахыг дэмжих, сангийн төсөв, санхүүжилтийг тодорхой болгох зохицуулалт тусгагдсан болно.
Ахмад настны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагалдуулан өргөн барьсан холбогдох 10 орчим хуулийн нэмэлт, өөрчлөлтийг Улсын Их Хурлаар тус тус батлуулсан. Хуулийг 2025 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө гэж ХНХЯ-аас мэдээллээ.
Улстөр нийгэм
COP17: Гэр хорооллын 10 мянга гаруй өрхийг цэвэр халаалтын шийдэлд шилжүүлэх боломжийг хэлэлцэнэ
НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх тухай конвенцын Талуудын 17 дугаар бага хурал буюу COP17-ын хүрээнд гэр хорооллын айл өрхүүдийг нүүрсний хэрэглээнээс цэвэр халаалтын шийдэлд шилжүүлэх арга замын талаар дээд түвшний хэлэлцүүлэг зохион байгуулна.
Хэлэлцүүлгээр Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах, айл өрхийн амьдралын чанарыг сайжруулахад чиглэсэн байгальд ээлтэй, хүртээмжтэй, уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй халаалтын шийдлийг өргөн хүрээнд нэвтрүүлэх боломжийг авч үзэх юм.
Төр, хөгжлийн түншүүд, санхүүгийн байгууллага болон хувийн хэвшлийн төлөөлөл “Нарны илч” санаачилгын хүрээнд холимог санхүүжилт, хамтын түншлэлийг ашиглан цэвэр халаалтын шийдлийг 10 мянга гаруй өрхөд хүргэх боломж, хэрэгжүүлэх арга замын талаар санал солилцоно.
Хэлэлцүүлэг 2026 оны наймдугаар сарын 24-ний 10:30-12:00 цагт COP17-ын Хөх бүсийн MET-01 танхимд болно.


Улстөр нийгэм
Багахангай–Хөшигийн хөндий–Эмээлт чиглэлийн төмөр замын 87.2 км-ийн үндсэн ажил дуусжээ
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал 2026 оны наймдугаар сарын 13-ны өдөр стратегийн ач холбогдолтой Багахангай-Хөшигийн хөндий-Эмээлт чиглэлийн 127.1 км төмөр замын ажлын явцыг шалгаж, үүрэг даалгавар өглөө.
Өнөөдрийн байдлаар эхний 87.2 км-ийн үндсэн бүтээн байгуулалт дууссан. Шувуун фабрик, Туул гол, Эмээлтийн чиглэлийн далан, гүүр, хоолой, төмөр замын дээд бүтцийн ажил үргэлжилж байна. Туул гол дээгүүр 476 метр, Монголын хамгийн урт төмөр замын гүүр барьж байгаа аж. Бүтээн байгуулалтад үндэсний 95 ААН, 4.000 гаруй монгол инженер, ажилчин оролцож байна. Ашиглалтад орсны дараа 1,000 орчим байнгын ажлын байр бий болно. Мөн барилгын ажилд шаардлагатай бараа материал, үйлчилгээг орон нутгийн болон үндэсний бусад нийлүүлэгчээс худалдан авч байгаа хэмээлээ.
Богд уулын урдуур явах дээрх төмөр замаар шатахуун, 34 нэр төрлийн тэсэрч дэлбэрэх, химийн аюултай ачаа болон станцуудын нүүрсийг тээвэрлэх юм. Эхний үед жилд 3.5 сая тонн, цаашдаа 20 сая тонн хүртэл ачааг Улаанбаатарын төвөөр нэвтрүүлэхгүй тээвэрлэнэ. Өдөрт 316-1,800 том оврын автомашиныг нийслэлийн замын хөдөлгөөнөөс гаргах боломжтой бүрдэх юм. Ингэснээр гармууд дээр галт тэрэгний хөдөлгөөнд зориулж хоногт дунджаар 2 цаг авто замын хөдөлгөөн хаадаг хугацаа 90 хувь буурах аж. Мөн нийслэлийн агаар орчны бохирдлыг бууруулахад зохих хувь нэмэр оруулна.

Ерөнхий сайд Н.Учрал хэлсэн үгэндээ, “Манай Засгийн газар мухар байсан төмөр замыг Эмээлт зөрлөгтэй холбож мухардлын асуудлыг шийдвэрлэсэн. Монголчууд өөрсдөө бүтээж босгож чаддаг болжээ. Зарим газраа доошоо 54 метр ухаж, зарим газраа уул толгодыг нүхэлж, 476 метр төмөр бетонон гүүрийн ажлыг та бид нүдээрээ харлаа. 2024 онд газ тээвэрлэж явсан машин дэлбэрч, олон хүний аминд хүрэх шахсан харамсалтай осол гарч байсан. Энэхүү цагираг хэлбэрээр баригдаж буй төмөр замаар тэсэрч дэлбэрэх эрсдэлтэй, химийн аюултай ачааг хотоос гадуур тээвэрлэх юм. Засгийн газар шинэ төмөр замын бүтээн байгуулалтыг бүх талаар дэмжиж ажиллана. Бүтээн байгуулалтад гар бие оролцож буй бүх хүнд талархлаа илэрхийлье. Та бүхнээр бахархаж байна” гэлээ.
Цаашдын бүтээн байгуулалтад шаардлагатай хөрөнгө оруулалтыг шийдвэрлэх зорилгоор Олон улсын санхүүгийн корпорац (IFC), Монгол Улсын Хөгжлийн банктай санхүүжилтийг шийдвэрлэхэд дэмжлэг үзүүлэхээ илэрхийллээ.

Бүтээн байгуулалтын үр дүнд,
-Хөшигийн хөндий зөвхөн нисэх буудлын бүс бус, Монгол Улсын тээвэр, логистикийн шинэ зангилаа болох давуу талтай.
-Хүн амын төвлөрлийг сааруулж, Зуунмод, Хүннү хот зэрэг дагуул хотуудыг барьж байгуулах үндэс суурь болно.
-Төсөл 1.2 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалттай, урт хугацаандаа 294.8 тэрбум төгрөгийн татвар төвлөрүүлж, 1.3 их наяд төгрөгийн цэвэр ашигтай ажиллана.

Ерөнхий сайд төмөр замыг товлосон хугацаанд нь ашиглалтад оруулах хүрээнд дараах үүрэг даалгаврыг албаныханд өглөө.
Үүнд:
-Төмөр замын зурвас газартай давхцаж буй иргэн, ААН-ийн эзэмшил газрыг чөлөөлөх, нүүлгэн шилжүүлэх арга хэмжээ авахыг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Б.Пүрэвдагва, Төв аймгийн Засаг дарга Л.Төмөрчөдөр, “Монголын төмөр зам” ТӨХК-ийн Гүйцэтгэх захирал О.Батчулуун нарт;
-Төмөр замын зурвас газартай давхцаж байгаа цахилгаан дамжуулах, түгээх шугам, дэд станцыг хамгаалах, шилжүүлэх асуудлыг шуурхай шийдвэрлэж ажиллахыг Эрчим хүчний сайд Б.Найдалаад;
-Нүүлгэн шилжүүлэх ажлыг нэгдсэн удирдлагаар хангаж, хяналт тавьж ажиллахыг Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайханд;
-Бүтээн байгуулалтын ажлыг чанарын өндөр түвшинд гүйцэтгэж 2026 оны 09 дүгээр сард багтаан туршилтын галт тэрэгний хөдөлгөөн эхлүүлэхийг Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан, “Монголын төмөр зам” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал О.Батчулуун нарт;
-Төмөр замыг үр ашигтай ажиллуулах, Улаанбаатар хотоос логистик төвүүдийг гаргахтай холбогдуулан Хөшигийн хөндийд Тээвэр логистикийн төв байгуулах ажил эрчимжүүлэхийг Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан, Хүннү хотын Захирагчийн чиг үүргийг хэрэгжүүлэх хотын бүтээн байгуулалт, хөгжлийн асуудал хариуцсан Бүрэн эрхт төлөөлөгч М.Батбаяр нарт даалгав.




Улстөр нийгэм
ЗГ: Цөлжилтийн үндэсний тайланг шинэчлэн гаргалаа
Улаанбаатар хотноо 2026 оны 08 дугаар сарын 17-28-ны өдрүүдэд НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх тухай конвенцын Талуудын 17 дугаар бага хурал /КОП17/ болно.
Энэхүү олон улсын хуралд Монгол Улсын цөлжилт, газрын доройтлын өнөөгийн төлөв байдлыг танилцуулах албан ёсны шинжлэх ухааны баримт бичиг болох “Монгол орны цөлжилтийн үндэсний тайлан” /атлас/-г шинэчлэн боловсруулсныг Засгийн газрын өнөөдрийн хуралдаанд Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Ц.Сандаг-Очир танилцуулав.
Монгол орны цөлжилтийн үндэсний үнэлгээг 1989 оноос үе шаттай шинэчилж иржээ. Энэхүү атлас нь 1991-2025 оны мэдээ, мэдээлэлд тулгуурласан цөлжилт, газрын доройтлын 6 дахь удаагийн үндэсний хэмжээний үнэлгээ юм. Өмнөх бүртгэлд хамрагдаагүй усны хомсдол, биологийн олон янз байдлын доройтлын үзүүлэлтийг анх удаа хамруулжээ.
Үнэлгээний дүнгээр,
-Монгол орны жилийн дундаж агаарын температур 2.5 хэм нэмэгдсэн
-Нийт нутаг дэвсгэрийн 53.5 хувьд гангийн эрчимжилт нэмэгдсэн
-Нийт газар нутгийн 54.8 хувь нь ус, 34.3 хувь нь салхины элэгдэлд өртөх өндөр эрсдэлтэй
-Нутаг дэвсгэрийн 93.3 хувьд хөрсний чийг буурсан
-Ургамлын бүтээмж 22.3 хувьд буурсан, нийт нутаг дэвсгэрийн 81.9 хувь нь ямар нэг хэмжээгээр цөлжилт, газрын доройтолд өртсөн гэх судалгаа гарчээ.
-
Цаг үе2023/06/07
Зургаадугаар сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламж...
-
Улстөр нийгэм2021/10/25
Дэлхийн Банкны Дэд ерөнхийлөгч хатагтай Мануело Феротой цахим уулзалт хийлээ
-
Цаг үе2025/05/16
УБЦТС: Өнөөдөр хийгдэх засварын хуваарь
-
Үзэл бодол2021/02/05
Коронавируст халдварын нөхцөл байдлын талаар мэдээлж байна /2021.02.05/
