Шударга мэдээ
Л.Оюун-Эрдэнэ: Хуримтлалын сан бол дундаж давхаргыг тэлэх үндэсний шинэ тогтолцоо юм
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Үндэсний баялгийн сангийн тухай хууль хэрэгжиж эхэлсэнтэй холбоотойгоор Хуримтлалын сангийн данс нээх үйл ажиллагаанд оролцож, үг хэллээ.
Тэрбээр “Монгол Улсын экпортын 93 хувийг бүрдүүлдэг уул уурхайн салбарын нээлттэй, ил тод байдлыг хангахын төлөө Засгийн газар өнгөрсөн хугацаанд бүх хүчээ дайчлан ажиллалаа. Баялгийн реформын төлөөх тэмцэл, санаачилгад хамт байсаар ирсэн ард түмэндээ талархаж байна. Оюутолгойн 2.3 тэрбум ам.долларын өр тэглэгдэж, төрийн эх үүсвэрээр хувьдаа авахыг санаархсан Эрдэнэтийн луйврын схем илчлэгдэж, “Эрдэнэс Тавантолгой” компани ил тод болж, бүтээгдэхүүнээ биржээр арилждаг болсноор ДНБ 2020 онд 37 их наяд төгрөг байсан бол 2023 онд 68.9 их наяд төгрөг болсон. Нэг хүнд ногдох ДНБ 2023 онд анх удаагаа 5,875 ам.долларт хүрсэн. Валютын нөөц 5.0 тэрбум ам.долларт хүрч, төлбөрийн тэнцэл анх удаа 1.5 тэрбум ам.доллараар давлаа. Эдийн засгийн өсөлт цар тахлын үед -4.6 хувь байсан бол өнөөдөр долоон хувь хүртэл өслөө. Хөгжлийн банкны бондуудыг өөрийн эх үүсвэрээр төлж, болзошгүй дампуурлаас гарлаа. Өнөөдөр бид хамтдаа Үндэсний баялгийн сангийн Хуримтлалын санг нээж байна. “Эрдэнэс Монгол”-ын эзэмшлийн стратегийн ордуудын 34 хувьд ногдох ногдол ашиг иргэдийн Хуримтлалын санд төвлөрч байна гэсэн үг. Хуримтлалын сан бол дундаж давхаргыг тэлэх үндэсний шинэ тогтолцоо юм. Иргэн бүр орон сууцтай, эрүүл, өндөр боловсролтой байж чадвал өөрийнхөө болон гэр бүлийн ирээдүйгээ өөрчлөх суурь болж чадна. Ийм иргэдтэй улс орон өөдлөн хөгжих суурь тавигдна. Нийгмийн хөгжлийн суурь асуудлууд ч ингэж л шийдэгдэнэ” гэлээ.

Мөн Хуримтлалын сан бол Та бидний шинэ итгэлцийн гэрээ бөгөөд хамтын хариуцлагын хэлцэл байх болно. Хамтдаа бид стратегийн ордуудад түшиглэсэн төслүүдээ ашигтай ажиллуулахыг бүх нийтээрээ дэмжиж, мөн хяналт тавина гэдгийг тэмдэглэлээ.
Үндэсний баялгийн сан Ирээдүйн өв сан, Хөгжлийн сан, Хуримтлалын сан гэсэн гурван данстай байх юм. Хуримтлалын санг Сингапурын Хуримтлалын сангийн загварт тулгуурлан хөгжүүлж, иргэдэд орон сууц, боловсрол, эрүүл мэндийн чиглэлээр дэмжлэг үзүүлэхэд зориулах юм. Өнөөдөр Хуримтлалын санд Эрдэнэтийн 34, Оюутолгойн 34, Тавантолгойн 34 хувь шилжиж, “Эрдэнэс Монгол” нэгдэл 500.0 тэрбум төгрөгийг энэ санд шилжүүлж, орон сууцны хөтөлбөрийн эх үүсвэрийг нэмэгдүүллээ. Ингэснээр Монголбанк, арилжааны банкуудтай хамтран ажиллаж, ипотекийн зээлийн эх үүсвэр 1.2 их наяд төгрөг болж, хүлээлгэд байсан 10,000 айл өрх орон сууцны зээлийн хөтөлбөрт хамрагдах боломж бүрдэж байна.
Улсын хэмжээнд энэ оны тавдугаар сарын 1-ний байдлаар нийт 20.1 мянган иргэн ипотекийн зээлд хамрагдах хүсэлтээ өгөөд байгаагийн 3,520 нь орон нутагт, үлдсэн 16,531 нь Улаанбаатарт байна. Он гарснаас хойш эхний дөрвөн сарын байдлаар улсын хэмжээнд 300 гаруй тэрбум төгрөгийн ипотекийн зээлийг 2600 гаруй иргэнд олгожээ.
Шударга мэдээ
Түгжрэл ихээр үүсгэдэг Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллах үеэр А0501 Улаанбаатар-Өндөрхаан чиглэлийн авто замын Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлэх асуудлыг хэлэлцлээ.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва “Улаанбаатар хотын иргэд амьдарч байгаа хотынхоо газарт нутагт зорчихдоо авто замын хураамж 5000 төгрөг төлж байна. Мөн энэ хэсэг аялал жуулчлалын бүс хэдий ч замын хураамж төлөх гэж түгжрэл ихээр үүсгэдэг. Тиймээс Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг Цонжинболдог руу нүүлгэхийг Зам, тээврийн яамд уламжилж, шийднэ. Налайх дүүрэг хотын аялал жуулчлалын бүс. Барилгажилт ихсэхээс өмнө замын трассууд, амрах талбайгаа чөлөөлөх хэрэгтэй. Налайх, Багануур, Багахангай дүүргийг эдийн засгийн тусгай бүс болгож, аж үйлдвэрийн паркуудыг хөгжүүлэхэд зорилт тавин ажиллаж байгаа” гэлээ.
Налайх дүүргийн Засаг дарга Д.Наянбаяр “НИТХ-аар Налайхын Цэргийн ангийн урдуур явж байгаа замыг дөрвөн эгнээ болгохоор шийдсэн. Горхи Тэрэлжийн байгалийн цогцолборт газарт жилд ойролцоогоор дотоод, гадаадын нэг сая жуулчин ирдэг гэсэн судалгаа байдаг. Тус замыг дөрвөн эгнээ болгож шинэчлэхэд Улаанбаатар хотоос Тэрэлж рүү зорчих жуулчдын тоо нэмэгдэж, иргэд ая тухтай зорчих нөхцөл бүрдэнэ” гэв.


НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
Шударга мэдээ
Азийн XX наадам, пара Азийн V наадамд оролцох тамирчдын зардлыг Засгийн газрын нөөц сангаас гаргана
Айчи-Нагоя-2026 Азийн XX наадамд Монгол Улсаас 31 спортын төрөлд 298 тамирчин, Азийн пара V наадамд спортын 10 төрөлд 43 тамирчин 19 дасгалжуулагч оролцохоор бэлтгэл сургуулилтаа хийж байна.
Шударга мэдээ
Эрчим хүчний эх үүсвэрээ 100 хувь нарнаас авдаг "Ногоон өртөө" ашиглалтад орлоо
Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 8 дугаар сарын 31 -Цахилгаан автомашин цэнэглэх “Ногоон өртөө”-ний сүлжээ өргөжсөөр байна. Өнөөдөр Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр олны нэрлэж заншсанаар "Тасганы овоо"-нд дөрвөн автомашиныг нэгэн зэрэг түргэн цэнэглэх хүчин чадалтай “Ногоон өртөө” ашиглалтад орлоо.

Тус “Ногоон өртөө” нь эрчим хүчний эх үүсвэрээ 100 хувь нарны хавтангаас хангадаг бөгөөд дэргэдээ CU худалдаа, үйлчилгээний дэлгүүртэй, жишиг буюу flagship “Ногоон өртөө” болж байна.
Улсын хэмжээнд нийт 38 цэнэглэгч суурилуулж, 75 автомашиныг нэгэн зэрэг цэнэглэх боломж бүрдээд байгаа юм. Цаашид Улаанбаатар хотын долоон байршилд 10, орон нутгийн 10 байршилд 20 цэнэглэгч шинээр суурилуулж, нийт 60 автомашиныг зэрэг цэнэглэх боломжтой болно. Мөн цахилгаан автомашинуудад улсын ногоон дугаар олгож эхэлсэн бөгөөд энэ зуны байдлаар 670 гаруйг олгоод байгаа аж.

Ерөнхий сайд Н.Учрал хэлэхдээ, "Засгийн газрын “Чөлөөлье” үндэсний санаачилгын нэг гол чиглэл нь ногоон хөгжлийн чөлөөлөлт юм. Түлш, шатахуунаа гадаадаас авч, үнэ, нийлүүлэлтээс нь хамаарч амьдардаг нөхцөл байдлыг өөрчлөх чөлөөлөлт бол "Ногоон өртөө". Өргөн уудам Монгол орныхоо хаана ч цахилгаан автомашинаар төвөггүй зорчих жимийг бүрдүүлэх зорилт тавьж байгаа.
150 километр тутамд “Ногоон өртөө” байгуулж, улс орон даяар 500 автомашиныг түргэн цэнэглэх сүлжээ бий болгоно. Би хэн нэгнийг цахилгаан машин уна гэж албадахгүй. Сонголт хийх нөхцлийг бүрдүүлэн ажиллаж байна. Хамгийн гол нь түлш, шатахууны төлбөрт гадагшаа урсдаг валютыг Монголдоо үлдээж, эрчим хүчний хараат байдлаа бууруулна” гэв.

Энэхүү бүтээн байгуулалтыг MMS компани хэрэгжүүлжээ. Тус компани 2028 он хүртэл нийт 111 байршилд сэргээгдэх эрчим хүчний тархмал эх үүсвэр бүхий цахилгаан автомашин цэнэглэх цогцолбор байгуулна. Үүнээс 83 байршлыг хөдөө орон нутагт, 28 байршлыг Улаанбаатар хотын бүсэд байгуулахаар төлөвлөжээ. Эдгээр цогцолбор нь нар, салхи зэрэг сэргээгдэх эх үүсвэрээс эрчим хүч үйлдвэрлэх аж. Ингэснээр цахилгаан тээврийн хэрэгслийг зөвхөн төвийн эрчим хүчний системээс хамааралгүйгээр цэнэглэх боломжийг нэмэгдүүлж, орон нутагт цэвэр эрчим хүчний шинэ эх үүсвэр бий болгох төслөө танилцууллаа.



